
Хаа нэг ноход хуцах сонсдон гам гүм оргисон шөнө дүл болсныг үл мэдрэх номч өвгөн Мэргэн гуай өмнөө тавьсан Инжинашийн “Хөх судар” хэмээх гурван баринтаг хөлгөн судрыг уншин бясалгаж суулаа.
Өвгөн номч шоголтой номоо хураан хойморь өөдөө суугаагаараа мөлхөн арслан хээтэй эрээн авдар дээрээ залаад алга хавсран хэдэнтээ залбирав. -Ай гэгээн мэргэд минь амгалан орштугай. Өвгөн хэвшмэл
болсон хэдэн үгээ гүн сүсэглэн бувтнаад сурсан дадлаараа жижиг гэрийнхээ тооноор өлийн тэртээ дээрээс царцсан мэт гялалзах цагаан ододыг ажиглав. Үүрийн цолмон гарах дөхсөн байлаа. Өвөлжөөний
арын гүн цохионы тэндээс хээрийн амьтны улих сонсдоно. Номч өвгөний гэрийн үүдийг даран хэвтсэн хоточ нохой нь чонын улих тоолон хорсолтой гэгч нь хуцаад чимээгүй болно. Өвгөн ач охиныхоо
засч өгсөн оронд ороод тавлан хэвтэж гүн нойрыг хүлээн авав. Өвгөний зүүдэнд “Суварга цагаан” уулын эзэн сахиус хэдэнтээ үзэгдсээр эцэст нь нойрноос сэрээж чадав. Хэдий хир унтсанаа ч өвгөн
мэдсэнгүй. Их удаан амарсан аятай алжаал ядрал өвгөнөөс зайлсан байлаа. – Ай хайрхан минь. Би юу зүүдлэв дээ. “Суварга цагаан” уулын эзэн могойн цээжинд хувирч маш их хилэгнэн бүр уйлж байх юм.
Амнаас нь нэг ширхэг сувд бутран унаж харагдах юм. Юу гэсэн утгатай зүүд вэ? Лусын эзний нэг хайртай амьтан хүний гарт үрэгдэж, лусын эзэн хилэгнэх нь дээ. Нүгэлт хүний хийдэл эзэн савдагыг хилэгнүүлж гишгэх газар, Дээд тэнгэрийг догшруулах юм даа. Нутаг оронд нэг юм болох нь ч болох нь дээ. Үгүй тэгээд миний зүүдэнд ордог нь ямар учиртай юм бол… Арай манай багачуудын хэн нэг газар лус хилэгнүүлж яваа юм биш биз. … өвгөн орон дээрээ завилж суугаад тэнгэр газраа дээдлэн залбирав. Тооноор гэгээ цухуйж амьдралын нэг шинэ өдөр эхэлж буйг илтгэнэ. Хөлийн чимээ ойртоэ цас чихрах сонсдон өвгөний хаалга онгойж, өвгөний том охин тавь орчим настай Чимид орж ирээд орон дээрээ завилан суусан эцнээ олж үзэн царай нь цонхийн цайв. –
Ааваа бие чинь зүгээр үү. Та яагаад орон дээрээ сууж байгаа юм бэ? Өвгөн охиноо мишилзэн хараад – Аав нь зүгээр. Их сайхан амарлаа. Миний охин сайхан амарч чадав уу. Даржаа байгаа биз. – Даржаа шөнө ирсэн. Хот уруу сүү хүргээд оройтчихож гэнэ. Би цай чанаад өгье. Аав минь та даараагүй биз. Өвгөн зуух, тогоотой ноцолдож өтөлж, хөгширч яваа охиноо хайрлан харсаар хэсэг хэвтэв. “Миний охин өтлөх тусмаа ээжтэйгээ мөн адилхан болж байна даа. Хөөрхий минь. Муу бүрлээч минь яг ийм хүн байсан даа зайлуул”. Өвгөн өвгөн өнгөрснөө эргэцүүлэн бас бодолдоо уярч хэвтэх аж. Чимэд эцгийнхээ өмнө явган ширээ тавьж ааг амтагдсан шаргал цай аягалан тавиад эргэв. Бурханы өмнөх цагийг шинэ идээний дээжээр дүүргээд хангай дэлхийдээ цайны дээж өргөхөөр гарсан Чимэд хүйтэн өвлийн цагаан салхийг ханатал амьсгалав. Чимэдийг гэртээ ороход нөхөр Даржаа нь босоод гутлаа өмсч байлаа. – Та жаахан хэвтэж амрахгүй яагаа вэ? – Өө зүгээр. Амарчихлаа байна. Чи чинь өөрийнхөө галыг түлээгүй байж эцэг үрүүгээ гүйгээд байх юмаа. – Дал гарсан хөгшин эцэгтээ өглөөд аяга цай чанаж өглөө гээд лавдаг нүгэл болохгүй байх. – Адаглаж чи эхлээд өөрийнхөөө галыг асааж бай л даа. – Мэдэж байна аа. Мэдэж байна.
