Нүүр Өгүүллэг НУРАМ /ТУУЖ/ 7-Р ХЭСЭГ

НУРАМ /ТУУЖ/ 7-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
178

Эмэгтэй хүнийг үзэх үзэл чинь ойлгогдохгүй байсаар өдий хүрлээ. Гэхдээ чиний ямар байх одоо надад хамаа алга. – Чи тэгээд намайг арай “цэнхэр” гэх гээгүй биз дээ? Хэзээ байтлаа чи бид хоёр бие биенээ

ойлгох гэж хичээсэн юм дээ? гэлээ. Энэ асуултанд шуудхан хариулчихаж чадсангүй. Бид бие биенээ ойлгох гэж хэн хэн маань

хичээгээгүй нь үнэн. Хэсэг чимээгүй сууснаа би тэс өөр өнгөөр яриагаа эхэллээ. – Ингэхэд чи бид хоёр ингээд л ам ангайх болгондоо зөрөлдөөд байх хэрэг үү? – Харин? – Уг нь бид нэг үеэ бодвол эрийн цээнд хүрсэн

улс. Одоо залуус биднийг л харцгаадаг байхдаа . . . гээд үгээ орхиход Суурь ч гэсэн байдлыг ойлгов уу гэлтэй – Чи нэг манайхаар орооч. Ганц бие эр хүн яаж амьдардгийг хар. Эв таарвал хуучнаа жаахан

сэргээе гэлээ. “Тэр одоо болтол хүнтэй суугаагүй юм байна” гэж бодохтой зэрэг өөрийгөө ч гэсэн гайхлаа. Хотоос анх гарахдаа л Суурийг аль л бараан талаас нь бодож явсан болохоос нэг удаа аятайхнаар бодсонгүй. Энэ тийм сайн чанар гэж үү? – Тэгье л дээ – За

тэгвэл хэзээ гэдгээ чамд мэдэгдэнэ ээ гэхээр нь би тэдний өрөөнөөс гарлаа. Хүн гэдэг муухай. Гарсан хойноо ч гэсэн болоод өнгөрсөн ярианд тэгтлээ итгэсэнгүй. Юу юугүй уралцаад унах нь уу гэмээр болж ирсэн тэр яагаад гэнэтхэн гэр орноороо оруулах болов гэдэг эргэлзээтэй. Гэхдээ болохгүй юм гэж хаа байхав дээ.

Суурийнх аймагт байтугай хотод ч байхааргүй хувийн том байшин бариулчихаж. Би бол мөрөөдөөд ч барахааргүй юм. Тоосгоор битүү өрсөн хашааны доторхи тохижолт, за тэгээд тэр байшин сав, сүүдрэвч гээд ёстой л нөгөө кинонд гардаг хаус гэдэг нь байв. Гэтэл гэрт ороод би бүр ангайж орхилоо. Том, том хүрэн тавилга, сүүлийн үеийн цахилгаан хэрэглэлүүд, камен зуух, доод зоорийн давхартаа саун, биллярдын ширээ хүртэл байрлуулж. Тэднийд дутуу юм алга. Би гайхсан харцаа нуусангүй. Энэ бол жирийн мань шиг юмны цалингаар босчих эд биш байв. Суурь намайг анзаарсан бололтой – Улсын хувцас өмсчихдөг ганц бие хүн чинь нэг их зарлага гаргахгүй юм. – Би бол мөрөөдөөд ч ийм байшин босгож дөнгөхгүй юм байна гэхэд тэр гэнэт сэхээ оров уу гэлтэй. – Чи ийшээ сууж бай. Би одоохон гээд галын өрөө рүүгээ ороод – Наагуураа үзэж харах юм байвал өөрийгөө саатуулж бай гэж хашгирав. Эргэн тойрон өөрийнх нь бүтээл бололтой цэгэн зурагнууд өлгөөтэй. Том өрөөний буланд Суурийн урлан гэж болохоор тохижуулж. Зургийн хэрэгсэл хийгээд модон тавиур хүртэл байна.

Сэтгэл хөдөлсөн, сайхан бодол агуулсан үед бол нэг л сэтгэл сэргэм орчинд ирчихэв үү л гэлтэй. Гэтэл сэтгэлийн гүнд нэг хөнгөн сүүдэр татаатай хэвээрээ. – Чи энийгээ өдий болтол хаяагүй юм шив дээ? гэж түүний зургуудыг ширтэн хэлвэл – Гучин жил. Бүхэл бүтэн гучин жил шүү. – Туйлбартай байна аа – Ядрахаараа, эсвэл ганцаардахаараа энэ мянга мянган цэгийг хатгаж суудаг юм. Одоо ч бараг зуршил болчихож дээ гэлээ. Тэрээр тарган хонины мах уур савсуулсаар ширээн дээр тавиад шүүгээнээс нэг шил виски гаргаснаа – Өө, задалчихаж. Багын анддаа бүтэн юм задлалгүй яахав гэснээ ахин нэг виски гаргаж ирлээ. – Ингэж сүйд болоод яахнав дээ. Тэгээд ч түгшүүр өгч мэднэ. – За яахав. Багын анд ирсэн учир өнөөдөр нэг тайван хонуулаач гэж хангай дэлхийгээсээ гуйчихнаа. Санаа зоволтгүй гээд хүг хүг инээлээ. Би бас дагаж мушийв. Уг нь бол сайхан шүдтэй, сайхан бие хаатай, сайхан залуу. Ямарч эмэгтэй дурлачхмаар эр хүн. Даанч, бид өөр л дөө. Тэр хоёр шилэн аяганд пүл пүл хийлгэн тонгойлгоод – За барьчих.

Манай энд чинь мөс зөс гэж мэдэхгүй ш дээ. Шууд л хөнтөрчихдөг газар. За уулзсаных гээд татаж орхив. Би ч ичсэн нэрэндээ залгиллаа. Өөхтэй махнаас хэд огтлоод дотор халуу шатаад ирж байна. Би харж ханаагүй харцаар тэднийхийг тойруулах үед Суурь – Эцгийн жаахан юм надад үлдсэн. Тэгээд ч хөдөө чинь мөнгө үрэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Халаасандаа мянган төгрөгтэй ер нь хэд ч хонож мэднэ шүү гээд инээлээ. Энэ удаагийнх нь жаахан хуурмаг инээд санагдсан ч “Нээрээ л тийм байхдаа” гэж бодогдож байна. – Одоо чамд гэрийн хүн л хэрэгтэй юм байна даа – Хэлээд юүхэв. Хүсэхэд хясах гэгчээр тэр чинь л харин санаагаар болохгүй юм. – Би чиний зурсан нэг зургийг огт мартдаггүй юм. Яагаав, Сүрнээ та хоёрын зураг – Мартдаггүй. Тиймээ нэг тийм хүүхэн байсан. Одоо байхгүй. Хүн ер нь юмыг мартахгүй байх шалтгаан юу юм бэ? Жишээ нь чи түүнийг мартаагүй байлаа гээд ямар ашиг байв? гэж нилээн давилуухан асууж байна. Тулгамдаад тэр үү надад яг оноосон хариулт олдсонгүй. Яг үнэндээ яах гэж энэ сэдэв рүү орсноо ч ухаарсангүй. Хий дэмий л – Ач туссаад байх ч юм алга л даа. Гэхдээ хүн чинь… – Тэгээд, Чи үүнийг сэдрээж ярилаа гээд юу өөрчлөгдөх юм? Чи бид хоёрын хамгийн сүүлд муудалцах болсон шалтгаан энэ л биз дээ?

