Home Өгүүллэг ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 1-Р ХЭСЭГ

ГАЗРЫН НУЛИМС /РОМАН/ 1-Р ХЭСЭГ

10 second read
0
0
1,254

Бүжмаа хөлийн дор чахран гишгэгдэх цасыг арайхийн гишгэлэн хамаг хүчээ дайчлан урагш хэсэг хурдалснаа цохио цагаан хадны нөмөрт бие амраан хэсэг суув. Дулаахан ч юм шиг, бас жаахан дуг

хийгээд авмаар бие нь сульдана. Хот газар төрж, өссөн Бүжмаа хангай нутагт ирээд хоёр жил орчмын нүүр үзэж байгаа ч энэ шөнийн хувьд түүний биенээс айдас аль хэдийн алга болжээ. Бархас хаашаа ч юм бэ

хэд хоног алга болчихоод гэнэт оройн бүхийгээр ирж агсамнан зодсон тул гуравхан сартай хүүгээ тэврэн амь дэнсэн зугатаж яваа нь энэ. Хангай нутгийн өвлийн энэ цагаан шөнө араатан авиртай нөхрөөс нь

түүнийг хайрлаж, хамгаалах мэт нам нүмхэн налайна. Эргэн тойрон мод, хадтай энэ нутагт хангайн амьтан элбэг ч Бүжмаатай таарч айлгаж цочоосон нь нэгээхэн үгүй. Бүжмаагийн нозоорсон байдал

аажим аажмаар биеэс нь холдож болоод өнгөрсөн аймшигт тамлал бодогдоход хоолой өөд нь нэг их амьсгал дээшилж гашуу оргиулан аньсага зовхи нь чийгтээд ирэхэд Бүжмаа явахаар өндийн босов. Ар

нуруундаа үүрсэн нялх үр нь сэрж яраглахад Бүжмаа ойн зөрөг зам даган яаран алхав. – Явах ёстой. Тэр муухай хүний харцанд дахиад харагдахааргүй алга болоод өгье! Хүү минь даарих вийдээ. Ямар ч байсан ээж, хүү хоёр яаж ийгээд хот орох ёстой. Бүжмаа ганцаар ярин хэсэг алхаснаа нэг дороо удтал зогсов. – Хот орж болноо. Хот ороод хаана очих билээ. Уг нь минийаавын орон байр байгаа ч хүүхэд тэвэрсэн намайг хойд эх хаалгаараа шагайлгана гэж үү. Хар өвлийн хүйтнээр гар дээрээ ганц төгрөггүй би нялх хүүхдээ үүрээд хаана очих билээ. Осгох аюул бид хоёроос хэдхэн алхамын зайд байна. Буцаад харих уу. Хүүгээ бодоод. Бархасынд эргээд очих уу. Хувь тавьлантайгаа эвлэрээд. Бүжмаа эргэн харж зогссоноо гүнзгий санаа алдаад буцаж хэд алхав. – Уг нь бархас одоо унтсандаа. Хүүгээ хөлдөөж алалтай нь биш. Түүний хөл хар аяндаа л сөхчин гуйвлах аж. Бүжмаа хадтай хошууг маш удаан явж тойров. Нэхий өлгийд өлгийдсөн хүү нь ар нуруунд нь ажин, түжин нойрсоно. Нохдын дуу сонсогдон ойртож, утааны үнэр хамар цоргиход Бүжмааг өөрийн эрхгүй айдас нөмрөн бараг л буцаад гүйчих дөхөв.

Гэсэн ч яалтай билээ. Идэр есийн хүйтэн тачигнаж, одод хүртэл бээрсэн мэт тэнгэрт цайвалзана. Өөдөөс нь хүний бараан сүүдэр ойртож, амьсгал нь мэдрэгдэхэд Бүжмаа дороо зогсов. – Яанаа Бархас уу даа. Зодох л байхдаа. Бархас биш байлаа. Охин хүүхдийн зөөлөн амьсгаа мэдрэгдэхэд Бүжмаа өөрөө баясан инээмсэглэв. – Нарансолонго уу даа. Яасан бэ охин минь. Аав чинь унтсан уу. Бүжмаагаас дөрөвхөн насаар дүү Бархасын дагавар охин Нарансолонго түүнд ойртон ирж Бүжмаагийн гарыг хүйтэн алгандаа атгаж бүлээцүүлэх аядан хэсэг зогсов. – Ямар их санаа зововоо. Араас чинь явахаас айгаад. Алив би дүүг аваатахъя. Би бага гэрт гал түлчихсэн. Их гэрт орсоны хэрэггүй ээ. Аав унтаагүй. Унтах нь байтугай Балжид авгайг аваад гэртээ орсон. Нарансолонго дуржигнан хэлээд өөрөөсөө хэдхэн насаар эгчмэд хойт эхээ халамжлан жижиг гэр үрүү авч оров.