Гэгээ гарч байна. Адаглаж битгий хэрүүл хийгээд бай. – Хэрүүл хийх юу байх вэ! Би хэдэн төгрөг олох гэж үйл махаа цайж байдаг. Та нар гэж намчирхсан сүрхий улс бодохоос л бүр дургүй хүрэх юм. Даржаа уурлаж, өмнөө байгаа сандал өшиглөн гарахад хар аяндаа Чимэдийн хоолой өөд гомдол тунараад явчихав. “Энэ Даржаа хүнд хань болох хүн биш”. Тэртээ гучин жилийн өмнө хэлсэн эцгийн энэ үгийг Чимэд энэ өглөө дахиад санав. “Хөөрхий миний муу аав аргагүй л Даржааг мэдэж байж дээ. Эцгийн үгийг тоогоогүй нүгэлтэй би амьдралын турш сэтгэлийн зовлонтой явж байна даа”. Чимэдийн нудуухан бодлыг батлах мэт гадаа Даржаагийн дуу хадаад явчихав. – Өө муу өмхий мялан гадаа тавьсан куртканы ханцуй зажилчихаж. Чонын хоол болоосой муу сэг. – Пээ мөн муухай хүн шүү. Өглөө болж байхад хараал тавиад гэж Чимэд толгой сэгсрэн өөртөө үглэнэ. Өвлийн цагаан агаар цалгиулсаар Даржаа орж ирэн мөн үглэх нь яршигтай. – Хувхай муу мялан гадаа тавьсан куртканы ханцуй зажилчихаж. Ээ хайран куртка. – Чи өөрөө яах гэж хувцсаа гадаа тавьдаг юм бэ? Мал байгааг мэдсээр байж.
Үхэр хужирсаад байна ш дээ. Үргэлж хот хүрээ явж байж малдаа хужир аваад ирэхэд яадаг юм бэ? – Өө за за. Би тэгээд хөлдүү хужир зөөгөөд явж байх уу. – Зөөсөн ч яадаг юм бэ? Малын буянд манайх юугаар ч дутаагүй байгаа байх шүү. Чимэд, Даржаа хоёрыг ийн толхилцож байхад баруун орон дээр унтаж байсан Даржаагийн бага хүү Төмөр өндийж нүдээ нухлан – Болиочээ. Аав одоо яахаараа ингэж хэрүүл хийдэг юм бэ? Унтаж амармаар байна. Дуугүй байгаач гээд буруу харан хэвтэхэд Чимэд дуугаа хураан, Даржаа чөдөр шүүрэн ухасхийн гарав. Чимэд цайгаа чанаж, том мөнгөн аяганд мэлтийтэл дүүргэн ширээнээ тавих үед гаднаас Даржаа орж ирэн ер юу ч болоогүй мэт ширээ голлон ханхайн сууж цайг авч оочлон уув. Чимэдийн сэтгэл уужран түрүүчийн их гомдол алга болох шиг сэргээд ирэв. – Өвгөөн аягандаа өрөм хийнэ үү? Даржаа мушийн инээхчүү аядаж – Үгүй ээ хө. Жаахан мах хөшиглөөд идчихье. Тэгээд дээшээ өгсөнөө. Өнөө Бархасын эхнэр алга болчихсон гэнэ. Эр улс байна. Бас төдийгөөс өдийг хүртэл үерхэж нөхөрлөсөн улс хойно энэ үед нь өнөөдөр нэг очихоос биш. Даржаа энгүүн хүүрнэнэ. Чимэд эвгүйцэн буруу харж – Бархас ч дээ. Хүүхдээрээ шахуу хүний охин авчирчихаад зодож тамлаад байсан.
