Нүүр Өгүүллэг НУРАМ /ТУУЖ/ 13-Р ХЭСЭГ

НУРАМ /ТУУЖ/ 13-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
146

Харин тиймээ, юу юугүй тулчихаад байна. Бид ч энэ уулыг харсаар байгаад алдах нь дээ – Тэр яахав ээ, хүнээ л бодоорой гэхийг би арай чүү гэж сонсов. Суурийн хэлж байгаа туйлын үнэн. Ийм цагт хүнээ л

бодохгүй бол яахан болох. Ойр орчим олигтой харагдахгүй, битүү хар утаа хоолой хорсон гашуу оргиулна. – Хэрлэн хаагуур байнаа? – Цаана чинь нэг их холгүй байх ёстой. Би дуудах уу? – Хэрэггүй, хэрэггүй. Би

өөрөө гээд яагаад ч юм миний мөрөн дээр алгадчихаад явж одов. Хүний сэтгэл гэдэг юуханд ч гэсэн хөдөлж л байдаг юм хойно “Яасан юм бол доо” гэж бодогдож л байх. Би станцаа авч залуусаа хойш нь

татах команд өглөө. Доошоо, бэлд бууж ирсэн хойноо хүнээ бүртгэвэл Хэрлэн ирсэнгүй. Станцаар залгавал хариу байдаггүй. Би гэлтгүй манайхан бүгд сандарлаа. – За та нар ямар ч байсан цуруу татах жим,

сайр олохыг бод. Би эргэж Хэрлэнг хайя гэхэд Однар – Өө, яалаа гэж, хамтдаа явцгаая. Энэ их утааны хаана гэж та ганцаараа явах юм. Тэгээд ч энэ олон нүд таны хоёроос л дээр байж таараа гэлээ. Тэдний

царайг харахад одоо миний үгэнд орохгүй нь тодорхой байв. Би түрүүлж, тэд миний араас гинжин тархалт хийн буцлаа. Энд тэндгүй шатсан мод хөндөлдөн унаж, шад пад дуугаран, хар утаа хуйлран, галын дөл угалзарна. Гэвч энэ сүрдэм дүр төрх бидэнд нэгэнт ижил дасал болчихож. – Ахлах дэшлэгчээ энд байна гэж Сансарын хашгирах дуу надаас холгүй сонсогдов. Би чимээ гарсан зүгт гүйсээр ирлээ.

Тэгтэл Сансар – Энд, энд… энэ доор орчихшон гээд бөөрөөрөө унаад шатаж байгаа нэг их том модыг заагаад орилоод байв. Итгэхэд нэн бэрх. Дүрэлзсэн улаан гал заагаад байгаа юм чинь яаж ч итгэх билээ. – Хэн орсон гээд байгаа юм бэ? гэхэд – Хэрлэн, Хэрлэн. Харсаар байтал гүйгээд оршон. Би юу гэж худлаа ярих юм бэ гэж хашгирав. Нээрээ ч яалаа гэж худлаа хэлэх вэ дээ? Тэгтэл гайхалтай нь их гал болсон модны доороос нуруугаараа бөгтөрсөн нэг хүн гараад ирэх нь тэр. Харвал түүний хувцас галд автан ноцож байгаа харагдав. Бид гүйж очих гээд чаддаггүй. Хий дэмий л тойрч гүйцгээлээ. Тэгтэл гарч ирсэн хүн маань бас нэг гал авацлсан том хар юм чирсээр ухарч харагдана. Галын дөлөөс мултарав уу үгүй юү бид битүү юмаар хоёуланг нь дараад авлаа.

