
Чимгээ Ямартай ч дээд сургуулиа төгсч ромбо дипломоо гардан авч бөөн баяр болов. Ганц охиноо дээд сургуулиа төгсөөд бөөн баяр болон орж ирэхэд Балган өвгөн – Ашгүй дээ охин минь гэхээс өөр үг
хэлсэнгүй ер баярласан шинжгүй байгаад охин гомдсон ч нөгөө доторхи бодлоо гадагш гаргаж хэлдэггүй зангаараа гунигтайхан инээмсэглээд өнгөрөв. Гэрийн зүүн талыг эзэлсэн модон орны өмнө
бөхийн суусан Балган өвгөн тамхи татаж хэсэг зуур цэнхэр утаа маналзуулснаа босч богино куртка өмсч хоёр энгэрийг нь зөрүүлэн дээрээс нь бүслээд үүд үрүү явав. – Хүүе аав та хаачих нь вэ. Гадаа
харанхуй болчихсон байна ш дээ. – Харанхуй юу. Харанхуй яадаг юм бэ? Болоо л биз. Харанхуйн юм авсан биш. гэж өвгөн хэдэрч үүд түлхэн гарав. – Аав та одоо яагаад байгаа юм бэ?.. Харанхуйгаас та
айдаггүй юм байгаа биз. Би харин айж байна. Би ганцаараа айж байна гэсэн Чимгээ өөрийн эрхгүй урсах нулимсаа арчив. Охиныг ийн ширүүлэхэд өвгөн тогдгосхийн эргэж бүсээ тайлж орон дээрээ шидээд
орны өмнө ягхийтэл чимээтэй гэгч нь сууж гараа таамгаар явуулж, тамхиа шүүрэн авав. – Тэгээд л тамхи ядаргаатай юмаа та Чимгээ дургүйцэн хэлээд хоймрын толины өмнө эргэлдэнэ. – Гадагшаа гарах гээд байгаа юмуу чи. Хүн цагдаад гадагш гаргахгүй ядаргаатай золиг.. Өвгөн гарч ганц лааз пиво ууж чадаагүйдээ уурсан үглэхэд ялсан хүний баяртай царай гаргасан Чимгээ буруу харан инээд алдав. – Хө ер юундаа инээгээ бол.. Өдий том болчихоод.. Хар золиг. Өвгөн буруу харж суугаад чимээ чагнан чихээ далжийлгахад – Аав та одоо гарч пиво ууж чадсангүй гээд уурлаад байгаа юмуу гэж Чимгээ чанга дуугаар асуув. –
Солиор чи би ямар архи уух гээ юу. – Гэхдээ та пиво уудаг биз дээ. – Дуугай дуугай битгий хэрүүл хийгээд бай. – Хүүшээ хэн хэрүүл хийсэн юм бэ. Та өөрөө уурлаад байгаа биз дээ. – Ажил хийх юмуу чи тэгээд – Олдвол хийнэ ш дээ. – Ямар ажил – Эдийн засагч – Паа базарваань олдох уу даа. – Олно доо. Би та нар шиг амьдрахгүй. Би өөрөөр амьдарна харж байгаарай – Сайн амьдарч сайхан явбал аав нь баярлалгүй яах вэ. Аав нь насаараа хогны машин барьж, хог ачлаа. Муудсан юм алга. Төр түмнийхээ буянд… Ядарсан ажилчны хүүхдэд тэр сайхан ажил олдох болов уу гэж түгших юм. Банкны эдийн засагч болно гэдэг барахгүй ажлын нэг. Уулын буга харж унасан морио голов гэгч болох вий. Миний охин Цогзол гуайн дэлгүүрт суучих. Сарын гурван зуун мянган төгрөгний цалинтай юм гэсэн шүү гэж Балган ихэд шийдэмгий хэлээд дахиад л тамхиа нэрж гарав. Чимгээгийн царай улайж барьж байсан цамцаа орон дээр шидээд – Ааваа битгий хачин юм яриад бай. Би тийм ажил хийхгүй хэмээн уурлахад өвгөн охиноо дурамжхан харж – Цөг чи ажил хийсэн хүний ам тостой байдаг юм. Битгий галзуураад