Бархас түрүүчийн эхнэрээсээ хүү охин хоёртой бөгөөд хүү нь эхийгээ даган явсан бөгөөд энэ жижиг гэрийг охиндоо тохижуулж өгсөн тул Бүжмаа өвлийн энэ хүйтэн шөнө хүүтэйгээ толгой хоргодож хонож байгаа нь энэ. Гадаа байхад даараагүй байсан юм шиг Бүжмаа дулаан гэрт орж ирээд дагжин чичрэх аж. – Иш та бүр даарчихсан байна ш дээ. Би бүр санаа зовоод байсан юмаа. Хөөх та наад нүдээ хараач. Яанаа аймаар хөхөрчихөж. Нарансолонго харамсан шогширч халуун цай дөхүүлэв. Бүжмааг дахиад бөөн гомдол нөмөрч цай ууж чадахгүй давчдана. – Ажаа үнэндээ би таныг өрөвдөөд бас таньд харамсаад байх юм аа. Би аавыг үзэн ядаж байна. Миний ээжийг аав бас тань шиг зовоож байсан байх даа. Би ганцаардахаас айгаад таныг хань татаад явуулдаггүй байсан юм. Бас дүүгээ өнчрүүлэхээс айгаад.. Харин одоо бол үгүй. … Ажаа минь та яв даа. Би дүүг аваад үлдье. Бүжмаа энэ юу хэлчихэв гэх шиг охиныг мэлрэн ширтэв. Нарансолонгын нүдээр нулимс мэлтэсхийн дүүрэх ажээ. –

Юу чи намайг яв гэж байгаа юм уу? Үгүй тэгээд … үгүй тэгээд чи дүүгээ авч үлдэх гэж үү? Би тэгээд хүүгүй яах юм бэ? Хүүгээ орхиод явна гэхээс Бүжмаагийн хоолой зангиран нулимс асгарах аж. – Ажаа битгий ингээч. Би таныг бодсондоо ингэж байна ш дээ. Би дүүгээ сайн асарч халамжлана. Дүү над дээр байгаа юм чинь та хүссэн үедээ аваарай. Харин та тэр хотдоо тохижоод ав. Тэгээд дүүг аваарай. Таныг аав алчих гээд байна ш дээ. Би таныг зовохыг чинь хараад байх их хэцүү байна. Та сайхан сэтгэлтэй ийм гоё эгч юм чинь. Заавал жаргах ёстой шүү. Та над шиг өнчин өссөн. Тийм болохоор л бид ингэж зовж байгаа юм. Үнэнийг хэлэхэд Бүжмаад Бархасаас холдоно гэдэг сайхан ч хүүгээсээ холдоно гэдэг хамгаас хэцүү байлаа. Хүү нь сэрэн уйлагнахад Бүжмаа хурдхан авч хөхүүлэв. Нарансолонго өмнө нь сармис ханхалсан сайхан шөл авчирч тавихыг Бүжмаа дурамжхан харж сууна. Охины өтгөн хар үс нухууг нь даган асгаран бууна. – Ажаа хоолоо идээч.