Хэсэг байзнаад хучлагаа автал нүүрээ битүү юмаар ороосон Хэрлэн түүний дор хөдөлгөөнгүй болсон Суурь хоёр байв. Энд тэнд авалцсан галыг нь хурдхан шиг унтраагаад Хэрлэнгийн нүүрний боолтыг автал нүүр нь гайгүй, үс нь умарсан, гар чих нь галд долоолгосон байв. Харин Суурь нилээн түлэгдэлттэй харагдана. Ухаан тавьчихаагүй бололтой. Хүрэх тоолонд ёолох нь түлэгдсэндээ ч биш яс үс нь хугарч гэмтсэнээс зайлахгүй. Манайхан түүний цээж бөгсөн доогуур гадуур хүрмээ шургуулан дамнуурга маягтай болгоод доош нь авч явлаа. Хэрлэн хэсэг тасралтгүй ханиалгаж байснаа гайгүй болов. Биеийг нь асуутал –

Би гайгүй. Энэ хүний амийг авраач, би танаас гуйж байна гээд нулимс асгаруулан хэлэв. Утаанаас уу, уйлж байгаа нь тэр үү ялгагдсангүй. – Тэгэлгүй яахав. Бид цөмөөрөө амьд үлдэнэ. Алив явъя гээд түүнийг сугадан доош явлаа. Хэрлэнгээс шатсан даавуу, хуйхлагдсан үсний үнэр үнэртэж байлаа. Биднийг машин дээр ирэн иртэл Хэрлэнгийн нүднээс нулимс тасарсангүй. Суурь ч гэсэн явдлын сэгсэргээнд хамаг яс нь салах мэт өвдсөн байх. Тэрээр яраглан гиншсээр байв. Ямартай ч гэсэн хоёуланг нь аваад аймгийн төв рүү давхилаа. Төд удалгүй аймгийн эмнэлэгт ирэв. Хэрлэнд энд тэнд нь наалт, боолт тавиад гаргав. Харин Суурийг – Хот руу яаралтай явуулахгүй бол болохгүй. Түлэгдэлт ихтэй, нуруу нь гэмтэж, аарцаг бяцарсан байна.

Унааны асуудал хүнд байна гэхээр нь албанаас нэг тэрэг гаргуулахаар болов. Суурийг машинд суулгах тэр агшинд Хэрлэн түүний нүүрэнд нүүрээ бараг тулгаад – Та тэсээрэй. Битгий үхээрэй. Надад танаас өөр хэн ч байхгүй шүү гэж хэлж байв. Тэднийг хараад аргагүй л дурлаж дээ гэж бидний хэн хэнд маань бодогдсон доо. Би яаж ч бодоод тэднийг тэр модон дор орчихсоныг ойлгосонгүй. Сансар болохоор Хэрлэнг тэр гал руу орсон гээд байдаг. Тэгэхээр тэр мод Суурийн дээрээс унаж, араас нь Хэрлэн орсон байх магадлалтай. Харин тэр их гал руу гүйж орно гэдэг эрүүл ухаанд багтамгүй.

Бидний буцаад иртэл манайхан галаас үндсэндээ холдсон учир арай тайвширсан байлаа. Бөөгнөрөөд сууж байтал Лхагва юу ч бодож суусан юм бүү мэд – Ахмад даанч нэг онгироод байсан юмаа гэж ямар ч бодлогогүй ам алдахад Хэрлэн – Тэр чамд ямар гэм хийгээв? Юу ч хараагүй, юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор чалчаад байх даа яадгийн. Нэг чинь бараг үхэх гэж байна гэж хашгираад босоод явчихав. Бид бүгдээрээ Лхагвааг зэмлэсэн харцаар харлаа. Тэгсэн тэгээгүй тэр гэмшсэн байх. Энэ үед би тэртээ цаана цаашаа хараад зогсчихсон Хэрлэнг Суурьт үнэн сэтгэлээсээ дурлажээ гэж итгэсэн юм. Гэхдээ энэ бүхэн хэнд хамаатай гэж. Хоорондоо л болж байвал болох нь тэр. Юуны түрүүнд энэ хайрханы галыг унтраах, дараа нь Суурийн биеийг асууж сурах тийм л гарц байлаа. Бид энэ удаагийн галтай бараг хоёр долоо хоног ноцолдсон боловч үнэндээ дийлээгүй. Хурмаст тэнгэр ивээлээ хайрлаж, нэг л шөнө хүйтэн бороо асгаснаар бидний гар бие, сэтгэл зүрхийг амраав. Гайхамшиг гэдэг л тэр байх. Бид, биднээр тогтохгүй энэ гал түймэрт ажилласан бүх бие бүрэлдхүүн, сайн дурынхан ягтаа тултал ядарсан байсан юм. Гал нэгэнт унтарсан тул бид аймаг руу явж, Эрдэнэ Хайрхан гэж нүүрс шиг овойсон хар юм түнтийж үлдэв.

Энэ бол дөрвөн сарын сүүлч байлаа. Бид аймагт ирсэн ч хот руу татагдсангүй. Буусан өдөр бид гэртээ ирсэн юм шиг байцгаалаа. Усанд орох нь орж, утсаар ярих нь ярьцгаана. Манайхан ядарсан уу л болохоос Хэрлэнгээс бусад нь түлэгдэж барьсангүй. Эндээс явснаас хойш сар гаран болсон байв. Би ч гэсэн гэрлүүгээ залгалаа. – Амьд уу? Ямар удав аа? Яасан бол гэхээс байж сууж чаддаггүй. Чи минь тэгээд зүгээр биз? – Зүгээрээ, жаахан ядарснаас бусдаар давгүй. Харин Суурь наана чинь эмнэлэгт байгаа – Харин тийм гэнэ. Би санаа зовохдоо танай ажлаар очсон чинь Базараатай таараад Суурин тухай сонслоо – Чи тэгээд аяга шөл бариад очив уу? – Үгүй ээ, Ам асууж байгаа юм шиг санагдах байх гэж санаад чадсангүй. – Үгүй ээ чи . . . – Тэгээд ч эхний хэдэн өдөр ухаангүй шахам байсан гэсэн. Би асуусан л даа. Харин одоо бол хэн хүнийг ялгаад байгаа сурагтай. – Ямар ч байсан нэг очоо. Бие хааг нь асуу – За,за нэгийг нь дагуулаад очъё. Харин чи зүгээр биз? – Бид зүгээр. Бороо ороогүй бол дийлэхгүй янзтай. Унтарлаа гэхээр л дахиж гараад болдоггүй. – Мөдхөн бууна биз дээ? – Хэзээ буу гэнэ тэр цагт л бууна. –

Бүтэн л эргэж ирээрэй дээ гэсэн нөгөө л үгээ хэлснээр төгсгөлөө. Хэдэн өдөр байрандаа амарцгаасан тул хүн бүр дор бүрнээ тайвширсан харагдана. Залуу хүн гэдэг нойр хоол нь бүтэн болчихвол сэргэхдээ амархан байдаг хойно аргагүй. Хэрлэн ч гэсэн нэг үеэ бодвол гайгүй болов. Тэр үсээ халимаг болгон засуулаад – Би хөөрхөн болж уу? гээд сахилгагүй ч юм шиг инээмсэглэв. Залуу бүсгүй хүн гэдэг ямарч үедээ аятайхан харагдаж чаддаг хойно доо. Нэг өдөр Суурь тэр хоёрт юу тохиолдсоныг нь асуувал – Би та нарын араас явж байгаад нэг харах нь ээ ганцаараа болчихож. Тэгтэл Хэрлээн гэж хашгирах сонсогдохоор нь хартал Суурь ахмад над руу ухасхийж байв.

Тэр агшинд миний дээрээс нэг их гал ирэх шиг болсон чинь би тэртээ хол үсэрсэн. Унаж явахдаа Суурь ахмадын дээрээс мод унаж байхыг хальтхан харсан. Би нүүрээ юугаар ч билээ ороогоод түүний араас орсон – Айгаагүй юү? – Айх тухай бодоогүй. Тийм завдал ч болоогүй – Хүний амь аварч байгаа хүн чинь яалаа ч гэж айх тухай бодохов дээ – Тэр тухай ч бас бодоогүй гээд Хэрлэн намайг ширтлээ. – Чамайг яг гал руу орж байхыг Сансар харсан шиг байгаа юм. Тэгээд л энд, энд гээд хашгираад бид очсон л доо. – Амьдрах л ёстой байсан юм байлгүй дээ гээд Хэрлэн санаа алдлаа. – Амьдрах ёстой гээд би үгээ чирж, уртаар санаа алдав.

* * Базараатай ярих уу, болих уу гэж хэдэн өдөр дүлэгнэв. “Миний бодсон битгий л батлагдаасай” гэж гэнэтхэн бодогдох нь сонин. Юунаас болоод тэгж бодсоноо ойлгосонгүй. Суурийн байгаа байдлаас ч байж болох л юм. Үнэндээ бол муухай л даа. Бэртэж гэмтээд бараг хүний гарт орчихсон байхад ар хударгаар нь ажлыг сандаачаад байгаа юм шиг. Лав олигтой эрийн зан биш. Гэтэл би энэ сэрдэх сэжиглэх ажлаа аль эрт эхэлчихсэн байдаг. Юутай ч гэсэн Базараатай ярих л хэрэгтэй болов. – Сайн уу хө. Сүйд болжээ танай тэнд гэсээр Базаараа утсаа авлаа. – Сайн сайн. За тэр яахав. Нөгөө хоёр юу болов? – Эндээ гэж хэлэхэд нэг л хүнийх байна лээ дээ. – Яг уу? – Шүлс болоод шүдний зуулт нь яг. Хэрвээ биш бол би халагдсан ч болно. – Итгэлтэй байгаа чинь сайн байна. Ямар ч байсан илтгэл бичээд хавсаргаарай. – Өө тэр мэдээж. Харин танай салаа хэзээ ирэх гэж байна? – Удахгүй байхаа. Чи Сэлэнгээтэй цуг Суурь дээр нэг очоодохооч. Цаадах чинь ганцаардаад байна гэнэ. –

Намайг ч нэг их сайн таних биш дээ – Тэр нь яахав ээ, Хань болоод өг – За тэгэхээс дээ даргаа Базараатай ярьсны дараа сэтгэл түгшээд нэг л дараатай болж орхилоо. Уг нь одоо хурандаатай яривал болох. Гэтэл сэтгэл төвдөж өгсөнгүй. Суурь тэр цэвэрлэгээний шар залуутай ямар сүлбээтэй вэ? Яагаад тэр залуу шөнө дөлөөр Эрдэнэ Хайрханд гал тавих гэж оролдсон бэ? Яагаад манай салааг Бүрэнгийн нуруунд хэрэггүй шахам олон хонуулав. Энэ хооронд Эрдэнэ Хайрханд тийм том гал гарсан шалтгаан юу вэ? Суурь үүнд холбоотой юу? гээд надад түм буман асуултууд тодорхойгүй байлаа. Хий таамгаас өөр юмгүй. Хоёр тамхины иш бүрэн баталгаа болно гэж үү? Хурандаад энэ бүгдийг танилцуулах арай л эрт шиг санагдана. Хэлэхгүй гэхээр би юунаас, хаанаас эхэлж энэ бүхнийг мухарлах вэ? Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэгч нь энэ болж байлаа. Би бодолд орж гөлийсөнтэй адилхан манай салааныхан ч гэсэн орон дээрээ адар ширтэн хэвтэхээс өөр зүйл хийсэнгүй.

