
Үгүй ээ. Би зүгээр. Та харин амар. Ах яг хэвэндээ байна.ер нь бол даралт нь жаахан унаад байна. Гэхдээ ахаа сая нөгөө залуу өнгөрчихлөө. Ахыг минь ийм байдалд оруулсан ч гэсэн өрөвдмөөр
юмаа. – Тийм үү? Сүхцэрэнгийн дуу сулраад явчихыг Дөлгөөн анзаарав. Сүхцэрэн утсаар ярьчихаад дөлгөөнийг нэг харснаа гарахаар завдав. – Яасан бэ? Ямар нэг юм болоо юу? – Амарцгаая даа.
Өглөө эрт эмнэлэг өөд очино. За сайхан амраарай. Сүхцэрэн гэрэл унтраан гарч өрөөндөө ороод атиралдан унтаж буй Тоодойг түгшин харав. “Яана даа Тоодой минь тэр залуу өнгөрчихлөө. Чи түүнийг
цохичихсон шүү дээ. Хууль гэж нэг айхтар юм бий шүү дээ. Ямартай ч байсан шүүх хурал болно. Яадагшүү ч билээ дээ” хэмээн гаслантайяа бодов… … Эмнэлэгт байсан залуу урьд шөнө нас барсан байна. Байдал
ноцтой боллоо. Тэр залууг цохисон залуу сэтгэцийн наян хувийн групптэй юм байна. Бас хутгалуулсан залуу урьд шөнө муудаж хоносон байна. Одоо аппаратанд орчихсон байна гэнэ. Тэмүүлэн ийн

хэлээд шанаагаа тулан бодлогшров. Түдэв Чингүүн хоёрт энэ үг аянга ниргэх шиг болж улам царайгаа барайлгав. -Эгч хаана байна вэ? – Хаана байх вэ? зүрх нь өвдөж, даралт нь ихэссэн хүн дээр хэвтэж байна. Сая тариа хийлгэсэн үдээс хойш эмнэлэгт хэвтүүлэхээс… – Аав би шийдлээ. Ангираатай Америк явахаас өөр зам алга. Ээжийгээ шоронд хийлтэй биш. Ойлгомжтой ээж тэнд тэсэхгүй. – Миний хүү хувь тавиланг ингэж шийдэж болдоггүй юм. Хайргүй хүнтэйгээ насаараа хамт амьдрах шиг эмгэнэл байдаггүй юм шүү дээ. – гэхдээ ааваа Ангираа надад маш их хайртай. Би түүнийг мэддэг. Хайраа тогтоон барьж дийлэлгүй аймшигтай юм хийчихлээ. Би тэртэй тэргүй
Сүхцэцэгийг хайрлаж, түүгээр хайрлуулах эрхгүй болчихлоо шүү дээ. Тэгээд ч надад хайртай байсныхаа төлөө Ангираа өчнөөн жил шоронд сууж болохгүй ээ. Надаас болж энэ олон хүний амьдрал ингэж харлаж болохгүй. Нэг нь ч гэсэн гэгээтэй байг. Би ээжийнхэ өмнөөс өөрийгөө золиослоё. Хамгийн аймаар нь Сүхцэцэг бид хоёрын хагацал. Нулимс дуслуулан ярих хүүгээ арга барагдсан нүдээр харах Түдэвийн нүүр өөд халуун огшиж байлаа. – Байна уу? Ангираа бидний виз бүтэж байна уу? – Маргааш ниснэ хайраа. Виз бүтчихсэн. Хоёулаа өнөөдөр уулзахуу? – Өнөөдөр амжихгүй ээ. Хувийн бэлтгэл хийх хэрэгтэй байна. – За тэг тэг. Дандаа хамт байх юм чинь тиймээ. Ангираагын баясгалант дууг сонсох тусам Чингүүний дургүй хүрнэ. Зүрхээр нь чим чим хатгуулна. “Тэнэг охин чинь хамаг хүмүүс зовлонд
унагачихаад юундаа баярладаг байнаа” Чингүүн арга барагдан санаа алдав. – Ааваа маргааш Америк нисэх юм байна. Виз бүтчихсэн гэнэ. Дээш гарч ээжийг тайвшруулъя. Намайг Ангираатай хамт явна гэхээр лав баярлана биз. – Миний хүү сайн бодож зөв шийд гаргаарай. Аавынх нь сөөнгө дуу ард хоцорч Чингүүн дээш өгсөн ээжийнхээ өрөөнд оров. Цэлмэг дээш харан огтхон ч хөдөлгөөнгүй хэвтэнэ. Чингүүнийг хараад Тэмүүлэн гараад явчихав. – Ээжээ. Ээжээ Цэлмэг толгойгоо эргүүлэн хүүгээ нулимстай нүдээр харав. – Миний хүү ээжийгээ уучлахгүй байсан ч болно. Ээждээ зовоод хэрэггүй ээ. Ээж нь зовлонг даана. Тэнд амаргүй ч гэсэн тэсвэрлэж чадна. – Үгүй ээ. Ээжээ
