
Хорин хоёрын товчооны тойрог дээр Доржоогийн машинд Бэхээ уйлан сууна. -Миний ээж ийм их зовлонг туулан ирсэн байхад би яагаад уучлахгүй гэж. Би бол харин ч жаргалтай өссөн гээд л ихэр татан
уйллаа. -Анх чамд Эрхэс гэж нэр хайрлаж байсан гэсэн. За за ах нь түрүүлж очоод ээжийг нь тайвшруулж байя. Миний дүү ухаантай байгаарай. Арван хоёр цагийн үед надруу залгаарай гээд Доржоо
түрүүлж явсан юм. Бэхээ үнэхээр ухаантай хүү болж хүмүүжсэн учраас бүгдийг ойлгож эсрэгээрээ ээжийнхээ зовлонг маш сайн мэдэрсэн юм. Тэр өдөр гэрт хоночхоод асрамжруугаа буцаж очоод
бичиг баримтаа хөөцөлдөж Алтанхүүгийн Эрхэс гэж нэрээ солиулж ээжтэйгээ амьдрахаар бүр мөсөн шийдсэн байна… -Ээжээ би энэ үгийг чинь сэтгэлээсээ хэлэхийг ямар их хүссэн гээч. -Миний хүү ээжийгээ
уучлаарай. -Үгүйдээ та надаас уучлал гуйх хэрэггүй. За маргааш эрт хөдөлнө гэсэн шүү. Эртхэн унтаж амардаа. Би таны хажуугаар унтъя гээд хөнжлөө барин ирлээ. Ухаан ч ургаж амжаагүй байхдаа хагацсан
үртэйгээ урт бөгөөд гашуудалтай замыг туулж эргэж уулзахдаа гомдол гэхээс илүү ойлголцол их байсан нь амьдрал түүнд хатуурхаж байсныхаа төлөө уучлал эрж байгаа мэт. Бэхээ бүх зүйлийг сонсож, ойлгож хүлээж авсан нь л энэ бүх сайхан бүхнийг цогцлоож байгаа нь тэр. Тэр ч байтугай ээжийнхээ амьдарч байсан тэр уул, ой, агуйд очиж талархал илэрхийлмээр байна гэж хэлсэн нь энэ хүүгийн ухааныг бишрээд баршгүй.
Доржоо эхнэр гурван хүүхдийн хамт, Сэржээ, Бэхээ гэсэн хүмүүс нутгийн зүг жолоо залсан юм. Уулзах учрах хүн байхгүй ч унаган нутаг, уул ус ижий аавын шарилд заавал очих учиртай. -Хөөх ямар их мод вэ? гэж хүүхдүүд уулга алдан гүйлдлээ. Тэд үдээс өмнө зорисон газраа очсон юм. -За эндээс бүгдээрээ алхаж явна. Нилээн хол явах болохоор идэж уух юм аа сайн аваарай. Доржоо эхнэр хүүхдээ үлдээх юмуу ядарчих байхдаа. -Харин яах уу. Миний хань хүүхдүүдтэйгээ энд байж байх юмуу? -Үгүй юу яриад байгаа юм. Хэн хүний хүсээд явдаггүй газраар заавал явмаар байна. Тэгээд ч бид нарт дахиж ийм боломж олдох ч үгүй. -За за ойлголоо. Сонсоо биз эгч. -За за. Нилээн оройтох байх шүү. Тухайн үедээ ажралгүй л туулдаг байсан уулын зам энэ удаад үнэхээр хүнд байлаа. Хэн хүнгүй л ядарч одоо болоогүй юу, одоо хэр вэ гэж асуусаар яваад л байлаа. Бараг гурван цаг явсаны дараа

Сэржээ нам гөлрөн нүдэнд нь нулимс дүүрээд зогсчихлоо. -Яасан ээж ирчихсэн үү? гэж Бэхээ аяархан асуулаа. Сэржээ үг хэлэлгүй толгой дохин нулимсаа барьж дийлэхгүй л асгаруулж сүүлдээ ихэр татан уйлахад дагаж очсон томчууд бүгд л ханцуйгаа норгож байлаа. Арван таван жилийн өмнө эцсээ хүртэл үнэнч байсан хээр морины толгой цав цагаан яс болон үлдсэн нь ийн сэтгэлийг нь урсгаж орхисон юм. Сэржээ алхан агуйруу ороход бүгд дагаж орлоо. Дахиж хэн ч энд ирээгүй нь илт байлаа. Тэгшээ өвгөний мөнгөн баавартай эмээлний гөлөм горчийж хатаад, мод нь цайрч, дөрөө нь зэвэрсэн байна. Бүх зүйл нэг ч удаа байрнаасаа хөдлөөгүй байгаа нь тэр нэгэнт гашуун дурсамж өчигдөр юм шиг санагдаж сэтгэл нялхамсах шиг л боллоо. Эвхэж тависан дээл хувцасыг задалж үзлээ.
Юу ч өөрчлөгдөөгүй аж. Бэхээ энэ бүхнийг хараад чимээгүй нулимс урсгаад л байлаа. Яаж ингэж амьдарч байсныг шууд хараад төсөөлөн өмнөөс нь шаналах нь тодорхой юм. Доржоогийн бага -Ааваа тоглоом олсон гэж хашгиран нэг зүйл үзүүлэхэд Доржоо харснаа нүд нь орой дээрээ гарах шахав. -Хүүшээ энэ чинь алтан бурхан гэхэд бүгд түүнийг харлаа. Сэржээ харин тэр бурхныг таниж байсан юм. Тэгээд тэр тухайгаа ярихад тэнд таван ширхэг тийм бурхан байсан юм. -Эгч энэ бол таны төлөө өгч байгаа бурхны бэлэг. Энийг та авч өөртөө зарцуул. – Би ч алт гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед мэдсэн ч үнэтэй зүйл биш байсан даа гээд инээхдээ Бэхээг духан дээр нь үнэрлэлээ. Оройдоо машин дээрээ буцаж ирээд маш их ядарсан хүмүүс майхан барьж хоноглохоор боллоо. Өглөө нь эртлэн босоод хот явахаар замдаа гарлаа.
Сумын төвөөр дайран өнгөрхөд айлууд дөнгөж босож зарим нь гаднаа суниаж, зарим нь цайны дээж өргөж зогсоно. Нэгэн ноорхой гэрийн гадаа өрөөсөн хөлтэй эр тамхи татан зогсоно. Сэржээ нөгөө атганд багтахаар жижигхэн бурхнуудаа зарахад тус бүр хорин сая төгрөг болсонд алмайрч орхив. Хэрэггүй эд гээд агуйн булан руу шидэж байж билээ. Тухайн үед үнэхээр хэрэггүй зүйл байсан. Түүнд энэ хүрэх тэвчээр нь л жинхэнэ алт байсан юм. Хотын төвд байранд орж шоронд танилцсан найзуудтайгаа уулзаж оёдлын цех ажиллуулж эхэллээ. Бэхээ барилгын коллежид элсэн суралцахаар болов. Мэргэжилгүй ажлын гараагаа эхэлж инженер болтлоо зүтгэсэн нагац ах Доржоогийн санал бөгөөд дуртай хүлээж авсан юм. Цаг хугацаа өнгөрөх тутам одоогийн энэ жаргалд өнгөрсөн хуучин сэтгэлийн шарх илааршиж ээдрээт нэгэн бүсгүйн амьдралын хиртсэн нар жаргаж шинэ өглөө эхэлсэн юм.
Аз жаргалыг олохын тулд асар их зовлон, дааж давшгүй бэрхшээл, олон олон сорилтод тэвчээрээр тэр тэнцэж чадсан юм. Нурман дээр нулимс дусахад Унтарч бас ноцсон аль нь ч гэсэн амьдрал юм санж Нуугдмал ертөнцийн ГАЛ АРААТАН хоёрын дунд Ухарч бас сөрсөн хэн нь ч гэсэн ХҮН юмсанж Өнөөдөр нэг амь амирлаж Өөр нэг амь мэндэлдэг Өнчин хүүхдүүд төрж Өлсгөлөн дэлхий шаналдаг Өтгөс сүнсээ сэлгэж Өчигдрийн гунигийг тайтгаруулдаг Өтөлсөн хөгшид одож Өнжмөл өвсийг хөдөлгөдөг Өндөгний хээ шиг давтагдахгүй Өтөрсөн нүүр шиг танигдахгүй Өвөрсөн бие шиг даагдахгүй Өчнөөн зураг хөвөрнө

Ай жаргал гэгч хоромхон зуурт Асаад дуусдаг гал юм санж Ай зовлон гэгч хотолсон маланд Анаад гэтдэг араатан юмсанж Тэрхүү араатан гэгчийг үргээж Тэмцэж өрдсөн гал нурам болсон ч Тэвчээр нугарч бие зүдэрхэд Тэсэлгүй асгардаг нулимс тавилан юм санж Нурман дээр нулимсаа дусааж Унтарч ноцож үлдсэн аль нь ч гэсэн амьдрал юм санж Нуугдмал ертөнцийн гал араатан хоёрын дунд Ухарч бас сөрсөн хэн нь ч гэсэн ХҮН юмсанж Төгсөв.
ТАЛАРХАЛ ЭЭДРЭЭТ ТАВИЛАН зохиолыг маань шимтэн уншсан уншигч та бүхэндээ маш их баярлалаа. Нэг талаар та бүхэн надад хүч илгээж би бичиж чадсан юм шүү. Нэг зүйлийг толилуулахад энэ зохиолыг би гар утсан дээрээ бичиж дуусгасан. Мэдээж маш их бэрхшээл байсан л даа. 25 жилийн түүхийг дөрөвхөн хоногт агуулга утгыг нь гарган олон олон утга агуулгыг шингээн бичих гэдэг бол амаргүй зүйл байлаа.
Заримдаа яасан богинохон оруулдаг юм, хурдхан дараагийн хэсгийг уншмаар байна, уйлан, баярлан, догдлон уншлаа гэх мэт сэтгэгдэл болгон тань намайг улам бүр бичих урам зориг өгсөн юм шүү. Нөгөөтэйгүүр өөрийгөө сорьсон нэг алхам боллоо. Гар утсаар бичиж байгаа болохоор эргүүлж тойруулж харах амаргүй байв. Гэвч би чадсандаа баяртай байна. Мөн үүнээс үүдэн байгаа зүйлээ ашиглан хийж бүтээж болох юм байна гэдэг урам зоригийг өшөө олон хүн мэдрээсэй гэж хүслээ. Уншигч та бүхэн дээ маш их баярлалаа… Удахгүй төгсгөлийн хэсгийг хүлээн авч уншаарай. Хүндэтгэсэн:Лундаа овогт Пионер