
Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хүрлээгийн хүн чанар нь зулгаасан уу гэлтэй нутаг усыг нь мэдэж чадсангүй ээ гэж түүнд өчив. Магадгүй
Оюунцэцэгт хайртай болсондоо ч нуусан байх лдаа. Дамбий хэд хоногтоо гэртээ байж эхнэр хүүхдүүдтэйгээ өдрийг өнгөрөөж байлаа. Эгч дүүсийг эргэх арга саам хайж байтал нэг өдөр эхнэр Бадамгэрэл нь
би түр гарчихаад ирье гэж хэлээд гарчээ. Энэ далимыг ашиглахаар Дамбий шийдэж хүүхдүүддээ – Аав нь нэг айлд оччихоод ирье. Ангийн найз маань байгаа юм аа гээд гарчээ. Ойрд гараагүй болоод тэр үү
хурдхан эгч дүүстэй уулзаж ганц хоёр зүйлийг асуухаар машинтайгаа ухасхийв. Амралтын өдөр байсан болоод тэр үү эгч дүү хоёр энэ өдөр гадуур явж зах орохоор шийдэн гарцгаалаа. Хоёулаа унаанд сууж
Нарантуул ОУХТөвийг зорив. Хүн ихтэй болоод тэр үү хоёул хөтлөлцөн амьтан хүний дундуур шургалсаар дээлний лангуу руу орж ирэв. Удахгүй зуны амралт эхлэх тул тэр хоёр ажил хийж олсон
мөнгөөрөө аав ээждээ хос дээл авч очьё гэж тохиролцож иржээ. Аав ээжийнхээ биеийн хэмжээг мэдэх тул тэр хоёрт санаа зовох зүйл байсангүй. Махлагдуу тарган биетэй өндөрдүү тавь гаруй насны эмэгтэй тэр хоёрын санаа бодлыг мэдсэн юм шиг дээлээ ярьсаар байж хямдхан өгч баярлуулжээ. Эгч дүү хоёр цаашлан гутлын тасаг руу очин монгол гутал сонирхсон боловч үнийг нь дийлэхгүй тул энэ удаа орхихоор шийдэлд хүрэв. Тэгээд хоёулаа харья гэсээр хүмүүсээс сугарч гол хаалгаар гарч явтал орсгой Хүрлээ тааралдав. Оюунцэцэг – Та энд юу хийж яваа юм гэтэл – Зүгээр л дэмий шахуу хэсэж явна гэлээ. Үнэндээ тэр хоёрыг гэрээсээ гарч явахыг Хүрлээ харсан болохоор тэр хоёрыг дагасан байлаа.
Эгч дүү хоёрыг хаана хэнтэй уулзах нуу бүгдийг харж бай гэж Дамбий Хүрлээд хэлсэн ажээ. – Аан тийм үү. Заза бид хоёр харих гээд л гэснээ Оюунцэцэг эгчтэйгээ хөтлөлцөн цааш явсаар микронд суув. Үнэндээ ирсэн цагаас хойш дүү Оюунцэцэг нь сурахын хажуугаар оройн цагаар ажиллах ажил олж ажилласаар байсан бөгөөд цалингаа нөөцөлж байж мөнгөө цуглуулж байсан билээ. Дүүгээсээ санаа авсан Оюунчимэг ч гэсэн зүгээр суугаагүй бөгөөд бас л ажил хийж байлаа. Дараа жилээс бага дүү нь оюутан болж ирэх тул тэр хоёр дүүгийнхээ оюутны төлбөрийг нь эндээс зохицуулахаар ярилцаж шийдсэн байлаа. Оюунчимэг нэгэн хувийн бааранд үйлчлэгч хийдэг бол дүү Оюунцэцэг нь нэг хувийн байгууллагад ээлжийн ажил хийдэг байлаа. Удахгүй хичээл нь тарах тул тэр хоёр шалгалтандаа ч бэлдэж эхлэв. Уйгагүй хичээсний дүнд хоёулаа сургуулиа онц сайн төгсөж чадлаа. 5 сар шувтарч байсан бөгөөд эгч дүү хоёр байрны эзэнтэй холбогдож энэ зун нутаг явахаар боллоо.
Зуны амралтаа нутагтаа өнгөрүүлээд ирье гэж ярилцаад байрандаа эргэж суух тул та өөр хүн битгий оруулаарай гэж гуйсан бөгөөд Дамбий ч үүнийг нь зөвшөөрчээ. Охид нь нэг хэсэг хэл чимээгүй байснаа нэг л өдөр хүрээд ирсэнд аав ээж нь баярлаж хүүхдүүдээ угтан авчээ. Тэгээд хотын сонин хачин сонсоцгоож тэр хот гэдэг газарт очиж үзнэ ээ. Хоёр охиныхоо байрлаж байгаа байрыг ч үзье. Чадвал тэр эзэнтэй нь ярьж байгаад охиддоо худалдаж авч өгье гэхэд нь Оюунцэцэг – Өгөхгүй байлгүй дээ. Авлаа ч гэсэн өндөр үнэтэй зарах биз. Өөр гоё боломжийн байр ч олдож юуны магад гэж хэлжээ. Охидынхоо бэлгийг үзээд ээж Бадамханд нь туйлын ихээр баярлаж – Хөгшөөн энийг хар даа. Гоё дээлтэй боллоо шүү гээд нулимс унаган баярлаж суув. Түмэн ч баярлаж байлаа. – Ишш миний хүүхдүүд ийм юмаар яах гэсэн юм бэ дээ. Ээж чинь оёчихдог шүү дээ гэсэн боловч мөн л сэтгэлдээ баярлаж өмсөж үзэж суулаа. Улсын баяр ч ойртож Түмэн ч хурдан морьдоо сойн уралдуулахаар бэлтгэж эхлэв. Жил бүр бүх насны морьд уяж уралдуулдаг бөгөөд

Түмэнгийн уясан морьд голцуу айрагддаг бөгөөд зарим нэг нь түрүүлж байсан удаатай билээ. Аавынхаа морийг бага наснаасаа унаж өссөн тэрсхэн гурван охин нь ч баяртай байдаг байв. Ингэсээр байтал улсын наадам ч болж Түмэнгийн уясан морьдын ихэнх нь түрүүлж хязаалан нь айрагт иржээ. Түмэн ч өөрөө барилдчихдаг бөгөөд сумын заан цолтой билээ. Энэ жилийн баяр 7 сарын 7 , 8 гэсэн хоёр өдөр болсон бөгөөд 11 , 12 нд аймгийн наадамд очиж морьдоо уралдуулах бас өөрөө ч чадвал аймгийн цол хүртчих санаатай Түмэн хөдөлжээ. Тэрээр аймаг явахдаа гурван охиноо мөн морь унаач хүүхдээ дагуулан авч явав. Түмэн аймгийн наадамд морьдоо уралдуулж өөрөө бөх барилдахаар бүртгүүлж ч амжлаа. Охиддоо наадмын хуушуур авч өгөн хэрэндээ л сайхан баярлаж байлаа.
11 нд даага , азарга , жороо , хатирч морьдын уралдаан явагдаж Түмэнгийн уясан Хүрэн азарга халтар даага хоёр түрүүлж магнай хагартлаа баярлаж байв. Жороо Борлог нь аман хүзүүдэж хатирч өндөр хээр нь гуравт хурдалжээ. Өөрөө ч бөхийн барилдаанд хоёр давчихав. 12 ны өглөө хээр шүдлэнгээ гаргачихаад гурвын давааны нэр сонсож суулаа. Түргэн сумын заан Түмэн ирж бөхөө амлана уу гэхийг сонсоод очиж нэр сонсож байгаад сумын начин Батболд гэдэг нэрийг авч барилдья гэж бүртгүүлэв. Өөрөөс нь биерхүү байрын залуу байсан бөгөөд айж хулгалгүй барилдсаар давж орхилоо. Аавынхаа барилдааныг шимтэн үзэж суусан гурван охин нь даваад туг тойрч ирсний дараа та минь мундаг байлаа аав минь гээд баяр хүргэлээ. Морьд ирж Түмэнгийн шүдлэн хол тасархай түрүүлэн ирэв. Удсангүй хязаалан морьд гарч Түмэн шарга морио явуулаад бөхийн асарт ирж суутал дөрвийн давааны ам авсан байдлыг танилцуулж байлаа. Энэ даваанд Түргэн сумын заан Түмэн Хяргас сумын захн Батмөнхтэй тунажээ. Тунасан хоёр уран гоё барилдаан өрнүүлсээр сүүлд нь Түмэн учраа бөхөө тонгорох мэхээр хаяж өвдөглүүллээ. Яг энэ мөчид хязаалан ирж шарга хязаалан аман хүзүүд ирлээ. Морь унаач хүү уйлж Түмэнд –
