
Цэнгэл уулзалтаа дуусга. Цаг дууссан. Харгалзагчийн дуун чихэн дээр нь цуурайлахад Цэнгэл өөрийн эрхгүй өндийв. – Өө за яах вэ? дараа ирэхдээ хэлье. –
Тэгээрэй. Заавал хэлээрэй. Баяртай хайраа. Цэнгэл охинд хоргодонгуй эргэж хараад гунигт хөтлөгдөн цааш орохыг ХАлиун өрөвдөн харж зогслоо. Энэ амьдрал түүнд хэцүү байгаа ч тэр энэ амьдаралыг туулж
даван гарах ёстойг Халиун сайтар ойлгож байлаа. Цэнгэл бас нилээд турж жижигэрсэн харагдана. Халиун гэнэт жигтэйхэн гунигтай болов. Төмөр харжигнасан хаалгыг удтал харж зогссон Халиун дурамжхан
эргэж алхав. – Хөөе бүсгүй. Яасан гунигтай харагдах юм. Халиун эргэж харав. Түрүүчийн Цэнгэлийг зандраад байсан ахлагчийн дүрэмт хувцастай залуу ангайтал инээж зогсоог хараад Халиуны дургүй
хүрэв. – Энэ газраас хүмүүс инээж буцдаг гэж та боддог уу? – Хм. Чи одооо болиоч. Ийм хөөрхөн сайхан охин байж шоронгын хулгайч эргэж гүйгээд. Хайраа… майраа ч гэх шиг. – Болохгүй нь юундаа байгаа юм бэ? Би хүн хайрлаж байна. – Ха. Ха. Ха. Чи мөн яриваа. Энэ хулгайч
чинь дор хаяж энд арван жил цоожтой. Тэгээд хаашаа юм чи энийг арван жил хүлээх үү? Амьдрал чинь дэндүү бүрхэг байгаа биз дээ. За яах вэ? чи хүлээлээ гэж бодъё. Энэ хулгайч чинь шоронгоос гараад чамайг жаргаах уу? үгүй л байдаг байхгүй юу. Арван жил шоронд хэмлэлдсэн хулгайч нохой шиг хар ярхийсэн танхай юм чамайг ёстой
харцаараа хөдөлгөдөг юм байгаа биз дээ. Чи одоо наашаа хулгайч эргэж гүйхээ болиоч. Би чамд сайн санаад л хэллээ шүү. – Сайн санаат хүн гуай та энэ ажлыг хийгээд цалин авдаг уу? – Авна ш дээ. Ажил хийж байгаа юм чинь авалгүй яадаг юм бэ? – Тэгвэл амьдралаа залгуулж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хий за юу. Нохой биш хүн харж байгаагаа ойлго. Магадгүй хашаан доторхи хүмүүст танаас илүү хүн олон байх шүү гэчихээд Халиун хурдан хурдан алхан холдов. Ахлагч залуу уурласандаа царай нь улайна. – Өө алдаг гар байх нь. Хохь нь ш дээ.
Хулгайчид унаж гүйж доошоо ороод. Уг нь сайхан хүүхэн. Хөөш чи би хот орно ш дээ. Суугаад яваач гэж хашгирав. Халиун эргэж харсанаа хэлээ гаргачихаад яваад өгөв. Залуугийн дургүй хүрч – Өө муу тэнэг хүүхэн зайлахгүй юу хэмээн өөртөө уурсав… … Жархай өвгийн сахиус Мэргэн гуайн зүүдэнд морилж газрын хар гүйдлийг номхотгон дар гэж зарлигласан өдрөөс хойш номч өвгөн хар хүчийг дарах бэлтгэл ажилдаа оров. Товлосон өдөр ирж оройн наран бүүдийх үес Мэргэн гуай нутгийн хэдэн залуусын хамт болзоот газраа ирэв. Долоон ямаа долоон талд муулж, муулсан ямааны халуун цус газарт шингэн урсгах үес хар могой Бархасын зүүн хатавчаар гарч цусны үнэрт газар уруу дөхөв. Мэргэн гуай долоон ширхэг сүүжний яс холбон уясан урт оосрыг цагриглуулан шидэж “Сэдэд” хэмээх хөлгөн судрыг аялгуулан хэдэнтээ уншив. Хараалыг харах биетгүй болгодог шидэт номын хүч хээрийн салхиар өртөөлөн могойд хүрсэн бололтой огт харагдахгүй болов. -За хүүхээд. Есөн алд хирийн гүн нүхээ ухаж эхлээрэй. Газарт шүглэсэн хар сүнс ойртож буйг мэпдэрсэн Мэргэн өвгөн эхний зааварчилгааг өгөв. – Хүүхээд айх юм байхгүй шүү. Одоо халуун сэвсээ асгаад гүзээнийхээ амыг онгойлгон сайн харж байгаарай архи ойртуулаад өг.