Арай өнөө муу охин зугатаж, нуугдаж яваад эндэж осолдсон юм биш байгаа даа. Даржаа эхнэрээ таа муутайхан харж – Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж. Хэн мэдлээ. Муу Бархас бас зовж яваа эр хүн дээ зайлуул. – Бархас ч зовж яваа биш зовоож яваа хүн шиг байдаг юм. Гол нь тэр охин л энх мэнд байгаасай билээ дээ. Хөөрхий минь. Хэний ч үр ялгаа юу байх билээ дээ. Даржаа, Чимэд хоёр дахин толхилцож эхэлснээ хүүгийнхээ хөдлөх чимээнээр дуугаа хураацгаав… … Дүүгээ хэдэн шөнө тэвэрч хоносон Нарансолонго унтах санаатай хэвтэж байснаа гадаа хүмүүс шуугих чимээнээр гадаа гарав. Эцэг нь нутгийн хэдэн залуус авчирчихсан юу ч болсон шинжгүй тачигнатал хөхрөлдөх аж. Балжид авгай тэдний дунд бүр нэг сэтгэл ханасан шинжтэй инээд алдан зогсоно. Балжид авгайн дунд хүү Цэнгэл Нарансолонгыг харж инээмсэглэн зогсохыг харсан охин дургүйцэн ширэв татав. Балжид -За Бархас минь миний хүүгийн хийморийг сэргээж нэг сайн ангийн тэнгэр мялаагаад орхи доо. Бархас – Тэрнийг надад заах хэрэггүй биз. Чи зүгээр галаа түлээд, тогоондоо ус хтйгээд хүлээж байгаарай. Балжид – За за ойлголоо. Ангийн баастай бурхан минь. Хи.хи. хи. Бархас – Балжидаа хө. Их гэрээс ганц юм аваад ирээч. Даржаа маань ирчихээд байна. Багын андтайгаа ганц юм хуваагаад цохичихъё.

Балжид өөрийн гэр шиг эрх мэдэлтэйгээр Бархасын хаалгыг татан орж том шилтэй архи барин гарч ирэв. Бархас хорь орчим залуус дагуулан мордоход Балжидын хүү түүнтэй дөрөө харшиж явлаа. Балжидын хүүгийн ойворгон царайг зэрвэс харсан Даржаа – Бархасаа хө. Чамайг анд явах юм гэж бодсонгүй. Харин чамайг эхнэрээ хайх юм байх гэж бодоод ирсэн юм. Чи чинь энэ олон залуучуудаар яах гэсэн юм бэ? Хүүхдүүд нийлж дарвиад буу алдах вий болгоомжтой яваарай хө. Анд бол хөгшин нь явахгүй ээ. Гэрт бас бөөн ажил. Ингэхэд эхнэр чинь яачихсан юм бэ? Чи чинь ер нь юу болоод байна даа хэмээн өөриймсөн хэлэв. Бархас мориныхоо амыг татан зогсоогоод залуусыг явж бай хэмээн гараараа дохиод мориноосоо буухад Даржаа дагалдан мориноосоо буув. Тарган морьдын хондлойноос уур савсаж будрах зөөлөг цасанд бужигнана. Бархас гутлынхаа түрүүг ухан хаш соруултай гаанс гарган тамхилахад Даржаа өөрийн гаансыг бас гаргаж ирэв. – Өвгөн минь залуус дагаж доргидог нас чинь өнгөрсөн. Чи ер нь эхнэрээ яачихаад бүдүүн Балжидтай бөөр бөгсөөрөө холбогдчихдог байнаа. Дэмий ш дээ. Шал балай юм байж байх юм. Бархас гутлынхаа түрүүг гаансаараа тогшин – Бүжмаа яваад өгсөөн. Тэр дэвэлзүүр хүүхэн яах вэ!
Өдийд бөгсөөрөө хоол олж идэх гэж яваа биз. Өглөө босоход явчихсан байна лээ. – Энэ их хөвчийг ганц бүсгүй хүн яаж туулна гэж чи санаа вэ? Тэгээд шөнө шүү. Чоно нохойд уруулчихсан байвал яана. – Гайгүй биз. Чонотой хүртэл нөхчөж чадах хүн. Үгүй тэгээд ч Бүжмаагийн араас нэхээд ирэх хүн байхгүй. – Хүү чинь яасан юм бэ? Хэзээ нэгэн цагт миний ээжийг чи яачихсан юм бэ? Гээд нэхнэ шүү дээ. Тэгээд ч Балжид та хоёр цагаандаа гарч. Миний бүр дургүй хүрээд. Адаглаж чи муу Дансранг бодооч. Насаараа эхнэрийг нь хулгайллаадаг. – Хэ хэ. Чи намайг загнах гээд л байнаа даа. За загна. Загна. Би бас буруу юм хийгээд байгаа золиг. Өөрөө ч мэдээд л байна. За яах вэ. Ганц олдох нас. Хоёр ч эхнэрийн өвөр солилоо. Болохгүй юм. Дансранг бодоогүй биш бодлож л байна. Гэхдээ би Балжидтай суунаа. Бархасын энэ үгийг сонссон Даржаа овсхийн цочсоноо нуухыг хичээн – Хмм. Хоёр завхай хүн таарах нь таарах л байх. Харин олон хүний зовлонгийн нулимсанд живэх нэг өдөр ирнэ гэдгийг битгий мартаарай. Нөхрийн хувьд чамд хэлчихье!
Чи энэ нэг завхай зайдан зангаа татаж үз гээд хариу хүлээлгүй мориндоо мордон эргэж харалгүй яваад өгөв. – Үгүй чи байз л даа. Эр хүн эр хүндээ хайртай. Балжид бид хоёр гэсээр өндөлзөж хоцорсон Бархас мөн мориндоо мордож энэ л буруутай гэх шиг мориныхоо хондлой уруу ташуураа пид хийтэл буулгав. – Бархас ахаа ангийн тэнгэр ивээж байгаа юм бишүү. Тэр … тэр хараач … гөрөөс … гөрөөс явж байна. Балжидын хүүгийн хашгирахыг сонссон Бархас заасан зүгт нь харвал эвэр нь таван өнгөөр туяарсан гөрөөс харайлгаж явах нь тэр. “Хайрхан минь Цагаан суварга уулын эзэн савдаг яваа юм биш байгаа” дотоод сэтгэл нь ийнхүү шивнэсэн ч – Юуг нь хүлээсэн юм бэ! Хөөгөөч … буудаач гэх хахирган дуун аль хэдийн Бархасын амнаас гарсан байлаа. Залуус шуугилдан давхилдаж, буун дуу дараа, дараалан нирхийж, морьдын хөлөөр цас сийчигдэн цагаан манан татахад юунд ч юм бэ Бархас өөртөө харамсах шиг болсон ч залуусын араас мориндоо ташуур өгөн довтолгов. – Оночихлоо гэх хэн нэгний дуу цуурайлж залуусын инээд сонсогдоно. Тэднийг очиход газарт унасан гөрөөс гэнэт босон зугатхад Бархас бас хийрдхийн цочив. Улайрсан залуус дахин шуугилдаж дахин буун дуун дараалан нирхийсээр анчид гөрөөстэй хөөцөлдөн бүтэн өдрийг хоосон өнгөрөөв. Оройхон хирд Балжидын хүүгийн өгсөн архинд сүрхий халамцсан
Бархас ангийн отгын хойморт ханцуй шамлан өндөлзөж – Аа цусаар урс. Анх удаагаа ангийн хишиггүй өнжиж байна. Та муусайн нусан журууд юу ч мэдэхгүй буудаж ч чадахгүй байж битгий том том дуугараад бай! Одоо байд буудаж сур. Тэгээд нусан таглаанууд минь надаас түрүүлээд ан уруу буудаад үзээрэй. Хараалсанаа зөв бариад буудчихаж чадахгүй та нараас болж миний ангийн тэнгэр харьж байна. Ойлгож байна уу та нар. Хээрийн нанчидаас багагүй хүртсэн намхан бор залуу Бархасын дэргэд мөлхөх шахам ирж – Яг зөв. Ахын хэлдэг үнэн. Хэдүүлээ байгаа буудаж суръя. Ах бид таниараа бахархдаг шүү хэмээн согтуурххад бусад нь дагалдав. – Бархас ахаа. Байгаа хаана бэлдэх вэ? – Хаана ч яадаг юм бэ. Эргэн тойрон би байна гээд моднууд байгаа биз дээ. – Ах жалгын эхэнд байгаа ганц мод арай дээр чөлөөтэй юм. – Тэгээд тэрүүгээрээ бай хийгээч дээ. – Болох юмуу даа. Тэр модноос чинь зөндөө хадаг уячихсан байгаа биздээ. Нэг залуугийн эргэлзэнгүй хэлэхэд Бархас элгээ даран хэсэг хөхрөв. – Ёо ёо. Бас нэг муу сүсэгтэй санаатай! Нохой долоо гэж. Чи нэртэйгээр нь хүзүүнээсээ муур багш шиг том эрхи аваад зүүчихээч! Тэр хадаг яндар хэнд юуны хамаатай юм бэ!
Тэр ганц модныхоо салаа мөчрийг нь тасдаж хая. Тэгээд нэг талыг нь бай болгож тэмдэглээд буудах сургуулилтаа хийцгээ бацаанууд минь. Залуус Бархасын үгэнд үг дуугүй захирагдацгаан модны мөчрүүдийг тасчин унагааж бай хийн буудаж эхлэв. Оройжин ганц мод уруу буудацгаан сургууль хийсэн залуус маргааш нь нэг согоо унаган бөөн дуу шуугиантай буцан ирцгээв. Ангаас буцаж ирээд Бархас гэртээ орсонгүй. Хүүхдүүд дээрээ орж ирэв. Бархас охиноо зөөлөн харж – Дүү нь зүгээр үү. Уйлж зовоож байна уу гэхэд Нарансолонго толгой дохив. – Миний охин дүүгээ хүн хийчих дайны болж. Аав нь хэд хоногоос хот явж нөгөө гичийг олж ирнээ. Хүүхдээ хаяад явдаг ямар овоо өлөгчин бэ! Нарансолонго аавыгаа зэвүүцэн харж – Яах юм бэ! Та өөрөө л буруутай ш дээ. Ажааг авчирч зовоогоод хэрэггүй шүү. – Томчуудын буруу зөв чамд хамаагүй ээ охин минь. Аав нь охиндоо хүнд ачаа үүрүүлж байгаагаа мэдэж байнаа. Уг нь хүсээгүй юмаа. Нэг мэдэхэд муу хүүгээ бас өнчрүүлчихлээ. Балжид ч миний хүүг хүн хийгээд өгье л гэх юм. – Үгүй шүү. Тэр муухай авгайд би дүүгээ өгөхгүй. Нарансолонго үнэнээсээ дургүйцэн дуу алдахад Бархас охиноо анх удаа ихэд тоон харав. – Миний охион Балжид уг нь гэмгүй ш дээ. Аав нь түүнд сайн байдаг юм. – Би харин түүнийг харахыг ч хүсдэггүй. Би өөрөө дүүгээ өөрөө хүн хийнээ. Бархас царай барайлган хэсэг суухад Нарансолонго эцэгтээ хоол хийж өгөв. Охиныхоо хийсэн хоолыг идсэн Бархасын хөлс нь цутгаж, түүнийгээ шудран арчихыг харсан Нарансолонго эцгийгээ дотроо өрөвдөж суулаа. Бархас хоол идэнгээ – Миний охин
