
Сайн байцгаана уу гэх эелдэг дуун гарахад ээж охин хоёр зэрэг толгой өргөн хараад өмнөө зогсох хурандаагын мөрдөс бүхий чилгэр өндөр эрийг харав. – Сайн. Сайн байна уу. Хүүхээ алив наашаа суугаач хоол
ид гэж гэсэн Оюун юунд ч юм бэ ихэд сандран байлаа. – Өө зүгээр, зүгээр. Би та нарт хоол авчирсан. Өвчтөй хүн маань гайгүй юу. Ингэхэд Чимгээ бүр сөхөртлөө ядарсан байсан тэгэхээр та ямар байх
нь ойлгомжтой гэж ихэд дотносон ярих Шатарыг ээж охин хоёр инээмсэглэн харав. – Та ажлаасаа ирэвүү. Яах нь вэ?. Ээж хоол хийгээд ирсэн байна. Алив та суугаач. Манай ээжийн гарын хоол амттай шүү
гэж инээмсэглэсэн Чимгээгийн дэргэд суусан Шатар гараас нь халуун оргиулан атгахад Чимгээд гараа татаж авах хүч байсангүй. – Ямар их хоол бэ?. Мөн сайхан хоол байна. Алив миний охин энэ хоолноос
идээч хэмээн Оюун ихэд баярлан хөл алдана. – Би харин таны хоолноос иднээ. Та үнэхээр сайхан хоол хийдэг юм байна. Яг ээжийн минь хоол шиг санагдчихлаа гэсэн Шатар буузнаас амтархан идэхэд
Оюун ихэд баярлав. – Тэг.. тэг идээрэй. Ээж, аав нь хаана байдаг юм бэ?. – Аав маань байгаа. Ижий минь бурхны орон бараадаад олон жил болж байна. – Иш хөөрхий минь. Манай өвгөн бас саяхан бүрлээч болсон доо зайлуул. – Би мэдсэн л тэгэхдээ хожим нь тэгээд очиж чадаагүй. – Яах вэ?. Хүү минь ажил ихтэй улс аргагүй байх даа. – Уг нь ч би нэг хэлтсийн дарга ухаантай юм. Ажил гэж үстэй толгойноос их. – Тэгэлгүй яах вэ?. Ажлаас гадна биеэ сайн бодож бай. Эрүүл мэнд дахиж олдохгүй шүү. – За. Шатар, Оюуны сэтгэлд ихэд нийцэж охиныхоо өмнөөс ихэд баярлан байлаа. – Өнөө шөнө ээж нь охиноо сахинаа. Миний охин харьж амар ерөөсөө маргааш чи ажилдаа ор. Одоо эгч нь алзахгүй байхаа хэмээн Оюун охиноо ятгав. – Ээж та ядарчихна шүү дээ.

Би сахиж л байя. – Харин тийм та ядарна. Чимгээ ч гэсэн өнөөдөр амарч хонох нь зөв. Маргаашнаас ажилдаа орохгүй бол танай сайд хатуу хүн шүү. Тэгэхээр би эгчийг чинь сахиж хоноё тэгэх үү хэмээн Шатарыг хэлэхэд Оюуны нүд томорч – Хүүе яаж тэгж болдог юм гэж дуун алдав. – Та болохгүй ээ. Та урьд шөнө сахиж хоноо биз дээ хэмээн Чимгээ татгалзав. – За хүүхдүүд минь би эмнэлгийн сувилагч хүн. Угаасаа миний ажил хорин дөрвөн цаг гараад дөчин найман цаг амардаг хэдэн шөнө бүтэн нойртой ч хонолоо. Одоо ээж нь алзахгүй ээж нь сахиж хоноё. Миний охин маргааш ажилдаа ор гэж ятгасаар Оюун Энхчимэгийг сахиж хонохоор болж Чимгээ, Шатар хоёр хамт гарав. – Чимгээ чи ядарч байна уу. – Гайгүй ээ. Харин та ядарч байна уу. – Үгүй ээ. Хоёулаа манайд орж аяга кофе ч юмуу уухуу. – Болох юмуу эхнэр чинь.. – Хэрэв эхнэртэйсэн бол би чиний араас хэдэн сар хөөцөлдөхгүй байхсан. – Хэдэн сар хөөцөлдөхөө.. Юун сонин юм яриад байгаа юм бэ?. – Тиймээ сүүлийн хэдэн сарын турш чамайг судалсан юмаа уучлаарай. Олон жилийн сургуулилт тусгай ажиллагаа гээд үнэндээ өдий болоход эхнэр авч амжаагүй юмаа. Гэхдээ би амжилтанд хүрсэн. Би Монголын хамгын залуу хурандаа. Энэ хугацаанд үнэндээ хүүхэнтэй ойртоогүй гэж би хэлэхгүй л дээ.
