
… Дэд ахлагч Сүхцэрэн дэд дарга дуудаж байна. Сүхцэрэн дэд даргын дуудсан ёсоор дээш шат өгсөн гүйв. -Орж болох уу? махлаг тэгш биетэй цагдаагын дэд хурандаа түүнийг харж толгой дохиод – Ороод
ир залуу минь хэмээн уриалгахан дуудав. Сэтгэл нь тайвшраад явчихсан Сүхцэрэн дэд хурандаагын өмнө номхон цэх зогсов. – За тэгэхээр залуу минь гялалзаад байж дээ. Таны ажилдаа хандах
хандлага ур чадвар, идэвхи зүтгэлийг тань үнэлж манай цагдаагын хэлтэс Цагдаагын Академид суралцах урилгыг гардуулах гэсэн юм. Сайн сурч сайн мөрдөн байцаагч болоод ирээрэй. Таньд амжилт хүсье
хэмээн дэд дарга Сүхцэрэнд Цагдаагын Академид суралцах эрхийн бичгийг гардуулан өгөв. – Монгол Улсын төлөө зүтгэе. Даргын өрөөнөөс инээмсэглэн гарч ирсэн Сүхцэрэн нэг сүрхий амьсгаа авав.
Мөрдөн байццагч болно гэдэг Сүхцэрэнгийн бүр багын мөрөөдөл байлаа. Шаалууг ээжийг нь бүрэлгэчихээд явснаас хойш жаал хүү мөрдөн байццагч болчихоод Шаалууг гарыг нь ард нь гавлаад араас

нь өшиглөөд явах юмсан гэж чин сэтгэлээсээ боддог байжээ. Төдөлгүй нүдээр нь нулимс мэлтэсхийн дүүрч ирэв. “Ааваа ээжээ би жинхэнээсээ мөрдөн байцаагч болох боллоо” тэрээр нулимстай инээмсэглэн хэсэг зогсов. Нүдэнд нь мөнөөх хөөрхөн Дөлгөөн гэх охины сайхан нүүр мэлтэсхийн тусах шиг болов. “Үгүй очиж очиж тэрийг бодоод байхдаа яах вэ дээ. Тэр яахаараа тэгж архи ууж агсардаг байнаа. Тийм хөөрхөн охин байж шал утгагүй юм” гэж бодоод урагш алхав. Цээж дүүрэн баяр цалгих аж. “Хурдан харья. Ах минь ямар их баярлах бол” хөл нь өөрийн эрхгүй хурдсана. Сүхцэрэнг шат уруудан бууж ирэхэд жижүүрийн бүрэлдэхүүн түргэн авчихсан цагдаа нар нааш цааш гүйлдэн байлаа. Ахлагч Санчир Сүхцэрэнг харн гүйж
ирээд – Алив хурдлаарай гэсээр үүд үрүү гүйхэд Сүхцэрэн дагалдав. – Танайд нэг золгүй явдал болсон бололтой. Санчирыг ийн хэлэхэд Сүхцэрэнгийн дотор палхийгээд явчихав. “Тоодойд ямар нэгэн муу зүйл тохиолдсон юм биш байгаа даа.” – Юу болсон юм болоо. Сүхцэрэн гэнэт зовон хирдхийн асуув. – Ах чинь зодуулсан бололтой. – Юу миний ах уу даа. – За тайван бай. Бид очиж байна шүү дээ. Цагдаагынхныг очиход эмнэлгийн машин ирчихсэн зүрхэн тус газраа хутгалуулж цус их алдсанаас цонхийн цайсан Сүхболд тархиндаа хүнд гэмтэл авч ухаан алдсан үл таних залуу хоёрыг дамнуурга дээр тавин түргэний машин уруу оруулж байлаа. – Бурхан минь ахаа юу болох нь энэ вэ? тийм гэж хэлэхийн аргагүй айдас зүрхийг базалж Сүхцэрэн ах уруугаа ухасхийв. – Эмчээ миний ах амьд байна уу?
Сүхцэрэн, Сүхцэцэг хоёр нулимстай нүдээр биесээ харан эхэр татацгаав. – Их хүнд байна. Яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй. Эмнэлэгийни машин ахыг нь аван хурдлахад цагдаагынхан Сүхцэцэг, Тоодой, Өнөрөө гурваас мэдүүлэг авахаар машиндаа суулган дохиогоо хангинуулан одов. Чингүүн нэгийг бодсон бололтой байж ядан холхино. – Чингүүнээ гуйя. Би ахын араас очьё. Чи нөгөө гурвын араас оч тэгэх үү. Тоодойг алдчихваа. Тэр цагдаагаас их айдаг юм. Чингүүн толгой дохин шууд машин өөдөө явав. Сүхцэрэн хаалга үүдээ бэхлэн гарч ирэхэд Санчир Чинбат хоёр түүнийг хүлээсэн байртай зогсч байлаа. – Юу болсон юм болоо. Танайхан уруу дайрах тийм өш хонзонтой хүн баймааргүй юм. Сүхцэрэнгийн нүдэнд навсайтал хувцаслаж орц траншейгаар хоноглогч Шаалуу харагдах шиг болов.
“Гэхдээ бид түүнд өширхөхгүй байхад тэр бидэнд өширхөнө гэж үү?” хоолой өөд нь гомдол тунарна. – Мэдэхгүй юм даа. өнчин өссөн бид гурав хэнд ч ямар я муу юм хийгээгүй. – Одоо яамаар байна вэ? найзаа. – Ах өөдөө очлоо. Та хоёр ажил уруугаа яв даа. – За хөгшөөн хэрэг болбол дуудаарай. – Окей. Гаднаа ийн найрсаг хэлсэн ч Сүхцэрэн дотоод сэтгэлдээ уйлж байлаа. Амьсгалах чадвараа алдсан ах нь эмнэлэгийн орон дээр гулдайн хэвтэнэ. Хутга зүрхэнд нь их ойрхон очиж цус их алдсаныг эмч нар хэлж байлаа. Мөн ах нь амьд үлдэнэ гэдэг найдвар бага байгааг эмч нар бас хэлж байв. “Бурхан минь ганц ахыг минь амьд үлдээж өөгөөч.” Сүхцэрэн чин сэтгэлээсээ залбиран зүрхэндээ усаар биш цусаар уйлж байлаа. Ахыг нь хутгалаад Тоодойд цохиулан тархиндаа хүнд гэмтсэн том биетэй залуухан эр хажуугын
орон дээр бас амьгүй мэт гулдайн хэвтэнэ. “Газрын ямар гай хаанаас гарч ирж ахыг минь хутгалж, өөрөө Тоодойд цохиулж амиа алдах шахдаг байнаа” – Миний дүү энэ хүн тархиндаа хүнд гэмтэл авснаас харвалт өгсөн байна. Энэ тариаг олоод ирээч. Манай эмнэлэгт алга. Сүхцэрэн эмчийн өөдөөс ууртай харж – Наад хүн чинь миний ахыг хутгалсан гэсэн. Гэмгүй хүнийг яах гэж хутгалсан юм бэ? Би чадахгүй. – Тэгсэн ч гэсэн лдээ. Танай дүү цохисон юм гэсэн ш дээ. Тэгээд ч энэ хүний чинь гэр нь байтугай нэр нь хэн болох нь мэдэгдэхгүй байна. Миний дүү чи ингэж болохгүй ээ. Чи өөрөө төрийн хүн байна. Ойлгож байгаа биз. Энэ хүний амийг аврах хэрэгтэй. Сүхцэрэн эмчийн бичсэн тариаг авахаар эмчийн гараас бичгийг шүүрэн авч ахыгаа гүймэг
ажаад гарч одов. – Тиймээ би энэ хүнийг аврах үүрэгтэй цагдаа хүн. Сүхцэрэн өөртөө өмөлзөн хэлээд тариаг авахын тулд хамгийн ойрын АТМ- руу орж мөнгө авав. Тариаг авахын тулд мөнгө хэрэгтэй. – Май би тариаг нь аваад ирлээ. Энэ хүний бие яаж байна вэ? – Энэ тарианы үйлчлэлээс шалтгаална. Баярлалаа дүү минь чи их сайн хүн юмаа. Эмч түүний хямарсан сэтгэлийг засах гэсэн мэт ийн хэлээд эргэв. – Энэ хүний ар гэртэй харилцах утас байхгүй юм байх даа. – Танай цагдаагынхан зохицуулах биз дээ. Эмч инээмсэглээд цааш явав. – Тиймээ манайхан учрыг нь олох ёстой. Цагдаа шүү дээ. Хууль үйлчилж байна. Сүхцэрэн толгойгоо унжуулан ахынхаа дэргэд очив. Ах нь түүнийг анзаарахгүй хэвээр гулдайн хэвтэнэ. Сүхцэрэн чичирхийлсэн гараар ахынхаа нүүрийг илээд тонгойн магнай дээр нь зөөлөн үнсэв. “Ахаа… миний ахаа заавал эдгээрэй. Дүү нь мөрдөн
байцаагч болох болсон. Цагдаагын Акакдемид сурах урилга авсан. Дүү маань ч гэсэн хайртай хүнтэйгээ учирсан. Амьдрал сайхан болж байна ш дээ ахаа. Үхэж болохгүй шүү. Заавал амьдраарай. Хоёулаа сайхан байшин барина. Өнөрөө эгч таньд хайртай. Би бас Тоодой Сүхцэцэг гээд бүгд таньд хайртай шүү дээ. Заавал амьдраарай” гэж шивнэнэ. Утас дуугарав. Дүү Сүхцэцэг нь ярьж байлаа. – Ахаа Тоодойг хорих гээд байна. Сүхцэцэг нулимсандаа хахаж, цацан ярьж байлаа. – Юу. Сүхцэрэн цочих мэт дуу алдаад часхийн хатгуулах зүрхээ даран тонгойв. – Болохгүй ээ. Тоодойг хорьж болохгүй. Нэг нь энд ир. Тоодой айчихна. Би тэнд очих хэрэгтэй. Сүхцэрэнгийн бие хүндрээд байлаа. Амьдралын зовлон гээч ямар айхтар хүнд байдгыг тэр мэдрэх шиг болж биеэр нь хүйт даана. Яарч сандарсан Чингүүнийг орж ирэхэд Сүхцэрэн шал ширтэн гөлрөн сууж байлаа. – Та тийшээ очихуу?
Сүхцэрэн толгой дохиод гарч одов. Сүхцэрэнг хэлтэс дээрээ очиход Сүхцэцэг нүдээ даран уйлсаар угтав. – Ахаа Тоодойг хорьчихлоо. Сүхцэрэн дүүгийнхээ мөрөн дээр зөөлөн дарж – За тайвшир. Ах нь одоо холбогдох хүмүүстэй уулзаадахъя гэж тайвшруулаад цааш оров. – Ахмадаа илтгэхийг зөвшөөрнө үү? – Илтгэ. – Ахмадаа би сая цагдан хоригдсон Тоодойгийн ах нь байгаа юм. Тэгээд… – Юу. Тэр Тоодой чинь гучин настай юм байх чинь билээ. Чи чинь хэдтэй билээ. Дөнгөж хорьтой биз дээ. – Уучлаарай ахмадаа. Тоодой сэтгэцийн өвчтэй. Бид гурав өнчин хоцроод харж асрах хүнгүй хэцүүдэж байхад Тоодойгын ээж сайхан сэтгэлт эмээ биднийг өсгөж хүн болгосон юм. Ээж нь нас бараад Тоодой бидний асрамжинд үлдсэн. Тоодой хэнд ч гэмгүй хүн. Ой ухаан нь хөгжөөгүй болохоор ч тэр юмуу биднийг ах гэдэг юм.
Түүний өсөлт зогссон болохоор томоохон биетэй хүүхэд шиг харагддаг юм. Тэр цагдаагаас айна гэж жигтэйхэн. Намайг дүрэмт хувцсаа өмсчихөөр хүртэл айгаад байдаг юм. Та Тоодойг гаргачих тэгэх үү? Ахмадаа. – Ахмад нь чиний сэтгэлийг ойлгож байнаа. Сүхцэрэн минь. Миний дүү сэтгэлийн хаттай байх ёстой шүү. Тоодой тэр нөхрийг араас нь айхтар цохисон байдаг шүү. – Нүдэн дээр нь ахыг хутгалсан байгаа юм. Тэгээд тоодой их цочролд орсон байх. Уг нь тэгж уурладаггүй юм. Тэр хоёр гайтай залуу яах гэж дүүг минь айлгаж доромжилж, ахыг минь хутгалаагүй байсан бол Тоодой тэгэхгүй байсан шүү дээ.манайх байшингаа томсгож байсан юм. Элс зуурч байсан хүрзийг шүүрч цохисон юм шиг байна лээ. – Тэр л байхгүй юу? Үйлдэл шүү дээ. Хэнч харсан тэр залуус буруутай. Гэхдээ хүний амь насанд аюул учраад байна ш дээ. Тэгээд ч Тоодойг 72 цаг саатуулж тайвшруулах нь дээр юм бишүү? Сэтгэцийн цочролд орсон хүн аюултай шүү дээ. – Ахмадаа би Тоодойг тайвшруулж чадна. Ах маань
сэхэх үгүй нь мэдэгдэхгүй амь насанд нь аюул учраад байна. Тоодой энд байдаг. Үгүй үгүй ээ. Би тайван байж чадахгүй байна. Миний ээж ч гэсэн хүний гарт амиа алдсан. Тэгээд… тэгээд би цагдаа болсон юм шүү дээ. Өнчин хүүхдүүд ч гэсэн бид бие биендээ хязгааргүй хайртай. Сүхцэрэнгийн хоолой зангирч төдөлгүй халуун нулимс ар араасаа асгаран дусалж эхлэхэд хирдхийн сандарч нүүрээ шудран арчив. – За миний дүү өө. Сүхцэрэн дэд ахлагчаа. Та ингэж улцайж болохгүй шүү. Гүнзгий амьсгаа ав. Тайвшир. Амьдрал цагаа болохоор их сайхан болно. Чи харж байгаарай. Ах чинь амьдарнаа амьдарна. Тийм хүмүүст Бурхан хайртай байдаг юм. Чиний зөв юм шиг байнаа. Тоодойг гаргая. Харин чи батлан даана шүү. Өөр нэг хүн олоод ир. – Баярлалаа ахаа. Сүхцэрэн гашуун нулимстай инээмсэглэхийг ахмад харан тэр залууг өөртөө өрөвдөн суулаа. Саатуулах байрны гадна
талын цонхон доор Өнөрөө нулимсаа арчин сууж – Том ахаа… том ахаа… Өнөрөө эгчээ… Өнөрөө эгчээ… Цэцэгээ намайг аваач. Би айгаад байна. Би айгаад байна гэж сөөнгө хоолойгоор хашгирах Тоодойгын дуу сараалжин цонхоор сонсдоно. Тэнд саатуулагдсан зарим нэг хүний Тоодойг шоолон инээх нь бас сонсдоно. “Хөөрхий минь айчихаж. Миний муу Тоодой” Мөрдөн байцаагчийн хамт алхаж явсан Сүхцэрэн дотроо өмөлзөн уйлж явлаа. Төмөр хаалга тасхийн онгойж түлхүүр цоож харшин төмөр тачигнахад ихээхэн айсан Тоодойгын царай зэвхийрэн бондгосхийн цочих нь үзэгдэнэ. Тоодой айсандаа хөшсөн мэт зогсч байлаа. – Тоодойг гаргаад ир. Мөрдөн байцаагчийн сүрлэг дуунаар Тоодой цааш зугатан тусгаарлах өрөөний мухарт очиж шигдэв. – Тоодой гараарай. Тоодой салгалан чичрэх аж. Сүхцэрэн
хаалганы дэргэд очоод – Тоодой нааш ир гэж дуудав. Хоолой нь зангирах гэж түүнийг сандраана. Тоодой хурдан гэгч нь эргэж хараад инээмсэглэв. – Сүхцэрэн ахаа би айгаад байна. Их айж байна. – Нааш ирээ. Тоодой минь. Ах нь ирлээ. Тоодой айснаас дээр дор гишгэлэн ирж Сүхцэрэнгийн энгэрээс зүүгдэв. Амьсгаа Амьсгаа ихэд дээрдсэн сонсдоход Сүхцэрэнд “Тоодойг эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн ахынх нь үг сонсдох шиг болов. “Иш Тоодой минь дээ.” Сүхцэрэн өөрийн мэдэлгүй Тоодойг энхрийлэн үнсэв. -Тоодой ах нь чамайг дахиж айлгахгүй ээ. Дандаа хамт байна за. – За. Би айсан юм чинь та надад чихэр авч өг. – Иш Тоодой минь дээ. Чихэртэй манатай байхад чинь. За за ах нь чамд тайвширтал чинь чихэр авч өгнөө. Сүхцэрэн уйтайхан инээмсэглээд тоодойг саатуулах байрнаас хөтлөн гарав. Цагдаагын газраас холдмогц Тоодой инээж гарав. – Ха. Ха Өнөрөө эгч
уйлчихаж. Бас Цэцэгээ уйлчихаж. Аальгүй Цэцэгээ уйлчихаж хэмээн хуруугаараа заан хөхрөнө. – Дуугүй байгаач. Юундаа хөхөрсөн юм чи. Чамаас болж байгаа юм. Яах гэж чи тэднээс чихэр авч идсэн юм бэ? Яах гэж чи түүнийг цохисон юм бэ? Муу тэнэг чинь. Арга нь барагдсан Сүхцэцэг Тоодойг загнав. Тоодой Сүхцэцэг үрүү хэлээ гаргаад Сүхцэрэнгийн цаагуур оров. Сүхцэрэн хүндээр санаа алдаж – Эмнэлэг үрүү явцгаая даа машин барьчих гэхэд бусад нь дагалдав… … Ангираа бодол болон эргэлдэнэ. Нөгөө хоёр бүтэлгүй амьтан яагаад чимээгүй болчихов. Ганц охиныг нам болгочихож чаддаггүй малууд юм байх даа. Шар Чуку уг нь тийм юманд гаршчихсан гар даа. шар Чука гэдэг нь Ангираатай дунд сургуульд нэг ангид хамт сурч байсан залуу бөгөөд буруу замаар будаа тээн ял эдэлж байгаад гарч ирээд удаагүй байгаа аж. Ангираа Чингүүнд хайртай бөгөөд Чингүүн түүнтэй уулзахаас зайлсхийж зугатаж явсаар Сүхцэцэгтэй учирч хайр
сэтгэлтэй болсон аж. Ангираад жигтэйхэн сайн байдаг Чингүүний ээж нэг орой түүнийг дуудсан нь бодогдоно. Түүнийг очиход Цэлмэг тусгай өрөөнд цаг авчихсан тансаг ширээ засуулчихсан хүлээж суулаа. -Оройн мэнд. Их хүлээв үү? Цэлмэг эгчээ. Түдэв ах ирээгүй байна уу? – Өө миний охин хүрээд ирэв үү? Түдэв ах нь ирээгүй л байна. Эгч нь бүрр хямраадаа. Хэрэг алга. За ямарч байсан миний охин наад юмнаасаа идэж уу. Ангираа жимсний жүүс аягандаа хийж – Та яагаа вэ? бие тань өвдөө юу? Гээд өмнөөс нь харан инээмсэглэв. – Бие яах вэ? эгч нь алзахгүй. Эгч нь ер нь бол эрүүл шүү дээ. Ямартай ч арав, хорин жил амьдарч ач зээгээ хүн хийхтэйгээ байнаа. Ингэхэд миний охион би хүүгээ чамтай л гэрлүүлнэ. Өөр хэнтэй ч суулгахгүй. – Танай бэр болбол сайхан л байна. Даанч Чингүүн намайг тоохгүй юм байна ш
дээ. Гэтэл би Чингүүнд хязгааргүй хайртай байдаг. Би аль учраа олохгүй юм. Ангираа ихэд доороос санаа алдана. – Би ойлгож байнаа. Тэр золигыг тэгж давруулахгүй. Сохорсон золиг. Хажууд нь ийм сайхан, ийм сайн өөрт нь өчнөөн хайртай охин хүлээж хайрлаж байхад чинь. Тэрийг тэгж дураар нь тавихгүй ээ. Тэрийг битгий тоо миний охин. Хайраа хягадаж явахгүй бол болдоггүй юм охин минь. – Яг юу болчихоод байгаа юм бэ? Та надад нэг юм хэлэх гээд байгаа юм шиг… – Тиймээ миний охин ийм мундаг ш дээ. Цаад Чингүүн чинь… Тэр золиг нэг хэрэг тарьсан. Хэнч биш халтар царайлсан гэр хорооллын өнчин охин дагуулаад ирсэн. Тэр нь үсчин юм гэнээ. Би найз охиноо дагуулж ирж таньд сюрприз барина гээд байхаар нь чамайг дагуулж ирэх нь гэж эгч нь бөөн баяр болоод. Ширээ засаад

тусгай бэлэг бэлдээд бөөн юм боловоо. Тэгсэн тэр… би шууд л хөөгөөд гаргасан даа. Охин минь энэ хорвоод Чингүүнд хайртай хоёрхон хүн бол чи бид хоёр. Хоёулаа тэр охиныг дахиад Чингүүнтэй уулзахаа больтол нь айогах юмуу дарамтлах хэрэгтэй. – Яаж. Цэлмэгийн ярианд ихэд цочирдсон Ангираа тэгэхэд дуу алджээ. Тэгээд өөрийгөө гологдов гэж хар хор нь зэрэг хөдөлсөн Ангираа нэгэн зүйлийг сэдэхээр хэрэг болгон хөөцөлдөж байж арайхийн шар Чукатай уулзсан аж.