
Хүлгээ өнөөх үнэгийг оночих шиг болоод газарт унахыг харан ~ингээд чи зугтаарай! гэж хэлээд хурдхан шиг алхан очвол үнэг байсангүй. Тэрээр ихэд гайхан ~яах аргагүй л оноод бүр унаж байхыг нь хүртэл
харсан ийм хурдан зугтах учиргүй л юм даа? үгүй ядаж цус дуссан ч шинж алга. Арай энэ нөгөө Зоригоогийн яриад байсан шидийн юм нь болоод байгаа юм байхдаа гэж бодсон ч басхүү өнөөх үнэгээ олчих
санаатай ойр хавиар жаахан хайж хэсэг яваад юу ч олдоогүй тул сая л нэг айх шиг болоод ~за энэ ер нь бишдлээ. Хурдхан зайлах минь гээд эргээд явах гэтэл тэрхэн зуур зүгээ олохгүй төөрөв. Тэрээр
төөрсөнөөсөө болоод айдас нь улам л ихсэн ~гай таарсан муу хөсрийн үнэг! Яалт ч үгүй идтэй адгуус байж л дээ. Тэнэг би цагаан үнэг ховор байдаг гэж дуулсанаасаа болоод л араас нь явсан минь одоо надад гай
боллоо! гэж үглэсээр “эндээс л ирсэн шиг санагдаж байна” гээд өөрийн ирсэн зүгээсээ шал өөр зүгрүү гүйв. Энэ үед хэдийнээ үд болсон байх ба Лхагваа ч модруу орсон өнөөх хэдийг зориод явж байлаа. Харин Зоригоо элий болсон хоёрыгоо харан Хүлгээг хурдхан ирхийг нь л хүлээж суув. Батаа, Галаа 2 машинд хөдөлгөөнгүй суух авч нүд нь ийш
тийш ямар нэг зүйлийг хайн эргэлдэх бөгөөд хааяа нэг гөлийн суух нь Зоригоод яавч эрүүл бус хүмүүс болсон гэж санагдана. Зоригоо явхыг л хүсч байвч Хүлгээг орхиод явах тийм өөдгүй эр биш аж. Найзыгаа хайж олоод хурдхан явмаар байвч ~энэ том ойн хаанаас нь гэж хайгаад олох билээ дээ. Аягүй бол зөрж төөрөөд баларсан юм болно. Эндээ суугаад ирхийг нь хүлээхээс өөр аргагүй гэж бодон суув. /Хүлгээ их хол явсан учир буун дуу нь Лхагваад ч Зоригоод ч сонсогдоогүй байна. Гэвч ойгоор цуурайтсан буун дуу сонсогдохгүй байх учиргүй бөгөөд энэ нь ёстой л өнөөх шидтэй явдал нь байсан юм/ Лхагваа явсаар урьд шөнийн ирсэн
газартаа очоод хэдэн архины шил болон талаар нэг тарсан хогийг хараад тэднийг хэдийнээ явчихаждээ хэмээн бодон зогстол ойгоор нэг цуурайттал хүний орилох дуу хадхад мань хүн бага зэрэг сандран ямартай ч очиж шалгах хэрэгтэй гээд дуу гарсан зүг хурдлахад өнөөх орилоон нь нэг бус нилээд хэд дуулдах ба хэн нэгэн нь ямар нэг зүйлд алуулах гэж буй мэт Лхагваад санагдав. Энэ чимээг машинд суусан Зоригоо ч бас сонссон тул Хүлгээд ямар нэгэн муу юм тохиолджээ хэмээн бодоод өнөөх хоёрыгоо битгий гараарай гэчихээд гаднаас нь түгжиж орхиод дуу гарсан зүг яаран гүйв. Угтаа бол өнөөх 2 нь хаалгануудынхаа түгжээг дотроос нь тайлах ч ухаангүй болчихсон 2 юмсанж. Лхагва морьтойгоо цааш явах аргагүй болсон тул арга буюу буугаа үүрэн цааш гүйхэд нь өнөөх чимээ нь ч тасрахгүй үргэлжилж байхад тэрээр хурдлан гүйв. Зоригоо өнөөх чимээнд дөхөх тусам найз минь биш л байгаасай хэмээн өөрийгөө тайвшируулан гүйж байтал гэнэт буун дуу тас хийн цуурайтаад өнөөх орилоон ч алга болов. Лхагваа болон Зоригоо нар хоёул уг чимээг сонсоод улам л хурдлан гүйв.

Лхагваа түрүүлээд өнөөх чимээ гарсан газарт олоод ирвэл үхсэн баавгай болон түүнд дарагдсан Хүлгээг олоод цочирдон зогстол хажуухнаас нь Зоригоо ч бас гүйгээд гараад ирэх нь тэр. ~Хөдлөх ч үгүй дугарахчгүй хэвтэх Хүлгээг хараад Зоригоо ч бас цочирдов. Нүүрнийх нь тал нь баавгайд самардуулаад улаан зулга болчихсон байх ба яс нь гартал арьсыг нь хуулчихсан байхыг нь хархаас нүд хальтрам байв. Энэ үед Лхагваа юу хийхээ мэдэхгүй зогсохдоо нуруундах буугаа урдаа бариад: ~тэр амьд байгаа эсэхийг хурдхан шалга хэмээн Зоригоод тушаавал өнөөх нь угаас тэгэх гэж байсан мэт ухасхийн Хүлгээгийн хүзүүг дарж үзээд ~хэдийнээ өнгирчихөж гээд уйлах нь Лхагваагийн зүрхийг шимшрүүлэв./Арга ч үгүй биз найз нь харамсалтайгаар зовж үхсэнийг харсан залуугийн нулимс Лхагваад ч бас харамсал төрүүлэх нь мэдээж/ Лхагваа буугаа хураан: ~алив тайвшир! ядаж энэ баавгайн дороос гаргая гэхэд Зоригоо ч нулимсаа арчин босоод
Лхагваатай хамтран арай гэж баавгайн дор хэвтэх найзынхаа цогцсыг гаргаж авхад нь зөвхөн нүүр гэлтгүй бие нь тэр чигтээ л баавгайд сэмлүүлсэн байх нь харагдав. Амь тавин орилоод байсан нь ч аргагүй биз. Нас бие гүйцсэн эр баавгай Хүлгээг зуугаад ийш тийш шидэж бараг л амьдаар нь өвчих гэж байхад мань хүн арай хийн буундаа хүрээд өнөөх байвгайныхаа яг зүрхэнд нь оноод өөрөө даруулж үхсэн нь энэ аж. /Үнэгний дүрээр гарч ирэн Лхагвааг хуурсан савдаг үнэн хэрэгтээ бол хариугаа авсан нь энэ байв. Тэрээр зориуд Хүлгээг дагуулан явсаар баавгайн үүрний хажууханд ирж түүнийг орхиод өөрөө алга болсон байна. Хүлгээ үнэгийг онилон хараанд орох үедээ буудсан нь түүнийг оносон явдал бус харин галзуу баавгайн анхаарлыг татсан хэрэг байж. Тэгээд мань хүн буцах замаа олохгүй төөрөн гүйхдээ үхэлрүүгээ гүйсэн нь энэ юмсанж. Баавгайтай тулсан Хүлгээ буудаж амжаагүй тул шууд л зугтсан бөгөөд отог байсан газраа нилээд дөхөж ирээд гүйцэгдсэн ба яаж ч чадалгүй байвгайд бариулсан байна.

Үнэндээ хүмүүс баавгайтай таарвал шууд л зугтаад гүйцэгдэхгүй мэтээр боддог боловч баавгай хэмээх амьтан хүнээс хурдан гүйж чаддаг амьтан юм. Ийн хариугаа авах болсон нь урьдны явдлын төлөөс бөгөөд хэдэн жилийн өмнө хангайн харыг төв бараадхыг далимдуулан Хүлгээ хүү ууланд ирж хээлтэй согоо намнаад хээлийг нь гарган хаян яваад өгсөн нь түүний ингэж зовж үхэх шалтгаан байв / Зоригоо өнгөрсөн шөнийн хамаг явдлаа Лхагваад тоочин их л дуу муутайгаар найзынхаа цогцсыг харан зогсоход Лхагваа ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байсан тул ямартай ч төв явж энэ явдлыг мэдэгдэх хэрэгтэй гэж үзээд буцах гэсэн ч Хүлгээгийн цогцсыг яах талаараа мэдэхгүй зогсов. Уг нь бол Зоригоог үлдээчихээд өөрөө яваад ирж болох авч ажил үүргээ ихэд ухамсарласан тэрээр муу санаалан Зоригоог зугтчих байх гээд хамт авч явхаар болоод
Хүлгээгийн цогцсыг чоно нохой идчихээргүй болгож мөчир модоор далдлаад Зоригоогийн машиныг өөрөө бариад өнөөх хоёртой нь хамт төврүү явав. Төвөөс яаж ч хурдан явсан хагас өдрийн зайтай байрлах энэхүү дархан цаазтай ой нь улаан номонд орсон хэд хэдэн амьтантайг Лхагваа мэдэх авч нэгийг нь ч дэвтэрээ тэмдэглээгүй байна. Лхагваа замд явахдаа арын суудалд суух галзуурсан хоёрыг нь хараад ~өвгөн ахын хэлдэг ч үнэн л байж дээ. Савдаг өөрөө шийтгэсэн нь лавтай. Гэвч өнөөх залуу яагаад тэгж үхэв ээ? Энэ савдагийн хийж буй хэрэг үү? эсвэл зүгээр л золгүй явдал уу? хэмээн бодсоор ямартай ч төв орж сумын төвийн цагдаа нарт уг хэргийг мэдэгдээд Зоригоог сахилгат суулгаж өнөөх хоёрыг нь эмнэлэгт хэвтүүлээд буцах гэж яарав.
Лхагваа 2 цагдаагийн хамт буцсан бөгөөд гэгээ тасраад нилээд харанхуй болох үеэр өөрийн байранд ирэв. Шөнө болж буй учир унтаад өглөө очиж цогцсыг нь авах тухай ярилцаад өнөөх 2 цагдаа нь ч зөвшөөрсөн боловч арай том цолтой нь гэнэт л шийдвэрээ өөрчлөн ~за ер нь цаг алдаад юу гэхэв! нялуунаас шулуун нь гэж одоо очиж аваад шөнөдөө буцъя хэмээн яаруулжээ. Лхагваа ч гэгээ тасархад савдаг ойгоор явдаг тухай мэдэх тул энэ санааг дэмжихгүй жаахан сөргөлдөв. ~Хэт харанхуй болсон байхад модруу ороод нилээд явах учир төөрнө шүү дээ! Тэглээ ч араатан амьтан ихтэй ойд шөнийн цагаар дэмий биз! Өглөө явдгаараа явъя гээд хэлтэл өнөөх нь бага зэрэг захирангуй ~
бид ажлаа яаж хийхээ таниар заалгахгүй! иргэний үүргээ сайн биелүүлээд зүгээр л зам заахад болно! чи чинь байгаль хамгаалагч хүн биздээ! арай ч төөрчихгүй биз! буу шийдэм авч яваагийн хэрэг юу билээ? алив явъя гээд ер болсонгүй. Лхагваа арга буюу тэднийг дагуулан явахдаа өөрөө морьтой урд нь явж араас нь өнөөх 2 нь машинтай дагав. Машин явж болох газар хүртэл яваад цааш гурвуул алхсан бөгөөд Хүлгээгийн цогцсыг морин дээрээ тохоод буцах төлөвлөгөөтэй байв. Лхагваа замаа мэдэх авч өнөөх төглөөр дайрч яваад дэмий юм болно гэж үзээд тойроод явав. Хавирган сар үл мэдэг гэрэлтэх бөгөөд Лхагваа ч тойрч яваа учир төөрчихгүйг л хичээн гэрлээ тусган алхаж байтал хамгийн ард явсан цагдаа нь…….