Гэхдээ би миний хань хүүхдийн минь эх болох эмэгтэйгээ үнэхээр сонголт хийж олж буй минь энэ. Харин одоо бол чамд таалагдахгүй байх вы гэж айж байна. Тийм болохоор чи минь надтай танилц. Манайд очиж миний амьдралыг үз. Манай ажил дээр очиж миний ажилтай танилц гэсэн Шатарын үг Чимгээд ихэд таалагдаж байлаа. – Тавтай морил хайрт минь. Энэ миний амьдрал ямарч нэмэр хачиргүй оргиороо байгаа нь энэ. Тэр хоёр шөнө дөл болтол ярилцан ихэд дотносоод Шатар Чимгээг гэрт нь хүргэж өгөв. Энэ орой Шатар, Чимгээг үнсэхээс хэтэрсэнгүй. Түүний энэ байдал Чимгээд ихэд таалагдаж байлаа… .. Төмөр гишүүнийг яг тогтсон цагтаа ирэхэд тусгай өрөөний үүдэнд Бэхбат даргын бие хамгаалагч зогсч байлаа. Төмөрийн ард түүний хамгаалагч нар дагаж алхана. – Гишүүнээ та морилно уу. Дарга таныг хүлээж буй. Төмөр толгой дохих төдий болоод дээгүүр харан дотогш оров. Бэхбат дарга ширээ дүүрэн идээний ард эзэн хүний ёсоор налайж сууна. – Оройн мэнд. – Оройн мэнд Төмөр гишүүн тавтай морил. – Баярлалаа. Дарга таны үйлс бүтэмжтэй сайн уу гэсэн Төмөр гишүүн сандал нужигнуулан суув. – Эх орон тайван байна уу. Гишүүнээ. – Эх орон тайван байнаа. Харин иргэд их бухимдалтай байна. – За юунд тэр билээ. – Манайхны урагшгүй ухаангүй байдал энэ бүх эрсдлийг бий болгож байна. Офишор бүсэд данстай гучин гэр бүлийг хорьж мөнгийг буцаан тат гэсэн туг лоозун барьсан иргэд өдөр бүр жагсаал цуглаан хийх боллоо. –
Төмөр гишүүн таныг иргэдийн энэ байдлыг зогсоох ганц хүн гэж бодох юм. – Манай улс төрчдийн бохир ажиллагаа замбараагүй идэж ашигласны төлөө би ганцаараа хариуцлага үүрэх нь дэндүү шударга бус санагдах юм. – Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ манай нам төрийн эрхийг барьж буйг мартаж болохгүй. – Яг энэ чигтээ байх юм бол манай нам дараагын сонгуульд ялалт байгуулна гэж санахын ч хэрэггүй. – Ойлгож байна. Та иргэдийн маасаар нь өөртөө татах хэрэгтэй. Ирэх жилийн сонгуульд таныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлье. Та дуун дээр гарна даа. – Гэхдээ би тэр ялыг үүрмээргүй байвал яах вэ?. – Ерөнхий сайдын сэнтий таньд мөн зохино доо. – Ганц юмыг зөв ойлго. Монгол улсыг алдагдалд оруулсан ерөнхий сайдуудыг хэдхэн хоног хорьчих. Тэгж байж ард түмэн тайвшрана. – Бодож үзье. – Цаг үеийн байдал тун хэцүү боллоо. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Улсын прокурор, Авилгатай тэмцэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газар албадын дарга нараар өөрийн хүмүүсээр тавих тухай нэг бодоход илүүдэхгүй байх шүү. –
