Нүүр Өгүүллэг НУРАМ /ТУУЖ/ 14-Р ХЭСЭГ

НУРАМ /ТУУЖ/ 14-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
160

Яриа миний санаснаас илүү гүн эхэлчих шиг. – Тэгээд таньд аль талаасаа илүү харагдсан юм бэ дээ. Та надад үүнийг хэлсэнгүй. – Манай хүн ч жаахан ширүүн л дээ гэж хэлэхдээ “эмэгтэй хүнд” гэсэн

үгээ хаслаа. – Би жинхэнэ эр хүнд дуртай. Тэр тусмаа тулхтай, ухаантай бас шийдэмгий. Тийм эр хүнтэй ядаж ярилцахад ч сайхан байдаг юм гэж хэлээд Хэрлэн “Тэгвэл та яахын” гэсэн шиг ширтлээ.

Түүнтэй яриа өдсөн энэ хэдхэн хоромд би түүний аманд багтсаар байгаад таарав. Түр ч атугай зай авах гэсэндээ ч биш бүр хэлэх үг олдоогүй тул хий дэмий гараа халаасандаа хийн алсыг харж зогслоо. –

Би угаасаа үеийнхэнтэйгээ нийлдэггүй. Тэд хэтэрхий жаахан, хэтэрхий арчаагүй байдаг юм гэж араас хэлж байна. Түүнийг яг түрүүний харцаараа араас харж байгаа гэдгийг мэдрээд байв. Гэсэн ч

дуугарсангүй. – Та хэл л дээ. Хайр гэж яг юу юм бэ? гэж байна. Энэ асуулт намайг түүн рүү харахад тус болж мэдэхээр санагдлаа. – Хайр гэж үү? гээд эргэв. Тэр намайг өөрт нь таалагдахгүй хариулт хэлвэл юу

юугүй тасчих нь уу гэлтэй харж байлаа. Би зөв хариулах ёстойгоо ойлгов. “Хэрвээ эерэг хариулт хүлээж байсан бол ингэж харахгүй дээ” гэж бодож амжсан би – Хайр бол өндөгний хальстай хор юм шүү дээ гэхэд Хэрлэнгийн харц яльгүй уярах нь анзаарагдав. – Хэврэгхэн гэж жигтэйхэн. Хагалахгүй бол хэдэн зууныг ч өнгөрөөж мэднэ. Даанч бид тэгэсгээд л хагалчихдаг болохоос гэхэд Хэрлэн инээмсэглэснээ – Та бас

романтиклаж чадах юмаа гэнэ. – Ингэхэд чи хэдтэй билээ? – Хорь – Аан – Яасан? – Би нэг удаа чиний насан дээр байсан юм байна гэхэд Хэрлэн түсхийтэл инээснээ – За за ойлголоо би буруу ярьчихаж гэлээ. Бидний энэ өдрийн яриа тэгсгээд өндөрлөлөө. Хэрлэн миний санасан шиг жаахан биш ажээ. Хэдий завандаа тэр ийм том болж төлөвшсөнийг ер ойлгосонгүй. Эндээс би түүнийг ахмад эрэгтэй хүн сонирхдог, үеийнхэндээ байхааргүй өвөрмөц охин юм гэж ойлгов. Манай салааныхны хэдэн маанагийн маазралт түүнд ёстой үдийн будаа гэгч болохоор санагдана. Ялангуяа Сансар бол бүр жижигдэнэ. Гэхдээ Хэрлэн Сансарт цаагуураа нэг талтай хандах нь эгч нь дүүгээ халамжлах мэт санагдах болов.

