
… Сүхболд улам муудаж зүрхний ажиллагаа нь зогсонги байдалд ороод байлаа. Эрчимт эмчилгээний өрөөний үүдэнд Сүхцэцэг, Өнөрөө нар уруу царайлан зогсоно. Одоо найдваргүй боллоо. Уулзуулах ойр
дотны хүмүүсийг нь уулзуул гэж эмч хэлсэн тул Дөлгөөн Тоодойг авчрахаар яаран гарав. Дөлгөөн Золбоотыг өнгөрснөөс хойш Сүхцэрэнгийхэнтэй хамт байсаар байгаа ажээ. “Ахаа үхэж болохгүй
шүү. Хоёр дүүгээ бас Тоодойг орхиж болохгүй шүү. Сүхцэцэг бөөн уйтгар гуниг байна. Түүнийг Чингүүн орхиод явчихсан. Та түүнийг орхиж болохгүй шүү. Ахаа хоёулаа хашаандаа сайхан байшин барина.
Ажлаа эхлээгүй байж орхиж болохгүй шүү. Дүү нь мөрдөн байцаагч болно. Цагдаагын Академид сурах болчихоод байхад чинь сонсох ч үгүй хэвтээд байж болохгүй шүү дээ. Хүн сэтгэлгүй өөдгүй муусайн
юмнуудыг заавал илчлэх болно.” Сүхцэрэн нааш цааш холхин зүрх сэтгэлдээ ахтайгаа ярина. Сүхцэцэг гунигт хөтлөгдөн Чингүүнийг сэтгэлдээ харан холхино. Утсанд нь мессеж ирэв. Авч үзвэл

Чингүүнээс ирсэн байх тул яаран уншив. “Намайг уучлдаарай. Би өөдгүй амьтан байсан юмаа. Би хоёр минутын дараа өөрийнхөө жинхэн найз охинтойгоо Америк нисэх гэж байна. Чи минь намайг мартаад ихэд жаргалтай сайхан амьдраарай. Чамд үргэлж сайныг хүсэгч Чингүүн.” -Арай ч дээ. Ахаа хүн ямар муухай байдаг юм бэ? Ахаа энэ хардаа. Та Чингүүний надад бичсэн мессежийг унш даа. нүдээр нь дүүрэн нулимс мэлтэгнэсэн Сүхцэцэг утсаа барьсаар Сүхцэрэнгийн дэргэд гүйн ирэв. Сүхцэрэн мессежийг унших санаатай тонгойтол – Сүхболдын гэрийнхэн байна уу? гэх хахир дуун тасхийгээд явчихав. Сүхцэрэн, Сүхцэцэг хоёр эрчимт эмчилгээний өрөөнд гүйн орж ирэв. Сүхболдод залгасан байсан бүх аппаратыг эмч нар салгасан байлаа. Сүхболдын нүүр уруул хөхрөн ямарч
хөдөлгөөнгүй хэвтэнэ. Нүд нь аниатай байх бөгөөд хамгийн сүүлчийн амьсгалаа авах гэж ихэд зүдэрсэн бололтой ам нь хагас ангайсан харагдана. Сүхцэрэн ахынхаа хөлийг бушуухан атгаад орхитол мөс адил хүйтэн байлаа. Ах нь энэ хорвоог хайртай дүү нараа орхиод явчихсан байлаа. – Ахаа. Ахаа. Ахаа. Яаж байгаа юм бэ? Ийм залуухан байж ингэж амархан явах байсан юм уу? – Ахаа… миний ахаа… Сүхцэцэг салгалж чичирхийлсэн гараар ахынхаа духыг илбэл бүлээхэн байлаа. “Миний ах үхээгүй юм байна” гэх баярт бодол зүрхэнд нь гялсхийхэд нүдээр нь ус бүрхээд ирэв. – Ахаа… ахаа… миний ахаа ердөө ганц үг хэлчихээч гэж мэгших Сүхцэрэнг Сүхцэцэг үүлгэртэн харав. – Ах зүгээр унтаж байгаа юм бишүү. Сүхцэцэгийн