Ерөнхийдөө таны санааг ойлголоо. Экс ерөнхий сайдуудыг цаашид яавал зохистой гэж та бодож байна вэ?. – Екс ерөнхий сайд нар аль аль нь үүрээ хөндөгдөхөөргүй засчихсан байгаа. Энэ бол ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн түр зуурын арга юм. Сайд нарын ард асаалттай танк болсон нам байна шүү дээ. Гол нь үүнийг та яагаад надаас асуугаад байгаад л би гайхах юм. – Таньд дараагын засгын газрыг эмхэл гэвэл яаж хүлээж авах вэ?. – Үнэнийг хэлэхэд би ийм тоглоомоор тогломооргүй байна. – Та яг юу хүсээд байна вэ?. Хүүг таньд засгын газрын хэрэг эрхлэх газарт хэлтсийн дарга ч юмуу аль нэг яамны дэд сайдаар томилох уу. – Хэрэггүй ээ. Миний хүү тийм замаар явахыг хүсдэггүй юм. – Тэгээд яамаар байна. Та цаг үеийн байдалд дүгнэлт хийж ард түмний алив нэг хөдөлгөөнийг хазаарлан баривал ашигтай шийдвэрийг таньд санал болгох гээд байна шүү дээ. – Ард түмэн хуурагдсаар байгаад одоо хирийн юманд хуурагдахаа ч болисон бололтой. Тэр дундаа үндэсний үзлээр салхилж байна шүү дээ цаана чинь дарга минь. – Миний эсрэг хийгдэж буй сөрөг хүчний гүтгэлэг хирээс хэтрээд байдаг. – Хирээс хэтэрсэн ч юм биш. Таны цус булингартай, цөс халирамхай гэдгийг бүгд мэднэ шүү дээ. – Энэ тэгээд тийм чухал юмуу. – Монгол цусаа хамгаалахыг ард түмэн хүсч байна. – Бид харилцан тохирч биесээ ойлгох байх гэж найдаж байсан юм. – Би ч гэсэн найдаж байна. Гэхдээ надад албан тушаал хэрэггүй. Би парламентад арван зургаан жил суусан. Цаашид улс төрийг орхисон нь зөв мэт санагдах боллоо. – Гишүүнээ та намаа бодох хэрэгтэй ш дээ. Ард түмэн таныг сонсч дэмжиж байна шүү дээ. – Улс төр гэдэг бол маш том тогоонд чанагдаж буй хор.
Өнөөдрийн манай улс төрчид мэргэших нь бүү хэл хоронд түрүүлж чанагдаж амин хувиа дэндүү их бодсноос улс орон хөгжиж чадахгүй байна. Хувиа бодож довоо шарлуулж мөнгөний боолчлолд хүссэн ч хүсээгүй ч бөхөлзсөн капитализм өндөлзөж байна. – Тэгээд та яг юу гэх гээд байгаа юм бэ?. Би таныг сонсч байна. – Хөгшин ёвропод капитализм анх яг ингэж үүссэн. Ард түмэн сул дорой байх тусмаа эрх баригчдад ашигтай. Та ард түмний эсэргүүцлээс айж байх шиг байна. Одоо дэндүү оройтсон. Гуйлгачин ард түмэн ташуураа барин мордсон эртний түүх давтагдах тун ойртсон. – Намын нэр хүндийг унагалгүй энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй байна. Эрхэм гишүүнээ. – Би ойлгож байна. Шулуухан ярилцъя. ” Бор хужрын Орд” газрыг мянга биш арван мянган хүнийг ажлын байраар хангах улсын чанартай уурхай болгоод өгье. Улсын төсөвт ашгын хорин хувийг өгье. Тоног төхөөрөмж техникийн зардалд сар бүр нийт ашгын гучин хувь орог хамаагүй. Урсгал зардал хоол хүнс гээд хорин хувь нь бас яваг. Үлдэх гучин хувь ажиллагсдын цалин хангамжинд яваг. Энэ төслийг та даруйхан баталчих л даа. Тэр бухимдаад байгаа ард түмнийг чинь би тайвшруулаад өгье. Улсын эдийн засагт ч бас хамаатай шүү дээ. – Бололгүй яах вэ?. Нэг зүйл анзаарагдлаа. Таньд өөрт чинь ямар ашиг орох юм бэ?. – Ёстой ганц дусал шингэн ч дусахгүй гэдэг нь тодорхой. Би улсын чанартай энэ уурхайд шилдэг эдийн засагч. Шилдэг санхүүгийн ажилтнуудыг ажиллуулах болно. – Ойлголоо. Та юу хүсэх вэ? –
Маш хялбар зүйл. ”Шар довын” хоолой гэх ордыг л өгчих. Яах вэ?. Энэ төрд арван зургаан жил засаг барилцлаа. Гуйх юм энэ л байна. Та нэг бодоод үзэхгүй юу даа. – Бодоод байх юм юу байх билээ. Энэ орд тэгээд хир нөөцтэй юм бэ? дээ. – Шалихгүй л дээ. Гэхдээ надад болно. Би нилээд олон мянган хүнийг бас ажилтай болгох хойно энэ бол үндэсний баялаг гадаадынханд очихгүй л гэсэн үг л дээ. Харин.. Дарга, гишүүнийг ихэд анхааралтай харж – Харин юу гэж гэв. – Мөнх гэж нэг гийгүүлэх юмгүй мал худлаа шударга царайлаад зөвшөөрөл өгөхгүй байна. – Мөнхийг зохицуулж бололгүй яах вэ?. – Харин юу л бол доо. Бул хар чулуу л гэсэн үг шүү дээ. – За амжилт хүсэе. Төмөр гишүүнээ би таны тэр асуудлыг их жирийн байдлаар зохицуулчихъя. Төмөр ихэмсгээр толгой дохин гар бариад хаалга чиглэв. Дарга түүний араас толгой дохин ширүүн хар нүдээр харсаар байлаа. “Тиймээ. Төмөр чи өнөөдрийн миний засаглалд хэрэгтэй байна. Чи ухаантай овжин ямарч үед зөв гарц олж чаддаг. Тэнэг ард түмнээ өөртөө татаж чаддаг увидастай. Хэрэв тиймгүйсэн бол би чам шиг зэвүүн амьтныг алж орхихгүй юу”.. Төмөрийн жигд тайван алхах хөлийн чимээ холдсоор чимээ тасрав.
”Шунахаас өөр юу ч мэдэхгүй муу бирд.. Чамд Монголыг цөлмөх шунал байхад надад гуйлгачин болсон ард түмнийг өөртөө дагуулаад Монголд эзэн суух ухаан байна. Би Монголын эзэн болно. ” Төмөр өөртөө ихэд хатуугаар бодоод хялайн харахад хажууд нь зэрэгцэн явсан бие хамгаалагч нь айж хойш ухрав. … Ганаа аавтайгаа уулзалгүй хэдэн сар болсон ч аавынхаа эрүүл сайн байгааг өдөр бүр цахим мэдээлэлээс харж байлаа. Ажлын ширээний нүдэнд гэрийнхээ түлхүүрийг орхичихоод гэртээ орж чадахгүй сууж байтал хөрш айлын хүү Мөнхөө дүүгээ хөтлөн ирж байгаа нь харагдав. Харваас дунд сургуулийн найм есдүгээр ангиас хэтрэхгүй энэ хөвүүн ихэд хэрсүү бөгөөд дүүгээ дандаа хөтөлж явна. Харваас хоёр хүүхдэд ээж аав байхгүй нь тодорхой тул Ганаа хоёр хүүхдийг ихэд өрөвддөг байлаа. Энэ удаа ч гэсэн Мөнхөө дүүгээ хөтлөн дүнгэр дүнгэр ярилцан ойртон ирж байлаа. – Тооны хичээл дээрээ хэд авсан бэ? – Таван хошуу авсан. – За сайн байна. Ямар үсэг бэ? – М үсэг үзсэн. – Гоё бичсэн үү. – Гоё бичсэн. Багш намайг гоё бичсэн байна гэсэн. – Хичээлээ сайн хийгээрэй – За агаа та надад ундаа аваад өг тэгэх үү. – Харин агаагынх нь мөнгө дуусах гээд байдаг. Манай мах бас дуусч байгаа шүү дээ. Агаа нь чамд чихэртэй байхуу найруулаад өгье тэгэх үү. – Агаа хоол хийхгүй байж болдоггүй юмуу.
