
Үг сүггүй нүүрэн дундуураа цүнхээр татуулаад авсан Төгөлдөр уурлах, гайхах зэрэгцэн таг зогсож орхив. Уянга түүнийг цохиж орхиод, юман чинээ саналгүй нүүр гараа угаах бололтой угаалгын өрөө зүглэн одлоо.
Нүүр нь халуу оргин улайхтай зэрэгцэн Төгөлдөрийн уур ихээр хүрч, хойноос нь очин зад хэрэлдмээр санагдсан ч, за яахав гараад ирэхээр нь хэмээн биеэ барин тэвчлээ. Үүдний тавиур дээр тавьсан Уянгын
цүнхэнд гар утас нь жингэнэн мэссэж ирж буй нь сонсогдов. Урд нь түүний утсаар төдийлөн оролдож байгаагүй Төгөлдөр, өнөөдрийн гаргаад байгаа учир нь үл ойлгогдох аашыг нь гайхсаар санаандгүй
цүнхийг нь онгойлгон утсыг нь авлаа. Найз хүүхнүүдтэйгээ муудсан юм болов уу, тэд нар нь зүгээр харьсан уу гэж л асууж байгаа биз хэмээн бодсоор нээж уншсаны дараа, шүдээ тас зуун баргар царайлан
угаалгын өрөө зүглэн алхав. Уучлаарай, болзоондоо очиж чадаагүйг минь уучлаарай. Би найз бүсгүйгээ хуурч чадсангүй, бүгд миний буруу. Очис гэсэн мэссэж Уянгаагын утсанд ирсэн байжээ. Чиний
болзоо бүтээгүй буруутан нь би болж байна уу гэх дуунаар, цэв хүйтэн усаар гар нүүрээ угааж овоо сэхэл авсан Уянга эргэн хараад, Төгөлдөрийн гарт байгаа гар утсыг нэгэнтээ хялам хийж, Очисоос мэссэж ирж гэдгийн төвөггүй ойлгосон ч тоож хариу хэлсэнгүй хажуугаар нь өнгөрөн гал тогооны өрөөг зүглэв. Төгөлдөр хойноос нь хэрүүл өдөх санаатай даган алхсан хэдий ч, зүй нь хардаж уурлах
ёстой байтал төдийлөн уур нь хүрэхгүйгээр үл барам, болзоо нь бүтэлгүйтсэн гэж бодохоос инээд нь ч хүрэх мэт санагджээ. Гэхдээ л юун Очис болох тухай мэдэхээс татгалзсангүй. Гэр орон, үр хүүхэд гээд зав гардаггүй Уянгыг харин хэн нэгэн Очистой болзоо тогтоосон шигээ сууж байх юм гэж үнэндээ санаанд нь бууж байсангүй. Энэ чинь юун Очис гээч вэ хэмээн ёжтой гэгч нь өгүүлэхэд, халуун цай аягалан бага багаар оочин ууж байсан Уянга дуугарсангүй. Нөхрөөсөө өөр хүнтэй болзохоор яадгыг харж байна уу, ингээд хаягдаад л үлддэг юм шүү дээ , ичмээр байгаа биз хэмээн Төгөлдөр ёжтой инээн хэлэхэд Уянга тэссэнгүй нөхрөө дахин цохиод авах гэтэл Төгөлдөр гарыг нь амжин
барьж авлаа.Чи яасан гэж хүн дандаа цохиж байдаг юм. Болзоо бүтсэнгүй гээд цүнхээрээ нөхрийнхөө нүүр нүдгүй цохидог эмэгтэй хүн чамаас өөр хаана байдаг юм, ийм болохоор чинь надаас өөр хэн чамтай уулзах вэ дээ.
Тэгвэл энэ бүхэн чамаас болсон мэдэв үү. Чи намайг хэзээ ч анхаарч байгаагүй, чи намайг бусдаас хайр халамж гуйж царайчлахад хүргэсэн.
