
Бодит түүхээс сэдэвлэн бүтээв Таны унших гэж буй энэ түүх бол өөрийн минь амьдралд яг энэ өдрөөс 2 жилийн өмнө тохиолдсон бодит түүх бөгөөд тэр үеийг хүртэл амьдарч ирсэн амттай, амтгүй,
гашуун, шорвог,, халуун бас хүйтэн,, хар болоод цагаан,, шар бас саарал,, амьдралын олон олон өнгө, олон олон амтын мэдэрч амжаагүй явсан нэгэн мэдрэмж байв. Амт бас өнгө байв… Оршил …
Бүгд Найрамдах Түрк Улс, Измир хот. Эгийн тэнгисийн эрэг дагуу орших 4 сая гаруй хүн амтай Түркийн хамгийн либерал, залуучуудын хот гэгдэх үзэсгэлэн төгс энэ хотод ажлын ширээний араас ахин
оюутан болон ирсэн тэр цагаас хойш 2 намар, 2 өвөл, 2дах хавар ирж яваа нь энэ… Эх Монголын минь хадган цэнхэр тэнгэр яг л тэр хэвээрээ энэ хотын тэнгэрт оройлж, тэртээд алсрах Эгийн тэнгисийн
хил хязгаартай өнгө уусан нийлнэ. Задгай тэнгис нь тэнгэр ч юм шиг, уудам тэнгэр нь тэнгис ч юм шиг.. Хаанаас эхлэлтэй нь үл мэдэгдэх далайн түрлэг эх газартайгаа золгохдоо урт үргэлжлэх бяцхан
далангуудыг цохиж хөөсрөн цойлно. Эргээ даган далдуу модны нэгэн төрөл зүйл “phoenix dactylifera” монголоор “галт шувууны сарвуу” гэж орчуулагдах модод омог бардам эх газартаа сүндэрлэх ажээ. Их хөл хөдөлгөөн бүхий 40 орчим км урттайгаар мушгиран үргэлжлэх энэ эргийг дагаж нийтийн тээврийн болоод ачаа тээврийн олон усан
боомт, олон олон амралтын цэцэрлэгт хүрээлэнгүүд байрлах агаад загас барих хүмүүс, амттан, нарийн боов зарах худалдаачдаас эхлээд хаашаа ч юм алхлах хүмүүс, юуг ч юм хөөрөлдөн ярилцах залуус, түрээсийн дугуйгаар салхи татуулан давхих оюутнууд, эргийн эзэд цахлай шувууд гээд дэлхийн хаана ч эргийн амьдрал ямар байдаг түүний жишгээр амьдрал үргэлжилнэ… Хуучны гэхээргүй ч бас орчин үеийн гэхээргүй загвартай, өндөр биш барилгууд зонхилох ч хаа нэг
өндөр шилэн барилгууд сүндэрлэх нь цаг үеээ даган юм бүхэн хувьсан өөрчлөгдийг гэрчилнэ. Өнөөх намхан барилгууд хотын иргэдийн оршин суух байр бөгөөд эх газрын нам дороос эхлэн хотыг тойрон ханхайх уулсын оройг хүртэл баригдиж, тэртээ алсад уулын оройд цайран харагдах нь өрөөд тавьсан ёотон мэт харагдана.. Ер нь ч тэгээд энэ газар далай тэнгисийн орон, тэр дундаа газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог тул өндөр барилгаас илүүтэй нам барилгыг илүүд үздэг боловуу гэлтэй. 3000 гаруй жилийн түүхтэй, эртний Грекийн газар нутаг байсан энэ газарт 1922 оныг хүртэл хотын оршин суугчид нь Грекүүд зонхилж байснаас одоогийн оршин суугчдын нилээдгүй хэсэг нь Грекүүдтэй цус холилдсон гэх нарийн тоо баримтгүй нэрийг зүүхэд хүргэсэн байх талтай. Хэд алхаад л байрлах байрнууд дундах захуудад ногоо жимс цаг үргэлж шинээрээ, тэгээд мөн үнэ хямд зарагдах нь хүнсний хувьд энэ улс, энэ хот нээх их санаа чилээдэггүй бололтой юм гэж үйлдвэрлэгч биш худалдан авагч улсын иргэн надад өөрийн эрхгүй бодогдоно. Хотын оршин суугчдын дийлэнхи нь залуучууд байх агаад юунд ч юм яарсан, юунд ч юм түрэгдсэн гэх зүйл ер ажиглагдахгүй нь байгаадаа сэтгэл хангалуун биш юмаа гэхэд гомдоллож цөхрөөд байдаггүй боловуу гэж дүгнэмээр 1 тийм зөөлөн урсгалтай голын ус шиг санагдана. Мэдээж хэрэг сайны хажуугаар саар, сайнтай муутай хүмүүс холилдон байдгийн жишгээр болж өгдөггүй хүмүүс, хөгжиж болдоггүй газар ч бас энд бий бий.
Гэхдээ цөөн нь сайн хэрэг юмдаа.. …Энэ хотын баруун хойно, наран жаргах зүгт, хотын төвөөсөө 20 гаруй км-ын зайд Чили нэртэй нэгэн дүүрэг оршино. Энд мөнөөх л эргээ дагасан цэцэрлэгт хүрээлэнгүүд, амралт тоглоомын талбайнууд, усан боомт байхаас гадна тансаг зэрэглэлийн томоохон хотхонууд, хотын хамгийн том их дэлгүүрээс авхуулаад худалдаачдын бараагаа сурталчилах чимээ нь замын нөгөө талд ч сонсогдох ил захууд, энгийн ардын орон сууц, ер байж болох бүхэн энд оршино. Энэ л оршихуйн нэгэн хэсэг болж 1000 гаруй оюутантай, улсын томоохон дотуур байр байх бөгөөд би энэ байрны С блокын 2-р давхарт амьдардаг байлаа. С блок нь ихэвчлэн гадаад оюутнууд байрлах бөгөөд А болон В блокууд нь нутгийхан, Измирээс өөр хотоос ирсэн Түркүүд байрладаг байв. Гэхдээ энэ байр түрүүн миний дурьдсан их хөл хөдөлгөөнөөс харьцангуй зайдуу байрлана. Бүр нам гүм, бөглүү гэж болохуйц газар. Дүүргийнхээ арай өнгөтэйхэн, хөл хөдөлгөөнтэйхэн газар очихыг хүсвэл заавал автобус эсвэл метронд сууж байж хүрэх тийм л зайнд. Гэлээ ч бас одоо арай дээрдээд л байгаа санагдана. Анх 2016 оны намар намайг энэ газар ирэхэд байснаасаа харьцангуй хөл хөдөлгөөн нэмж, илт олон барилга байгууламж нэмэгдсэн юм шиг. Ер энэ газар ногоон талбай, тахианы ферм, хаа 1 холхих эзэнгүй муур, наранд нозоорон хэвтэх ноход л нүдэнд өртөхөөр газар байлаа.
Нүүр рүү салхилах салхи нь хүртэл асар хол зайг замдаа торох зүйлгүй туулан туулсаар ганцхан нүүрэнд минь л ирж мөргөнө үү гэмээр тийм л ил хул газар байсан санагдана. Нар нь хүртэл цөлд яваа юм шиг хачин халуунаар тусдаг байсансан. Харин одоо бол түрүүн дурьдсанчлан арай дээрдсэн. Дотуур байрнаасаа гараад л хүнсний томоохон дэлгүүрүүд, олон хүн харагдахгүй л юм хэзээ, хаанаас, ямар хүмүүс ордог болоод ингэж олуулаа зэрэгцэн ажиллахдаа дампууралгүй ажиллаад болоод байдаг юм болдоо гэмээр олон кафе, зоогийн газрууд байдаг болжээ. 1-р хэсэг – Бяцхан гэр бүл … 2018 оны 2-р сарын 18-ны өдөр. Бороотой, үүлэрхэг, бага зэрэг зэврүүн, саарал нэгэн өдөр байлаа. Ер нь энэ газар өвөлдөө цас орохгүй,, хүйтрээд хүйтрээд 0 градусаас доош ордоггүй газар. 2017 оны 1-р сард л юм даг, жигтэйхэн их цас орж, хот нэлэнхүйдээ цагаан өнгөөр хучигдахад хотынхон тэр чигтээ гадаа гарчихсан хөгшин залуугүй цасаар тоглож, томоохон Их Сургуулиудын Кампус оюутнуудын хувьд цасны бааз шиг л юм болж байж билээ. Автобуснууд их цас орсон газраар нь явж чадалгүй зогсчихсон, гадаа нь бөөн цасан байлдаан. Тэр нь энэ хотод 5 жилийн дараа орсон анхны цас байсан юм гэнэлээ. Ямартай ч өөрийн минь хувьд эгэл жирийн байсан тэр цас, өөр нэгэн газар хөгшин залуугүй хөөрөлдөн тоглох сэтгэл догдлол нь байсныг тодхон санана…. Гэлээ ч бас тийм ч дулаан гэж боломгүй… Далайтай ойрхоноос уу, юунаас юм бүү мэд, нэг л зэврүүн хүйтэн. Гаднаас хайрч дааруулахгүй хэрнээ дотор жихүүцээд цаанаа нэг тухгүйтэм хүйтрэнэ. Иймийн л жишгээр өвлийн нэгэн онцгойрох юмгүй, саарал өдөр дотуур байр руугаа дуртай дургүй сажлав.
Дуртай дургүй гэсний минь шалтгаан өмнө хэлсэнчлэн хотын төвөөсөө хол тул, сонирхол татчихаар гойд газар байрны ойролцоо лав л үгүй. Түүнчлэн 1000 орчим эрчүүд байрлах дотуур байр боловч өөрөөс минь өөр Монгол хүн 1 л бий. Нутгийн Түркүүд болоод өөр үндэстний найзууд энд хэд хэд бий л дээ. Гэлээ ч сайхан яриа өрнүүлээд суух нь олон биш гэхүүдээ. Эцэст нь хамгийн том шалтгаан нь Монголчуудын хамгийн том, өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын баярын баяр байсантай холбоотой. Шинийн гуравны өдөр хэн л бууз битгий хэл үхрийн махтай хоол тоотойхон өгдөг газар руу явахыг хүсэх билээ. Буузны гурил илдэж, өрөх болон тоолох ажлаас өөрөөр гэртээ гавъяа байгуулж яваагүй би, дотроо бол “Гүй ядаж л өрөөндөө хоол хийж болдог байсансан бол энэ дэлгүүрээс материал авч ороод ёстой сүр сар гээл хэдэн бууз чимхээд идчихсэн…” гэсэн шүү юм бодоод алхаж явав. Харамсалтай нь дотуур байрны дүрмэнд өрөөнд ус буцалгагч ч байх хориотой байв. Яаж мэдхэв анх Монголоос ирэхдээ 1 муу жижгэвтэр ус буцалгагч авчирсан ч 7 хоноод л байрны хамгаалагчид хураалгачихсан. Зөвхөн дотуур байрны хоолны газарт тэр өдөр ямар хоолнууд гарна, тэндээс сонгож идэх сонголттой…… … Эргээд түрүүний буузны тухай бодон алхаж явсан хэсэг рүү гээ буцая. Уг нь ч би бууз идсэн л дээ. Битүүний өдөр ч идсэн, шинийн 1-нд ч идсэн. Бараг шинийн 2-нд ч идсэн байж магадгүй юм, сайн санахгүй юм. Манай хотод нийт 20 гаруй Монгол оюутан байдаг юм. Ихэнхи нь өөр өөрсдийн сургуулийн дэргэдэх дотуур байрнуудад байрлах ч нэг хэсэг оюутнууд маань орон сууцны байр түрээслэж суудаг байлаа. Шинэ жил, Цагаан сар, Наадам гэсэн хэдэн гол баярын өдрүүдээ тэсэн ядан хүлээж, нөгөө хэдийнхээ байранд цуглана. Хоол хүнсээ нийлж бэлдэж байгаад
Монгол хоолоо хийж идхийн түүс. Бууз бууз гээд байгааг минь уучилна биз. Махчин Монгол хүн, тэр тусмаа эрэгтэй хүн голдуу тахианы махаар хооллоод ирэхээр аргагүй ийм болдог юм билээ. Ингээд бид цагаан сараа тэмдэглэж 2 хоног лав бууз, нийслэл салатаар өлсөлгүй баяраа тэмдэглээд тал талруу, байр байр руугаа буцаж яваа минь энэ байлаа. 2 хоног баяр тэмдэглээд ирсэн хүн өрөөндөө орж ирээд нэг их ажил хийж яваад ирсэн аятай орон дээрээ хэсэг тэрийж хэвтэв. Яг үнэндээ бараг өдөр болгон шахуу л, сургуулиасаа ирээд ийм үзэгдэл болдог л доо. Ер нь тэгээд ганц би ч биш, манай өрөөний бусад нь ч мөн ийм.. Оюутан хүнд ядрах шалтгаан мундах биш дээ.. Хажуунаас өрөөний минь Түрк найз: “Ээ бурхан минь, чи яаж байраа олж ирэвээ?” хэмээн надаас асуухдаа нээх их айхтар зүйл олж хэлээд амыг минь таглачихсан байртай додигор асуув. Нүд нь гэрэлтээд, инээдээ барьж ядсан байрыг нь харвал “За аливээ, хариул л даа,, би ч ёстой сайхан хэллээ дээ” гэсэн шүү юм бодож байгаа боловуу гэмээр харагдана. Тэр бараг энэ асуултыг 2 хоног бодон байж олсон ч байж мэдэх юм Хариуд нь би: “Би ч яахав 2 хоносон ч ямартай ч ирлээ. Чи гарвал төөрөөд эргэж ирэхгүй гэдгээ мэдээд хажуугийн сургуульд орсон уу?” гэж хариулаад өөд өөдөөсөө хараад сайхан инээлдэж авав. Учир нь тэрний сургууль бидний өрөөний цонхоор харагддаг, 3 минут хүрэхгүй зайны газар байрлана. Ер нь бид хоорондоо иймэрхүү, үргэлж нэгнээ цаашлуулж харилцдаг хүмүүс. Дандаа л сайн уу? Сайн,, юу байна? тайван, гэж ажлын ярилцлага аятай чухал харилцаад байвал уйтгартай биздээ. Тэгээд ч 1 өрөөнд удаан байгаад ирэхээр нэгнийхээ шогч занг ойлгож эхлээд баргийн юм тоохоо байдгийн ижлээр анх жигтэйхэн жентлмен танилцаж байсан залуус одоо нэг иймэрхүү.. Бид өрөөндөө гурвуулаа. Дээрх яриа өрнүүлсэн залуугийн нэрийг Гюүрхан гэх бөгөөд шогч, наргианч ааш зантай, дөнгөж 18 хүрч яваа боловч сахал үс нь хэдэн наснаас нь эхлэж ургасан бол гэж өөрийн эрхгүй бодохоор сахалтай шинэхэн оюутан. Намайг энэ дотуур байранд ирсэнээс
1 жилийн хойно тэр Истанбул хотоос шинэ оюутан болж ирэхдээ яаж танилцаж байсныг нь хааяа бодож инээд хүрдэг юм. Мөн ч эелдэг, төлөв даруу хүү байсансан. Тэр шинэков байсандаа ч тэрүү, би ч аль хэдийн хууч болсон байсанд ч тэрүү,, юм л бол “Аа за тэгэе, өө тэгэлгүй яахав” гэх мэтээр ёстой чих зөөлөн хүү байсан ч тэр Гюүрхан лав 1 сар болоогүй юмдаг. Одоо бол түрүүний Гюүрхан болсон. Тэр бараг л сардаа 1 удаа метронд сууж төв рүү орох бөгөөд тэгэх бүрийдээ заавал 1 зүйл хэлсээр орж ирдэг байв. “Бурхан минь чи яаж өдөр болгон ингэж явдаг юм. Хангалттай энэ жил ахиж тийшээ явахгүй. Бид ч аргагүй л хөдөөнийхөн юмдаа…” гэх мэтээр гомдоллож гарна. Хэтэрхий хол болоод тэр.. Харин үлдсэн 1 өрөөний хамтрагч маань мөн л Түрк бөгөөд Саалихь гэж нэрлэнэ. Надтай 1 ижил сургууль, өөр тэнхимийх. Тэр ч яахав өөрийн гэсэн хичээлийн хуваарьтай. Тэр нь хичээлийн улирлаар биш бараг л өдөр өдрөөр солигдоно. Ингэж хэлсэний минь шалтгаан гэвэл яаж болдог юм гэмээр дуртай үедээ явж, дургүй үедээ тасладаг нэгэн. Авууштай нь үүндээ санаа нь зовж, шаналж байгаа юм нэг их мэдрэгдэхгүй. Ядаж л нэгэнт өөрөө хийснээс хойш,, хойно нь харамсахгүй суудаг нь сайн хэрэг… …Орон дээрээ тэрийж хэвтэнгээ утсаа оролдох ажил минь хараахан дуусаагүй байлаа. Гюүрхан хажуунаас гэнэтхэн өндийн босож ирээд: – Нээрээ Мөөгий, чи мэдсэн үү? Муурны талаар? Гэж асуув. – Үгүй, юун муур, яалаа? Гэж би асуултыг асуултаар хариулахдаа дотроо хэсэг бодсон ч юуны талаар яриад байгааг нь лав олсонгүй. – “Чиний хичээлийн өрөөнд муур орж ирээд төрчихсөн байналээ. Гудамжны муур” гэв. – Би ч ухасхын босоод яаран гүйж очиж харвал үнэхээр хичээлийн өрөөний хаалганы ард 1 эх муур,

3 зулзага байх нь тэр. Энэ бол бидний хамгийн анх танилцсан цаг үе… Хаалга нээлттэй байхад өрөөний 1 хананд тулсан хаалга, хана хоёрын хооронд бяцхан гурвалжин тусгаар хэсэг бий болдог юм. Яг тэр зайнд нөгөө 4 минь байж байв. Зулзаганууд төрөөд удаагүй нь илт. 2 хоносон уу үгүй юу гэмээр нялх аж.. Эх муур өөдөөс минь “Уучлаарай, ийм л зүйл болчихлоо, хэд хоног энд байрлах юм шиг байна. Биднийг харалдаа, гэмгүй, өрөвдөлтэй, хэнд ч хэрэг төвөг тарихааргүй байгаа биздээ” гэх шиг зөөлөн харцаар өөдөөс минь нэг л сандрангуй, түгшүүр айдас дүүрнээр надруу нэг харж зулзагануудруугаа нэг харна… Уг нь зүй нь бол энэ өрөө миний биш, бидний хичээлийн өрөө юм. Гэлээ ч өрөөнд хичээл хийх гэж ордог нь ганцхан би байсан нь “Мөөгийгийн өрөө…” гэж дуудах шалтгаан нь болсон хэрэг. Энэ нь миний мундагийх биш л дээ. Учир нь амьдардаг өрөөндөө хичээл хийх гэж оролдох нь тун хүнд даалгавар байсантай л холбоотой. Хажууд 2 найз минь өөр өөрсдийн орон дээрээ хэвтэнэ, нүдний буланд ор минь харагдана.. гэх мэтээр ер хичээл хийхэд төвөгтэй байсан тул энэ өрөө рүү би өөрийн хичээлийн сандал ширээгээ оруулж ирээд 1 мөсөн өмчлөөд удсан байлаа. Тиймдээ ч дотуур байранд байх хугацааны минь ихэнхи нь энэ өрөөнд өнгөрдөг байв. Ямартай ч эх муур миний, бидний өрөөг сонгон ирсэнд туйлаас их баяртай байлаа. “Хамгийн гол нь тэр миний өрөөг,, бүр 2 давхар руу, тэр урт замыг туулаад 7
давхар энэ том байшингаас ганцхан миний өрөөг сонгоод ирж..” гэж бодохоос хайр хүрээд ер болсонгүй. Учир нь хичээлийн өрөөний хаалгаар гарахад ахиад цаана нь урт коридор байх бөгөөд түүнийг дагасан өөр өөр оюутнуудын өрөө, тэдгээрийн хаалганууд байрлана. Гэвч ингээд дуусахгүй,, эдгээр тус тусын өрөөнүүд нийлээд 1 блок байр байв. Ахиад нэг үндсэн хаалгаар гараад үндсэн коридорруу нийлэх бөгөөд тэнд ахиад л урт коридор,, бусад блок өрөөнүүд гэх мэтээр…. Ингээд бодохоор тэр эхлээд манай байрны гадна хаалгаар ороод дараа нь хүн тасралтгүй шахам холхидог шатаар 2-р давхар руу гараад, үүнийхээ дараа нь мөнөөх урт коридорыг туулж,, ахин 1 урт коридорыг өнгөрөөд төгсгөлд нь байрлах манай өрөөнд орж ирсэн болж таарав. Тэр урт замыг, тэр их хүн холхих хөдөлгөөнийг төрөх гэж буй эх амьтан ямар их айдастайгаар туулж ирсэн бол гэж бодохоос хайр хүрнэ… Бидний эхний уулзалт, танилцах үйл ажиллагаа 20 секундээс хэтэрсэнгүй. Учир нь тэр айдасгүй, тухтай байг гэсэндээ би бушуухан эргээд гарав. Ямар л амьтан мэдэхгүй газраа ирж төрөөд 3 зулзагатайгаа хэвтэж байтал 2 хөл дээрээ явдаг 1 амьтан орж ирээд өөдөөс нь учир нь олдохгүй балай авиагаар “Ээ хүүдий,, ээ хүүдий, нээрээ төрцөн байшд,, үү дада..” гэх мэтээр солиорч гарахад юу ч болоогүй юм шиг хэвтээд байх билээ. Магадгүй түүний амьдралдаа харсан “хамгийн онигор, бас хачин сонин хэлээр ярьсан хүн нь” би байсан биз… …
Түүнд ямар ч байсан энэ газар аюулгүй, амьдарч болох газар гэдгийг ойлгуулах гэж, мөн өөрийгөө сайн найз нь байх болно гэдгийг батлан харуулах гэж аль болох л тайван орхихыг хичээв. Гэтэл тэр хөөрхөн амьтадыг харахсан гэхээс ер зүгээр сууж чадсангүй. Байн байн хичээлийн өрөө рүүгээ гүймээр санагдаад ер болох биш… Ямартай ч манай хэдийн нэг нь хажууд нь усны сав бэлдэж тавиад ус хийж орхисон бололтой юм. Ус өгсөн нь сайн хэрэг ч дан ус уугаад эх амьтан яаж тэнхэрэх билээ, сүү яаж орох билээ. Хурдхан шиг дэлгүүр орж сүү аваад,, саванд хийгээд зөөлөн зөөлнөөр дөхүүлэв. Тэр бодсоноос хавьгүй илүү зөөлөн юм, уурлаж ундуйцахвий гэж бодож байсан ч маш эелдэг зөөлнөөр савтай сүүг үнэрлээд, босч ирж хэд долоогоод эргээд хэвтэв. Янзтай, ямар ч байсан 1 шат ахилаа.. Тэр надад дургүй бол биш байна гэдэг сайн хэрэг… Гэтэл хөөрхийс,, нүдээ нээх нь битгий хэл ам нь хаана байнаа гэмээр улаан жижиг хошуутай 3 зулзага эхийнхээ хамт нэг л эвгүй харагдаад байх юм… Тийм байна,, шалан дээр, ямар 1 дэвсгэргүй хэвтээ нь эвгүй харагдаад байгаа юм байна…

Бараг өмсөхөө больсон 2 ширхэг футболка, хамгийн сүүлд хэзээ ч юм өмссөн, гэхдээ санахгүй юм их л удаан өмсөгдөөгүй 1 цамцаа нийлүүлээд бүгдийг нь дэвсэн 1 томхон хайрцагаар гэр хийж өрөөнд оруулж орхив. Ийм байдлаар муурны махан хоол, сүү гээд ойр зуурын хэрэгтэй бүхнийг эхний өдөртөө багтааж бэлдэн нөгөө хэддээ оруулж өглөө. Бүх ажил сайхан бүтэж, хоолоо ч сайн идэж, явган суугаад харах миний өмнө их л тайван хэвтэцгээх нь миний сэтгэлийг амрааж эхний өдөр ингэж өндөрлөв…. ямар гоё вэ,, удаан хүссэн амьтан минь бүр гэр бүлээрээ над дээр ирчихжээ…