Нүүр Өгүүллэг ХУВЬ ЗАЯАНЫ ХЭЛХЭЭ /ӨГҮҮЛЛЭГ ТӨГСГӨЛИЙН/ 13-Р ХЭСЭГ

ХУВЬ ЗАЯАНЫ ХЭЛХЭЭ /ӨГҮҮЛЛЭГ ТӨГСГӨЛИЙН/ 13-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
722

Хаа очиж элдэв зовлонгүй хоёр яс салж эх үр хоёр эмнэлэгээс гарах болов. Хандааг хүүтэй нь эмнэлэгээс Дарьзав гаргаж авав. Хаврын урь орж байгаа ч гэсэн тэр үстэй том дээл өмсжээ. Хүүг эх барьж авсан

сумын эмч Нансалмаа гэж махлаг дуу бор авгай – За ингээд хүүгээ сайн харж хандаж байгаарай. Хүйнд нь бохир оруулав. Өдөрт үүгээр цэвэрлэж бай гэж нэгэн бодис өгөөд дахин дахин захисаар эмнэлэгээс

гаргав. Үстэй дээл нэвсийтэл өмссөн Дарьзавыг Хандаа жаахан шоолонгуй харж – Аав яагаад ирээгүй юм? – Чамайг гарна гээд гэр орноо янзалж байгаа. Тэгээд би ирлээ. – Юун айхтар үстэй дээл өмсөөв?

– Яахав наад хүүг чинь өвөтрлөх гэж. Замд салхинд цохиулж мэднэ. Уг нь эндхийн машиныг гуйсан чинь ажилтай гэнэ. Мотоцикль гэхээр хэтэрхий ил задгай салхинд чамайг дэмий болов уу гэж санаад тэгээд

морь тэрэг хөллөөд ирлээ. Одоо яарах юу байхав. Гурвуулаа гэлдэрчээ яваад харчихъя гэж хүүгийн өлгийг сөхөн харж байснаа, үрчгэр улаан нүүрийг нь үнсэхэд хүү мурчигнана. Дарьзав түүнийг өнөө том

дээлэндээ өвөртөлчихөв. Тэгтэл Хандаа – Хүүе ээ аягүй бол амьсгаа авч чадахгүй ч юм билүү, больсон нь дээр байхаа гэхэд – Нээрээ тэгвэл баларваа гэснээ хүүг өврөөсөө гаргажЧи ерөөсөө тэргэн дээрээ эхлээд гар гэж түүнд туслаад хүүг Хандаад тэврүүлэн нөгөө том дээлээ тайлан

хоёуланг давхар хучиж өглөө. Ингэхдээ тэр тэрэг тойрон сандчин гүйнэ. Ингэж гүйх нь хэн нэгэнд Дарьзав гэж энэ хүн санасандаа хүрэх гэж сарвайж яваа амьтан шиг харагдаж болох юм. Гэвч түүний сэтгэлд нь хайр гээч юм үүсэж голын мөсийг хаврын урь орж хайлмагтуулан зөөллөж, цөнгөө түрэх мэт түүний сэтгэлийн толбоноос жаахан ч болов хэлтлэн урсгаж байгааг энэ хоёрын хэн хэн нь мэдээгүй байхаа. Хүүгээ тэврэн сууж байхдаа Хандаа бүх амьдралынхаа турш энэ хүний амьдралын тэргэн дээр суух юм чинээ бодоогүй байх.

Тэднийг эмнэлэгээс хөдлөхөд замд таарах ганц нэг хүний дэргэдүүр Дарьзав хэзээ язааны авгай хүүхэдтэйгээ яваа хүн шиг ихэд нүүр бардам явах ажээ. Цас хэдийнээ хайлчихсан ч түүний чийгээр хангай дэлхий өнгөө засаж, сайхан цагийн түрүүч тул мал сүрэг цаанаа нэг тавтай. Айлууд мөдхөн зусландаа гарч өвөл хаваржин бөртөгнөсөн малчидын нуруу тэнийдэг цаг мөдхөн ирнэ. Тэртээ тэнгэрийн хаяанаас нүүдлийн шувуудын сүүлч хоцрох шахам яваадаа сандчих мэт яаруухан дэвж явах шиг. Морь тэрэг явсаар Харганатын хөндийг өгсөж эхэллээ. Одоогоор айлууд зусландаа гараагүй тул хүүхдийн дуу, малын хөлөөр зунжин шуугиж байдаг Харганатын хөндий одоохондоо эзгүйхэн, эль хульхан. Гэхдээ цаг нь наашилж байгаа болохоор тийм ч гунигтай биш. Тэртээ голын тохойд өнөө ганц хайлаас өнөө маргаашгүй гөлөглөх гэж байгаа тул бэлцгэр бэлцгэр хүрэн толгойд мөчирсийн үзүүрт бөнжигнөнө. Түүнийг харж Хандаа гүнээ санаа алдан хүүгээ улам чанга тэвэрлээ. Хайр энхрийлэл, халуун дулаан тэврэлт, салж хагацашгүй хайрын шивнээ одоо аль тэртээ холын хол одсон мэт Хандаад бодогдоно. Уг нь ердөө арваадхан сарын өмнө энэ модны доор хүсэж, мөрөөдөж, зөгнөж, хайлан уяарч, хачин ихээр жаргаж байгаагүй билүү.

Тэр үеийн Хандаа охиныг амьдралын хуй салхи өөрийн өршөөл энэрэлгүй эргүүлгэндээ нэгэнт татан оруулсан ажээ. Одоо тэрээр энэ модоо өөрийнх мэт харж чадахаа больсон шиг санагдана. Магадгүй модны доор Хандаа охин нүдэндээ доголон нулимстай зогсож, түүний хажуугаар хүүхдээ тэвэрсэн Хандаа эгч тэр Хандааг өрөвдсөн харцаар харан өнгөрч яваа ч юм билүү. Түүнийг нь мэдсэн мэт ганц хайлаас гунигтайхан сүглийж, тэрэгний морины явдалын хэмнэлээр Хандаагаас холдсоор . . . Ийнхүү хааяадаа дуугаа хурааж, хааяадаа гангар гунгар гэсээр гэртээ ирцгээлээ. Хаврын өнгө засрахдаа хурдан. Хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт явж байснаас шал өөр болжээ. Тэд гэртээ ирж шинэ хүнээ хэнтэй адилхан болохыг ярилцана. Энэ үед Хандаад халуухан байлаа. Тэрээр дотроо Сугарыг бодон харах боловч хэтэрхий жижигхэн улаан амьтан одоохондоо чухам хэнтэй адилхан нь үл мэдэгдэнэ. Аав нь – Муухай амьтан одоохондоо яаж мэдэгдэхэв дээ. Жаахан борогшоод ирэхээрээ хүн дүрсээ олох байлгүй. Тэр үед нь л харахаас гээд үнсэнэ. Түүний дотроо юу бодож байгаа нь илт. Нэр өгөх талаар яриа эхлэхэд Хандаа – Ааваа би Дугар гэж нэр өгмөөр байна гэхэд гэрт байгсад нэг хэсэг гайхсанаа юм хэлсэнгүй. Аав нь – Дугар . . . гэж амандаа сунжруулан хэлж үзсэнээ – Үгүй яахав ээ сайхан л нэр байна.

Бяртай л хүний нэр шиг сонсогдоод байна гээд Данигай хүүг авч баруун чихэнд Дугар Дугар Дугар гэж гурвантаа шивнэвээ. Бие нь хөнгөрсөн Хандаа ёстой залуу насны аагаар хурдан тэнхэрч байлаа. Түүнээ дагаад сэтгэл санаа нь ч гэсэн илаарших маягтай. Хамгийн хүнд хэцүү бүхэн ард хоцорсон мэт түүнд санагдана. Удахгүй зусланд гарах цаг болцгоож Дугар хүү овоо бойрогшин хэдэн сартай болсон үе. Данигайн эзгүйд нэг орой Дарьзав зоригоо чангалсан аястай жаахан үнэртүүлсэн орж ирээд хэсэг сууж байснаа – За Хандаа минь би чамтай нэг юм ярих гэж орж ирлээ. Чи бид хоёр насны хувьд зөрөөтэй нь үнэн. Гэхдээ энэ толгой мөрөн дээр байсан цагт би чамайг хайрлаад халамжлаад явж чадна. Дугар миний хүүхэд биш ч гэсэн би өөрийнхөө төрсөн үр мэт санаж хүний дайтай хүн болгож дөнгөнө. Би өдий болтол чамайг гачлан зовлонгоор чинь далимдуулан элдвээр оролдоогүй. Гомдоочих юм болов уу гэж санасаар өдий хүрлээ. Ер нь тэгээд шулуухан хэлэхэд нэг гэрт орвол яасан юм бэ л гэж хэлэх гэсэн юм.

Би чамайг надад хайргүйг мэднэ л дээ. Гэхдээ бид хоёр бие биендээ ээнэгшин дасах хугацаа хангалттай байна. Танай аав ч тэр, манай ээж ч тэр, бие биенээ мэдэх нэг дорын улс. Одоо тэд нас ахиад хүний тус нэмэр хайх цаг нь болжээ. Хэдүүлээ бөөндөө шүү амьдарцгаавал яасан юм бэ л гэх гэсэн юм. Би чамайг одоо хариугаа хэл энээ тэрээ гэж шахахгүй ээ. Бодож байгаад болно биз дээ гэж өөрөө ч нилээн юм бодоо болов уу гэмээр эрсхэн хэллээ. Энэ бүхэн Хандаад хэтэрхий шулуухан байсан хэдий ч түүний амьдрал ч гэсэн нэг их олон сонголтгүйгээр өдий хүрчээ. Тэгээд ч хэцүү хүнд үед бие болон сэтгэл санаагаар тусалж байсны дээр саяын хэлсэн үг сэтгэлийн утсыг хөндөж чадсан уу ямартай ч гэсэн түүнийг цаашаа гэж чадаагүй юм даа. . . Тэрнээс хойш Хандаагийн нөлөө байсан уу амьдралын гэгээн тал давамгайлсан уу Дарьзав гэдэг хүн урдахтайгаа зүйрлэмгүй өөр болсон юм. Хандаагаас дахин нэг охин төрсөн нь мэдээж Дарьзавын охин. Хандаа нэг үеээ бодвол айлын эхнэр хоёр хүүхдийн эх, хөдөөний амьдралын хэв маягаар гадуур дотуур явах ч завгүй жирийн нэгэн бүсгүй боллоо. Одоо түүнд анхны хайр, түүний эзэн Сугар нь хүртэл зүүрмэглэж хоцорсон эртний түүх мэт болж сэтгэлийн шарх нь цагийн аясаар аньж байлаа. Хаа нэг наадам баяр ёслолоор багын найз Чимгээтэйгээ таарав ч тэр болгон тухтай ярьж суух зав үл олдоно. Дорж Чимгээ хоёр жинхэнэ хайр сэтгэлээр суусан хоёр. Гэсэн хэдий ч тэд хүүхэдтэй болоогүй л байлаа. Тэдний хажууд Хандаа хэдийгээр өөрийн хайр сэтгэлтэй хүнтэй нийлээгүй ч Дарьзавын хэлдгээр нэг үеэ бодвол овоо дасаж, хүүхдүүдээ асарсан жирийн нэгэн эмэгтэй болсон юм даа . . . Дугар яриагаа ийнхүү төгсгөв. Сугар нилээн бодол болон байснаа –

Чи тэгээд төрсөн эцгээ ерөөсөө хараагүй юү? гэж бараг өөрөө мэдэх юмаа асуулаа – Өө тийм. Би нэг удаа харсан байдаг юм. Гэхдээ одоо би санадаггүй л дээ. – Чи нэг нохой хорьж өгч байсандаа гэж ээжийг хэлэхээр л тийм ч юм шиг, үгүй ч юм шиг бодогддог юм. Тэгэхэд тэр хүн манайд ирсэн гэсэн. Тэрнээс хойш манай аав яагаад ч юм бол уух идэх болсон. Сүүлд ээж маань – Бодвол тэр хүнийг чиний эцэг болохыг мэдсэн шиг билээ. Тэрэндээ тэр үү буруу замаар явсан амьдралаа овоо мартагнан гайгүй болж, аж амьдрал хөөж явсанаа орхин хуучин байсан шигээ болж намайг ч мөн олон жил зовоосон доо гэж ярьдаг юм. Тэгээд намайг арав гаран настай байхад согтуу мотоцикльтой явж байгаад л . . . гээд залуу доош харсанаа толгойгоо огцом өргөж – Гэхдээ надад яагаад ч юм ширүүлж байгаагүй юм шүү хөөрхий. Бодлоор юм бол арай өөр байж болох л байсан мэт гэлээ. Энэ бүгдийг сонсож явахдаа Сугар өөрийгөө хараахын ихээр харааж, зүхэхийн ихээр зүхэж байлаа. “Би тэр охиныг гайтуулж, сургууль соёлоос нь гаргуулж, цаашдын гэгээн хүслийг нь тасалж. Тэгээд сүүлд нь хөөрхийг арай гэж амьдралтай залгаж сэтгэл санаа нь тэгширч ядаж явахад нь очиж хамаг бүхнийг сэдрээж ханиас нь салгаж дээ янз нь. Гэтэл би Хандаагийн хажууд тэгтэлээ их зовсон хүн гэж үү. Аль тэртээд өнгөрсөн зургаан жил надад тунирхал гоморхолын хөрс л суулгаснаас өөрөөр би зовлон гэдгийг үзээгүй. Би нутгаас гараад бараг чигээрээ шахам явж Шийрэв ахынд ирсэн.