уруул өмөлзөн Сүхцэцрэнг өрөвдөлтэйгөөр харна. – Бид бололцоотой бүх эмчилгээг хийлээ. Хутга зүрх рүү хаваад орчихсоноос нааштай үр дүн өгсөнгүй. Эмч харамсал илэрхийлээд хурдан гэгч гараад явчихав. – Ахаа… ахаа би яах юм бэ? Намайг яагаад орхиж байгаа юм бэ? Нулимсандаа хахаж цацан орилох Сүхцэцэгийг харахаас нүд хальтрам байлаа. Сүхцэрэн нулимсаа хүчлэн залгив. – Ахаа та аав шиг түшигтэй, ээж шиг ачлалтай энэ хорвоогиийн хамгын сайн ах байсан шүү. Сүхцэрэн өмөлзөн байж ийн хэлээд ахынхаа духан дээр тонгойн үнсэв. Сүхцэрэнгийн нүднээс асгаран гарсан бүлээн нулимс ахынх нь духан дээр унаж халаглах мэт гялтганан доош бөмбөрнө. – Би яах юм
бэ? Бүгд намайг орхиж байгаа юмуу? Би яах юм бн? Би яах юм бэ? Сүхцэцэг гараа сарвалзуулан сөхрөн унахад Сүхцэрэн түшиж авав. – Миний дүү өө. Сэргээрэй. Ингэж болдоггүй юм шүү. Тайвшир. – Яаж тайвшрах юм бэ? Надад амьдрах хүсэл алга. Би ахтайгаа хамт явмаар байна. – Тэгээд би яах юм бэ? Ах нь ганцаараа яах юм бэ? Нүд нь солиорсон мэт гялалзах Сүхцэцэг түүнийг нулимстай нүдээр арга тасран харж – Ахаа одоо тэгээд хоёулаа яах юм бэ? Ийн .. ийн … ийн .. – Хоёулаа амьдарнаа. Хоёулаа амьдрах л болно. Ах нь чамд байна ш дээ. Ах нь чиний дэргэд байна. Сүхцэрэн дүүгээ тэврэн мэгшин уйлахад араас нь нэг хүн татах шиг болов. Эргэн харвал нулимсандаа нүүр нь
халтартсан Тоодой ганхан зогсч байлаа. Тоодой юм хэлэх гээд байгаа бололтой уруул нь өмөлзөнө. – Иш Тоодой. Миний Тоодой минь. Сүхцэрэн, Сүхцэцэг, Тоодой гурав тэврэлдэн хэсэг уйлаладахыг харсан Дөлгөөн нулимсаа барьж дийлэхгүй байлаа. – Сүхболд минь .. Сүхболдоо чи намайг орхиод явж байгаа юмуу. Бид хоёрын хүүхэд удахгүй гарна шүү дээ. Ээ чааваас гэж. Миний хүүхэд ийм тавилантай юм гэж үү дээ. Би яах юм бэ? Би яанаа. Бид чинь үртэй болчихсон улс шүү дээ хэмээн Өнөрөө чарлан уйлна. Дөлгөөн давхийн цочиж Өнөрөө үрүү гүйн очив. – Талийгаачийн ажил явдал сайхан болж өнгөрөв. Сүхцэрэнгийн хамт олон дүүргийн цагдаагийн газрынхан их туслалцаа үзүүлжээ. Талийгаачийг хөдөөлүүлэх зуны тунгалаг өглөө
Сүхцэрэн ахыгаа эцсийн замд нь үдэв. Талийгаачийн бүхий л ажил төрөлд Дөлгөөн идэвхийлэн оролцож байгаад тэр түүнд ихэд баярлаж байлаа. Сүхцэцэг гэж ердөө нэг гөлийсөн хүн болж хувирав. Адаглаж Чингүүн гэдэг өөдгүй амьтан зовлонгийн үед орхиод явчихдаг. Сүхцэрэн дүүгээ харахаас нүд хальтарна. Ах нь арван гуравхан настай жаахан хүү хоёр дүүгээ өсгөж өдий зэрэгтэй хүн болгоод өөрөө явчихсанд Сүхцэрэнгийн гол харлана. – Та жинхэнэ бурхан ах байсан шүү гэж Сүхцэрэн эцсийн удаа ахдаа хэлжээ. Талийгаачийг хөдөөлүүлж салах ёс хийгээд эргэх үес дотор зарайм муухай дуугаар хэн нэгний хашгирах сонсдов. Бүгд эргэн харвал Тоодой цээжний хувцсаа тайлан шидээд муухай хашгиран гүйж байлаа. Тоодойг
хармагц Сүхцэрэнгийн зүрх цууран урагдах шиг ширхийгээд явчихав. – Ээ бурхан минь Тоодой.. Хөөе Тоодой. Тоодой түүний дуудахыг үл тоон газрын уруу булшнаас булш уруу харайлган ихэд хурдтайгаар гүйж байлаа. Тоодойгийн араас ухасхийсэн Сүхцэрэнгийн араас хэн нэг нь тэврээд авав. Найз Санчир нь түүнийг тэврэн авсан байлаа. – Миний найз хэрэггүй ээ. Ахынхаа ажил төрөлд хүндэтгэлтэйгээр хандаж гүйцээ. Манайхан танай хүний араас явж байна. Одоохон аваад ирнэ. – Санчираа. Манай Тоодой цагдаагаас их айдаг юм шүү дээ. Сүхцэрэн хоолойд тулаад байгаа нулимсаа хүчээр цааш нь залгиад дуулдах төдий шивнэв. Санчирын гар түүний мөрөн дээр халуун оргиулан төөнөсөөр байлаа. – Ямар ч давчууорчлон юм бэ? Гэх бодол
цээжийг нь базлахад Сүхцэрэн Сүхцэцэгийн гараас хөтлөн машин өөд явав. – Ахаа одоо яах вэ? Тоодойг. – Тайван бай. Учир нь олдоно. Учиг нь тайлагдахгүй гогцоо гэж байдаггүй юм. Сүхцэрэн дүүгээ хөтлөөд газар шороондоо шингэн нойрссон ахынхаа булшийг арга тасрангуй харав. Түүний ард бас нэг зовлон бөртөлзөн айсуй. Талийгаач ахынх нь хайртай бүсгүй Өнөрөө мэгшин уйлж яваа нь харагдав. Ахынх нь хүүхэд Өнөрөөгийн хэвлийд үлдсэнд Сүхцэрэн анх удаа баярлах шиг болов. Ажил явдал дуусч хүмүүс явсаар оройн харанхуй нөмрөх үес Сүхцэцэг, Сүхцэрэн хоёр хоёулхнаа гэртээ хоцров. Талийгаач ахынх нь цэл залуухан зураг хоймороос юу ч болоогүй мэт инээмсэглэн харна. Урьд нь том цөгцөнд бадмаалах зул харагдана. Тэнгэрийн өнгөт том цэнхэр хадаг ахынх нь дээрээс өнгөлзөж ах нь тэнгэрийн оронд очсоныг илтгэнэ. Аав, ээжгүй амьдарсаар өдийг хүрсэн ч ахгүй
амьдарна гэдэг тэр хоёрт их хүнд байлаа. Арц, хүжний анхилам үнэр өрөөгөөр түгэнэ. – Миний ах бурханы оронд төрөх гавъяа байгуулсан. Сүхцэцэг уруул өмөлзүүлэн шивнээд Сүхцэрэнгээс нулимсаа нуун өмнөх аягатайг авч залгилав. – Тиймээ. Бидний ах заавал тэнд төрнө. Би мэдэж байна. Сүхцэрэн ихэд хэнэггүй хэлэх гэсэн боловч мөн хоолой нь чичирхийлэв. – Ахаа хоёулаа Тоодойгоо яах вэ? Сүхцэцэг энгүүн зүгээр хэлсэн боловч мэгшин уйлчхав. – Тоодойг одоо аваад ирэх байх. Тариа хийсэн гэсэн. Тайвширхаар нь авч ирэх байх. – Ахаа Тоодой энэ чигтээ галзуурчихвал одоо яанаа. Хоёулхнаа яаж амьдрах билээ дээ. Гадаа хаалга онгойх шиг болоход тэр хоёр босч зогсов. – Миний дүү өө. Тоодой ирж байна. Үүдний цементэн дээр эмэгтэй хүний гутлын өсгий тог тогхийн сонсдоно. – Тоодой биш байна.
Эмэгтэй хүн байна. Өнөрөө эгч бололтой. – Тийм бололтой. Хөлийн хөнгөн чимээ ойртон хаалга онгойж Дөлгөөн орж ирээд үүдэнд зогсов. “Тэнэгтэх юмаа би. Юу гэж бодох бол. Шал дэмий ирлээ. Одоо яая гэх вэ? буцаад гараад явчихалтай биш. Юу гэж хэлдэг юм билээ”. Дөлгөөн өөртөө тээнэгэлзэн бодож зогсов. – Өө ашгүй. Дөлгөөнөө ирлээ. Бид хоёр хоёулхнаа их эвгүй байна. Би чамд баярлалаа гэж хэлж чадаагүйдээ санаа зовлоо ш дээ. Чи бидэнд их тус боллоо. Баярлалаа. Сүхцэцэг баярлан хэлсэн ч төдөлгүй нүдээр нь нулимс мэлтэсхийн дүүрэх аж. – Дөлгөөнөө наашаа суу. Бид чамд их баярласан шүү. Сүхцэрэн халуун төөнүүлэн хэлсэн ч нүүр дүүрэн гунигтай харагдана. Дөлгөөн сандалд суунгаа – Яасан бэ? Тоодой ирээгүй байна уу гэв. – Тоодой их цочирч сэтгэц нь хөдөлсөн гэнэ. Тариа хийгээд унтуулж байна гэнэ. – Би харин та хоёрт жаахан хань болдог юмуу гээд л. –
Тэгээч. Ёстой их баярлалаа. Дөлгөөнөө чи манайд хоночих тэгэх үү? Дөлгөөн Сүхцэцэгийг харан инээвхийлэв. – За ашгүй дээ баярлалаа Дөлгөөнөө. Чи дүүтэй минь хамт байж байгаач. Би Тоодой дээрээ очоод аваад ирье! Ихэд доороос гүн сүүрс алдаад дүрэмт хувцсаа өмсөв. – Энэ хувцсаа өмсөөд дэмий юм биш үү. – Орой үдэш амар байдаг юмаа. – За за. Өөрөө мэд. Сүхцэрэн, Дөлгөөнийг харж инээмсэглээд гарч одоход Дөлгөөнд сайхан санагдав. – Дөлгөөнөө. Хүн их муухай байдаг юм байна. Ахаасаа салж, зовж ядаж байхад хайртай залуу маань намайг хаяад явчихлаа. – Тэр чинь ямар адгийн шаар вэ? тэгээд бүр яваадөгсөн хэрэг үү. – Тэгсэн. Америк явчихсан. Явсан
тухайгаа мессежээр надад мэдэгдсэн. Яг тэр үед ах минь өнгөрчихсөн. Сүхцэцэг цааш ярьж чадалгүй мэгшин уйлав. – Бурхан минь энэ хорвоо ертөнц чинь тэр чигээрээ ээдэж, гашилчихсан байдаг юмуу хаашаа юм бэ? Энэ өөдгүй эрчүүдийг.. За за миний найз тайвшир. Тэр өөдгүй амьтанд гомдоод ч хэрэггүй. Сэтгэлийн гарз. Зовохын нэмэр за. Сайхан ахын чинь дэргэд тэр муу юу юм бэ? Тэр муу залуу чамайг их зовоох байсан байх л даа. Тэгээд хайртай ах чинь эцсийн замдаа явахдаа тэр гайг чамаас холдуулсан байх. Чи тэгээд бодчих за юу. –

Гэхдээ найз жирэмсэн шүү дээ. Би одоо яах вэ? миний хүүхэд яах болж байнаа. Үгүй тэр муу хүн байгаагүй юм. Их сайн хүн байгаа юм. Сүхцэцэг дахиад мэгшин уйлахад Дөлгөөн түүнийг ихэд өрөвдөн нулимсыг нь арчиж байлаа…