Home Өгүүллэг ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 13-Р ХЭСЭГ

ЭЭДРЭЭТ ТАВИЛАН /ӨГҮҮЛЛЭГ/ 13-Р ХЭСЭГ

12 second read
0
0
1,893

Сэржээгийн шүүх хурал болох өдөр найдлага тээн хүлээх Доржоо янз бүрийн л арга чарга хайж худын талынхантай уулзаж, өмгөөлөгч шүүгч нартай ч уулзалдан горьдлого тээнэ. Хотоос Цэцэлэнгийн танил

Баатар очсон юм. -За яахаар байна гэж Доржоо нүдээ томруулан алгаа хавсраад асуухад Баатар толгой сэгсрэн -Ай ер нь хэцүү л бололтой шүү. Уг нь хөнгөн хэрэг бол хөөн хэлэлцүүлэх хугацаа байдаг энэ хэрэг

бол хүн амины хэрэг болохоор маш хэцүү. Дээр нь сэжигтэн өөрөө хэрэгээ хүлээсэн байна. Мөн хэргийн газрыг орхин эрэн сурвалжлагдсан гээд бүх л зүйл бидний эсрэг байна. Одоо нэг л арга

байгаа. Хохирогчийн ар гэр буюу хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлэг, өргөдөл л нөлөөлнө бусдаар бол авралгүй гэж хэллээ. -Авга ах нь Дэрмээ гэж хүн бол гайгүй л байгаа. Гэвч, эгч дүү хоёр нь надтай

дуугарах ч үгүй байна. Яах вэ байз гэж үсээ базлан шаналлаа. Шүүх хурал дуусчээ. Доржоо аймгийн шүүхийн үүдэнд их л гунигтай, нүдэндээ нулимстай сууна. Баатар ойртон ирж хоолой засаад хажууд

нь суулаа. -Яаж ч чадсангүй дээ. Бүх насаараа хорих ял оноосон байна. Одоо хотруу шилжүүлэгдэж хоригдоно. Би цаашид чадах ядахаараа тус болно. Тун харамсалтай байна гээд босоод явчихлаа. Алтанхүүгийн хамаатан садан гэж төрсөн эгч дүү хоёр нь гомдолтой гэсэн үндэслэл

дээр бат зогсож хөөрхий Сэржээ ийн яланд явахаас өөр аргагүй боллоо. -Миний дүү битгий уйл даа. Энэ миний л тавилан юм байж гэж Сэржээ шүд зуун нулимсаа тэвчин хэллээ -Уучлаарай намайг. Юу ч хийж чадсангүй гэж доошоо харан уйлах Доржоо хэн хүнээс илүү өрөвдөлтэй харагдана. Амьд мэнд гарч ирсэн эгчийгээ яаж ийгээд тус болно доо гэж бодсон нь талаар болсон түүнд ямар сайн байх вэ. Улаанбаатар хотын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмэгтэйчүүдийн 407-р хорих ангид ялтан болж ирсэн Сэржээ энэ олон хүн бужигнасан газраас зугтмаар санагдаж байлаа. Янз бүрийн дүр төрхтэй хөгшин залуу гээд маш олон эмэгтэйчүүд энд хоригддог гэнэ.

Чанга дэглэмтэй гэхээр гав гинж болсон тийм төсөөлөл байж магадгүй. Хоёр давхар найман ортой давчуухан өрөө юм. Нийт жар гаруй эмэгтэй чанга дэглэмтэй хэсэгт байдаг аж. Сэржээг нэг давчуу өрөөнд орууллаа. Өтгөн хар гэзэгтэй цав цагаан царайлаг бүсгүй, харгис, оворжуу царайтай махлаг эмэгтэй, гэмгүй гэнэн царайтай шаргал үстэй намхан шар охин ийм гурван хүн Сэржээг харцаараа нэвт сүлбэх мэт л харж суулаа. Хэсэг дуугүй суусны дараа махлаг эмэгтэй ойртон ирж -Алив наашаа хардаа. Хммм энэ нүдийг ээ бас л гэмгүй гэмтэн гэж хэлснээ. Нөхрөө нухчихсан уу гэж нүүр тулан ирж асуухад Сэржээ айсандаа юу ч дуугарч чадахгүй чичрэн толгой дохиход за зүгээр дээ би чамайг идчихгүй гэж хэлээд паржигнасан хоолойгоор пар пар инээв.

Намайг Дулмаа гэдэг. Дүүгийн нэр хэн бэ гэж цааш харан хоёр алхаад асуулаа -Сэржээ гэж дуулдах төдий хэлэхэд намхан шар толгойт -Намайг Өлзий гэдэг гээд Сэржээгийн гарнаас атган хэллээ. Өтгөн хар үст юу ч дуугарсангүй цааш харан хэвтлээ. Дулмаа энэ дундаа овгор нь бололтой алхах гишгэх, ярих хөөрөх нь нэг л ширүүн байв. – Энэ царайлаг хүүхнийг Сарнай гэдэг. Хэлтэй боловч ярих дургүй гэж мар мар инээлээ. Сэржээ биеэ барьж юу ч ярихаа мэдэхгүй дэмий л духаараа харна. Яг үнэндээ Сэржээгийн хувьд хүйтэн салхинд хацраа хайруулж даарч явсанаас энд таатай ч юм шиг. Эсрэгээрээ энд байгаа бүсгүйчүүдэд хацраа хайруулж даарч явах л жаргал санагдана. Энд байгаа эмэгтэйчүүд өдөр бүр албадан ажил хийдэг гэнэ. Сэржээ их л зүйл мэдэж авах хэрэгтэй байлаа. Бүх насаараа энд байна гэж бодохоор үе үе голоод нь юм гүйнэ.

Шоронгийн хоол тийм ч муухай санагдсангүй. Энэ байдал Дулмаа авгайн сонирхлыг их л татаж байлаа. Орой өрөөндөө унтах гээд ор орондоо орлоо. -Хөөе Дэржээ үгүй хэн билээ Сэржээ гэж орон дээрээ хагас өндийн хэвтсэн Дулмаа их л сониучхан харж байлаа -За гээд сулхан хариултал – Чи ер нь хаанаас ирсэн юм. Өөр шоронгоос шилжиж ирсэн юм уу.? -Үгүй, хөдөөнөөс. -Юу чам шиг хүүхнүүд анх энд ирэхдээ эндэхийн хоолыг хэдэн өдөр ч амсаж чадахгүй ярвагнадагсан гээд дээшээ харан хэвтлээ. Сэржээ энд байгаа хүмүүс адилхан зовлонтой хүмүүс биз гэж бодоод хоолой застал нөгөө гурав юм ярих нь гэсэн янзтай бүгд Сэржээг харан хэвтлээ. Сэржээ ч тэр шөнөжингөө өөрийнхөө сүүлийн хоёр жил болсон явдлыг уйлж, инээж олон өнгөөр ярилаа.

Өөрийнх нь сэтгэл ч онгойх шиг болов. Өнөө гурав ч ялгаагүй эмэгтэй хүн болсон хойно түүний яриаг уярч уйлж, өсөрхөж гомдолтой сонссон юм. Эмэгтэй хүн гэдэг аргагүй хамгаалалтаас алдаа гаргадаг ч цаад утгыг хууль ямар ойлгох биш дээ гэж Дулмаа санаа алдлаа. -Би бүх насаараа хоригдох ял аваад одоо арав дахь жилдээ энэ газар сэтгэл санаа тарчлан, одоо ч бүр дасаж дээ. Хэзээ нэг өдөр аврал ирэх ч юм болов уу гэж найдаад л байж байна. Энэ шар толгой нэг жил болж байна арван жил сууна. Тэр царайлаг бүсгүй хагас жил болж байна арван жил сууна. Миний дүү нар эвтэй амь нэгтэй л байгаарай гэж сааралтсан хоолойгоор хэлэхэд дөрвөн бүсгүйн нүдэнд нулимс нэг л агуулгатай мэлмэрч байлаа. Маргааш нь Сэржээ нөгөө гурваа дагалдан хийх ёстой ажлыг нь заалган ажиллаа. Санасныг бодоход хэцүү байсангүй.

Өдрийн хоолоо идчихээд бие засах өрөө орчхоод буцаж яваад их сонин зүйл харжээ. Нэгэн хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүүхдээ хөхүүлж байв. Ийм зүйл хараад өөрийн эрхгүй сэтгэл нь сэмэрлээ. Орой ажил дуусаад өрөөндөө очоод өдөр харсан зүйл сэтгэлээс нь огт салахгүй байв. -Хүүш Өлзий чамаас нэг юм асуучих уу? -Юу юм бол эгч. -Би өдөр нэг сонин зүйл харлаа. Нэг хоригдол бүсгүй хүүхэд хөхүүлж байсан ямар учиртай юм бол? -Аа тэр үү. Хүүхэдтэй хоригдол. 2000 оноос шинэ хууль гарч хөхүүл хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг хийсэн тохиолдолд хүүхдийг хоёр нас хүртэл хамт хорих. Цаашид асран хамгаалагч байхгүй тохиолдолд асрамжийн газар юмуу үрчлүүлэх зэрэг арга хэмжээ авдаг гэсэн гэв.

Энэ яриаг сонсоод Сэржээ бас л харамсаж толгойгоо шаан сэгсэрч ярвайлаа. Өлзий Сэржээгийн өчигдрийн яриаг сонссон болохоор түүний сэтгэлийг ойлгож нуруун дээр нь зөөлхөн алгадаж байв. Даанч яав даа. Би үнэхээр буруу зүйл хийсэн байна. Хэрвээ тэр үед л эргээд оччихсон бол… гэж бодон гэмшлээ. Ертөнц олон талтай шоо мэт. Нэг талыг нь эвлүүлж байхад нөгөө хэсэг нь бутарна. Амьдралд томъёолсон зүйлийг өөрийн болгож шинэ зуунтай мэдлэг оюунаараа хөл нийлүүлэн алхахгүй бол хичнээн оюун ухаант хүн байлаа гээд нийгмийн хүрээнд бол хэн ч биш юм гэдгийг бага багаар мэдрүүлсээр… Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…