Хэн одоо биднийг бэлтгэлд гар гэж хөөх вэ. Үнэндээ бол хангалттай ядарцгаасан тул тэр талын юм бодох ч хэрэггүй. Хэрлэн ч гэсэн бодолд дарагдан хаа бол хаана өнөөх жижиг дэвтэрээ тэврэн үзэгдэх. Одоо түүнтэй маазарч марзаганах ч хүн үгүй болж. Цаг тавирдгаараа тавирч, айлгүй хаврын ааш нэг үеэ бодвол овоо нугарсан байв. Өдөр сунаж, өглөө оройдоо нар уртассаар байлаа. Хэрлэн хашаан доторх сандал дээр өнөөх дэвтэрээ дэлгэн ямар нэгэн юм бичиж сууна. Би тамхиа соронгоо аажуухан гэлдэрсээр очив. Тэр мөн л урьдынх шигээ жижиг цаасаа дэвтэртээ хавчуулж хаагаад, намайг ирсэнд дургүйцээгүйгээ илтгэж инээмсэглэлээ. “Инээмсэглэл заримдаа хориг ч болдог, эсрэгээрээ уриалагхан ч болгодог юм байна даа” гэж бодож амжлаа. Би бага зэрэг түгдэрч – Уучлаарай, энэ миний хэрэг биш л дээ, гэхдээ яагаад ч юм асуумаар санагдаад болдоггүй. – Асуу л даа. Танд үнэхээр хэрэгтэй бол би хариулъя гээд над руу нэг их сүрхий харлаа. Халимаг үс нь түүнийг нилээн оворжуулсан уу эсвэл үргэлж цуг байсан болоод тэр үү Хэрлэн урдынх шигээ жаахан охин харагдсангүй. Харин ч бүр харц нь тогтоод цаанаа нэг тохь суусан шиг санагдана. Гэхдээ мэдээж надаас хамаагүй дүү байлгүй яахав. – Нэг их хэрэгтэй биш л дээ.

Гэлээ гээд цаг нөгцөөх гэсэн ч юм биш гэхэд – Тэгвэл амны зугаа болгох гэсэн юм уу? гээд тэр мөнөөх л хөшинг харцаараа ширтлээ. Үнэндээ бол энэ нөхцөл байдалд тэр надаас илүүрхэж байв. Уг нь би илүү дутуу юм ярихаа больчихмоор. Гээд болих гэхээр ийм жаахан охинд амаа таглуулж, шилээ маажилтай биш. Бас нэрлэхмэр болоод ч байх шиг. – Юу л даа, чи мэдэх үү үгүй юу Суурь бид хоёр оюутан цагийн найзууд л даа. – Мэднээ, Та нарыг юунаас болж муудсаныг ч мэднэ – Өө тийм үү? Чи их юм мэддэг юм байна – Ахмад өөрөө надад ярьж өгсөн л дөө. – Аан, уг нь нэг их муудсан ч юм байхгүй л дээ. Амьдралыг үзэх үзэл таараагүй гэх үү дээ.

Тэгээд л бид сургуулиа төгсөөд өөр өөрийн замаар явцгаасан юм. – Мэдээж хоёр эр хүн цуг амьдрахгүйгээс хойш тэгэлгүй яахав. – Суурийг би сайн талаас нь яримаар байна л даа – Өвчтэй болохоор нь уу? – Үгүй ээ яалаа гэж. Эрүүл байсан ч би энэ талаас нь л ярих байсан. Ер нь бол байна шүү дээ хүнд заавал сайн зүйл байдаг юм шүү – Муу ч бас байна биз дээ? – Байлгүй яахав. Хүнийг би бурхан буг хоёрын тэнцэтгэл гэж боддог – Ямар хүнд, аль талаасаа харагдах вэ гэдэг нь л чухал юм шив дээ гэж Хэрлэн асуух гэхээсээ илүүтэй миний хэлэх гэсэн дараагийн дүгнэлтийг хэлж орхив Үргэлжлэл…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *