Home Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “1-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “1-р хэсэг”

2 second read
0
2
1,741

Үлдэх мөр хайран Үдсэн нас хайран Үдлэх хорвоо хайран Үүрд хагацах заяа бүр хайран Шөнө орой болжээ. Айлуудын цонхоор гэрэл цацарч гоёл чимгээ зүүсэн том гацуураа тойрон цэнгэлдэж буй бололтой

баясгалантай инээд цалгина. Айл болгон салют буудуулж өнгө өнгийн гэрэл тэнгэр өөд нирхийнэ. Сүхболд хүү тэр бүгдийг ажин хэсэг зогссоноо өвөрт нь бөндөгнөх талхаа гаднаас нь барьж үзээд гэр

үрүүгээ хурдлав. Тогны мөнгөө өгөөгүй таслуулсан тул хоёр дүү нь лааны гэрэл ёлтолзуулан сууж байснаа үүд үрүү айсан бололтой хараад босов. -Өө агаа та байсан юм уу? Согтуу Шаалууг юм болов уу

гэж бодоод би айсан юм. – Айлууд шинэ жилээ тэмдэглээд лаг гоё байнаа. Аавыг байхад гурвуулаа ч гэсэн тэгдэг байсан тиймээ. За миний дүү нар наашаа суу. Гурвуулаа тортоо хуваанаа гэсээр өврөө

ухахад арван настай Сүхцэрэн, найман настай Сүхцэцэг нар горьдсон байртай харан зогсоно. Сүхболд хүү өврөөсөө бөөрөнхий талх жижигхэн боодолтой масло, элсэн чихэр гаргаж ирэв. – Агаа энэ чинь

торт биш талх л байна ш дээ. – Гэхдээ л өлсч байхад талх масло гоё ш дээ гэсээр Сүхцэрэн ярианд оролцов. – Ах нь одоохон гээд Сүхболд хулдаасан доогуур нууж хийсэн хутга гаргаж ирж талхаа зүсэн масло зузаан түрхээд элсэн чихэр тавьж дүү нартаа өгөөд чанаад богшчихсон хар цайнаас шанагаар хутган ирж – За тортоо ид. Ундаагаа уугаарай гэсээр гурван хүүхэд инээлдэн цайлав. – Агаа аавыг амьд байхад гоё ёолка болдог байсан тиймээ? – Аавыгаа их санах юмаа. – За ахын хоёр дүү өвгөн аавынхаа бэлгийг аваарай гэсээр Сүхболд халаасаа ухан хоёр алим гаргаж нэг нэгээр нь өгөв. Өөрөө харанхуйд нүүрээ халхлан, шүлсээ залгин гунигтай гэгч нь зогсоно.

“Аав минь байсан ч болоосой. Тэгвэл мөн гоё байгаа даа” гэж бодон нулимсаа цааш нь хүчлэн залгив. – Агаа май. Сүхцэцэг алимнаас жаахан таслан өмнө нь барина. – Агаа май би таньд томыг өгье. Сүхцэрэн бас алган дээрээ хуваасан алим барьсаар ойртов. Алимны үнэр ханхийхэд Сүхболдын арааны шүлс асгарна. “Алим ч ёстой гоё доо” хүү өөртөө амттанг хүсэмжлэн сүүрс алдав. – Миний хоёр дүү идчих. Идчих. Ах нь яах вэ? зүгээр том ах нь юм чинь. Сүхболд ингэж хэлээд жигтэйхэн гунигт автав. – Миний хоёр дүү жижиг өрөөндөө унтсан нь дээр шүү. Ах нь ээжийг ирэхээр ороод унтчихана. – Яах юм бэ? Жижиг өрөө хүйтэн даарна ш дээ. – Том өрөөнд унтаж болохгүй Сүхцэцэгээ. Шаалуу согтуу ирэх нь ойлгомжтой. Ирээд л бид гурвыг

зодно ш дээ. Гайгүй дээ гурван жилийн дараа арван зургаан нас хүрнэ. Дахиад гурван жил өнгөрөхөд арван есөн нас хүрнэ. Муу Шаалууг ганц сайн болгож өгнө дөө. Ээж ч гэсэн дээ. Шаалуун дагаж гүйгээд, архи уугаад. Бид гурвыг ерөөсөө бодохгүй. Аавын минь барьсан энэ сайхан байшинг бүр бузарлаж гүйцлээ. Хязгааргүй их гомдол хоолой өөд нь үерлэж Сүхболд хүү хоолой чичрүүлэн хэлээд “Хөөх том болоход наад зах нь зургаан жил болно гэсэн үг. Том болоход ч олон жил болох нь дээ” гэж өөртөө бодов. Хоёр дүү нь унтаад өгчээ. Сүхболд пийшингийн өмнө сууж хар утаа баагиулан дээш багшрах дуугуйны хаймерыг шатахыг харан гөлрөн сууна. “Энэ ээжийг архи уудаггүй болгох юмсан. Архи уугааггүй байхдаа биднийг хамгаалаад байдагсан.

Одоо бүрр архинаас гарах нь өнгөрсөн байх даа. Архи уухаараа Шаалууг дагаад бид гурвыг харж чадахаа байчих юм. Өнөө шөнө ирээд зоддог юм бол шууд эмээгийндээ очино. Хоёр дүүгээ аваад явна.” Сүхболд түгшүүрт бодолд автан хөлийн чимээ чагнана. Эмээ гэдэг нь хүүхдүүдийн аавын ээж Насан эмгэн юмсанж. Насан эмгэн хоёр хүүтэй бөгөөд том хүүгээ хорвоогоос алдаж алс Японд амьдардаг бага хүүгийнхээ тэтгэлэгээр амьдардаг хөгшин аж. Машины дуу хүмүүсийн чимээ намдах үес Сүхболд хүүгийн нойр хүрэн духалзаж өөрийн эрхгүй унтаж эхлэв. Сүхболд хүү нойрондоо сайхан зүүд зүүдэлж байлаа. Сүхболд хоёр дүүгээ дагуулан эмээгийндээ очиход эмээ нь аавынх нь хамт гарч ирээд тэр гурвыг үнсэн угтаж, аав нь хүүхдүүдээ ихэд санасан бололтой дээр, дээр өргөн гүйж, хүүхдүүд элэг

дэвтэн баярлан инээж байтал тасхийх чимээ гарч хүү цочин сэрэв. Үс нь сэгсийж нүд нь дов болтол хөхөрч хавдсан ээж нь Сүхболдыг өшигчиж байлаа. Сүхболд сэрмэгц ухасхийн босов. – Чи муу гөлөг. Цаашаа сэтгэлтэй муу гөлөг ш дээ. Чи хүний хүүхэд юм бол миний орыг засчихгүй яасан юм бэ? Тийм сэтгэл алга уу чамд ихэд хэтрүүлэн уусан Чимид хүүгээ хайр найргүй өшигчинө. – Боль Чимидээ боль. Наадах чинь гөлөг биш бэлтрэг шүү дээ. Миний хоолойг тас хэрчих бэлтрэг бол чиний энэ том хүү ш дээ. Шаалуу заналтай гэгч нь хэлээд тас зангидсан гараа хүүгийн элгэн тус газар буулгахад – Хээг гэх чимээ гаран Сүхболд өрөвдөлтэйеэ эвхрэн ойчив. – Өөе чи. Хөөе больж үзээрэй. Би чамд хүүгээ зодуулж яг харагдаач. Энэ чинь жаахан хүүхэд ойлгов уу? новш чинь… хүний эх юм гэсэндээ Чимэд ийн агсраад газарт хэвтээ Сүхболд уруу мөлхөж толгойг нь илэхчүү аядаад – Хөөе

бос бос. Битгий маяглаад бай чи хөөе. Ээжийгээ дан нэг нээнтэгэнд хийж байх юм. За миний хүү бос… бос… Эр хүн шиг байж сур. Алив миний хүү… аав чинь босоод ирэхгүйгээс хойш Шаалуу ах нь байж л дбайг л дээ хэмээн ихэд согтуурхана. – Наадахиа орхио. Чимэдээ. Нааш ир. Унтъя хайраа Шаалуу сөөнгө хоолойгоор дуудахад Чимэд эргээд мөлхөв. – За чи битгий агсарч хаагиад бай. Би чамд хайртай ш дээ. Хоёулаа ганц юм сэтгэчихээд унтъя. Сайхан амрая тэгэх үү? Тэр хоёр тэврэлдэн үнсэлдэх аядан ноололдох үед Сүхболд сэргэн арайхийн өндийв. Элгэн тус газар нь аймшигтай өвдөн нүднээс хар аяндаа нулимс асгарна. “За гайгүй дээ. Муу Шаалуу би өсч том болно доо. Чамайг ална даа би.” Сүхболд арайхийн босч ханан пийшин налан суув. Нүд нь харанхуйлж хамаг бие нь дайвалзан салгална. “Жижиг

өрөөнд ороод унтчихдаг юм билүү. Болохгүй ээ. Энэ хоёр хойноос орж зодно. Шинэ жил болж байхад адаглаж хоёр дүүгээ зодуулахгүй байхсан.” Хүү шүд зуун суусаар байлаа. – Чи шал дэмий юманд талчигнаж уур хүргээд. Нүдээ дов болтол… – Чи өөдгүй амьтан ш дээ. Чи өнөөдөр намайг зодож л бай. Нэг л өдөр би чамайг ална шүү. – За тэр яах вэ? чи ингээд талчигнаж уур хөдөлгөөд байх юм. Балтав маргааш бараагаа авчирна. Цаадах чинь зайтай эр. Чамд өдөрт хоёр шил архи өгнө. Үгүй чи бондойж байгаа биз дээ. Харин чи гурван бэлтрэгээ нэг тийш нь явуул. – Хуцдаг байна ш дээ чи. Миний гурван хүүхдийг яах гээ вэ? хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр битгий давар чи. – Юу гээд байгаа муу гичий вэ? чи. Шаалуу гэнэт уурсан ээжийг нь шал уруу түсхийтэл мөргүүлж дээрээс нь дэвсэлж эхлэхэд тэртээ тэргүй ихэд согтсон ээж нь – Аа гэж орилоод

чимээгүй болов. Сүхболд гараа явуулан харанхуйд юу ч олж чадсангүй. “Яанаа ээжийг аллаа. Ээжийгээ аврах юмсан.” Зөвхөн энэ бодолд хөтлөгдсөн жаал хүү босч гүйн гадаа гарч газраар юм хайв. Хүүгийн гарт онги нь сэтэрсэн хүйтэн сүх баригдах нь тэр. Гарыг нь аймшмгтайгаар хайран дааруулах хүйтэн төмрийг лав гэгч нь атгасан хүү буцан байшин өөдөө гүйв. “За муу Шаалуу би чамайг” хүүд хар аяндаа маш их хүч ундраад ирэх шиг болов. Нүүр өөд нь хаалга хүчтэй савагдахад хүү хойш шидэгдэн ойчив. Хүйтэн сүх гараас нь алдагдаж тархийн унав. Шаалуу энд тэнд гишгэчин хашааны хаалга өшигчин дэлгээд тэр чигтээ яваад өгөв. “За яах вэ? чамайг энэ удаа цохиж чадсангүй. Дараа заавал” бяцхан зүрх нь өөрийн эрхгүй занал хорслоор ддүрсэн ч яаж ч чадахгүйгээ мэдсэн хүү ээж үрүүгээ хурдлав.

Лааны гэрэлд ээжийнх нь царай цонхийн цайж ам хамраас нь цус садран тунаж гулдайн хэвтэж байлаа. – Ээжээ ээжээ миний ээжээ халуун нулимс асгаруулан байж уйлан дуудсан хүүгийнхээ дууг эх аль хэдийн сонсохоо больсон байлаа. Сүхболдын ар нуруу уруу ус урсах шиг хүйтэн дааж өөрийн эрхгүй уйлж гарав. Ээж нь сэрэх шинж огтхон ч байсангүй тул Сүхболд дүү нар уруугаа гүйн оров. – Сүхцэрээн, Сүхцэцэг сэрээрэй. Миний хоёр дүү босоорой. Ээж…. ээж… ээж сэрэхгүй болчихлоо. Босоорой. Хоёр дүү нь зодуулж, хөөгдөж амиа хамгаалах зөнгөөр босч сурсан тул ухасхийн босов. – Яасан бэ? Шаалуу биднийг хөөсөн үү? Хаашаа зугатаах вэ? агаа. Хоёр дүү нь шууд л өөр өөрсдийн дулаан гэсэн хувцсыг шүүрэн авцгаав. – Шаалуу ээжийг зодоод… Ээж сэрэхгүй байна. Ээж аавын хойноос явчихсан бололтой. Гурван хүүхэд дуугаа нийлүүлэн хэсэг уйлалдав. – Агаа одоо яах вэ?

Сүхцэрэн аяархани хэлээд хэнгэнэтэл санаа алдав. – Харин ээ. Гурвуулаа гарч хажуугийн айлуудад хэлье. Гурван хүүхэд гар гараасаа хөтлөлцөн бүдчин гарцгаав. Хажуугын хашааны баярлацгаасан айлууд нам унтаж, хүүхдүүд бээртлээ айлын хаалга ээлжлэн цохив. – Агаа энэ айлууд сэрэхгүй байхаа. Усыг нь зөөж өгдөг Ханд эмээгийнд очъё. – Нээрээ тэгье Сүхцэрэн. Адаглаж хоёулаа дүүгээ Ханд эмээгийнд байлгая. – Би айгаад байна. Гэртээ оръё. Ээждээ очъё. Сүхцэцэг уйлагнана. – Зүгээрээ миний дүү хоёр ах нь дундаа хөтлөөд явъя. – Хэн бэ? Энэ шөнөөр хэн хаалга цохидог байнаа. Ханд эмээгийн дуунаар гурван хүүхдийн дотор нар мандах шиг болов. – Ханд эмээ. Бид нар байнаа. Таньд ус авч өгдөг урьд айлын хүүхдүүд байна. – Ээ насаа нэм. Манайд зочид ирж байгаа хэрэг үү? Яасан орой шөнө явдаг гийчид вэ? хашааны хаалга цэлсхийн нээгдэж настай хүний амьсгаа ойртон ХАнд

эмгэний царай харагдахад хүүхдүүд уйлалдаж гарав. – Үгүй энэ чинь яаваа? Юу болоо вэ? миний хүүхдүүдийг согтуу хөлчүү хүн амьтан айлгачихаа юу? – Эмээ ээжийг минь Шаалуу зодоод ээж сэрэхгүй байна. – Ээ бүү үзэгд. Заяа таван тэнгэр минь. Базарвааны хум пад суухай. Яадаг билээ та минь. Алив ороорой миний хүүхдүүд. Хурдан ороорой. Эмгэн гурван хүүхдийг дагуулан гэртээ ороход Тоодой орон дээрээ суучихсан шар шүдээ ярзайлган хүүхдүүдийг харан инээж байлаа. Ханд эмгэн гурван хүүхэдтэй ч ухаан санаа нь гажигтай бага хүү Тоодойгын хамт амьдардаг ажээ. Тоодой хүүхдүүдийг долоовор хуруугаараа зааж – Тоглох уу? гээд үсрэн буухад – За цөгөө. Тоодой орон дээрээ гар. Тоглохтой манайтай юм болоод байхад чинь. Тоодой ээжийнхээ утсыг аваад өг гэж зандрахад Тоодой утас авчирч ээждээ өгөөд хойморийн ширээн дээрхи том тавагтай чихрийг авчран

хүүхдүүдэд атган өгч – Та нар чихэр ид. Ид. Тоодойд зөндөө бэлэг байгаа. Би та нарт чихэр өгсөн юм чинь хамт тоглоно шүү хэмээн бөөн хөөр болно. – Цагдаагын газар уу? Бурхан минь. Хүүхдүүд минь хурдан ирээрэй. Ханд эмээ цагдаа дуудаж хаяг өгөөд хүүхдүүдэд хоол цай өгч аргадна. Ийнхүү Сүхболд, Сүхцэрэн, Сүхцэцэг нар бүтэн өнчин болжээ. Ээжийнх нь ажил явдлыг Ханд эмгэн толгойлон тусалсаар сайхан дуусгав. Хүүхдүүдийг эцгийнх нь ээж Насан эмгэний асрамжинд өгөх нь зүйтэй гэж үзсэн ч аз дутан Насан гуай хэдхэн хоногын өмнө бурханы оронг зорьсон байлаа. Холбогдох байгууллагууд хэлэлцэн шийдвэрлэж хүүхдүүдийг “Хүүхэд асрах төв”-д өсгөн асрамжлах шийд гаргасан ч Ханд эмгэн хүүхдүүдийг асрамжлах хүсэлт гарган хууль ёсны асран хамгаалагч болжээ. Шаалуугын хэрхэснийг хүүхдүүд мэдсэнгүй. Ийнхүү сайхан сэтгэлт Ханд эмгэний асрамжинд өнчрөл

хагацал, өлмөн зөлмөн үргэлжилсэн арван жил өнгөрчээ… … Сүхцэцэг хайртай залуугаа хүлээн нилээд суув. Өнгийн цэцэг алагласан үнэхээрийн сайхан зун болж буйг охин гэнэт ажиглав. Хажуугын модны том саглагар олон мөчрүүд дэлбээлж өхөөрдөм хөөрхөн навчис инээмсэглэх мэт тонголзоно. Цэцэрлэгчийн ихэд хайрлан байж ургуулсан сарнай цэцгийн дэлбээ урьд шөнийн бороонд норсон ч наранд ихэмсэгээр өндийнөө. Хажууханд нь машин сархийн зогсоход Сүхцэцэг толгой өндийж ажиглаад нүд нь томроод ирэх нь тэр. Хөлсний машинаас эхлээд шоройтой гэрийн табчик цухуйн цагаан канттай хиртэй цэнхэр өмд үзэгдэн духныхаа хөлсийг хиртэй цамцныхаа ханцуйгаар шудран арчсан Тоодой малийтал инээсээр бууж ирэв. Ихэд сандарсан Сүхцэцэг ийш тийш сандчин харав. Яг энэ үед найз залуугаа хүрээд ирэх вий гэхээс ихэд айж бас ичиж байлаа.

-Цэцэгээ чи энд хэнтэй тоглож байгаа юм. Би чамайг зөндөө хайгаад азаар сая харлаа. Хэ. Хэ. Хэ. Хоёулаа энэ гол уруу чулуу долоолгож шидэх үү? Ухаан мэдрэл муутай Тоодойгын хэлсэн энэ үгү Сүхцэцэгийг жигтэйхэн уурлуулав. – Ямар юмны чинь тоглох. Чи ер нь тоглохоос өөр юм мэддэггүй мал шиг амьтан уу? яах гэж ирсэн юм чи. Юуны чинь гол. Гол хаана байгаа юм бэ? Тэнэгээ. Сүхцэцэгийг загнаж муухай харахад Тоодойгын инээсэн царайд аажмаар айдас тодроод ирэв. – Яасан бэ? Цэцэгээ. Чамайг хүүхэд зодоо юу? Би тэгвэл толгойг нь хага чулуудна. Тоодой газар самардан хэн нэгнийг чулуудах чулуу хайна. – Заваан амьтан минь харь. Битгий намайг дагаад бай за юу. Одоо яв. Яах гэж чи гэр эзгүй хаяад ирж байгаа юм бэ? Чамайг ингээд байх юм бол би чамайг цагдаад өгчихнө шүү. Энэ үгэнд Тоодой ихэд айж босоод цамцаа товчлов. – Аан цагдаа ирэхээ. Цагдаа ирэх юм уу?

энд… – Ирнэ. Ирнэ. Хурдан яваач гэр үрүүгээ. Сүхцэцэгийн үгэнд ихэд үнэмшсэн Тоодой ийш тийш айж эмээн харж явахаар завдав. – Ёох энэ тэнэгээс нэг салж амрах юмсан. Дан хүн дагах юм. Энэ балайг нэг тийшээ зайлуулж амрахсан. Сүхцэцэгийг ингэж үглэн Тоодойг адлан харж зогсоход араас нь зөөлөн гар бариад авав. Чингүүн нилээд халууцсан бололтой цамцаа задгайлчихсан зогсч байв. – Өө чи ирчихсэн юм уу? энэ нэг балай юм уур хүргээд. Өрөөсөн хөлөө үл мэдэг чирэн доголон цаашлах Тоодойгийн араас харсан хэвээр Сүхцэцэг түүнд тайлбарлав. Сүхцэцэгийн мөрөн дээр гараа тавьж Тоопдойгын араас харж зогссон Чингүүн – Энэ хэн юм бэ? Гэж асуув. – Манай ах гэж тэнэг юм энэ тэнэгийг хөөгөөд явуулахгүй гэрт байлгаад байдаг юм. Энэнийх нь лайтайг яана. Үнэн тэнэг гар. – Үгүй энэ тэгээд танай хамаатан юм уу? – Уг нь ч үгүй л дээ. Ээж нь гэж нэг сайхан эмээ бид

гурвыг ээжээсээ өнчирч зовж байхад их тус болсон юм. Сайн эмээ байсан юм аа. – Тэгээд ээж нь одоо байхгүй юу? – Байхгүй ноднин нас барчихсан. – Тэгвэл танай ах чинь их сайн юмаа. Энэ хэнийг харж асраад байдаг. – Би ч гэсэн энэ Тоодойд сайн л даа. Даанч энэ тэнэгтээд уур хүргээд байдаг юм. – Тоодой ингээд харьчихаж чадах уу? – Чаднаа наадах чинь одоо ингээд таксинд суучихна. – Оо их эд байх нь. Хүнд гар аан. Бас мөнгөтэй болоо ш дээ эр хүн. – Том ах гэж нэг юм группынх нь мөнгийг өөрт нь өдөр өдрөөр өгдөг юм. Тоодой бараг мөнгөө үрэхгүй ээ. Би заримдаа гуйж мөнгө авдаг юм. Чи нэгэнт мэдэхээс хойш. Уг нь Тоодой хүнд гэмгүй мөрөөрөө. Даанч тэнэг. Бас ажилсаг гээд Сүхцэцэг инээмсэглэв. – За Тоодой ойлгомжтой боллоо. Одоо хоёулаа манайд очъё. Би ээждээ найз охиноо авчрана гээд

хэлчихсэн. Явах уу хайраа. Тэгээд дараа нь танайд очъё. Чингүүнийг ийн шамдуулахад Сүхцэцэг хойш ухарч – Харин яах вэ? том ах намайг дөнгөж арван наймтай байж найз залуутай боллоо гэж загнасан. – Үгүй хайраа. Хайр нь шууд өнөөдөр нэг гэртээ орчихъё гээгүй биз дээ. Хайр нь чамаас хэцүү юм хүсээгүй биз дээ. Ингэхэд танай том ах чинь хэдэн настай юм бэ? Та нарыг шууд удирдах юм тээ? – Миний ах их ухаантай бас ажилсаг хоёр дүүийнхээ, бас энэ Тоодоогын төлөө юугаа ч хайрлахгүй хүн дээ. Би ахдаа маш их хайртай. Бид хоёрт ах минь аав ээжийг минь зэрэг орлодог юм. Том ах маань хорин гурван настай. – Хүүш надтай чацуу юм байна ш дээ. За явцгаая. Манайд очъё. Ээж хүлээж байгаа. – Өшөө танайд хэн байгаа вэ? – Гэрийн үйлчлэгч. Аав ажлаар “Шинэ Зеланд” яваад ирээгүй л байна. – Тийм үү? Сүхцэцэгийн

дуу цаанаа нэг сулраад явчихав. “Энэ бид хоёрын зам нийлэхгүй байхаа даа. Аав нь гадаад явдаг том ажилтай. Гэрийн үйлчлэгчтэй баян айл. Ээж нь ганган дэгжин ярвагар авгай байвал яах вэ? гэтэл би ямар амьдралтай билээ. Ганц үнэн юм бол Чингүүн бид хоёр бие биендээ дэндүү хайртай. Эднийд очихоо болих уу? эхлээд ахтайгаа ярьж зөвлөх нь зөв үү? Чингүүнийг гэх хайраа яах вэ? за за яадаг ч байсан зүрх сэтгэлээ дагая. Хайртай юм чинь болох биз.” Эцэст Сүхцэцэг өөртөө зоригжин бодов. Энэ үед Чингүүн спорт загварын гоё машиныхаа хаалгыг нээчихсэн нэг их хөөрч баярлан байдгаараа инээчихсэн зогсч байлаа. Чингүүний жаргалтай инээхийг харан Сүхцэцэгийн дотор цэлмэж инээмсэглэн гүйж очив. – Танилц ээжээ.

Миний найз охин Сүхцэцэг. Харц дээгүүр хувцас үнэтэй бөгөөд чамин царай тунгалаг атлаа ууртай Цэлмэгийг хараад охин өөрийн эрхгүй өвдөг чичрүүлэв. – Өө энэ охин юмуу? Жаахан охин байна ш дээ. Хэддүгээр ангид сурдаг вэ? чи. Цэлмэгийн дуу чихэн дээр нь тасхийхэд охин өөрийн эрхгүй навтасхийв. – Би үсчин хийдэг. – Өө хөөрхий. Үсчин хийдэг гэв үү? Мөн дөө. Манайд ийм хүн дутаж гэнэ. Яадаг ч байлаа гэсэн ээж нь ширээ засчихсан. Тийшээ ор. Хахир хатуу дуугаар захирамжилсан Цэлмэг дахин тэр хоёрт харагдсангүй. Хоолны ширээний ард суухдаа Сүхцэцэг зүүнд хатгуулсан мэт өндөлзөн байлаа. – Май миний хайр. Алив. Энэ их амттай. Гоё гэсэн болгоныг өмнө нь барьж аль болохоор аргадан царайчилж амттай гэсэн бүхнээс аманд нь барих Чингүүнийг Сүхцэцэг ихэд өрөвдөн байлаа. – Хоёулаа манай өрөөнд оръё. Чи миний хоббиг үз. Би хөгжим тоглох дуртай. Би

чамд хөгжим тоглож өгье. Сүхцэцэг үнэндээ Чингүүний гараас хөтлөн өрөө үрүү нь гүйж ормоор байсан ч хөдөлж чадсангүй. Арга барагдсан охины нүдээр нулимс мэлтэсхийн дүүрнэ. Тэрээр нулимс дүүрэн нүдээр Чингүүнийг аргадангуй харж – Яах юм бэ? Би жаахан яараад байна. Нөгөө Тоодойд бас зовоод байна. Төөрчихвий гэж. Бм харимаар байна гэв. Байдлыг ойлгосон Чингүүн охиныг жаахан хүлээж бай гэж гуйгаад гарч гүйв. Хоёр давхрын шат уруу дүүлэх мэт гарч ээжийнхээ өрөөний үүдийг угз татан оров. Ээж нь телевизийн суваг солин таагүй байдалтай сууж байлаа. – Ээжээ миний найз охин явах гэж байна. Та

бэлэг өгөхгүй юмуу? Цэлмэг хүүгээ гүймэг хараад түсхийтэл инээд алдав. – Хм. Бэлэгээ. Би бас тэр үсчинд бэлэг өгөх хэрэг үү? Үгүй дээ хүү минь ээжээс нь бэлэг авах азтай охин тэр биш байна. – Яагаад… Та чинь өнөө өглөөхөн найз охиноо дагуулаад ир. Ээж нь хамгийн нандин бэлэг өгнө гээд байсан биз дээ. – Тийм л дээ. Чамайг нэг муу үсчин охин чирээд ороод ирэх юм гэж хэн санах билээ. Тэнэг хүүгийнхээ сэтгэлийг бодоод хоолонд урьсан юм. Харин хүү минь тэр охин чинь хооллож чадсан бол одоо явуулж үз. Айхтар охин юм даа. Ер нь тэгээд одоогын охид айхтар болчихсон доо. Түдэв сайдын өндөр

босгыг даваад ороод ирэхийг бодоход их айхтар охин юм даа. – Ээжээ та энэ үгээрээ чухам юуг илэрхийлээд байгаа юм бэ? – Чиний тэр охин шуналтай. Арга заль ихтэй. Сайд эцэгтэй сайхан машин унасан чамайг мөнгөтэй гэж бодоод мөнгөнд чинь шунаж чамд зүүгдсэн нь ойлгомжтой.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…