Шархыг сэдрээгээд л байвал улам л газар авдаг биш үү – Тэгэхэд бид ядаж өөрсөддөө үнэнч байсан юм болов уу даа гэчихээд бас амаа барих шахлаа. Үнэндээ бид хоёрын яриа эвлэхгүй байгаагийн шалтгаан нь би болж таарч байх шиг. Энэ олон жил өнгөрсөн байхад яасан эдгэдэггүй шарх вэ? гэж өөрөөсөө асуумаар болов. Би ямар хохироод үлдсэн эм биш дээ. Ингэж улиглаглахаа болиоч гэж өөртөө хэлмээр ч шиг. – Тиймээ, Чи дурлалдаа үнэнч үлдсэн. Харин би чадаагүй. Яагаад гээч? Яагаад гэвэл чам шиг хэн нэг эмэгтэйг зүгээр л толгой дээрээ гаргачих эр би биш. – Гэхдээ энэ чинь чи бид хоёрын муудалцах шалтгаан болохоос Сүрнээ та хоёрынх биш байхаа гэж хэлчихээд надаар дамжуулж Сүрнээ эсвэл Сэлэнгээ хоёрын хэн нэг нь яриад байгаа юм байна гэж бодов. – Яасан сайн санаж байх юм? Би боддог юм. Миний амьдрал миний шийдвэр дор л байх ёстой гэж. Түүнээс биш миний бодож санахыг зааварлах, миний өмнөөс шийдвэр гаргахыг, үгүй ядаад гэснээ зурж буй зураг руугаа заагаад – Миний зурсан зурган дээр сараачихыг би зөвшөөрөхгүй. Хэзээ ч… гэж Суурь үнэн голоосоо цухалдан хэллээ. –

Цаг хугацаа бүхнийг элээдэг гэдэг худлаа юм байжээ гэсэн үгс амнаас гараад талийж одлоо. Одоо ч асаж өгнө дөө гэтэл тэгсэнгүй. Тэрээр хундагатайгаа өргөн намайг өмнөхөө ав гэж дохиод яах ийхийн зуургүй хөнтөрч орхилоо. Хоёул махнаас хэд хэд огтоллоо. Гэтэл Суурь – Эмэгтэй хүн надтай эн тэнцүү байж болно гэдэгт одоо ч гэсэн би хүлээн зөвшөөрдөггүй. Эм нь эмээрээ, эр нь эрээрээ байдаг орчлон гэхэд нь “Ийм болохоор чи одоо болтол ганцаараа үлдэждээ” гэсэн үгс аман дээр гарч ирсэн ч энэ удаа түүнйг уруул давуулсангүй. – Хуучныг цогтой баримтлагч юм биз дээ? – Аа үхсэн, зарим сул дорой хүмүүс нэг их эмэгтэйчүүдийг ойлгодог хүн болж өөрийгөө хуурдаг юм. Тэд хэзээ ч өөрөөрөө байж чаддаггүй өрөвдмөөр амьтад. Гэхдээ үүнд чи хамаарахгүй л дээ гээд хүйтнээр инээлээ. Энэ байдлаараа бол амны зөрүү, архины ааг хоёр нийлээд олигтой юм болохгүй нь тодорхой болоод ирэв. –

За ингэсгээд нөгөө хэд дээрээ очих уу даа. Гайхаж мэднэ – Яасан? Яриагаа дуусгамаар болчихов уу? Ямарваа нэгэн юм нүүрлээд ирэхээр улаан нүүрээ булзааруулдаг нь чиний зан юм хойно доо гэж үг чулуудсанаа уруулаа шилэмдээд – За за тоглосон юм. Жаахан суу л даа гэж дультраатна. Тэр согтож эхэлж байв. – Одоо болно оо. Ямар маргааш буцчих гэж байгаа биш. Өнөөдөртөө болно. – Юу сайхан дур сайхан. Уг нь чамайг шавайгаа ханатал ярьж хонох болов уу гэж бодсон юм. Тэгдэггүй юм байна. Уг нь бол тийм. Өдий олон жилийн хугацаанд ярих зүйл их л байлтай. Сэтгэлээ уудалдаг бол уудалж, уучилдаг бол уучилж болохоор. Гэвч бидний хэн хэнд маань тийм сэтгэл алга байгаа нь илт. Лав л миний доторхи хар сүүдэр намайг түлхсээр хаалганы цаана гаргачих нь тэр. Аймгийн төвийн харанхуй гудманд эль хульхан. Шөнийн саран буурал дэлхийгээс уйдсан янзтай сүүтэн саарал туяагаар зүүтэн хорвоог бүртэлзүүлнэ. Хашааны ноход хаа сайгүй боргоно. Магадгүй тэд сүнс сүүдрийн ялгааг шөнөжин ээрч хонодог ч байж болох. Байр луугаа алхаж явахад “Тэр намайг үзэн ядсан өнгөөр харааж байгаа” гэсэн бодол тархинаас салсангүй.

Галааг гарсны дараа Суурь өнөөх хатуу идээнээс дахин нэг хийж татчихаад – Хогийн муу новш. Чамаар л дутаж гэнэ гэж хажууд нь хүн байвал сонсогдохоор амандаа бувтнаад гараа салаавчлан шилэндээ авч орон дээр хэвтлээ. Түүний тархинд түмэн өнгийн бодол эргэлдэнэ. “Сүрнээ… Сүрнээ чи даанч сайхан хүүхэн байсансан. Одоо, энэ орчлонгийн хаах нь явдаг юм бол доо?” гэж өөрөөсөө асуун бодсоноо төдхөн хариуг нь олчихов уу гэлтэй ярвайж “Бодвол өнөө мөрөөдлөө ярьж хэн нэгний өвөрт хэвтдэг биз. Чамаас хойш би олон хүүхэнтэй орооцолдсон. Гэхдээ чам шигтай нь таараагүй. Ний нуугүй хэлэхэд би хааяа харамсдаг шүү. Гээд өнгөрсөн бүхнийг эргээж болохгүй нь харамсалтай юм даа. Хүн гэдэг нэг буруу гишгэснийхээ төлөө насан туршдаа санааширч явдаг нэгэн бодлын сулавтар амьтан юм. Одоо ч гэсэн Сүрнээгийн нуруу туруу, наалинхай инээд, тунгалаг харц санаанаас гарахгүй. Заримдаа бүр хажууд байгаа юм шиг санагдахыг яана.

Эргээд бодоход би амьдралынхаа зарим шийдлүүдийг түүнд зориулж хийсэн шиг санагддаг. Энэ байшинг гэхэд би бараг л түүнд зориулж барьсан байх. Тэр үргэлж сайхан байшин барьчихаад үлгэрийн юм шиг амьдрахсан гэдэг байлаа. Энэ ханан дээрхи урсгал голын зургийг би түүнд л зориулж зурсан. Гэсэн хэдий ч би түүнтэй эргэж холбоо барьсангүй. Тэр ч надад эргэж ирээгүй. Хэрвээ эргэсэн бол би түүнийг хүлээж авах байсан эсэхээ одоо мэдэх юм алга. Бараг л үгүй болов уу. Яагаад гэвэл тэр миний зургийг сараачсан” гэхчилэн бодолд дарагдан хэвтсэн Суурь ухасхийн босож дахиж нэг татаад урлангийнхаа буланд очиж, эргэн тойрныг, зургийн самбараа, харандаануудаа, суудаг сандалаа хүртэл удаан гөлрөв. “Хүмүүс зургийг харж л мэдэхээс зурж мэдэхгүй.

Хачин сайхан зуржээ л гэж шүлс унагахаас үүний цаана ямар их зовлон нуугддагийг ойлгохгүй. Ер нь хүмүүс бие биенээ мэдэхгүй байж яагаад хоорондоо тэгтлээ их хамааралтай байх гэж оролддог байнаа? Би үүнд л дургүй” Суурь бодлоосоо зулрах гэсэн мэт огцом хөдөлгөөнөөр сандлаа татан сууснаа зургаа хатгаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа түүний дух магнайнаас хөлс чийхарч, нүдний хараа нь ямар нэгэн юмыг онилох мэт хурцдаж ирэв. Тэр орчлонгоос тасарч буй нь тэр юм.

Хорин хоёр жилийн өмнө хаврын тэр нэг орой Суурь Сүрнээтэй муудалцсан юм. Хамгийн сүүлчийн удаа. Учир нь тэр хоёр дахиж уулзсангүй. Ийм хайр байдаг гэдэгт тухайн үедээ Суурь ч, Сүрнээ ч итгээгүй байх. Гэхдээ л болоод өнгөрсөн. Сүрнээ бүсгүй Суурийн эзгүйд зурсан зурагнуудыг шимтэн харж зогсов. Тэр олон мянган цэгийг уйгагүй хатгасныг нь бодохоор үнэхээр биширмээр. Суурийн, яагаад ч юм бодолд дарагдсан царайлах, Сүрнээгийн өөрийнх нь гэрэл цацруулан инээмсэглэж буй цугтаа авхуулсан зургийг зуржээ. Фото зурагнаас томруулсан болохоор адилхан ч гэж жигтэйхэн аж. Сүрнээ зургийг харж зогссоноо ерөөс Суурьт хэлэх гээд учраа олохгүй байгаа нэгэн нууцаа мэдэгдэх аргаа олчих шиг болсондоо баярлан жаргалтайгаар инээмсэглэв. Тэрээр нэг харандаа авч нөгөө зурган дээр хатгаж гарах нь тэр. Уг нь өөрийнх нь санаж байгаар бол хачин ойлгогдохоор цаашлаад бүр хайлан уярч, хайрлан дурламаар болж байх шиг. Суурийг ямар их баярлах бол гэж санахаар Сүрнээгийн царайд улам бүр баясал тодорч байлаа. Түүнийг ирэхээр нь энийгээ хурдхан харуулахыг хүснэ.

Сүүлийн үед улам бүр хөндийрөөд байгаа харьцаа нь түүний хийсэн энэ л хэдэн цэгээс хамаарч анхных шигээ халуун дулаан болно гэж найдаж байв. Ийм мөчид эмэгтэй хүн сэтгэлийн ямар их жаргалд умбадаг билээ Сүрнээ түүнээс гажсангүй. Суурийн дээрэнгүй, хүйтэн зан авирыг огт үгүй болчихсон мэт хөхүн баясана. – Тиймээ, тэр наддаа эргэж ирнэ гэж дуу алданхан байв. Хаалга түрхийн хаагдах чимээнээр Сүрнээ давхийн цочин харвал Суурь зогсож байлаа. Түүний гүлэмцүү нүд уусныг илтгэнэ. Тэрээр Сүрнээгийн хийж байгаа үйлдэл, гарт нь байгаа харандааг харуут нүд нь аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй болон томорч, өөхөн цагаан дээрх улаан судаснууд нь тодорч ирлээ. Сүрнээгийн хүсэн хүлээсэн мөч буруугаар эргэж байгаа нь тодорхой болоход тэр хий дэмий амаа ангалзуулснаа – Сууриа, би чамд яаж хэлэхээ мэдэхгүй . . . гэхэд Суурь түүний үгийг гүйцээлгүй – Чи. . . чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Би чамайг миний зурганд битгий хүрч бай гэж хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? гэж голынхоо дуугаар хашгираад үсрэн ирж зургийг харснаа гараа салгалуулан байж – Чи энийг ямар их тэвчээрээр хийдгийг мэдэх үү? – Мэднэ л дээ – Тэгээд. . . тэгээд юугаа хийж байгаа мал вэ? – Үгүй ээ, би хүсэхдээ . . . – Чиний юу хүсэх надад ямар хамаатай юм? Сүүлийн үед чиний оролцохгүй юм гэж үгүй болж.

Өдөр ирэх тусам толгой дээр гарч байна. Өдөр ирэх тусам шүү – Юу гэнээ? Миний хүсэл чамд огт хамаагүй гэв үү? Би чамтай ярих ч эрх байхгүй юу? – Яагаад хамаатай гэж? Хайртай гэхээрээ л би чи болж, чи би болох хэрэг үү? – Тэгээд, хайр гэдэг чинь юу юм? – Миний толгой дээр гарахыг лав хайр гэдэггүй байх шүү – Чи ч үнэн санаагаа хэлэх шив? Чи надад хайргүй юм байна – Юу гэж ойлгох нь чиний л хэрэг. Хүн өөрийнхөөрөө байх хэрэгтэй – Харин тэгээд, би өөрийнхөөрөө байна – Тэгвэл бидний зам нийлэхгүй нь дээ Сүрнээ минь – Чи үргэлж энэ үгээрээ далайлгаж өмнөө сөхрүүлэх гэдэг ер нь хаашаа янзын хүн бэ? Би тэсэхгүйнээ. Миний юу нь болохгүй байгаа юм бэ? Сууриа гэж Сүрнээ цөхрөнгөө баран хэлэхдээ их гомдлыг барьж чадалгүй хоёр зовхиороо сул асгалаа. Тэр хичнээн хичээсэн ч уйлахгүй байх чадсангүй. Суурь уурандаа нөгөө зургийг тавиураас хуу татан авч хэд хэд базаад шидлээ. Үрчийж базагдсан зураг хувцасны шүүгээний дэргэд өнхрөн унав. Сүрнээгийн хүсэл мөрөөдөл болсон зураг ийнхүү араатанд тасар татуулсан амьтны зулзага сүүлчийн удаа амьсгаа авах шиг үл ялиг чичрхийлснээ хөдөлгөөнгүй хуниран хэвтэх нь тэр. Сүрнээ нүүрээ даран гомдолтой нь аргагүй гингэнэв. Суурь түүнээс залхсан янзтай үүд чиглэхэд Сүрнээ – Энэ орой болсон хойно согтуу хөлчүү хаачих гэсэн юм бэ? гээд гарнаас нь зуурч авахад Суурь түүнийг ор луу тэрий хадтал нь түлхэж –

Чи миний замд . . . гэж үгээ таслан хөмхийгөө хэд хэмлэснээ – Хэзээ ч битгий хөндөлсөж бай, мэдэв үү … гэж тас зуусан шүднийхээ завсраар архины эхүүн үнэртэй хамт сийгүүлэн хэлээд хаалга саван гарч одлоо. Түүний улаанаараа эргэсэн нүдийг Сүрнээ харж чадсангүй. Суурийг гарахыг мэдсэн атлаа хаалганы тасхийх дуунд Сүрнээ бондгосхийн цочив. Тэр хаалга Сүрнээгийн тархи зүрхийг нь тас цохих шиг хачин их янгинав. Суурь энэ шөнө ирэхгүй нь тодорхой. Тэгээд ч түүнийг хүлээх сэтгэл энэ удаа Сүрнээд байсангүй. Хэсэг уйлж хэвтсэн Сүрнээ будганд халтардсан нүүрээ толинд харан удаан гэгч нь арчлаа. Уурандаа гэх үү, урам хугарсандаа гэх үү эсвэл ухаангүй алхам хийсэн өөрөө өөрөөгийгөө зэмлэхийн дээдээр зэмлэж байсан ч байж болох юм. Босож өөрийн гэсэн бүхнээ нямбайлан эвхэв. Нүдний үзүүрт өнөө гайт зураг арзайн хэвтэнэ. Сүрнээгийн сэтгэл ч гэсэн тэр зураг шиг үрчийж орхижээ.

Яг явахдаа тулсан Сүрнээ цүнхтэй хувцсаа аваад гарахдаа нэг их гүн санаа алдсанаас өөр юм болсонгүй. Амьдралд алдсан бүсгүй хүн чухам ямар байх ёстойг Сүрнээ мэдэхгүй. Гэхдээ үзээгүй бүхнээ үзэж, мэдээгүй бүхнээ мэдэж мэдрэхийг амьдрал гэдэг бололтой. Түүний шаналалыг Суурь мэдэхгүй. Осолдохгүй л маргааш нь ирэхэд Сүрнээ хамаг юмаа аваад явчихсан байжээ. Гэлээ гээд Суурийн сэтгэл тэгтлээ гонсойсонгүйгээр барахгүй араас нь ч явсангүй. Түүний хойноос хөөцөлдөх зүрх сэтгэл түүнд байсангүй. Харин ч бүр бүх зүйл байх ёстой байрандаа орсон мэт бодогдоно. Магадгүй сүүлийн хэдэн сард Сүрнээгийн зүгээс Суурьт таалагдсан ганц үйлдэл ч байж болох. Үргэлжлэл бий . . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *