
Очироо яаран гарч лифтрүү очтол түүний царай барайгаад ирэв. Учир нь лифтний зогссон давхарын тоог харвал 13 дахь давхарыг зааж байлаа. “Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодсоор Тунгаагийн утасруу
яаран залгав. -Байна уу? Чи хаана байна? Арай энэ дээшээ 13 давхарт гарчихаагүй биз дээ? Гэж асуухдаа нилээд түгшсэн янзтай хоолой нь чичирч байхыг сонссон Тунгаа -Үгүй ээ! Одоо л орцруугаа орох гэж
явна. Чи чинь юу болчихоод сүртэй яриад байгаа юм? Ямар нэг зүйл болоо юу? Гэхэд Очироо ч тайвшираад уртаар санаа алдан -Аан за яагаачгүй ээ хайраа. Би урдаас чинь гарлаа чи наанаа хүлээж
байгаараа гээд утсаа таслав. “Сонин юм даа тэр давхарт гарч болохгүйг өвгөн лам анхааруулаад байсан нь үнэхээр л ямар нэг муу зүйл байгааг илтгэж байсан. Гэтэл хэн тэр дээшээ гардаг байна аа? Гэж
бодон доош буух товчийг дараад хүлээж зогстол лифт ч хөдлөж эхлэв. 12,11,10 гээд нэг нэг давхараар доошлох лифт 9 давхарт ирж зогсоод хаалга нь онгойход ямар нэг сэгсэлзсэн юм урдаас гараад ирэхвий дээ
хэмээн төсөөлөн зогсох Очироо лифтны хаалганаас бага зэрэг хойшлов. Лифт 9 давхарт ирээд хаалга нь онгойход дотор нь хэн ч байхгүй хоосон байхыг харсан Очироо “Тийм байлгүй дээ! Гэхдээ насаараа ингэж түгшүүртэй амьдарна гэвэл ч бүтэхгүй ээ!” Гэж бодсоор лифтэнд суун 1 давхарын товчийг дарав. Тэрээр доошилж байхдаа ч чухам хэн 13 давхарт лифтээр гарсан юм болдоо гэж бодсоор буулаа. -За хайр удаан хүлээсэн үү? Бие нь яаж байна? Манай маамаа хөдлөж байна уу? Гээд инээд алдах Очироод хандан -Юу гэж одоо хөдлөхөв дээ! Болоогүй юм чинь.
Тэр яахав! Өнөөдөр чи тэгээд манай байранд юу байгааг олж мэдэв үү? Гэхэд -Алив хоёул гадаа сааданд хэсэг сууя! Гэж хэлээд хоёул хамтдаа гарцгаав. -Хайр нь хүн амьтнаас асууж сурагласаар их л сайн засал ном хийдэг нэг лам өвөө дээр очиж үзүүллээ. Тэгсэн манай байранд яг бид хоёрын унтлагын өрөөнд нэг хөгшин эмгэний сүнс хоргодчихоод өөрийнх нь амьд сэрүүндээ байдаг байсан өрөөнд нь урилгагүй мань хоёрыг ирсэнд дургүйцлээ илэрхийлэн элдэв чимээ гаргаж юм хум унагаагаад байсан байна. Гэж хэлтэл Тунгаа их л айсан царай гарган -Чи тэгээд тийм муухай юм байсан байранд сайн судлахчгүй худалдаж аваад орчихсонд чинь миний уур маш их хүрч байна. Одоо би наад байранд чинь орхоос айж байна! Чи ядаж хэд хоног судлаад үзэхгүй дээ гэж хэлээд хөмсөгөө зангидан суухад их л гэмшсэн Очироо -Харин тиймээ. Хайрынх нь буруу. Гэхдээ л тэр муу өвгөнийг бодхоор уур хүрээд байх юм. Ийм учиртайг нь мэдсээр байж зарж л байдаг. Одоо бол хоёул айх зүйлгүй ээ.
Чи хайрдаа итгэ. Би өдөр тэр өвгөн ламд үзүүлээд учир явдлыг сонсоод засал ном ч сайн хийлгэсэн. Өвгөн лам намайг явхад нэг ном уншаад үлдсэн. Намайг гэртээ ирээд тэр өрөөгөө ариулаарай гээд нэг утлага өгсөн юм. Хайр нь ч ирэнгүүтээ л хэлсэн ёсоор нь бүх юмыг хийсэн. Тэгсэн чинь хамгийн хачирхалтай нь үнэхээр нөгөөх унтлагын өрөөнд мэдрэгдэж байсан хүйтэн энерги байхгүй болчих шиг болсон. Тэр лам ч хэлсэн. Ер нь бол сүнсийг нь аргадаад дараа төрөлрүү нь явуулчихна. Тэгээд та хоёрын байр аяндаа гайгүй болно оо гэсэн. Одоо бол үнэхээр юу ч байхгүй ээ. Би өдий хүртэл ямар нэг шүтлэггүй байсан. Одоо бол тэр ламын ямар мундаг эрдэм чадалтайг нь мэдсэн болхоор хөдөө өвөө эмээтэйгээ ярьж байгаад гэртээ нэг бурхан зална аа. Хэмээн ярьсан нь Очироог огт өөр бодолтой болсоныг илтгэж байлаа. Тунгаа ч түүнд их итгэдэг учир хэлсэн болгонд нь үнэмшив. -Тэгхээр бид хоёрт байраа зарсан тэрээ өвөө их л муухай хүн байна даа.
Гээд санаа алдан хоёул хэсэг чимээгүй суутал ардхан талд нь тэр хоёрын яриаг сонсож суусан 40 гарсан болов уу гэмээр нэгэн эгч -Та хоёр 9 давхарын 904-т нүүж ирсэн залуус уу? Гэхэд -Тиймээ саяхан худалдаж авсан юм. Гэж Очироо хариулав. Тэгсэн өнөөх эгч нь -Би хүний хэрэгт хошуу дүрээд байдаг хүн биш л дээ. Гэхдээ та хоёрын саяны яриа их чанга байсан болхоор яалт ч үгүй сонсогдоод байлаа. Юу гэхээр та хоёрт байраа зарсан тэр өвгөнийг Жамбал гэдэг юм. Энэ байр ашиглалтанд орохтой зэрэгцээд л манайх гэдэг айл 903-т нүүж орж байлаа. Харин Жамбал өвгөнийх бүр сүүлд за ер нь 5,6 орчим жилийн өмнө нь л энэ 904-т байсан айлыг байраа зархад нь зөрөөд нүүж орж байсан санагдана. Тэр хөгшин ганцаараа биш эмгэнтэйгээ хоёул амьдардаг байсан. Олон хүүхэдтэй гэхдээ тэд нар нь бүгд том том залуус болцгоосон тус тусдаа байдаг гэж л анх дуулж байлаа. Хүүхдүүдийнхээ авч өгсөн байранд л амьдарч байсан хөгшид байгаа юм. Жамбал хөгшиний чавганц нь гээд нэг хөгшин байж билээ. Одоо бол бурхан болсон хүн нэрийг нь дурсаад яахав.
Тэр чавганц ямартай ч айхтар сайн үзэж хардаг л байж билээ. Би ч 2,3 удаа орж үзүүлж байсан юм. Саяын та хоёрын яриад байсан тэр унтлагын өрөөндөө хоргодсон хөгшин чинь Жамбал өвгөний чавганцаас л гарцаагүй. Хөөрхий сайн хүн байж билээ яагаад ч хоргодсоныг би лав мэдэхгүй юм. Ерөнхийдөө өөд болоод 2,3 жилийн л нүүр үзэж байна. Өвгөн ганцаараа байж дийлэлгүй арга ядаад л байраа зарж байна гэж бодсон ийм учиртай байжээ. Гэхдээ та 2 мэдээгүй байж магадгүй дээхэн үед манай энэ байрны 13 давхарт…. за за тэр ч яахав дэмий юм ярьж хүн амьтны сэтгэл санаа үймүүлэх гэж байна. Ер нь тэр давхарлуу зүглэхгүй л байгаарай залуус минь! Үг олдож Үхэр холдлоо эгч нь орж хоол цайгаа хийе гэчихээд яваад өгөв. -Ямартай ч манай хөрш бололтой. Тэгхээр чиний үзүүлсэн тэр лам чинь сайн л үзэж хардаг хүн байна даа. Яг л хэлсэн юм биш үү! Хоёул одоо тэгээд гэртээ орход зүгээр биз дээ? Гэх Тунгаагийн асуултанд -Одоо зүгээрээ хайраа! Хайр нь сайхан хоол хийгээд халуунаар нь гаргаад тавьчихсан байгаа.

Орж хоолоо идье гээд явах зуураа “13 давхарт айхтар юм байна гэж өвгөн лам хэлсэн нь гарцаагүй боллоо! Саяын эгч ч юу болсоныг нь мэддэг юм шиг байна! Харин Тунгаа энэ талаар сонирхоогүй нь яамай даа! Угаасаа мэдээд ч хэрэггүй биз! Гэж бодсоор гэртээ орж гэнэ. Очироо Тунгааг тосох гээд гартал лифт 13 давхарт оччихсон байсны шалтгаан нь үнэхээр эвгүй юм. Учир нь уг давхарт гарч болохгүйг энэ байрныхан ер нь энэ хавийхан нь бүгд л сайн мэднэ. Барагтай л бол хүн гарахгүй. Мөнхөө мэт ганц нэг мэдэхгүй хүн сонирхож гараад буцаад ирэхдээ галзуурсан эсвэл тэндээ учир битүүлгээр өнгөрсөн байдаг бөгөөд зарим нэг нь буугаад ирэхдээ зүгээр байсан ч хэд хоноод мөн л хачирхалтай өвчнөөр гэнэтхэн өнгөрчихдөг тохиолдлууд хэд хэд гарсан байна. Мөнхөөгийн хувьд бол сайн найзынхаа буянаар амь гарч засал ном ч хийлгэсэн одоо бол айх аюулгүй аж. Уг байрны 13 давхар чөтгөртэй гэх яриа энэ хавиар ерөнхийдөө тархсан ч тэр бүр хүмүүс яриад байдаггүй ба олон жилийн хугацаанд хэд хэдэн ч лам,бөө, санвартан хүртэл ирээд өөрсдөө хорлогдоод буцсан аж.
Тиймдээ ч барагтай л бол хүн гардаггүй уг давхарт сүүлдээ лифтнийх нь товч өөрөө дарагдаад лифт нь 13 давхарт оччихдог болсон байна. Золоор зөвхөн уг давхарт л аюултай тул хүмүүс бусад давхарт нь мөр мөрөө хөөн амьдарцгааж өдийг хүртэл дасан зохицоод ирсэн байна. Олон ч лам бөө хорлогдсоны нэг нь Жамбал хөгшиний хань Мядаг гэх эмгэн байлаа. Нүүж ирсэн цагаасаа л муу зүйл байгааг нь мэдсэн Мядаг чавганц 2,3 жил тэсч явсаар сүүлдээ өөрөө хүчлээд үзэх санаатай уг давхарыг зүглэсэн ч буцаад ирэхдээ элий балай болоод ирсэн байна. Тэгж байсаар удсанчгүй онош нь тогтоогдохгүй өвчнөөр унтлагынхаа өрөөнд өнгөрсөн аж. Ерөнхийдөө хэрэг явдлын учир начир бага багаар тайлагдаж байлаа. Тунгаа гэртээ орж ирээд унтлагынхаа өрөөнд
Очироотой хамт орвол арц гангын үнэр хамар цоргих нь их л таатай. Бас үнэхээр Очироогийн хэлсэн шиг өнөөх хүйтэн мэдрэмж алга болсон нь илт байлаа. Ийнхүү энэ өдөр өнгөрч маргааш гэх нэгэн өдөр эхлэв. Очироо Тунгаа 2 өнгөрсөн шөнө юу ч мэдэрсэнгүй сайхан амарцгааж Тунгаа ч эртлэн босоод ажилдаа явсан байлаа. Харин энэ үед Гочоо ламын утсанд дуудлага ирэв. Аваад хартал Дүгэр гэсэн байх нь түүнийг наашилж байгаагаа мэдэгдэх залгаж байна даа хэмээн бодов. -Байна уу? За өвгөн нь аймгийн төвд ороод ирчихсэн байна. Өдөртөө шуудхан л хотын унаанд сууна. Маргааш өглөө л орох болов уу! Хот ороод чамайг чинь яаж олж уулзах билээ? Хуучнаараа юу? Гэхэд Гочоо лам -Хуучнаараа хуучнаараа. Би хүн явуулаад чамайг тосуулна. Машинаар явсаар чамайг над дээр аваад ирэмз. Ирхээр чинь чамайг нэг сайн амраагаад л үйл хэрэгтээ оръё доо гээд мар мар инээхэд Дүгэр өвгөн ч жигтэй инээгээд утсаа таслав. “Мань хүн ч тэр би ч тэр нас нилээн явж дээ.

Хоёр хөгшин толгой бардаг байгаа? Муу хөгшинийгөө насны бөгсөнд хадан гэрт нь залчихгүй л юмсан. Энэ айхтар юмыг л дарчихвал дахиж чамайгаа дуудахгүй ээ хэмээн битүүхэн бодолд дарагдан суух Гочоо ламын ач охин -Өвөө таны эрхи чинь тасраад уначихлаа гэх нь тэр. “Үгүй ээ энэ чинь яасан муу ёр зөгнөсөн хэрэг вэ? Эрхи тасрах муу юм хаадаг л гэлцдэг. Өдий насалтал эрхи тасархыг үзсэнгүй. Энэ лав нэг учиртай” гэж бодон сэтгэл нь түгшинэ. Хаа байсан тэндээс энд байгаа надад хор хүргэхгээ юм болов уу? Яачихсан муу ёрын ад зэтгэр вэ? За гайгүй дээ чамайг! Чам мэт нь ч өвгөн миний толгойг залгихгүй байхаа! Гэж хэлээд амандаа маань уншив…