Өвгөн “Гурван гүрэм” уншиж гүрэмдэн хонх дамар дуугарган эхлэхэд газарт хаясан сүүжний яснуудаас үл мэдэх хөх гэрэл сүүмэлзэж харагдав. – Мэргэн гуай сүүжний яснаас хөх гэрэл гарч байна. – Дуугүй байгаач. Битгий анхаарлыг нь сарниулаад байгаач. Чөтгөр ирчихээд байхад чинь. Элдвийн юм яриад байх юм. Номч өвгөний хоолой цээлшин шид тарины хүчээр чөтгөрийг дарж эхлэхэд газарт бугшсан сүнс мэгшин уйлж эхлэв. Мэгшин уйлах настай эмгэний дууг сонссон тэнд байгсдын нуруу уруу хүйт даана. Холбож тавьсан сүүжний яснууд, зэвтэй хадаас хангир жингэр хийлгэн хөдөлж эхлэв. Хоёр том хар шувуу нисэн ирж ойролцоох товгор газарт суусныг өьгөн ажилав. Өвгөний хоолой өөд бэлбийЖ дотор нь муухайрна. Газрын судлаар дамжин гүйж байсан хар сүнс, газрын судлаас тасрахгүй амь бөхтэй гэгч нь зууралдана. Өвгөний дохисноор дөрвөн залуу дөрвөн талд хуурай гишүү дүрэлзүүлэн гал асаахад дээр нь овоолсон давсан ширэг шад падрийн үсэрч эхлэв.
Нир нирхийн үсрэх давсан ширгийг тэсч чадаагүй хар сүнс сандчин хүч нь сульдаж эхлэв. Гэнэт ямаа майлах сонсдон бүгд хирдхийн цочив. Жижиг хар ишиг орох газраа олж ядан айж сандчин дөрвөн галын хооронд гүйснээ ямааны халуун гүзээний ам нээж суусан дөрвөн залуугын дэргэд очин гүзээнд гүйн оров. Мэргэн гуай яаран очиж гүзээний амыг сайтар хэдэн давхалан боолгоод гүзээтэйг гүн ухсан нүх үрүү шидүүлэв. Дээрээс нь ямааны халуун мах хийж сүүжний ясаар таглан тавиад нүхийг булуулав. Дээр нь их гал түлж долоон шуудай давс үсэргэн хараалыг даржээ. Нутгийнхан Мэргэн өвгөний хараал дарсныг ярьцгаан өвгөний увидас хүчинд ихээхэн биширчээ. Нутаг амаржжээ. Тэр шөнө Бархас нас барж хонов. Бархасын ажил явдалд Мэргэн өвгөн өөрөө оролцож ёс заншлыг гүйцээв. Даржаагийн машин дээр цөөхөн хэдэн хүн зогссон ядмаг оршуулга “Суварга цагаан” уулын зүүн биеийг ороон гарч ирэхэд эвэр нь таван өнгөөр солонгорсон жижигхэн гөрөөс хүлээсэн байртай зогсч байлаа. Гөрөөс оршуулгын цувааг алсаас даган явааг Мэргэн өвгөн харж явлаа. –

Ааваа энэ гөрөөс яагаад дагаад байгаа юм бол. Бидэнд ямар нэгэн гай зовлон авчрах вий дээ. Даржааг ийн асуухад Мэргэн уцаарлангуй харж – Даржаа минь чи яах гэж ингэж дэмий юм бодож байдаг юм бэ? Хүнд тус болбол тусалсан шиг тусал. Та хоёр яалт ч үгүй нэг голд дааганы ам ханалж өссөн хоёр. Одоо эцсийн замд нь чин сэтгэлээсээ гарга гэж зандрав. – Тийм дээ аав минь манай Барохас торгонд хучуулж, тосонд хөрвөж өдийг хүрсэнсэн. Харин их ядарч хорвоогоос буцлаа даа зайлуул. Ингэж хэлчихээд Даржаа Бархасыг гэнэт өрөвдөх шиг болов. Бархасыг хөдөөлүүлснээс хойш Балжид дуугүй гөлгөр хүн болж хувирав. Мэргэн гуайг манайхаар нэг ирэх арга байна уу? гэсэн Балжидын үгийг нэг нь дамжуулахад өвгөн номхон зээрдээ тэргэнд хөллөөд талийгчийнд очив. Балжид баярласан