Даржаагийн хүүтэй дотносоод л байнаа даа. Уг нь удам сайтай улс даа. Өөрөө мэдэхгүй юу. Аав нь одоо жаахан ухаантай амьдарнаа хэмээн хэлээд бодолхийлэн чимээгүй болов. Жаал хүү сэрж уйлагнахад Бархас очиж тэврэн бүүвэйлэхэд хүүхэд чимээгүй болоход нэг их баярлав. Салхи сийгүүлж Балжидын хүүг орж ирэхэд Нарансолонго дургүйцэн ярвайхыг Бархас харж суулаа. Хүү зүүн ор өнцөгдөн сууж – Ах таныг ээж дуудаж байна. Хоол ид гэнээ. – Гэртээ хоолоо идэж байна гэж ээждээ хэлээрэй! Дургүйцлээ барьж үл чадсан Нарансолонго чангахан хэлээд буруу харав. Бархасын сэтгэл зовох шиг болж – Миний охион. Хүн орж ирээд байна. Цай хийж өгөөч! Нарансолонго дургүйцсэн хэвээр – Надад зав алгаа. Дүүг угжих болчихлоо. Балжидын хүү зүүн орны хөндийгөөс Бархасын бууг аван тооно өөд хараалж – Аа яа яа. Жинхэнэ нямц винтов. Дуран энэ тэрийг нь ээ. Үнэн тасархай юмаа. Ах энэ буугаараа “Цагаан суварга”-ыг нурааж өгсөн биздээ гэж шогшрон замгийг нь тачигнуулахад Бархас аягаа яаран тавьж – Хүүе чи боль гэм. Хүхээнд нь сум гэх агшинд буу тасхийн баруун орны өмнө Нарансолонго охин сарвалзан ойчих нь тэр. – Миний охион. Ээ халаг минь . . . миний үрээ. Нарансолонгоо. Бархас ээдэрсэн хоолойгоор хашгиран ухасхийн цээжнээс нь цус садрах охиноо тэврэн авав. – Миний охион. Нүдээ нээгээрэй! Аавыгаа хараарай! Миний охин. Бархас ихээхэн цочрон сандарч охиноо тэврэн цурхиран орилоход
Балжидын хүү буугаа хараалсан хэвээр хөшсөн мэт зогссоор байлаа. Хаалга сэвхийн нээгдэж Балжидын нөхөр харайн орж ирээд гэр доторхыг харан хэсэг үүлгэртэн зогссоноо гэнэт сэхээ авч буу барин зогссоор байгаа хүүгээсээ бууг булаан авч гар гэж нүдээрээ дохин загнан хөөв. Хүү ухасхийн гарч одоход – Бурхан минь … юу боловоо … охин … амьсгаа байна уу гэж ээрэгнэх дуунаар толгой өргөн харсан Бархас өөдөөс нь бууны ам онгойн харлахыг харж мэгдэн сандрав. Тэрбээр уруулаа эвлүүлж ядан – Дансран чи юу. Чи иймдээ тулаа юу. Чиний хүү миний охиныг алчихаад байхад … чи намайг … Дансрангийн нүүр өөд халуун огшин, зүрх нь хүчтэй лугшин хачин их харамсал, өчнөөн их гомдол хоолой өөд нь гашуун оргиулан дээшилсэн ч – Бурхан минь үлдэж байгаа хүн бүрийг өршөө. Золгүй би хүүгийнхээ өмнөөс алуурчин болж хувирлаа гэх золгүй бодолд бүрнээ хөтлөгдөн – Бархас чи сонс. Миний хүү биш. Би чиний охиныг хөнөөчихлөө. Уг нь би чамайг алах байсан юм. Чиний намайг эзгүйчилсний хариу энэ. Харин цаад орон дээрх үрийг чинь өрөвдөж чиний амийг үлдээлээ гээд хаалга өөд согтуу мэт гуйвчин алхах Дансранг Бархас цус хуралдсан улаан нүдээр өрөмдөн харсаар хоцров. Орон дээр уйлагнах хүүхдийн дуунаар давхийн харсан Бархас ихэд сандчин хүүгээ авч өвөртөө хийв. Тэр амь тавьж буй охиноо арга тасран харж – Чааваас гэж. Миний охион. Тэнэг эцгийгээ ганцхан удаа хараач! Аав нь … охиноо алчихлаа даа. Ээ халаг минь гэсээр мэгшин уйлав.
Нарансолонго хүндэрсэн зовхио нээх гээд чадсангүй. Цээжин тус газар нь эцгийнх нь хүнд толгой наалдаж, арга тасран уйлах нь сонсдоно. – Муу аав минь одоо яана даа. Муу аав минь муу хүн ч гэсэн миний аав шүү дээ. Ажаа намайг уучлаарай! Би энэ хорвоогоос явж байх шиг байна. Дүүгээ харж чадсангүй. Дотоод ухамсар нь маш зовиуртайгаар зогсолтгүй ажиллаж хүн болсон газар дэлхий, хүний орчлонгийн хүй амьдралд хоргодовч өмнө тулаад дэндүү эрт ирсэн хагацахын энэ үйлийг охин яахан сөрж чадах билээ. – Ааваа. Миний ааваа. Хүний орчлонд хоцорсон дэндүү сайхан аав минь дээ. Нарансолонго эцсийн удаа аавдаа хоргодон уулгалаад жигтэйхэн хөнгөрөн дээш хөөрөв. Нүдэнд нь их гэрэл цэлсхийн охин яах ийхийн зуурдгүй тэр гэрэлд татагдан оров. Охин тэртээ дээрээс өөрийн амьдарч асан жижиг цагаан гэр, уйлан тарчлагч аавыгаа, цусанд будагдаж цонхийн цайсан өөрийн цогцсоо эцсийн удаа хараад дээд огторгуйд хөөрөн алга болов… Бүжмаагийн хөх чинэрэхээ больж сүү нь татарсанд нэг талаар сэтгэл нь амравч нөгөөтэйгүүр эцгийн гэрт хоцорсон нялх үрдээ зовоод байлаа.
Цэнхэр торгон хэвнэг нөмөрсөн Нарансолонго охин хэдэн шөнийн нойронд дараалан зүүдлэгдээд тэр өөрийн эрхгүй санаашран зовоод байгаагаа өөрөө мэдэж байлаа. Найгаль өглөө аавынхаараа очихоор явсан тул Бүжмаа том толины өмнө өөрийгөө мэлрэн харсаар суулаа. “Ерөөсөө болъё! Ингэж тарчилж байхаар буцъя даа. Хүүдээ очъё! Хүүгээ бодоод Бархасын ааш, дарамтыг тэвчээд зарц нь болж амьдрах уу. Хүү минь тэнд байгаа шүү дээ. Би хүүдээ очих ёстой”. Бүжмаа зөвхөн хүүгээ бодсоор, шаналсаар энэ өдрийг бас өнгөрөөж байлаа. Хаалганы түгжээ торхийн Найгалийн нөхөр Сэр-Одыг орж ирэхийг ч Бүжмаа мэдсэнгүй. – Бүсгүй яасан их гунигтай байх юм бэ! Ард нь хүн дуугарахад давхийн цочиж, бушуухан эргэж харав. – Өө би мэдсэнгүй. Та хэзээ орж ирсэн бэ? Бүсгүйг сандчихад Сэр-Од шоолонгуй инээж – Сая орж ирлээ.

Найгаль байхгүй байгаа юмуу? – Харин тиймээ. Найгаль аавындаа очоод ирье гээд гарсан. – Ойлгомжтой. Тэгээд л чи гуниглаж суугаа нь энэ үү. Чиний энэ хөөрхөн нүд үргэлж гунигтай харагдах юм. Битгий ингэж гуниглаж зов. Би чамд бүх талаар тусалж чадна. Яг яамаар байгаагаа надад хэлчих. Бүжмаа түүнийг гайхан харж – Баярлалаа. Би Найгаль та хоёрт их баярлаж байгаа шүү. Маргаашнаас буцдаг юм билүү л гэж бодож байна. – Өнөө айхтар нөхөртөө очихно уу. Би чамайг тийшээгээ битгий очоосой гэж бодож байна. Чи үе мултарсан хайр, найргүй зодож нүддэг тийм нөхрөөр яах юм бэ! Чи ирээдүйгээ өөрөөр харж амьдрах хэрэгтэй ш дээ. Бүжмаагийн нүдийг нулимс бүрхэж, уруул нь өмөлзөж – Тэнд миний хүү байгаа. Би хүүдээ очмоор байна гэж шивнэх шахам хэлээд нулимсаа арчив.