Жил хагасын дараа л жолооч болсон. Дараа жил нь ээжийгээ авчирсан. Одоо гурван хүүхэдтэй ийм л нэг амьтан. Би одоо нутгаараа маш олон удаа зам дайран өнгөрдөг ч нэг ч айлаар шагайсангүй. Энэ нутаг, энэ зон олон намайг тэгтэл их гомдоосон гэж үү. Үгүй ээ. Би өөрөө л хүний мөсөөр тааруухандаа тэр биш үү. Тэр ч байтугай байхгүй болчихсон тэр хүнийг хүртэл би сэтгэлдээ ялласаар явсан байх юм. Би иймэрхүү маягтай байж байгаад энэ хорвоогоос явах юм бол үүний маань үйлийн үрийг үр хүүхэд маань л үүрч таарна шүү дээ. Яг үнэндээ бол тэр хүн миний амьдралаас асар олон юмыг минь булаасан нь үнэн. Хүүхдийн гэнэн сэтгэл, халуун залуу нас, хайр сэтгэлийн минь эзэн, төрсөн үрийг минь хүртэл. Түүний дотроос хамгийн хатуу нь өсөж төрсөн нутагтаа амьдрах эрхийг минь хүртэл эзэмдэн авчээ. Чухамдаа хэн гэдэг хүний хийсэн хэрэг, хэлсэн үгний үйлийн үр над дээр ирж туссан юм болдоо. Гэтэл хорвоо гэдэг бас хачин юм. Дарьзав надад муу юм хийсэн болохоос Хандаад, миний хүүд муу юм хийгээгүй байж. Явж явж Дарьзав гэдэг тэр хүн хэдий муу нэртэй ч Хандаагийн хувьд надаас хавьгүй дээр нэгэн байсан юм биш үү. Ямар ч байсан түүнд маань надаас илүү амьдрал бэлэглэсэн байх юм даа” гэж бодон явахад Дугар – Та яасан бэ? Бие чинь зүгээр биз. Бид ч бараг ирчихлээ дээ.

Одоо энэ хөтлийг л давчихвал цаад талд нь манай Харганатын хөндий бий. Түүний дуунаар гэнэт ухаан орсон мэт Сугар царайгаа төв болгон хараа сэргээж – Ээж чинь энэ хөндийдөө л зусдаг уу? – Тийм. Намайг хот руу сургуульд явдаг болсоноос хойш бүр замын дэргэд шахуу буудаг болсон. Намайг замын машинаар дайгдаад ирж магадгүй. Тэгвэл хол алхуулахгүй гэж тэгдэг гэсэн гэхийг сонсоод Сугарын хоолой сааралтаж, нүдний аяга нь үл ялиг ягааран ус гүйлэгнэж ирсэнээ хоёр сайн амьсгаа аваад гайгүй болов. Хүнд ачаатай гуч машин уухчин байж зүтгэсээр хөтөл дээр гарч ирлээ. Зуны халуун ч гэлээ хөтлийн орой дээр сэвэлзүүр салхитай байх тул Сугар машинаа салхи сөрүүлэн зогсоож, хамрыг нь сөхлөө. Гэтэл – Манайх бараг л тэр мөн дөө гэж гурав дөрвөн саахалтын зайнд байх гэрийг заалаа. – За тэгвэл “миний хүү” гэх гэснээ арай л чадсангүй хэсэг гацсанаа – Миний дүү ээждээ дэгдээд харьчих даа гэхэд – Юү гэж байгаа юм бэ? Та манайхаар орохгүй юм уу. Манай ээж сайхан цайтай шүү. Улсууд магтаад л байдаг юм. Тэгээд сайхан бор еэвэнтэй өрөмтэй холиод идэхэд ч хэрийн хоолноос дээр шүү дээ. – Бор еэвээн? . . . гэж гайхсан янзтай сунжруулан асуухад – Тийм бор еэвэн. Би дуртай юм л даа. Тэгээд ээж маань намайг одоогоороо жаахан юм шиг санадаг бололтой бор еэвэнг хаанаасаа ч юм олоод хадгалчихсан байдаг юм. За тэгээд ч яг үнэндээ бол би ч гэсэн горьдоод байдаг юм гэхэд түрүүнээс хойш гунигтай царайлан явсан Сугар цээжиндээ хүг хүг инээж “үгүй мөн ч золигийн ч юмыг нь дуурайх юм даа” гэж бодох зуур сэтгэл нь нэг л сайхан онгойчих шиг уртаар амьсгаа авсанаа – За яахав ээ миний дүү ах нь дараа явахаараа заавал танайхаар буунаа. – Заавал шүү. Эр хүн хэлсэндээ биз? гэхэд “хүүхдээрээ ч амьтан болдоо” гэж бодоод – Хэлсэн дээ, хэлсэн дээ гэж хүнгэнүүллээ.

