
Ээ харла гэж дээ. Тээр би чамайг зовоочихлоо. Зовоосон л байна хэмээн Готов ихэд сандчин холхисноо – Өө тийм нөгөө эм тариаг авачиж өгөх хэрэгтэй ш дээ нээрээ. За хоёулаа явъяа явъя хэмээн
курткаа өмсөв. – Та тийшээ яваад хэрэггүй ээ. Одоо амарч үз. Та ч бас амрах хэрэгтэй. – Юу гэсэн үг вэ? ачийг бачаар хариулж болохгүй. Дөлгөөнөө би чамд амлая. Би чамайг өнөө яах ч үгүй. Манай хамгийн
тохилог өрөөнд чи амраад хоночих. Би тийшээ шагайх ч үгүй. Өрөөгөө дотроос нь цоожилчих гэж Готов гуйв. – Зүгээрээ би гэртээ харьчихаж чадна. Дөлгөөн бас хэгжүүрхэх аж. – За өөрөө мэд дээ. Чи их
ядарчихсан байна шүү дээ. Май. Готов Дөлгөөний гар дээр боодол хорин мянгат тавив. Дөлгөөн түүнийг гайхан харж – Надад ийм их мөнгө хэрэггүй ээ. Тарианы… гэтэл Готов тас дайрч – Тариа эмээ ч ав.
Чамд дулаан хувцас чанартай хүнс хэрэгтэй. Энэ сайхан залуу насаа хайрла. Ганц л олддог залуу нас шүү. Алив явцгаая гээд үүд рүү явахад Дөлгөөн дагалдав. – Эмчээ би Золбоотын шаардлагатай эм тариаг

аваад ирлээ. Эмчийн нүдэнд байсал тодрон инээвхийлж – Өө ашгүй. Ямар сайн юм бэ? Даралт нь унаад байгаа юм. Одоо хийчихнэ. Миний дүү гэр бүлийнхэнд нь хэлэв үү? – Гэрт нь хүн байхгүй цоожтой байна лээ. Эхнэр нь байхгүй хөдөө явчихсан байна лээ. – Холбоо барих утас байхгүй биз. – Мэдэхгүй Дөлгөөн мөрөө хавчихад эмч дуугүй болж эм тариаг барин эргэв. Дөлгөөний толгой эргэх нь улам ихсэх аж. Дотор давчдан хүзүү өөд нь хөшин бөөлжис цутгахад Дөлгөөн агаарт гарахыг чухалчлав. Тэрээр баруун гартаа жижиг гялгар цүнхээ барин тас атгав. Дотроос нь Готовын өгсөн хоёр сая төгрөг халуун төөнүүлнэ. “Анх удаа хүний найрсаг сэтгэлээр ирсэн цэвэр мөнгө.” Дөлгөөн
ядруухан нүдээр мөнгөө харан инээвхийлэв. “Миний мөнгө. Одоо өөрийнхөө зарим асуудлыг шийднэ. Жижигхэн гэр авна. Гэрээ цэмцийтэл нь цэвэрлэнэ.” Дөлгөөн баясан инээвхийлэв. Түүний хувьд үнэхээр хоёр сая төгрөг их мөнгө байлаа. Толгой нь эргэн дайвалзахад хүлээх өрөөний хамгийн захын сандал дээр хурдхан суув. Тар нярхийх их чимээ гарч Дөлгөөн доош унав. Нандигнан чухалчлан атгасан жижиг цүнх хөсөр унах нь тэр… … Цэлмэг их цухалдуу холхин байтал доор хаалганы дохиолол дуугарав. Цэлмэг хянах самбар уруу харвал дүү Тэмүүлэн нь ирчихсэн зогсч байлаа. -Овоо доо нэг юм ирэх шив. Цэлмэг ганцаараа ярин үйлчлэгчээ дуудав. Халууцсанаас нүүр нь
улайсан Тэмүүлэн орж ирээд өргөн буйдан дээр унаж – Ёох ямар халуун юм бэ? Бүр шатаах гэж байна. Алив эгчээ хүйтэн жүүс өгөөч. Ангаж үхлээ. Ам хатаад гээд дээш харан ойчив. – Энэ хар халуунд жүүс уугаад яаж амны цангаа гарах билээ дээ. Цэвэр ус уугаач гэсээр Цэлмэг уриалгахан эргэв. – Эгчээ хамгийн хүйтнээс нь… – Мэдэж байнаа дүү минь. Сэнс тавиад сэрүүцэж бай. Эгч нь хоол аваад ирье. Ажлаасаа ирэв үү? – Ажлаа өгчихлөө эгчээ. Намын гишүүнчлэлгүй олон хүн ажилгүй болж, эрх барих намын олон хүн ажилтай болж байна даа. сонгуулийн дараах Монгол улс шоргоолжны үүр шиг л бужигнаж байна гэсэн Тэмүүлэн өндийж хүйтэн ус залгилав. – Чи тэгээд ажилгүй
болсноо Түдэв ахдаа хэлсэн юм уу? – Үгүй ээ үгүй алийн болгон ахын гараас зүүгдэх билээ. Ах ч гэсэн дээ нам нь сонгуульд ялаагүй юм чинь ажлаа өгч л таарах байхаа даа. тэмүүлэнгийн энэ үгэнд Цэлмэг цочин давхийв. – Яасан муу амтай юм бэ? Чи. Юу боллоо гэж Түдэв ажлаа өгдөг юм бэ? Юучиг ярихгүй байсан даг. Муу ёрлоод байгаач чи. Цэлмэг дургүйцэн дүүгээ муухай хараад – Чи тэгээд ажил хийхгүй бол гурван хүүхдээ яаж тэжээдэг юм бэ? Шал дэмий ядуу хүнтэй сууж яагаа ч үгүй байж олон хүүхэд гаргасны гай. Би чамд зөндөө хэлсэн. Хүмүүжил муутай боловсролгүй тэр хар юмандаа алуулчих шахаад
арга буюу салсан. Муу ханийн гайгаас болж байргүй болсон. Одоо ажилгүй болдог яана даа чи. – Яах вэ? дээ. Эгч минь. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдрах болно доо. Хүүхдүүд минь өсч том болж байна. Миний бахархах зүйл бол гурван хүүхэд минь. – Хө ер. Ёстой нөгөө тэнэгийн дотор амгалан гэдэг энэ байх даа. Чи хэдэн жил хөлсний байраар амьдрах гэсэн юм бэ? – Цаг нь ирэхээр сайхан байртай болно. – Хм. Мөн тэнэг хүн шүү. Миний ганц хүү манай Чингүүн намайг биш чамайг дууриасан нь харамсалтай. Тэмүүлэн, Цэлмэгийг харж инээмсэглээд – Хөөе эгчээ би Чингүүний найз охиныг харсан шүү дээ. Ёстой хөөрхөн царайлаг хирнээ даруухан их сайхан охин байна лээ. Манай Чингүүн азтай юмаа гэхэд Цэлмэг учиргүй
уурлаж – Чи тэр хоёртой уулзаа юу? Наад үгээ арай Чингүүнд хэлчихсэн юм биш биз дээ. Эцсийн эцэст Чингүүн чиний замаар явж байна. Бид чинь Намын Төв Хорооны 1-р орлогч дарга Улс төрийн товчооны гишүүн Довчин сайдын хүүхдүүд. Үе дамжсан улс төрчид элитүүд. Тийм байтал Чингүүн яаж яваад тэр гэр хорооллын өнчин ядуу охинтой таарчихдаг байнаа гэж ихэд уурсан үглэв. Хүнд хөлийн чимээ гарч Түдэв орж ирээд ширээ голлон суув. – Сайн уу ахаа. Ажил ихтэй байна уу? Түдэв нимгэн цамцныхаа энгэрээс жижиг алчуур гарган духныхаа хөлсийг арчаад – Өнөөдөр ер нь хэдэн градус хүрч байнаа. Лав дөч дөхсөн бололтой дог. Пөөх мөн шатааж байнаа. Алив эхнээр хүйтэн юм авчраад өгөөч гээд Тэмүүлэнг харж – Дүү минь
ажлаа өгчихсөн үү? Намын гишүүнчлэлгүй байсны буруу гэж юу байх билээ.ажлын арга туршлагатай жирийн олон албан хаагч ажилгүй болж байна. Энэ чинь өөр нэг утгаараа бол бас нэг хилмэгдүлэлт шүү дээ.эрх барих намынхан уг нь өөрсдөө хилмэгдлээ гээд л сүйд болдогсон. Харин одоо ард түмнээ ингэж хохироож болж байгаа юм байх даа. – Харин тиймээ. Та бас ажлаа өгөх нь үү? – Мэдээж шүү дээ. Өгч таарна. Цэлмэг ухасхийн нөхөр өөдөө харж – Арай үгүй байлгүй дээ. Чи ажлаа өгөхгүй юм байгаа биз дээ гэж сандрав. – Өгөлгүй яах вэ? дээ хө. Засгийн эрх шиилжиж байхад чинь. – Одоо тэгээд яанаа. Даанч энэ Тэмүүлэн муу амлаад байсан юм. – Муу амлах бишээ хө. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй лав дөрвөн жил гэдсээ илэн хэвтэх
бололтой. Хоолоо олохын тулд нэг хувийн хэвшил байгуулж хүүгээ гэрлүүлж ачаа өсгөх гээд мөн их ажил хүлээж байна шүү. – Харин тиймээ. Хүүгээ Ангираатай гэрлүүлчих юм бол гишүүн чамд нэг ажил бодох биз. Адаглаж нэг дэд сайд арга ядахад хэлтсийн дарга байсан ч яадаг юм бэ? – Би ганц хүүгээ албан тушаалаар наймаалахгүй. Тэгээд ч миний хүү Ангираад хайргүй гэж байна лээ. Хүүгээ хайртай хүнтэй нь гэрлүүлнэ. Харин чи эртийд тэр охинд их муухай зан гаргасан гэсэн шүү. – Пээ мөн тэнэг хүнээ чи. Алсаа боддоггүй. Би тэр охинтой хүүгээ суулгахгүй. Ойлговуу та нар. Энэ үед хаалганы дохиолол хангинаж тэд хянах самбар өөд харцгаав. Үүдэнд Ангираа харагдахад Цэлмэг жигтэйхэн баярлан доош хурдлав. – Хүүе Ангираа ирчихэж. Доош хурдлах эхнэрийнхээ араас доогтой мушилзсан Түдэв Тэмүүлэнг харж
– Энэ охин одоо ингээд хий горьдоод байх юм. Дээр нь эгч ичнь хужир нэмж итгэл төрүүлээд хөгшин залуу хоёр юу болох бол доо. Гэв. Доор хүн мэгшин уйлахад Түдэв, Тэмүүлэн хоёр хирдхийн цочив. – Цэлмэг эгчээ та надаар юу хийлгэчих нь энэ вэ? би хүний амь хөнөөлгөчихлөө шүү дээ. Та бид хоёр шоронд орох болчихлоо. Ийн…ийн та өөрөө тэр охиныг замаасаа зайлуул гэсэн биз дээ. Би одоо яах юм бэ? Би үүнийг хүсээгүй шүү дээ. Ангираа цурхиран уйлах аж. Цэлмэгийн дотор палхийгээд явчихав. “Одоо яанаа” гэх бодол зүрхийг нь базлана. – Би таны өмнөөс шоронд орж чадахгүй шүү. Би таньд хэлсэн биз дээ. Чингүүн надад хайргүй гэж. Та Чингүүний тэр охиныг хүчиндүүл. Шившиг болго. Байхгүй болго гэж хэлсэн биз дээ. Та өөрөө
тэр хэргээ хүлээгээрэй. Би аав ээждээ таныг хэлнэ. Ангираагын хэлэх үг тэнд байсан гурван хүний толгой уруу лантуугаар цохих мэт нам болгов. – Бурхан минь би одоо яах билээ. Цэлмэг хана түшин муужран унахад Тэмүүлэн гүйн очиж түшин авав. – Эгчээ. Эгчээ.. яадаг билээ. Ухаан алдчихлаа. Алив дүү минь чи чмээгүй болоод өгөөч. Эгч уначихлаа шүү дээ. – Унах байтугай миний хувь заяа хутганы ирэн дээр оччихоод байна. Хүний амь хөнөөгдсөн. Би Цэлмэг эгчтэй хамт шоронд орно. Ангираа үнэхээр өнөө маргаашгүй шоронд орчих гэж байгаа юм аятай аяглана. Түүний зүрх сэтгэлд ямар чөтгөр шүглээд буйг тэр ойлгох сөхөөгүй болчихсон байлаа. “Та нарыг ингэж дарамталж байгаад хүний хайрыг ойлгодоггүй тэр дээгүүр зантай хүүтэй чинь заавал сууна даа би. Ээжийг нь шоронд хийнэ гэхээр
чамайг яахыг нь би харнаа. Та нар одоо намайг мэдрэх болно. Би та нарт мэдрүүлж чадна” гэж сэтгэлдээ тэр чарлан авай. – Алив Ангираа чи нааш ир. Юун шорон. Ямар хүний амь хөнөөгдсөн гэж. Та нар юу хийчихээд ямар байдалд орчихоод байгаа улс вэ? надад яг одоо тодорхойхон яриад орхи. Түдэвийн царай сааралтан ийн зандрахад цочих шиг болсон Ангираа түүний араас дагалдав. “Би та нарт өөрийгөө мэдрүүлнэ. Та нар насан туршдаа миний өмнө бөхөлзөх болно” Ангираа бат нот бодох аж. – Ээ бурхан минь би өнгөрчээ. Өнгөрч одоо яанаа… Би шоронд орох болчихлоо. Цэлмэг хоолой
зангируулан хэлээд нулимсаа арчив. – Даанч дээ. Эгч минь. Та чинь ямар арчаагүй юм хийдэг юм бэ? Та үнэхээр тэгээд хэлчихсэн юмуу? Үгүй энэ охин чинь тэгээд яасан айхтар юм бэ? Хэлж байгаа үг, аяглаж байгаа байдал чөтгөрийн ухаантай айж хирдхиймээр. Яасан аймаар охин бэ? Ийм охинтой тийм юм ярьж байдаг. Та ч гэсэн яасан муухай нүгэлтэй юм ярьж сэтгэдэг юм бэ? Би таниас хүртэл айж байна. Та чинь аллага захилчихсан юм бишүү. Бодох тусам Тэмүүлэнгийн уур хүрч хоолой нь аргах аж. – Миний дүү эгч нь гуйя. Чи миний дүү шүү дээ. Би шоронд ормооргүй байна. Надад туслаач дээ. Цэлмэгийн хоёр

нүдээр нулимс мэлтэгнэж царай нь зэвхийрч айснаас хамаг бие нь дагжин чичирч байлаа. Бас өрөвдмөөр ч юм шиг. Тэмүүлэн эгчийнхээ гараас чанга атгаж – За ямарч байсан тайвшраад юу болсноо надад ярь. Сэтгэлийн энэ цочрол хямрал, нулимс таньд сайн юм авчрахгүй. Ухаантай бай. Та энэ охинд чухам юу хэлчихээд цаламдуулчихаад байгааг чинь би сонсоё.