
Шөнийн 03 цагийн хавьцаа өвгөний жижиг гэрийн зүүн хатавч сөхөгдөн могойн ам харлан үзэгдэх үес хашаанд үхэр, хоньд үргэн майлалдаж бөөн шуугиан дэгдэж Даржаа нүцгэн хөлөндөө гутлаа
холхиндог өмсөн дээлээ хэдэрч гарч гүйн хэд хашгирч хэдэнтээ буудахад сүрэг тайвширч шуугиан намдахад – Хангайн амьтан ойртон ирж бүр хотноос хонь шүүрэх нь гэж үглэсэн Даржаа нохойгоо загнан
гэртээ оров. Могойн цогнойсон толгой ангайсан амыг үзсэн өвгөн номч зүүн орон дээр учиргүй хөлөрч таагүй зүүд зүүдлэн сэрж чадахгүй тэлчигнэх зээ хүүгээ харж үл мэдэг мушийн – За ингэх
байсан юм. Хар сүнс нэрээр нь дуудахад миний хүү эргээд харчихсан юм. Хүүг минь идэх гэж дагаад ирчихсэн байна шүү. Муу хараалын сүнс. Чамайг тэгээд бас гэртээ оруулж үр хүүхдээ өгөх үү хэмээн өөртөө
өгүүлж “Ногоон дарь эхээс” аялгуулж очироор огтлон араас нь “Сэдэд” судрыг хэдэнтээ уншихад могойн дүрс аажимдаа үгүй болов. “Би ч яах вэ? Гэр бүлээ ингээд нэг аргалаад байна. Харин нутгийн олон яах
билээ.” Өвгөний ганц бодох юм энэ болоод байлаа. Тооноор гэгээ орсон тул Мэргэн өвгөн зуухан дээр жигнэсэн зэлгээн цайнаас аягалж уув. Хаалга сэвхийн нээгдэж хүйтэн агаар дагуулсан Чимэд орж ирэв.-Ааваа та чинь шөнө унтаагүй юм уу?- нойр цайраад жаахан ном хараад нэг мэдэхнээ үүр цайчихаж. – Бие чинь дийлэхгүй шүү дээ аав минь. Тогоо авахаар зүүн хатавч уруу тонгойсон Чимэд дуу алдаад явчихав. – Үгүй энэ чинь юу вэ? Та минь. Хаяаны манаас бүрээстэй нь хамт томоо гэгч нь цоолчихсон байна. Гаднаас нь лоомоор цөмлөчихсөн аятай. Өчигдөр орой зүв зүгээр байсандаг. Та мэдээгүй юм уу ааваа. Хүйтэн салхи сийгээд байхад чинь. Бурхан та хоёр зүгээр биз. Шөнө ямар нэг юм болоо юу? Чимэдийн айж сандарсан царай өмнө нь ойртоход өвгөн охиноо ихэд өрөвдөн- Зүгээр. Зүгээр. Юунд нь дуу чимээ гаргадаг юм.
Энэ муу гэр халуун гэж жигтэйхэн. Аав нь нүхэлчихсэн юм гэв. – Үгүй та чинь гэж дуу алдсан Чимэд – Энэ аав зөнөж эхэллээ дээ хөөрхий хэмээн бодож дуугаа хураав. – Урьд шөнө хангайн амьтан дайрлаа гэж бодсон юм. Тэгсэн том эр ямаа хазуулсан сорвигүй гарсан цусгүй үхчихсэн байх юм. Аз уу? эз үү? Гэж харууссаар орж ирсэн Даржаа үүдний өмнө зогтусан шөнийн могойн цоолсон нүхийг харж мэлрэн зогсов. – Ямаа яах вэ? Үхээ л биз. Хүйтэн хошуутай мал үхсэний төлөө юунд гашуудсан юм. Зуд турханаар барагдах малын чинь гарзыг хааж үхээ биз. Толгой нь гадагшаа харсан байгаа биз дээ. Даржаа хадам эцэг өөдөө гайхан харж – Тийм байна лээ гэсээр ойртон суув. – Энэ хавар тэнгэр хангай зудлана.
Гарз ингээд хаагдвал их юм. Төмөрийг зуны эхэн сар гартал манайд байлга. Өвгөн эцгийн учир битүүлэг үгийг толгой дохин хүлээн авсан Даржаа, Чимэд хоёр мөнөөхөн шөнийн могойн гаргасан нүхийг аймсан харцгаав. – Бурхан минь. Тэдний шивнэлт өвгөний зүрхэнд сонсдож байлаа. – Үнэхээр тийм бурхан минь. Нутгийн минь сүлд хийморийг тогтоож хүн олныг аварч өршөө.

Өвгөн мөн өөртөө ийн шивнэв. Энэ бодол номч өвгөний чин хүсэл байлаа. … … Ээж нь эмнэлэгт хэвтсэн тул Халиун хичээл тармагц яарч сандчин гэр үрүүгээ гүйв. Гэртээ ирж цай чанан хоол хийгээд эмнэлэг үрүү гарах гэж байтал хаалганы хонх дуугарав. “Манайд хэн ирдэг билээ. Манай хаалгыг ээж бид хоёроос өөр хүн онгойлгодог билүү. Айл андуурсан хүн яваа биз”. Охин тоомжиргүй бодсоноо гэнэт баясан инээв. “Эгч… эгч ирж байгаа байх”. Халиун гүйж очин хаалгаа нээв. Түүний үе насны залуу хүү зогсоно. Гартаа жижиг цаас барьсан байлаа. Халиун түүнийг инээмсэглэсэн хэвээр харсанаа царайд нь урам хугарсан шинж тодорч хаалгаа хаахыг завдав. Залуу сандарч -Уучлаарай. Энэ Загдаа гуайнх мөн биз дээ. – Тийм байна. Яах гэсэн юм? Охины дуунд захирангуй аяс мэдрэгдэнэ. Цэнгэл ихэд сандарч – Үгүй… юу л даа… Бүжмаа эгчтэй уулзах гэсэн юм. Халиуны зүрхэнд нэг зүйл торхийн бууж – Бүжмаа эгч энд байхгүй ш дээ. Хөдөө гэртээ байгаа.Ингэхэд чи хэн бэ? Яагаад манай эгчийг асуугаад байгаа юм бэ? Охины гайхсан харц түүнийг ороолгож дээр дээрээс нь давхцуулан олон асуулт тавихад Цэнгэл түгдчин дотоод сэтгэл нь харанхуйлаад явчихав. “Яанаа Бүжмаа эгч бас ирээгүй юм байна. Гэрээс гарахдаа нимгэн дээлтэй гарсан гэсэн. Тэгээд хөлдөөд үхчихсэн бол олдмоор. Чононд бариулсан бол бас хувцасны тасархай нь ч бол олдмоорсон. Ерөөсөө бүх вм энэ ээж,
Бархас хоёроос болж байгаа юм. Аав минь шоронд надаас болж… бас дээрээс нь Бүжмаа” бодоход ихэд хүнд байсан ч Цэнгэл ихэд харамсан ийн бодов. Түүний нүдэнд сарвалзан унаж байгаа Нарансолонго охин харагдахад хүү хурдхан эргэж шат уруудан пижигнэтэл гүйв. “Энэ орчлонд надад гишгэх газар олдохгүй болох нь”. Энэ гашуун бодол толгойд нь эргэлдсээр хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. -Хөөш тэнэг юмуу? Хаашаа юм чи. Бүжмаа эгч яасан юм бэ? Хэлээд өгөөч чи. Дээрээс охины ууртай дуун чихэн дээрээс цуурайлахад Цэнгэл зогтусан дороо зогсов. “Нээрэн тийм ш дээ. Бүх юмыг нууж болохгүй. Магадгүй Бүжмаа амьд ч юм билүү. Тэгвэл ах дүү нь олж авах хэрэгтэй”. Цэнгэл гутарч гунисан царайтай дээш өгсч ирэхэд хаалгаа онгойлгосон хэвээр Халиун хүлээн зогсч байлаа. – Намайг уучлаарай.
Намайг Цэнгэл гэдэг. Бүжмаа эгчийн айлынх нь хүүхэд. – Тиймүү ? чамайг яваад өгөхөөр миний уур хүрээд. Намайг бас уучлаарай. Би Бүжмаа эгчийн дүү нь. Эгчийгээ санаад…- Уучлаарай. Эгч чинь ирээгүй юм уу?- Үгүй ээ ирээгүй. Эгч маань сайн уу? ямар нэг юм болоо юу?- Тиймээ. Тэнд зөндөө юм болсон. Залуу хүүгийн хоолойд нэг юм торох шиг гунигтай гэгч нь хэлэхийг сонссон охины зүрхээр ширхийн хатгуулж залууг гэртээ орохыг урив. – Май чихэр ид. Охины найрсаг загнан урьхан мишээх тунгалаг хархан нүдийг ажсан Цэнгэл “Яг Нарансолонго шиг” гэх харамсалт бодолд эзлэгдэн доош харж- Зүгээр дээ би юм идмээргүй байна гэв. – Тэгээд эгчид маань юу тохиолдсон юм бэ? Гэв. – Ерөөсөө тэр Бархастай дэмий суулгасан юм та нар. Энэ үгийг сонссон охины нүд томрон залууг мэлрэн ширтэхэд хүргэв. – Юу болсон юм бэ? Бүжмаа эгч…- Тиймээ. Эгч чинь сайнгүй байгаа байх. Амьд эсэхийг нь ч би мэдэхгүй байн. Хоёр сарын өмнө нөхөртөө зодуулан харанхуй шөнө гэрээсээ гаран алга болсон. Нөхөр нь болохоор түүнийг нэхээд ирэх хүнгүй гэдэг юм билээ. Эгчээс чинь гарсан нялх хүүхэд одоо Бархасынд байгаа. Эгч чинь олдохгүй ч дүүгээ аваарай.Бархас тийм сайн хүн биш. За баяртай. Би явлаа. Би ч бас хамгийн адгын шаар. Халиуныг цочролоосоо гарч чадаагүй байхад залуу гараад явчихав.- Ямар аймаар юм бэ? Бүжмаа эгчээ та хаана байнаа. Халиун цурхиран уйлснаа сурсан зангаараа эцгиийнхээ зурагны өмнө гүйж очив. – Ааваа эгч алга болчихож. Одоо яах билээ. Эгчийгээ яаж олох вэ?
Та үг хэлдэг ч болоосой. Уруул өмөлзүүлэн зогсох охиноо насан хутгийг олсон олсон эцэг нь гуун дотроос инээмсэглэн ширтсээр. Халиун эцгийн зурагны өмнө зогсч хэсэг мэлмэрүүлэн уйлснаа хувцсаа өмсөн тортой юмаа барьсаар эмнэлэн явахаар гарав. Уруу царайлсан охиноо гүймэг ажсан Загдаа сандарч – Хүүе миний охин яагаа вэ? Ганцаараа айгаагүй биз? Бие нь зүгээр биз хэмээн духыг нь халуун төөнүүлэн атгаж энхрийлэн үнсэв. Ээжийнх нь гар халуун байх шиг охинд санагдав.- Ээжээ хоолоо ид. Би сайхан цай чанаад ирсэн. – Миний охин өөрөө идсэн үү?- Хоол идэх яах вэ? Ээжээ. Бүжмаа эгч хоёр сар гаруйн өмнө алга болчихоод олдохгүй байна гэнэ. Нялх хххүэд нь нөхөр дээр нь байгаа гэнэ. – Юу Бүжмаа алга болсон гэнээ. Хэн тэгэж байгаа юм бэ?
Үнэн юмуу тэгээд?- Айлынх нь хүн асуугаад явж байна. Тэд эгчийг гэртээ ирсэн байх гэж бодсон бололтой. Нөхөртөө зодуулаад шөнө гэрээсээ зугатаж гарсан гэх юм. Халиуны нулимсандаа хахаж цацан хэлэхийг Загдаа баяртайгаар сонсч байлаа. Мөн тэрээр төрсөн ганц охин нь ихэд гунигьай нус нулимсандаа холилдон байхыг олж үзээд “Хм. Мөн таарсан тэнэг хүн шүү. Манай энэ. Одоо нэг орон байрандаа эзний ёсоор суух болж байж баярлахын оронд уйлж байдаг. Зайлуул тэр муу заяа муут охин бидний өмнөөс холдсон бололтой. Аштай юу даа. Сайн төрөлд төрөөсэй дөө. Хөөрхий минь” хэмээн өөртөө бодог шаналсан дүртэй суух аж.- Ээжээ тэр өөдгүй нөхрийг нь хуулийн байгууллагад өгөх хэрэгтэй. – Аан. Загдаа цочих мэт өөртөө өндөлзсөнөө “Энэ чинь харин үг шүү. Муу шаарыг айлгаж байгаад хэдэн төгрөг салгаад авчихвал. Охин ганц хэрэгтэй юм надад хэллээ” хэмээн бас л өөртөө өгүүлэв. – Тиймээ. Би тэр Бархастай ясыг нь цайтал үзнэ. Эхийн дуу өөртөө дэндүү итгэлтэй сонсдоход Халиун баярлах шиг болов.-Тэр хүүхдийг нь бас авна. Энэ удаа эхийн харц айдсаар дүүрэхийг охин сандчин харж байлаа. – Юу гэсэн үг юм бэ? Тэр ч харин яршиг байнаа. Эцэгтэйгээ байгаа хүүхдийг битгий дэмий юм солиороод байгаарай чи. – Эцэг нь их муу хүн гэсээн.- Үр хүүхэддээ муу эцэг гэж байдаггүй юм. Загдаа гэнэт уурсаж ширүүлснээ охиныхоо нурамгар царайг хараад зөөлрөөд ирэв. “хүүхэд өсч том болох хэцүү юм.
Бүхнийг өөрийнхөө санаснаар болгох гэж зүтгээд. Ганц муу охиноо хүнээс дутахгүй амьдралтай болгоно доо. Болгоно”. Энэ бодол Загдаагийн цор ганц хүсэл байлаа. Яаж ийгээд амьдралыг зохицуудж болно. Загдаа охиныхоо авчирсан цай хоолыг идэж, ууж суухдаа мөнгө олж болох хэд хэдэн арга сүвэгчилж байлаа.- Ээжээ би явлаа. Эмчилгээгээ сайн хийлгээрэй. Хурдан эдгээрэй. Охин нь нүдээ тормолзуулан хэлээд хацраа өгөхөд Загдаа нэг их баярлав. “Миний ганц амьд эрдэнэ” гэх бодол дотор чийгтүүлнэ.- Миний охин хамаагүй хүнд хаалгаа тайлж өгч болохгүй шүү. – За тэгнээ ээжээ. Охиноо гаргаж өгчихөөд Загдаа эрчүүдийн платнаас эрт залуугын танил Сүнрэвийг дуудаж эргэлтийнхээ хоолоор дайлав. Нас тавь хүрсэн насны нар хэвийх яагаа ч үгүй энэ хүдэр эр малилзтал инээж өрөөн доторхийг тойруулан хараад –
Өвчтөнүүд үү? Хатагтай нарын бие илааршиж байна уу? гэхэд Загдаатай нэг өрөөнд хэвтэж эмчлүүлэгч хөгшин залуу гурван эмэгтэйд тийм ч таатай санагдаагүй бололтой толгой дохихчуу аядана. – Хи. Хи за залуу марзагнаад байлгүй наад хоолноосоо идэж үз. Загдаа түүний өмнө хоол цай өрнө. – Алаг нүдэн Загдаа маань өтөлсөн ч гэсэн бас гялалзаж байна гээч. Даралт маралт ихэсдэг болсон уу? эрдэмтэний гэргий боллоо гээд сураг тасарсан хүүхэн дээ. Сүнрэв хоол идэнгээ чанга дуугаар ярин өөртөө мөн чанга инээх аж. – Өвгөн маань өөд болоод гурван жил болж байна.- Харла гэж. Уг нь нас нь гайгүй биз дээ хө.- Гайгүй байлгүй яах вэ? Одоо байсан бол дөнгөж тавин хоёртой.- Хай хайран нас. Миний ч гэсэн мотор муудаад чад болчих дөхөөд байна шүү ер. – Эмчлүүлэх хэрэгтэй. Үхэл зовлон хэлээд ирэх биш. Загдаа гаднаа ингэж хэлсэн ч дотроо “Чи мөд үхэхгүй ээ. Чам шиг хүн үхдэггүй юм. Манай талийгаач даанч биеэ боддоггүй байсан даа” хэмээн нөхөртөө ихэд харамсан бодов.- Түрүүчийн чиний гаргаж өгч байсан охин чиний охин уу?- Тэгэлгүй яах вэ? Миний ганц амь амьдрал. Сүнрэв нэгийг бодов бололтой мушийн инээвхийлэх аж. – Загдаа эгчээ энэ Сүнрэв гуайг та таньдаг юмуу?- Таньдаг юмаа. Таньдаг юм. Их сургууль хамт төгссөн юм. –

Сүнрэв гуайгаас хол байсан нь дээр шүү. Хүмүүс ам муутай байдаг юм билээ. Бээжинд томоохон ресторантай. Тэндээ Монгол охидыг авч ажиллуулах нэрээр биеийг нь үнэлдэг. Монголчуудаа дээрэмдүүлдэг гэж мэддэг хүмүүс нь ярих юм билээ.- Арай үгүй байлгүй дээ. Тэрийг нь хэн очоод харчихсан юм бэ? Тэгээд манайхан хүнийг хэлэхдээ ямар хайрлах биш. – Сая охиныг чинь зүгээрч нэг асуугаагүй байхаа.- За муу ёр гэм. Тийм юм гэж ер юу байдаг юм бэ? Яасан муухай юм ярьдаг юм чи. Сүнрэвийг гарсаны дараа хамт хэвтэж эмчлүүлж байсан хүүхэндээ ийн уурласан Загдаа буруу харан хөнжлөөрөө толгойгоо бүтээн хэвтэв. “Үгүй энэ хөнжлөөр толгойгоо битүү бүтээх нь ч юу билээ. Өнөө даралт бас ихэсчихэнэ. Охин минь ганцаардаж байгаа шүү дээ.” Юунд ч юм бэ? Загдаа сүүлийн үес охиндоо зовоод байх болжээ. .. … Хэдэн өдрийн хичээл дараалан тасалсан Цэнгэл ямарч зорилгогүй хотоор баахан тэнэв. Нүдэнд нь хоёр гараа сарвалзуулан цусанд хутгалдан унах Нарансолонго охин, хоёр нүд нь улаанаар эргэлдэн хоёр гараа ардаа гавлуулан цагдаад түлхүүлэн явсан аав нь ээлжлэн үзэгдэнэ. Битүүхэн харж явдаг харин өөрийг нь огтхон ч тоож харьцаж байгаагүй одоо энэ орчлонгоос түүний гарт хөнөөгдөн үүрд явсан тэр охины хойноос
Цэнгэл харамсан гашуудсаар байлаа. “Миний хүү. Ганцхан чи миний цор ганц үр шүү. Энэ бузар шүглэсэн гэрээс хурдхан холдоорой. Миний хүү аавдаа битгий зовоорой. Чи миний цорын ганц үргэлжлэл” аав нь цагдаа нарт гавлуулан явахдаа улаанаар эргэлдсэн нүдэндээ гүн цөхрөл гялалзуулан дүүрэн нулимс тунаруулан байж хэлээд явсан нь санагдахад Цэнгэлийн нүдийг хоромхоноо нулимс бүрхэн хөлдүү газар под под дуслана. “Хөөрхий миний муу аав яасан гэж… ямар мууг хийсэн гэж тэнд яллуулж суугаа юм бэ? Би… би өөдгүй хүү. Надаас болж… миний хийсэн тэр цуст хэргээс болж… аав минь тэнд… үхвэл таарна Цэнгэлээ. Өөдгүй муу новшоо.” Цэнгэл өөрийгөө хичнээн зүхэвч яаж ч чадахгүйгээ ойлгон ойролцоох цардмал замын хашлага өшиглөв. Хөл нь өвдөж гутал нв цайрсан харагдана. “Би Нарансолонгыг алсан нь үнэн. Аав яагаад тэнд суух гэж. Ингэж тарчилж байхаар би өөрөө тэр шоронд суугаад амаръя л даа.” Сүүлийн үес энэ бодолд хөтлөгдөх болсон Цэнгэл хэсэг мэлрэн зогсов. Цэнгэлийн эцэг Дансран балжидтай суугаад хоёр охин, нэг хүүгийн зулай үнэрлэсэн ч ганц Цэнгэлийг өөрийн үр хэмээн нандигнадгыг Цэнгэл ихэд гайхдэг билээ. Хоёр охиноо огтхон ч тоодоггүй Дансран хүүгээ амь шигээ энхрийлж хайрлана. Сүүлийн үес Цэнгэл хормой султай эхийгээ бас Бархасыг өшрөн бодох болжээ. Цэнгэлд нүүрлээд байгаа энэ их гай зовлон чухамдаа хортой султай ээжээс нь үүдэлтэйг тэр сайн мэдэж байлаа.
Цэнгэл дэмий баахан сэлгүүцэв. Хажуугаас нь үл мэдэг чичих шиг болохуйяа тэрээр утсаа дуугарч байгааг мэдэв.-Байна уу? ээж нь ярьж байлаа.- Хүү минь чи хаагуур юу хийгээд яваад байнаа. Чамайг хичээлээ таслаад тэнээд байна гэж багш чинь хэллээ. Би дөнгөж сая ярилаа. Миний хүү чи зүгээр биз? Бие чинь өвдөөгүй биз?- Бие өвдөөгүй ээ. Харин сэтгэл өвдөөд. Хичээлд суухтай манатай.- Хм юу гэсэн үг вэ? Дал ная хүрчихсэн өвгөн аятай хачин юм ярих юм. Сэтгэл өвдлөө ч гэх шиг. Цэнгэл ханхийтэл санаа алдах нь Балжидад сонсдож- Сэтгэл өвдөхийг та мэдэхгүй л дээ. Бархас та хоёр шиг юмнууд ойлгохгүй биз. Ойлгохыг ч хүсэхгүй байх. – Хүү минь. Цэнгэлээ чи юм болбол бид хоёрыг буруутгах юм. Амьтан хүнд элдэв сайн муугаараа хэлэгдэж байж ил далд Бархасын хэдэн төгрөгийг их өвөртөллөө. Түүний хүчинд чи хүртэл ингээд сурч боловсроод гайхуулаад явж байгаа байх шүү. Ямар чиний эцэг амьжиргааны өчүүхэн төдий сүүхээтэй биш.- Харин та миний аавыг өчүүхэн ч гэсэн өрөвдөхгүй байна уу. Аав минь гэм нүгэл хийгээгүй ш дээ.- Тэглээ гээд би яах юм бэ? Чамайг тэр хар газар хийлгэхгүй гэснээс л эцэг чинь тэр сонголтыг хийгээ биз.-
За за тийм байдаг байж. Ингэхэд та юу хийж байна. Гэрээ эзгүй хаяад Бархасынд ороод суучихсан уу?- Тиймээ. Бархасын амнаас чиний талаар ганц үг унагахгүйн тулд тэднийд ирсэн. Тэгээд ч чи нялх хүүхдийг нь харж байсан хүнийг нь байхгүй болгосон. Би хүүхдийг нь өсгөж байна.- Тийм болтугай. Ээжээ та бас гэрээ дулаан, бүлээн гал хөстэй байлгаарай.- Чи наашлах нь уу? Хичээл номоо битгий таслаад байгаарай. – Би очихгүй ээ. Харин аав гэртээ харьвал …- Иш хүү минь тэр ч өнгөрсөн байхаа. Аавыг чинь дор хаяж арван таван жилтэй гэх юм. Мөн гайтай хөөтэй юм ч болж байна. Заримдаа аавыг чинь өрөвдөх юм. Одоо яая гэх вэ. Нэгэнт ийм болсноос хойш. Чи нэг хүний хүүхэд шиг сайн сураад сайн хүн болоод орхи доо. Эцэг чинь …- За за. Битгий үгэлж яншаад бай! Би мэдэж байна. Надад мөнгө хэрэгтэй байна.- Мөнгө мөнгө л гэх юм. Мөн ч их мөнгө үрэх юм даа чи. Бас л өнөө муу нэртэй Бархасын түрүүвчийг ухна гэсэн үг. Тэгээд хэд хэрэгтэй юм бэ?- Таванг зуун мянга. Адхиж таниас мөнгө гуйхгүй байх.