Home Өгүүллэг “ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “2-р хэсэг”

“ХҮҮХЭЛДЭЙ” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
1
786

Маргааш өглөө нь охин нь хүүхэлдэйгээ аваад цэцэрлэгтээ явья гэж гуйлаа. Миний охин болохгүй ээ, хэзээ цэцэрлэг гаднаас тоглоом авчирсан хүүхдийг ангидаа оруулж байсан юм гэж Гандир

тайлбарлаад жаахан яарасхийн хувцсыг нь өмсгөж эхэллээ. Тэгвэл чи гэртээ гэрээ сахиж байгаарай, би цэцэрлэгтээ явчихаад ирээд хоёулаа тоглоё гэж охин хэвлүүхэн хэлээд ээжтэйгээ хөтлөлцөн гарлаа. Төрсөн

өдрөөс хойш охин нь илүү том илүү биеэ даасан мэт Гандирт санагдана, оройжингоо ээжтэйгээ орооцолддог охин нь одоо хүүхэлдэйтэйгээ тоглон нэг охин нь, нэг ээж нь болон оройжин

томоотой суудаг болсон нь Гандирт ихээхэн таалагдав. Өнөөдөр нөхөр нь томилолтоос ирэх ёстой. Зурагтаа асаан суугаад хумсаа тухлан будах зуураа охиныхоо тоглохыг хараад хүүхэд гараас гарна гэж энэ

юм байх, сайхан юмаа хүүхэд том болох гэсэншүү юм бодсоор лакны үнэр гэр дүүрэн сэнгэнүүлнэ. Цагаа харвал 6 цаг өнгөрч байсан хэдий ч нөхөр нь сураггүй, тэсэлгүй утсаа шүүрэн авч залгавал мөнөөх л холбогдох боломжгүй гэсэн хариулт. За цэнэг нь дууссан юм байлгүй

дээ, хэдийгээр нэг гэртээ ирэх юм бол доо хэмээн бодоход Гандирын толгойд өөрийн эрхгүй нөгөө гөлөг авчрах тухай хэлсэн үгс нь эргэлдэнэ. Гөлгөөр яадаг байна аа, хүүхэлдэйтэйгээ тоглоод хөөрхөн нь байна даг. Эцсийн эцэст хэн тэрийг хооллож, салхилуулж байх юм лавдаг аав гуай л биш байх хэмээн дотроо үл ялиг бухамдаж байлаа.

Тун удалгүй хаалганы цоож торхийн эргэх чимээ гарахад ээж охин хоёулаа үүдрүүгээ уралдах шахам дэгдэн очив. Нөхөр нь жаахан ядрангуй царайтай боловч инээмсэглэсээр том цүнхээ газарт тавьж харагдана. Ааваа нөгөө гөлгөө хэмээсээр охин нь ухасхийн хүзүүнээс нь зүүгдэхээр энгэррүү зүтгэж гарав. Нөхөр нь Гандирруу нэг нүдээ аяархан ирмээд, ээ аав нь таг мартчихаж хэмээн хэлэхэд нь Гандир гөлгөө аль хэдийнэ олчихоод ардаа хийсэн гартаа барьчихсан байна гэдгийг нь мэдлээ.

Охин нь тэр дороо хоёр гараа нүдэндээ авч бариад худлаа уйлах дүр эсгэн заль гаргалаа. Энэ уйлхай охиныг энүүгээр нэг хазуулая байз хэмээн аав нь ардаа нуугаад байсан гараа ил гарган дэлгэхэд Гандир өөрийн эрхгүй өхөөрдөн дуу алдлаа. Түрүүхэн ямар нэг гөлөгт дургүйцэн байсан нь ор мөргүй алга болж бараг л охинтойгоо булаалдах шахам цаашаа явлаа. Хүүе охиноо үнсье л дээ хэмээгээд аав аль хэдийн үүдэнд мартагджээ. Цагаахан өнгөтэй тэгээд бас буржгар үстэй хавны бяцхан гөлөг товч мэт хөөрхөн хар нүдээрээ ийш тийш харж, даарсан болтой үл ялиг чичрэн өрөөний дундуур ийш тийм мөлхөнө. Охин нь баярласандаа хашгиран гөлгөө тойрон дэвхцэж, үгүй ер яасан хөөрхөн чихтэй яасан хөөрхөн сэгсгэр амьтан бэ хэмээн Гандир хүртэл үгээ олохгүй өхөөрдөх ажээ. Охин нохойдоо ямар нэр өгөх юм хэмээн аавыгаа ээрүүлдэж, бяцхан гөлгөө толгойг нь илж, даахгүй байж өргөөд өвөр дээрээ тэвэрч суухаар тэмүүлнэ. Гөлөг авчрах л юм бол заавал өөр айлд өгнө хэмээн дотроо шийдээд байсан Гандир бодлоо өөрчилж байвал ч байг хэмээгээд нөхрөө хоол идэж байх зуур гөлгөндөө шөнө унтах тохиромжтой газар эрж байлаа. . .

Гөлөг өдрөөс өдөрт улам л хөөрхөн болж үл ялиг таргалаад гэр дотуур баацагнан явах нь үнэхээр хөөрхөн. Гэхдээ гайхалтай нь охинтой нь бус Гандирт илүү дасч Гандирыг гэртээ орж ирсэнээс авахуулаад хаа байсан газар нь араас нь даган сүүтэгнэнэ. Хагас сайн өдөр амарч суухдаа Гандир анхныхаа гайхалтай зүйлээ ажиглалаа. Охин нь гөлгөө бараг л тоохгүй бөгөөд хамаг цагаа хүүхэлдэйтэйгээ тоглон өнгөрүүлж, өнөө гөлөг нь Гандирыг л хормогчлон хаа байгаа газар нь салахгүй дагах аж. Охин нь ээж дээрээ гүйн ирэхдээ гөлгөө үнсэх гэж оролдож, илж нэрээр нь дуудах боловч тэврэн авч дагуулан тоглохгүй байгааг анзаарчээ.

Гөлөг хааяа охины ойрхон бараадан очиж томоотой хэвтэх боловч, нохойны төрөлхийн араншингаар хуцах ноцолдож тоглохоор тэмүүлэхгүй байх нь тэр. Гандир охиндоо ойртон очиж зэрэгцэн суугаад тоглож байгааг нь жаал ажиглалаа. Охиноо гөлөгтэй нь тоглуулах гэж хүүхэлдэйг нь аван гөлөг дээр суулган бариад чүү чүү хэмээн дуугартал охин босч ирэн ээжээ битгий хэмээн хүүхэлдэйгээ буцаан авлаа. Яасан миний охин, ингээд хөөрхөн чүү чүү гээд гөлөгтэйгээ тоглохгүй юм уу гэтэл охин цовоо дуугаар би тогломоор байна л даа даанч миний хүүхэлдэй энэ гөлөгт дургүй юм аа. Ирсэн өдрийнхөө маргааш хүүхэлдэйг хазах гэсэн гэж хэлсэн, тэгээд ч хүүхэлдэй намайг бас өөрөө ч гэсэн гөлөгтэй тоглуулах дургүй байгаа юм. Гэхдээ манай гөлөг ёстой хөөрхөн ээжээ хэмээн том хүн аятай хэвлүүлэн хэлчихээд цай аягалан тоглож гарлаа.

Өө яасан уйдамхай охин бэ хэмээн Гандир инээд алдаад, гөлгөө тэврэн эрхлүүлэнгээ, охин нь гөлөгтэйгээ тоглохоос айдаг байх, нэс нь арай л жаахан байна даа гэж дотроо бодов. Тун удалгүй нэг өдөр охин хүүхэлдэйнд нь 2 өөр даашинз хэрэгтэй байна гэх нь тэр. Гандир хоолоо хийх зуураа яасан миний охин дандаа нэг даашинзтай харсаар байгаад уйдаа юу гэж асуутал үгүй ээ хүүхэлдэй өөрөө хүсэхгүй байгаа юм, тэр буржгар хүрэн үстэй болохоороо цэнхэр бас улаан өнгөтэй даашинз илүү гоё зохино гэж хэлсэн гэж хэллээ.

Гандир охиндоо тайлбарлахыг хичээж миний охин хүүхэлдэй өөрөө хүснэ гэж байхгүй шүү дээ, чи өөрөө тийм хувцастай хүүхэлдэйгээр тоглохыг хүсвэл ээжээ би хүүхэлдэйдээ тийм хувцас өмсгөмөөр байна гээд л хэлчихэж бай. Охин зөрсөн хэвээрээ байлаа, үгүй ээ би биш хүүхэлдэй өөрөө хүсээд байгаа юм хэмээн бат итгэлтэй давтсаар л байв. За яахав хэрэв хүүхэлдэй тэгж хүсээд байгаа бол ээж нь чамд 2 жижигхэн даашинз хийгээд л өгье гэлээ. Гоё хийгээрэй ээжээ тэгэхгүй бол хүүхэлдэй их ууртай шүү шүү гээд охин нь цааш эргэлээ. За нэг зав гаргаад охинтойгоо сайтар ярилцая, өөрийнхөө хүслийг яаж хүнд илэрхийлэх тухай хэлж өгөх нь зүйтэй гэж Гандир дотроо боджээ.

Маргааш орой гал тогооны өрөөнд хангир жингэр хийх их дуу гарч ямар нэгэн зүйл хага үсрэхтэй зэрэгцэн Гандир өрөөнд үсрэн орж ирлээ. Цонхны тавцан дээрх вааран савтай хэдэн цэцгийнх нь нэг газарт унан хага үсэрсэн байх агаад охин нь хажууд нь айсан төрхтэй бүлтгэнэн зогсоно. Гандир бушуухан охиноо барьж аван зүгээр үү энд тэндээ шалбалаагүй биз хэмээн асууж нүүр гар толгой гээд л баахан шалгаад яагаа ч үгүй байгааг нь хараад арайхийн санаа амарлаа. Шалан дээрх шороог, хагарсан ваарыг цэвэрлэнгээ миний охин яаж байгаад энэ цэцгээ унагаачихав хэмээн ёс төдий асуутал хүүхэлдэй энэ цэцэгт дургүй хэмээн хачин этгээд хариулт өгөх нь тэр. Гандир энэ удаа үнэхээр гайхаж орхив, охин нь тоглож байгаа шинжгүй энэ хариултыг хэлсэн болохоор тэр байх. Цэвэрлэж байсан зүйлээ тэр дор нь орхиж, охиныхоо гараас барьж аваад тэгвэл хүүхэлдэй нь яагаад энэ цэцэгт дургүй гэж байна хэмээтэл тэр улаан цэцэг дэлгэрдэг цэцэгт дургүй гэсэн тэгээд намайг энийг газарт унагааж эвдэл гэсэн өөрөө цэцэгт хүрэхгүй байгаа гэх нь тэр.

Гандирын дотор өөрийн эрхгүй зарсхийх нь мэдрэгдлээ. Яалаа гэж тэгэх билээ тэр чинь зүгээр л хүүхэлдэй шүү дээ, миний охин хүүхэлдэй чинь ярьж ч чадахгүй, хөдөлж явж ч чадахгүй жирийн л нэг тоглоом байхгүй юу гэтэл бяцхан охин нь үгүй ээ өчигдөр орой өөрөө намайг дагуулж галтогоонд ороод энэ цэцгийг зааж өгсөн юм чинь гээд Гандирын гараас нь мултран цаашаа гүйгээд явчихлаа. Гандир тэрхүү цэцгээ хаяхаар зэхэж байснаа болиод шорооноос нь салгаад, шилэн савтай усанд хийж охиныхоо гар хүрэхээргүй дээрхэн газар тавьлаа. Тэрний дараа л бас бяцхан сагсгар гөлгөө анзаарлаа. Гал тогооны өрөөний үүдэн дээр гөлөг нь түрүүнээс хойш хэвтчиээд Гандирын хөдөлгөөн бүрийг ажиглан харж байгаа мэт харж байснаа, Гандирыг өөрийг нь олж харсанд баярлав болтой аяархан гийнасаар дэргэд нь ирлээ. Бурхан минь чи чинь яасан надаас салдаггүй амьтан бэ, тэр 2 чамайг тоохгүй байна уу гэж үглэсээр Гандир түүнийг өхөөрдөн тэвэрлээ. Гандир өөрөө ч анзаарсангүй, тэр хоёр гэж хүүхэлдэй охин хоёроо ижилсгэн нэрлэсэнээ.

Гэвч хамгийн гайхалтай нь охин нь яг үнэн болсон зүйлийг хэлэх мэт итгэлтэй ярих нь цаанаа л айдас төрүүлнэ. Гандир утсаа шүүрэн авч нөхрийгөө бушуухан ир хэмээн шавдуулж орхиод хаалга чагнан суусаар нөхрийгөө гэрийн босгоор алхангуут болсон бүх явдлыг нэг амьсгаагаар ярьж гарлаа. Харамсалтай нь нөхөр нь тоосон ч шинжгүй чи тэгээд итгээд байдаг нь юув дээ хэмээгээд хоолоо том том халбагаад идэж гарав. Тэр бүү хэл манай охин одоо 3 настай одоо 5 нас хүртлээ зөндөө их худал ярьна, одоо чинь яг л худлаа ярьдаг нэс нь байхгүй юу.

Би ч гэсэн охиныхоо насан дээр эмээгийн улаан авдар дээрх арсланг амилдаг гарч ирээд надтай тоглодог гээд ирсэн бүх хүнд л ярьдаг, өөрөө ч бас тэгж боддог байсан юм шиг байгаа юм. Ер нь хүүхэд бүрийн л зан шүү дээ хэмээн лекц уншаад Гандирыг шоолонгуй харсаар цай аягалан барьсан чигтээ охинтойгоо тоглохоор явлаа. Тэгсэн ч Гандирын сэтгэл амарсангүй, энэ бүхэн нэг л биш байгааг, тэр бүү хэл охин нь үнэн хэлж ч байж магадгүйг эх хүнд байдаг гайхалтай зөн совингоор мэдэрч эвгүйрхсэн хэвээр байлаа. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…