бололтой өвгөнийг холоос тосон ирэв. – Ашгүй та минь хүрээд ирэв үү? Би бүр таньтай уулзах гээд. Очиж чаддаггүй. Балжид, Бархасын хүүг энхрийлэн тэвэрснийг хараад Мэргэн гуай тэднийг өрөвдөж байлаа. – Ах минь таньд их баярласан шүү. Би гэдэг үйлийн эзэн энэ насны эцэст ханилсан хань, үр хүүхдээсээ хагацаж, эцсийн эцэст хүний нялхаар элгээ дэвтээж хоцорлоо доо. Балжид өвгөний өмнө цай тавиад ингэж хэлэн ханцуйгаараа нүдээ дарав. – Хм. Тэгээд болно доо. Амьдрал бас сайхан шүү дээ. Яагаад үр хүүхдүүдээсээ хагацсан гэж… – Охидууд маань намайг харж чадахгүй болсоон. Хүү маань… – Охин минь ингэж битгий цөхөр. Тэд нар нэг өдөр инээгээд ороод ирнэ. Надтай уулзах ямар хэрэг гараа вэ? –
Ах минь миний зовлон дуусах болоогүй бололтой. Таван өнгийн эвэртэй нэг гөрөөс манайхаас бас салахаа болилоо. Нохойноос ч айхгүй юм. Хойд толгой дээр өнжөөд шөнө хотонд ирж гэр шөргөөгөөд болдоггүй. Балжидын дуунд айдас цалгина. – Аа тэгээ юу? Тэрний муу юм гэж юу байх билээ. Ердөө гэм хор байхгүй. Мал бараадаа биз хөөрхий. Май энэ элсийг орой болохоор гэртээ малын хашаандаа цацаарай. Балжид өвгөнөөс элсийг хоёр гардан аваад хойморьт тавьсан өлзий хээт авдрыг уудлан том цэнхэр хадган дээр мөнгөн аяга тавьж дотор нь сүү дүүргээд өвгөнд барьж – Ах минь таньд их баярлалаа. Талийгчийн минь хойтохыг барьсан хүнд халуун хошуутай малтайсан бол өргөлд барихсан. Мал барагдсан. Талийгчийн дүү нь ирээд үнэтэй өөдтэйг нь хамж аваад явсан. Ачит ах таньд үүнээс өөр барих юмгүй болчихоод байна гэж хоолой зангируулан учирлав. Өвгөн хадгыг авч өвөртлөөд сүүг уун мөнгөн аягыг авдран дээр тавьж – Өвгөн ахнь чамаас юу хүсэхсэн билээ. Сэтгэлийн чинь өргөл хадгыг чинь авлаа. Сүүг тань уулаа. Боллоо. Мөнгөн аяганы хэрэггүй. Би ч бас явах цагаа хүлээж суугаа хүн. Ер нь тэгээд хүн хүнийхээ дэмэнд явдаг хорвоо шүү дээ. За ахнь эртхэн дөхье.
Хэрэг болбол хэлээрэй гээд өндийхөд Балжид хүүгээ тэврэн босов. Өвгөний замд таван өнгийн гэрэлтэй гөрөөс таарч араас нь дагахад өвгөн тэргээ зогсоон гөрөөсийг хүлээв. Гөрөөс ойртон ирээд өвгөнийг хүн шиг бүлтэгнэн харна. – Охин минь чи төрлөө олохгүй зовж явна уу даа. Өвгөн хүнтэй ярих мэт энгүүн хэлэхэд гөрөөсний нүднээс нулимс бөмбөрөн урсав. – Санаа зоволтгүй ээ. Зовох хоргодох юм юу ч байхгүй. Очих газраа тайван яв. Өвгөн завилж суугаад хээрийн хойморьт арц ууниулж “Мааний ерөөл” хэдэнтээ уншин гурвантаа сэржимдэв. Нэг харахад гөрөөс ор мөргүй алга болсон байлаа. Гөрөөсний байсан газарт зүгээр нэг ясан эвэр хэвтэнэ. Өвгөн эврийг харж сүүрс алдаад тэрэг үрүүгээ аажимхан алхав… … Сэр-Одтой түр тархийн салснаас хойш огт уулзаагүй Бүжмаа гадуур яв маар санагдахад машинаа асаан хөдлөв. “Хаачих вэ? ганцаараа хүний зовлон ямар их юм бэ” гэж бодохоос хоолой нь зангирна.
Хэд хоногоос явж хүүгээ авчиръя. Бархас юу гэдэг ч байсан хамаагүй. Өөртөө гутраад байгаа Бүжмаа ийн бодов. “Хоёрын хоёр хүүхэд гаргасан эх хүн байж арайч дээ. Нэгийг нь жил тойрон эцэгт нь үлдээчихсэн. Нэгнийх нь халуун нүүрийг харж ганц үнсч чадаагүй алдчихдаг. Би ер нь хамгийн золгүй эх хүн”. Ингэж бодохоос Сэр-Одыг үзэн ядах шиг гомдоно. Ихэд өвдөж төрсөн Бүжмаа төрчихөөд хэсэгхэн зуур бие амсхийн унтчихсан байлаа. Нэг сэрэхнээ нь сувилагч түүний дэргэд ирчихсэн юмыг нь эмхэлж байлаа. Бүжмаа өндийж харвал өрөөнд хүүхэд байсангүй. -Миний хүүхэд… миний хүүхэд хаана байнаа? Түүнийг сандчин асуухад сувилагч инээвхийлж – Таныг мэдэж байгаа гэсэн ш дээ. Хүүг тань эцэг нь аваад явчихсан. Харин та одоо энд төрсөн ээж нарын өрөөнд байж болохгүй. Өнөөдөр эмэгтэйчүүдийн өрөөнд хоноод маргааш гараарай гэж эмч хэлсэн шүү. Одоо харин би таныг эмэгтэйчүүдийн өрөөнд хүргээд өгье хэмээн хажуунаас нь дэмнэхэд хачин их гомдол цээж өөд нь зүсч халуун нулимс асгарч гарав. “Ямар муухай хүн бэ? Энэ Сэр-Од. Адаглаж хүүг минь ганц хоног цуг байлгаад ангир уургыг нь хөхүүлээд авч болдоггүй юм байх даа” гэх гомдол үерлэнэ.
Бүжмааг эмэгтэйчүүдийн өрөөнд ороод буруу харан хэвтээд мэгшин уйлахад тэнд хэвтэж байсан гурван эмэгтэй “Хөөрхийдөө. Энэ хүүхний хүүхэд эндчихсэн юм байна” гэж бодоцгоон чимээгүйсууцгааж байлаа. Асрагч тор савтай шөл цай авчирч жижигхэн цаас гарт нь атгуулаад эргэв. “Сайхан хүү төрүүлж өгсөнд баярлалаа. Биеэ сайн бодож сайхан амьдраарай. Бидний холбоо ингээд хэлэлцсэн ёсоор дуусч байна. Би чамд хангалттай төлсөн. Байр машин чинийх. Дансанд чинь амьжиргааны хэдэн төгрөг хийлээ. Биеэ тэнхэртэл хэрэглэнэ биз. Эмнэлэгийн үүдэнд машин чинь байгаа. Чамтай цуг байхад сайхан байсан шүү. Сэр-Од” гэсэн зурвас байв. Хүүгийнх нь талаар юу ч бичээгүй байлаа. “Би яах гэж Сэр-Одын гарт атгагдаваа. Өөрийнхөө зөнгөөр хаа нэгтээ тэнэж, өөрийнхөө хүчээр амьдарах минь яалаа даа. Хайроан хүү минь. Бас хоноггүй эхээсээ сүүнээсээ хагацлаа. Яахаараа би миний хүүхдүүд ингэж зовох ёстой юм бэ? Ааваа…ааваа та яах гэж намайг цагаас эрт энэ орчлонд зовлон дунд ганцааранг минь үлдээв дээ” гутарч цөхрөхдөө Бүжмаа бурханы орон бараадаад удаж буй аавдаа хүртэл гоморхож үзэв. Маргааш нь ямарч эрч хүч амьдарах сонирхолгүй болсон Бүжмаа эмнэлэгээс гарч асар их үнээр олдсон гэртээ ирэв.
Ирээд ямар их ганцаардаж байгаагаа мэдрэв. Хөргөгчнөөс хөлдүү мах гарган ширээн дээр тавьсан Бүжмаа – Зүгээр зүгээр амьдрах болно. Амьдрах хэрэгтэй. Хөдөөнөөс хүүгээ авчирна. Хоёр хүүгийнхээ төлөө амьдрах хэрэгтэй. Тэнхрэх хэрэгтэй гэж үглэнэ. Бархас хүүг минь өгөх болов уу гэх айдас зүрхийг нь ёвчино. Хөх нь саамшин учиргүй чинэхэд “Иш миний хүү уйлж байх шиг байна” хэмээн ганцаараа ярьсан Бүжмаа аяга шүүрч хөхөө сааж гарав. Нулимс сүүн дотор под подхийн дуслана. Бүжмаа хөхөө саан нилээд дундлаад аягатай сүүг цалгиулан тавиад – Энэ муусайн эрчүүд бүгдээрээ өөдгүй амьтад. Адгын шаарууд хэмээн хирдээ чанга хашгираад зөөлөн дэрэнд нүүрээ наан ойчоод цурхиран уйлж гарав. Бүжмаа хөдөлгөөнд оролцсон хойноо “Үгүй ингэхэд би хаачих гэж яваа билээ. Сэр-Одынд очиж хүүгээ харах уу?
Найгаль нүүр өөд ус цацаад хөөж гаргах биз.” Би Сэр-Одынд очих эрхгүй болсон хүн. Гэхдээ Найгаль хүүг минь сайн хүн болгон өсгөж чадна. Би Найгалийн өмнө нүгэлтэй ч түүнийг юутай ч зүйрлэмгүй хүүтэй болгосон. Тэр одоо аз жаргалтай инээж байгаа. Сэр-Од урьдын адил эхнэрээ хайрлаад. Харин би Сэр-Одын хуурамч хайранд сэтгэл алдаж тогтож чадахгүй зовоод. Амьдрал гэдэг дэндүү тоглоом ч юм шиг. Би ямар азгшүй хүн бэ? Ямар хэрэг хийсэн гэж хэнээс нуугдаж явах ч билээ. Зах зээлээр явъя. Бархасаас сураг сонсч магадгүй. Нарансолонгын утас ерөөс холбогдох боломжгүй болчихоод байдаг. Хүүгээ очиж авах арга олбол зүгээрсэн. Бүжмаа ямарч зорилгогүй хотоор баахан давхиад “Нарантуул” зах дээр очиж зээлээр хэсэн нилээд явав.
Зүрх нь ойр ойрхон цохилж, сэтгэл нь цалгилна. Хэн нэгэнтэй уулзах гээд ч байгаа юм шиг. Нарансолонго охин хүүг нь тэврээд өмнөөс нь гараад ирэх юм шиг догдлоно. Нарансолонго хүү хоёр нь гараад ирэх юм шиг санагдан зөрж өнгөрөх олон хүнийг харцаараа баахан нэгжээд танил царай олж хараагүйдээ баахан гонсойсон Бүжмаа харихаар шийдэн захын хаалга чиглэн явж байлаа. Хэн нэгний хүчтэй гар түүний ханцуйнаас угзчин зогссов. “Яанаа Бархас биш байгаа даа” одоо харин Бүжмаа айх шиг болон бушуухан эргэж харав. – Үгүй энэ чинь Бүжмаа юу даа? За сайн уу? хүүхээ. Нэг л танил царай. Энэ яалт ч үгүй Бархасын найзуудын нэг. –

Сайн. Сайн байна уу? та. – Чи намайг таньж байна уу? би Даржаа байна. Баруун Баянгын – Аа тийм л дээ. Нээрээ. Та хэзээ ирсэн юм бэ? – Би өдөр болгон энд ирдэг юм. Чамтай таарах юмсан гэж их хүсдэг юм. Нааш ир. Ярих юм их бий дээ. Даржаа зугатчих вий гэх шиг Бүжмаагийн баруун шуунаас лав гэгч нь атгаж хүний хөлөөс зайдуухан газар хөтлөн аваачив. “Цаад Бархас нь намайг тааралдвал үг сүггүй чирээд ир гэсэн юм байгаа биз. Одоо та нарын өмнө тэгж аймхай туулай шиг дальдчих цаг өнгөрсөн. Арай Бархас уруу намайг аваачих гэж байгаа юм биш биз.”