
Уучлаарай Готов гуай би таньд худлаа хэлсэн юмаа. Намайг Дөлгөөн гэдэг. Би жирэмсэн архи ууж болохгүй. Өвгөн овсхийтэл цочиж – Юу гэнээ. Чи нинь тэгээд жирэмсэн хэрэг үү? Тэгээд энд юу хийж суудаг
билээ. – Зүгээр дээ би хүн нүлээж суусан юм. Та өөрөө энд ирээд суучихлаа шүү дээ. – Өө нээрэн тийм билүү? Үгүй чамайг ч бас жирэмсэн гэж хэлэхээргүй байна даа. – Та өөрийнхөөрөө ойлго. Таньд
баярлалаа. Баяртай ахаа. Дөлгөөн жигтэйхэн гунигтай болчихсон байгаагаа өөрөө ойлгоагүй байлаа. – Үгүй хө. Цэцэгмаа үгүй биш Дөлгөөнөө би чамайг хүргээд өгөх үү? Түлхүүрээ гартаа атгасан хирнээ
гуйван далбилзах өвгөнийг тэр гэнэт өрөвдөх шиг болов. – Үгүй би харин таныг хүргээд өгье. – Юу. Чи намайг хүргэх гэж. Чи надтай хамт явмаар байна уу? согтуу өвгөн Дөлгөөнийг өөртэйгөө цуг явах болсонд
жигтэйхэн баярлав. Өвгөн нилээд уусан тул машиндаа ормогц хурхирч гарах нь тэр. Дөлгөөн өвгөний машиныг асаан зогсоолд тавиад суудлаа хойшлуулан унтах санаатай нүдээ анив. Туулж

өнөгөрүүлссэн хүнд хэцүү амьдрал нь бодогдоод болох биш. Шөнийн тэнгэр харанхуйлж төд удалгүй хувингаар цутгах мэт бороо шаагин асгарахад машин дотор хүйтэн болов. Дөлгөөн нимгэн хувцасласан тул машины арын суудалд тавиад орхисон хөнжлөөс нэгийг авч нөмрөөд мөн өвгөнд нэгийг нөмөргөв. Нар дээр хөөрсөн хойно Дөлгөөн сэрэн өндийв. Өвгөн сэрчихсэн тамхи татаад сууж байлаа. – Өө чи сэрчихсэн юмуу? Шөнө машинд сэрүүн байгаа биз. Би тасачихаж. Хоёулаа манайд очиж сайхан амрах уу? хэн минь намайг ойлгоорой. Хөгшин маань Малайзад охиныдоо зээгээ харж байгаа. Би гэдэг хүн ганцаараа гэртээ уйдахдаа хаа нэг сэтгэл санаа нийлчихсэн хүнтэй юу яачихаад зохицчихдог юм. Готов учирлах аястай хэлээд
машинаа асаав. – Ингэхэд таны юм бүрэн бүтэн байгаа биз. Өвгөн сая санаа авах мэт өврөө тэмтчиж үзээд – Өө бүрэн яав л гэж. Явцгаая. – Готов гуай та битгий ингэж ганцаараа танихгүй хүнтэй элдэв юм болж байгаарай. Та хэнтэй ч таарах юм билээ мэдэхгүй шүү дээ. Би таньтай энэ тэр болох гэсэндээ таньтай хамт машинд тань хоносон юм бишээ. Таныг мөнгө төгрөгөө алдчихвий гэсэн дээ таньд хань болсон юм. Би танайд очихгүй ээ. Надад ажил байгаа. Би буучихъя. – Чи хаана ажилладаг юм бэ? Би чамайг хүргээд өгье. – Би ажилгүй ээ. Надад амжуулах нэг ажил бий. – Хоёулаа хамт явах уу? “Тэгдэг ч юм билүү. Өөрөө надад хариу барих гэсэн юм байгаа биз. Автобусны мөнгөгүй юм чинь яадаг юм бэ? Энэ өвгөнтэй жаал хамт явъя. Өөрөө хүсээд байгаа юм чинь” гэж гэнэт бодсон Дөлгөөн толгой дохив. – Тэгвэл хоёулаа ерөөсөө ингэе. Эхлээд сайхан хоолонд орчихъё. Дараа
нь чиний ажлыг амжуулъя. Дөлгөөн дахиад толгой дохив. Өлсч байна гэж жигтэйхэн юм өөр яалтай ч билээ. Дөлгөөн Золбоотын хаалгыг урам муутайхан нүдээд тайлж өгсөнгүй тул урам муутайхан шат уруудав. – Яасан бэ? Хэрэг чинь бүтсэнгүй юу? – Харин тиймээ. Тэр өөдгүй амьтан хаалгаа ч тайлж өгөхгүй байна. Та намайг манай гэрт хүргээд өгчих. Ботаникын урьд тал уруу. – Чи яг ямар хэрэг бүтээх гэсэн юм бэ? Би чамд тусалж чадахгүй юм байх даа. Би чамд тусламаар байна. – Та надад яаж туслах билээ дээ. Би хүүхдээ авахуулах гэсэн юм гээд Дөлгөөн хямралаа барьж дийлэлгүй уйлчихав. Готов түүнийг сандран харж – Хүүе битгий уйл. Уйлж болдоггүй юм. Надад ярь ярь. Хоёулаа ярьж байгаад шийдье. – Би уг нь энэ Золбоотод их хайртай байсан. Гэтэл тэр эхнэр хүүхэдтэй байсан
юм байна лээ. Харин би жирэмсэн. Одоохондоо би хүүхдээ гаргах ямарч боломжгүй байна. – Үгүй тэгээд мөн ч хэцүү юмаа даа хүүхээ. Чи үр хөндүүлнэ гэдэг амар ажил биш бололтой дог шүү. Мөнгө төгрөг яах вэ? би чамд өгье. Би чамайг охин шигээ санаад туслая гэж бодлоо. Би чинь эцэг хүн шүү дээ гэж Готов бодлогшрон хэлээд түрүүвчээ уудлан арван ширхэг хорин мянгатын дэвсгэрт авч өгөв. – Чи алс нь намайг нэг баярлуулаарай. Энэ үгэнд Дөлгөөний уур дүрэлзээд явчихав. “Муусайн эрчүүд ийм балиар ш дээ” гэж бодсон ч Дөлгөөн мөнгийг авч байлаа… … Том ахаа Өнөрөө эгч ирлээ гэсээр Тоодойг харайлган орж ирэхэд Сүхболд засч байсан ажлаа орхин босов. Өнөрөө гартай тортой юм барьсан зогсч байлаа. Чихрийн хэнээтэй Тоодой түүнийг тойрон гүйнэ. -Сайн уу? Өнөрөө үл мэдэг санаа алдан
толгой дохив. – Сайн ажил чинь сайн уу? – Улирлын тайлан гаргах гээд зав байдаггүй ээ. Та хэд сайн биз дээ. – Чамайг үгүйлсэн улс. Ялангуяа Сүхцэрэн. – Тиймүү? Тэгвэл чамаас бусад нь намайг хүлээсэн юм шив дээ. – Үгүй ээ хамгийн их хүлээсэн нь би байлгүй яах вэ? өө би чинь … алив гэрт олрооч. Найз нь ойрд байшингаа засаад хэсэг хугацаанд холдсон Сүхболд, Өнөрөө хоёр ийн гэрэвшингүй уулзав. – Өнөрөө намайг уучлаарай. Би чамайг гомдоосон. – Зүгээр дээ. Болдоо минь би бас чамд тээр болох юм болов уу? гэж бодоод. Би чинь охинтой хүн шүү дээ. Сүхболд үүнд зовсон бололтой өндөсхийж – Би юу гэж охиныг чинь тээршээх билээ дээ. Яг үнэнийг хэлэх юм бол би өөрөө энэ Тоодой гэж нэг том дагуултай хүн шүү дээ. Тоодойг чамд бас хэцүү байх боловуу гэж санаад… – Үгүй ер би яалаа гэж Тоодойг адлах билээ дээ.
Тэр хоёр нэгэн зэрэг инээлдэв. – Бид хоёр шиг тэнэг хүмүүс байдаг болов уу? холдох шалтгаа өөрсдөө гаргаад. Өнөрөө би чамд хайртай. Чиний охин бол миний охин гэсэн үг. Бид нар чинь зовж зутарч хүн болсон улс шүү дээ. Тэд халуун дотноор тэврэлдэн үнсэлцэв. – Паах балиар юм. Том ах муухай юм хийж байна. Тоодойг амаа даран пир пархийн гүйхэд тэд дороо зогсон гэмшингүй инээцгээх аж. Хашааны үүдэнд машин зогсох чимээнээр үсээ сэгсийлгэсэн Сүхцэцэг гүйн орж ирж байгааг харсан Сүхболдын зүрхээр ширхийн хатгуулав. – Юу болсон бэ? Дүү минь. Ямар нэг муу юм болоо юу? Сүхболд айж нүүр нь хөхөрч, нүдээр нь ус дүүрсэн дүүгээсээ ийн шивнэх шахам асуув. – Ахаа би айгаад байнаа. Одоо яах вэ? – Юунаас тэр вэ? айх юм юу болсон юм бэ? Миний дүү тодорхойхон яриад орхиоч. Юунаас ингэтлээ айгаад байгаа юм бэ? Чи. – Харахаас аймаар хоёр хүн намайг дагаад байна.
Нүдэндээ хар шил хийсэн аймаар сорвитой том биетэй хоёр залуу өдөржин намайг харж манай үсчиний газар суусан. Ашгүй Чингүүн ирж тэр хоёрыг гармагц би хаалгаа цоожлоод шууд наашаа ирлээ. – үгүй тэд тэгээд ямар зорилготой чамайг хараад суугаад байдаг юм бол. Чингүүн тэгээд хаачсан юм бэ? – Аав нь гадаадаас ирээд уулзъя гэсэн гэнэ. Сая намайг машинаас буухад тэр хоёр залуу бас ирээд буусан. Үүдэнд байгаа биз. Бүгд хирдхийн хашааны хаалга уруу харав. Цэнхэр цамцтай өндөр залуу хаалганы завсраар харагдаж байлаа. “Хэн юм бол. Яах гэж байгаа юм бол” гэх айдас бүгдийнх нь хоолойд тулаад байлаа. – Одоо яах вэ? би яаж гарнаа. Өнөрөө айсан бололтой хоолой нь чичрэгнэнэ. – Ахаа цагдаа дуудах уу? Сүхцэцэг цонхоор харж ийн асуув. – Яасан гэж цагдаа дуудах билээ. Ямарч нотолгоогүй. Ерөөсөө ах
нь гараад уулзчихъя. Сүхболд босон үүд үрүү алхахад – Яах юм бэ? Гэж хашгирсан Өнөрөө дагалдав. Хаалганы хонх дүн данхийн дуугарахад бүгд цонх уруу гүйлдэн үүд үрүү харцгаав. Алган дээрээ баахан чихэр атгачихсан Тоодой байдгаараа инээн пир пар гүйсээр орж ирэв. – Тоодой чи хаачаад ирэв. Чамд хэн чихэр өгөө вэ? бүгдийн анхаарал Тоодой дээр төвлөрөв. – Гадаа хоёр сайн ах байна. Надад ийм чихэр өгсөн. Ха. Ха. Ха. Намайг дагуулж явж гоё юм үзүүлнэ гэсэн. – Өө. Энэ тэнэг тэд нар луу оччихсон байна ш дээ. Үхсэнээ хийж чи тийшээ очсон юм. Хая наад чихрээ хортой байвал яана. Сүхцэцэг дороо дэвхцэх нь холгүй уурсан хашгичихад Тоодой чихрээ цамцандаа боож ардаа бариад – Үгүй гоё чихэр. Минийх гэж бас хашигирав. – Энэ тэнэгээ зайлуулаач ахаа. – Чи битгий дэмий яриад байгаач. Тоодой
чамд гай болохгүй. Тоодой надтай хамт амьдарна. Гэхдээ Тоодой чи наад чихрээ битгий ид. Ах нь чамд наадахиас чинь гоё чихэр зөндөөнийг аваад өгнө. Харин Тоодой минь танихгүй хүнтэй битгий очиж уулзаад бай. Ер нь уулзах нь зөв. Яах гэж хүүхэд айлгаж яах гэж Тоодойг чихрээр хуураад байгаа юм бол гэсээр Сүхболд гараад явчихав. – Болио ахаа. Сүцэрэн ахыг эхлээд дуудъя. Цагдаа хараад явчихаж магадгүй хэмээн Сүхцэцэг учирлав. Өнөрөө түгшүүрээ барьж ядан Сүхболдын араас гарахдаа цүнхээ шүүрэн гүйв. Сүхболдыг хашаанаас гарч ирэхэд танхай байрын хоёр булиа залуу тамхи татан хашааны үүдэнд зогсч байлаа. Нэг нь татаж байсан тамхиныхаа утааг Сүхболдын нүүр өөд эрээгүй байдлаар үлээв. – Өө уучлаарай хөгшөөн. Санаандгүй үлээчихсэн чинь нүүр үрүү чинь таарчихлаа. Тамхилаач. –
Би тамхи татдаггүй л дээ. Та нарыг үүдэнд зогсоод байхаар чинь учрыг асуухаар гарч рлээ. – Чи чинь яасан хэгжүүн хулгайч вэ? хүн сайхан санаад тамхилах гэж байхад чинь томроод байх чинь. Яадаг юм бэ? энд зогсоход. Ямар чиний эзэмшлийнхашаанд орчихоо юу? Монголын газар шороон дээр Монгол залуус зогсч болохгүй юу? – Би та нартай хэроэлдэж муудахыг хүсээгүй. Энд юу хийж зогсоо юм бэ? Шаардлагагүй байж яагаад хүүхдэд чихэр өгөөд байгаа юм бэ? – Бид энд хүн хүлээж байтал нэг их өлссөн эргүү амьтан гарч ирээд гуйлгачин царайлаад зогсоод байхаар нь хэдэн чихэр өгсөн юм. Яасан болохгүй юу? Нүүрэн тус газраа гялаан сорвитой муухай харцтай залуу ирж Сүхболдыг мөрөөрөө түлхэв. Сүхболдын уур өөрийн эрхгүй дүрэлзэн шатаад явчихав. – Тэгээд та нар энд хэнийг хүлээсэн юм бэ? Ихэд уурласан Сүхболд гар нь чичирч хашгирч орхив. – Нэг муу
янханг. Сая ийшээ орсон царайлаг хирнээ үнэн зэвүүн янханг… Сүхболд хариу дуугарсангүй. Өөрийн эрхгүй гар нь зангидагдан мөнөөх залууд ойртон хамаг хүчээ хуримтлуулав уу гэлтэй шүдээ тас зуун баруун гараа залуугын нүүр өөд явуулж орхив. – Май чи миний дүүг доромжилсны хариу. Залуугын хамраас цус садран хойш найгалзан тогтов. – Болиочээ. Болиоч. Алив цагдаа дуудаач Цэцэгээ. Өнөрөөгийн адган хашгирах сонсдоно. – Өө нүүр өөд шаачихдаг байна ш дээ. Овоо муу шир вэ? нэг залуугын заналтай гэгч нь хэлэхийг Сүхболд тод сонсчээ. Даавуу ширхийн урагдах шиг бөгт чимээ гарч хавирга өөд нь өвдөлт мэдрэгдэн халуун оргих шиг болоод Сүхболд

найгалзан ойчив. – Болиочээ. Алчихлаа ш дээ гэх Өнөрөөгийн мэгшилтийг тэр бүүр түүрхэн мэдрэв. – Ахаа яанаа ахаа амь тэмцэн чарласан Сүхцэцэг ахынхаа зүрхэн тус зоогдсон хутганы ишийг мэгдэн харав. – Том ахыг минь яана гэнээ чи… май … төмөр ханхийх чимээ гарч улмаар нэг залуу газарт пидхийн унаж их хурдтай ирсэн машин тулан алдан зогсов. – Юу боловоо. Чингүүн машинаасаа үсрэн бууж газарт цустайгаа холилдон хэвтээ Сүхболд уруу ухасхийв…