
Ханболдыг сууж байгааг хармагцаа одоохон Соёлоог ороод ирэх байх гэж Төгөлдөр тааварлаад сандарсан билээ. Бас л баар саванд ууж
байгаад тааралдах нь байна, санаа зовмоор юм хэмээн бодон нуугдах газар хайж байтал, харин оюутан охин инээд алдсаар Ханболдын ширээнд хэзээний танил шиг суудаг байна шүү.
Өөрөө нэг сүрхий хүн шиг л царайлаад байсан Ханболд жаахан охин дагуулаад хэнэг ч үгүй баар сав хэсч байдаг цагаандаа гарсан амьтан байж. Соёлоо өдийдэнэ тухай сэжиг ч аваагүй гэртээ хоолоо хийгээд л
хүлээж байгаа байх гэж санахаас өөрийн эрхгүй уур нь хүрэх мэт болсон ч, тэвчээртэй байж цааш нь ажиглах нь дээр гээд чимээгүй суусаар л байв. Ханболд буцан ширээн дээрээ суугаад явахаар зэхсэн
Энэрийг урамгүйхэн харлаа. Уул нь өнөөдөр жаахан тухтай хамт сууя гэж бодсон юм санж. Түүний бодлыг мэдсэн мэт Энэр инээмсэглэн уучлал гуйж, найз охинд минь яаралтай хэрэг гарсан гэнэ, би эртхэн явахгүй бол үнэхээр болохгүй гэж зөөлөн дуугаар тайлбарласан нь
Ханболдод таалагджээ. Тэгэлгүй яахав, би чамайг хүргээд өгье гэтэл хэрэггүй ээ, харин таксинд суулгаад дугаарыг нь тогтоочих гээд Энэр инээмсэглэсээр үүдрүү зүглэлээ. Тэр хоёрыг гарахтай нь зэрэг, утсаар яриадхая гээд Төгөлдөр бушуухан хаалга зүглэн гарвал яг санаснаас нь болох нь тэр.

Ханболд Энэрийг нэгэн таксинд суулгаж өгөөд, ийм эрт харимааргүй санагдсан болохоор нэгэн найзруугаа утасдахаар залгатав. Уучлаарай та гэртээ харилгүй дараагийн уулзах охинруугаа утасдаж байна уу, эсвэл аль нэг дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга болчихоо юу гэх ёжтой дуу гарлаа. Ханболд гайхан эргэн хартал, өст хүн өлийн даваанд гэгчээр хэзээнээс нааш бараг л заналт дайснаар тооцож явсан Төгөлдөр гадуур хувцасаа ч өмсөж амжаагүй, дөнгөж сая өөрийнх нь гарч ирсэн уушийн газрын үүдэнд зогсож байх ажээ. Ханболд гайхах,
сандрах, уурлах, үзэн ядах зэрэгцэн чамд хамаагүй хэрэгт битгий оролц гээд бушуухан цаашаа харан алхахад, надад огтхон ч хамаагүй харин Соёлоод л их хамаатай хэрэг байхдаа гээд Төгөлдөр шүдээ зуун зэвүүн гэгч нь инээхэд, Ханболд багтрах шахан эргэж харлаа. Авгай хүүхнүүд шиг хов зөөх нь үү гэж арга нь барагдсан янзтай хэлэх Ханболдыг хараад Төгөлдөрт түүнтэй шанаадалцаад байх хэрэг алга гэж шийджээ. Тэртээ тэргүй шалдаа буусан Ханболд одоо хэзээ түүнийг Соёлооруу утасдчих бол гэж айн бэмбэгнэх болно. Өөрөө зориглоод хэлчих зүрх зориг Ханболдод харваас байхгүй нь илт. Төгөлдөр түүний улам зэвүүг нь хүргэхээр шийдээд зөөсөн ч миний дур гээд уушийн газарт эргэн орж хаалгыг нь тасхийтэл хаалаа.
Түрүүчийн өөртөө итгэлтэй Ханболдоос үлдэгдэл ч үгүй арчигдан алга болж, өөр тийшээ ч явах хүсэл нь унтран бушуухан гэртээ очихоор яарав. Тэрээр дотроо Соёлооруу намайг очихоос өмнө утасдаж амжаагүй бол учиртай гэж бодсоор байлаа. Төгөлдөрөөс өөр хэн нэгэн танил нь харсан ч байгаасай, яах гэж тэр олны нүдэн дээр байдаг уушын газарруу зүглэж байдаг байна аа. Юу бодож тэр газрыг сонгосон юм бол гэж бодох зуураа Энэр түүнийг гэр газарт хүрээд ир гэж дуудсаныг саналаа. Хуучин уулздаг газраа очьё гэж хэлэх минь гэж яалаа хэмээн дотроо гаславч амаа барих хөг нь өнгөрчээ. Өөр хэнийг ч бай битгий Соёлоод дуулгаач гэж гуйж болох сон, очиж очиж чөтгөрийн хүү Төгөлдөртэй тэнд таарахдаа яадаг байна хэмээн өөрийгөө зүхсээр.
Харин Төгөлдөр найзууд нь шуугилдан буй ширээн дээрээ эргэн суугаад өмнөх хундагаа нэгэнтээ тогтоогоод, хэсэг зуур бодолгоширлоо. Бие биедээ дурлаж явсан хэдий ч, өөр өөр сонголт хийн салан одсон Соёлоо тэр хоёр таван жилийн дараа таарсан нь ямар хувь тавилан авчрав даа. Эргэн уулзахад сайхан байсныг үгүйсгэхгүй ээ. Магадгүй би Соёлоотой уулзахгүй байгаа ч гэсэн хуучны адил сэтгэл татагдаад, өөрийгөө барьж чадахгүй, уулзая гээд зовоогоод байвал яах вэ.
Таван жилийн дараах энэ уулзалт нь нэгэнт бий болсон хоёр гэр бүлийн амьдралыг нурааж магадгүй л юм. Би одоо Соёлооруу юу гэж ярих вэ, нөхөр чинь энд оюутан бүсгүйтэй явж байна гэж хэлбэл Ханболдод үнэхээр хайртай Соёлоод хичнээн хүнд цохилт болох бол. Тэрээр аз жаргалтай амьдарч байгаа гэдгээ түүнд батлан хэлсэн бус уу. Надад үнэмшихгүй албаар Ханболдоос салгах гэж байна гэж уурлавал яах билээ. Ханболд бол үнэмшүүлэхгүй байх бүх л арга хэмжээг авч орхино биз. Гэхдээ Ханболдын тухай үнэнийг огт мэдэхгүйгээр өөрийгөө аз жаргалтайд тооцон амьдрахыг Соёлоо хүсэхгүй байвал яах вэ. Хожмын нэг өдөр чи надад нуулгүй хэлсэн бол би ингэж амьдрахгүй байх байсан юм гэж уйлан хайлан хэлбэл Төгөлдөр өөрөө Ханболдын талд орж түүнийг хамгаалсан хэрэг болох биш үү. Төгөлдөрт түрүүхэн утасдаад хэлэх нь амархан мэт байсан боловч, яг цагаа тулахад шуут утасдаад Ханболдыг хэлэх үнэхээр хэцүү мэт санагджээ.
Хуушуураа хийсэн үү гэсээр орж ирсэн Ханболдыг хараад Соёлоо гайхасхийн хөргөгч тийш зүглэв. Чамайг хоол идэхгүй гэхээр чинь хөлдөөгөөд тавьчихсан шүү дээ, одоохон хайраад орхиё гээд хөлдөөж орхисон хэдэн хуушуураа гаргаж байтал нэг их сайхан зантай инээд алдсан хүн хажууд нь ирж суулаа. Чи яах юм бэ, цаашаа бай хиншүү хярвас гэсээр байтал Ханболд цай аягалан авч гартогооны өрөөнд тухлав.

Тэрэр орж ирэнгүүтээ хувцасаа солих далимаар Соёлоогийн утсыг сэм шагайж хараад, чимээгүйхэн унтраачихаад тухлан суусан нь энэ ажээ. Нөгөө бильяардаа тоглоод дуусчихна энэ үү гэтэл чамайг дагаад явна гэсээр байтал гэрт чинь орхиод явсан даа санаа зовоод буцаад ирлээ гэж Ханболд зулгуйдан өгүүлээд, хоолоо идчихээд хоёулаа кино үзэх үү гэхэд Соёлоо өөрийн эрхгүй инээд алдав. Юу л хийчихээд нуугаад байна даа чи минь гэж тоглон өгүүлээд , тэгье л дээ кино үзье гэхэд Ханболдын царай хувьсхийн өөрчлөгдөхийг Соёлоо даанч анзаарсангүй.