Мөөн. Хэн тэгээд энэ гэр орныг хүний дайтай авч явж байна. Би чамайг хайрлаж халамжилдаггүй дээ авч суугаа юу. Би өөрийгөө эхнэр, охин хоёрынхоо төлөө зүтгэж байна гэж бодсон чинь одоо болтол буруу бодож явсан байхнээ. Гуйлгачин шиг амьдруулж байсан гэх шив дээ.
Хайрлаж халамжилж байгаа чинь тэгвэл хаана байна. Дэлгүүр дагаж явж хоёр гурван тортой юм зөөж өгдөгөө халамжилж байна гэж хэлэх гээ юу.
-Тэгээд Очис чинь чамайг халамжилж байгаа нь энэ үү. Хаанаас энэ Очис гараад ирсэнийг ядахнаа тайлбарлаж болох ууЧамд хэлэхгүй мэдэв үү, чи надаас юу ч олж сонсохгүй.

Ичдэггүй. Айлын эхнэр болчихоод бусдын болзоонд яваад, хаягдаж үлдэхээсээ ичээсэй. Би тэр Очисыг чинь тухай мэдэхийг ч хүсэхгүй байна. Очис чинь тоох юм бол дагаад явахгүй юу чи.
Чи ч ингэж л хэлнэ дээ. Тийм л сүрхий юм бол чи өөрөө дурлаад сүйд болоод байсан Соёлоотойгоо суух нь яасан юм гэж хэлсэний дараа Уянга тэсвэрлэшгүй алдаа хийснээ ойлгожээ.
Бараантан хүрлийсэн царайтай Төгөлдөр чамайг бодсон биш, Соёлоог хайртай хүнтэйгээ сууж жаргалтай амьдраасай гэж хүссэндээ би чамтай суусан юм гээд хэрүүлээ зогсоон өрөөнөөс гарч явлаа. Гэрээсээ гараад тасартлаа уухыг хүссэн ч, тэрээр архиар сэтгэлээ засч болохгүй хэмээн өөрийгөө хорьж чадлаа. Соёлоо хэзээ ч буруу зүйл хийчихээд өөдөөс яралзтал хэрэлдэхгүй дээ, буруугаа ойлгоод лавтай уучлал гуйх байсан байх гэж Төгөлдөрт эрхгүй санагджээ. Олон жилийн дараа ийм үг сонсоно гэж санаагүй явсан Уянга үнэхээр цочирдлоо. Өөрийнхөө арга зальтайдаа Соёлоог Төгөлдөрөөс салган авч суусан гэж бодож байснаас, Төгөлдөр Соёлоогийн төлөө өөртэй нь суусан гэж зүүдэлсэн ч үгүй явж байсан гэж үү.
Маргааш өглөө арван цагийн үед гар утсанд нь дуудлага ирэх чимээнээр Соёлоо утсаа гарган хараад агзасхийн цочив. Төгөлдөр гар утсааараа залгаж байх нь тэр. Хэдийгээр ажил дээр нь таниж мэдэх хүн үгүй ч гэсэн Соёлоо бушуухан өрөөнөөсөө гарч хүнгүй газар очин утсаа авлаа. Тэрээр утсаа таслахгүй залгасаар л байв. Төгөлдөрийн дууг сонсоод Соёлоо өөрийн эрхгүй хоолой нь зангиран, түүнд нөхөр нь ямар муухай ааштай байгааг хэлж эрхэлмээр санагдсанаа өөрөө ч гайхах ажээ.