та тийшээ очихгүй. Би таныг ойлгож байна. Би маргааш Ангираатай хамт Америк ниснэ. Эхийн царай улам цонхийн босч суув. – Миний хүү битгий тэг. Ангираа юу ч хийхээс сийхгүй айхтар хүн болох нь. Миний хүү битгий яв. Насаараа түүний дарамтанд зовно шүү дээ үр минь. Битгий зовлон уруу тэмүүл. Ээжийгээ уучил. Ээж нь тэр зовлонг чинь тарьсан юм. Тэр зовлонг ээж нь ганцаараа үүрье. Эх нулимсаа урсган байж ийн гуйв. – Ангираа надад хайртай. Тэр намайг дарамталж чадахгүй. Тэртэй тэргүй би Сүхцэцэгтэй хамт амьдарч болохгүй болчихоод байна. Ээжээ биеэ гайгүй бол босч хүүгийнхээ юмыг бэлдээч Чингүүний тулган хэлчихээд гараад явчихад Цэлмэг
өндийн араас нь харсаар хоцров… … – Ээжээ. Ээжээ охиндоо баяр хүргээч! Бид хоёрын виз бүтчихсэн. Маргааш Америк нисэх болсон гэсээр алга ташин дороо дэвхцэх онхиноо Янжин гайхан хаарв. – Юун Америк гэж. Чи хэнтэй хамт Америк нисэх болоод ингэж баярлаад байгаа юм бэ? – Юун хэнтэй гэж. Чингүүн бид хоёр Америкт очиж амьдарна. – Чамд огтхон ч хайргүй хүнтэй харийн газар чи яаж амьдрах гэсэн хүн бэ? Тэгж болдоггүй юм миний охин. Зүрх сэтгэлээ хүлээж чамайг чин сэтгэлээсээ хайрлах хүнийг хүлээ. Амьдралд ингэж яарч шунан болдоггүй юм шүү дээ. – Ээжээ та битгий тэнэгтээд
байгаач! Намайг Чингүүн үнэхээр хайрлаж байгаа. Хоёулаа холхон Америкт очиж амьдаръя гээд байгаа юм. – Мэдэхгүй юм даа охин минь. Чингүүн үнэнийг хэлэхэд миний сэтгэлд нийцэхгүй байна. Саяхан хэдхэн хоногийн өмнө өөр охин гэртээ дагуулаад ирлээ гээд чи усан нүдлээд байсан биз дээ. Одоо хоёр сар ч болоогүй байна. Тэр залуу тэгээд тэр охиноо уйлуулж хаячихаад чам уруу гүйгээд ирээ юу. Аягүй бол цаад охиноо жирэмсэн болгочихоод зугатаж яваа даа. Хэдэн сарын дараа Чингүүнд хаягдсан тэр охинд ирсэн зовлон чамд ирвэл яана. Чи энэ талаар бодож үзсэн үү? – Чингүүн намайг хаяж чадахгүй ээ. Тэр миний үгнээс гарах ч үгүй та харж л байгаарай. Тэр охин чинь өөрөө үнэн шог арчаагүй матар царайлсан охин байхгүй юу. – Хүнийг ингэж
муулж тавлаж болохгүй ойлгож байна уу чи. Нэгийг харж нөгөөг гомдоосон хөнгөмсөг эрчүүдтэй ханилсан эмэгтэй хүн их зовдог юм шүү дээ. Чингүүн тийм хүн гарах нь. Би тийм хүмүүст дургүй. – Ээ ээж л дээ. Чингүүн тийм хүн биш гээд байхад чинь. Аав хүртэл зөвшөөрчихөөд бүх юмыг бүтээж өгч байхад чинь. Та л гэж охиноо ойлгохгүй юм. – Аав чинь яах вэ дээ. Юмыг дандаа өнгөн талаас нь ойлгож дүгнэдэг хүн. Адаглаж чи тэр занг нь дуурайчих юм. Ээж нь охиноо ойлголгүй яах вэ дээ. Чи сайн сайхан, аз жаргалтай явбал миний аз жаргал тэр. Ингэхэд чи Америкт очоод юу хийх юм бэ? – Би юу гэж ажил хийх юм бэ? Ээжээ. Би сурна. Харин Чингүүн ажиллах байх. – За тийм байдаг байж. Тэгээд маргааш явах хэрэг үү? Одоо яая
гэх вэ? юмыг чинь бэлтгэе дээ. Эх хэнгэнэтэл санаа алдаад босов. Онгоцны буудал хүрэх замд Чингүүн эцэг, эхтэйгээ ганц үг дуугарсангүй. Сүхцэцэгийн гэрэлтсэн царай харагдан дотроо мэгшин уйлж явлаа. “Хайрт минь ингээд хагацъя даа. чамайг тийм их хүнд зовлонтой байхад чинь орхиод хайрлах байтугай харахаас дургүй хүрдэг хүн дагаад явж байдаг. Би ёстой адгын шаар. Хөгийн амьтан. Чи минь жаргадаг юм шүү. Заавал аз жаргалтай амьдраарай.” Нүднийх нь нулимс өөрийн эрхгүй асгарахад тэрхүү гашуун зовлонг уух мэт Чингүүн буцааж цааш нь залгив. – Миний хүү хүний газар бодолтой болгоомжтой явдаг юм шүү. Ангираатай тусдаа байранд
орохыг бодоорой. Дотоод сэтгэлийнхээ тэр гашууныг дотроо хадгалах гэсэн юм шиг Чингүүн үг дуугаралгүй толгой дохив. Машин төд удалгүй нисэх буудал дээр ирж тэд дотогшоо орцгоов. Ангираа аав ээжийнхээ хамт аль хэдийн ирсэн бололтой инээмсэглэн баяр баясгалантай гэгч зогсч байлаа. Ангираагын аав Улсын Их хурлын гишүүн Ёндон хоёр халаасандаа гараа хийн ихэмсэг нь аргагүй зогсоод уруу дорой харагдах Чингүүнийг ажиж байлаа. Царайд нь эргэлзээ тогтсон нуруулаг сайхан эмэгтэй Янжин тэднийг харан толгой дохин мэндлээд мөн Чингүүнийг ажиглана. “Энэ Чингүүн миний охинтой амьдрах дургүй байгаа нь илт байна. Энэ Цэлмэг,
Ангираа хоёр юу хийж байгаа бол доо” гэх бодол төрөхөд Цэлмэг өөд харав. Цэлмэг инээмсэглэх гээд чадалгүй хараагаа буруулж өөр тийш харахдаа “Энэ Янжин намайг буруутгаж байгаа байх даа. аргагүй биз. Харин Ангираа есөн хүсэл нь биелсэн хүний байдлаар аз жаргалтай байна. Тэнэг хар толгой. Би ер нь юу хийчих нь энэ вэ? ийм айхтар чөтгөр шиг охин байсныг гадарлаа ч үгүй явж гээч. Муу хүүгээ насаар нь айхтар хүний гарт хийчихлээ гээч. Миний хүү зовох байх даа” гэж нулимс мэлтэлзүүлэн бодов. – За гишүүний алба тавлаг. Тэнхээ данги биз? – Тавлаг даа. Шинэ парламент жинхэнэ пижигнэж байна. Харин сайдын алба тавлаг биз? – За даа. Албаа ч ер нь өгч таарах бизээ. Би ер нь тэгж бодож байгаа. – Уг нь шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж байна ш дээ. Ер нь би чиний талаар анхаарнаа. Зарим нэг нөхөдтэй ярилцъя. Эхний ээлжинд хүүхдүүдээ явуулаад орхиё
хэмээн Ёндонг дээгүүр харан өгүүлэхэд Цэлмэг жигтэйхэн баярлав. “Үгүй энэ чинь ер нь зөв гольдрил уруугаа орж байгаа юм биш үү? Гишүүний хаалга ч арай өөр байна шүү. Өвгөн маань ажилдаа тогтож сайд хэвээрээ үлдэх юм шиг байна. Миний хүү юугаарч дутахгүй амьдрах биз. Хэд хоногоос аяндаа сэтгэл санаа нь тогтох биз. Хажууд нь адилхан залуу сайхан бүсгүй байхад чинь” гэж бодон инээмсэглэв. Тэмүүлэн түүнийг харснаа цааш эргээд явчихав. “Энэ одоо юу гэж шарвалзаад байгаа золиг вэ? хэнхэг амьтан” Цэлмэг дүүдээ зэвүүрхэн дургүй нь хүрэв. – Алба яах вэ? Хааны алба халаатай. Эзний алба ээлжтэй. Танайхаас шинэ сайд томилогдоно биз. Харин хүүгийнхээ тэндэхь байдлыг анхаарах хэрэгтэй байна. – Тэндэхь зохицуулалтыг би
хийсэн. Зоволтгүй. Хэмээн ярилцаж байтал Америк уруу нисэх нислэгийн цаг болсныг узелээр зарлав. Чингүүний царай улам барайн Сүхцэцэгт сүүлчийн мессежээ бичихээр ухасхийв. – Таньд баярлалаа. Цэлмэг эгчээ. Би удахгүй охин чинь болоод таныг баярлуулж жаргаанаа. – Миний охин Чингүүнийхээ сэтгэлийг хурдан засахыг хичээгээрэй. – Би ойлгож байгаа. Та санаа зоволтгүй. Цэлмэг, Ангираа хоёр аминчлан хэдэн үг солиод авахыг Янжин анзаарав. – За ээжээ таньдаа хайртай шүү. Цовоо сэргэлэн дуу нь цаанаа нэг баясгалантай цангинах охиноо үнсээд Янжин гүнзгий сүүрс алдав. “Охин минь дандаа ийм байх болтугай.” Амьдралдаа тун айхтар хагацал үзсэн юм шиг алхах Чингүүний зовлонт царайг тэд гайхан харцгаана. Бэсрэг
жижиг чемодан барьсан Чингүүн аав,ээж ойр дотныхонтойгоо хам хум салах ёс гүйцэтгэн цааш алхав. Хайртай охин Сүхцэцэг нь ирчихээд ард нь хараад байгаа юм шиг санагдахад Чингүүн маш хурдан эргэж харав. Түүний нулимс мэлтэгнэсэн нүдэнд хайртай охин нь харагдсангүй. Аав ээж ойр дотныхон нь бүрэлзэн харагдахад нэг сүрхий хуурай мэгшсэн хүү шуудрав бололтой хурдан алхлан одов. – За Ёндон минь ганц охин чинь өөртөө огтхон ч хайргүй залуу дагуулаад харь хол явлаа даа. Аясыг нь харж болноо доо. Янжин машинд ормогц тэсч чадалгүй ингэж хэлэв. – Юу алздаг юм бэ? Түдэвийн тэр хүү миний гараас хаа холдох вэ? миний охингы гомдоох юм бол би зүгээр л хийсгэж орхино. Ёндон дээгүүр харан аархана. – Гомдоох гомдоохгүй дээ гол нь байгаа юм биш шүү дээ. Тэр залуу
охины минь дэрэгд байсан ч миний охин насан туршдаа сэтгэлийн шархтай амьдрах болчихоод байна. Эхнэрээ дургүйцэн буруу харахыг харсан Ёндон юм бодсон шинжгүй дээгүүр харан инээмсэглэж явлаа. – Төөрсөөр төрөлдөө гэгч болчихож байгаа юм бишүү. Өвгөөн. Миний хүү жарганаа чи харж байгаарай. Ёндон гишүүн чамайг сайдын чинь суудалд үлдээх юм шиг ярьж байна. Ашгүй дээ. Тиймээ өвгөөн. – Сайдын суудлыг Ёндон бид хоёр шийддэггүй юм. Тэгээд ч би Ёндонгоос дэм тус авмааргүй байна. Чи ер нь ганц хүүгийнхээ замыг харлуулж босоо ороолон дагуулж явуулчихаад юу бодож байна вэ?

Цаад хүүхэн чинь дургүй нь хүрвэл миний хүүгийн аманд хорын тун дусаахаасаа сийхгүй новш байгаа юм. Түдэв дотроо бугшаад байсан бухимдлаа гадагшлуулж эхнэртэй хамаг уураа гаргав. – Үгүй чи юундаа уурлаад байгаа юм бэ? Ёстой муу ёр байгаа даа. Хүүгээ дөнгөж холын замд явуулчихаад хар хэрүүл гуйгаад байх чинь. Цэлмэг царай дүүрэн гомдол тунаруулж цонх ширтэн суув. “Одоо яана даа. Нээрээ миний хүү харийн газар хорлогдчих вий дээ” …