Home Өгүүллэг “5 ЖИЛИЙН ДАРАА” тууж “12-р хэсэг”

“5 ЖИЛИЙН ДАРАА” тууж “12-р хэсэг”

0 second read
0
0
684

Ханболдыг гэрээсээ гарав уу үгүй юу гар утас нь хангинав. Яаран авч үзвэл гэрээс нь залгаж байгаа аж. Соёлоо оройноос нааш араас нь залгадаггүйг мэдэх учраас гайхан автал Соёлоо хоёулаа хамт явж болохгүй юу, намайг дагуулаад явчих би уйдаад байна гэх нь тэр.

Урд нь хаашаа ч явж байсан хамт явна гэж зүтгэж байгаагүй болохоор Ханболд цочирдон сандарлаа. Өнөөдөр ёстой дэмий, муухай утаатай газар, би чамайг дараа нь заавал дагуулаад явна гэж Ханболд ятган

өгүүлэхэд, Соёлоо санаа алдаад тэгвэл эрт ирэх үү гэж тулган асуув. Дагаж явна гэж зүтгэхэд нь сандарсан Ханболд тэгэлгүй яахав, оройтохгүй гэж амлаад утсаа таслан гүн амьсгаа авлаа. Эртхэн харих

болох нь дээ, гэхдээ л дагуулж яваагүй нь яамай гэж бодоод Ханболд муухан мушийн инээмсэглэв. Эхнэрээ дагуулаад очвол Энэр гайхна биз дээ. Уянгыг цайны цагаар хооллохоор яаран гарахад ажлынх нь

гадаа муухай царайлсан Очис зогсож байхыг хараад давхин очиж, үсэртэл нь алгадах хүсэл төрсөн хэдий ч түүнийг таньсан янз огтхон ч үзүүлсэнгүй. Очис харваас түүнийг хүлээж байсан нь илт бололтой,

дөхөн ирсэн боловч ажлынхаа хүүхнүүдтэй хамт өөрийг нь харсан шинжгүй алхах Уянгааг хараад дороо зог тусан хүрч ирэх болов уу гэж бодсон бололтой хүлээзнэв. Тоосон шинжгүй өнгөрөөд явахаар нь Очис тэсэлгүй чанга дуугаар Уянгаа хэмээн дуудахад ажлын хүүхнүүд нь гайхан зэрэг шахуу эргэж харлаа. Очисыг тэгэсгээд яваад өгөх юм

байх гэж бодож байсан Уянга сандарсан ч гэлээ эргэн хараад, өө сайн уу Очисоо за юу хийж явна даа гэж энгийн танилтайгаа уулзаж байгаа шинжтэй найрсаг яриа өрнүүлсээр дөхөж очлоо. Түүнийг ийм найрсаг зан гаргана гэж огт найдаагүй явсан Очис учиргүй баярлан урагш дөхөн очсон хэдий ч, Уянгын аймшигтай харцыг хараад дороо нам зогсов. Дахин миний нүдэнд үзэгдэх юм бол өөртөө гомдоорой, нүүрийг чинь хүн харахын аргагүй болтол нь сараачаад хаяна шүү, муу өөдгүй амьтан хэмээн Уянга аяархан ч гэлээ хорсол дүүрэн дуугаар шүдээ зуун хэлээд тэр дороо эргэн ажлынханаа гүйцэн цаашаа явлаа. Булан тойрохыг алдад хяламхийн харвал Очис анх зогсож

байсан тэр газраа л нам зогссон хэвээр харагдав. Буцаад ирэхэд байж байх юм бол үгийн зөрөөгүй самардаад орхиё, их хүн хуурдаг хүн хэдэн өдөр шархтай нүүртэй явахаараа ойлгоно биз. Найз бүсгүйдээ ч бас нүүрээ яаж байгаад маажуулсан тухайгаа хэлнэ биз хэмээн зэвүүрхэн бодсоор буцан ирсэн ч, аз болоход Очис ажлынх нь үүдэнд байсангүй.

