
Чимгээ хот уруу орж ирэнгүүтээ эхлээд Цэцгээтэй уулзжээ. Цэцгээ түүнийг ирнэ гэдгийг мэдэж байсан тул драгон дээр хүлээж байжээ. Цэцгээ, Чимгээ хоёр оюутны дөрвөн жилийг үерхэн өнгөрүүлсэн тул
дотны найзууд гэж хэлж болох ч хэн нь дотоод сэтгэлээ нээж ярилцдаггүй байлаа. Цэцгээ нэг яамны сайдын охин тул Чимгээг ажил олоход нь туслана гэж тохиролцсон ажээ. – Сайнуу найзаа. Чи ийм
хурдан ирэх ёстой байсан юмуу. Би чамайг гэртээ хэд хоног амрах байх гэж бодсон юм. Цэцгээ гайхсан мэт хэлээд Чимгээг харж инээмсэглэв. – Манайд олон зочин ирсэн байсан бөөн ядаргаа унтаж
амрах ч чөлөө олдохгүй тэгээд буцаад ирлээ. Нэгэнт хотод ирснийх ажлаа амжуулмаар байна. Чи нөгөө ахтайгаа миний талаар ярьсан уу. Найз нь ажилтай болмоор байна гэсэн Чимгээ, Цэцгээгийн өмссөн
хувцас аяглах хөдлөхийг битүүхэн ажиглаж байв. Цэцгээ энгийн хирнээ үнэтэй хувцас өмссөн байх тул “Одоо хүмүүс нэг их гоёхоо больжээ. Хамгын гол нь жирийн атлаа хээнцэр хувцаслах ёстой юм
байна” гэж Чимгээ бодоод өөрийн өмссөн хямд даавуун хувцсыг сэмхэн харж хөнгөн сүүрс алдав. – Аан ямар ах.. билээ. Би мартчихжээ. Юу билээ найзаа – Өө чи ийм өөдгүй ш дээ. Надад ажил олж өгнө хэлтсийн дарга ахдаа хэлнэ гэсэн биз дээ. Надаар тоглоод байгаа юмуу хаашаа юм бэ. гэсэн Чимгээ урамгүй царайлан урбайв. – Өө тэрүү. Тэр юухэн байх юм бэ. Би Сэнгэ ахад хэлчихсэн ш дээ нээрэн. Хамгын гол нь чамтай уулзъя гэсэн. Хоёулаа хэзээ уулзах вэ. – Хурдан тусмаа сайн байна. Найз нь ажилтай болж бие даан амьдармаар байна. – Тэгвэл одоо очих уу. – Би хувцас хунараа сольж усанд ороод орхиё. Маргааш болж болох уу. – Болно ш дээ. Чи өөрөө яараад байгаа биз дээ. Тэгвэл маргааш уулзацгаая. Харин одоо би чамайг хүргээд өгье. – Өө яах юм бэ найз нь айлд юм аваачиж өгнө. Харин чи намайг Багшийн дээд хүргээд өгчих. –
За тэгье. Ингэхэд би чамд хэдийг өгөх ёстой билээ. – Надад бишээ найзаа. Би наад мөнгийг чинь Сэнгэ ахад өгөөд чи ажилтай болно шүү дээ. Ингэхэд чи хэдийг өгөх юм бэ?.. – Чи өөрөө таван сая гэсэн биз дээ. – Тиймээ. Ямарч асуудалгүй юм байна. Маргааш эртхэн уулзъя – Харин тэгьё. Тэд ийнхүү найрсгаар ярилцаад салав. Чимгээг машинаасаа буумагц Цэцгээ инээд алдсаар аавынхаа утсанд залгахад удтал дуудуулсны эцэст утсаа авч Цэцгээг баярлуулав. – Ааваа өдрийн мэнд.. – Өдрийн мэнд охин минь. Миний охин хаана явна вэ? Гэртээ байна уу гадуур явна уу. – Гадуур явнаа ааваа та ажил ихтэй байна уу. – Ажил ч ихтэй байна. Яасан миний охин. – Хоолонд хамт орох гэсэн юм. Би дааяа ааваа хамт хоол идье.. – Аав нь хоол идчихсэн. Миний охин аавдаа юм хэлэх гээд л байнаа даа. Хэл.. хэл юу гуйх гэсэн юм. – Та ямар мундаг юм бэ? Ааваа би таниас нэг юм гуйх гэсэн юм. – Би чиний аав шүү дээ. Миний охин юунд эргэлзсэн юм бэ. – Баярлалаа ааваа манай найз Чимгээ байна ш дээ. – За тийм нөгөө хөөрхөн охин. Тэр яасан бэ. Ажил төрөлтэй болж чадсан уу. – Үгүй ээ ааваа.. Та манай Чимгээд туслаач.
Сэнгэ ах манайд орон тоо гарч байгаа гэж байсан та хэлээд өгөөч. Чимгээ миний сайн найз шүү дээ. – Харин л дээ. Харахад их чамбай байрын охин харагддаг. Сүүлд нь нэр баас тчихгүй байгаа даа. Сайдын оруулсан хүн тэглээ ингэлээ гээд л бас хэцүү шүү дээ охин минь. Чи ер нь тэр Чимгээгээ аавтайгаа уулзуулсан нь дээр байхаа. Аав нь ярилцъя. Анхааруулж хэлж өгье. – Ээ ааваа та одоо яагаад байгаа юм бэ?. Надад итгэхгүй байгаа юмуу хаашаа юм бэ. Хүн анх удаа найздаа тусалж байхад чинь өөдгүй юмаа. За за боль дахиж гуйхгүй. Чимгээ угаасаа бие даасан айхтар охин гэдгийг мэдсээр байж маяглаж гэнэ. Цэцгээ аавыгаа шахаж уурлаж байгаад Чимгээг ажилд оруулж өгье гэсэн амлалт ааваасаа авч санаагаа амраав. Чимгээ Цэцгээгээс салмагц зар мэдээ сонин авч түрээслэх тохилог байр хайв. Хотын төвд тавилгатай цэвэрхэн тохилог байранд гурван сарын түрээс төлөөд ердөө хоёр цагын дараа орчихсон байлаа. Тэр хамгын түрүүнд ээжийгээ өрнөөс салгахыг хүсч байлаа. ”Ажилд оруулж өгөх Цэцгээгийн ахад таван сая төгрөг өгнө. Хоёр сая төгрөгөөр байр түрээслэсэн..
Үлдсэн багахан мөнгөөрөө хувцас давтагдашгүй үнэртэй ус авах хэрэгтэй. Тэр усны тансаг үнэр намайг хэн болохыг илтгэнэ. Би өөрийгөө ямагт өргөж амьдрах ёстой. Би одоо царайлаг сайхан байна тиймээс үнэтэй будаг шунх хэрэггүй. ” Тэр телевиз асаан хотын залуусын ялангуяа олны танил өөртөйгөө ойролцоо биетэй хүүхнүүдийн хувцаслалт алхаа гишгээг харж өөртөө тусган авч өрөөн дотуур нааш цааш холхиод инээмсэглэв. ”Би заавал чадна. Аав ээж, ах, эгч нарын амьдарч ядан буй зөвхөн өнөөдрөө харж болгодог арчаагүй амьдралын хэв загварыг өөрчилж би өөрөөр амьдарна”Чимгээ өнөөх л зуршил болсон үгээ өөртөө хэлж өөрийгөө зоригжуулаад “Тайлан гаргана. Санхүүгийн тайлан тооцоог гэрээгээр сар бүр хийнэ”гэсэн зар интэрнетэд тавиад шинэ авсан юнителийн дугаараа тавив. Энэ нь ангийнхандаа, бас аав ээждээ мэдэгдэхгүй гэсэн санаа байв. Чимгээ ийн ажил төрлөө цэгцлээд гарч их дэлгүүр орж хоёр сэлгээний хувцас худалдан аваад орж ирэхэд утас нь дуугарав. –
Байна уу – Байнаа. Зарын дагуу яьж байна. Манай компани улирлын тайлан гаргуулж зарим нэг асуудал татвар дээр зохицуулах хэрэгтэй байгаа юм. – Өө. Татвар төлөөгүй юмуу. – Сүүлийн гурван сарын.. – Уучлаарай эгчээ би ийм асуудлыг зохицуул чадахгүй. Сар бүрийн тайлан ажилчдын цалин бодох зэргийг бол хийгээд байж болно. – Уулзаад ярилцъя. Би өөрөө явах эвгүй байна л даа. Хэнтэй уулзах хэдэн төгрөг хаяхыг чамд заагаад өгнө. Чамд ч бас боломжийн ганц хоёр сая төгрөг хаяна ш дээ. Ажилгүй байгаа хүнд бол мөнгө шүү дээ. Ажилгүй болоод л чи зар тавиа биз дээ гэх цаад хүний дуун дээрэнгүй болж ирэхэд Чимгээгийн дургүй хүрч – Уучлаарай. Би бас хууль бус юм хийж чадахгүй гэтэл – Хохь чинь аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгч болж байх шив гээд утас тасарч Чимгээ амьсгаа авахтаа болж – Тэнэг авгай чинь ёоох.. ашгүй салж амарлаа гэж ганцаараа ярив. Дахиад л утас дуугарч зарын дагуу ярьж Чимгээ гурван компанитай гэрээ байгуулахаар болов. ”Муу ээжийнхээ мөнгийг л хурдан гаргаж өгөх хэрэгтэй” Цэцгээ Төмөр сайдын хүү Ганаад ухаангүй дурласан тул аль болохоор түүний сэтгэлийг өөртөө татахыг хичээж байлаа.
Аав ээж нь хэдийгээр алив нэгээр дутаахгүй ч гэсэн түүнд мөнгөний хэрэг байсхийгээд гарч байлаа. Ядаж байхад Хорбардад олон улсын харилцааны чиглэлийн төгсөөд ирсэн Ганаагийн хооллох газар буух буудал гэж дийлдэхийн аргагүй үнэтэй тул тэрээр ангийн найз Чимгээ дээр ажиллаж таван сая төгрөг авахаар төлөвлөсөн нь энэ ажээ. ”Миний энэ хийдлийг аав мэдвэл намайг ална. Харин ээж мэдэх юм бол яах ч үгүй “ гэж Цэцгээ бодно. Ганаагийн аав Төмөр гишүүнд аав нь дургүй нэг намын хүмүүс байж учраа ололцож болдоггүй юм байх даа хэмээн Цэцгээ бухимдах нь бий. Хаврын сүүлчийн өдрүүд дуусч зуны налгар гоёмсог өдрүүд эхэлж байх тул хамгын гоё даашинзаа өмссөн Цэцгээ өрөөндөө том толины өмнө эргэлдэж байлаа. Намраас гадагшаа сургуульд явж үргэлжлүүлэн сурах гэж байгаа тул түүнд ажилд орох шаардлага байсангүй. – Хүүе миний охин чинь ямар гоё харагдаж байнаа.
Мөн бахархмаар гоё охин шүү за хаачих нь вэ? Болзоонд явахна уу гэх цээл дуун гарахад Цэцгээ инээмсэглэн эргэж харав. Өтлөх шинжийн ганц ч үрчлээ сайхан нүүрэнд суугаагүй үзэсгэлэнтэй сайхан ээж нь ялдамхан инээмсэглэн зогсоно. – Тиймээ болзоонд явна ээжээ. Та мэдэж байгаа биз дээ. Ганааг.. мм… – Аан за. Төмөр гишүүний хүү юү гэсэн ээжийнх нь нүд сэргээд ирэв. – Аанхаа.. – Зөв зөв охин минь Төмөр гишүүн аавын чинь дэргэд овсгоотой мундаг хүн. Хэд хэдэн алтны орд газартай гэсэн шүү. Нөгөө “Бор хужиртын орд” газар чинь Төмөр гишүүнийх юм гэсэн шүү. Миний охин тэдний бэр болвол лусын хааны ордонд орж байна л гэсэн үг шүү дээ. Мэдээж тэр Ганаа гоё залуу юу тээ. – Уг нь гоё залуу л даа. Даанч яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үнэн тамтай амьтан заримдаа бүр дуугарч ядаад байдаг гээч.. – За яах вэ дээ охин минь. Эрчүүд угаасаа эмэгтэй хүнийг зовоосон учир начир нь олдохгүй хэцүү хүмүүс шүү дээ. Тэгээд ч Төмөр гишүүний хүү тийм байхгүй бол өөр хэн тийм байх билээ. Түүний гаргаж байгаа алив нэгэн тэнэг занг нь тэвчээд уйлах юм болсон ч инээж байгаад өөрийн болгоод хүүхдийг нь гаргаад өгчих. Нэг гэрт ороод ирсэн цагт эр хүн гэдэг чинь хямдхан байдаг юм шүү дээ охин минь. – Паах би яаран хүүхэд гаргахгүй шүү шал балай юм. – Охин минь Төмөр гишүүний хүүтэй суухын тулд хүүхдийг нь гаргах хэрэгтэй шүү.

Төмөр гишүүн ганц хүүтэй юм гэсэн. Эхнэр нь залууд нь өнгөрсөн ч дахиж гэрлээгүй зөвхөн хүүгийнхээ төлөө амьдарч өнөөг хүрсэн гэж ярилцлага өгч байсныг би сонссон юм байна. Тэгэхээр бэрдээ ямар байх нь тодорхой хэмээсэн Ундрал жогтой инээгээд нүд ирмэн охиноо үнсэв. – Ээжээ та яг хайр сэтгэлээр аавтай суусан уу. – За охин минь харин ёстой юу ч мэдэхгүй хоёр амьтан бие биедээ жигтэйхэн хайртай болчихоод автобусны ч мөнгөгүй өвлийн хүйтэнд хөлөлцөж гүйж байж ижилдэн дасаад айлын халаасны өрөө хөлслөн амьдарсан юм шүү. Бидний хайр бол чин сэтгэлийн ариун хайр хэмээн Ундрал ихэд бардам хэлээд инээмсэглэв. – За за Ок.. Охин нь явлаа.. Харин та надад мөнгө өгөөч..
Хоосон явах эвгүй юмаа гэсэн Цэцгээ алгаа тосов. – Охин минь хайртай бүсгүйгээ болзоонд урьсан эр хүн эмэгтэйгээ дайлдаг юм ш дээ. Арай чи өөрөө тэр нэг залууг царайчилж хооллоод хэрэглээг нь хангаад байдаг юм биш биз дээ гэж Ундрал дурамжхан хэлээд эргэн явахад Цэцгээ араас нь дагаж – Өө ээж та ингээд хэлснээсээ суурин дээрээ буцах юмаа. Би гуйлгачин шиг харагдаад байвал Ганаа намайг нэг нүдээрээ ч харахгүй биз дээ хэмээн хошуугаа унжуулав. – За за чи ер нь сүүлийн үед мөнгө их үрж шоудах чинь ихэсч байгаа шүү. Май надад ердөө зуун мянган төгрөг байна гэсэн Ундрал цүнхнээсээ таван ширхэг хорин мянгатын дэвсгэрт гаргаж өгөв. – Баярлалаа ээжээ.. Хайртай шүү гээд хацар дээр нь шовхийтэл үнссэн Цэцгээгийн араас тэр хайр гэрэлтсэн нүдээр харан инээмсэглэв. … – Дүү ямар их хүлээлгэвээ. Ах нь дөчин минут чамайг хүлээлээ. Сайд яриад байна чиний тэр найз чинь тэгээд хаана байнаа. Би уулзаж ярилцмаар байна. – Харин би дуудсангүй ш дээ. Аав шууд ажилд оруулах байх гэхээр нь өглөө оч гээд хэлчихсэн ш дээ яахуу ахаа.. Өө тийм ах та ямар хоол идэх вэ? Дүү нь даая. Юу уух вэ?. Дүү нь таны хүссэн болгоныг авч өгье. Найзыг минь ажилд авч байгаа юм чинь.. гэсэн Цэцгээ хэнч татгалзахын аргагүй сайхан инээмсэглэв. Сэнгэ инээмсэглэж – Хөөе. Танай тэр найз тэгээд хөөрхөн үү гээд нүд ирмэв. – Та өөрөө маргааш өглөө хар л даа.
Найз маань таны урмыг нэг их хугалахгүй байхаа. – Тийм бол.. Ок.. Би өөрийнхөө хэлтсийн статистикийн хэлтэст мэргэжилтнээр авнаа. Тэгээд яах вэ үнэхээр чадалтай сайн мэргэжилтэн бол удахгүй ахлах мэргэжилтэн болгоно. Гэхдээ найз чинь нэг юмыг анхаарах хэрэгтэй. Намайг бас хааяадаа баярлуулаад байвал улам л гоё болно шүү дээ гэдгийг ойлгуулаарай найздаа. –
Би яг тэгж хэлж чадахгүй байнаа. Манай найз ер нь аймаар улаан шугамын хүн ш дээ. Таньтай тийм байдалд орохгүй байх л гэж бодож байна хэмээн Цэцгээ баахан хулмагнан хэлэв. Чимгээг тийм байдлаар даргатайгаа дотносохгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. – Хөөе дүү минь цаадахь чинь тийм шударга талын хүн бол намайг баллачих юм биш биз дээ. Даанч сайд намайг тэр хүүхдийг ажилд ав гээд байсан юм. Арай тэр найз чинь муу ахыг чинь аавд чинь гөрөөд байх юм биш биз гэж Сэнгэ баахан сүрдэн хэлээд толгой сэгсрэв. Цэцгээ хавь орчноо нүд гүйлгэн хараад урагш тонгойж – Үгүй цаадахь чинь хов живийг үзэн яддаг. Үг зөөх авъяасгүй нэгэн гэв. – Цэцгээ чи ойлгож байгаа ш дээ. Яаж би сайдынхаа охиноос энэ тэр гэх вэ дээ. Угтаа бол энэ мест чинь таван саяын ёндоотой байдаг юм шүү дээ. Ахынх нь цалин бага байр

машины лизинг гээд бас асуудал байнаа байна гэж хэлсэн Сэнгэ түүнийг бодол тунарсан харцаар ширтэв. Түүний харцнаас Цэцгээ юу ч ойлгосонгүй харин мөнгө нэхэж байна гэж уур нь хүрэв. ”Юун сүртэй новш вэ. Чи л болж байр машины лизинг төлж байж гэнэ”хэмээн уурсан бодоод – Тэгээд та надаас мөнгө нэхээд байгаа юмуу гэв. Сэнгэ хулмалзан инээмсэглээд – Үгүй яалаа гэж дээ. Мөнгө гээгүй ээ. Чи буруу ойлгосон байна хонгороо. Ер нь бол ах нь ёндоогоо алдаж байнаа гэдгийг л чамд ойлгуулж байгаа байхгүй юу. Харин та хоёрын хэн нэг нь намайг ганц баярлуулчихгүй юм байх даа гэж байгаа царай нь гэв.