Төгөлдөр түүнээс уучлал гуйж зүгээр л мэнд мэдэх гэсэн юм гэж тайлбарлаад, нөхөр чинь зүгээр үү хэмээн мэдсэн юм шиг асуух нь тэр. Зүгээр дээ бид хоёр эвлэрсэн, санаа тавьсанд баярлалаа гээд Соёлоо чи харин зүгээр биз дээ гэж буцаагаад асуулаа. Төгөлдөр асуултанд нь хариулсан ч үгүй чи үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа юу, би тэрнийг л мэдэх гэсэн юм гэж шууд тулган асууж орхив. Соёлоо гайхан тэр дор нь хариу хэлж зүрхэлсэнгүй. Түүний аз жаргалтай амьдарч байгаа эсэхэд Төгөлдөрийг санаа тавина гэж огтхон бодоогүй явлаа.
Тэрээр ингэхэд аз жаргалтай амьдарч байгаа билүү. Тиймээ санаа тавьсанд баярлалаа, би жаргалтай амьдарч байгаа, Ханболд их сайн нөхөр. Эртээдийн чамайг цохисон явдалд бол ямар ч эр хүн уурлах нь аргагүй шүү дээ гэх зөөлөн хоолойг сонсоод Төгөлдөрийн сэтгэл уужирлаа. Ашгүй дээ, чи минь жаргалтай байвал надад өөр юу хэрэгтэй билээ, чи сайхан амьдарч байна. Бас надад миний охин байна, хангалттай аз жаргалтай амьдрахад энэ бүхэн надад хүрэлцээтэй гэж Төгөлдөр бодлоо. Биеэ сайн бодож байгаарай, би дахиад залгахгүй ээ баяртай гээд утас тасрав. Тэрээр би түүнийг хайртай хүнтэйгээ жаргалтай амьдраг гээд чимээгүй орхисон нь зөв болжээ гэж дотроо бат итгэсэн байлаа.

Соёлоо гар утсаа атган удаан гэгч нь алхалсаар суудалдаа ирж суув. Түүний аз жаргалтай байгаа эсэх нь Төгөлдөрт чухал зүйл гэдгийг тэр ойлголоо. Түүний сэтгэл нэг л баяр хөөрөөр бялхаад догдлох ч мэт сэтгэгдэл төрөв. Миний тухай санаа тавьж явдаг хүн надад бас байдаг юм шүү гэж хэн нэгэнд бардамнан гайхуулмаар санагджээ. Өөртөө хэзээ ч тавьж үзээгүй асуултыг нь Төгөлдөр түүнд тавьжээ. Ингэхэд би зөв сонголт хийсэн биз дээ, тиймээ яахын аргагүй сонголт. Хэрвээ тэр үед Уянга түүнийг хуураагүй байсан бол Ханболдыг гэнэт эргэн ирсэн ч Төгөлдөрийг сонгох байсан нь маргаангүй үнэн билээ.
Орой Ханболдыг эртлэн харихад Соёлоо гэр орноо гялалзтал цэвэрлэчихээд, хуушуур чимхсэн шиг сууж байлаа. Дуу аялан хоолоо хийж буй эхнэрээ хараад Ханболд эвгүйцэх сэтгэл төрсөн ч гэлээ, ажлын хувцасаа солиод эргэж гарахаар зэхэв. Үгүй чи чинь халуун хоолоо ч идэхгүй, орж ирэнгүүтээ хаачихна вэ гэж асуумаар байсан ч Соёлоо ойрд бухимдангүй байгаа Ханболдын уцаарыг хөдөлгөчихвий хэмээн өөрийг нь хэлтэл чимээгүйхэн хоолоо хийсээр байв. Ханболд хувцасаа сольж дуусаад, нэг найзтайгаа ажил ярингаа жаахан бильяард цохиж байгаад ирье, нэг их оройтохгүй ч гэсэн хоол идэхгүй гээд яаран гарч одлоо. Тэгвэл хуушуураа хөлдөөчихөе дөө гээд Соёлоо урамгүйхэн араас нь харсаар хоцорлоо. Үүдний өрөөний толинд удаан гунигтай харан зогсох Соёлоо бэлтгэлийн улаан цамцаа тайлж, өөртөө зохисон зөөлөн саарал цамц өмссөн байсныг Ханболд огтхон ч анзаарч харсангүй.