
Үгүй чи чинь уйлаад байна уу. Бархасаа чи согтож байна шүү дээ. – Тиймээ. Би уйлмаар байна. – Муу ёр байгаа даа. Наад хар усаа татаач дээ. – Муу юм архинд байгаа юм бишээ. Бархаст байгаа юм. – Үгүй ер.
Тэр хоёр ийн толхилцоод дахиж хоорондоо үг солилгүй дуугаа хураан харуй бүрий орчныг нөмөрмөгц унтахаар хэвтэцгээв. Бархасын нойр хүрсэнгүй. Архи уугаад ч нэмэр болсонгүй. Баруун орон дээр Балжид
хүүхдийн хамт жигдхэн амьсгалах нь сонсдоно. Шөнө дунд болсныг илчлэх мэт тоонон дээр нь ихэд гэрэлтэй цагаан одод цайвалзана. Бархас дээшээ харан зүүн гараа элгэн дээрээ тавьж тэр цолмон цагаан
ододыг харан хэвтэнэ. Охиных нь инээмсэглэл шиг шөнийн харанхуйг гэрэлтүүлэн яралзах жижиг цагаан одод түүнд их дотно хирнээ дэндүү хол бас хүйтэн санагдана. Гэнэт ямар нэг амьтны шуухирч исгэрэх
сонсдож Бархасын зүүн хөлөөс хүйт даан тэр хүйтэн яах ийхийн зуурдгүй дээшлэн толгой нь хүндэрч амьсгалж боломгүй цээж давчдуулахад Бархас өндийхшүү аядан өөртөө ихэд бачимдан сандрав. Нүднийх нь үзүүрт хоёр цийлгэр ногоон гэрэл ёлтолзон ямар
нэг амьтны түүнийг заналхийлэн ойртох сонсдов. Харанхуйг зүсэн могойн толгой цогнойн өндийн цийлгэр хоёр нүд гэр доторхыг нэгжин тэмтчин буйг Бархас зөнгөөрөө мэдрэв. “Аа цусаар урс. Нөгөө муу хөсрий могой намайг идэхээр ирж. Идэж л байна биз. Намайг идэх хооронд Балжид хүүг минь авч нэг чигээ олно байлгүй” гэж бодсон Бархас “Балжидаа хө болохоо байлаа шүү. Могой ороод ирж. Намайг идэх хооронд чи минь хүүгээ аваад амь дүйж үз” хэмээн хэлэх гэсэн боловч уруул нь эс эвэлж дуугарч чадсангүй. Эцэст нь тэрээр могойн идэш болохоор хамаг биеэ хүчлэн орны урдуур газарт хүчлэн бөмбөрч унав. Нүүр нь хөхөрч хамраас нь цус горхилон урссан Бархас босох ч тэнхэлгүй орных нь өмнө хэвтэнэ. – Пээ мөн хүн хэлээд гуйгаад байхад хар ус шунаглаж гудраад байсан орондоо ч тогтож унтахаа болих нь шив дээ.
Чамайг ингээд үхчих юм бол намайг улс амьтан чиний эд хөрөнгөнд шунаад алчихаж гэж хэлнэ. Чамайг орноосоо уналаа гэхэд хэн үнэмших билээ дээ хэмээн ихэд цөхрөнгүй үгэлсээр хүүхэд тэврэн ойртон ирэх Балжидын дууг сонсоод Бархас ухаан алдав … … Зөөлөн сэвшээ салхинд нүүрээ илбүүлэн алхахсан гэж гэнэт хүсэмжилсэн Найгаль амьдарч буй дээд зиндааны харшийн үүдийг зөөлөн хаагаад гарав. Их хотын гэрэл сааралтаж бүүдийн харагдахад “Улаанбаатар минь утаатай цэлмэг цэнхэр тэнгэр бас харагддагсан. Энэ Бээжингийн тэнгэрт манай Улаанбаатарынх шиг хөх тэнгэр огт харагдахгүй юм” гэж нэг их чухалчлан бодоод гүн санаа алдав. Найгаль нөхрийн хамт Бээжинд ирээд хэдэн сарыг өнгөрөөж буй нь энэ. Нөхөр нь хэд хоногийн өмнө Монгол уруу ажлаар явчихсан тул Найгаль ганцаардлаа барж ядан яваа аж. За тэгээд нөхөр нь ирлээчиг. Хамт байлаачиг Найгалийг чухалчлан баясгах нь ховор тул байснаас байгаагүй нь ч дээр юм шиг. Нэг бодлын Сэр-Од өнөөх Бүжмаатайгаа нялуурч хэвтээ биз гэж хар хорын бодолд тарчлах нь бүр ч хэцүү байлаа.