Магадгүй би л тэгж мэдрээд байсан байж болох юм.* * Хэд хоног дүлэгнэж байгаад хурандаатай ярилаа. Өөрт байгаа бүх сэжиг таамгаа хэллээ. – Одоо тэгээд Эрдэнэ Хайрхан уул ямар байдалтай байна. – Дүнхийсэн хар юм л байна. Би Их тулгатын цэвэрлэгээний бригад мөдхөн тийшээ орно гэж бодож байна. Тэгвэл тэнд бариад авчих юм үзэгдэхгүй байх. Одоо ч гэсэндээ олны хөл их дарсан. Тоймтой юм байгаа гэдэгт итгэхгүй байна. – За ойлголоо Галаа, би энд ярилцъя. Ямар ч байсан чи сайн ажилласан байна. Танай салааг газар чийгшиж, ногоо цухуйхад эргээж татна гээд утсаа тасаллаа. Хурандаатай яриад удаагүй байтал аймгийн цагдаагийн хэлтсээс нэг ахмад ирж надтай уулзлаа. – Дээрээс бидэнд Эрдэнэ Хайрханд хөл хорь, үзлэг хий гэсэн тушаал ирсэн. Мөн тантай уулзаж үзсэн харсныг чинь асуу гэсэн гэлээ. Би өөрийн үзсэн харснаа тамхины ишнээс бусдыг хэлсэн ч таамаглалаа хэлээгүй. Тэр ахмад тийм ч анхааралтай биш сонсож, алба юм даа гэсэн байдлаар протокол бичээд гарын үсэг зуруулж – Тэгвэл тийм ч сүр болох юм байхгүй юм шив дээ гэлээ. Би мөрөө хавчаад өнгөрөв.

Хаврын шар өдрүүд ар араасаа хөвөрч, модод нахиалж, зуны дэлгэр цаг өнөө маргаашгүй болжээ. Бидэнд тийм ч олон дуудлага ирсэнгүй. Нэг үдэш манай залуус хашаандаа сагс тоглож би тэднийг харж суув. Яагаад ч юм Хэрлэн харагдсангүй. “Дэвтрээ тэврээд л нэг газар суугаа биз” гэж бодов. Тэгтэл сараалжин хашааны цаанаас нэг банди гүйж ирснээ – Ахаа, таныг тэнд нэг эгч уулзъя гэнээ гэлээ – Хаана? – Тэр хашааны цаана гээд заав. Харвал хүн харагдсангүй. Намайг эргэлзсэнийг анзаарсан хүү – Тэр, тэр хашааны буланд – Өөрөө ирэхгүй яасан юм? – Ичээд байна гэсэн Би гайхаж орхилоо. “Энэ аймгийн төвд намайг таньдаг эмэгтэй хүн байх. Тэгээд бас ичих” гэж бодогдоно. Гэхдээ суугаад байж чадсангүй.

Нэг их яаралгүйхэн тийшээ чиглэлээ. “Үгүй ээ, ингэхэд Хэрлэн юм болов уу. Гэхдээ ичих гэх. Ичихээ энэ хүүд хэлсэн байна гэхээр биш ээ. Энэ нэг л биш” гэж бодож явсаар хашааны булан тойртол улаан нүүрэн дээр дөрвөлжин тоосго гарч ирээд манараад явчихлаа. Нүүрээ даран суун тусахад хэдэн залуус тал, талаас баахан өшиглөөд пижигнээд алга болов. Эвхэрч, өнхөрч байхдаа тэдний араас харсан боловч нэгд холдсон, хоёрт тэр гээд хэлчихээр таних биеийн хэлбэр харж чадсангүй. Цусаа тогтооох гэж хамраа даран хэсэг суулаа. Харин ч хаа очиж нэг их хүчтэй цохисонгүй. Тоосгондоо л болохоос гарын бяд нь гайгүй юм. Түүнээс биш алж ч болохоор цохилт. Буцаад иртэл манайхан “Хэн бэ? Яасан бэ? Хаана вэ?” гээд бүчээд авлаа. Хэрлэн – Энэ чинь одоо юу болж байнаа? Цагдаад хэлээч ээ гэхээр нь – Одоо ч бараг хэрэггүй биз дээ. Харин та нар гадуур дотуур ганц нэгээрээ явж болохгүй шүү гээд Однарыг – Чи яг одоо ийш тийш сэмхэн байшин цонх булан тохой болгоныг сайн хар.

Нүдэнд торох юм байна уу гэсээр байр луугаа орцгоолоо. Ээлжинд гарсан сувилагчаар мөстэй жин авчруулж тавиад хэвтэж байтал хэн нь дуудсан юм мэдэхгүй хоёр цагдаа ороод ирлээ. – Ямархуу залуус болохыг хараагүй юм байж. Хоорондоо юм ярьцгаав уу? Дуу хоолойг нь сонсов уу? – Үгүй ээ, намайг унав уу үгүй юү хэд өшиглөчихөөд арилаад өгсөн. Тэрхэн үед өсвөр насны хүүхдүүд болов уу л гэж бодогдсон. Яагаадыг мэдэхгүй байна гэж өөрт санагдсанаа хэллээ. – Яагаад таныг бүр дуудан байж хүүхдүүд зодох билээ? Тийм шалтаг шалтгаан танд бодогдож байна уу? – Би ер ойлгохгүй л байна даа гэхэд Хэрлэн хажуугаас – Нутаг орныг нь галын аюулаас хамгаалах гэж ирж байхад ингэж хандахыг юу гэж ойлгох вэ? Ёстой сонин газар юм даа – Манай эндхийнхэн ч уг нь гайгүй л байдаг юмсан. Яасан юм бол доо гэсэн тойруу утгатай үг цагдаагийн амнаасаа гаргав. Хэрлэн эгдүүцсэн янзаар – Тэгээд одоо яана гэсэн үг вэ? Хэзээ хаана тоосгоор цохиулах бол гэж бодож явах хэрэг үү? – Та бидэнтэй ингэж яриад яахав дээ гэж нэг цагдаа хэдэрлэх маягтай хэлэхэд – Та нар ядаж хай л даа. Ажлаа хий л дээ.

Үгүй ядаж бид олно гэсэн итгэл төрүүл л дээ. Миний яаж ярих таны ажлаа хийхэд саад болохгүй биз дээ? Эсвэл ингэж хэдэрлээд байвал олж өгөх ч үгүй гэх гээд байгаа юм уу? Та нараас ер нь гуйгаагүй шүү. – Бид танд тэгж хэлснээ санахгүй байна. – Та нарын байж байгаа байдал тэгж хэлээд байна. За за ер нь дарга нартай чинь уулзах ёстой юм шиг байна гэж Хэрлэн цочир ууртай хэллээ. Ингэж уурлана чинээ бидний хэн нь ч санасангүй. Хоёр цагдаа хүртэл гайхсандаа гэхээсээ илүү албан үүргээ гэнэт ухамсарлав уу гэлтэй. – Бид байгаа бүх боломжоороо хайна. Та нар санаа зоволтгүй гэсээр гарцгаалаа. Гэхдээ тэд бид заавал олно гэж хэлсэнгүй. Харин би Хэрлэнг “Өөртөө байхааргүй биеэ даасан чадвартай охин юм байна даа” гэж бодож хэвтэв. Аймгийн цагдаа нар тэдгээр залуусыг олоогүй юм. Би гомдол мэдүүлсэнгүй. Надад тэднийг биш арай томхон юм хөөцөлдсөн нь дээр санагдана.

Нас биенд хүрээгүй шахуу залуус байсан гэдэгт би итгэлтэй байсан хэдий ч эдгээр залуус яах гэж ингэв? Хэний заавраар ингэв? гэдэг нь надад таавар хэвээр үлдэв. Битүүдээ би цэвэрлэгээний бригадын шар залууг хардсан хэдий ч тэдгээр залуус манайхныг хот руу буцан буцтал миний нүдэнд харагдаагүй. Эрдэнэ Хайрхан ууланд ч энэ цэвэрлэгээний бригадыг оруулаагүй юм. Энэ жил хур ус ихтэй сайхан зун болох нь мэдэгдэж байв. Учир нь түймэр унтраасан тэр борооноос хойш гэхэд хоёр ч удаа нойтогноод авсан байлаа. Нутгийн зон олон ч дэлгэр сайхан зун болох байх гэсэн амтай байсан юм.

Бидэнд таван сарын эхээр буцах тушаал ирэв. Эргээд гэртээ ирэхэд хичнээн сайхан. Зам замын дундаас гэртээ харих зам сайхан гэсэн нэгэн найрагчийн мөр хичнээн үнэн юм дээ. Сэлэнгээ маань хүүхэд шиг баярлаж, хоол цай барин миний энд тэнд гарч гүйгээд л . . . Эмэгтэй хүн баярласнаа үүнээс илүү яаж илэрхийлэх билээ. Тэгээд бүр нөхөртөө шүү. – Чи Суурь дээр очив уу? – Би Базараатай хамт очсон л доо. Цэхвэлзээд л жигтэйхэн байх болов уу гэсэн чинь харин гайгүй шүү. “Золтой л явчихсангүй. Та хэдийн царайг харах хувьтай л юм байна” гээд л – Овоо доо. Дээрээс нь унасан мод толгойд нь овоо юм оруулж л дээ. – Яахнав, хөөрхийг. Өвчин зовлонд уначихаад байхад нь үгээр ч болов дэмжих байтал гэж Сэлэнгээг хэлэхэд “Нээрээ ч дээ, яасан гэж түүнийг тийм муухайгаар бодох билээ” гэж бодогдоод – Өнөөдөр хоёулаа очъё доо.

Чи нэг аятайхан хоол унд хий – Тэгье дээ, хоол унд юухан байхав дээ насаараа л хийлээ гээд хөөрхөн талимаарч, бас ч гэж айлгүйтэх маягтай хөнгөмсөхөд миний тархи руу юу ч юм манасхийж байна. Бид бие биенээ санажээ. Хүнд хайртай байх, түүнээ хүсэн хүлээх, хүрээд ирэхэд нь баярлах, бие биенээ хайрлан энхрийлэх, хоёр биендээ оногдсон хэсэгхэн цаг мөчийг ханатлаа, халууцатлаа, ер нь л тэр гэж тоймломгүй тийм их аз жаргал дунд умбаж өнгөрөөнө гэдэг амьдралын хамгийн сайхан мөч ажээ. Сэлэнгээгийн хийсэн хоол цайг барьсаар эмнэлэг явлаа. Нүүр амнаас бусад нь бараг битүү боодолтой болсон Суурь орныхоо цээжин хэсгийг хагас өндийлгөн суужээ. – За та нар буугаад ирчихсэн үү? Энэ жил овоо чийг унах шиг боллоо – Өчигдөр л ирцгээлээ. Харин чиний бие. . .? – Би ч үхсэнээс ялгаагүй болчихлоо. Хөл дээрээ босохгүй гэж бодохоор заримдаа бачимдаад байж ядах үе байх л юм. Гэхдээ нэг үеэ бодвол бас ч гэж гайгүй ээ. – Юу гэсэн үг вэ? Сэтгэлээр чанга байна шүү хө. Хөл дээрээ босож л таараа. Харин эмчилгээгээ л сайн, гүйцэд хийлэх хэрэгтэй. – Хэлэхэд ч амархан л даа. Би ч урд нь амьдралыг алганд байдаг л гэж бодож явлаа. Гэтэл тийм биш бололтой юмаа. – Ингэхэд, манайхнаас хүн ирэв үү? гэж асуухдаа би дотроо

Хэрлэнг бодож байв. Суурь ч гэсэн намайг ойлгов бололтой муухан мушийж – Танай салааныхан харагдсангүй ээ. Тэгээд ч өчигдөр л ирцгээсэн юм бол өдийд унтацгааж байгаа биз. Залуу улс гээд хэсэг чимээгүй суулаа. Бидний яриа нэг олигтой эвлэж өгөхгүй нохой амлана. Тэгтэл тэр чимээгүйг эвдэж – Ингэхэд Эрдэнэ Хайрхан хэр зэрэг. . .? – Түнтийсэн хар овоо л болсон. Хэрвээ хэн нэгэн тийм болоосой гэж хүссэн бол тийм л болсон гэхэд Суурь над руу нэг их сүрхий харснаа – Хүснэ ч гэж юу байхав дээ гээд харц нь ширүүсч байна. Гэхдээ түүний харцанд урдын ихэмсэг бардам байдал гэхээсээ илүүтэй ийм байдалд орсондоо харуусан бахардсан өнгө илэрч байв. Би энэ яриаг цааш нь үргэлжүүлэхийг хүссэнгүй. Гэхдээ Хурандаа дээр орохдоо сэжиг таамгаа бодитой болгох хэрэгтэй байна гэсэн бодол давхар бодогдож байв. Дөнгөж уулзсан болоод ч тэр үү эсвэл ерөөс бидний сэтгэл зүй гэнэтхэн өөр нөхцөлд байгаа болохоор ч тэр үү бид тэгэсгээд өндөрлөхөөс өөр аргагүй болов. Суурьтай уулзсаны дараа Хурандаатай уулзахаар очлоо. Намайг бодож сэжиглэж буй бүхнээ ярьсны дараа Хурандаа – За тийм байж. Тэгэхээр Базараатай уулзаж шинжилгээнийхээ хариуг баталгаажуулж ав. Би цааш нь энэ бүгдийг хэлж ярина. Чиний ярьсан бүхэн үнэний сэжимтэй санагдана. Хамгийн гол нь бидэнд буурьтай нотолгоо чухал. Хэрвээ үндсээ сайн тавьбал үр дүнд хүрэх нь гарцаагүй.

Үнэндээ ч энэ улс амьтны шунал арай хэтэрлээ. Олз ашиг олж л байвал орон нутгаа юман чинээ бодохоо байж гэж бодолдоо нилээд ундууцав уу гэлтэй дүрэлзэж ирснээ – Гэхдээ батлагдаагүй санаанд багалзуурдуулж болохгүй. Тэгэхээр эгээрэл гэгээрлийг харахаа байдаг гэмтэй гэж надад ч юм шиг, өөртөө ч юм шиг хэллээ. – Мэдлээ, Би Базараатай уулзаад ямар хариу гарсныг танд илтгэе гэсээр хурандаагийн өрөөнөөс гараад Базараагийн өрөө рүү орлоо. Нөгөө л нүүр дүүрэн инээмсэглэлээрээ намайг угтав. Хүн ер нь инээж л явбал зүгээр юм даа гэж бодогдоно – За баатар минь өнөө хоёр чинь яг л нэг хүнийх шүү. Шүлсний найрлага, шүдний зуулт гээд бүгд яг мөн гэж Базараа их л итгэлтэй хэлэв. – Баараагүй биз? Учир нь би ганцхан энэ хариултаар чинь их том чулууг хөдөлгөх гээд байна шүү дээ – Өдий болтол би аливааг шинжлэхдээ одоогийнх шиг ийм итгэлтэй байсангүй гэчихвэл арай худлаа болох байх. Гэхдээ энэ удаадаа би эзэн сууна шүү гэж тэрээр бардам хэллээ.

Надад “Юм ингээд эргээд ирвэл би чухам яадаг билээ” гэж бодогдож байна. Учир нь энэ бүхэнд Суурь чирэгдэж магадгүй болохоор дотор эвгүйцсэн ч байж болох. Гэхдээ би одоо зогсож чадахгүй. Шар залуу тэнд гал тавьж явсан. Би тэр шөнө саад болоогүй бол гал гарах л байсан. Тэр бас Суурийнд архидаж хоносон байдаг. Тэгээд дараа нь манай салааг санаатайгаар Бүрэнгийн нуруунд олон хоног “хорьсон”. Тэр хооронд Эрдэнэ Хайрханыг санаандаа тултал шатаасны дараа манай салааг буцааж татсан. Энэ бол санаатай үйлдэл л дээ. Хэрвээ миний бодож байгаа үнэн байж гэмээ нь надад л сайн. Гэтэл надад энэ бүх зүйл хүнд хэцүү болж байлаа.

Ядаж Суурь эрүүл саруул байсан бол хачин дээр байхсан.Үнэн гэдэг заримдаа яаж ч болдоггүй цалам ажээ. “Өнөө Галаа чинь Суурийн бөгсийг ухах гэхдээ амарч ч чадахгүй үүгээр гүйж явна” гэсэн яриа Ерөнхий газраар нэг тарсан ч байж магад. Гэтэл үүний цаана ямар эрээ цээрээгүй сувдаг санаа энэ улс орон даяар угаар нагаар ханхлуулан уугиж байгаа ч тэр бүр хүн ойлгохгүй. Би бодолдоо дарагдаад нилээн хэд хоночихлоо. Яг үнэндээ байгаа бүх сэжиг таамгаа яаж батлахаа мэдэхгүй байв.

Үргэлжлэл бий . . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *