
Чи одоо хайчих гэж байгаа юм бэ? – Нэг арга олдож таараа. Шөнөжин алхаж арга бодож олно. – Тэгээд нэмэргүй ээ. Харваас чи ядарчихсан байна.
Чи амрах хэрэгтэй. Манай ээж найзуудтайгаа амралтанд явчихсан. Чи манайд хоночих. – Чи надаас айхгүй байна уу? – Анх сонсоод мэдээж айж балмагдсан. Харин чамайг ганцаардаад шаналаад байгааг чинь
хараад ганцаардлаас чинь салгамаар санагдаад. – Би аавыгаа гаргах хэрэгтэй байна. – Харин тэгээд хоёулаа ярилцаад шийд гаргая л даа. Шөнө ганцаараа даарч алхсанаас дээр байх. Би бас ганцаардаад байна.
Охины халуун дулаан үгийг сонсч сэтгэл овоо тайвширсан Цэнгэл Халиуныг даган гэрт нь оров. Тэр хоёр шөнөжин ярилцаж өмгөөлөгчид хандан хууль зүйг зөвлөгөө авахаар тохиролцов. .. …
Балжид харих замын туршид яарсаар явлаа. Морио байн байн ташуурдана. “Яанаа Бархас үхчихвэл би яадаг билээ. Ханилснаа хар газарт цоожилж, хавьтсаныхаа амийг алдах нүгэлт хүн юм гэж үү. Хоёр охин маань тангараг тасраад явчихлаа. Хүү минь юу хийж, яаж
яваа юм бол доо. Нутгынхан манайхаао шагайхаа ч болилоо. Өдрөөс өдөрт тэсч тэвчихэд ч бэрх боллоо. Мэргэн гуай нөлөөлж чадахгүй юм шиг байна. Миний амьдрал бүр там болж хувирлаа гэж үү” бодох тусам бодлоосоо айх шиг бие нь заралзан Балжид хурдхан харихыг л
чухалчилж явлаа. Балжидыг орж ирэхэд Бархас зөөлөн ёолж байлаа. Балжид хүндээр амьсгаадсаар өмнө нь очиж -Яаж байна хө гэж зөөлөн хирнээ аргадангуй асуув. – Гайгүй ээ хө. Би яах вэ? үйлээ дагасан өөдгүй хүн. Харин чи өвдөж болохгүй шүү. – За ашгүй дээ. Чи минь овоо ярьж байх шив дээ. Би ямар их айваа. Мэргэн гуай чинь их увидастай хүн юм. – Чи тийшээ яваад ирж байна уу? үгээ сунжруулан хэлсэн ч Бархас хамаагүй дээрдсэн байлаа. Сэтгэл амсхийн баясаад явчихсан Балжид яарч сандчин галаа түлж номч өвгөний хэлсэн ёсоор бүгдийг дараалан хийв. – Чи хүүгээ хаана орхисон юм бэ? – Гомбынд байгаа.
Би одоо аваад ирнэ. Санаа зоволтгүй ээ хө. – Балжидаа чи зовох юмгүй надад үнэнээ хэлээрэй. Миний хажууд чамайг зовж байгааг чинь мэдэж байна. Чи явмаар байгаа бол надаас хэрэгтэй юмаа аваад тусдаа гэр оронтой болбол болоорой. Надад чамаас харамлах юм байхгүй. Чи бид хоёрын хоёр биенээ гэх хайр сэтгэл асар их үнээр ирсэн ч зовлон дуусах болоогүй бололтой. Би чамайг зовоохыг хүсэхгүй байна. Надад ч бас амьд явах хоног маань цөөхөн бололтой. Чамаас ганц зүйлийг хичээнгүйлэн гуйя. Чи миний хүүг гараасаа битгий холдуулаарай. Миний нүглээс хар нялхаараа өнчирсөн амьтан. Бархас ихэд ядран байж дээрхи үгийг хэлсэнийг Балжид мэдсэнгүй. – Чи тэгээд намайг гэрээсээ яв гээд байгаа юмуу? – Миний дэргэд хүү та хоёр зовох гээд байна ш дээ Балжид минь. Өөрийг нь гэж чин сэтгэлээсээ хичээгээд байхад ойлгоогүйд нь Балжид гомдон нулимсаа арчив. – Анхнаасаа чи намайг ойлгож байгаагүй дээ. За за чамайг би сайн ойлголоо. – Чи битгий гомдоллоод бай. Би чамайг тулж ирээд байгаа хүнд зовлонгоос холдуулах гэж ингэж хэлж байна. – Юу яриад байгаа юм чи. Яах нэж чи намайг айлгаад байгаа юм. Хаана юу тулж ирчихээд байгаа юм бэ? Балжидын хоолой зангиран нулимс сулдаа асгарна. – За Балжидаа миний хайрт битгий ингэж цөхөрч гомд. Яг үнэнийг хэлэхэд би чамд хайртай байсан учраас чамтай сууж чадаагүй дээ өөрийн хоёр эхнэрээ хайр найргүй зоддог байсан бололтой. Би чам уруу тэмүүлдэг байсан. Энэ үнэн шүү Балжидаа. –
Тэгээд тэгээд одоо яачихаад байгаа юм. Одоо тэгээд тэд нар шигээ намайг зодооч. Би зодуулаад ч хамаагүй чамтай цуг баймаар байна. – Чи минь их зовно шүү дээ. Зовлон манай гэрийн босгоны дотор орж ирчихээд байна. – Надад одоо чамаас өөр хэн ч алга. Нөхөр минь шоронд орчихсон. Хоёр охинтойгоо тангараг тасарсан. Толгой хоргодох орон байхгүй би хаачих юм бэ? Бас нялх хүүхэд тэврээд шүү. – Би чамайг та хоёрыгоо бүх юмаар хангаад өгнө шүү дээ. – Яаж ч зовдог байсан хамаагүй. Би чамтай хамт байна. Би дахиж хувь заяаны ч тэр, амьтан хүний ч тэр доог тохуу болмооргүй байна. Чи…чи намайг яагаад хөөгөөд байгаа юм бэ? Балжид уйлан байж Бархасаас салахгүй гэдгээ хэлэв. “Аргагүй дээ хөөрхий. Үнэнийг хэлэхэд бид хоёрын хоёулангын маань амьдрал сүйрлээ. Энэнийг минь хүүхдүүд ч нь орхилоо. Хэзээний намайг гэдэг хүн. Бас муу хүү минь. Би гэж эргүү амьтан эхийг нь зодож хөөгөөгүй бол өдийд миний хүү ямар жаргалтай байх байсан бол. Муу охин минь Бүжмаад жигтэйхэн сайнсан. Бүжмаа байсан бол өдийд амьд байх ч байсан юм уу хэн мэдлээ. Хөл минь хүйт дааж үхжиж байх шиг байна. Энэ Балжид мөн үйлтэй хүн ээ. Миний үхлийг үзэх гэж надад хоргодоод байгаа юм байх даа. Муу хүү минь яасан хэцүү тавилантай юм бэ дээ. Цор ганцаархнаа өнчирч хоцрох нь дээ. Яадагшуу ч юм билээ дээ”. Бархас дотоод сэтгэлдээ ихэд шаналж тарчилж хэвтлээ. –
Даржаа гэртээ байна уу? хө. Балжид дүрэлзүүр зангаар гомдож уурлаад дуугарсангүй. “Энэ одоо бодит байдлыг даанч ойлгохгүй хүн юм даа. Арван наймт биш дээ. Туньж, уурлаж байгааг нь .даржаатай нэг уулзаж энэ хоёрыгоо захих юмсан”. Бархас хөлөө хөдөлгөх гээд чадсангүй. Балжид өмнө нь цай авчирч тавиад гараад явчихав. Төд удалгүй хүүг тэврэн орж ирэв. Хүү Бархасыг харн мушилзан инээхэд Бархас нэг их баярлав. “Хөөрхий миний хөөрхөн хүү. Инээж байгааг нь” Бархас хүүгээ харан хэвтэхдээ Бүжмааг бодон нэг их шаналав. “Амьд мэнд яваасай билээ хөөрхий минь”. Бархас гэнэт өөрийгөө үзэн ядах шиг болов. Энэ хавар Бархасын нэг мянга гаруй малаас арван хуруунд тоологдох цөөн хэдхэн мал үлдэв. Хамаг малаа алдсан Бархас ихэд харамссан ч бие нь улам дордсоор байлаа. .. … Нэгэн он яах ийхийн зуургүй улиран оджээ. Найгаль нөхрөө хүлээн цонхоор харан зогсоно. Нярай хүүхдийн цочин часхийн орилох дуунаар ухасхийн цаад өрөөнд оров. Нөхөртэй нь дэндүү адилхан мантгар цагаан хүү өлссөн бололтой дээш харан уйлж байлаа. Найгаль ихэд сандарч хүүгийнхээ тэжээлийг халаангаа хүүг авч тэврэн зөөлөн бүүвэйлэв. -Өө миний хүү өлсчихсөн үү? Ээж нь одоохон сүүг нь халаагаад өгье. Бүүвэй. Бүүвэй.
Сэр-Од хүүдээ Идэр хэмээн нэр хайрлажээ. Дөнгөж төрөөд ганцхан хоногтой гар дээр нь ирсэн энэ мантгар цагаан хүүд Найгаль жигтэйхэн хайртай. Идэрийг дөнгөж төрмөгц төрсөн эхэд нь нүүр царайг нь харуулалгүй өлгийдүүлж Найгальд авчирч өгчээ. “Уг нь Идэр надаас гарсан бол” гэх бодол хааяа төрөвч “За хэн мэдэх юм бэ? Сэр-Од бид хоёроос өөр хүн мэдэх ч үгүй” хэмээн өөрийгөө тайвшруулна. Хүүг ирсэнээс хойш Найгалийн Бүжмаад гомдох, үзэн ядах сэтгэл нь багасчээ. Харин ирээд хүүг минь булаацалдах вий. Хүүгийн талаар элдэв үг яриа тараах вий. Нэг тийш нь зайлуулах юмсан гэж битүүхэн бодох болжээ. Нөхөр нь Бүжмаагийнд очоод алга болчихдог нь багасч ер нь тийшээ явахгүй байгаа ч Найгалийг үл тоомсорлох нь хэвээр. Мөр цээж нь ил хувцасласан охидтой хоолонд орж байж Найгальтай хэдэнтээ таарчээ. Бээжинд ажилласан нэг жилийн хугацаанд Сэр-Одын ажлын цар хүрээ өргөсч тэр хирээрээ хөрөнгө чинээ нь ихэссэн гэдгийг Найгаль мэдэж байлаа. Найгаль хүүгээ хооллочихоод хүүтэйгээ гангар, гунгар хийн хэсэгхэн жаргав. Толгой нь эргээд нэг биш тул хүүгийнхээ хажуугаар хэсэг хэвтэв. “Ядраад байгаа юм байх даа. Толгой эргээд байх боллоо” цаг оройн арван найман цаг дөхөж байх тул Найгаль босч хоолоо бэлтгэв. Хоолны үнэрээр учиргүй бөөлжис нь цутгаж баахан огиулав. Нулимс нь асгарч хамаг бие нь сулбайх ажээ. Найгаль нөхөртөө хоол хийж тавьчихаад өөрөө аяга хоол ч идэх тэнхэлгүй болон хүүгийнхээ хажуугаар унаад өгөв.
Хоёр чих нь шуугиж, тогой нь задарчих шахам өвдөнө. “Яанаа ханиад хүрчихсэн юм биш байгаа даа. Хүүдээ ханиад өгчих вий дээ.” Өөртөө ингэж айна. Шөнийн хорин хоёр цаг өнгөрч байх үес нөхөр нь үл ялиг халамцуу орж ирэв. Урьдын адил Найгальтай сүжирч энэ тэр болсонгүй. Усны өрөөнд орж нүүр шүдээ угаачихаад хүүгээ өхөөрдөн хэсэг үнссэнээ хөнжилдөө оров. – Ханиа чи хоол идэхгүй юм уу? – Үгүй ээ би ядраад байна унтах минь. Өглөө эрт ажилтай. – Тийм үү? Уг нь би хоол хийчихээд хүлээгээд байсан юм. – Идэхгүй гээд байна ш дээ. Чи ч гэсэн амраач. Хүүхэд унтаж байгаа дээр. – Өнөөдөр миний бүр бие өвдөөдөө. Толгой задарчих гээд. Огиулж бөөлжөөд. Хамаг бие сулбайгаад байхюм. – Салгалсан юмаа. Ханиад хүрчихсэн юм биш биз дээ. Тэгвэл хүүхэд ханиачихна. – Харин тиймээ. Яадаг юм билээ дээ. Найгаль сулхан өгүүлээд авчирсан аягатайгаа барин цааш эргэв. Сэр-Од гэнэт түүнийг дотроо өрөвдөх шиг болов. “Ойрд Бүжмааг бодон шаналсаар энүүнд баахан уцаарлах боллоо. Үр төрүүлээгүй гэж энүүнд хатуурхаад одоо яах ч юм билээ дээ. Бүх юм өнгөрчихөөд хүүхэд манайх боллоо.

Уг нь сайхан хүүхэн. Одоо харин нүдний өмнө хатаж эхэллээ дээ. Бүжмааг мартах гэж их шаналж байхад чинь энэ адаглаж ингээд байх юм. Бүжмаа ч сайхан бүсгүй шүү. Түүнтэй амраглах сайхан. Түүнээс авах юмаа авчихсан. Одоо тэр надад хэрэггүй ч түүнийг бодохгүй өнгөрөх нэг өдөр надад алга. Би хайртай болчихсон юм шиг. Түүнийг мартах гэж хүүхнүүдтэй цэнгэж үзлээ. Нэмэр алга. Энэ муу Найгальд бүх уураа гаргах юм даа зайлуул. Хүүд минь жигтэйхэн хайртай. Тэгэхгүй гээд ч яах билээ. Өөрөө гаргаж чадахгүйгээс хойш” – Найгалиа унт унт. Чи бас ядраад байгаа байх. Нөхрийнхөө зөөлөн халамжлах аястай дуунд Найгаль ихэд баярлан орж ирэв. Нөхөр нь буруу харан дугжирч эхлэх нь тэр. Дахиад бөөн гомдол хоолой өөд нь цоролзовч Найгаль түүнээ мэдэгдэхгүйг хичээн унтахаар хэвтэв. Бүжмааг ирсэн цагаас хойш нөхрийнх нь Найгалийг гэх сэтгэл алга болсон. Бүжмаа надад ямар их гай чирч ирэвээ. Найгаль нөхрийнхөө амгалан нойрсох чимээг сонсон дүйрэн өвдөх толгойгоо атгалан хэвтэхдээ Бүжмааг буруутгаж нэг үзэв. “Больё. Больё хүний сайхан үрийг авчихаад муутгаад яах вэ? хүүхдийн заяа гомдоно. Харин түүнийг яаж холын холд зайлуулах вэ? Бүжмааг холдуулах хэрэгтэй харин яаж…Бүжмааг энэ хотоос зайлуулах хэрэгтэй. Хүүг минь надаас хулгайлчихвал яана. Хулгайлдаггүй юмаа гэхэд хүүхдийн сэтгэл санаа хоёрдуулаад байвал хэцүүеэ.
Үгүй. Үгүй энэ хүүхдийн ээж бол би. Бүжмааг энэ хотоос бүр Монголоос зайлуулах хэрэгтэй” түүний энэ хар бодлыг мэдэх мэт өлгийтэй хүү цочин часхийн орилов. Цонхоор цухуйх цонхигор саран хүүхэд, Найгаль хоёрыг гэрэлтүүлнэ. Тэр шөнө хүүхэд шөнөжин уйлагнаж хонов… … Суварга цагаан уулын савдаг хоёр болчихож. Эвэр нь таван өнгөөр солонгорсон хоёр гөрөөс явдаг гэнэ. Нэг нь Бархасын өвөлжөөний урд ирээд удтал зогсдог гэнэ. Арай Бархасын талийгаач охин уулын савдаг болчихсон юм биш биз. Бархас их нүгэл хийсэндээ. Нүгэл нь нүдээрээ гэж яг үнэн юм даа. Одоо өрөөсөн тал нь татанхай хэвтрийн хүн болчихлоо. Муу Дансран арайхийж нэг шоронгоос гарах шив дээ. Мөн тэнэг хүн шүү. Энэ Дансрангын хүү харин бас яах вэ? эр хүн хийсэн хэргээ хүн шиг хүлээгээд эцгийгээ гаргачихдаг. Энэ Балжид муухай хүн шүү. Хүүгээрээ охиныг нь алуулчихаад Бархастай сууж байдаг.
Мөн цайчихсан хүн шүү. Хөрөнгөнд нь болж байхгүй юу. Балжид ч хар хаяатай хүн дээ. Харахгүй юу Бархас өөрөө ямар байна. Хамаг мал нь зуданд хиарчихлаа. За энэ яах вэ. Цаана чинь бүр аюул боллоо. Нутгийн найман жижиг гол ширгэчихлээ. Хайрханы зүүн биед байдаг ганц мод хувхайрч дороос нь том хар могой гарч ирж амьтан хүн айлгах боллоо. Тэрүүгээр явсан хүний морь тушигддаг, машины дугуй хагардаг боллоо гэх яриа айлаас айлд, хүнээс хүнд дамжин хуурай өвсөнд гал тавих мэт дэлгэрэн түгэх болов. Намрын сүүлч сарын нэгэн хохилзуур өдөр усанд явсан Төмөр хүү голын эрэг дээр ухаан алдчихаад хэвтэж байна гэх чимээнээр номч өвгөн Мэргэн гуайн хот айлынхныг түгшүүр бүрхэн авах нь тэр. Даржаа машинаасаа царай нь хөхөрч ухаан алдсан хүүгээ тэврэн гарч шуудхан хадам эцгийнх үрүүгээ уухчин оров. – Ааваа … хүү ийм болчихож. Айж, сандарсанаас Даржаагийн хоолой чичигнэн сааралтаж байлаа. Мэргэн барьж суусан эртний хаадын “Алтан товч”-ийн хураангуйг өмнөх ширээнээ тайван тавиад нүдний шилнийхээ дээгүүр ач хүүгээ хараад босохоос төвгшөөн ач хүүгийнхээ дэргэд мөлхөн ирээд баруун гарынх нь алгыг алгаараа тэмтчин илж үзэв. Төмөрийн алга хүв хүйтэн байлаа. “Хүүгийн минь сүнс биед нь алга. Халаг гэж ийм юм болох гэж”. Өвгөн уруул өмөлзүүлэн өөртөө бодов. – Даржаа чи яваачээ. Эмч авчраач! Миний хүү … өө … яаж орхивоо хүү минь. Чимэд хашгичих сонсдов. Даржаа хадам эцэг өөдөө ус гүйлгэнэсэн нүдээр харна. Аөвгөн үл мэдэг санаа алдаж –
Алив Чимэд минь наад дуугаа аядаач! Уйлж ориллоо гээд чи юуг өөрчилж чадах юм бэ! Гар цаашаа. Цаад ажил төрлөө янзлаач гэж зандрахад Чимэд нулимсаа арчаад гарав. – Одоо яах вэ? ааваа. Хүү минь гайгүй байгаа. – Хүний гарз гарчих гээд байна. Хүүгийн сүнс биеийг нь орхиод дээшээ биш газраар төөрч яваа бололтой. Цаг алдах юм бол осолтой. Чи гараад бүх тогоогоо доош харуулаад хөмөрчих. – За тэгье. Сүүтэй тогоогоо яах вэ? – Сүүгээ сулла. Бүх тогоогоо хөмөр. Хүүгийн биеийг надад аваад ир. Мэргэн гуай Төмөрийн биеийг барьж үзэхэд өвдөгнөөсөө доош хүйтэн байлаа. “За болохоо ч болилоо доо. Хүн доошоо хөрнөө гэдэг газрын хар сүнсэнд сорогдож байгаа хэрэг. Харин хөлөөсөө толгой уруугаа хөрвөл тэнгэрийн оронд зорьж байгаа нь тэр”. Сүлдийг нь яаравчлан тогтоох хэрэгтэй. Мэргэн өвгөн өмнөө зэс тавганд дүүрэн ус хийж Төмөрийн бүсийг баруун гартаа атган хүүгийн сүлдийг дуудаж эхлэв. Зэс тавган дахьус долгилон хөдөлж аажмаар цагаан хөөс сахруулан тавгаа халин эргэлдэхийг Даржаа нүдээ томруулан харж суулаа. Өвгөн хүүгийн өвдгийг барьж үзэхэд дээшээ бүлээн оргиж байв. Өвгөний сэтгэл амрав. Энэ үед төмөрийн цонхийсон царай засран хацарт ягаан туяа татаж эхлэв. Төмөр дотоод сэтгэхүйдээ ихэд ядран амьдүйн тэмцэж байлаа. Төмөр гэнэт ихээр дааран өвс адил хөнгөн болсоноо мэдрэв. Намрын хүйтэн салхинд хөөгдөн Баянгийн голыг уруудан хийснэ.

Цаас ч юмуу өвс шиг хөнгөн болсон санагдана. Хажууд нь могой шуухирах сонсдон нөгөөх хар могойн ам түүнийг угтан залгих мэт ойртоход Төмөр яаж ч чадалгүй тийш чиглэв. Гэнэт их дуун гарч уул нүргэлэх шиг болохуйяа айж дагжсан Төмөр нэг модонд наалдан тогтов. Хаанаас ч гараад ирсэн юм бэ хагацаж одсон Нарансолонго охин могойн амыг том чулуугаар тэвхдэн босч байлаа. Төмөр ихэд баярлан Нарансолонго хэмээн тийш хийсэв. Нарансолонго түүнийг цаашаа бай гэж гараараа дохин хориглоод өмнө нь том чулуу авчран тавив.