байгаарай чи. Чи нэг дээд сургууль төгслөө гээд сээр зан гаргаад байж болохгүй. Амьдрал гэдэг чинь чиний бодож байгаагаас тэс өмнөө хэнийг ч, ямарч цөстөй аавын хүүгийн хүзүүнд тэр, энэ гэхгүй хүнд буулга зүүж орхидог санаан зоргоор болдоггүй эд дээ. Чи төрж өссөн гэр орноо эцэг эхээ голохнь үү байтлаа гэж зандраад босч гадаа гаран бухимдлаа тайлж буй бололтой хэсэг суув. ”Үгүй ер галзуурахнээ муу золиг чинь. Бас банк энэ тэрд ажиллана гэнэ. Ар өврийн хаалга байхгүй энэ золигыг хэн тэгж ажилд авах билээ. Ажил хийг. Дэлгүүрийн худалдагч гэдэг тийм муу ажил биш. Жаахан гурил, үмх махаар хоол хийхийн тулд хүмүүс яаж хуруу хумсаа хуйхлах шахаж буйг хараг. Гурван зуун мянган төгрөгөөр өөрөө хувцсаа авч өмсч бусад хэрэглээгээ хангаж сурч, мөнгөний үнэ цэнийг мэдрэг” Балган өвгөн өөртөө чанд хатуу бодоод гэртээ орвол охин нь хөнжилдөө орчихсон буруу хараад хэвтэж байлаа. ”За яах вэ унтаг даа зайлуул. Хэд хоног хонхны баяр энэ тэр гээд ядраа биз зайлуул. Маргааш хэдэн үг хэлнээ” Өвгөн охиноо өрөвдөн бодоод дэргэд нь очиж бөхийн духан дээр үнсээд ширээ тойрч орныхоо өмнө суугаад мөн л тамхиа баагиулж гарав. Хаалга сэвхийн онгойж эхнэрээ орж ирэхийг ч өвгөн мэдсэнгүй.
Тамхиа баагиулан суусаар байлаа. ”Охины бурууг ч бас биш дээ. Нийгэм ийм болсноос хойш буруутгах ч арга алга. Насаараа энэ амьдралын төлөө зүтгэлээ. Бахь байдаг амьдралд дээрдсэнч юм алга” – Пээх юу вэ энэ чинь. Нуль тамхины утаа. Арай ч дээ. Хүн тогтохын арга алга. Үгүй тэгээд хөхөлзөөд тамхи уугиулж суухын оронд аяга цай чанаад махаа хөргөгчнөөс гаргачихаж болноо доо. Мөн сэтгэлгүй хүн шүү. Би гэдэг хүн мөн үйлийн үртэй хүн шүү. Очиж очиж ийм хүнтэй таарчихдаг. Насан туршдаа хайр халамж гээчийг үзсэнгүй. Нөхөр нь ойлгодог хайрладаг аз жаргалтай улсыг харахаас бүр атаархах юм гээд л Оюун гаднаас орж ирэнгээ цүнхээ орон дээр шидээд үглэж, зуухан дээрээс данх шүүрэн тачигнуулж гарахад Чимгээ хөнжлөө толгой дээгүүрээ битүүлэн нөмрөөд таг чиг болов. ”Ядаргаатай юм. Ээж ёстой насан туршдаа л үглэлээ. Тэглээ гээд юуг өөрчилж чадсан юм. Бөөн ядаргаа” – Аан чи ирэв үү хө. Данханд цай алга уу.. Балган мушийх аядаад мөн л тамхиа соров. – Алгаа алга дотор чийглэх цийхэн цай ч алга. – Аан тийм бий. Миний ам бас хатаад ямар сайндаа тамхи татаж суухуу даа. Цай чаначихаа эхнээр. – Хө ер. Гайгүй байлгүй цай чаначихаа гэнэ шүү.

Түрүүлээд ирсэн юм бол чи чаначихгүй яасан юм бэ. Ганц өдөр цай чанаж хоол хийлээ гээд чамаас юу унадаг байнаа. Ёстой нэг муухай хүн боддоггүй өөдгүй хүн шүү. – За яах вэ дээ хө. Харуй бүрий болж байхад битгий ингэж үглэж муухай зан гаргаж бай. Цаана чинь охин чинь их сургуулиа дүүргэж найрлаад ирлээ. Сайхан л байна. Юундаа бухимддаг юм бэ чи минь.. – Юу. Найрлаадаа тэгээд согтуу хэвтэж байгаа юмуу. Оюуныг дуу алдан эргэх үес Чимгээ хөнжлөө хуу татан хаяад – Ааваа та юу гэж худлаа яриад байгаа юм бэ? гэж хашгираад босон харайв. – Үгүй чи наад дуугаа ёо ёо.. Зүрх өвтгөөд хаячих юмаа. Архи уугаагүй юм бол дуугай бай охин минь. – Ээжээ та хүртэл надад итгэдэггүй юмуу.
Би тэр архийг чинь үзэн яддаг за. Та аавыг буруу яръдаггыг мэддэг байж худлаа юманд үнэмшээд байхдаа яадаг юм бэ. Аав хэзээ нэг цай чанаж, хоол хийж байсан юм бэ. Зүгээр л хоолоо хийчихээч. Үглээд л байх юм. – Үгүй чи наад амаа. Зүй нь аав чинь биш чи өөрөө хоол хийчихэд яадаг юм бэ. Бараг хүний эхнэр болох гэж байж.. – За за би ядраад байхад.. Чимгээ мөн л буруу харж хэвтээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөхөд Оюун толгой сэгсрээд ууттай төмс шүүрч авахад Балганы санаа амрав бололтой өнгө нь алдагдаж буй саравчтай малгайгаа өмсч эхнэрийнхээ өмнө өвдөглөн суугаад – Өвгөн нь нэг гарчихаад ирэх үү хө хэмээн аргадангуй хэлэхэд тэрээр толгой дохиж – Хоёр лазнаас хэтрэхгүй шүү гээд ширэв татав. Балган инээмсэглэн өмднийхөө халаасыг ухаж – Май гээд инээмсэглэн Оюуны гарт хорьтын үнгэгдсэн дэвсгэрт ганцыг атгуулан хацар дээр нь үнсэхэд Оюун инээмсэглэв. Балган мөн инээмсэглэн донхолзсоор гарч явав. – Хөөе чи оройтовзой. – За даргаа. Удахгүй ээ. Эцэг эхийн энэ байдалд Чимгээ бас баясан инээвхийлж “Хөөрхөн ш дээ. Энэ хоёр бурхнаа сайхан жаргаах юмсан. Заавал жаргаана даа” хэмээн бодов. Чимгээгийн ээж
Оюун аймгын нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай нэгэн. Харин аав нь бол аймгынхны хувьд хогны машины жолооч олон жил хийж байгаа ахмад тээвэрчин. Аав ээж хоёрынхоо ярианаас болоод Чимгээгийн нойр бүр сэргэв. Чимгээ орон дээрээ өндийж суугаад ихэд эрхлэнгүй дуугаар – Ээжээ ээж гэж дуудав. Оюун төмс арилгасан хэвээр – Өөв яасан миний охин. Амар даа. Хотоос ирэх гэж ядраа байлгүй. Ээж нь нэг сайхан хоол хийгээд орхиё гэв.. – Ээж аав намайг айлын дэлгүүрт худалдагч хий гэнээ гээд инээв. Оюун охиноо ихэд тоон хараад – Аан тиймүү. Уг нь ч хэлдэг л үг. Гэхдээ миний охин өөрөө гайгүй ажил олж хийж чадвал тэр ажлаа л хий. Нэгэнт сургууль соёлыг нь төгссөн хойно ээж нь юу гэх вэ гэв. – Ээжээ ажилд ороход заавал хүний гар дээр мөнгө тавьж байж ордог юм байнаа. Мөнгөгүй надад их л хэцүү байна. Та надад туслах уу. – Ээш миний охин юу хэлж байгаа юм бэ дээ. Ээжид нь чаддаг юм байвал охиндоо туслалгүй яах вэ. – Баярлалаа ээжээ та цалингын зээлээ төлж дууссан юмуу. Эх охиноо том харснаа санаа алдаж – Түрүү сард төлж дууссан. Энэ сарын мөнгийг л бүтэн авах гэж байгаа юмсан уг нь. – Ээжээ би таны цалинд орохгүй цаг цагт нь төлөөд байя тэгэх үү. Охин нь огт өөрөөр амьдарнаа. – Ээ бурхан минь тэр чинь юу гэсэн үг вэ. Хүн айлгаад байх юм. – Айх юм байхгүй ээ ээжээ. Би ажил хийж аав ээжийгээ ах, эгч хоёр шиг зулгааж амьдрахгүй ээ л гэсэн үг. – За тийм бол яах вэ. Ээж нь өглөө цалингынхаа зээлийг аваад өгье. – Баярлалаа ээжээ. Гэхдээ та аавд битгий хэлээрэй. Аав намайг загнаад явуулахгүй болчих нь шүү дээ. – За за би ер нь чиний ямар байгааг ойр, ойрхон очиж үзэж байнаа. – Тэгээ тэг.
Эх охин хоёрын яриа дуусч тус тусын бодолд автан байтал хаалга онгойж өндөрдүү нарийхан нуруутай, царай тунгалаг, том алаг нүдтэй бүсгүй орж ирсэн нь Чимгээгийн эгч Энхчимэг ажээ. Энхчимэг урт оосортой цүнхээ орон дээр шидээд сандалд суунгаа нүүрээ даран мэгшин уйлахад Оюун нүдээ томруулан босон харайж, Чимгээ орон дээрээ өндийж суув. – Юу боловоо. Яаж орхив охин минь – Баатар намайг ийм болтол зодчихлоо ээжээ. Энхчимэг хормойгоо ярж хөх няц болсон гуя, түнх сүүжээ харуулахад Оюун дуу алдан шогширч – Пээ мөн муухай хүнээ охиныг минь алах шахаж хэмээн халаглав. – Салаач тэр балай юмнаасаа. Эмэгтэй хүнийг ийм болгодог ямар хөгийн новш вэ. Чимгээ ууртайгаар хэлээд босч эгчийнхээ дэргэд очив. – Хоёр хүүхэд яасан орхиод ирсэн юмуу чи. Ээж нь арга барагдангуй хэлж нулимсаа сэмхэн арчаад Энхчимэгийг үнсэв. – Ээжээ хорин төгрөг байвал өгөөч. Баатарын найзууд ирэх юм гэсэн. Яршиг зүгээр тэднийг ирэхэд нэг айл шиг байгаад явахаар нь салнаа. Хоёр хүүхдээ өгөх ч үгүй, дахиж уулзуулах ч үгүй гэсэн Энхчимэг нулимсаа арчиж санаа алдав. – Яг ш дээ. Та салж чадахгүй ш дээ. Амьдралдаа ямар хариуцлагагүй ханддаг юм бэ. Ийм байхад чинь яаж таны амьдрал сайжрах юм бэ?.
Хүн таныг хайрлахгүй байхад та одоо юу юм бэ ийм болтол зодуулчихаад тэнэгтээд байх юм гэж ярианд оролцсон Чимгээг эгч нь ууртай харж – Заис.. Чи одоо амьдрал мэдэхгүй байж дуугүй л байгаач гэв. – Хүүеэ өөрөө л уйлж гонгиноод орж ирээд байгаа биз дээ. Би яасан юм бэ? За за дураараа болцгоо. Үхэтлээ зодуул.. Дараа нь өөрөө буруутай юм шиг нөхрөө аргад.. Одоо хүргэнийхээ архины мөнгийг ээж бэлдээд өгнө дөө аягүй бол хэмээгээд Чимгээ үүд чиглэв. – За цөг гэм чи. Том улсын ярианд оролцоод.. Хоёр хүүхэдтэй улс чинь юу гэж салдаг юм гэж ээж нь өмөөрөөд ядам хуруунд зүүсэн алтан бөгжөө сугалахыг Чимгээ харж мөрөө хавчив. ” Шал тэнэг юмаа энэ ээж охиныг нь хөх няц болтол зодсон хүргэнээ өмөөрч өөгшүүлж байгаа юм шиг бөгжөө тайлж өгөөд байх юм. Эгч ч гэсэндээ багш хүн байж тэр муугын өмнө ингэтлээ сөхрөөд байхдаа яадаг байнаа. Ичих ч үгүй эхийнхээ бөгжийг аваад тайлаад гарч байгаа юм даа. Тэнэг гар” Чимгээ ээж эгч хоёроо буруутган бодоод тэдний яриаг сонсон зогсов. – За за ээж ломбард хаахаас өмнө би явлаа. Аавд битгий хэлээрэй. Архи уухаараа Баатарт агсраад хэцүү байдаг юм. Охин нь цалин буухаар бөгжийг нь аваад өгнөө баярлалаа ээжээ. –
Тэг дээ охин минь. Цаадахь чинь ч мөн балмад хүн юм даа. Алуулж амьдаар минь намайг нэг дээлтэй минь хатаав даа үр минь. Боломгүй бол ээждээ мессэж бичээрэй. Ээж нь гүйгээд очно. Өвчин намдаагч авч уугаарай охин минь. – За ээжээ хайртай шүү гээд Энхчимэг цүнхээ шүүрэн авч яаран гарахдаа дүүгээ харж – Чи хэзээ явах юм бэ Чимгээ гэв. – Маргааш явна. – Ийм хурдан уу. Юун яаруу юм бэ. – Ажил олж хийнээ. – Ямар ажил вэ. – Харинээ Товлосон ярьж тохирсон ажил алга. Бараг арваад компанид анкет бөглөсөн. Дүүгийнхээ яриаг сонсоод Энхчимэг инээмсэглээд – Бөөн горьдлого аан гэснээ – За за аниа нь явлаа. Ах чинь хүлээж байгаа гээд хурдан хурдан алхан цааш явав. ”Ах чинь ч гэх шиг. Түрүүхэн уйлж орж ирээд л салах сарних юм яриад байсан байж” гэж бодсон Чимгээ гэртээ орохдоо “Би ямарч байсан ингэж амьдарч болохгүй “гэж өөртөө сануулан бодов. Түүнийг ороход ээж нь хоол хийж сайхан хоолны үнэр хамар цоргиж байлаа. – Эгч нь яваад өгөв үү. Миний охион. – Явчихлаа. – Хөөрхий дөө миний охин амьдрах гэж ядаж явна даа зайлуул. Хүргэн хайрлахгүй зодох юм даа. Охиныг минь.. Эх цаанаа нэг гомдонгуй хэлээд хоолоо аягалав. – Миний охин хоолоо ид. –
За гэсэн Чимгээ ээжийнхээ шанаанд гялалзах цагаан үснүүдийг гэнэт олж харан хирэндээ цочив. – Таны бөгжийг эгч тэгээд авч өгөх юмуу даа. – За тэр бөгж яах вэ? Охин минь эгчийн чинь амьдрал бүтэн, эрүүл саруул байвал тэгээд болох нь тэр. Аяндаа чи тун удахгүй амьдрал ойлгоно охин минь хоолоо ид. – Энэ аав хаачсан юм бол. Би дуудаад ирэх үү ээжээ. Хоол нь хөрчихлөө. – Хэрэггүй ээ охин минь аав нь одоохон хүрээд ирнэ. Ээж охин хоёрыг хооллож байхад хаалга онгойж том хүү Энхбаатар нь орж ирэв. – Өө миний хүү ашгүй хоол болж байхад ороод ирлээ аштай юу даа. За суу хоол ид миний хүү. – Ээ ашгүй ойрд ээжийнхээ гарын хоолыг идсэнгүй. Хүүе. Миний дүү ирчихсэн байна ш дээ. Сургуулиа төгсчихсөн үү – Тийм төгсчихсөн. Сайн байна уу ахаа. – Баяр хүргэе. Алив ахнь үнсье. Энхбаатар Чимгээг үнсээд дэргэд нь суухад Чимгээ түүний өвөр дээр унаад – Ёоох. Ойрд ахдаа эрхэлсэнгүй. Сайхан байна шүү гэхэд Оюун жаргалтай гэгч нь мишилзэж – Ах нь ажил ихтэй байгаа. Ахыгаа хоолыг нь идүүл гэв. – Ядрах яах вэ ээжээ. Асуудал гараад байна. – Бас яаваа. Ямар асуудал вэ. – Төгсөөгийн нагац эгч нь хорт хавдартай болсон гэнэ. – Яадаг билээ бурхан минь. Гайгүй байдаг байгаа даа. – Тэгээд таньд ямар хамаатай юм бэ? Ээжээ. Ах таньд ч хамаагүй юм бишүү. Юун дэмий юманд зовцгоодог юм бэ? Ядаргаатай юм гэсэн Чимгээ ах ээж хоёроо ээлжлэн харав. – Тэгж болдоггүй юмаа ахын дүү. Төгсөө эгчийн чинь нагац эгч нь шүү дээ. –
Тэгээд Төгсөө эгч нагац эгчдээ санаа тавьдаг юм байгаа биз. Таньд ямар хамаатай юм бэ?. – Галзуураад бай. Юун ямар хамаатай юм бэ гэж.. Нөхөр нь юм чинь хамаатай байлгүй яадаг юм бэ. гэж ээж нь санаа зовсон бололтой ярианд оролцов. – За яах вэ? Ээжээ. Дүү амьдрал мэдэх болоогүй байна. Удахгүй учир мэдэх болно. Харин ээжээ Төгсөө сэтгэлээр унаад уйлж унжаад болдоггүй ээ. Нагац эг ч үрүүгээ явна гээд болдоггүй ээ. – За одоо тэгнэ дээ зайлуул явуул даа миний хүү. Хоёрыгоо аваад ир ээж нь харж байя.. – Хүүхдүүд ч яах вэ. Энүүгээр зохицуулж болно. Харин цалин буудаггүй ээ. Мөнгө байдаггүй хүү нь бүр шаналаад… Хүүгийнхээ үгийг сонсоод Оюун олон ч юм бодсонгүй хоёр гар нь шууд чих үрүүгээ явж хоёр ээмгээ тэмтчин тайлав. – Ээжээ арай болохгүй байхаа.. Аав юу гэх бол гэсэн Энхбаатар эхийнхээ ээмэг үрүү горьдонгуй харна. – За яах вэ? Яах вэ?Эр хүн чинь хадмынхаа өмнө бардам байх ёстой. Ээж нь мөнгөн ээмгээ зүүчихнэ гэсэн Оюун хоёр алтан ээмгээ тайлж хүүгийнхээ гар дээр тавихад Энхбаатарын нүдээр чийгтэж ирэв. ”Иш чаавас даа. Төгсөөгийн тавьсан өрөнд би муу ээжийгээ тонож байгаа ганц алтан бөгжийг нь авч л байдаг.
Даанч Төгсөө ойлгохгүй л дээ”гэж бодсон Энхбаатар ээжийгээ өрөвдөж элэг эмтрүүлэв. – За ээжээ хүү нь дараа сарын цалин дээр ээмгийг авч өгч болох уу. Өр ихтэй болохоор энэ сарын цалингаас юм үлдэхгүй байна яах вэ? – За зүгээр дээ. Миний хүү ломбард хаахаас өмнө явж наад гэр бүлийн асуудлаа шийд дээ. Алив миний хүү чинь шонхойгоод турчихаа юу даа гэсэн Оюун хүүгээ үнсээд гаргав. – Яанаа ээжээ ах эгч хоёр зүгээр л таныг тоночих юмаа. Ямар аймаар юм бэ?. гэх Чимгээгийн зэмлэнгүй харцнаас эх өөрийн эрхгүй дальдарч – Яах вэ.

Муу ах чинь хүний өмнө нүүрээ улалзуулахгүй элэг бүтэн амьдарч байвал ээмэг яадаг юм бэ. Хэд хоног чих хоосон явна биз гэв. Чимгээ гэр бүлийнхнээ өрөвдөж байсанч өдөр тутмын энэ үгүй хоосон гэх амьдралаас залхаж байлаа. ”Би хувьдаа ингэж амьдрахгүй” Маргааш нь ээж нь гучин зургаан сарын цалингын зээл гэж найман сая төгрөг авчирч өгчээ. – За миний охин ажил төрөлтөй л болохыг бодоорой. Ядуу даржин хамаагүй ээ Миний охин зөвхөн зөв амьдардаг юм шүү ээж нь охиндоо итгэж байнаа.. Ээжийнх нь Чимгээд хэлсэн үг энэ аж. Хорин хоёрхон настай Чимгээ бүсгүй ийнхүү их амьдралын замд хөл тавив. ”Би огт өөр амьдралаар амьдрана гэж тэрбээр өөртөө хатуу сануулж байлаа…