Нүүр Өгүүллэг ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 6-Р ХЭСЭГ

ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 6-Р ХЭСЭГ

10 секунд уншина
0
1
539

Тийм байх болтугай. Шимэгч хорхой шиг хүний мөнгийг шимж байж. Дан муу хэлэхийг нь яана. Даржаа орой сүүгээ хот уруу хүргэх биз. Түүнд хэдэн төгрөг өгөөд явуулчихъя! Утас уруу нь залгаж байгаад

байгаа газраас нь очоод авчаарай. Битгий хүнд төвөг удаад байгаарай! Балжид зэмлэх, унтууцах хослон байж үглээд утсаа таслав. Цэнгэл дахиад холхих ажилдаа орж хаашаа явж буйгаа ч үл ойлгон

гутлынхаа хоншоорыг ширтэн алхаж байлаа. “За яадаг ч байсан мөнгө хүрээд ирэг. Мөнгөтэй болсон цагт учиртай. Аавыгаа эргэнэ. Хувцсыг нь солино. Байцаагчид нь бүх үнэнээ хэлж аавыгаа гаргаад байх ёстой

газраа очно доо. Мөнгө хаяж байгаад ч хамаагүй тэр шоронд орчихвол учиртай. Ингэж тамлагдаж байхаар тэнд нь очоод зовж байсан нь хамаагүй дээр. Хохь нь ш дээ”. Зөвхөн энэ бодол Цэнгэлийн

толгойноос гарахгүй байлаа … … “Энэ Бүжмаа сайхан ч бүсгүй. Хөөрхөн ч бүсгүй. Өөрийн эрхгүй сэтгэл гижигдэж татаад байх юм. Гэхдээ Бүжмаатай ханилж сууж болохгүй. Ядуу тарчиг эм миний галыг түлэх ёсгүй. Сайхан бие цогцос өнгөлөг царайг нь өөрийн

дураар эзэгнэн цэнгэж өөрийн үрийг гаргуулж аваад нэг тийш нь замаасаа холдуулах нь дээр. Найгалиас салаад яах ч юм билээ. Найгалийг гэх сэтгэл надад байхгүй болж буй ч би Найгалиас би салж бас болохгүй. Тэр миний хүүхдийг өсгөх болно. Хачин юм шүү сэтгэл ингэж өөрчлөгдөх гэж. Найгаль анх их сайхан хүүхэн байсан даа”. Сэр-Од, Бүжмаа уруу очих замдаа өөрийн бодолдоо хөтлөгдөн хожмын

амьдралаа өөртөө төсөөлж явлаа. Хаалганы хонх дуугарах төдий хаалга цэлсхийн нээгдэж өмнө нь сул хэлхгэр халат угласан Бүжмаа инээмсэглэн зогсоно. – Оройн мэнд. Хайрт амраг минь. Хаалгахныхаа хажууд байсан юмуу. Бие нь зүгээр биз. Бүжмаа хар бараан бодолгүй хүний нүдээр Сэр-Одыг харан инээмсэглэнэ. – Сайн явж ирэв үү. Би чамайг ирэхийг цонхоор харж байсан юмаа. Найгаль хамт ирсэн үү. Бүжмаа үл мэдэг хоолой чичрүүлэн хэлээд өмнө нь тулаад ирсэн Сэр-Одтой халуун дулаанаар тэврэлдэв. Сэр-Од ихэд санасан хүний шунаг үнсэлтээр бүсгүйн уруулыг шимж үнсээд – Ёох ямар их санав аа. За тэгээд чи минь сайн сууж байв уу. Хүүгийнхээ байдлыг мэдсэн гэсэн байхаа гэсээр үл ялиг амьсгаадасхийн суув. Бүжмаагийн царайд урамгүй байдал тодорсноо тодхон гунигаар солигдож – Хүү яах вэ? Эцгийндээ байгаа.