Би өлсөхгүй ээ агаа. Манай ангийн хүүхдүүд хичээлдээ гоё шилтэй ундаа аваачиж уудаг. Би хараад сууж байдаг. Би их горьддог. Ээж хурдан ирээсэй тиймээ агаа. – Ээж нь наашаа ирж чадахгүй байгаа байхаа. Тэгээд бас ээжийн цалинг өгөхгүй бол ээж наашаа ирж чадахгүй ш дээ. – Аавтай ярих уу хоёулаа. Аав архи уух болгондоо ундаа авч өгдөг тиймээ агаа. – Болохгүй ээ. Аавтай гэж бодохын ч хэрэггүй за юу. Алимаа. – Ээ агаа би аавыгаа санаад байна шүү дээ. – Санаж болохгүй гэж хэлсэн биз дээ. Чи бид хоёрыг огт боддоггүй хүндэлдэггүй тийм ааваар яах юм бэ?. Аавд энэ байгаа газраа мэдэгдэж болохгүй за юу. – Би ээжийгээ санаад байна. – Хөөрхий ээж минь чи бид хоёрыг тэжээх гээд зовж яваа шүү дээ. За Алимаа агаа нь том болоод чамд зөндөө гоё юм авч өгнө за. Одоо хоёулаа гэртээ орж ах нь гоё хоол хийгээд өгье за – За агаа та тэгээд мөд том болох юмуу. Энэ чигээрээ байгаад байвал яах юм бэ?. – Алимаа чи битгий гоншигноод бай. Бид хоёр хоёулаа л том болж байгаа шүү дээ. Хоёр хүүхэд ийн ярилцсаар дотогш ороход Ганаа босч тэдний араас харав. ”Уг нь ч эцэг эхтэй хүүхдүүд юм. Даанч аав нь архичин. Харин ээж нь ажил хийж хүүхдүүдээ тэжээдэг бололтой.
Ийм хөөрхөн хүүхдүүдээ орхидог мөн тэнэг ааваа. Муу гөлөг тэр архиндаа хахаж үхвэл таарна”. Ганаа хоёр хүүхдийг өрөвдөн араас нь яаран орц уруугаа оров. Хоёр хүүхэд цахилгаан шат хүлээн зогсч байлаа. – Сайн уу. – Сайн. Охин цангинасан хоолойгоор мэндэлж, ах нь толгой дохих төдий болов. ”Бас хэгжүүн зантай. Болж л байна. Эр хүн юм чинь”. Ганаа зөвтгөн бодоод инээмсэглэв. – Ах нь танай хажуугын хаалганд байдаг юмаа. Ажил дээрээ түлхүүрээ орхичихжээ. Нэг найзыгаа түлхүүр дөхүүлээд өгөөч гээд хэлчихсэн юм. Танайд түр байж, хүлээж болох уу гэхэд охин ах уруугаа харав. – Би таныг хажуугын айлын хүн гэдгийг мэднэ л дээ. Гэртээ хүн оруулах дургүй та ороод хүлээж бай л даа. – Баярлалаа ах нь түрээслэдэг юмаа. Нэг найзаас маань өөр хүн орж ирэхгүй заримдаа уйдаад байдаг юм гэж Ганааг ярихад охин – Танай аав бас архичин юмуу хэмээн дуу алдав. Хүү дүүгээ муухай харж – Алимаа чи наад амаа. Юу гэж тийм юм байдаг гэж дүүгээ зандрав. – Арай ч тийм бишээ дүү минь. Ингэхэд гурвуулаа танилцъя. Намайг Ганаа гэдэг. – Мөнхөө. Манай дүүг Алимаа гэдэг юм. Нэгдүгээр ангийн сурагч. Тэр гурав ийнхүү танилцаад Ганаа хүүхдүүдийн гэрт оров. Хүүхдүүд нэг өрөөнд амьдардаг бөгөөд өрөөн доторхи эмх цэгцтэй маш цэвэрхэн байлаа. – Та суугаач ахаа.