Уянга гэртээ эртлэн хариад хоолоо хийх зуураа Очисын тэнэгийг гайхсаар. Үгүй ер, нэг их гавъяа байгуулсан хүн шиг ажил дээр хүрч ирдэг нь яаж байгаа юм бол доо. Намайг уучлал гуйнгуут нь баярлаад зүүгдээд авна гэж бодсон юм байх даа. Ор тас утсаа салгаад алга болсон энэ хүнд ичих нүүр гэж байна уу гэж гайхширан бодов. Тэгээд хүн шиг утасдаад хэлж чадахгүй хар орой мэссэж бичиж гэр дүүрэг хэрүүл дэгдээж байдаг. Өчигдөр орой Төгөлдөртэй бараг л ичсэндээ хэрэлдэж орхисон билээ. Очисын мэссэжийг юу гэж тайлбарлахаа ч

мэдэхгүй, тэгээд гол нь Төгөлдөр хорон үгээр идээд байсан болохоор хаягдсанаасаа илүү ичсэндээ хэрэлдэж орхисон. Өнөөдөр Төгөлдөр халамцуу ирээд дахиад хэрүүл хийх вий дээ гэж Уянга дотроо болгоомжлов. Уул нь хуучных шигээ оройтож ууж барихаа больсон болохоор сэтгэл амар байсан сан. Одоо эргээд уугаад эхлэвэл яана гэж бодохоор Очистой шал дэмий уулзахаар явж гэж Уянга дотроо бухимдсаар байлаа. Ер нь Очис болзоондоо ирсэн байлаа гээд юу өөрчлөгдөх байсан гэж. Нөхөр, охин хоёроо орхиод Очистой сууна гэж бодсон юм болов уу, юугаа бодож болзоонд явсан байна. Одоо Төгөлдөрийг өөр хүнтэй уулзлаа гэхэд хэлэх үггүй болох нь байна шүү дээ. Чи ч гэсэн өөр хүнтэй болзоод л явдаг биздээ гэж хэлбэл үнэхээр хэлэх үггүй болох биш үү.

Уянга зөв таасан байжээ. Төгөлдөр үнэхээр нэгэн тохилог уушийн газарруу ажил тараад орж явлаа. Гэхдээ гутарсандаа юм уу, уурласандаа биш их сургуулийн нэгэн анд нь шинэ хүн мэндэлсэний баяраа хуваалцахаар цөөхөн дотны андаа дуудсан нь тэр байжээ. Төгөлдөр гэррүүгээ утасдаж учир шалтгаанаа тайлбарлахыг ч хүссэнгүй. Хэдийгээр мэссэжнээс нь Уянгыг анх удаа өөр хүнтэй нуугдаж уулзах гээд бүтээгүй болохыг нь мэдсэн хэдий ч, буруугаа

хүлээж учир байдлаа тайлбарлахын оронд арзайтлаа өөдөөс нь хэрэлдсэнийг нь бодохоор дургүй нь хүрсэн хэвээр байлаа. Ханилсан нөхрөө хуурах гэж оролдоод баригдсан мөртлөө, Соёлоотойгоо суух нь яасан гэж юм өөдөөс нь тавлаж байдаг хүнд өөрийнхөө юу хийх, яахыг

хэлэх шаардлагагүй гэж Төгөлдөр үзжээ. Хаалга татан ороход аль хэдийнэ 100 гр татаж амжсан бололтой, баярлаж халууцсан найз нь гараараа даллан дуудав. Ойрд уулзаагүй хэдэн нөхөд баяр хүргэн хундага өргөөд, ойр зуурын хэдэн үг дөнгөж сольж амжив уу үгүй юу Төгөлдөрийн гар салгалж, золтой л барьж байснаа асгаж орхисонгүй.

Азаар нөхөд нь анзаарсангүй болохоор суудалдаа шигдэн үл ялиг нугдайн суув, ийм тийшээ түр нуугдах газар хайсан боловч хаашаа ч явсан хүний нүдэнд тусах нь гарцаагүй учир, найзуудынхаа дунд түр зууртаа нугдайн суусан нь дээр санагджээ. Бас л уусаар байна хэмээн бодох вий дээ гэж Төгөлдөрийн бараг хөлс нь чийхрах мэт болсон ч, анзаарахгүй байж юуны магад гээд ширээнд дээрээ суусаар байлаа.