Бүжмаа түүнийг дүйнгэ юм шиг цийлгар харцаар харж – Нарансолонго би явахгүй ээ гэж тод гэгч нь хэлэв. – Өөрөө мэд л дээ. Та өөрөө их зов шүү дээ. – Хүүтэйгээ хамт байвал бусад нь яах вэ? – Наад нүд чинь дов болтол хавдчихаж. Миний орон дээр та хоёр унтаарай гэсээр Нарансолонго зүүн талын ор засан хэвтэв. Бүжмаа аяга шөл уугаад өөрийн эрхгүй нүд анилдаж эхлэхэд тэрээр бие засахаар гарав. Бархасын том гэрийн тооноор гэрэл цэлэлзэн тэдний яриа тодхон сонсдоно. Бүжмаад гэнэт тэдний яриаг сонсмоор санагдахад бие засчихаад ойртон очив. – Чи чинь ямар лойчихсон эр вэ? Хорь дөнгөж гарч яваа залуу сайхан эхнэрээ яачихаад намайг хормойдоод байдаг билээ? – Чаавас даа. Эхнэр ч бол доо. Хүүхдээрээ амьтан болохоороо миний санаанд нийцэхгүй юм. – Хи хи. Ямарч байсан чамд хүү төрүүлж өгсөн биз дээ. – Хүүхэд төрүүлэх нь эмс та нарын үүрэг. Бүжмаа бол миний эхнэр нэртэй татвар эм. Өнчин өрөөсөн хоцорч зовж явахад нь би олж ирсэн юм. Түүний хойноос ирэх нохой ч байхгүй. Түүнийг яах нь миний дурын хэрэг. – Үгүй чи чинь хайртай дуртай гээд л хүний нялх үрийг авчраа биз дээ. Нэг хэсэг та хоёр чинь салхи орох зайгүй л байсан биз дээ. – Од ширтсэн охиныг би хэдий болтол сахих юм бэ? Хажууд нь чи чинь сайвар морь л гэсэн үг. За алив хонгор минь… хоёулаа сайхан… сайхан жаргах минь… – Болил доо чи одоо.

Яасан ханаж цаддаггүй банзал амьтан бэ? – За чи одоо. Хоёулаа адилхан байж. Ёстой нөгөө хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгчээр. Чи ч гэсэн нөхрөө эзгүйчлээд миний өвөрт хэвтэж байгаа биз дээ. – Чиний хүссэнийг хийчихлээ. Одоо гэртээ харья. Аягүй бол өвгөн хүрээд ирнэ. Тэгвэл хүн амины хэрэг гарна гэсэн үг ш дээ. – За ирэхгүй дээ. Ирэхгүй. Цаадахь чинь бас нэгнийх нь эхнэрийг эзгүйчлээд тэврээд хэвтэж байгаа ш дээ. – Хаа очиж миний өвгөн чам шиг биш л дээ. – Харин чи яг над шиг юм. Чи одоо юун сүртэй юм бэ? Өөрөө хормойгоо сөхөөд гүйгээд ирээ биз дээ. – Эвгүй санагдаад байнаа. Эхнэр чинь нүүр урчихвал яана. Залуу хүний хумс хурц. – Тэгвэл мөчийг нь хуга цохихгүй юу. Түүний хойноос ирэх нохой ч байхгүй гэж би чамд түрүүн хэлсэн ш дээ. Миний гарыг түлж насаараа миний зарц болох тавилантай заяа муутай өлөгчин. Ойртож хавьтахаас ч дургүй хүрэх юм. Дахиад жирэмсэлчихвэл төвөг. Би ямар хүүхэд үйлдвэрлэгч биш. Үнэндээ цаадахыг чинь би босгоноос дээш гаргах дургүй. Үүдэнд суудалтай.

Үүрдийн шивэгчин болгох гэж л авчирсан юм ш дээ би. – Тийм шинж ч харагдаад байдаг юм шүү. За тэр яах вэ? Бархас минь найзад нь хэдэн төгрөг хэрэг болоод байна. – Авна биз. Авдаг л биз дээ чи. Ер нь чи цаадахаасаа салаад хүрээд ирвэл ир л дээ тэгээд. Насаараа ингэж нуугдаж учрах гэж. Зовлонтой юм. – Залуу авгайгаа яах гэж. – Хэлээд байна ш дээ. Зуухны өмнө суугаад манайхаас хоол хороогоод байна биз. Очих газаргүй амьтан. Өөр яах билээ. – Миний хүү сургуулийнхаа амралтаар найзуудтайгаа ирсэн. Ан агнах юм байхаа. Чи заагаад сургаад өгөөрэй. Анчин гуай. – Тэгнэ гээл байна. Харин одоо чи… гэрээс шунаглан үнсэх эмэгтэй хүний гийнах сонсдоход Бүжмаа хар аяндаа хойш ухрав. Тэрбээр чичирхийлсэн гараараа сул асгарах нулимсаа арчаад Нарансолонгын гэр өөд гуйвганан алхав. – Арай ч дээ. Яасан муухай хүн бэ? Намайг бүр нохойноос ч дор боддог юм байна. Хүнийг ингэж дорд үзэж болдог юмуу. Бузар амьтан. Балжид ч гэсэн дээ. Муухай авгай, бузар завхай амьтад.

Яваад өгье. Зайлаад өгье. Нарагсолонго байгаа юм чинь миний хүү алзахгүй. Насаараа Бархаст доромжлуулж зарц нь болж яг харагдаач. Хачин их гомдол хоолой өөд нь үерлэж нулимс нь асгарна. Сэтгэл нь амарсан бололтой Нарансолонго ихэд тайван унтаж харагдана. Бүжмаа үнэгчлэн нойрсох бяцхан хүүгийнхээ дээрээс тонгойн ихэд энхрийлэн үнсэв. Нэгэн тунгалаг нулимс хүүгийн хацар дээр унаж эрүү рүү нь бөмбөрөн урсав. Бүжмаа зүрхэн тушаагаа даран хэсэг сууснаа шийдэж Нарансолонгын өмнө очив. – Нарансолонгоо. Сэрээрэй. Ажаа нь… уруул нь өмөлзөж үн хэож чадахгүй хэсэгхэн зуур цээжиндээ мэгшин зогсов. – Нарансолонгоо. Бүжмаа ээдэрсэн хоолойгоор ихэд гомдолтой дахиад цахиртан дуудав. Нарансолонго сэрж харсанаа уйл, гомдож, цөхөрсөн Бүжмааг харан хурдан гэгч нь босч суув. – Яасан бэ? Ажаа. Аав дахиад зодоо юу? Энэ аавыг яанаа. – Нарансолонгоо ажаа нь явлаа. Энэ бузар хүнээс холдож амрах минь. Дүүгээ сайн харж асахч байгаарай. Ажаа нь өөрийн гэр оронтой болохоороо та хоёрыг ирж авъя. – Ажаа бид хоёрт санаа зоволтгүй ээ. Та явсан нь дээр. Та зөв шийдэж. Би Чойндонг гуйгаад таныг хотын унаанд суулгуулаад өгье. Надад бас мөнгө бий. Та ав. Бүжмаад үг дуугарах чадал байсангүй тул үг дуугүй Нарансолонгыг тэврэн авав. Тэр хоёр халуун дотноор тэврэлдэн хэсэг уйлаад үүрийн цолмон гялалзах үес салцгаажээ. … –

Хөөш Нарансолонго босооч чи. Өдий том болчихоод ямар их унтдаг юм бэ? Чи. Бүжмаа хаана байна вэ? Гадаахь ажил хэцүүдлээ. Нарансолонго анх удаа эцгийгээ ихэд зэвүүцэн харав. -Хөөш чи хүн юм хэлээд байхад зүйлэг царайлаад суугаад байх чинь. Бүжмаа хаана байна вэ? – Би яаж мэдэх юм. Та өөрөө алчих шахаад зодоод байсан биз дээ. – Хүүхэд орхиод явжээ. Муу өлөгчин гичий. Хаана таарсан газраа мөчийг нь санжуулж өрлөж алах юм хуна муу өлөгчинг. Чи дүүгээ харж чадах юм уу? Нарансолонго үгийн солиогүй буруу харав. – Муу өлөгчин урьд шөнө чонын хоол болсон юм болов уу? Чимидийн дүү хүүхнийг авчирч гэрийн ажил хийлгэхээс. Хөндий хүйтэн хахир угзарган дуугаар өгүүлсэн эцгийгээ Нарансолонго зэвүүцэнгүй харж – Ааваа та арай дэндүү юм. Ажааг хайрлаж чадахгүй байсан юм бол яах гэж авчирсан юм бэ? Гэж асуув. Бархас охиноо хилэнтэй харцаар харж – Тэр чамд ямар хамаатай юм бэ? – Ааваа та миний ээжийг ажаа шиг зоддог байсан уу? –