Алимаа хувцсаа соль. Халадаа нөмөр. Гараа угаагаарай. Агаа нь одоохон цай чанаад хөргөөд өгье. Мөнхжин дүүдээ бүхнийг заан захиран байлаа. – Ахаа та цай уу. – Өө баярлалаа. Ах нь хурдхан гарчихаад ахын дүү хаалгаа онгойлгоорой. Ганаа нэг их яаран хэлээд босоход Мөнхжин инээмсэглэн толгой дохив. Ганаа яаран гараад цахилгаан шат ирэхийг ч хүлээлгүй шат уруудан гүйж орцноос гараад ойролцоох “ Мини маркет” гэсэн дэлгүүрт ороод талх хиам, жигнэмэг, жимсний жүүс, ундаа худалдан аваад байр өөдөө гүйв. Ганаа сүүлийн хэдэн сар инээгүйгээр инээн догдолж явлаа. Ганааг хүлээж байсан бололтой хаалга торхийн онгойж тэрээр дотогш жаал охин телевизийн өмнө сууж хүүхэлдэйн кино үзэж байснаа тортой юм барьсан Ганааг хараад босч ирэв. – Май миний дүү өө. Гурвуулаа сайхан цай ууж юм идье. Ганцаараа болохоор олигтой цайлж чаддаггүй ш дээ гэсэн Ганаа тортойг Мөнхжинд өгөв. – Ээ яасан их юм бэ?. Заримыг нь та гэртээ оруулсан дээр байхаа. – За Мөнхжөөн. Эр хүн шиг байна шүү. Хүн зориулж та хоёрт авчирч байхад чинь. Монгол хүн байна даа аваач..
Мөнхжин толгойгоо илсээр тортойг авч ширээн дээр гаргаж тавив. – Баярлалаа ахаа. Алимаад сайн юм болж дээ. Ундаа гээд л гоншигноод байсандаг. – Өө ундаа юун гоё юм бэ? Алимаа алга ташин дэвхцэнэ. – Наашаа суу ахаа. Тэр гурав ширээ тойрон суугаад хооллоцгоов. Хоёр хүүхэдтэй шуугиж өнгөрөөсөн нэг орой Ганаад их сайхан сэтгэгдэл төрүүлжээ. Ганаа маш ганцаардаж байснаа мэдэрч ажлын бус цагаар хоёр хүүхэдтэй хамт байх болов. Тэрээр аль болохоор хүүхдүүдэд туслахыг хичээж байлаа. – Мөнхжин чамд хичээлээс гадуур хамрагдах секц дугуйлан гэж байдаггүй юмуу. – Уг нь ч байна л даа. Даанч Алимааг харах гээд чадахгүй юм. – Харин тийм ш дээ. Ах нь ажлынхаа чөлөөгөөр Алимааг аваад байяа. Харин чи өөрийгөө хөгжүүлэх юмандаа явж үз. – Баярлалаа. Гэхдээ энэ удаа хойшилъё. Дараа сараас болохоос. – Яасан мөнгөгүй болсон уу. Надаас ав. – Харин.. – Ямарч харин байхгүй за. Сурч мэдэх юманд цаг алдаж болдоггүй юм шүү дээ. – Дараа сард ээжээс мөнгө ирнэ л дээ. – Ээжээсээ ирсэн мөнгөө бусад хэрэгцээндээ зориул харин ах нь бол чамайг дүүгээ гэж бодоод тусалж байгаа юм. –

Баярлалаа. Ганаа ахаа огт дүүгүй юмуу. – Тийм болоод л Алимаа та хоёроор дүүгээ хийх гээд ингээд байгаа юм шүү дээ. Ээжийгээ амьд байхад дүүтэй болно гэж их итгэж хүлээдэг байсан юм. Харин ээжийгээ өнгөрснөөс хойш энэ бодлоо орхисон. Аавтайгаа муудснаас хойш зөвхөн ганцаардлыг мэдэрч амьдрах болсон доо. Ганаагийн гунигтай яриаг сонсоод Мөнхжин түүнийг өрөвдөн толгой дохив. – Ганаа ахаа Алимаа ч та бид хоёрыг нээрэнгээсээ залхаана даа. – Зүгээр ш дээ. Зорилготой амьдрах сайхан. Анх би чамайг хараад атаархдаг байсан. Энэ жаахан хүүхэд ийм зорилготой мундаг амьдрах гэж боддог байсан. Одоо бол Мөнхжин, Алимаа хоёрт санаа тавих болсон өөртөө би баярлаж байна хэмээн Ганаа хэлээд Мөнхжингийн мөрөөр тэврэв.