Бархас эхнэр авчихсан. Тэр эхнэр нь миний хүүг өсгөж байгаа юм байналээ. Бархасын охин их харамсалтай нас барчихсан байна лээ. Тэр хөөрхөн охин бүр нүдэнд харагдаад. Би тэр охинд их дасчихсан. Бас их хайртай байсан болохоор хэд хоног шаналлаа. – Иш чи минь ингээд л өөрийгөө зовоогоод. Сэр-Од зэмлэнгүй аястай хэлээд бүсгүйн халаадыг мулт татан тайлж шидээд бүсгүйн гэдсэнд хацраа наан – Сайн уу хүү минь. Ээж нь элдвийн юм бодоод чамайг минь ядраагаагүй биз хэмээн өгүүлэхэд Бүжмаа үл мэдэг эвгүйцэн – За юун сүртэй юм бэ? Алив сууж бай. Би цай, хоол аваад ирье гээд эргэхэд Сэр-Одзөөлөн буйдан дээр тарайн ойчив. Сэр-Од, Найгаль хоёр Бээжин яваад хэдэн сарыг өнгөрөөж буй нь ажээ. “Энэ Сэр-Од намайг гэх сэтгэл үгүй мэт. Үгүй яаж ч байх билээ дээ. Цаанаа эхнэртэй хүнд чинь яаж ч байх билээ. Зөвөө зөв. Би чинь нэг ёсондоо найзынхаа жаргалыг булаацалдсан ичгүйргүй нүгэлтэн. Өөд харах ч эрхгүй Бархасын дарамтанд шаналж зугатаж явахад минь татаж босгож хайр халамж үзүүлсэн ачтан бол Сэр-Од. Найзын нөхөр гэдгийг мэдээд байгаа хэрнээ түүнд татагдаж, түүнийг хайрлах болсон нүглээ дааж дуусгана даа би гэдэг хүн”. Бүжмаа барьж явсан аягатай цайгаа цалгитал санаа алдаад эргэж Сэр-Одын байгаа өрөө үрүү чиглэв. – Цай уу. Би хоол хийчихсэн.

Хоол ид. Бүжмаа Сэр-Одын өмнө бэсрэг ширээ засангаа өөртөө шаналсаар байлаа. “Ганц найзынхаа нөхөртэй унтаж хэвтэж л байдаг. Хүүхдийг нь тээж байдаг. Тэгээд төрүүлсэн хүүхдээ зарж байгаа юм шиг. Мөн муухай юм хийж байна даа. Би гэдэг хүн”. Бүжмаа өөрийгөө буруутган бодох нь элбэгшээд байлаа. – Миний найз сайхан хооллоорой! Бүжмааг эвдэрсэн хоолойгоор гэмшингүй өгүүлэхэд Сэр-Од түүнийг цочсон мэт том харав. “Үгүй энэ чинь овоо ш дээ. Овоо зөв хэллэг сурчихаж. Хоол ид, цай уу гэдэгсэн. Энэ нөхөр өөрийгөө бас энэ цаг үетэйнийлүүлэх гэж бэлдээд байгаа бололтой. Зөв л дөө. Алс нь өөрт нь хэрэгтэй. Арай энэ хүүхэн надтай суух гэж шимтээд өөрийгөө бэлдээд байгаа юм биш биз. Тэгэж байж мэдэх л шуламууд шүү. Энэ хүүхнүүд аюултай”. Бүжмаагийн гараа гаргаж хийсэн хоолыг амтархан идэнгээ Сэр-Од ийн бодно. – Ойрд чиний гарын хоолыг идээгүй. Их санасан байна шүү. Баярлалаа их сайхан хоол хийсэн байна. Миний хонгор. –

Дахиад идэх үү? – Болчихлоо. Ингэхэд хонгороо чи машинаа дажгүй барьж байгаа биз дээ. – Бариад сурчихсан шүү. Бүжмаа гэнэт хөгжилтэй инээмсэглэж – Чи надтай хамт явах уу. Би чамд машин барьж сурсанаа харуулах гэсэн юм. Сэр-Од гараа зангаж өнөөдөр бишээ. Маргааш болъё хонгор минь. Бид хоёр уулзалгүй удчихлаа. Тэгээд ч чамайг их санасан. Хамтдаа халуун хөнжилдөө орцгооё! Гэсээр бүжмааг тэврэн авав . . . . . . Бархасын хүү овоо том болж байлаа. Бархас, Балжид хоёрын хормойн явдал сайхан охиныхоо аминд хүрч Дансранг шоронд орууллаа. Хормойн донтонгуудын энэ бузар явдал хэдэн хүний аминв хүрэх бол. Хөөрхий муу Дансран гэж ямар ч гэмгүй байж насны эцэст хүйтэн шоронд насааэлээх үйлтэй амьтан байж. Энэ Бархасын нүгэл барагдахгүй. Бархас энэ нүгэлээ яаж даах хүн байгаа юм гэлцэх нутгийн олны яриа хуурай өвөнд тавьсан гал адил хэсэгтээ дүхэлзээд замхрав. Уулын цас ханзран нойтон газраас уур савсах болсон тул Бархас өвөл охиноо тавьсан газраа эргэхээр мордов. Өнгөрсөн хугацаанд Бархас ихийг бодоход хүрчээ. “Удган модны мөчрийг хугалуулж залуусаар нүхлэн буудуулснаас нутгийн савдаг хилэгнэж охины минь амийг авчихлаа” гэж Бархас өөртөө бодовч энэ бодлоо хэнд ч хэлсэнгүй.

Охин нь байж суухын аргагүй бодогдоход түүний ганц чаддаг юм нь чухамдаа архи уух л болж байлаа. Бархас морио давчин урагшилсаар “Суварга цагаан” уулын зүүн биед нутгийнхны талийгаач нараа үддэг оршуулгын газар хүрэв. Охиныхоо булшин дээр арц, хүж уугиулж сүү өргөн авч очсон чихэр жимсээ тавиад хоёр өвдгөөрөө хүйтэн шороо өвдөглөн лагхийн суунтусав. “Үр минь дээ. Аав нь ирлээ. Аав нь охиноо их санах юм даа. Над шиг заяа нь орхисон өөдгүй аавтай болохоороо миний охин гомдохдоо гэрээсээ явчихсан байх л даа. Хөөрхий дөө. Миний охин тэгэхэд аавдаа ямар их гомдсон бол. Бүх юм ааваас нь болсон. Алт шиг сайхан үрээалдсан азгүй муу аав нь яах вэ? Архинаас өөр сэтгэл засах ханьгүй амьд шүү гэлдэрч явна даа”. Охин нь амьд бүр өмнө нь сууж байгаа юм шиг санагдахад Бархас ийнхүү дотроо онгойтол ганцаараа ярьж даарч бээртлээ суугаад гэртээ харихаар мордов. Хайрхан уулыг уруудаад шигшиж явтал гэнэт морь хөдөлгөөнгүй дороо яг зогсчих нь тэр. Мориных нь хар хөлс цутгаж, хөх мах нь чичигнэж эхлэхэд Бархас ихэд гайхан мориноосоо үсрэх шахам буугаад нүд нь духан дээрээ гарчих шахам томорч айсандаа хамаг бие нь салхийн чичирч хөлс нь дусалж эхлэв. “Энэ чинь могой шив дээ”.

Түүний амнаас энэ үг арайхийн гарч аливаа амьтан аюул гамшиг тохиолдоход амиа хамгаалдаг зөнгөөрөө амь зүйн хойш ухрав. Бархасын морины дөрвөн туурайг том гэгчийн хар могой ороон тушаад түүний зү толгойгоо цогнойлгон хилэнтэй гэгч нь харж байх нь тэр. – Ээ бурхан сахиус минь аварч өршөө. Бархас уруулаа эвлүүлж ядан шивнэх шүү аядаад хойш хэдэн алхам ухрав. Хажууд нь өвс шажигнах шиг болохуйяа Бархас арайхийн толгойгоо гэлжийлгэн харав. Эвэр нь таван өнгөөр солонгорсон хоёр гөрөөс хажуугаар нь харайн өнгөрснөө нэг нь Бархас уруу харан хэдэн хором зогссноо цааш эргэж давхив. Гөрөөсний том алаг нүд дүүрэн нулимстай мэлтэгнэж харагдахад Бархаст ихэд дотно танил санагдан дотор нь палхийв. Гөрөөсний араас хэсэг мэлрэн ширтсэн Бархас биеэ хөнгөрч буйг мэдрэн өөрийгөө эзэмдэхтэй болж морио санан хараад амаа ангайн хөшчихөв. Мориных нь зөвхөн арьс нь нэвсийн хэвтэх аж. Хэдэн хэрзгэр яс бас харагдана. Мөнөөх аймаар том могой гулдайн хэвтэнэ. “Морийг минь идчихэж”. Ийм бодол орж ирэхэд дотор сэрхийж “Одоо намайг иднэ” гэх хар зөн төрсөн Бархас уулын бэл уруудан унаж тусан бүдчин гүйв. – Хөөх чи чинь яачихаа вэ? Морио яачихаад ингэж унан тусан хар хөлсөө асгартал гүйгээ вэ? Наад дээлээ хараач. Нуль шороо. Наад гутлын чинь хоншоор цайрчихаж. Үгүй чи чинь уул уруу яваа биз дээ. Хаана, хэнтэй ингэж архи гудраад мориноосоо хүртэл салчихдаг байнаа.

Гэртээ орж галын бүлээн дулаан мэдрэгдэн Балжидын дуу сонсдоход ямар ч тэнхэлгүй болсон Бархас үгийн хариу хэлэх чадвараа алдан орны өмнө сөхрөн унаад өгөв. “Могой намайг идсэнгүй би амьд гэртээ ирчихэж. Муу хүүгийн минь заяагаар амьд үлдсэн бололтой. Хүүхдийн заяа өндөр гэдэг. Нээрээ би чинь хүүтэй хүн. Муу хүүгийнхээ буян заяанд амьд үлдэж. Үгүй ээ би үхэж болохгүй юм байна. Би хүүтэй хүн. Хүүгийнхээ төлөө амьдрах хэрэгтэй. Ээ чааваас гэж. Бүжмаа яг ийм үед надад эргээд ирдэг болоосой”. Бархас сүүлийн үед өөрийнхөө бодлыг Балжидаас ихэд нуудаг болжээ. – Хөөе чи чинь яачихаад байгаа юм бэ? Бие чинь зүгээр үү. Хүүхэд тэвэрсэн Балжид эцэст нь ихэд сандрав. – Балжидаа ганц аяга архи өгөөч. – Өө чааваас гэж. Ийм л хүн дээ. Бие чинь өвдчихсөн юм байх гэж хичнээн айваа. Тэгэхэд хар усаа гудраад ирдэг байна шүү. Ёстой нэг цийчихсэн нүд, сэтгэл гэдэг л энэ байх даа. Чамайг гэж хар нялхаасаа тэмүүлсэн миний сэтгэл, нүд хоёр харалган байснаас л би чиний хойноос төдийгөөс өдий болтол тэмүүлсэн нь эцэстээ өнчин нялх, өөрийгөө алдсан архичин хоёр л шив дээ. Миний үйлийн үр энэ юм байгаа. Балжид цөхөрсөн бололтой үгэлж эхлэхэд Бархас дотроо түүнийг өрөвдөн суулаа. “Тиймээ тийм. Ёстой үйлийн үр гээч нь Балжид бид хоёр юм даа”. Бархас гэнэт өөрсдийгөө ихэд өрөвдөх шиг болов. – Хөгшөөн.

Балжидаа ганц аяга архи өгчих л дөө. Бие … бие сэтгэл өвдөж зарайгаад байна. Охиныхоо газар очоод бүр хачин болчихлоо. Балжид түүнийг өрөвдөнгүй харж зогссоноо авдар онгойлгож нэг шил архи гаргаж ирснээ Бархасын дунд гарын мөнгөн аяганд хийж өмнө нь барив. Бархас салгалсан гараараа архийг авч цалиж асгартал цалгиулсаар архийг дуустал уугаад нэг том амьсгаа авав. Дотор нь халуун шатаж толгой хэсэг мансуурснаа намдан цэлмээд ирэх шиг болов. Одоо нэг уужимхан амьсгаа авч болмоор ч юм шиг. Сайхан халуун хоол идмээр ч юм шиг. Учир зовлонгоо хэн нэгэнтэй хаваалцан дотроо онгойтол ярьж бүр уйлмаар ч юм шиг санагдана. – Үгүй чи морио яачихаад гуйвалж ирээ вэ? Адаглаж яаснаа хэлээд өгөөч! – Аан морь уу. Могой идчихсэн. Бүр баларсан юм болоод. Аргатайдаа л чамаас архи гуйж айдсаа дарах вэ дээ хө. Балжидын хоёр нүд орой дээрээ гарчихав уу гэлтэй томроод ирэв. Балжид тэвэрч байсан хүүхдээ орон дээр тавиад Бархасын өмнө ирэв. – Бархасаа чи чинь эрүүл байна уу? надад үнэнээ хэлээч. Морь могой идсэн ч гэх шиг ямар юмаа солиороод байгаа юм бэ? Чи. – Одоохондоо би эрүүл байнаа. Харин би чамд сая ам алдаад аяга архинд халамцсандаа хэлчихлээ. Уг нь хэлэхгүй байя гэж бодсон юм. Энэ бол яг үнэн шүү. Чи хүнд хэлээд юухэв.

Тэртээ тэргүй бид амьтны амны бай болж байна даг. – Тэгээд одоо бараг өвлөөрөө шахуу байхад могой байдаг юмуу? Байлаа гэхэд могой морины хөл хатгахаас морийг иддэг гэж би л лав сонсоогүй юм байна. – Харин тийм. Гэхдээ энэ явдал миний нүдний өмнө болоод өнгөрлөө. Ингэхэд байнаа. Балжидаа хө. Чи гэртээ харивал яасан юм бэ? Энэ янзаараа бол чи миний хажууд их зовох бололтой дог. – Үгүй шүү. Би чамаас салахгүй. Тэр тусмаа бүр ийм үед чинь. Энэ хүүхдийг чи яаж хүн хийхээ бодож үзсэн үү? – Харин тйимээ хө. Нэгийг нь алдчихлаа. Нэгийг нь хүн хийчих юмсан гэж бодох л юм. – Тэгвэл тэгээд дуугүй байгаач. Наад хар усаа харин татаач. – Уг нь чи надад архи өгөхийг чухалчилдагсан. Уугаад, тэгээд нөгөө ажилдаа… – За чи наад амаа татаач. Амьтан хүн сонсвол юу гэх юм бэ? Тэртээ тэргүй нохойны хуцал, хүний доог болж байж. – Мэдэж банаа. Мэдэж байна. Хүүг минь хүн хийгээд орхи. Цусаар урс гэж. Муу эхэд нь би арай дэндүү ханддаг байж. Амьд мэнд шүү бол нэг газар тоос хөдөлгөж л яваа байх даа. Балжид түүнийг эргэлзэнгүй харж – Тиймдээ зайлуул. Амьд мэнд яваасай билээ. Өнөөдөр Дуламхорол ирээд явлаа. Их янз муутай байж байгаад гарлаа. Балжидын сэтгэл таагүй байгааг Бархас анзаарав. Дуламхорол бол

Балжидын бага охин. – Тэгээд охин чинь юу нэж байх юм бэ? Дээ хө. Бархас их тайван байхыг хичээн ийн өгүүлэв. Балжидын дуун сааралтаж – Эцгийнхээ гэрийг авна гэнээ. Бас цөөн хэдэн малыг нь авна гээд хааога тас саваад гарлаа. – Үгүй чи тэгээд өгөөд л явуулчихаач дээ. – Би өгсөн өгөөгүй аваад явчихсан байна лээ. Уг нь бол чи мэддэггүй болохоос биш Дуламхорол чиний охин шүү дээ. Дансран ч бараг мэддэг биз. Нэг их эрхлүүлж энээ тэрээ болдоггүй юм. Гээд ч яах вэ? Дээ зайлуул. Гар дээр нь өссөн. Уг нь гүндүүгүй сайн хүн болохоор энэ хоёр охиныг ад шоо үзэлгүй хүн болгосон доо зайлуул. Би ч бас их нүгэлтэй хүн шүү. Чамаас л болж байгаа юм. Бархас цээжээрээ бүтэн эргэж Балжидыг гайхаж балмагдан харав. “Энэ одоо үнэн хэлээд байна уу? хэрэв үнэн бол мөн дүүрэвээ. За даа энэ золиг ашигтай талаа харж яаж л бол яаж зална даа. Гэхдээ охин наснаас нь би энэнийг ил далд эдэлсэн нь бас үнэн. Охин минийх байлаа гэхэд үгүй гэх газар бас үгүй”. Бархас нэг тамхи яарч сандчин асааж аваад дуустал нь татав. Дахиад нэг хугас шил архи уумаар ч юм шиг дотор нь хоосроод болох биш. “Энэ маань бодолд автаад таг болчихлоо. Бас худлаа хэлж байна гэж бодож байгаа байх даа. Хатуу хариг хойд эцгийн гарт зовж ядарч явахад нааш харж гар сарвайсан ачтан бол энэ Бархас.

Нутаг усныхан намайг хөнгөн хийсвэр, хормой хотны донтой гэж адалдаг. Одоо бүр ч харсан хүний дотор сэрхийдэг биз. Ганц Дуламхорол ч биш Хоролсүрэн ч бас энэнийх. Дансран мэддэг ч аа гэж дуугардаггүйсэн. Надад даанч их хайртайдаа л тэр байх даа зайлуул. Харин миний сэтгэл энэ Барахсыг дагасаар өдий хүрлээ. Бархасын хоёр эхнэр чухамдаа надаас болж салсан нь зайлшгүй үнэн. Нүдэн дээр нь илт доромжилж байсан юм чинь хирч биз зайлуул. Тэгээд бодохоор дан миний хойноос эргүүлдээд салдаггүй энэ золиг надад бас сайн бололтой. Ил далд энэнээс ч би мөн ч их зөөж идсэн дээ. Өнөөдөр хүртэл Цэнгэлд яасхийж хэдэн төгрөг авч өгнө дөө. Тэр золиг ямар хэрэг хийж эцгийгээ амьдаар нь тарчилгаж байгаагаа мэдэхгүй ямар их мөнгө нэхдэг юм бэ? Дансран яаж зовж байгаа бол доо. Нүдэнд харагдахгүй амар юм шиг мөртлөө сэтгэл дотор бөөн хар чулуу зүүчихсэн юм шиг хүндрээд… ” Балжид дотроо ихэд шаналж уйлаагүй тайван унтаж буй хүүг авч бүүвэйлэв. “Хүүгийн эх амьд явдаг боловуу ээ халаг минь.” Сэтгэл нь есөн зүйлийн бодолд сийчигдэх мэт зүрхээр нь шир ширхийн хатгуулна. “Үгүй ер миний хүү очиж очиж Бархасын охиныг байхдаа яах вэ дээ” гэх нэг бодол урсахын зэрэгцээ “Цэнгэл ойр ойрхон мөнгө нэхэх юм.

Хүү минь архи дарсанд орж, муу улстай нийлж, муу юм хийчих вий дээ” хэмээн зүрх нь учир зүггүй дэлдчинэ. Тээр цаанаас Бархасын дуу сөөнгөтөн сонсдоход Балжид цочин давхийв. -Балжидаа Дуламхорол тэгэхээр миний охин хэрэг үү? Энэ чинь тэгээд … энэ чинь тэгээд үнэн юмуу? – Би муу хүн. Гэхдээ хүний цусаар тоглоод юухэв. Хоролсүрэн ч бас чиний охин. Охид минь хоёулаа чинийх. – Ээ хорвоо минь үнэн байгаасай билээ. – Охид чамайг хэзээ ч эцгийгээ гэж хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ энэ бол чин үнэн. – Муухай ч юм болж байна даа. Чи бид хоёр муу Дансрангаар мөн их тоглож дээ. Одоо ч гэсэн… – Битгий Дансранг ярь. Түүниг ярих нь байттугай бодохоос ч айдас хүрэх юм. – За тийм байх даа. Би бас Бүжмааг бараг охин шигээ амьтныг зовоож тарчилгаж байснаа бодохоор бас сэтгэл өвдөөд байх юм. Чи бид хоёр ч ёстой нөгөө таарсан таар шуудай гэгч шиг болж байна даа. – Дуугүй дуугүй хоёулаа зүгээр чимээгүй л байцгаая. Бүүвэй. Бүүвэй. – Архи хийгээд өгөөч хө Балжидаа. Бархас дахиад архи гуйв. – Боль боль. Хар ус дан хар мөр дагуулсаар ирсэн байгаа биз дээ. – За тиймээ тийм. Гэхдээ би тэвчихгүй нь. Тэр хугас шилтэйгээ өгчих л дөө. – Яасан хэцүүү юм бэ? Хэлээд бхйхад чинь зөрүүлж нэхээд байх юм. Балжид босч шилтэйг Бархаст авч өгөөд орон дээр лагхийтэл суув. – Миний хөл өвдөгнөөс доошоогоо хүйт дааж янгинаад байх юм. – Ядраад байгаа биз дээ. Өнөөдөр нилээд явган явж тэгээд өвдөө биз. Ядаж байхад Цэнгэл яриад… ярих ч юу байх вэ? Багштай нь ярьсан чинь хичээлдээ сүүлийн нэг сар огт суугаагүй гэхээр нь залгахгүй юу. Тэгсэн харин урьдаас учиргүй их мөнгө нэхэж байна. Таван зуун мянган төгрөг нэхээд байх юм. – За яая гэх вэ? Цаашаа. Цаад өлзийтэй урт авдранд чинь жижиг төмөр хайрцаг бий. Дээд тэлд нь бичиг баримт, доор нь мөнгө бий. Тэр мөнгөнөөс таван зууг нь аваад цаад хүүдээ өгөөд явуул.

Бас надад зургаан зуун мянгыг нь гаргачихаарай. Нэгэнт авдар уудалсных хоёр малчныхаа цалинг өгчихье. Сарын сүүлч дөхөж байна. Чи өөртөө хэдэн төгрөг бас ав л даа. Дээл хунар хийж өмсвөл өмсөхгүй юу. Хүүхэд хараад ядарч байгаа биз. Олигтойхон идэх уух юм захихгүй юу. Бархасын үгэнд Балжид баярлан царай нь улайж ирэв. “Охид өөрийнх нь гэхээр арай өөр болж байна шүү.” Балжид баясан бодох аж. “Түрүүнээс хойш олон юм ярьж яншаад байсан юм. Мөнгө авах гэж тэгээд байж. Зүгээр хэлчихгүй. Охидоо хүртэл минийх гэж толгой угаагаад, мэдрэлээр тоглоод. Энэ юу ч хийхээс сийхгүй золиг. Гэхдээ яая гэх вэ? Байдал ийм болсноос хойш. Хүүг минь эхээс нь дутахгүй хайрлан халамжилж байна. Надтай хамт байг. Миний заяа тавилан

Балжид юм байна. Хүүг минь мөр бүтэн өсгөөд өгвөл тэгээд болох нь тэр. Хачин юм даа. Могой надад заналхийлж морийн минь идээд. Намайг иддэгийн даваан дээр гөрөөс аминд орох гэж. Тэр гөрөөсний эвэр таван өнгөөр гэрэлтээд. Жирийн гөрөөснүүд лав биш. Нэг нь бүр эргэн хараад нүд дүүрэн нулимс мэлтэлзүүлээд охин минь намайг тэгэж хардагсан. Арай миний охин уулын эзэн болчихоод аавыгаа хамгаалаж явсан юм биш байгаа”. Бархас шилтэйгээс шунаг гэгч нь залгилав. “Хөөрхий муу охин минь”. Охиноо бодох тусам хоолой нь зангирч нулимс хацрыг нь дагаад урсав.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *