
Ээжийнх нь сэтгэл гарган өгсөн тэр арц өрөө дамжин тархаж эхлэхэд гайхалтай юм болж, бяцхан гөлгийн нь үл ялиг гаслах дуун аяархан сонсогдов.
Гандир сэтгэл нь хөдлөсөндөө золтой л уйлчих шахлаа. Тас харанхуй аймшигт шөнийн.айдсын мананг хэлтлэн түүний гөлөг нь амьд байгаа чимээ өгөн доройхон дуугаар гаслах ажээ. Сэгсгэр, сэгсгэр нааш ир гэж Гандир хүүхэлдэйд мэдэгдэхгүйг хичээн бараг амандаа шахуу
гөлгөө дуудлаа. Сэгсгэр сэгсгэр ээ хүрээд ир хэмээн чин сэтгэлээсээ мөргөх шахам гуйлаа, гөлөг нь хажуу бөөрөнд нь наалдаад суувал жаахан ч атугай тайвширах мэт, бас түүнд туслах мэт санагдсаар.
Гандир хэдхэн алхаад гөлгөө тэврээд ирэх ч зүрх зориггүй байсан хэвээр. Дотроо харин хэрвээ хүүхэлдэй гараад ирдэг юмаа гэхэд гөлөг маань хүүхэлдэйг саатуулж, харин би охиноо тэврээд хар эрчээрээ
гэрээсээ зугатаана хэмээн бодох боловч олон жил ханилж, түшиг тулгуур болсон нөхрөө юу юугүй босоод ирэх вий хэмээн үнхэлцэгээ хагартал айн суусаар байлаа. Нөхөр нь босоод ирчихвэл гөлөг битгий хэл нас гүйцсэн зодоонч нохой байсан ч аймшигт хүүхэлдэй болсон
нөхрийнх нь эсрэг тэмцэж яахан чадах билээ. . . Бурхан минь гэж Гандир зүрхнийхээ угаас аяархан дуу алдаж нүдэнд нь баярын нулимс өөрийн эрхгүй цийлэгнэв. Үс нь ноолорсон ч гэлээ бяцхан цүндгэр гэдэстэй хэвээр байгаа хөөрхөн сэгсгэр амьтан түүнийг чиглэн аяархан боловч гомдолтой гасласаар яаран Гандирыг зүглэн ирж хөлд
нь наалдан суух нь тэр. Эвий минь дээ бяцхан амьтан минь чи ч гэсэн яг л над шиг айж байгаа хирнээ зөндөө зориг гаргаад мөлхөөд ирсэн тиймээ. Бяцхан гөлгөө тэврэн авахад гэрт дулаахан атал бөмбөлзтөл чичирч байгаа нь хүртэл Гандирыг айлгасангүй ээ, баярласандаа өвөр дээрээ чанга тэврэсээр бурхан минь бидэнд туслаач, бидэнд туслаач хэмээн үглэн суусаар л.
Арай чүү мөлхөж ирсэн гөлөг нь гэнэтхэн гараас нь мултран цаашаа хэд алхаад дээшээ цоройж гаслаж эхлэхэд Гандир айсандаа ухасхийн босов. Хүүхэлдэй таазаар дамжин харагдахгүй ирлээ гэж үү гэсэн бодол сэрдхийж, гөлгөө дагуулан айдас хурсан нүдээр дээшлэн хартал, харсан зүйлдээ Гандирын нүд хүртэл итгэсэнгүй. Чи минь ямар азаар манайд ирсэн юм бэ, миний бяцхан аврагч гээд Гандир ухасхийн шүүрэн авлаа. Тэртээ дээр нөхрийнх нь зун хааяа өмсдөг саравчтай малгай өлгөөтэй байгааг харсан бяцхан гөлөг дээшээ цоройн хуцсан нь амилсан хүүхэлдэйтэй адил бараг л итгэмгүй зүйл. Эр хүний хийморь малгайдаа гэж ярилцдаг байхаа гээд Гандир шүүрэн авсан малгайгаа арцан дээгүүрээ нар зөв эргүүлж нөхрийг минь битгий хүүхэлдэй болгооч, битгий болгоорой гэж хэнээс ч юм чин сэтгэлийн угаас гуйсаар байлаа. Нөгөө өрөөний өргөн ор гэнэт чахран хүн хөдлөх мэт чимээ гарахад айсан гөлөг Гандир хоёр ухасхийн бие биедээ наалдав. Цэнхэр нүдэлсэн нөхөр нь өглөө болохоос өмнө амжиж сэрчихлээ гэж үү дээ. . .
