
Хүүе яасан эрт босоо вэ өвгөөн бие нь зүгээр үү. – Битгий тэгээд бие асуугаад бай.. Нээрэн өвдөөд байгаа юм шиг санагдах юм. – За за ойлголоо.. – Би цай чаначихлаа. Эхнэр минь босч дээжээ өргө дөө. Анх
удаа л чамд цай чанаж өгч байна тиймээ хө.. – Харин тийм байна. Яах нь вэ дээ. Жаахан ч гэсэн амраад хэвтээд авахгүй гэсээр Оюун өндийж хувцаслав.. Балган өглөө эртлэн ажилдаа очиж шууд даргынхаа
өрөөнд орж нэг өдрийн гуйхад огт ажлаас цааргаладаггүй түүнд дарга шууд чөлөө өгчээ. Балган ажлаасаа чөлөө аваад цагдаагын хэлтэс үрүү очиж бэрд нь ирсэн гомдлыг шалгаж буй мөрдөн байцаагчийн өрөөнд
ороход ашгүй хүнгүй байлаа. – Орж болох уу – Ор ор та ямар хэргээр явна даа. – Батдорж гэдэг мөрдөн байцаагчтай уулзах гэсэн юм. – Би байна. Та хэн билээ. – Би Төгсжаргал гэж.. – Аан тийм Төгсжаргал та хохирогч уу. – Үгүй ээ би хадам эцэг нь – Үгүй энэ Төгсжаргал хаана
байнаа. Өчнөөн хохирогчоос гомдол ирээд эрүүгийн хэрэг үүсгэгдэх болчихоод байдаг.. Өөрөө олддоггүй.. Би тэр нөхрийг эрэн сурвалжлуулах гээд сууж байна. Хаана байгааг нь та мэдэх үү. – Урьд шөнө нөхөр нь наашаа авчрах гээд хот явсан. – За ашгүй дээ. Яг авчрах
байгаа. – Яг авчирна. Энэ охины юу хийснийг бид одоо ч мэдэхгүй л байна. Нэг зүйлийг мэдмээр байна. Төгсжаргал хэдэн төгрөгний өртөй юм бэ.. – Төгсжаргал гэгч этгээд гучин хүнээс хорин нэгэн сая төгрөг авч онц их хэмжээний хохирол учруулсан даа. гэсэн мөрдөн байцаагч өвгөнийг ихэд басамжлангуй харав. – Ахайс тийм байж.. Тэр мөнгийг нь төлж энэ олон улсын хохиролыг барагдуулбал охиныг ял шийтгэлгүй өнгөрөөж болох уу. – За ах минь хохирол барагдуулна гэдэг тань шиг хогны тэрэгний жолооч хүнд бол худлаа биз дээ. Хэрэв тэгээд төлчихдэг бол би өнөөдөр ингээд л хэрэгсэхгүй болгож орхино. Тийм боломж бол байгаа. – Үгүй хүүхээ хогны тэрэгний жолооч хүн хоосон гуйлгачин гэж хэлэх гээд байнаа даа. Би насан туршдаа зүтгэсэн энэ ажлаараа бахархаж явдаг юм шүү гэж Балган гомдонгуй хэлээд курткэнийхээ энгэрийн
халаас уруу гараа явуулахад мөрдөн байцаагч дооглонгуй хөхөрч – Та нар чинь цалин багатай биз дээ. Тэрийг чинь хэлсэн юм гэв. – Би ажилчин хүн. Бас ядуу хүн. Гэхдээ би худлаа яръж, хулгай хийхгүй. – За Балган гуай минь харин тэр чинь бол үнэн байх шүү. Таныг шударга хүн гэдгийг бүгд мэднэ. – Мөрдөн байцаагчаа та энийг хар даа. Энэ бол өвөг эцгээс минь өвлөгдөж ирсэн миний ганц хөрөнгө. Насан туршдаа нандигнаж хадгалж ирсэн юм. Одоо яах вэ. Үхтэл үр харам гэж.. Хоёрын хоёр сайхан үр төрүүлж өгсөн бэрээ бодолгүй болохгүй.. Ахнь энэ хөөргөө үнэт эдлэлийн дэлгүүрт зарчихаад ирье.. Бардаагаар дөчин саяд амьтан ах дүүс үнэ хаялцдаг юм.. Цаана нь хохирч буй олныг ч бас бодъё.. ХАрин дүү минь бэрийг минь ял шийтгэлээс мулталж өгөөч.. Цаад муу чинь хоёр нялх хүүхэдтэй бүсгүй амьтан шүү дээ хэмээн гуйх өвгөнийг мөрдөн байцаагч зөөлөн нүдээр харж – – За ах минь таны энэ сайхан сэтгэлийг танай бэр ойлгох боловуу гэв. – Ойлгох эсэх нь яах вэ?
дүү минь ухаан суух цаг ирнэ шүү дээ бэрд минь – Тэгээсэй л билээ. Таныг хохирлыг нь барагдуулж байгааг бэр тань мэдэж байгаа юу – Үгүй ээ мэдэхгүй байгаа. Би хүүдээ ч хэлээгүй юм.. – За тийм бол яв даа ах минь.. Тэр мөнгийг нь аваад ир. Би прокурорт танилцуулж Төгсжаргалд холбогдох хэргийг нь хаах санал оруулъя даа. – Гялайлаа. Тэгж үз хүүхээ. Үгүй тэгээд тэр прохоор чинь зөвшөөрдөг байгаа гэж Балган ихэд эргэлзэн асууж дороо зогсов. – Та яваад ир дээ. Прокурор нааштай хандах байлгүй дээ. Өвгөн толгой дохиод гарч одов.. Балганыг ороход үнэт эдлэлийн наймаачин халзан Саша малтилзтал инээн угтав.. –
За манай ажилчин анги ямар гайхалтай санал тавихаар ирэв дээ. Арай гарт багтахгүй манан хөөргөө зарна гэж алах юм биш биз.. Хэрэв тэгэх юм бол.. Халзан Саша нь шууд дөчин сая шүү дээ. – Халзан чи яг хэлсэн дээ авч чадах юмуу чи ч нохой зантай золиг доо.. – Юу гэсэн үг вэ.. Чиний хөөрөг бол яалаа гэж гар татах билээ. Шууд шүү дээ. – За тийм бол мөнгөө гаргаад ир. – Үгүй энэ чинь нээрэн юмуу хөөе. – Балганг худал хэлж байсныг чи ер нь дуулсан уу. – За тийм дээ. Мөнгө бэлэн.. Бэлнээр авах юмуу гэсэн Сашагын нүдэнд хөх гал манасхийхийг анзаарсан Балганы нуруугаар чийгтэж”Муу нохой хүн алахаас сийхгүй” гэж бодоод – За хурдлаа хө Хөөргөө чамд бэлэн дөчин саяар өгнө гэдгээ
Батдорж байцаагчид хэлчихээд ирсэн гэв – Юу Батдорж байцаагчаа. Батдорж байцаагч энд ямар хамаатай юм гэсэн халзан Сашагын хоолой чичрэв. – Тиймээ манай бэр охин өрөнд ороод Батдорж байцаагч дээр байцаагдаж байгаа юм. Чи тэгээд авах юмуу үгүй юу. Үгүй бол би өөр арга бодъё гэсэн Балганыг босоход Саша ихэд сандран Гар утсаа шүүрэн авч дансны дугаараа хэлээрэй гэв.. – Үгүй ээ би чамд бэлэн мөнгө хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. – Нээрэн тийм шдээ. За би мөнгөнд явуулъя гэх Сашагын догшин цэнхэр нүд номхорсон байлаа. Саша өмнө нь хоёр ч
удаа эртний ховор эдлэл зарах гэж ирсэн хөдөөний хоёр хүнийг хороож эдлэлийг нь дээрэмдэн авсан гэж ярилцах боловч цагдаагынхан ганц хоёр байцаасан болоод өнгөрснийг аймгынхан андахгүй ажээ. Сашагын хилэнт нүдийг харж айхгүй ч гэсэн аягүй болсон Балганы зүрхээр хэд дараалан хатгуулаад арайхийн намдахад тэрээр бор ууттай мөнгийг барин гарав. – За аваад ирлээ дээ би.. – Пөөх та чинь ямар хурдан.. За ашгүй, ашгүй.. Наашаа суучих та.. Хөндлөнгийн гэрч байлцуулнаа.. Хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан протоколь үйлдэж Балганаар гарын үсэг зуруулахад түүний нүд харанхуйлан юу ч
харахгүй болоход таамгаар гарын үсэг зураад шүд зуун босоход хамаг бие нь дайвалзаж, өрөө тэр аяараа нуран, дээрээс нь дарах шиг болохуйяа хоёр өвдөг нь салсхийн суунтусав. – Балган гуай та яаж байна гэх мөрдөн байцаагчийн дуун тээр цаана сонсдоход Балган дуугарч чадсангүй.. Хүмүүсийн сандран гүйлдэх хөлийн чимээ дуулдсан ч хамаг бие нь сулбайн унжиж, өчнөөн ачаалалд түүртсэн зүрх дахин цохилохыг хүссэнгүй бололтой ажин түжин оргино.. Зуны цэлмэг цэнхэр тэнгэрээс хэдэн бороо дусагнан нэгэн цагаан од шунган газардах нь тэр.. *** … Төмөр гишүүн “Бор хужрын” алтны орд газрыг хүү Ганаагийн эзэмшилд аваад байлаа. Бор хужрын ам бол тэр жигтэй алтан хөнгдий гэдгийг хайгуулчид олж тогтоогоод байсныг Төмөр гишүүн өөрийн болгож авсандаа ихэд сэтгэл ханамжтай байсанч эцгийн энэ баярыг хуваалцах ёстой хүү нь хэдэн өдрийн турш гэртээ ирсэнгүй. Сүүлдээ гишүүний урам хугарч хүүгийнхээ утсанд залгахад удтал дуудуулсаны эцэст Ганаа ашгүй нэг юм утсаа авч гялайлгав. – Байна уу Юу болов ааваа. Та сайн уу. – Мөн дөө. Нэг гэр бүлийн улс ингэж мэндэлж болох уу даа хүү минь.. – Аан. Харин ийм л болчихлоо ааваа. – Хаана байгаа юм бэ? чи.. – Хотоос жаахан зайтай амралтын газарт найзуудтайгаа амарч байна.. – Охидуудтай маазарч дуусах болоогүй юу. – Надад найз охин ч байхгүйг та уг нь сайн мэднэ дээ. – Тэгээд одоо наанаа хэнтэй байгаа юм бэ?. – Найзуудтайгаа гээд байхад чинь… –
Зугаалж ханасан бол ирж ажлаа хийж үз. – Ямар ажил вэ? ааваа.. – Ирээд үз их хариуцлага шаардсан ажил гэдгийг мэдэж ав. Чи хаана байгаа юм бэ?. Чам уруу машин явуулчих уу. – Би машинтайгаа яваа шүү дээ ааваа. – Одоо чи чинь захирал болсон шүү дээ. Тийм болохоор хамгаалагч жолооч хоёр байнга хамт явах ёстой.. – Юу.. Тэгээд би захирал байдаг нь ч юу вэ дээ. Хүүд захирал болох авъяас байхгүй шүү дээ. Та хүүгээ мэдэх байж юун балай юм ярьдаг юм бэ? гэсэн Ганааг утсаа салгахад гомдох шиг болсон Төмөр дүрсхийн уурлав.. – Андуудаа одоо ер нь өндөрлөх үү дээ. Мань явахаас.. Аав цаана чинь бөөн уур.. Нэг ингэхээрээ аав ядаргаатай байдаг юм.. Ганааг явахаар босоход Цэцгээ гараас нь зүүгдэж –
Тийм бол хамт явцгаая. Тэгэх үү хайраа гэхэд залуус хөгжилдөн алга ташиж – Хайр сэтгэл мандтугай гэж хашгиралдав.. – Хөөе энэ хайр минийх л лав биш шүү. Энэ эмэгтэйг их л азтай аавын хүү эхнэрээ болгож авах байх гэсэн Ганаа ширээн дээрээс машиныхаа түлхүүрийг авав. – Манай энэ чинь аймаар алиа шүү дээ. За за яръя. Бид хоёр явлаа гээд Цэцгээ, Ганаагийн араас дагаж гарахад бусад нь мөн явахаар босоцгоов.. – Цэцгээ чи заавал миний машинд суух гээд байгаа юмуу. Цаадуултайгаа явбал илүү хөгжилтөй бишүү. Ганаа цаанаа дурамжхан байдалтай хэлэхэд Цэцгээ задгай үсээ мөр давуулан шидээд –
Чиний машинд явах гайхалтай сайхан байна. За хөдлөөрөй. Хоёулахнаа явбал цаадуул чинь атаархана даа. Манайхан бид хоёрыг ёстой гоё тохирсон хосууд гэдэг юм гэв. – Чамайг жаргааж чадахгүй хүний дэргэд чи жаргах гэж хүсээд амжилтанд хүрэхгүй шүү дээ. Ганаа ихэд хүйтнээр хэлээд хялайн харахад Цэцгээ түүний гараас зүүгдэн унаж – Ганаа би одоо ямар их жаргалтай байнаа. Би үнэхээр жаргалтай байна гээд нүдээ анин талимаархад Ганаа түүнийг цааш нь түлхэж – Цэцгээ чи тэнэг юмуу хаашаа юм бэ?. Би чамд хайргүйг мэддэггүй юмуу гэж уцаарлав. – За битгий уурлал даа хайраа. Би үнэнээ хэлж байна. Би чамд хайртай.. Цэцгээ ихэд бахархалтайгаар хэлээд инээмсэглэв. –
Хөөе. Цэцгээ би чамд найзын хувьд хэлчихье. Би чамайг насан туршдаа уйлахыг чинь хармааргүй байна. Чи миний сайн найз учраас тэр.. Гэхдээ намайг уучлаарай би чамд хайргүй.. Тийм болохоор надтай хайртай хүн шиг жүжиглэхээ боль.. Надаас хол бай.. Ганаа маш их хүч гарган хэлээд Цэцгээг машинаасаа түлхэн буулгаад давхиад явчихав.. Цэцгээ ичихдээ хүзүүгээ хүртэл улайв. Найзууд нь тэднийг харсан шинжгүй дуулалдсаар хажуугаар нь тоос босгон давхисаар өнгөрөн явахад Ганаа тэдний араас Цэцгээгээс зугатах мэт урагш ухасхийн давхин одов. – Хүүшээ тэнэгээ зогсооч.. Би яах юм бэ? гэж орилсон Цэцгээ маш их гомдон мэгшин уйлав. – Хүүе юу вэ?..

Чи уйлаад байна уу. Үгүй юу охин минь.. Ард нь настай эрэгтэй хүний дуун гарахад уйлан суусан Цэцгээ босч өмнөө зогсох өвгөнийг харав. – Юу болов охин минь.. Унаа машинаасаа хоцорчиховуу. – Харин тиймээ өвөө. Намайг суугаагүй байхад дуулалдаад давхиад явчихлаа. Цэцгээ ихэд гоморхон хэлээд нулимсаа арчив. – Ээ харла гэж залуугын өвчин. Золигнууд нэгийгээ орхиод явснаа одоо хир анзаараагүй л яваа даа гэж халагласан өвгөн Цэцгээг харж – Охин минь одоо уйлаад яах вэ?.. Одооны залуус ийм хуумгай золигнууд байгаа юм.. Хэн нэг нь чамайг үгүйлбэл буцаад ирж магад..
Манайд ороод хүлээж бай.. Хот орох машин амьтан хүнээс сураглая гээд гэр өөдөө алхахад Цэцгээ өвгөнийг дагахаас өөр аргагүй болов. ”Ямар өөдгүй амьтан бэ?. Би Ганааг ийм новшийн амьтан гэж ерөөсөө бодож байсангүй.. Ингэх тусам чинь би чамаас салахгүй дээ. Чамд би өөрийгөө хэн болохыг мэдрүүлнэ дээ” гэж Цэцгээ шүд зуун бодож байлаа. – Ашгүй машины дуу гарлаа. Чи чинь азтай охин байнаа манаач өвгөний эхнэрийг хэлэхэд Цэцгээ ихэд баярлав. Ганаад хязгааргүй их гомдож байсанч түүний хойноос очмоор бүр уйлаад ч хамаагүй учирлан аргадмаар санагдана. Цэцгээ, Ганааг бодон гунихарсаар танихгүй хүний машинд суун хөдлөв.
Цэцгээг гэртээ орж ирэхэд ээж нь хүлээсэн байртай сууж байснаа охиноо харж инээмсэглэв.. – Өө миний охин хүрээд ирэв үү. Сайхан амарсан уу. Ганаагаа гэртээ оруулахгүй яасан юм бэ?.. Ээж нь охиноо найз залуугаа дагуулаад орж ирэх байх гэж саналаа. Ундрал ам хуурайгүй ярьсаар охиныхоо өмнө хоол цай, чихэр жимс өрөв.. Өмнө нь бөртөлзөн ая тухыг нь хангах ээжийгээ Цэцгээ нулимстай нүдээр харж байлаа. – Ээжээ та ямар их юм бэлдсэн юм бэ?.. Аав ирэх юмуу.. – Ирэх байхаа.. Ээж нь охиноо ирээдүйн хүргэнийг маань дагуулаад ороод ирэх байх гэж бодоод хүлээж байсан юм. Та хоёр тэгээд тэнд гоё байсан уу гээд Ундрал ихэд баясгалантай инээвхийлэхэд Цэцгээ өөрийнх нь төлөө хөл болж баясан хөөрөх
ээжийгээ ихэд өрөвдөв. – “Ээж минь хүргэнтэй болно гээд баярлаж байдаг. Гэтэл намайг Ганаа тоохгүй. Би ёстой өөдгүй юмаа. Ганаагийн төлөө бүхнээ зориулж байхад Ганаагийн байгаа царайг.. Намайг яагаад Ганаа голоод байгаа юм бэ.. ” Ганааг бодох бүр сэтгэлд бөөн зовиур хүндэрч зүрхээр нь хатгуулан асар их гомдол ус болон гадагшлана. – Ганаа орж ирж амжихгүй гэсэн ээжээ. Аав нь түүнийг дуудсан. Тэр ямар нэг газрын захирал болж байгаа юм шиг байна лээ. – Ямар гоё юм бэ?.. Төмөр гишүүн хүүгээ захирал болгохгүй бол өөр хэнийг болгох билээ. Миний охин ч азтай юмаа. Ундрал хөөрч баярлан хэлээд хоёр алгаараа охиныхоо хоёр хацрыг шахан атгаад хацар дээр нь үнсэв. – Миний охин ядарсан юмуу. Их гунигтай ч юм шиг харагдаж байна. – Тиймээ би ядарсан.. Ээжээ нойр хүрээд байна. – За тэгвэл унт даа. Миний охин.. Цэцгээ ээжийгээ өрөөнөөсөө гаргахын мөн болж байлаа. “Ээж хурдан өрөөнөөс гараасай. Нэг сайхан уйлах юмсан. ” Үнэндээ Цэцгээ уйлахыг хүсч байлаа. Ашгүй ээж нь түүнийг үнсээд – За тийм бол миний охин унтаж бай. Ээж нь найзуудтайгаа уулзаж жаахан яръж суугаад ирье гэхэд тэрээр ихэд дуртай зөвшөөрч толгой дохив.
Ээж нь өлмий дээрээ гишгэлэн гарч толины өмнө хэсэг эргэлдэж байгаад чимээгүй болох нь явсныг илтгэх аж. Ил хуль ганцаардлын дунд Цэцгээ хэсэг хэвтээд босч орон дээрээ хөнжлөөр биеэ ороон суув. Өнөө хүсээд байсан нулимс нь оргүй алга болсон байлаа. Ядаж байхад нулимс хүртэл хясдаг ажээ. Цэцгээ хуурай мэгшиж өмөлзсөөр утсаа авч өмөлзсөөр Ганаа уруу залгав. Ганаа түүний утсыг шууд тасалж байв. ”Үгүй ер утсаа аваад яръчихаж болдоггүй юм байх даа” Цэцгээ гоморхон хэлээд утсаа дэрэн доогуураа шидэж орхиод элгээ тэврэн орон дээгүүрээ өнхрөв. Ганаа хэн нэгэн хүүхнийг тэврээд үнсч байгаа юм шиг санагдахад хоёр гараа зангидаад хөнжлөө балбаж гарав. – Хохь чинь.. Хохь чинь чамайг над шиг хэнч хайрлахгүй. Хүн тэгж их хайрлаад байхад чинь. Хохь чинь чамайг над шиг хайрлах эмэгтэй байхгүй.. Байхгүй. Чимгээ хамаг чадлаараа орилоод ороо балбасаар байлаа. .. Чимгээ их зөв бодолтой хүн шиг санагдахад Мөнх сайд түүнийг дэмжихээр шийджээ.
Ямарч байсан охин нь түүнийг мэхэлж таван сая төгрөг авсанд тэр маш их ичиж, маш их шаналж байлаа. – Чимгээ охин минь та нарын хийдал буруу шүү дээ. Цэцгээ муу золигыг нэг сайн алгадахгүй бол бүр болохгүй ньээ. Мөн цусгүй алах хүнээ. За ямарч байсан чиний найз та хоёр буруу юм хийжээ. Энэ болдоггүй юм шүү дээ хүүхдүүд минь.. Таван сая төгрөгнөөс болж ажил албанаасаа ч салах нь бий. Төрийн ажилтан хүний ёс зүйд ийм ялзарсан зан суртахуун байж ер болохгүй. Тиймээс дахиж ямарч үед ийм арчаагүй байдалд орж болдоггүй юм шүү. Энэ нөгөө таван сая төгрөг чинь. Ээждээ өгөөрөй. Чамайг ажилтай болгох гэж тэр хүн мөн их зовсон доо хөөрхий. Май энэ мөнгөө ээждээ заавал өгдөг шүү. Амжилт хүсэе. Сайн ажиллаарай. Мөнхөө сайдыг зэмлэх сургах хослуулан хэлээд өмнө нь төван сая төгрөг тавихад Чимгээ давхийн цочиж – Уучлаарай сайдаа би энэ мөнгийг авч чадахгүй ээ. Би ажилд орсон юм чинь гэж хэлээд доош харан зогсов. – Явж ажлаа хий дээ охин минь.. Мөнх ширээнийхээ араас босч охины өмнө ирж зогсоод боодолтой мөнгийг түүний гар дээр тавив. Энэ үед сайдын туслах залуу зөвшөөрөл авч орж ирээд тэр хоёрыг харж зогтуссанаа буцан гарав. –
Баярлалаа сайдаа. Чимгээ чичигнэсэн дуугаар хэлээд гарч явав. Тэрээр элгэндээ сайдын өгсөн бор ууттай мөнгийг наагаад яамны урт коридороор хурдан, хурдан алхсаар ажлын өрөөндөө орж ууттай мөнгийг тэр чигт нь цүнх үрүүгээ чихэн хийв. Өрөөнийхөн нь Чимгээ үрүү дохиж, хоорондоо нүд ирмэлцэнэ. – Гоё юмаа.. Би нэг ингэж дээрээ татаатай, дэргэдээ мөнгөтөй болох юмсан гэсэн тарган бор хүүхнийг харан бусад нь шалтгаангүй хөхрөлдөхөд Чимгээгийн дургүй хүрч – Инээхэд учир байдаг юм гэсэн. Аливаа юмны цаад учрыг олоогүй байж худлаа
таамаглаж түүндээ ач холбогдол өгөх хэрэг байна уу. Тиймээ сайд бол миний найзын аав. Найз маань надаас авсан мөнгөө ааваараа дамжуулж өгсөн байна. Энэ болохгүй юу. Хүмүүсийн дунд ийм харьцаа байдаг биз дээ. Найз маань энд орон тоо байгааг мэдээд надад хэлсэн юм. Би анкет бөглөж, шалгуулаад тэнцэж энэ ажилд орсон. Энэ ажилд хэн ч гэсэн орж болдог юм байна. Залуу хүн ажилд орохоор хэн нэгний нууц амраг. Эсвэл авилга өгсөн гэдэг ойлголтоо больчихооч. Би та нарын ам хэлний зугаа болж өнөөдрийг хүртэл тэслээ. Дахиж миний нэр төрд иймэрхүү байдлаар хандах юм бол шүүхийн өмнө уулзацгаах болох байх шүү ах эгч нараа.. Та нар над шиг хүүхэдтэй л байх.
Би тэгж аав шигээ хүнтэй нэр холбогдоод баймаар харагдаад байна уу гэж хашгирсан Чимгээ хүн нэг бүрийг гомдсон нүдээр харсан ч нулимсаа цааш нь хүчлэн залгиад ширээнийхээ ард суув. Бүгд чимээгүй оргиж биесээ харцгаан зарим нь хэлээ гаргацгаана. – Тийм дээ. Нэгнийгээ гараад явмагц л араас нь машиндаж хов базна. Чимгээ ахлахыг анх Сэнгэ даргын нуа гээд л шаагидаг байсан. Одоо болохоор Сайдын.. Яаая бас ярина гэж алах юмаа манайхаан. Хов ярихынхаа оронд ажлаа хийгээч.. Дан бидний өмнө авчраад хаячихна. Тэгээд цалингаа бүтнээр нь авна. Хаашаа юм бэ? хов базлаа гэж цалин авдаг юмуу. Би хувьдаа ойлгохгүй юм хэмээн мэргэжилтэн залуу хэлээд тэднийг харж толгой сэгсрэв. – Паах ямар заваан юм бэ? Арай ч дээ тэгж болохгүй ш дээ. Манайхаан.. Яах гэж дандаа залуусаа мөлжиж байдаг юм бэ?.. гэсэн тарган бор хүүхэн ийш, тийш сэлбэлзэн харахад түрүүчийн залуу инээж – Бадмаа эгчээ. Та өөрөө тэгээд л хов базаад хүмүүсийг муулаад сууж байдаг биз дээ гэв. – Хэн бэ? би юу дээ гэсэн хүзүүгээ сунган байж залууг хараад – Хэн.. Одоо би юу даа гэж дуун алдав. – Тиймээ.
Та эрхэм эгч минь. Та энэ хэдийнхээ удирдагч шүү дээ. – За болиорой дүү минь.. Сайн, сайн гэхээр сахлаа будна гэгчээр ингэж ор мөргүй гүтгэж болохгүй байхаа. Би угаасаа хов яръдаггүй. Ховонд дургүй хэмээн ханхалзана. – Бадмаа эгчээ та яаж ингэж хэлж чадаж байнаа. Саяхан л Чимгээг сайдын нуа. Мөнгөний хүүхэн янхан энэ тэр гээд балайраад байсан биз дээ. Адаглаж та хэлсэн үгэндээ эзэн байж сураач. – Хүүеэ би ёстой тэгээгүй шүү. Би Чимгээг ажилдаа эзэн болсон өсөх ирээдүйтэй сайн боловсон хүчин л гэж хэлдэг. Тийм биз дээ. Өөр юу ч гэж хэлээгүй дэг. гэж сэлбэлзэх эмэгтэйг залуу муухай харж – За. Та тэгээд тэр зохиосон үлгэртэй өөртөө итгээд худлаа яриад тэнэгтээд явж байгаач гэж уурлаад дуугаа хураан чимээгүй болов. – Хүүеэ чи одоо юу яриад байгаа юм бэ?.
Одоо бүр байтлаа ховондоо сайд дарга нарыг хүртэл оролцуулах болжээ. Та нар хэмээн тарган бор хүүхэн хүн бүхнийг намжирдан харав. – За Бадмаа минь больж үз. Наад үгээ өөртөө хэл.. Өөрөө л хов ярихгүй бол чамаас өөр хэн ч хов ярихгүй гэх хижээл насны эрэгтэйг хэлэхэд тарган бор хүүхэн хаалга шидэн гараад явчихад бусад нь толгой сэгсэрсээр хоцров. Чимгээг явахаар босоход утас нь дуугарав. Ээж нь яръж байлаа. ”Яасан юм бол. ” Нэгэн таагүй зөн” зүрх үрүү нь чичээа авах шиг болоход Чимгээ чичирсээр утсаа авав. – Байна уу ээжээ.

Сайн байна уу та. Чихэн дээр нь ээжийнх нь эхэр татан орилох сонсдоход Чимгээгийн дотор палхийж толгойтой үс нь босох шиг болов. – Байна уу. Ээжээ та яасан бэ?. Аав зүгээрүү. – Ээ чаавас даа. Охин минь ийм ч юм байх гэж.. Аав нв нь.. Аав нь өнгөрчихлөө. Одоо яанаа. – Юу. Аав яасан гэж. Аав яасан юм бэ? ээжээ. – Аав нь бурхан болсон охин минь хурдан ирж үз ээ тэнгэр минь. Өөрийн мэдэлгүй хамаг бие нь чичирч халуун нулимс урсган зогссон охиныг бүгд харж, яахаа мэдэхгүй мэгдэн зогсоцгоох ажээ. – Алив та минь хий зогсоод яах вэ? Чимгээд маань зовлон тохиосон байна. За тайвшир дүү минь. Ийм үед аль болохоор биеэ барж уужуу тайван байдаг юм шүү.