Дугар үүргэвчээ нуруундаа хаян, овоог нэг тойрчихоод ирж Сугартай гар барин – Баяртай сайн яваарай гэхэд Сугар түүнийг гарыг том гараараа чангахан атгаж, Дугарын царайг удаан гэгч нь харж зогссоноо духан дээр нь нэг сайн үнэрлэн үнсэхдээ уруул нь үл ялиг чичигнэн байв. Дугар яагаад ч юм нэг их санаа алдсанаа цааш эргэн уруудахад араас нь Сугар – Чамд нэг охин дүү байдаг гэсэн байхаа? гэхэд яваан дундаа эргэн – Тийм ээ – Нэрийг нь хэн гэдэг юм? – Урансолонго гэдэг юмаа гээд хариу хэлэхийн завдалгүй газрын уруу өөрийн эрхгүй овогнон алхалж, салхинд хэдэн ширхэг үс нь сэрвэгнэн хийссээр яваад өглөө. “Ай Хандаа минь дээ чи минь амьдралынхаа мөч болгонд намайг дурсаж, надтай хамт байсан тэр үеээ бодсоор байсан юмаа даа. Тэгэхэд би чам шиг байж чадаагүй дээ” Тэрээр тамхиа сорж, удаан гэгч нь уушигласнаа хөх утааг аажуухан савсуулан гаргаснаа цааш нь “Хэдийгээр хожимдсон ч гэсэн болж өгвөл чи минь намайгаа уучлаарай. Гэхдээ бид бас ч гэж болоогүй байна. Дараа ирэхдээ Оюунбилэгийгээ хэдэн хүүхэдтэйгээ дагуулан ирж, чамтайгаа танилцуулан нүүр хагаръя даа. Хүүхдүүд маань ч хоорондоо бие биенээ мэдэж аваг.

Алсдаа тэд маань холбоотой яваг. Энэ хорвоод бидний ямар явсан нь тэдний буруу биш шүү дээ” гэж Сугар бодон суулаа. Хүүгийн зүгээс үлээх зөөлөн хонгор салхи түүний сор суусан буурал санчигаар оролдон эрхлэнэ. Зах хязгааргүй мэт үргэлжлэх хөндийг ширтэх онигордуухан хоёр нүднээс уянга ухаарлын болор нулимс хацар даган урсах хэдий ч түүний харцанд хамгийн нандин эрдэнээ олсон хүний баяр баясал гийж, уруул нь үл ялиг чичирхийлэн инээмсэглэнэ. Тэр хэдийгээр энэ нутгаас хэнд ч юм гомдсон гомдол харууслын гашуун үнэнтэй цуг гарсан хэдий ч ямархан хувь заяагаар уул хангай шиг нөмөртэй одоогийн хадам эцэг Шийрэвийг бараадан жолооч болж чадсан юм бол.

Тэгээгүй бол энэ хүүтэйгээ энд таараа ч үү, үгүй ч үү. Тэгээгүй бол амьдралын үнэнийг мэдэж, учрыг ойлгохгүй өнгөрөх ч байсан байж болох юм. Бидний л хувь заяа юм байхаа даа. . . Урт юм шиг хэрнээ богинохон амьдралд хүний хувь заяаны хэлхээ хэд дахин тасарч, хэд дахин битүүрдэг юм бэ дээ бүү мэд. Нүд алдам их хөндийд тарлантаж цоохортсон харгана зэргэлээн дунд бүрэлзэж, тахиралдаж мухиралдсан нарийхан цэнхэр гол наагуур цаагуур нь тойрч, он оны уртад ядарч тамирдсан мэт мушгиран урсах бөгөөд түүний нэгээхэн тохойд нулимс тоссон мэнгэ аятай ганц мод тэртээ доор сүүмийн харагдана. Энэ бол Харганатын хөндий, Харганын гол, хайр сэтгэлийн гэгээн түүхийн орь ганц гэрч өнчин хайлаас, Хандаа Сугар хоёрын унасан нутаг, угаасан усаа . . .

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *