
Давхих ч гэж дээ, зам гэж мөсөн гулгуурын талбай болж хувирсан тул мөлхүүлж л явлаа. саяхан Намуунтай үнсэлцэн уруул нь халуу шатах шиг одоо ч зөөлөн уруул нь мэдрэгдсээр… цас улам лавсан орсоор
байлаа. Цаг орой болсон ч замын хөдөлгөөн багасаагуй, удаашруулсан хөдөлгөөнд орсондоо уцаарласан жолооч нар сигналдан араасаа аажуухан мөлхөх машинууд нь мөсөн дээр халтирахаас айж
бээцийсэн хүмүүс мэт харагдана. Аз болоход хотын төвөөс холдох тусам замын хөдөлгөөн сийрч байлаа. Гэтэл баларсан юм болов. Дөнгөж Сонсголонгийн гүүр гараад л машин нь таг зогсчихлоо. Жака
ч юмуу, Баагийг дуудъя гэтэл гар утсаа алдсанаа санав. Итгэл хараал тавиад дэмий л гарч хамрыг нь сөхөж үзээд ямар ч онош тавьж чадсангүй буцаж машиндаа орж асаах гэж баахан оролдов. Тэгж тэгж
мотор нь хүржигнэн ассан ч хөдөлсөнгүй. Замаар цөөхөн машин сүнгэнэн өнгөрч, явган хүний замаар даарч бээцийсэн хүмүүс хурдан хурдан алхацгаах боловч түүнд тусалчихмаар нохой ч харагдсангүй.

Ядаж өвлийн эхэн сарын энэ хүйтэн шөнө цагаан утастай хүн ч үл харагдана. Машинаа орхиж яваад утас олж ярья гэхээр ойр хавьд утастай баймаар газар ч нүдэнд торохгүй аж. ингэсээр 12 болчихов. Тэгтэл ашгүй нэгэн эргүүлийн цагдаатай таарч 5000-аар тэргээ харуулж байхаар тохирч нэлээд хол харагдаж байгаа нэгэн байгууллагын жижүүр дээрээс утасдахаар явжээ. Итгэл тэр байшингаас Жака руу утасдан дуудаад буцаж ирэхдээ 30 мин зарцуулжээ. Санаандгүй явж байгаад 5000 төгрөгтэй болсон цагдаа их л баярлан идэвхитэй гэгч нь станцаараа ярин сууж байв. Тэр 2 нэрээ мэдэлцэн танилцах завдал ч болсонгүй. Харин станцаараа яриж
байснаас нь сонсоход түүнийг Борхүү гэдэг бололтой. -одоо хүн ирээд чирж хөдөлнө гэсээр байтал лав дахиад цаг шахуу болох нь дээ. би ч чамд хань болоод сууж баймаар л байна. Тэгсэн чинь дарга дуудаад явахаас. Итгэл санаандгүй тааралдсан замын хань нь цасан дунд бараа тасрахыг харсаар хоцрохдоо түүнтэй дахин уулзах юм шиг санагдаад байв. Удалгүй Жака аавынхаа машинаар ирж энэ үдшийн адал явдал шувтарсан билээ. Гэтэл андуурсан байжээ. Өдөр хичээл тарах үеэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дуудуулсан байлаа. Гайхалтай юм. Хүн болсоор цагдаад дуудуулж явсах түүх байх биш. Өчигдөр алдсан гар утсыг минь олсон юм бол уу? гэтэл хэн ч утас
алдсаныг нь цагдаад мэдэгдээгүй байдаг. Түүнээс дутуугүй гайхсан Жака, Баагий 2 хань болж хамт очив. Хэрэг бүртгэгч дэслэгч Болд гэж өөрийгөө танилцуулсан залуу Итгэлийг дуудаж оруулаад -За урьд шөнө 00 цагийн хооронд хаана явснаа тодорхой яриарай гэж тулган асууснаа эрх, үүрэг ч гэх шиг юм тайлбарлан байцаалт авах юм болов. -Би тэр үеэр 10-р хороололд явж байсан. Ах аа, яалаа гэж намайг байцааж байгаа юм бэ? -Сэжигтэн учраас. Чи тэнд юу хийж явсан юм бэ? Сансарт тэгээд хэдэн цагт очсон бэ? -Би ягаад сэжигтэн болдог юм бэ? Яах гэж Сансарт очих юм? -Асуултыг нь би тавина. Ломбард ухах гэж очсон юм биш үү? -Юу? Миний машин эвдрээд би 10-р хороололд
цаг гаруй зогсоод дараа нь гэртээ харьсан. -Гэрч бий юу? -Байна. Жака гээд манай найз -Та 2 нийлж ломбард ухсан уу?? гэж дэслэгч доогтой хэлээд Итгэлийн гар утсыг гарган ширээн дээр тавьж бичгийн машинаа тогших аж.Урьд шөнө нь Сансарт нэгэн ломбардыг дээрэмдээд хэргийн газарт Итгэлийн гар утас, өрөөсөн бээлийг аваачиж хаясан байжээ. Мобиком дээрх бүртгэлд нэр хаяг нь тов тодорхой байдаг юм чинь… Ингээд л Итгэл ломбард дээрэмдсэн хэргийн сэжигтэн болоод хоносон байх аж. Жакаг өнөөх дэслэгч гэрч гэж авч хэлэлцсэн ч үгүй. Ганцхан цагийн дотор захирамж гаргуулаад Итгэлийг 72-т суулгаж орхилоо. 2 найз нь цагдаа Борхүүгийн эрэлд гарч, гэрийнхэн нь, Намуун ирцгээж бөөн юм болов. Машин тонож
байгаад баригдсан, авгайгаа зодсон гэхчилэн дөрвөн үл бутэх амьтантай хамт нэгэн давчуухан өрөөнд Итгэлийг хийгээд цоожилжээ. Хэн түүний утсыг хулгайлсан байх вэ? Яах гэж очиж очиж Итгэлийг хэрэгт оруулав? Яаж ч бодоод хариулт олсонгуй. Ямар ч гэсэн өчигдөрийн уулзъя, ажил байна гээд байсан этгээд энэ хэрэгт хамаатай болж таарах нь. Машин нь хэрэв эвдэрээгүй бол тэр Итгэлийг барьж хаа нэг газар хориод энэ хэрэгт тулхчихээд гэрчгүй

үлдэх байж. Гэвч яагаад заавал Итгэлийг сонгов? Ямар ч гэсэн сандрах хэрэггүй. Нэгэнт тэр ломбард дээрэмдээгүй юм чинь учир нь олдож л таараа. Харин ч эр хүн нэг удаа ийм газарт ороод үзчихсэн байхад зүгээр ч юм биш уу гэх зэргээр өөрийгөө тайвшруулна.