Нүүр Өгүүллэг ХУВЬ ЗАЯАНЫ ХЭЛХЭЭ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

ХУВЬ ЗАЯАНЫ ХЭЛХЭЭ /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
0
375

Тэнгэр бүүдийн сүүмийрхэж, шиврээ бороо уйлагнан, уйтгар хуйрганасан нэгэн өдөр хорихын дарга Дэмбэрэл Шийрэвт ээлжит эргэлтийг нь өгөх гэж дуудуулж

Шийрэв – Ялтан Шийрэв ирлээ гэхэд – За ор ор гээд гэрээс нь ирүүлсэн жаал юмыг өгөөд – Бие хаа чинь гайгүй юу? Тэр болгон уулзаад байж чадахгүй болохоор гайгүй байгаа л гэж бодохоос цаашгүй юм байна шүү дээ.

Тэгэлгүй дээ. Би ч гэсэндээ ямар гавъяа байгуулчихсан биш дээ харин ч л таны хүчинд гэрээсээ ганц нэг юм аваад бусдаас илүү юү болохоос дутах юм алга. Харин манайхан . . . – Танайхан дажгүй байгаа юм шиг байна лээ.

Саяхан нутгаас тахир Балдангийн хүүгээр жаал юм явуулж. Хагасыг нь буцаасан. Ирүүлсэн болгоныг оруулна гэж юү байхав гэснээ – Өө тийм. Манай анги нэг газартай ажил төрлийн холбоо тогтоох гээд

байгаа. Хэрвээ тэгвэл чамайг явуулъя уу санаатай байна. Ажил нь хөнгөн байх ёстой гэснээ – За за тэгээд болгоомжтойхон л байгаарай гээд гаргалаа. Хэдийгээр ялтантайгаа ингээд сүжрээд байж болохгүй ч

яалт ч үгүй нутаг нугын удам судраараа нэг нэгнийгээ мэдэх улс гэдэг хэцүү бололтой. Энэ байдал нь зарим нэгэн хулгарт таалагдсангүй ээ. Түүнийгээ мэдэгдэх гэж Шийрэвийг унтаж байхад нь хэн нэг нь орон дотор нь хатгачих нь тэр. Цаагуураа ч өөр бодолтой байхаа ядахгүй. Харин хаа очиж амин газраас нь хол тул аюул болсонгүй хорихын эмнэлэгт хэд хоног өнгөрөөлөө. Энэ хооронд Шийрэвийн гал дахин модонд гарах болтол тэдэн дотор Шооной хэмээх хочтой нэгэн гар явах агаад юм л бол Сугарын аль нэг талд гаран үг өдөх болов. Сугар хэрэндээ Шийрэв ахынхаа үгийг санан тэвчин явах боловч тэвчээр гэдэг хэмжээтэй дээ. Шоонойгийн өдөх бүр дэндсээр байлаа. Хөрөөнд суухаар заавал нөгөө гарт нь суучихаад ер татахгүй арсайтал инээгээд татаж буй дүр үзүүлээд байна.

Мод ачихадаа нэг үзүүрт нь гарчихаад албаар сөөлжөөд хүч бараад байна. Тэрний хажуугаар хэл ам нь гэж хорт могой л ярьдаг бол тийм юм хэлэх байх гэмээр юм ярина. Тэрнээс гадна түүний онийсон хоёр нүд нь гялтагнахаараа ямар ч эрийн зүрхэнд нэг хүйтэн юмаар хайрах шиг зэвүүн ажээ. Тэр лав хүний ертөнцөд эхээр дамжиж ирээгүй, арай өөр талаас ирсэн болов уу гэмээр. Нэг удаа Сугар нилээн бүдүүн мод ташаалдаад явж байтал хажууд нь ирсэн Шооной нүдээ гүйлэгнүүлэн марсайтал хүйтнээр хи хи инээж – Танай хөгшин шуумарын доодох тэгээд хэр зэрэг ажиллах юм дээ? гэхэд – Чи ер нь түрүүнээс юу гээд даль даль гээд байгаа юм бэ гэтэл – Хи хи бас их ууртай баньд байх нь. Чамайг Шийрэвийн баньд гэж нарс даяараа л мэдэж байгаа шүү дээ хи хи гэж муухай жингэнэн инээгээд яваад өгөв. Сугар тэсээд л байв. Тэгтэл жаал байзнаж байгаад дахиад л хэзийдээ ч юм хажууд нь хүрээд ирчихсэн сүг сүүдэр шиг энэ тэнд гарч байгаад – Чи үүнийг хардаа гэж гар хийцийн жижигхэн хутга харуулсанаа – Танай Шийрэвийн арьс хүүхний цавьний арьс шиг хариугүй нимгэн юм билээ дээ хамаа.

Чи ч бараг мэднэ биздээ хи хи гээд эргэхэд нь Сугарын тэвчээр барагдаж ташаалдан явсан модоо чулуудаад Шоонойг далан дээрээс нь барин авч ганцхан сэгсрээд дороо хийн хоёр сайн шанаадаж өгөөд гараас нь нөгөө муу хутгыг нь булаан автал ар дагзанд нь хүйтэн төмөр хүрч, бууны замаг дуугарган, хуяг сүртэй нь аргагүй – Зэвсэгээ хая, гараа өргө гэж хашгирлаа. Ингээд ялаа дуусгаад гарах гэж байсан Сугар, хоригдол зодож бүр цаашлан хутга далайсан. Хэрвээ харгалзагч таслан зогсоогоогүй бол хүний аминд ч хүрэхэд бэлэн байсан. Үүнээс үзэхэд хоригдол Сугар нь огт засан хүмүүжигдээгүй үндэслэлээр ялаа нэмүүлж, түүнийг зогсоосон харгалзагч хуяг цол нэмж, Сугар гарах гэнэ гэхэд эгдүүцсэн хулгар хороо гаргаж санаагаа амраах нь тэр. Аавынх гэдэг ийм л амьдралын өөр эрэмбэтэй газар. Үүнийг сонссон Шийрэв түүнд – Чамд хэлээгүй юү. Болгоомжтой бай гэж. Чамайг алдаа хийлгэхийн тулд намайг чамаас холдуулж байгаа юм. Тэгээд чамайг шордсоор байж тэвчээрийг чинь барж санасандаа хүрч байгаа нь тэр. –

Тэр муу хуяг харж л байсан шүү дээ. – Тэр харж байсан нь мэдээж. Гэхдээ хэнийг яаж гэдэг нь сонин. Ер нь бол яаж ч харж байсан байж болно. Түүнийг харахад Шооной биш чи хутга гарган дайрч байсан байж болно шүү дээ. Чи ч энд хэдэн жил болсон гэхэд бас л болоогүй байна даа. За одоо яахав санаагаар битгий уна. Харин ч өөр хориход шилжүүлчихээгүй нь их юм. Би нэг юм бодоод байгаа. Гэхдээ чамд одоогоор хэлэхгүй. Дундуур чих орж мэднэ гэж шивнээд яриа өндөрлөв. Сугарын дотор харанхуйлаад дэлхий хөмөрчих шиг. Хүсэн хүлээсэн өдөр хоногууд ойртоод ирэхийн ингээд дахиад холдчих юм гэж гэж байдгаа бас. Одоо дахиад чилийсэн гурван жил. Муу эжийгээ урд нь байгаагүйгээр бодон шаналав. Анх энд ирсэний дараахан нь муу ээж нь нэг эргэж ирсэнсэн. Тэгээд ээж нь – Хүү минь хичээж байгаад гараад ирээрэй. Бусадтай битгий үг сөрж муудалцаж байгаарай. Олон дотор сайнтай муутай л байгаа шүү. Ээ дээ хичээгээрэй гэж захиж захиж явсансан. Ээж нь бас ч гэж эндхийн улсын занг гадарладаг байждээ.

Арга ч үгүй биздээ. Ганц ханилсан хань нь эндэхийн амьдралаар ихэнхи насаа өнгөрөөсөн болохоор үзэж харахаа байг гэхэд сонсож дуулсан юм байсан л байх. Мөн энд ирсэний дарааханаас Хандаагаас захиа ирдэг байлаа. Даана ч энд захиа ч бүрэн бүтнээрээ ирэх эрхгүй газар. Шалгах нэрийдлээр хэзээний задарчихсан, хэн нэг нь уншчихсан байх. Сугар тухайн үедээ энэ орчиндоо дасах гэж будилж явсан үед юун захиа занаадаа манатай явсан биз. Тэгээд энд орсон хүн цаагуураа битүүдээ наранд байгаа хэн нэгэнд юмуу эсвэл юунд ч юм тунирхан гоморхдог нь зан. Ялангуа Сугар шиг хийгээгүй хэргийн төлөө ирсэн хүнд бол бүр хэцүү. Түүнийгээ хэн хүнд хэлэхэд итгэхгүй, шүүх хүртэл итгээгүй. Гэтэл Хандаагийн захиаг уншихад мөн л тийм өөрт нь итгээгүйгээр барахгүй өмгөөлж өмөөрсөн аяс харагдахгүй байгаад дотроо гомдох шиг. “Чамайг ийм юманд холбогдоно гэж санасангүй.

Гэхдээ яахав эр хүн долоо дордож найм сэхдэг гэдэг. Биеэ бодоод бас ээжийгээ бодоод гараад ирээрэй” гэсэн ерөнхий утгатай захиа цаанаа нэг сэтгэлгүй мэт санагдаад болох биш. Мэдээж Сугар цэрэгт явсан байсан бол ийм захиа ирэхгүй харин хайрлан дурлаж, хүсэн хүлээсэн аястай байх байсан биз гэж бодогдоод тэрэндээ бүр итгэж байлаа. Тэгээд түүний хариуд “Би нэгэнт ийм замаар орсон өнгөрсөн хүн. Чухам яагаад орсоныг хэн ч ойлгохгүй, чи ч ойлгохгүй, болсон бүхэнд минь хэн ч итгэхгүй. Тэр ч байтугай миний ээж ч ойлгосон, итгэсэн гэж би бодохгүй байна. Чиний амьдрал гэгээн саруул, итгэл мөрөөдлөөр дүүрэн байгаа тул тэр дундаа намайг оруулж хараар будаад хэрэггүй биз” гэсэн өнгө аястай захиа бичээд явуулчихаж билээ. Энэ захиа тэр муу охиныг хэрхэн мохоож байгааг Сугар ер төсөөлсөнгүй. Түүнээс хойш Хандаагаас хоёр ч захиа ирэхэд Сугар хариу бичсэнгүй. Сугарын ийм алхам хийхэд бодвол залуу улсын хоорондын зай, санаа сэтгэл, хийгээд юмыг ухаарах ухааны бяд, цөхрөл гуниг нөлөөлсөн байж таарна.

Ээждээ хурдхан очиж санаа сэтгэлийг нь амрааж, алдаж оносон ч гэсэн Хандаадаа сэтгэл зүрхээ нээж, нүүр нүүрээ харалцан ярилцвал намайг ойлгох байгаа гэсэн бага боловч итгэл найдвар гялалзаж байсан нь ингээд талаар өнгөрлөө. Одоо дахиад хэзээ энэ итгэл найдвар эргэж ирэх юм бүү мэд. Сугарын “За тэгвэл муусайн хулгайч нартай өөрөөр харьцандаа. Та нарт чаддаг юм байхад надад ч бас чаддаг юм бий л байх” гэж дотроо занаж зүхэхийн хор суулгаж байгааг Шийрэв гадарлаж байлаа. Хэрвээ эр хүн нэг тэгээд ирэхээрээ ирээдүйгээ харахдаа харалган болдгийг Шийрэв андахгүй. Гэхдээ Шийрэвийн дотор нэг санаа бий. Тэр нь юу вэ гэхээр Дэмбэрэл хурандаагийн хэлснээр тэдний засан хүмүүжүүлэх анги хар үнэгний аж ахуйтай ойр дотно ажиллах болжээ. Тус аж ахуй дээр очиж хар үнэгний хоол бэлдэхээс авхуулаад хашаа хороогий нь аялуулах гээд хорих ангиас гадуур ажиллах ажил гарсан явдал юм. Шийрэв яаж ийж байгаад түүнд л шургалан орох, орохдоо Сугартай хамт явж ажиллах санааг дотроо өвөрлөн яваа. Нэг удаа Дэмбэрэлтэй уулзахдаа үг хавчуулж –

Уг нь бол энд ёстой яльтай яльгүй хэргээр орчихсон ирээдүй нь өмнөө байгаа залуус мөн олон байх юмаа. Даана ч энэ орчин нөхцөл байдал тэдгээр залуусыг бүр эвдчих юмдаа гэхэд – Тэр нь ч тийм. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд тэднийг ялгаж салгад байх бололцоо ч алга, тийм их хөрөнгө мөнгө ч гэж юу байхав. Хий дэмий л харамсах юм даа. Хэрвээ болж өгвөл ганц нэг ч гэсэн залуусыг ирээдүйн зөв замд нь гишгүүлчих юмсан гэж тамхиа уушиглах зуураа ярина. Тэгтэл Шийрэв – Дээрийн яриад байсан хар үнэгний аж ахуйн талаар . . . гэж үгээ тасалтал – Өө тийм. Дээд газраас удахгүй шийд ирнэ гэсэн. Би чамайг тийш нь гаргадаг юмуу санаатай байгаа. Тэгвэл чи нэг гайгүйхэн шиг байж байгаад суллагддаг арга юу байна. Гэхдээ ажил унагааж болохгүй шүү – Хэдэн хүн гарах юм бол? Би нэг залууг аваад явчихмаар байх юм. Уг хүн нь их сайн хүү – Хэн тэр вэ? – Донровын Сугар – Хн! тэр чинь засрах нь байтугай сая ялаа нэмүүлээ биз дээ. Чи ер нь юу л яриад байна даа гэхэд Шийрэв – Тэр ч яг үнэндээ наадуулын л хийдэл. Бид хоёрыг ойрхон байгаад байдаг болохоор намайг эмнэлэгт хэвтүүлж байгаад тэр хооронд л тэсвэрийг нь барсан шиг байгаа юм.

Нэг иймэрхүү яриа өрнөөд сар болоогүй байтал тухайн аж ахуйруу нэг ахлагчаар ахлуулсан хэдэн хүмүүжигч явлаа. Тэдний дотор Шийрэв Сугар цаана нь бас хэдэн хоригдол яваа. Тэд эхлээд аж ахуй дээр хар үнэгний хашаа байр савыг янзлах ажил хийж байснаа дараа нь хар үнэгний хоол бэлтгэх газар ажиллахаар болов. Цантын бааз гэх нэртэй энэ газар нь бор бор намхан толгодтой талын дунд орших төмөр замын нэгэн зөрлөг. Энд хойш нь орос руу махны хэрэгцээнд явуулах адууг ялгаж амьдаар нь ачааны вагонд ачдаг газар л даа. Нутгийн хүмүүсийн хэллэгээр адуу малийндах газар. Адуугаа хашаад цааш нь нэг нэгээр явахаас өөр аргагүй болгон нарийсгасан байх бөгөөд түүгээр орсон адууг эмч болов уу гэмээр цагаан халаадтай орос хүмүүс үзээд тэнцэхийгээ шууд вагонд ачих зориулалтаар тоногложээ. Харин тэнцэхгүйгээ хэд хэд ангилан ялгаж, заримыг нь хэд хоногийн дараа оруулах, бүр нэг тэнцэхгүй хазгар доголон, туранхай адууг тэндээс холгүй газар адгуулж байгаад нядалгаанд оруулж хар үнэгний хоол болгон явуулна. Энд ёстой л газар газрын адуу цугларна. Адууг дагаад Цантын баазын хавиар хэд гурван морь хөтөлсөн, зарим бүр хэсэг бусаг адуу туусан дэл сул малын наймаачид хөлхөлдөнө. Яагаад гэвэл газар газраас туугдан ирсэн энэ олон адуун дотор хурдтай иртэй, хатираа жороотой, сайн муу адуу алийг тэр гэхэв. Тэднийг нааш цааш нь болгох сонирхолтой эрс зөндөө.

Үндсэндээ бол адуу тойрсон эрчүүдийн цуглардаг газар гэхүү дээ. Баазыг тойроод энд тэнд адуу тууж ирсэн агтчидын майханаас гадна явуулын улсын оромж ч байх нь элбэг. Тэдний дунд ганц пөөнийсөн бор гэр байх нь хоригдлуудын гэр. Хэдийгээр хоригдлын нэртэй боловч энэ нутгийнхан, өртөөнийхөн, тууварчид, явуулынхан тэднийг хоригдол энээ тэрээ гээд жийрхээд байх нь үгүй. Тэд энгийн ардын амьдралаар л амьдрана. Энэ тав зургаан хүний нэг нь хуяг нь боловч чухам хэн нь юм үл ялгагдана. Тэд бүгд алаг хувцасаа сольж, үс тавьчихсан тул бусдад сэтгэлийн сэв, нүдний зэврээ байхгүй. Өнгөц харсан хүнд тэндхийн ажилчид л гэсэн үг. Энд манай Сугарын хувьд ганц нар нь гарсан газар байлаа. Угаас адуу маланд дуртай, түүндээ ч эрэмгий хүн дээр нь гурван жил шахуу мод хийчихсэн бие хаа тэгшрээд хэрийн адуу түүнд унага даага шиг болсон үе. Тэр энд байхдаа өөрийгөө чухам ямар газар ирсэн хэн гэдгээ мартчихна. Нарснаас гараад наранд байгаа мэт л байх ажээ. Өлсөж цангах юм түүнд алга. Элдвийн дарамт шахалт, хулганасан, гилбэгнэсэн, гялтгасан нүд энд ерөөс үгүй. – Энд нэг сайхан залуу байнаа. Адуунд ер муугүй ээ – Аа тийм.

Тэр хэцүү нэртийнхний л нэг бололтой. Яаж яваад орчихсон юм бол доо зайлуул – Залуу хүн алдаа л биз. Залуу явахад алдахыг алийг тэр гэхэв – Нуруундаа салхинаас бусдыг хүргээгүй хэдэн адсага байгаа юмсан. Энэ хүүгээр тэднийг баахан ноолуулахсан гэх мэтийн яриа баазын орчмоор майханаас майхан дамжин яригдах болов. Яалт ч байхгүй гологдон үлдсэн адууг хэд өнжөөд нядалгаанд оруулна. Аж ахуйгаас цуваа дугуйтай гучин нэг гэдэг хуучивтар машин хар үнэгний хоол авахаар хэд өнжөөд нэг ирнэ. Түүний жолооч Цэнджав гэж буржгар толгойтой өндөр ёхигор хар хүн байх. Хээ шаа гэж үгүй олон хүүхэдтэй жирийн л нэгэн жолооч. Тэрээр хоригдлуудын гэрт хэзээ язааны гэртээ ирсэн мэт адууны мах чануулж идсэн шиг тухалж авна. Заримдаа хэд хоног өнжих нь ч бий. Тэгэхдээ эндхийн майхнуудаар тойрч адуу мал сонирхон явах нь олонтоо. Заримдаа Шийрэвтэй нийлж тэргээ ухан хэдэн өдрөөр ч хамаагүй өнжинө. Сугарт гоё ганган эмээл хазаар гэж юү байхав. Нэг муу цэрэг эмээлийн тасархай, ганц богинохон уурганы ёзоор тэгэсхийгээд болно. Гэхдээ тэрээр тэр хавийн айл хунар, тууварчдын майханаар хэсэж хүмүүсийн ойр зуурын ажилд тус дэм болохыг хичээнэ. Өөр хийх ч юм түүнд алга. Угаас тэр муудаа ч хүний гар харж байгаа юм шиг тэгж яваа юм биш.

Өсөж торинсон, дасаж сурсан амьдралын орчин нь байсан тул нэгэн бодлын тэрээр жаргалтай байлаа. Түүнийг хаа нэг хүнгэнэтэл инээх дуу, баясгалантай царай сүүлийн үед харагдах болсонд Шийрэвт ч гэсэн сэтгэл өндөр. Сугар анх арван наймтай жаахан амьтан ирсэнээ бодвол одоо хорин нэг хоёр шүргэж байгаа хаанаас нь ч харсан сайхан залуу. Эм хүн байтугай эр хүн нүд алдаж бишрэмээр болчихсон үе. Гэхдээ үүнийгээ өөрөө сайн мэдэхгүй л дээ. Мэргэжил нэг учир Шийрэв Цэнджавын машин тэрэгтэй нь ноцолдож суух нь бас нэг бодлын жаргал. Цэнджав жолооч хээгүй сайхан амьтан тул Шийрэвтэй ихэд шадарлах болов. Тэрээр нэг удаагийн ирэх ёстой ээлжиндээ ирсэнгүй тул ачих махны хэмжээ ч нилээн их боллоо. Тэгээд Цэнджав жолооч ахлагч хуягт – За хө надад туслах хоёрын зэрэг хүн өгнө байгаа. Тэгэхгүй бол очоод буулгахад нуруу ууцны хуучтай би барахгүй байх гэхэд хэдийгээр хоригдолыг дураар явуулж болохгүй ч гэсэн туслахаас өөр аргагүйд итгэлтэйгээр – Уг нь болохгүй. Гэхдээ яахав Шийрэвийг аваад явах уудаа. Бусад нь эндээ байж байг гэх нь бас ч гэж юм хариуцаж байгаа хүний үг. Тэгэхэд “хожим яагаа ч билээ” гэж санан Шийрэв – Та л зөвшөөрч байгаа нь үнэн бол яахав гэж ам авснаар

Цэнджав жолоочтой хөдөллөө. – Манайх гэдэг айл эндээс холгүй дээ. Бараг замын голд хоёул манайхаар буугаад гарнаа. Би ч олон нялх нойтон хүүхэдтэй. Манай гэрийн хүн гэж хүүхдүүдтэйгээ нооролдоод тэднээсээ нэг их ялгагдахгүй шахам л болсон хүн бий. Харин би энэ мах зөөх болсоноор манайх гэж айл чинь халуун зунаар бууз хуушуур болсон л айл байдаг юм. Яах вээ дээ харсаар байтал та нар нүдэн дээр янзалж байгаа малын мах юм чинь тиймээ хө. Жаахан бараан л байдаг юм. Гэхдээ яахав хүүхдүүд хоолтой л байвал болох нь тэр гэж гэж ам хуурайгүй ярьж явлаа. Шийрэв – Өөрөө ингэхэд ер аль нутгийн хүн бэ дээ? – Өвөрхангай зүгийн хүн. Бүр Хужиртынх гэхэд учиргүй их гогцоорон буржийсан үсийг нь харж “Энэ толгойны буржгар энэ тэр нь бол тэр зүгийнх биш л баймаар. Ховдын Зэрэгийнхэн нь л нэг иймэрхүү байдагсан” гэж бодож явсан Шийрэв – Танайхны тийшээ чинь одоо ийм сайхан буржгар хүн бас байнаа – Ха ха энэ толгой юу, сайхнаа хат.

Над шиг амьтанд дарааны л нэмэр. Манайхны бүр уг сурвалж нь бол баруун зүгийнх байж мэднэ. Би зүгээр дотроо таахдаа дээр үед их хааны үед баруунтайгаас дайчлагдаж ирсэн улс болов уу гэж санадаг. Яагаав дээ хэвтүүл мэвтүүл гээд л ярьдаг даа гэхчилэн үеийн хоёр элдвийг хуучлан газар хороосоор нэг их хөндийг уруудан орж ирэхэд тэртээ тэнд бараг замын хажууд шахам ганц гэр харагдсан нь тэднийх аж. Цэнджавын авгай гэж бүдүүн шар авгай алив хүүхээд тэг ингэ гэж галынхаа аман дээрээс босолгүйгээр бүхнийг зохицулна. Цэнджав хүүхдүүдээ дуудан – Хүүхдүүдээ гараарай. Тэргэн дээрээс харж байгаад шинэвтэрээс буулгаад сайхан хоол хий.

Тэр тэвшний баруун урд руу нь өнөө өглөө гаргасан мах бий. Харваас андашгүй гэхэд хүүхдүүд гаран нэг хөлний цул мах оруулж дор нь хоол хийлээ. Тэднийхнийг харж “Ишш! манайхан гэж бас л ингээд ноолорсон хэдэн улс суугаа байхдаа. Муу хөгшин минь яаж шүү нэг юм болгож байдаг юм бол. Хэдэн хүүхэд маань хэр болцгоогоо бол. Одоо уг нь муу шар охин маань эхдээ нэмэр болохоор болсон л байх учиртай. Хүүхдүүдийн дуу чимээ сонсолгүй хэчнээн ч жил болчихов доо” гэж гэнэтхэн гэр орон үр хүүхдээ учиргүй ихээр санагалзан сэтгэл нь шархирна.

Үргэлжлэл бий . . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *