
Аливаа зүйл хайрцаган дотроосоо гарахгүй бол агуулга хэлбэр өөрчлөгдөхгүй гагцхүү цаг хугацаа л өнгөрнө. Яг л үүний адил юунд итгэж, юунд найдахаа мэдэхгүй болсон хөөрхий бүсгүй бүтэн хоёр
жил өөрийгөө нэгэн хайрцаганд хийж түүнээсээ гарч чадаагүй юм. Гэвч хүн гэдэг сэтгэлийн амьтан учир тэр сэтгэлийн аль нэг хэсэгт гал гарвал дахин сэрж ухаардаг, өөрөөр хэлбэл дахин төрдөг байж болох
юм. Сүхээтэй учирснаас хойш хоёр сардаа нэг эргэж тойрч идэх хоол, өмсөх хувцастай даа талархан амьдарч байсан юм. Гэвч хүний цаад санааг хэн тааж мэдэх билээ. Бүх хүн Сэржээг үхсэн гэж бодож байхад
нэг л хүн түүнийг амьд бүр түүний олон жил хүсэн мөрөөддөг байсан зугаа цэнгэлийн олз болсон юм. Сэржээ хоёр жил хээрээр гэр хэцээр дэр хийн амьдарч энэ хэмнэлдээ дасан гарах гарц ч хайж байсангүй.
Сүүлийн удаа Сүхээ дээр ирлээ. Сүүлчийнх гэдгээ тэр өөрөө ч мэдээгүй юм. -Би чамд их л төвөг удаж байна. Харин одоо энэ бүхнийг зогсоож хэргээ хүлээх хэрэгтэй байх. Миний хүүхэд хаана байгааг ч мэдэхгүй
ингэж амьдармааргүй байна гээд санаа алдлаа. -Юу? Чи тэгэх хэрэггүй. Яг үнэндээ бүгд чамайг үхсэн гэж бодож байгаа. Тиймээс чи гарч очиж тийшээ өөрийгөө золих хэрэггүй гэж хэлсэн нь Сэржээгийн толгой руу дэлсээд авах шиг л болов. -Юу гэнээ? Чи намайг одоо хүртэл хайж байгаа л гэж хэлсэн шүү дээ. Би ч тэнэг хүн юмаа. Аав ээжийнхээ өврөөс гараагүй хүний хүн болчхоод хорвоо ертөнцийг таниж чадаагүйн гайгаар хоёрын хоёр жил өөрөөсөө зугтаасан байна. Тэр үед Тэгшээ гуайн хэлж байснаар яваад очсон бол хөнгөн шийтгэл авах ч байсан байж магадгүй.
Намайг уучлаарай. Гэхдээ чи ч гэсэн өөрийнхөөрөө намайг ашиглаж байж. Хэдий хүртэл ингэх байсан гэж гээд цурхирч уйллаа. -Тиймээ үнэн. Насаараа ганц бие надад нэг л өдөр бурхан надруу чамайг явуулсан. Хэдийгээр эхэндээ тийм зүйл бодоогүй ч чи манайд усан орсон чинь л энэ бүхнийг эхлүүлсэн гэж орилон хэллээ. Сэржээ уйлж уйлж босоод хувцсаа өмсөн агуйруугаа явлаа. Хөгшин хээр бөг бөг шогшино хүүхэн Сэржээгийн нулимс бороо адил асгана. Ай амьдралын үнэн чи яг хаана байдаг юм бэ. Хоёр жил амийг нь хамгаалж өгсөн энэ уул, ой, агуй, хээр морь л жинхэнэ үнэнч бусад нь хуурамч аж. Сэржээ агуйдаа очин шөнөжин элдвийг бодон шийдвэр гаргахаар эргэлзэн суулаа. Ер нь эргээд энд байсан хугацааг бодоод үзэхэд оносон зүйл нэг ч алга. Хэн ч түүнийг гэхгүй байхад өөрийнхөө төлөө үрийнхээ төлөө буцаж очиж бүх үнэнтэй нүүр тулах хэрэгтэй тиймээ тэгэх л хэрэгтэй. Өглөө явна. Эндээс авч явах юм надад байхгүй тул энэ агуйд үлдээе.
Хожим амьд мэнд явбал заавал ирнээ гээд бүх хэрэглэж байсан зүйлээ эмхлээд агуйн нэг буланд шахаж тавилаа. Үүр цаймагц явахаар гарч ирлээ. Хөөрхий хээр морь нь энэ бүхнийг мэдэрсэн мэт хөгширч хөшсөн биеэ хүйтэн газарт дэвсээд амьсгал хураажээ. Энэ хоёр жил түүнээс үнэнч нөхөр, түүнээс сайн хань байсангүй. Сэржээ гашуун нулимсаа ханцуйгаараа шувтарч эмээл хазаар хэрэглэлийг нь агуйд оруулж эдэлж хэрэглэж байсан зүйлсийнхээ дэргэд орхилоо. Нэгэнт шийдсэн болохоор юу ч түүнийг зогсоож дийлэхгүй. Хөвчийн дуу уйтгар хөглөн улих салхи модод сэржигнүүлж нь сэтгэлд уйтай. Хэцүү байсан ч энэ газарт дассан байж. Гэвч тэр явах хэрэгтэй… -Байна уу энэ Доржоо гэж хүн мөн үү? -Байна байна. Тийм байна хэн бэ? гэж барилгын ажлын дуу чимээнээс давж орилох Доржоо утсаа байдгаараа чихэндээ нааж зогсоно. -Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс ярьж байна.

Оргодол Сэржээ ил гарч ирсэн бөгөөд хамаатны хүн нь дүү болох Доржоо таныг гэж байна. Яаралтай шүүх хурал зарлагдах тул ирэх хэрэгтэй байна. Мөн өмгөөлөгч авч болох учраас тэрийг та бүхэн өөрсдөө мэд гээд тасаллаа. Аль хэдийн үгүй болсон гээд сэтгэлээсээ явуулчихсан байсан хорвоо дээрх ганц эгч нь амьд мэнд байгаа гэж сонсоод туйлын их баяртай боллоо. Хөөрхий хоёр жил хаана байсан бол гэж бодон өрөвдлөө. Доржоо ажлаасаа чөлөө аван гэртээ яаран очлоо. Цэцэглэн хоёр дахь хүүхдээ тээгээд гэртээ байсан үе юм. -За хөгшөөн эгч гарч ирсэн байна гээд хааяахан гардаг нулимсаа тэсэж чадалгүй асган хэлэхэд Цэцэглэнгийн нүд нь том болж ирээд -Хүүшээ яасан гэнээ хэзээ яаж? гээд нөхрийнхөө хажууд ойртон сууж лавлахад -Дөнгөж сая аймгаас ярилаа. Шүүх хурал янз бүрийн юм болох бололтой. Хөгшин нь явалгүй бол горьгүй нь -Тэгж үз. Иш хөөрхий минь бүхэл бүтэн хоёр жил хаагуур явсан юм болоо. -Харин тийм. Ханиа нөгөө хуульч
Баатар завтай болов уу. Өмгөөлөгч хэрэгтэй гэсэн. -За би тэрийг зохицуулна чи бушуухан явж үз гээд л баярлах сандрах зэрэгцсэн хоёр ийш тийш яаран хувцас хунар, авч явах юмнуудыг нь бэлдлээ. Доржоо шуудангийн унаанд суун Хэнтий аймгийг зорилоо. Сэржээ тэр өдөр шууд яван сумын хэсгийн төлөөлөгч дээр ороход эхлээд таниагүй гэсэн. Аль хэдийн хаагдаж байсан хэргийг дахин сөхөх болж. Аймгийн прокурорт шилжүүлсэн учраас шууд аймаг руу ачигдсан юм. Сэржээ хэргээ хүлээж ар гэрийнхнээс өргөдөл бичүүлэхэд эгч нар нь гомдолтой гэв.
Сэржээд аль нь ч байсан ялгаагүй байсан ч гагцхүү хүүгийнхээ сургийг гаргахыг л хамгийн их хүсэж байв. -Иш миний муу эгч даанч яав даа гэж Доржоо эгчийгээ тэврээд ихэр татан уйллаа Сэржээ ч мөн адил ганцхан үлдсэн төрсөн дүүгээ хараад өөрийн эрхгүй асгарч гарлаа. -Намайг уучлаарай. Эгч нь та нарыгаа зовоолоо гээд л уйлаад байв. -Эгчээ битгий санаа зов би чадах бүхнээ хийнэ ээ. Иш миний эгчийн нүд яачихсан юм бэ гэж шогшрон толгой сэгсэрч эгчийгээ туйлын өрөвдөлтэй харж байлаа. -Доржоо миний дүү эгчдээ хүүг минь л олоод өг. –

Би хайх гэж үзсэн. Намайг халгаахгүй байсан. Сэжигтэн мэтээр үзэж. Эхлээд хоёулаа эндэх асуудлаа шийднэ. Хүчтэй байна шүү гээд эгчийгээ тэвэрлээ. Зовлон зовлонгоор арилжигдах цаг хугацааны аяллыг хүн хүслээрээ зогсоож үл чадна. Гагцхүү тэмцэж, тэсэж үлдсэн нь л энэ хорвоод амьдрах эрхтэй юм. Тэгэхийн тулд гал, ус, шуурга юу ч байсан сөрөн зогсох итгэл, зориг хүнд хэрэгтэй юмсанж. Үргэлжлэл бий