
Гочоо лам хэсэгтээ л ном уншаад завгүй суусаар өдөр өнгөрөв. Маанийн эрхи нь тасраад унасанд тэрээр ихэд сэжиглэсэн юмсанж. Гэсэн ч өөрийн ном чадлынхаа хүчинд итгэлтэй байсан тул элдэв муу
зүйл болсонгүй. Харин ганц хань болж буй ач охиндоо л бага зэрэг санаа нь зовинох аж. “Хэдэн хүүхдүүд минь бүгд л ажил ажил гэцгээгээд ганц хань болох нь энэ муу түнтгэр шар охин минь л юм
даа? Уг нь ч сайн хамгаалах сахиус зүүлгэсэн хэрнээ л санаа минь зовох юм. Айхтар юмаар оролдож байж өөрийгөө ч байг гэхэд өрөөл бусдыг гайд унагахвий дээ? Ай даа яасан ч сэтгэлийн зовлонтой юм
учирчихав даа” гэж бодон уртаар санаа алдана. Энэ үед Мөнхөө болоод Очироо, Тунгаа нарын амьдрал нэгэн хэвийн гольдролдоо орсон байлаа. Харин өнөөх 13 давхарт байх буг чөтгөрийн эсрэг Өвгөн лам
Гочоо түүний үнэнч нөхөр Дүгэр нар л хүч үзхээр сэтгэл шулуудсан байлаа. Оройхон хирд Дүгэр өвгөн Гочоо ламын утасруу залгаж байв. Дүгэр: За өвгөн нь ер нь дөхөж л явах шиг байна. Чамд ямар нэг юм
болоогүй биз хэмээн санаа нь зовинонгуй асуухад Гочоо лам ч дотроо ийн бодно. “Манай энэ хүртэл надад муу юм болох дөхсөнийг мэдрээ юм байх даа? Бас ч эгэл биш хүн шүү” гэж бодоод Гочоо лам: Өвгөн нь зүгээр дээ. Харин өдөр миний эрхи тасраад уначих нь билээ. Өдөржин л өөртөө ном уншиж суулаа. Тэр ч нилээд айхтар юм бий дээ! За за тэгээд чамайг ирхээр учир нь олдох биз. Гэж хэлээд Дүгэр өвгөний юу ярихыг нь сонсолгүй утсаа таслав. “Эрхи нь тасарсан гэв үү? Энэ ч сайн зүйл биш дээ! Би ч ер нь өөрөө өөрийнхөө булшруу яваад байгаа юм биш биз. Уг нь хэдэн хүүхдүүдээ төвхнүүлчихээд хадан гэртээ харих юмсан” гэх мэтээр элдэв мууг бодон явлаа. “За за мууг зөгнөөд яахав! Сайн юм бодъё”
гэж өөрийгөө аргацаан замд явж байлаа. Ийнхүү нэгэн шөнө өнгөрч Дүгэр өвгөн ч хотод ирэв. Ирмэгцээ л Гочоо ламруу залгатал хэдийн тосох хүн явуулчихсан хүлээлгэж байлаа. Дүгэрийг тоссон залуухан хүү -Өвөө таныг тосоорой гээд намайг явуулсан юм. Та ачаатай явна уу? Гэж асуухад Дүгэр -Өвгөн ахад нь ачаа гээд байх юмгүй ээ! Чи Гочоогийн ач хүү юу? Гэхэд -Тиймээ би том хүүхдийнх нь хүүхэд. Манай өвөө бид нарт байнга таны тухай ярьдаг байлаа. За за та замд их ядарсан байлгүй хоёулаа явъя өвөө таныг хүлээж байгаа гэж хэлээд машины хаалга онгойлгон суухыг нь хүлээв. “Гочоогийн ач хүү ч мундаг том болсон байна” гэхээс өөрийг бодсонгүй машинд суугаад хөдөлж эхлэв. -Энэ удаа өвөө та 2 ямар зүйлтэй тулах вэ? Өвөө бол бидэнд огт хэлдэггүй юм. Харин аавын хэлсэнээр бол та хоёр нийлээд их олон муу муухай зүйлсийг дарсан гэж хэлсэн. Ер нь та хоёрыг нийлхээрээ ямар нэг тийш цуг яваад алга болчихдог гэсэн. Та энэ талаараа ямар нэг юм надад ярихгүй биз гэж их л сониучирхан асуух жаал хүүд –
Өвөө чинь юм хэлдэггүй бол би ч хэлэхгүй. Ямартай ч та нарын мэдээд хэрэггүй л муу юмтай бид 2 үзэлцдэг юм. Гэж хэлээд инээх аядахад хүү ч өвгөнийг дахиж шалсангүй чимээгүй л явав. Тэр 2 нилээд удаан гэр хороолол дундуур явсаар мухрын нэг үзүүрийн хашаанд ирж зогсов. -Өвөө уг нь хотын төвд байртай л даа. Гэхдээ энд манай дүүтэй хамт амьдрах хэрэгтэй болоод удаж байна. За таныг оруулж өгчихөөд би ч ажилруугаа буцъя. Гээд өнөөх хашааруу орон шавар байшинг зүглэв. “Ийм газар байсан нь ч дээр биз дээ” гэж бодоод дагаж алхсаар байшинд оров. Гочоо лам Дүгэр өвгөнийг хараагүй удсандаа ч тэр үү их л хөөрсөн янзтай инээд алдан босч ирээд за чи минь аян замдаа сайн явж ирэв үү? Бие тэнхээ нь данги уу? Гэхэд Дүгэр: Муу өвгөн нь гайгүй дээ. Замд жаахан зутарлаа. За чиний бие тэнхээ сайн уу? Юу юу л болоод хүн дуудаад… гэснээ Гочоогийн ач хүү ач охин хоёрлуу эргэж харан -За за тэр ч яахав. Уулзалдаагүй их уджээ хоёулаа. Ярих сонин ихтэй л биз гэсээр суудалд залрахад Гочоо лам: Алив миний охин цай хийж өг идээ ундаагаа дөхүүл. Хоолоо халуун дээр нь аягалаад өг хэмээн Дүгэр өвгөнийг бишгүй л дайлж цайлав. Тэгтэл Дүгэрийг хүргэж ирсэн ач хүү нь -За өвөө би явлаа. Ажилруугаа буцъя гэхэд Гочоо лам –
Миний хүү энэ удаад дүүгээ аваад яв. Замаараа гэртээ буулгачихна биз. Ойрд хариагүй удлаа гэхэд -Өвөө би зүгээр шүү дээ. Та ганцаараа надгүй хэцүүднэ биз хэмээн ач охин нь хэлэв. -Өвөө нь зүгээрдээ. Одоо Дүгэр ахтай нь байхад 2 өвгөн алзахгүй гэж хэлээд ач хүүхдүүдээ явуулав. Ийнхүү хоёул үлдсэн өвгөчүүд гол яриандаа оров. Дүгэр: За Гочоо минь. Ямар гээч босоо ороолон нь чи бид хоёрыг дуудчихав даа гэхэд Гочоо: За ер нь удаад биежих нь холгүй болчихсон нэг тийрэн байх шиг байна. Нэг том байрын бүхэл бүтэн 1 давхарыг тэр чигт нь эзэгнэчихэж. Чухам яагаад тэнд хоргодож буг чөтгөр болсоныг эхлээд хоёул мэдэх хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор бол тийм ч амар дарагдахгүй л болов уу? За байз дээхэн үед сонсож байсан санагдах юм? Дамбадаржаагийн хийдийн лам нар огт дарж чадаагүй албин чөтгөрийн тухай лам багш минь ярьж билээ. Дээхэн үед сүрьеэгийн эмнэлэг байдаг байсан газар тэр чигтээ хийдийн урдхан талд нураагдаж усталгүй хэдэн цонх хаалга нь харлаж ёлтойгоод л үлдсэн юм гэсэн.
Тэнд нь нэг айхтар буг амилаад ёстой л ойр хавийн айл амьтан хүн олныг амар тайван байлгадаггүй байсан юм байх. Үгүй ээ тэгсэн яг ардхан талынх нь хийдийн лам нар үргэлж л буг чөтгөрийг хөөн зайлуулах ном уншдаг засал ном хийдэг ч ёстой нэмэр болоогүй юм гэсэн. Харин бүр сүүлд хөдөө нутгаас ирсэн нэг айхтар номтой лам 1 хоног тасралтгүй ном хурж байж дарсан гэнэ билээ. Хоёул тэрэн шиг дарагдахгүй юмтай учирчихаагүй л байгаасай гэж бодох юм. Гэж хэлээд Гочоо лам өнөөх тасарсан эрхинийхээ утсыг нь хэдийн солиод хийчихсэн бариад суухдаа доош харан бодолд оров. Энэ үед Дүгэр өвгөн ч нэгэн сонирхолтой зүйлийн талаар цухуйлгав. -Гүй ээ өвгөөн? Би ч дээхэн үед л сонсож байсан юм. Ер нь хүчрэгдэхгүй болсон чөтгөрийг дарах гэж гүрэм уншаад дэгжүүр залаад нэмэргүй юм гэнэ. За чи ч бас энэ тухай мэдэх биз. Харин түүний оронд өнөө яриад байдаг сэрээ дарах эсвэл жинсрэг цутгах зан үйл чинь л баттай гэнэлээ. Би бол хальт мульт сонсож байсан удаатай. Чи харин энэ талаар юу мэдхэв?
Гээд их л сониучирхан асуутал Гочоо ламын царай хувирсангүй угийн мэддэг зан үйл байсан тул Дүгэр өвгөнд тайлбарлан хэлэв. -Би чамд нэг ам дамжсан яриа дуулгая. Чи цааш хүн амьтанд яриад дэмий биз. “Дээхэн үед. За цаг хэцүү үе л байсан юм гэнэлээ. Лам нар ихээр хэлмэгдэж, бурханы ном судар унших бүү хэл ганц маань ч амандаа хэлж болохгүй мэдэгдвэл толгой цустдаг тийм үед л гэсэн энэ баруун аймгийн нутгаар за дээхнээр бол Эрдэнэ Бишрэлт Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу гэдэг газарт юм гэнэлээ Түвдэн гэх айлд чөтгөр шүглэсэн гэх яриа нутаг усаар нэг тархаж айл амьтан ч дарвиж цэрвээд ганц гэрээр байх болсон тэднийхээр хүн амьтан ч зүглэхээ больж хааяа л нэг намын ухуулагчаас өөр хүн тэдний хотонд буухаа больсон юм байх. Хоосон гэрт тогоо шанага нэжигнээд хүн амьтан ч айлгаж үргээгээд их л хэцүү байсан юм гэнэ.
Тэгсэн өнөөх хэцүү цагийн эрдэм чадалтай лам нар нийлчихсэн өнөөх чөтгөрийг дарах гээд залуусаар 7 тохой нүх ухуулж хажууханд нь тогоо дүүрэн шар тос буцалгаж тавиад гэрийн гадаа ширээ засчихсан өөрсдөө эгэл ардын хувцас өмсөцгөөн /тухайн үед лам дээл, орхимж өмсөх нь хэтэрхий аюултай байж/ тойрч суугаад хонх дамар тачигнуулан ном хурж суусаар хүн дүрстэй өнөөх чөтгөрийг хоосон гэрээс ташуурдан тууж гаргаж ирээд өнөөх нүхний амсар дээр зогсоож гэнэ. Тэгээд өөрсдөө чанга дуугаар ном уншицгааж өнөөх чөтгөрийг нүхрүү түлхээд унагаах үед бэлдсэн байсан тогоо дүүрэн халуун шар тосыг дээрээс нь асгатал хиншүү хярвас ханхлах шиг л болж байсан гэнэ билээ. Яг тэр сацуу асгахад бэлэн шороог залуус түргэхэн асгаж нүхийг дүүргээд юу юугүй л булж орхисон байгаа юм. Тэгтэл гэрийн араас ув улаан үхрийн нойтон арьс барьсан 8 залуу гүйж ирээд өнөөх булсан шороогоо таглан арьсаа тавиад 8 өнцөгт нь дарж суухад үхрийн нойтон арьсны голд хийлэгдэх мэт томбойж ямар нэг хүчтэй зүйл үлээж байх шиг ажиглагдсан юмсанж. Олон янзын хувцас өмссөн лам нар өнөөх томбойсон газарлуу ташуурдсаар үүр цайлгахад өнөөх арьс ч адсага шиг болтлоо хатсан гэдэг. Үүнийг л жинсрэг цутгах гэж нэрлэдэг юм байх.

Би ч өөрийн нүдээр үзэж өнгөрөөсөнгүй. Лам багш минь л амьд сэрүүндээ өөрийн хүүхэд ахуй цагт харж байсан элдэв сонин юмаа надад ярьж байсан нь энэ. Гэж хэлээд Гочоо лам -Энэ жинсрэг цутгах, сэрээ дарах гэх мэт зан үйл ч мань мэтийн хийдэг юм ч биш байхаа. За яахав хоёул нэг юм аргацаах л биз. Өвгөн минь чи санаа зовиноод яах вэ? Хол замд ядраа байлгүй өнөөдөртөө амарч өнж. Угаас хоёул харуй бүрий болмогц л очицгооно. Би тэр газарт хүргэж өгөх хүнтэй ярих ая бодъё гэцгээгээд хоёул чимээгүй болцгоов. “Аан тийм байж! Манай энэ ч намайг бодвол мэддэг л байсан байна.
Би ч жинсрэг цутгах гэж нэр төдий л сонсож явсанаас ингэж дэлгэрэнгүй ойлгож байсангүй” хэмээн огт өөр зүйлд сатаарч хэвтэв. Угтаа бол өнөөх 13 дахь давхарт шүглэсэн чөтгөр түүний гол бодох зүйл нь байсан ч мань өвгөн үнэхээр сонирхсон зүйлээ бодоод хэсэгтээ л мартаж орхив… -Байна уу? За хө чи зүгээр байна уу? Элдэв янзын юм болоогүй биз? -Байна аа. Би зүгээрээ. Таны хийсэн засал номын ачаар элдэв муу юм болсонгүй. Хар дарж ч зүүдэлсэнгүй. Хэмээн Мөнхөө хариулхад Гочоо лам -За чи өнөөдөр намайг өнөөх газраан хүргэж өгөөрэй.

Өвгөн ах нь нэг хүнтэй хамт тэр айхтар муу зүгийн юмыг дарах гээд үзэх санаатай гэхэд Мөнхөө ч дуртай зөвшөөрөв. Учир нь түүний сайн найзууд тэр байранд амьдарч байгаа гэж бодхоор хурдхан л тэр муу муухайг арилаасай хэмээн бодож суужээ. -Тэгэлгүй яахав. Та цаг нь болхоороо надад хэлчих би машинтайгаа яваад очъё хэмээн Мөнхөө хэлээд утсаа таслав. “За ямартай ч огт үзэж хараагүй өдийг хүртэл байдаггүй гэж бодсон зүйлээ өөрийн нүдээр харж бас мэдэрсэн одоо харин дарагдах замхархыг нь ч үзэх юм шиг байна” гэж бодсоор Мөнхөө оройг хүлээн сууж байлаа. “Эхлээд ганц хоёр айлаар орж асууж сураглавал тэнд юу болсоныг мэдэх л учиртай” гэж бодон Гочоо лам ч хувцас хунар авч явах зүйлсээ бэлдэн орой болхыг хүлээж суутал… .