
Өчигдөрөөс эхлээд Ханболд утсаа дуугарах бүрд уцаарлангуй гарган ирж хардаг болсон нь цаанаа нэг учиртай. Энэр түүнрүү хэд хэдэн удаа утасдсан хэдий ч тэрээр утсаа авсангүй бас тасласангүй.
Чимээгүй байвал аяндаа өөрөө залгахаа болих байх гэж найдсан нь талаар өнгөрч байсхийгээд л нэг мэссэж утсанд нь ирэх ажээ. Өнөөдөр ямар гоё өдөр болж байнаа, би гадуур алхаад явж байна ажил маань
бүтэмжтэй гэх мэт энгийн мэссэжээс эхлээд та хэзээ завтай вэ, яагаад утсаа авахгүй байна вэ гэсэн мэссэж хүртэл ар араасаа байсхийгээд л ирэх нь Ханболдод сүүлдээ төвөгтэй санагдаж эхлэв. Энэрийн цовоо
цолгиун зан, сэтгэл татсан инээдэнд нь татагдавч түр зуурын хэрэг гэдгийн Ханболд ойлгож эхэлсэн байлаа. Тэртээ тэргүй дурлан байж авч суусан эхнэр нь байхад жаахан хүүхэдтэй орооцолдох хэрэг юун.
Тэгээд ч Энэртэй энэ маягаараа орооцолдоод байвал сүүлдээ салахаа больж мэдэх л хүн юм, асуудал үүсээгүй байгаа дээр нь холбоогоо таслая гэж Ханболд бодоод утсаа гарган Энэрхүү мэссэж бичлээ. Сэтгэл
тавгүй үед хань болж байсанд чинь баярлалаа, ах нь одоо дахиж уулзаж амжихгүй л байхдаа. Чамтай танилцсандаа их баяртай байгаа. Ингэж бичсэний дараа бас гомдчих болов уу гэж бодсондоо, “чи үнэхээр сэтгэл булаам хөөрхөн бүсгүй” хэмээн дахиад нэг мэссэж явуулж орхиод, утсаа далд хийж нэгэнтээ урт амьсгаа авчээ.
Цайны цагаараа Соёлоо хурдхан гэгч нь супермаркет ороод ирэхээр шийдэн ажлаасаа яаран гарлаа. Ажил тарахад замын түгжрэл, тэгээд супермаркетуудын оочир ихэсчихдэг болохоор Соёлоо гэртээ эртхэн харья гэж шийдээд, цайны цагаараа дэлгүүр орж хүнсээ цуглуулахаар яваа нь энэ. Эртээдхэн хийсэн хуушуур нь хөлдүү байсан болохоор шөл ус нь тийм ч сайхан таараагүй ч Ханболд амтархан идсэнийг санан санан, харьж сайхан хуушуур хайрч өгье гэж боджээ.

Тэгээд ч өглөө Ханболд гэрээсээ гарахдаа ажлаа дуусгаад гэртээ эрт харина гэж хэлсэн болохоор ирэхэд нь халуун хоолтой байлгая гэж санаад цаг хэмнэж яваа аж. Гараа гаргаж хийсэн хоолыг нь нөхөр нь амтархан идэж байгааг харах Соёлоо туйлын дуртай. Ханболд өнөөдөр оройн хоолоо идчихээд, эртээр дагуулж яваагүй бильяардны газраа хамт очиж тоглоно гэснийг гэнэт санаад Соёлоо чигээ өөрчлөн ойролцоох үсчний салоныг инээмсэглэн зорин одов.
Ажилдаа шамдан сууж байсан Уянга гэнэт мартах шахсан зүйлээ санаад утсаа шүүрэн авч Төгөлдөрт мэссэж бичлээ. Бараг сарын өмнө шахуу хувцасны мөнгө гэж нэхэн авсан охиных нь цэцэрлэгийн багш нь өнөөдөр арван долоон цагаас ангийн концерттой гэж өглөө хүргэж өгөхөд нь зарлаж байсныг ажилдаа дарагдаад золтой л мартахаа шахжээ. Төгөлдөрт мэссэж бисэн даруй салбарынхаа эрхлэгчид учир байдлаа тоочин чөлөө авч амжив. Харин Төгөлдөрт л санаа нь зовж байлаа.
Өнөөдөр хэлтсээрээ хуралдана, жаахан оройтох байх гэж өглөө гарахдаа сануулан хэлсэн болохоор амжихгүй ч байж магад гэж гуниглангуй бодов. Урд нь бол уурлаж хашхираад ч болов дагуулаад явах сан. Даанч эртээдийн хэрүүлээр амаа таглуулчихсан, ямар нүүрээрээ далайлгаж авч явах вэ дээ. Уул нь бяцхан охиныхоо анхны концертыг нь хамтдаа үзвэл гэж Уянга санаа алдан суутал ашгүй утас нь дуугарч хариу мэссэж ирэх нь тэр. Яасан эгдүүтэй юм бэ, хурлаа хойшлуулаад яг цагтаа очъё гэсэн мэссэжийг уншаад Уянга өөрийг нь уучилсан мэт санагдан сэтгэл нь нялхарч баярлан инээд алджээ.
Хаалга онгойн Ханболдыг орж ирэхийг хараад Төгөлдөр учиргүй гайхаж орхив. Түүнийг арай ч аил дээрээ харна гэж бодож байсангүй. Харин Ханболд байн байн ирж уулзаж байсан найз нь аятай түүнрүү дөхөн очиж, сайн уу хө гарч тамхилах уу гэж хээв нэг асуух нь тэр. Төгөлдөр хэсэг эргэлзсэнээ сайн гэж нам дуугаар мэндлээд юутай ч гарахаар зэхэн үүдрүү зүглэлэв. Өрөөнийнх нь сууж байхад ажил дээрээ хар яр гээд байлтай биш, тэгээд ч хүн хүн шиг мэндлэж байна юутай ч гарч байгаад яах гэж ирсэнийг нь сонирхоё гэж тэрүүхэн хооронд бодож амжив. Гадаа үүднээс холгүй хогийн савны ойролцоо зогсоод, Ханболд хайрцаг тамхи гарган түүнрүү үг дуугүй сарвайлаа. Төгөлдөр дуртай дургүй нэгийг аван асааж аажуухан татав.
Ханболд ч мөн нэгийг амандаа зуугаад уучлаарай Төгөлдөрөө гэгч аядуухан хэлэхэд Төгөлдөр арай би буруу дуулаагүй байгаа даа гэж гайхан түүнийг ширтлээ. Ханболд улам дөхөн очиж, Төгөлдөрөө эр хүн эр хүндээ хайртай байдаг биз дээ. Би урд нь чамаас Соёлоог булааж авч байсан, харин одоо гуйж авмаар байна. Соёлоо надтай жаргалтай сэтгэл дүүрэн амьдарч байгаа. Чамтай уулзсаны төлөө миний өмнө өөрийгөө буруутгаж, сэтгэлээр их унаж шаналсан шүү. Би ч түүнийг уучилсан, бид хоёр одоо сэтгэл тайван амьдарч байгаа. Чиний эртээд харсан бүсгүйтэй би цэвэр тохиолдлоор танилцсан юм шүү.
Та хоёрын уулзсаныг мэдээд шаралхсандаа ч гэхүү хоёр гурав уулзсан нь үнэн. Гэхдээ сэтгэл алдраагүй, Соёлоог ч хуураагүй. Би тэр бүсгүйтэй дахин уулзахгүй. Тиймээс чи Соёлоод элдэв зүйл дуулгаж сэтгэлийг нь шархлуулах эсэхээ өөрөө мэддээ. Тэрийг сонслоо гээд Соёлоогийн сэтгэл зовохоос биш салаад явахгүйгээр надад хайртай юм шүү. Соёлоогийн сэтгэлийг зовох эсэхээ чи өөрөө л мэд, юутай ч би дахиад Соёлоог зовоохгүй. Ингэж хэлээд Ханболд татаж дууссан тамхины ишээ хогийн савруу чулуудаж орхиод, доошоо харан алгуурхан алхлан одлоо.

Төгөлдөр юу ч дуугарсангүй бас яриаг нь таслалгүй сонсоод, холдон одож буй Ханболдын араас удтал ширтсээр барааг нь тасартал ажлын газрынхаа гадна зогссоор байв. Төгөлдөр өөрөө оронд нь байсан бол хэзээ ч Ханболд дээр очиж уучлал гуйхгүй байх байсан. Тийм зүрх зориг гарахгүй байсан байх нь. Харин Ханболд өөрийн гэр бүлийнхээ ирээдүйн төлөө, бас хайртай хүнээ өөрийнхөө дэргэд үлдээхийн төлөө үзэн яддаг хүн дээрээ ирж уучлал гуйж байна шүү дээ.
Чамд хичнээн хэцүү зүйл байсныг өрсөлдөгч чинь явсан хүний хувьд ойлгож байна. Эр хүн гэр бүл, хайртай хүнийхээ төлөө өөрийнхөө нэр төрийг гутаагдахыг юман чинээ саналгүй тэмцдэг ажээ. Соёлоо сонголтондоо алдаагүй байжээ. Ханболд үнэхээр надаас илүүтэйгээр Соёлоог хайралдаг юм байна. Төгөлдөр толгойгоо доош нь гудайлган бодолгоширсон чигээрээ ажлынхаа хаалгыг татан орлоо. Тиймээ, чи яллаа. Би Соёлоод юу ч хэлэхгүй. Соёлоо, чи минь надад батлаж байсан шигээ сэтгэл тайван, аз жаргалтай хэвээрээ амьдраарай. Төгсөв