“Ингэж зовж явсанаас ер нь Сэр-Одоос салчихвал яасан юм бэ? Болохгүй ээ. Болохгүй. Сэр-Од угийн хүн чанар муутай өөдгүй амьтан. Аав, ээжид минь өгсөн байраа авчихсан. Нас нь өтөлж яваа аав, ээж хоёр минь гэр оронгүй яах билээ. Байр байтугай хашаа байшин худалдаад авчих мөнгө байх биш. Дээр нь дүү нар минь ажилгүй болчихно. Бүгдээрээ зовж байснаас би ганцаараа зовж явах минь. Баян хүний дүртэй хангалуун амьдралын дотор зовж ганцаараа тарчилж явах шиг зовлон ер нь байдаг болов уу. Ер хүн болгонд байдаг тэр жаргалыг бурхан яагаад ганцхан надаас харамлана вэ? Хэрэв би хүүхэдтэй бол ямар сайхан байх бол. Ай бурхан минь орчлон ертөнц дээр хуурамч амьдрах гутамшиг алга даа. Энэ орчлонд хүнд итгэж туслана гэдэг ёстой хэрэггүй юм байна. Багын ганц найзаа гэж би Бүжмаад яаж сэтгэл гаргалаа. Түүний хариуд нөхөр минь түүнийх болчихдог.
Асар их гомдол хоолой өөд нь гашуун оргиулан дээшилж хоромхон зуур нүд нь чийгшин бороошино. Утас нь чичигнэн хөдлөхөд нөхрийгөө байх гэж горьдсон Найгаль хурдхан утсаа авав. Хадам аав нь ярьж байв. Найгаль дурамжхан утсаа авав. – Байна уу? – За миний охин сайн уу. хоол ундандаа сайн байгаа биз. – Сайн байгаа ааваа. Таны бие сайн биз дээ. – Ярилтгүй сайн байгаа. Жирэмслэлт хэвийн сайн явагдаж байгаад аав нь баяртай байгаа шүү. Витаминлаг чанартай сайн хүнс хэрэглэнэ шүү. – Баярлалаа ааваа. Би сайн хүнс хэрэглэж байгаа. Сэр-Одын ажил дуусч байгаа болов уу. – Охин минь ганцаараа байна уу. аргагүй аргагүй. Аав нь Сэр-Одыг аль болохоор хурдан буцаанаа. Өнөөдөр ярилцаж байгаад маргаашнаас буцаая даа. Ерөөсөө миний охин хэд хоног нааш ирж биеэ сувилуулах юмуу. Хадам эцгийн үгийг сонсоод хирдхийн цочив. – Яах юм бэ! Ааваа энд би зүв зүгээр байна. Бээжингийн ардын эмнэлэгийн хамгийн сайн гэсэн эмч нарт үзүүлсэн. Ямар ч хүндрэл байхгүй хэвийн сайн төрнө гэсэн. – За тийм бол яах вэ. Ер нь нутагтаа эндээ ирж төрнө шүү. – За ааваа тэгнээ. Ааваа Сэр-Од танайд байгаа юу. Гэртээ байгаа юу. – Гэртээ байгаа. Ирсэн оройгоо надтай нэг уулзаад ажил амжихгүй байна л гэх юм байна ш дээ. –
Баяртай ааваа. Та биеэ бодоорой! Найгалийн хоолой зангирч хурдхан яриагаа дуусгахыг чухалчлав. Хадам эцэгтэйгээ ярьж дуусаад гүнзгий санаа алдсан Найгаль хиймэл гэдсээ харан гомдолтойёо уруул өмөлзүүлэв. Хариг хатуу зантай Найгалийг нэг үгээрээ ч харах дургүй хадам аав нь түүнийг жирэмсэн болсныг дуулсан цагаас хойш хайлсан тугалга мэлтэлзэн хайрлах болсонд Найгаль бас зовино. Түүнийг жирэмсэн болсон гэж итгэн чин сэтгэлээсээ хөөрөн баярлаж ачаа хүлээн догдлох хадам эцгээ хуурч байгаадаа Найгаль үнэхээр гутарч байлаа. Хэрэв хадам аав нь энэ гашуун үнэнийг мэдэж бэрээ жирэмсэн биш гэдгийг мэдвэл чухам юу болохыг Найгаль сайн ойлгож байлаа. “Бурхан минь бодох ч юм биш” гэж гэмшингүй бодоод цааш алхав. “Аав ч яах вэ. Зайлуул ачтай болно гэж баярлаад нисэх гэж байгаа. Аавыг ингэж хуурч намайг эвгүй байдалд оруулах Сэр-Одод тийм л хэрэгтэй юм байх даа. Очоод дөрөв, тав хонож байж аавындаа ганц хоноогүй байх даа яах вэ дээ. Бүжмаагаас холдож чадахгүй тэврэлдэж хэвтээ биз” бодох тусам уур нь хүрч, уур хүрэх тусам гомдол хуралдана.
Сэр-Одтой унтаад Бүжмаа жирэмсэлчихсэн юм бол үргүйдэл надад байна” гэх бодол гэнэт төрөхөд хар аяндаа цийлэлзэн асгарах гээд байсан нулимс нь сад тавин үерлэв. “Бурхан минь яасан өөдгүй заяа муутай хүн бэ? Найгаль өөртөө ихэд гутарч байлаа. Дахиад утас нь дуугарахад тэр утсаа яаран авав. Дүү нь ярьж байлаа. – Байна уу? – Сайн уу эгчээ. Та сайн уу. Эгчээ та жирэмсэн болсон гээ биз дээ. Дүүгээ шулуухан ингэж асуухад Найгаль хариулж чадахгүй эг, маг хийв. – Байна уу. Эгчээ та сонсч байна уу. яанаа гэх айдас төрж зүрх нь бэлбэлзэнэ. – Байна. Байна. Чи бас сонсоо юу. Хэн та нарт хэлдэг байнаа. – Хэн байх вэ. Танай нөхөр. Миний бүр шал дурүй хүрээд. – Юунд чи чинь юу яриад байна. Хэнд чиний дургүй хүрсэн гэж … жирэмсэн боллоо гэж үү. – Үгүй ээ. Танай нөхөрт … Сэр-Одод миний дургүй хүрээд байна. – Сэр-Од тэгээд яасан гэж… Чи бас яачихаад намайг зовоогоод байгаа юм бэ? – Энэ нэг балай юм чинь нэг хүүхэнтэй хамт яваад байх юм. Ядаж байхад цаадах нь жирэмсэн. Энэ Сэр-Од ер нь жаахан юмтай байхаа. Очиж, очиж жирэмсэн хүүхэнтэй. – За за. Ажил төрөлтэй л яваа биз. Чи дан хов ярьж байх юм. Битгий ийм юм надад яриад бай! Дүүдээ ихэд уурлаж бачуурсан Найгаль шууд утсаа таслав. Нулимс хацрыг нь даган шудран асгарна. “Муу тэнэг дуугүй байхад яадаг байнаа. Намайг ингэж зовоохын хэрэг юу байна. Өөрийг нь ажил төрөлтэй байлгах гэж энд хүн өөрийгөө золиосолж зовж ядаж байхад”.

Найгаль дүүдээ гомдож нэг үзэв. “Сэр-Од, Бүжмаа хоёрын явдлыг бүх хүн мэднэ дээ мэднэ. Тэр цагт эцгийгээ хуурсан нүглээ хариуцдаг юм байгаа биз. Сэр-Од тэгэж яваад аавтайгаа таарчихаасай! Асар их гомдол Найгалийг боомилж байлаа. Надаас яагаад хүүхэд гардаггүй байнаа . . . . . . Үүрийн цагаан гэгээ тооноор өнгийхийг өлийж харсан Мэргэн өвгөн өмнөө байх мөнгөн аягатай хүйтэн сүүг авч залгилаад өөртөө инээмсэглэв. “Сайхан сүү, цагаан сүү” халуун оргин алжааж сульдаад байсан дотрыг онгойлгож, уураг тархийг сайхан сэргээж байна шүү. Хүн сүүгээр амалж сүүний өнгөөр өтөлдөг орчлонд уг жаргах ёстой юм шиг атлаа юуны түрүүнд зовлонг шүүрэх дуртай болчихсон нь харамсмаар. “Суварга цагаан” уулын эзэн дагуултай болж. Хайрханы эзэн савдаг цагаан толгойтой буурал эмгэн харагдаж байна. Сүү будаанд дуртай энэ хайрханд адаглаж сүү өргөх амьтан ховордож. Энэ савдаг чонын дүрд хувиран хаа нэг амьтан хүнд харагддаг байсан бол одоо гөрөөс болоод энд тэндгүй үзэгдэх боллоо. Хайрхан уулын эзний хүч чадал хомсдож хүнээс тусыг олохыг хүссэн бололтой.
Уулын хойд биед баахан хятад алт ухаж төнхөж байгаа. Тэсэлж, дэлбэлэх уулыг сээдийчих нь ихэслээ. Ядаж байхад шидэт модны мөчрүүдийг нь хугалж нүцгэлэн баахан буудаж газар, усны хорлолыг бөөгнүүлчихдэг. Газрын хараал биелэлээ олж хорт могой болчихоод амьтан хүн амдан суудаг уулын эзэн савдагийн дагуул залуухан эмэгтэй чихэр жимсэнд дуртай гэж жигтэйхэн. Чихэр жимс өргөлд тавих хүн ч алга. Нохой тахилчтай энэ хайрханы баруун дор ямар үйлтэй нь бас нохой буудчихсан байдаг юм. Энэ нүгэлтнүүдийн гайгаар нутгийн хоёр ч гол ширгэх аюулд хүрлээ. Газрын тэр хараал хар могойг дарах нь чухал байна. Миний бясалгалын хүч хүрэх үү. Хүрэхгүй бол муу амьтан улам омогшиж үр удмыг минь сүйтгэх болно. Дарах хэрэгтэй. Тэр муу амьтнаас болж нутгийн олон хүн зовох болчихоод байна.
Номч өвгөн бодолд автан суусаар байлаа. Хотын ноход шуугиад явчихав. Хүн ирж буй бололтой. Төд удалгүй үүдэнд хүний ярилцах чимээ гарч үүд онгойн нөмгөн дээлтэй Чимэд, Балжидыг дагуулан орж ирээд – Ааваа Балжид таньтай уулзана гээд байна. Та чинь шөнө унтаагүй юмуу. Ядарчихна шүү дээ гэсээр ойртон ирэв. Нүд нь улайж бэлцийн хавдсан Балжид ихэд шаналсан дорой дуугаар дуугарч Мэргэнийг царайчлангуй харж – Сайн байна уу та. Мэргэн гуай минь би бүр балраад явж байна. Та л нэг тус болж үз гэсээр өмнө нь лагхийн суув. Мэргэн гуай Балжид уруу өлийн харж – Юу болоов дээ хүүхээ. Сандарч тэвдээд юу хийх вэ. Тайвшраад ярь. Алив Чимэд минь хурдхан цай чанаад орхи хүүхээ. Хар үүрээр жавар сөрөх тийм амаргүй. Даарч хөрөө биз. Сайхан халуун цай уулга гээд Балжидыг харан дуугаа хураав. Чимэд аавындаа гал түлчихээд цай чанахаар гэр үрүүгээ оров. Даржаа сэрүүн хэвтэж байснаа өндийж – Хар үүрээр нохой шуугиулаад хэн ирээв гэв. Чимэд зууханд хуурай мод хийнгээ тогоо тавьж – Балжид л байна гэж тоомсоргүй дуугарав. – Балжид аа. Үгүй тэр энэ хар үүрээр ямар юмаа хийж нохой шуугиулж, айлын үүд онголзуулдаг билээ. –
Мэдэхгүй ээ хө. Аавтай уулзана гэх юм. Яах гэснийг нь ямар асуудалтай биш. Нэг их сандарч тэвдсэн хүн явна. – Нүгэл нүдээрээ гэж. Бархас, Балжид хоёрын нүгэл арай дэндэж байгаа юм. Муу Дансранг аваачаад шоронд хийчихсэн. Насаараа Дансранг элэг барьж араар нь тавьсан. Одоо шоронд хийж амраад бүр нэг гэртээ орчихсон байх шив. Бархас мөн тэнэг хүн шүү. Ганц сайхан охиноо алуулчихаад Балжидын хүүг зүгэр явуулаад байх юм. Тэгсэн хирнээ Дансранг шоронд хийчихсэн. Эхнэртэй нь ханилах гэж тэр үү? Шал завхарсан юм. Үр хүүхдээ ч бодохгүй. Одоо тэр муу нялх амьтан бүр сүйд боллоо. Эхийг нь хөөгөөд явуулчихсан. Хүний урманд араас нь асууж сурах ч үгүй бүр нэг хүн муутай хогийн амьтан. Балжид ч гэсэн Балжид. Яах гэж тэр хогийн авгай аавынд ирдэг юм бэчи. – Хөөх бурхан хүн ирж байхад өмнөөснь хөөх. Би лавдаг чадахгүй. Ер нь тэгээд хүний амьдрал хүнд ямар хамаатай юм бэ? – За тийм дээ. Бодохоос нэг дургүй хүрээд байдаг юм. –
За боль боль. Гэгээ гарч байна. Муу юм яриад юу хийх вэ. Энэ өвлийн зуданд манайх харин танагтай гарлаа гээч! – Аавын буян даа зайлуул. Номын цагаан буян аавд их бий шүү. Чимэд нүдээ том болгож – Пээ бурхан минь чи чинь юу болоо вэ? Хэнхэг энэ тэр гээд муу аавыг минь загнаад байдагсан юу болчихоо вэ? Хи хи. – За за чи битгий маяглаад бай. Аавд далд хүч байгааг би бүр гадарлаад байгаа юм. – Хачин юм ч их болох нь шив дээ. Чимэд тоомжиргүйхэн хэлээд тогоонд цай үйв. – Ийм айхтар юм боллоо. Мэргэн гуай минь. Бид нүгэл ихтэйгээ мэдэж байна. Гэхдээ ийм аймаар юм болохын чинээ яаж санах билээ дээ. Хүйтэн тачигнасан хаврын сард могой явж байна гэвэл хүн үнэмшихгүй биз дээ. Би анх Бархасыг морио могойд идүүлчихлээ гэхэд нь үнэмшээ ч үгүй. Шөнө яалт ч үгүй могой шуухираад байсныг сонссон. Яг могой мөн ч юмуу биш ч юмуу ямар нэг аймаар амьтан манайд орж ирсэн.
Ой ч хүрээгүй нялх хүүхэд манайд байгаа шүү дээ. Хүүхдийг сүйд хийчих вий гэж айхдаа би айлд орхичихоод ирлээ. Одоо яах вэ би. Мэргэн гуай та надад нэг арга зааж өгөөч дээ. – Үгүй тэгээд Бархас яаж байна вэ? – Най алгаа. Най алга. Ухаан орох төдий. Зүүн хөл, зүүн гар нь хөв хөх. Хүйтэн гэж жигтэйхэн. Би бүр яах ухаанаа ч олохоо байлаа. – Хмм. Золигийн юм болжээ хүүхээ гэхээс өөрийг Мэргэн өвгөн асуусангүй. Могойн талаар ер тоосон шинжгүй бодлогшрон суухыг Балжид үүлгэртэн харсаар хэсэг хугацаа өнгөрөв. Чимэд данхтай цай барин орж ирээд цай аягалахад Балжид дотроо ихэд гутрав. “За даа ямар нэг арга ширэг байхгүй бололтой. Бархас ч өнгөрөв бололтой. Балжид, Бархасыг алчихлаа гээд л бөөн шуугиан дэгдэнэ дээ одоо. Яадаг билээ.

Ийм юм үзэх гээд л төдийгөөс өдийг хүртэл Бархастай зууралдаад байсан үйлтэй толгой юм даа би”. Цай оочин дотоод сэтгэлдээ ийн өмөлзөн суусан Балжид ихээр санаа алдав. ”Энэ хүүхний айж сандрах юу ч биш. Бас энэний буруу гэж юу байх билээ. Нүгэл зэтгэр дагуулдаг гэж энэ. Бархасын хийдэл өөрийг нь боомилж байгаа нь тэр. Газарт бугшсан хар хүчийг дарна гэдэг амаргүй. Тэгээд ч харанхуй шөнө хар хүч гэрт нь орж ирээд Бархасын цусыг амсчихсан байдаг. Бархас хүн болж чадах болов уу. Тэр муу хар сүнс өөр хичнээн амьтанд гай болох бол”. Өвгөн номч дотроо ихэд шаналж суулаа.