Харамсалтай нь сонссон дуу нь яахын аргагүй үнэн болж, нөхөр нь өндийн босч гэрийн шаахайгаа өмсөж байгаа чимээ нь нам гүм дунд тодхон дуулдлаа, одоо минут ч хүрэхгүй хугацааны дараа энэ өрөөнд ороод ирэх нь. Гандир ганцаараа байсан бол энэ аймшигт байдлаас зугтахын тулд цонхоороо үхсэн ч хамаагүй хэмээн үсрэх байсан нь маргаангүй үнэн байв. Гэтэл одоог хүртэл сэрэхгүй унтах улаахан хацартай бяцхан охиноо яах билээ. . . Охиноо сэрээгээд хөтлөөд зугтахад бэлдэх үү, эсвэл охиноо тас тэврээд юу болохыг хүлээх үү . . . Эсвэл түүнийгээ унтуулсан чигээрээ урд нь зогсоод цэнхэр нүдэн нөхөртэйгээ эцсийн хүчээрээ тэмцэх үү . . . Энэ хэдхэн хоромд толгойд эргэлдэх олон бодлоосоо болж Гандир арай л галзуурч орхисонгүй. Магадгүй хүүхэлдэй энийг ч хүссэн байж магад гэсэн бодол зурсхийхэд л биеэ барин, айсан зовсон хэдий ч эрүүл ухаантайгаа үлдлээ. Нөхөр нь түүнийг чиглэн алхаж эхлэв . . .
Гандир одоог болтол нам унтсаар буй охиноо элгэндээ тас тэврэсээр чичрэн зогсов. Гөлөг нь хөлд нь наалдана. Гандир хүүхэлдэйн эсрэг ямар ч зүйл хийх чадалгүй байгаагаа ойлголоо. Аймшигт шөнийг тэсвэрлэх тавчээр нь зад үсрэн нулимс болон урслаа. Гандир асгартал уйлсаар хөлд нь наалдах өрөвдөм гөлөг, нам унтах нялх охиноо тэврэн одоохон гарч ирэх нөхрөө хүлээн айсандаа арагш ухарсаар нэг мэдэхэнд хүйтэн хананд тас наалдсанаа өөрөө ч анзаарсангүй. Хүүхэлдэй гарч ирээсэй, нөхөр нь биш байгаасай. . . Үгүй ээ нөхөр байна. . .
Чи чинь яаж байгаа нь энэ вэ. . . Нөхөр нь өөрийнхөө харсан зүйлд итгэхгүй гайхширэн дуу алдлаа. Өрөөнөөсөө гарч ирсэн нөхөр нь өөрийнхөө төрөлх бор нүдтэй хэвээр гарч ирсэнийг харсан Гандир, гайхан хашгирсан нөхрөөсөө хэд дахин чанга дуугаар хашгирч орхиод хамаг айдас цөхрөлөө сад тавин уйлж гарав. Май энийг өмсчих бушуухан өмсчих. Нөхөр нь гайхан харвал өөрийнх нь зуны саравчтай малгай. Гандираа чи яагаа вэ охин өвдчихөө юу . . . Нөхөр нь яаран очиж охиноо тэврэн авахад, Гандир зэрэгцэн малгайг нь өмсүүлж орхив. Хар шөнөөр зуны малгай өмсүүлж яах гээ вэ, чи чинь яагаад ингэтлээ уйлчихсан юм, юу болсон бэ хэмээн нөхөр нь гайхсан чигээрээ шалгааж гарлаа.
Аргагүй шүү дээ. Гэрэлтэйд унтаж сураагүй болохоор хар шөнөөр хэн гэрэл асаадаг билээ хэмээн нойрмоглон нүдээ нээтэл хамт унтаж байсан эхнэр охин хоёр нь алга, гэрээр нь дүүрэн арц үнэртэж байх юм. Нөгөө өрөөнд гөлөг нь аяархан дуугархыг сонсоод охин нь шөнө сэрээд нохойтойгоо тоглоё гэсэн юм болов уу , сахилгагүй охин шүү гэсэн шүү юм бодсоор орноосоо босоод гэрэл нь асаатай нөгөө өрөөрүү ортол бараг цочмоор үзэгдэл угтсан болохоор бараг л хашгирах шахсан нь тэр. Хар шөнөөр аймаар уйлсан эхнэр нь охиноо тас тэврээд хананд тас наалдчихсан, бас ч болоогүй гөлөг нь бас сэрчихсэн хөлнийх нь хажууд бүлтэлзээд дэргэд нь нэг их уугисан арц. Тэгээд нөхрөө олон жил сураггүй алдсан аятай харангуутаа их дуугаар бахирч уйлж байгааг юу гэж тайлбарлах вэ. . . Нөхөр нь охиноо тэвэрсэн хэвээр Гандирын духын аяархан дарж үзэхэд Гандирын айдас бага багаар өөрийн эрхгүй арилж, тэр бүү хэл нүдээ арчин жаахан инээмсэглэлээ. Би халуураагүй ээ.

Гандир нөхөр нь түүнд итгэхгүй гэдгийг дахиад л ойлголоо. Түүнийг хажуунаас нь харсан ямар ч эрүүл хүн итгэхгүй байх байсан гэдэгтэй ч эвлэрч байв. Охин хар дараад, тэнд тайвшрахгүй байхаар нь босоод энд тэвэрч байсан ашгүй унтаад өглөө. Чамайг унтаж байгаа гэж бодсон болохоор цочсон гэж яаваа хэмээн Гандир амыг нь дагууллаа.. Намайг орж ирэхэд хана налаад зогсож байсан биздээ гэж нухацтай өгүүлээд нөхөр нь Гандирыг асуусан байртай харав. Гандир хүүхэлдэй та хоёроос айгаад гэж үнэнээ хэлэхийг хүссэнгүй. Нөхөр нь түүнийг галзуурч гээд түргэн дуудчихвал яах юм гэсэн шүү юм бас толгойд нь эргэлдсээр байлаа. Энэ бүхнээс болж нөхөртөө ч итгэж чадахаа байснаа ухаарав. Чамайг босч ирж байгааг мэдээгүй юм чинь нэг сонин чимээ гарахаар айгаад хойшоо ухарсан чинь гэнэт чи гарч ирээд цочоож орхилоо гэж Гандир төвөггүйхэн хариулав. За гэрлээ унтраачих, охин нам унтаж байна тэгээд ч удахгүй үүр цайлаа гээд нөгөө өрөө тийш зүглэсэн нөхрөө Гандир угз татан зогсоолоо. Охин тэр өрөөнд унтахгүй хар дараад байна гэж би хэлж байна, чи хэсэг тэврээд тайвшруулаад орхи. . .
Нөхөр нь Гандирын энэхүү шөнийн турш гаргаж буй аашийг гайхан яахаа мэдэхгүй зогсоно. Хоёулаа галтогооны өрөөнд ороё, би чамд сайхан цай чанаж өгье, удахгүй үүр цайна. Нөхөр нь өмсгөсөн зуны малгайг ад үзнэ, тэгвэл энэ малгайг аваад өлгөөд орхи. Малгайг харин яасан ч өлгөхгүй шүү, ёстой болъё өмсөөд сууж бай. Гандир биеэ арайхийн барьж хүүхдээ тэвэрсэн нөхрөө, нохойгоо дагуулан галтогооныхоо өрөөнд орж цай чанахаар зэхэв. Харин Гандир сүүмийн цайж буй үүрийн гэгээг баяртай угтаж, гэр бүлээрээ аймшигт шөнийг эсэн мэнд давсандаа дотроо туйлын баяртай байлаа, одоо би хүүхэлдэйнээс айх биш хүүхэлдэй надаас айх цаг нь ирсэн байхаа . . Нөхрийн нь санаанд Гандирын духыг дахин барьж халуунтай эсэхийг үзэх хүсэл төрөвч, Гандир ингэж үл ойлгогдом муухай аашлаж байгааг үзээгүй тул дуугайхан дагаж өглөө болохыг хүлээхээр шийдэв, халуун нь бууг. . .
Нарны алтан туяа анхныхаа цацрагыг түгээж эхлэхэд охиноо сэрээн, цэцэрлэгт нь уйлуулахгүй явуулах нүсэр ажил ундарлаа. Гандир хамгийн түрүүнд өрөөндөө орж өнөөх хүүхэлдэйг хаана байгааг харахаар яарав. Миний бодлыг мэдчихээд зугтчихаагүй байгаа гайт хүүхэлдэй. Өрөөн дотор аанай л ганцаараа орж зүрхэлсэнгүй нөхрөө дагуулан орлоо. Гэрлээ одоо л нэг унтраав. Хорон хүүхэлдэй юу ч болоогүй мэт Гандирыг сэрэхэд байсан тэр л байрандаа сэрвэгэр сормуустай шилэн нүдээр гэмгүй мэт харж байлаа. Чамд ч одоо хууртахаа болъёо хэмээн Гандирыг дотроо бодох зуураа лавлан харвал хүүхэлдэйн гар нь үл мэдэг хөдөлсөн мэт санагджээ.
Гандираа явья гөлгөө авахаа мартуузай. Нөхөр нь үүдэнд хувцаслаж дууссан охиноо тэврээд ийн дуудахыг сонссон Гандир ухасхийн том гэгч нь шар тор олж ирлээ. Одоохон чи намайг наанаа зогсоод хүлээж бай. Өрөөндөө ороход хүүхэлдэй хуучин янзаараа байрандаа хөдөлгөөнгүй байх бөгөөд би зөвхөн охинтой чинь л тоглохыг хүссэн юм шүү дээ гэж Ганирт хэлэх мэт санагдлаа. Яагаад ч юм Гандир хүүхэлдэйд гараа хүргэхээс зэвүүцэж байгаагаа мэдрэв. Шар тороороо хүүхэлдэйг эвтэйхэн ороож авч торондоо хийчихээд, охиныхоо шахалтаар хийж өгсөн 2 даашинзыг нь хойноос нь чулуудчихаад, гарахаар зэхэн гутлаа өмслөө. Нөхөр нь нүд амаараа дохих нь охиноосоо нууж байгаад гөлгөө айлд өгье гэж өчигдөр орой ярилцаа биз дээ гэж байгаа байдал нь тэр. Дахиад ганцхан өдөр өнжөөд шийдэе л дээ гэж Гандир өгүүлэнгээ хаалгаа түгжих зуур чи л өөрөө өчигдөр бушуухан айлд өгье гээд байсан биздээ гэж нөхөр нь дургүйлхаад шат уруудан одов. Чи охиноо хүргэж өгнө гэснээрээ хүргээд өг, би тэр зааж өгсөн малын эмч нь байна уу үзчихээд ирье. Хэрвээ эмч нь байвал буцаж ирж гөлгөө үзүүлчихээд яахаа чамд утасдаад хэлчихье гэж нөхрөө тайвшрууллаа. Дураараа болтугай хэмээн нөхөр нь өгүүлэхэд охин нь амандаа бас дураараа болтугай гэж шулганаад тэр хоёр цэцэрлэг тийш зүглэн инээлдсээр алга болж өглөө. Гандирын гар дахь том торыг анзаарсан ч гүй.

Гандир тэр хоёрын араас хэсэг харж зогсоод олон хүн бужигнасан хотын гудамжаар дотор онгойн аажуухан алхав. Яаж энэ ёрын хүүхэлдэйнээс бүр мөсөн салъя даа байз. Хаа сайгүй тааралдах хогын цэгийн дэргэд очоод бяц цохиод хаях нь зүйтэй боловч ямар нэг далдын хүлээс мэт зүйлээс болж хүүхэлдэйг эвдлэж чадахгүй байгаа нь хачирхалтай. Гэрээсээ хол аваачаад шидсэн ч гэлээ шөнөжин алхаад өглөө гэрт нь ирчихсэн байж ч магад. Өглөө шийдсэнээрээ хаях гэтэл Гандирын сэтгэл элдэв бодлоор дүүрч, хаашаа ч юм чиглэн явсаар хэсэг хугацаа өнгөрлөө. Дөнгөж саяхан нээж байгаа барааны дэлгүүрээр Гандир огт бодсон шийдсэн зүйлгүй санаандгүй ортол, хамгийн эхний лангуун дээрх бичиг түүний анхаарлыг шууд татаж зөв зүйтэй замыг нь нээж өгсөн мэт санагдахад, Гандир шийдвэрээ олсондоо учиргүй ихээр баярлан дэлгүүрээс гарч одов.
“Зарагдсан барааг буцаахгүй” . . . Тийм бий вий. Зарагдсан барааг буцаадаггүй юм байж. Тэгвэл энэ хүүхэлдэйг би худалдаж авсан юм чинь, хүнд зараад орхиё л доо. Шинэ эзнээсээ зугтах хүсэл байлаа ч гэлээ, худалдаж авсан юм чинь чи хаашаа ч зайлж чадахгүй. Шинэ эзэн чинь чамайг эвдэлж юу ч гүй болгох болно, чи харж л байгаарай. . . Том шар торонд хийсэн хүүхэлдэйг худалдах хүн хайсаар явтал дэлгүүрийн ойролцоо газар суугаад түр амарч байгаа архичин бололтой навсгар хувцастай эрэгтэй түүний анхаарлыг татлаа. Та энэ хүүхэлдэйг худалдаж аваач. Ойрын хэдэн жилийн турш тэрээр өөрийн адил гудамжны гэгдэх хүмүүсээс бусад хүнтэй үг сольж үзээгүй архичин Гандирыг гайхан удаан ширтлээ. Өөдөөс нь архины нэгшмэл эхүүн үнэр ханх тавьж байсан ч Гандир түүнээс холдсонгүй, харин ч арай чангаар та энийг худалдаж аваач хямдхан шүү. Архичин эр юутай ч Гандирыг ямар нэг юм зарах гээд байгааг согтуу ухаандаа ойлгон шар торыг нээн харсан аа, хүүхэн гуай би наад хогоор чинь яах юм, харин хямдхан найруулсан архи байвал худалдаж авна шүү хэмээн тультраа хэлээр өгүүлэв.
Тэр дороо буцаад л гудамжны чулуун хашлага дээр дахин тухлаад өврөөсөө ямар нэгэн юм ухаж эхэллээ. Гандир түүнд л зарахыг ихээр хүсч байв, өөр тохирох хүн байхгүй. Танд ердөө 100 төгрөгөөр л зарчихая. Ердөө л нэг зуун төгрөг шүү. Хоёр солих даашинзтай, бараг шив шинэхэн хүүхэлдэй. Аан гэж согтуу эрийг чанга дуугаар бахиран дахин торыг нь өнгийхөд тавин төгрөг гэж Гандир амжиж дуугарлаа. Тавин төгрөг юм бол авнаа. Согтуу хүн сохор ухаантай гэгчээр замаар өнгөрөх хүүхдүүдэд зарвал дор хаяж 100 грамм найруулсан архи эсвэл 500 төгрөг хүрэх байх гэж тэрээр бодож байгаад авахаар шийдлээ. Би бүүр илүү үнээр авья тэгвэл гээд өнөөх эр өнгө зүс нь үл мэдэгдэх навсгар хувцасны энгэрийг хэдэнтэй ухаад гурван ширхэн ихэд үнгэгдсэн 20 төгрөг олж Гандирт сарвайгаад, шар торыг нь татан авч буцаад л гудамжиндаа тухлав. Энэ хэд хоногийн турш анх удаагаа Гандир цээж дүүрэн уужуу амьсгаа авлаа. Ажилруугаа утасдан шалтаг тоочин чөлөө аваад хүнсний дэлгүүр зүглэв. Дараа нь гэртээ түгжсэн гөлөг дээрээ очно, удахгүй гөлөг нь цоо эрүүл болоод гэр дүүрэн дуу шууган дэгдээж үймээний эзэн болно доо. Өнөөдөр ч магадгүй.
Орой цэцэрлэг тарахад Гандир сэгсгэрээ тэврээд охиноо эртлэн авлаа. Хувцасыг нь өмсүүлэнгээ хүүхэлдэйн тухай охинтойгоо ярилцахаар шийдлээ. Гэртээ орохоосоо өмнө. – Ээж нь чиний дуртай хоолыг хийсэн, бас аавынх нь дуртай хоолыг ч бас хийсэн байгаа – Ээжээ тэгвэл өнөөдөр баярын өдөр юм уу – Тиймээ маш том баярын өдөр. Гэхдээ өнөөдөр ээж нь сэгсгэрийг эмчид үзүүлсэн – Шүдний эмчид үү – Тиймээ. Тэгсэн чинь чиний хүүхэлдэйг л өгвөл эмчилж өгнө гээд эмч загнаад л – Тэгээд та яасан бэ – Ээж нь хүүхэлдэйг нь бэлэглээд сэгсгэрээ эмчлүүлчихсэн. Миний охин гомдоогүй биздээ хүүхэлдэйг нь өгчихлөө гээд охиноо сайтар ажлаа.
Охин нь хэсэг дуугүй зогссоноо, тэгвэл одоо сэгсгэр зүгээр болчихсон уу гэж асуулаа. Гандир инээмсэглэн чи хардаа, эв эрүүл болчихсон чамтай тоглох гээд хүлээж байна гэхэд охин нь тэгвэл яахав яахав хүүхэлдэйг бүүр өгчих гээд цэцэрлэгийн хашаан дотор цовхчин гүйж бүй сэгсгэр гөлгийнхөө араас сэгсгэрээ хэмээн хашгирсаар дэвхрэн гүйнэ. Оройн нөхөр нь ажлаасаа эртлэн иржээ. Хамгийн түрүүнд Гандирын духыг дарж халууныг нь үзэхийг хүсч байлаа. Гандир инээд алдана, сэгсгэрийг хараач гэдэс нь жаахан хямарсан гэнэ. Тэрнээс зүв зүгээр гэртээ тэжээж болно гэнээ. Нөхөр нь дуртай хоолоо том том халбагадан сэтгэл хангалуун зурагт үзэж, охин нь хүүхэлдэйгээ ор тас мартаад сэгсгэртэйгээ өрөө дамжин гүйлдэн тоглож байгааг харахдаа Гандир аз жаргалыг хамгийн ихээр мэдэрч суулаа. Бас өөртөө эргэлзэж ч байлаа. Би ер нь оргүй зүйлийг зохиож бодоод, арай галзуурах дөхөөд байсан юм биш биздээ хэмээн үе үе бодогдох хэдий ч Гандир энэ яваа насандаа дахин хүүхэлдэй худалдан авч охиндоо өгөхгүй гэж хатуу шийдсэн байлаа.
Яг энэ цаг мөчөөс дөрвөн цагийн өмнө. . .
Хэсэг ундааны сав, хоосон лаазыг шуудайлан үүрсэн нэгэн ноорхой эр гудамжинд явж буй хүнд бүрд нэгэн тортой зүйлийг сарвайх авч ихэнх нь замаа өөрчлөн зугтан одно. Түүний сарвайх торруу өнгийн харахыг хүссэн хүн үгүй ажээ. Түүний нүдэнд нэг гартаа бас л тортой хүнсний зүйл барьж, нөгөө гартаа дарав орчим насны жаахан охиноо хөтөлсөн нэгэн бүсгүй нүдэнд нь туссанд тороо дэлгэн замыг нь хөндөлсөв. Гэнэт урд нь гудамжны болтой эр гарч ирсэнд бүсгүй бараг цочих шахан, охиноо татан, цаашаа алхахаар зүглэтэл ээжээ хүүхэлдэй байна гэж охин нь часхийтэл хашгирав. Бүсгүйн сониуч зан хөдлөн сарвайсан торыг өнгийн харваас бараг л цоо шинэ гэмээр шинэвтэр хүүхэлдэй харагдлаа. Шууд долоон зуун төгрөгөөр өглөө хэмээн аль хэдийнэ шал согтож амьжсан эр найган зогсох зуураа өгүүлээд арайхийн хоёр хөл дээрээ тогтоно. Ээжээ энэ хөөрхөн хүүхэлдэйг авчихья л даа гэж охин нь шалаад салахгүй болохоор бүсгүй торноос нь гарган сайтар харлаа.
Өнөөх эр торноос нь гаргаагүй байсан болохоор ямар ч бохир гарын оромгүй цэв цэвэрхэн хүүхэлдэй байв, бас 2 өөр даашинзтай. Энэ бид хоёрын хулгай хийнэ гэж юу байхав, хаа нэг хүний гээсэн торыг л олсоноос гарцаагүй гэж таамаглаад тэгвэл 500 төгрөгөөр авья гэж ноорхой эрд хандан өгүүлээд цүнхээ уудлав. Аваа ав гэж мөнөөх эр хариулаад арайхийн мөнгөө далд хийж, шуудайгаа үүрсээр хаа нэг тийшээ гуйвлан одлоо. Бүсгүйд ч бас хүүхэлдэй таалагджээ, хоёр тороо давхарлан бариад гэртээ харихаар яаран алхав. Яг тэр үед хажуугаар нь зөрөн өнгөрсөн хүүгийн унасан дугуйны сэрдгэр хэсэг хүүхэлдэйг хийсэн шар торыг нилээд томоохон зүссэн боловч гэртээ яарсан бүсгүй даанч анзаарсангүй ээ. . .
Хүүшээ тор нь доогуураа зөндөө том зүсэгдээд урагдчихсан байна шүү дээ. Тийм байхад торноосоо унаж гээгдэлгүй тэсээд манайд ирдэг ямар хөөрхөн хүүхэлдэй вэ. Алив миний охин шинэ хүүхэлдэйгээрээ тоглож бай, энэ хоёр хөөрхөн даашинз нь байна. Ээж нь сэтгэл хангалуунаар шинэхэн хүүхэлдэйг баярлан дэгдэж буй охиныхоо гарт атгуулаад оройн хоолоо хийхээр цаашлан одлоо.
Уначихвий хэмээн торноос зуурсаар явсан хоёр хаймран гараа амраах болсондоо тэрээр туйлын баяртай. Хүйтэн харцтай цэнхэр шилэн нүд очтон гэрэлтэв. Бяцхан охин амандаа дуу аялсаар түүнийг тэврэн гүйсээр . .
“Хүүхэлдэй амьд ч биш, амьгүй ч биш. Тэрээр ердийн хүүхэлдэйтэй хир илүү адилхан байна, тэр хэмжээгээрээ аюул ихтэй. Хүүхэлдэйг судласан хэсэг парапсихологч эрдэмтдийн дүгнэлтээс . . .