Харин хоёр ширээний цаана тухлан сууж буй Ханболд түүнийг огтхон ч анзаахгүй, инээд алдан мэссэж бичиж, үе үе хаалга тийш харан их л таатай байгаа бололтой сууж байлаа. Жаахан хүлээлгэчихсэн үү гэх наалинхай дуу сонсоод Төгөлдөр тэсэлгүй толгой өргөн хартал гайхалтай юм болж, хорь орчим насны бүсгүй инээд алдсаар Ханболдын ширээн сууж байх нь тэр. Мэндлэх ч үгүй хүлээсэн үү энэ тэр гэж байхыг бодоход энэ хоёр анх удаа биш хэд хэд уулзсан байх нь гарцаагүй ажээ. Төгөлдөр өрвөлзөн босох гэснээ дүү нь байж магад хэмээн чимээгүй хэсэг ажиглахаар шийдэв. Үгүй ээ, тийм ч их хүлээсэнгүй гээд

Ханболд түүнийг донжтой ширтэн хэлээд, удаан гэгч нь гарыг нь атган мэндчилсэнийг харсан Төгөлдөр үхсэн хойноо дүү нь бол гэж дотроо бодов. Ийм байдаг бий вий, Соёлоо нөхрийгөө сайн хүн гээд хир халдаахгүй байсныг нь бодоход энэ тухай зүүдлээ ч үгүй байгаа байхдаа. Өөрөөс нь арван насаар дүү бүсгүйтэй нөхөр нь уулзаад явж байдаг гэж мэдвэл яах бол гэж бодохоос Төгөлдөрийн гол нь харлав. Өөрийгөө л буруутгах байх, Ханболдыг ч, тэр бүсгүйг нь ч буруутгахгүй биздээ. Жаал бүсгүйд их л хөгжилтэй байгаа бололтой юуг ч юм их л хөгжилтэй ярисаар тас тас инээж, ширээн дээрх гар утас нь дуугарахад утсаа аван хэнтэй ч юм утсаар ярин тас тас инээсээр суух нь угийн хөгжилтэй зантай бүсгүй бололтой. Тэр бүсгүй Ханболдтой хамт байгаадаа туйлын их таатай байгаа бололтой нь харахаас илт байв.

Нилээдгүй хоногийн өмнө Ханболдод овоохон шанаадуулсанаа бодохоор Төгөлдөрийн уур нь хүрч, чи өөрөө эхнэрээ ингэж хуурч явдаг юм биз дээ гээд хариу хэлэхийн завдалгүй үсэртэл нь шанаадах хүсэл төрлөө. Гэхдээ саяхан мэндэлсэн шинэ хүнээ байн байн ярьж, нүд нь гялалзан сууж байгаа найзынхаа баярын өдөр дэргэд нь хэн нэгэнтэй гар зөрүүлэх хүсэл алга байлаа. тэр тусмаа дөнгөж сая мэндэлсэн шинэ хүний баярыг зодоон цохионоор гутааж хэрхэвч үл болох билээ. За чамайг даа өөр газар тааралдсан болов уу гэж дотроо занаад, Төгөлдөр гаднаа юу ч болоогүй мэт айвуу тайвуу суусаар байв. Та хоёрыг гарангуут араас чинь дагаж гараад, үүдэн дээр үзүүлээд өгье гэсэн бодолдоо тайвшран сууж байсан нь тэр ажээ.

Тун удалгүй Ханболд босон угаалгын өрөөг чиглэн алхлан одлоо, үгүй ер яасан сайхан тайван алхаж байх юм хэмээн төгөлдөр аанай л зэвүүцсээр. Ширээнд сууж үлдсэн залуухан бүсгүйг хэсэг ажлаа. Ханболд энэ бүсгүйд лав эхнэртэй гэж хэлээгүй байхдаа, мэдсэн бол энэ бүсгүй ингэж хөөр баяртай инээд алдсаар сууна гэж үү гэж бодож байтал бүсгүй гар цүнхээ татан авчирч, дотроос нь дахин нэг гар утас гаргаж ирэх нь тэр. Дугаарыг нь харж байгаа бололтой хэсэг хараад, эргэн тойроноо нэгэнтээ сэм ажиглаад утсаа аван юуг ч юм нам дуугаар ярьсан хэдий ч,

чихээ сунгах суусан Төгөлдөр хөгжмийн хөнгөн аян эгшиглэж байсан ч түүнийг монгол хэлээр лав яриагүйг арайхийн сонсож амжив. Бүсгүй утсаа бушуухан гэгч нь цүнхлэн, бугуйн цагаа нэгэнтээ хяламхийгээд, өмнөө тавьсан хундагатай улаан дарсыг нэг амьсгаагаар тогтоож орхив. Түрүүхэн Ханболдыг ширээнд сууж байхад бүсгүйн найзтайгаа ярьсан өөр нэгэн гар утас нь ширээн дээр байсаар байгаа нь Төгөлдөрт илхэн харагдаж байв. Харваас оюутан бололтой хорь орчим насны бүсгүй байж хоёрын хоёр гар утас хэрэглэж байгаа нь сонирхолтой хэрэг биш гэж үү.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…