Түрүүлсэн морины хүү намайг замд хоёр ч удаа ташуураараа ороолгож чамайг түрүүлсэн байвал уу ална шүү гэж заналхийлсэн гэж мэдүүлжээ. Түмэн морины комисст хандан учир байдлыг хэлэхэд комиссын дарга нь түрүүлсэн морины унаач хүүхдийг дуудуулж ирээд нүүр тулган өчиг мэдүүлгийг нь авснаар түрүүлсэн морины хүү буруугаа хүлээн уучлал гуйв. Гэтэл морины комиссоос шийдвэр гарч Түмэнгийн шаргыг түрүүлсэнд тооцон түрүү морийг 5 байраар ухраан 6 д оруулснаа мэдэгдэж Түмэн болон унаач хүүхдэд нь түрүү морины шагнал байг олгожээ. Соёолон ч энэ хугацаанд мордож Түмэн хүрэн соёолонгоо явуулаад бөхийн асарт ирэв. 5- ын даваа буюу начны даваа эхэлж арслан заанууд ам авч нэр дурдагдсаар энэ удаа Түмэн Наранбулаг сумын харъяат сумын заан Намхай гэгчтэй таарав. Биеэр ойлоцоо ч хурдан хөдөлгөөнтэй бөх байлаа. Түмэн хөдөлгөөн бүхнийг нь аргацаан өнгөрүүлсээр золгож барилдахаар болов. Хав дөрвөлжин барьцнаас Түмэн сайн барилддаг болохоор учраа бөхөө тойгдон угсруулж зайлаад төвөггүй давж начин цолны болзол хангалаа. Соёолон морьд ч ирж Түмэнгийн хээр айргийн тавд хурдалж ирэв. Их насны

Алдарт босоо хул морио явуллаа. Хул морь сумандаа найм уралдалж 5 түрүүлж хоёронтоо аман хүзүүдэж нэг удаа гуравт хурдалж байсан морь билээ. Морио явуулчихаад бөхийн асарт иртэл 6 – гийн даваа эхлэж байв. Түмэн энэ даваанд аманд гарчээ. Аймгийн арслан Түвшинжаргал гэгч бөх түүнийг амласан байв. Түмэн гарч өрж эхлэв. Лагс бүдүүн биетэй нуруулаг бөх тул түүнийг яаж хаяхаа мэдэхгүй хэсэг самгардав. Тэгтэл А.а Түвшинжаргал түүнийг мордохтой нь зэрэг хөмрөө болгон явсаар унагалаа. Түмэн харцага цолны болзол хангаж шөвгийн 4 т үлдэв Дараагийн даваа эхлэх хооронд гурван охинтойгоо хуушуур авч идээд асарт ирэв. 7 – гийн даваа эхэлж шөвгийн дөрвөн бөх гарлаа. Аймгийн заан Баяраа гэх нэлээн өндөр бөхтэй тунасан бөгөөд тэр хоёр нэлээн удаан ноцолдов. Морьд ирэх дөхөж байгаа гэх бодол төрж байгаа ч учраа бөхөө хаячихмаар байдаг гэх давхар бодол Түмэнд төрнө.
20 иод минут ноцолдсоны эцэст Түмэн учраа бөхөө суйлах мэхээр элдсээр давж заан цолны болзол хангаж наадамчин олны хүндлэл хүлээв. Морьд ч ирж Түмэнгийн босоо хул бусад морьдоос км орчим хол тасархай түрүүлж ирлээ. Гурван охин нь ч унаач хүүхдэд баяр хүргэн үнсэцгээж Түмэн ч баярын нулимстай зогсож шагналаа гардан авлаа. Их насны түрүү байнд иж планета- 6 мотоцикл ирж мөнгөн шагнал бас бус зүйл дагалдан ирлээ. Мориныхоо шагналаа авчихаад барилдааны талбайд ирлээ. Одоо түрүү үзүүр шалгарах тул гурван охин нь аавдаа түрүүлэхийг хичээгээрэй гэж хэлээд үзэгчийн суудалд суув. Нар хойш явсаар уулын толгойд ирж байв. Оюундэлгэр эгч нартаа ам цангаад байна ундаа ууя гэхэд нь Оюунчимэг миний дүү түр тэсэж бай лдаа аавын барилдаан харчихаад дараа нь авч өгье гэлээ. Хүмүүс шуугилдан хоёр талын 32 засуулаа ханаруулсаар бөхчүүд гарч ирэв. Аймагийн наадамд гурван жил дараалан түрүүлсэн
Ганбат гэдэг бөх үлдсэн бөгөөд Түмэн тэр хоёр өрж эхлэв. Сэрвүү барьцнаас хаялцалгүй явсаар золгож барилдахаар боллоо. Ганбат зүүн талтай аж. Түмэн баруун талтай. Эхлээд тэр хоёр зүүн талаар золгоод Түмэн ч барьцыг нь дугтран тавиулж авлаа. Одоо баруун золгоно. Энэ нь Түмэнд ашигтай ч яарах хэрэггүй гэж дотроо бодож байлаа. Баруун золгосон лав барьцтай тул өрсөлдөгч бөхийнхөө мэхийг хариулахыг хүлээв.
Ганбат дэгээ ороолоо. Түмэн хөмөрч ар шилэн дээр нь дарсаар өрсөлдөгчөө өвдөг сөхрүүлж авлаа. Ийнхүү аймгийн наадамд ирж баяр тэмдэглэсэн Түмэн суга баярлаж өөрөө ч түрүүлж морьд нь ч түрүүлж аман хүзүүдэн мөн ч их баяртай байлаа. Бөхийн барилдаанд түрүүлсэн Түмэнд аймгийн арслан цолны цол тэмдэг болон мөнгөн шагналыг аймгийн засаг дарга гардуулан баяр хүргэж гар барив. Тэр орой нь аймагт хоноод өглөө эртлэн сум руугаа хөдөлцгөөлөө. Үргэлжлэл бий…..