Дуугүй байсан чинь дээр байх шүү. Юу боллоо гэж тэр хаяад явсан өлөгчинг дурсаад байгаа золиг вэ чи. Хахирган дуугаар зандран хашгирсан Бархасын дуунд өлгийтэй хүүхэд цочин уйлав. – Дэмий юм гоншигнож байхын оронд тэр дүүгээ аваач. Өдий болчихоод дүүгээ хүн хийж чадна биз. Та хоёрт дутах юм алга. Намайг зовоолгүй хүн болцгоо. Бархас хоёр хүүхдээ зандраад хаалга саван гарахад унь унаж хүүхэд чарлан уйлав. Нарансолонго нулимсаа арчаад хүүхдийг авч тэврэв. – Миний дүү битгий уйлаарай. Бид хоёр хамгийн азгүй хүүхдүүд. Бидний аав зэрлэг араатан шиг хүн. Түүнээс хайр хүсээд ч хэрэггүй. Харин ээжүүд маань дахиж битгий зовоосой. Нарансолонго дүүгээ тэврэн бүүвэйлж сүү халаан угжихад нялх хүү ховдоглон хөхөж эхлэв. Нарансолонгод зогсоо зайгүй урсах нулимсаа ч арчих сөхөө байсангүй. Хаалга сэвхийн нээгдэж урьд шөнөжин эцэгтэй нь завхайрч хоносон Балжидыг орж ирэхэд охин хирээрээ муухай аашлав. – Ээ эвий минь. Үгүй мөн ийм амьтнаа хаяад явчихдаг. Мөн бөх зүрхээ. Алив эгчдээ өгчих. Хуурайлаад өгье. – Зүгээр бидэнд таны тус шиг хэрэггүй юм алга. Та хурдхан гарч үз. – Үгүй Нрансолонго минь аав чинь

Гүенг хар гэж намайг явуулсан юм. – Тэгвэл би хэрэггүй гэж байна. Таны тарьсан гай нялх хүүхдэд зовлон болж байна. – Танай аав л намайг хүсдэг юм шүү дээ. – Та эндээс гар. Би дүүгээ таньд өгөхгүй. Балжид авгай уурлан шилбэлзээд гарахад Нарансолонго гүнзгий сүүрс алдав. .. … Бүжмаа хотод орж ирмэгц хаана очихоо мэдэхгүй жаал тэнэв. Нүүр нүд нь хөхөрч хавдсан тул хойд эх дээрээ очихыг хүссэнгүй. Багадаа хамт тоглож өссөн Найгалийг хайн арайхийж тэднийхийг олж очив. -Хүүе энэ чинь хэн бэ? Манай Бүжмаа юу даа. Наад царай зүс чинь. Найгальд хариу дуугарч чадаагүй Бүжмаа мэгшин уйлчихав. Найгалийн нөхөр өндөр цагаан залуу Бүжмааг гүймэг харсанаа өөртөө толгой сэгсрээд уншиж байсан номоо барин өөр өрөөнд орчихов. – Эш найз минь дээ. Энэ хүйтэнд ийм нимгэн хувцастайбас царай зүс чинь…Чи минь юу болж явна даа. Нөхөр, хүүхэд чинь сайн уу? – Нөхөр… нөхрөөсөө зугатаад ирлээ. Бас хүүхдээ орхичихсон. Нулимсандаа хахаж цацан хэлсэн Бүжмаагийн үгэнд Найгаль овсхийтэл цочив. – Бурхан минь хүүгээ тэгээд орхиод ирсэн хэрэг үү? Чамайг хүүтэй болсон гэж Загдаа эгч хэлсэн. “Загдаа бол Бүжмаагийн хойд эх”. – Аан тийм үү? Тэр авгай өөр юу хэлж байна вэ? – Юу гэсэн үг вэ? Загдаа эгч чамд сайн л байдаг биз дээ? – Миний энэ зовлон тэр авгайгаас болсон юм. Хөрөнгө мөнгөтэй үе мултарсан гаж амьтантай тэр авгай намайг хүчээр суулгасан юм. Найгалийн нүд аягандаа багтахгүй шахам томорч – Яанаа тэр чинь тэгээд тийм гаж донтой хүн үү?

Ямар аймаар юм бэ? – Чи миний энэ нүүр нүдийг хар л даа. Энэ бол зөвхөн өнгөц сорви шүү дээ. Нөжирсөн хөх няц, зэрэмдэг болсон биеэ аваад найз нь амь дүйж зугатаж ирлээ. Чиний дэргэд нөхөр чинь хөдөлж чадахгүй болтол зодчихоод өөр эмэгтэйтэй бүр дөч гарсан хөгшин авгай авчраад унтаж хэвтээд байвал чи яах вэ? Энэ бүхний эцэст хөөрхий хүү минь хэцүү байна. Гэхдээ миний хүү их сайн охины өөрийнхөө төрсөн эгчийн халамжинд үлдсэндээ. – Хүүг чинь асарч үлдсэн тэр охин тэгэхээр… – Түүний охин. Эх нь Бархасын дарамтыг тэвчилгүй салсан байх л даа. – За миний найз тайвшир. Сайхан амар. Чи эрч хүчтэй байх ёстой. Усанд ороод сайхан хооллоод амарч үз найз минь. Бүжмаа усанд орж хооллоод найзынхаа засч өгсөн оронд орж унтахыг хичээсэн ч нойр нь хүрсэнгүй. Хөх нь чинэхийн зэрэгцээ хүү нь нүдэнд нь харагдан байхын аргагүй сэтгэл нь хямарч гашуун нулимс асгарна. “Бархас яасан гэж намайг ингэж тамлана вэ? Би түүнийг аятай тухтай байлгөхын тулд ихэд хичээж ирсэн. Гэтэл би хүүгээсээ салчихаад байдаг. Миний хүү яасан их уйлж мөөмөө эрж байгаа бол. Хөөрхий нялх үр минь.” Бүжмаа хөхнийхөө сүүг саан шөнөжин цонхны өмнө зогсч хонов… …Найгалийг өглөө сэрэхэ Сэр-Од аль хэдийн боссон бололтой алга байлаа. Найгаль хэд суниаснаа босч гэрийн хөнгөн халад нөмрөн гал тогооны өрөөнд орвол Сэр-Од цааш хараад зогсчихсон цай чанаж байлаа. -Өө чи цай чанаж байгаа юм у? Намайг сэрээхгүй яасан юм бэ? –

Чамайг жаахан унтвал унтаг гэж бодоод хань нь цай чаначихлаа. Манайх чинь зочинтой байгаа биз дээ? Найгаль нөхрөө баясангуй харж инээвхийлээд – Харин тиймээ. Цаад Бүжмаа чинь миний бүр багын сайн найз байхгүй юу. Нэг бүтэлгүй юмтай суугаад тэр нь зодож алчих гээд байхаар нь зугатаагаад иржээ. Миний хайр ойлгоорой за юу. Сэр-Од эхнэрийнхээ мөрөөр тэвэрч – Ойлголгүй яах вэ дээ. Чиний найз юм чинь бас миний найз гэсэн үг. Харин ч сайн юм боллоо. Чи минь өдөржин ганцаар өнжиж уйдахгүй хэд хоног ханьтай байна биз. Тэгээд ч ийм нүүр царайтай хүнийг хаашаа оч гэх билээ. – Баярлалаа. Хайраа. Чи минь ийм ухаантай ш дээ. Найзынх нь талаар өөриймсөг сайхан бодолтой байгаа нөхөртөө Найгальчин сэтгэлээсээ баярлаж байлаа. – Хайраа хоёулаа Бүжмаагийн хүүг өргөөд авчихвал яасан юм бэ? Сэр-Од эхнэрээ нухацтай харж – За тэр харин үгүй бизээ. Надад миний өөрийн хүүхэд л хэрэгтэй байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэнэт нөхөр нь хүйтэн хөндий дуугаар ийн хэлээд гарахад Найгаль гүнзгий гэгч санаа алдчихав. – Чи …чи цай ундаа уухгүй юм уу? – Үгүй. Нөхөр нь өөрийг хэлсэнгүй. Түүний алхаа холдсоор алга болоход Найгаль сүүлийн үед сэтгэлийг нь эзэмдэх болсон гунигт автав. –

Яагаад … яагаад надаас хүүхэд гардаггүй юм бэ? Гэж хашгирмаар санагдана. Энэ үед машиныхаа түлхүүрийг халаасандаа хийн гаднаас нь атгаж үзсэн Сэр-Од огт өөр юм бодож явлаа. “Энэ Бүжмаа ёстой царайлаг хүүхэн юмаа. Хажууд нь манай Найгаль юу ч биш. Би Бүжмааг алдаж болохгүй. Магадгүй Бүжмаа надад миний хүүхдийг төрүүлж өгөх ч юм уу хэн мэдлээ”. Сэр-Одыг бодолдоо хөтлөгдөн явсаар нилээд оройтосхийн ажил дээрээ ирэхэд компаны ерөнхий захирал эцэг нь нилээд ууртай угтав. – Чи чинь яахаараа бүтэн цаг хожигдож ирдэг билээ. – Түгжрээ их байна ш дээ ааваа. – Чиний тэр эхнэр ер нь юу хийдэг хүн юм бэ? Адаглаж чамайг эрт босгоод ажилд нь хоцруулалгүй явуулж чаддаггүй хүн үү? – Ааваа та намайг занах гэсэн бол намайг л загнаач. Яах гэж юм болбол миний эхнэрийг… – Гэрлээд гурван жил боллоо. Хаана байна миний ач? Ганц хүүгийн минь хүүхдийг тэр эмэгтэй ямар санаата төрүүлэхгүй байгааг би мэдмээр байна. – Ааваа тэр бидний асуудал. Ажлын удирдамж танис хүлээж байна. Эрдэнэ захирал цагаан сор сууж буй шингэн халимагаа хойш нь илбээд хүүгээ тийм ч ууртай биш харцаар харав. – Миний хүү хаана ч ажилласан бие даан ажиллах ажлын туршлага чадвартай болжээ. Бээжин дэх хамтарсан ажиллагааг удирдах хүн хэрэгтэй байна. Найгаль та хоёр Бээжинд хэсэг хугацаанд ажиллаад ирнэ үү дээ. Сэр-Од эцгийгээ гайхашран харж – Тэнд хэдий хир удах юм бэ? Ааваа. – Хятадын зах зээлд Монгол ноолуур ноёлох ёстой. Тэгэхээр манайх Ли-гийн пүүстэй хувь нийлсэн том үйлдвэрээ тэнд ажиллуулах хэрэгтэй болоод байна. – Хувь нийлсэн пүүсийн эрхийг Ли-гийн хүмүүс барих юм уу? Манайх барих юм уу? – Мэдээж үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүнийг манайх нийлүүлж байгаа учир үйлдвэрийн даргаар чамайг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 50%н хамтарсан ажиллагаа явагдах юм. – Тэгьеэ ааваа би явъя. Эхний удаад Найгалийг үлдээгээд явъя. Суурьшаад эргэж авъя. – Тэрийг өөрсдөө зохицуул. Яриа дуслаа гэх шиг Эрдэнийг босоход Сэр-Од дагалдан босов. Яагаад ч юм бэ? Сэр-Одод эхнэрийнхээ найз бүсгүй Бүжмааг дагуулж явмаар санагдав… … Халиуныг орж ирэхэд гэрт нь хэн ч байсангүй. Ээж нь ойр зуур гарсан бололтой утас, цүнх зэрэг нь ширээн дээр хөглөрөн харагдана. Халиун талийгаач эцгийнхээ зураг өөд гүймэг ажаад -Охин нь ирлээ ааваа хэмээн сурсан зангаараа ганцаараа яриад гал зуухны өрөөнд орон тумбочка сав түжигнүүлэв. – Өө миний охин ирээ юу? Ээж нь охиндоо өндөг хиам аваад ирлээ. Наана чинь жимсний чанамал байгаа даа. Халиун ээжийгээ өрөвдөнгүй хараад гар дахь тортойг нь авав. – Таны даралт гайгүй юу? Царай чинь сайхан байна. – Өө ээж нь зүгээр зүгээр. Ээж нь охиноо сургууль төгсч мэргэжил боловсролтой болтол тэнгэр нурж байсан ч ажрахгүй. Миний охин чинь дээгүүр ажил хийж, дээдсийн зиндаанд амьдрах ёстой байхгүй юу. Загдаа охиноо энхрийлэн үнсэнэ. Халиун ээжийнхээ бурзайсан хөлсийг арчиж – Ээжээ би нэг л ганцаардаад байх юмаа. Бүжмаа эгчийгээ санаад байна гэв. Загдаа цочсон мэт өндөсхийн охиноо эгдүйцэн хараад –

Юу? Яах гэж байгаа юм бэ? Тэр Бүжмаагаар… Тэгээд ч Бүжмаа баян хүний эхнэр болоод сайхан амьдарч байгаа. Халиун гунигтай гэгч нь санаа алдаад – Надад Бүжмаа эгчийн нөхөр нэг л муухай хүн шиг санагдаад байдаг юм. Адаглаж шал хөгшин. – За наад амаа. Чамд ямар хамаатай юм бэ? Айлын амьдрал. Бүжмаа сайн л байгаа биз. Саяхан үхрийн мах явуулсан л байсан. – Ээжээ та үхрийн махыг нь авахын тулд Бүжмаа эгчийг тэр хөгшин хүнд өгсөн юмуу? Та яасан муухай юм бэ? Таньд аав гомдож байгаа даа. – Битгий хуцаа. Битгий хуц. Юу болоод олон долоон юм гоншигноод байгаа золиг вэ? Загдаа эцэст нь уурлан босч цаад өрөө үрүүгээ орж бухимдлаа дарах гэж тамхи гарган асаав. “Энэ лүд яахаараа тэр Бүжмааг дан амны уншлага болгодог байнаа. Бүжмаа энд байвал өөрт нь хэрэггүйг ерөөсөө ойлгохгүй мөн тэнэг хүн шүү. Байрны эзэмшигчийн гэрчилгээн дээр Бүжмаагийн нэр байгаа. Тэр бол энэ байр Бүжмаагийнх гэдгийг нотлоод өгч байгаа хэрэг. Манай талийгаач бас өөдгүй хүн шүү. Бүтэн хорин жил сайхан амьдарч сайхан охины эцэг, эх болсон хирнээ энэ муу байраа миний нэр дээр болгочиход яах вэ дээ. Энэ тэнэг Халиун тэр тэнэг эцгээ яг өвчөөд төрчихсөн юм.

Үгүй тэгээд тэнэг гээд яах вэ дээ. Доороос минь унасан үр минь юм даа. Тэр Бүжмааг энд авчирч ерөөсөө ч болохгүй. Айлын зарц болно уу? Авааль гэргий нь болно уу? Хамаа алга. Энд л авчирч болохгүй. Зовно уу? Жаргана уу? Заяа нь мэдэг”. Загдаа дотоод сэтгэлдээ бухимдан үе үе тамхи угсруулан татав. -Пөөх ямар балиар утаа вэ? Ээж хөөе болиоч дээ. Энэ утаагаа хараач. Май цай уу. Наад тамхиа болиоч дээ. Халиун утаанаас нүүр амаа гараараа халхлан эхийнхээ өмнө аягатай цай чимээтэй тавиад хурдхан эргэв. – Үгүй ер тамхи татахаа бас чамаар заалгах уу? Гайгүй байлгүй. Гөлөг минь. – Би гөлөг бол та өөрөө нохой болно биз дээ. – За хүүхээ. Дэндүү ах, захаа алдаж байгаа юм бишүү? Юм болбол урдаас хэрэлдээд бхрьж зодох нь уу чи байтлаа. – За за юу гэж тэгдэг юм бэ? Ээжээ. Би таньд хайртай ш дээ. Охин нь одоохон гоё хоол хийгээд өгье. Аав минь байхгүй. Одоо гурвуулхнаа үлдчихээд нэгийгээ адлаад байхаар чинь… Халиун ээжийгээ аргадан үнсээд эргэхдээ эцэг нэгтэй эгч Бүжмааг бодсоор байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…