
Маргааш өглөө эрт хичээлтэй одоо ингээд явья даа хэмээн инээмсэглэн хэлэх Энэрийн үгнээс Ханболд зөрж чадсангүй. Уул нь дахиад түүнтэй хамт жаахан ч гэсэн баймаар санагдах боловч, учир
утгагүй үлдээч гэж гуйх нь түүнд эвгүй санагджээ. Тэгэлгүй яахав би чамайг хүргээд өгье гээд Ханболд зөөгчийг дуудан тооцоогоо хийгээд, үүдэнд хүлээж буй Энэрийн араас маадгар алхжээ. Яагаад ч юм
Энэрийн цовоо инээдийг оройжин сонссон тэрээр нэг биш нэлээн хэдэн насаар залуужин, эрч хүчтэй залуу хүү болсон мэт санагдсаар ажээ. Танайх хаана вэ гэж асуухад Энэр нэг түгдэрсхийгээд, 21-р
хороолол хэмээн хэлэв. Өө юу байхав аравхан минутын дараа хоёулаа оччихно гэхдээ Ханболд гэр нь жаахан зайдуу юм аа даа, гэхдээ л тийм холоос хичээлдээ явдаг гэхэд биедээ үнэхээр арчаатай сайхан охин юм
хэмээн хүргэж өгөх зуураа Ханболд бахархан бодов. Энэрээ чи хааяа их оройтох болвол ахдаа хэлчихэж байгаарай, ах нь хүргээд өгч байя
хэмээн хэлэхдээ Ханболд огтхон ч сандарч түгдэрээгүйдээ өөрөө ч гэсэн гайхлаа. Тэрээр миний дүү гэсэнгүй Энэрээ чи гэж дуудсан нь цаанаа л нэг учиртэй мэт Энэрт санагджээ.
Өнөөдөр Уянга анх удаа гэртээ ганцаараа иржээ. Ганцаараа гэдгийн учир нь гэвэл бяцхан охиноо цэцэрлэгээс нь авахыг эмээд нь даалгаж орхиод, эмээгээс нь очиж авах зарлигыг нөхөртөө буулгаад өөрөө гэртээ ажил тарав уу үгүй юу ганцаар яаран ирсэн нь цаанаа учиртай. Уянга хурдхан гэгч шүршүүрт ороод үсээ хатааж байх зуураа, хувцасныхаа шүүгээний хаалгыг онгойлгоод хэсэг бодолгошрон зогслоо.
Шинэ жилээс өөр өдөр хэрэг болгон гоёж гоодоод байдаггүй болохоор өнөө орой ямар хувцас өмсөхөө шийдэж ядан хэсэг зогсов. Ямар ч байсан сэтгэл булаам сайхан хүүхэн болох зорилгыг өвөрлөсөн Уянга, анх ажилд ороод удаагүй байхдаа гоёх зорилгоор худалдан авсан хэдий ч дэндүү ганган юмуу гэж бодоод, хэдхэн л удаа зориглож өмссөн даашинзаа гаргаж ирлээ. Галбираа алдаагүй биедээ тааруулан өмсөж үзэхэд, харин ч урд урдынхаасаа илүү ихээр зохиж байгаа мэт санагдахад, даашинзаа буцаан тайлсангүй. Хэсэгхэн хугацааны дараа Уянга өөрийгөө сонжин том толины өмнө сэтгэл хангалуун харан хэсэг зогссоны эцэст, дуртай сүрчигээ түрхээд хаалгаа түгжин инээмсэглэн гадагш гарлаа. Орцны үүдэнд дуудлагын такси түүнийг хүлээх ажээ.

Хотын төвийн тохилог рестораны үүдэнд хувцасаа өгүүлээд орж ирж буй гялалзсан цовоо харцтай, сайхан бүсгүй хөнгөхөн алхалсаар орж ирэхэд, цөөн хэдэн ширээнд сууж байсан үйлчлүүлэгчид өөрийн эрхгүй сонирхон ажих нь Уянгад ихээр таалагдаж, дотроо инээд нь хүрсээр булангийн ширээ рүү зүглэлээ. Өвөрмөц засалтай тохилог ресторанд тухтайхан сууж хоол идэлгүй хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд.
Төгөлдөртэй охиноо аваад хааяа нэг энд тэнд амралтын өдрүүдэд хооллодогыг эс тооцвол, өөртөө зориулан ийм ресторанд суухаа болиод их л удсан санагджээ. Гавшгайлан ирсэн эелдэг зөөгчид захиалгаа өгчихсөний дараа, бушуухан ариун цэврийн өрөө орж өөрт нь өө сэв байна уу үгүй юу хэмээн дахин нэг сайтар нягталмаар санагджээ.
Угаалгын өрөөг зорин алхахдаа, дөнгөж сая орж ирж буй хосын залуу нь харц унагах, дэргэд нь яваа бүсгүйн зэвүүцэн шилбэлзэхийг ажаад, өрөөний хаалга татан орсоны дараа хэсэгт инээж авлаа. Инээд дуусаад өөрийгөө толинд дахин сайтар ажаад, хувцасан дээрх үл үзэгдэх тоосоо гөвөн, уруулаа бага зэрэг сэргээн өнгөлж орхив. Толинд түүний өөдөөс гялалзсан сэргэлэн харц, үл ялиг өнгөлсэн ихэмсэг ягаан хацартай, өтгөн сормуустай нүдтэй, сайхан биетэй бүсгүй инээмсэглэн харж байлаа.

Бэлтгэлийн хувцас углаж, үсээ ардаа боолтоор боож орхиод, хоол хийж, хүүхэд арчилсаар нөхрөө угтдаг гэрийн эзэгтэйтэй өчүүхэн ч төстэй зүйл олж хараагүйдээ жаахан гайхасхийв. Залуу хүн байна даа, охиноо гаргаад өөрийгөө бараг л тоохоо байсан байна шүү. Хааяа даа ч гэсэн ингэж өнгөлөг явж байя, би чинь хэдэн настай ч байсан эмэгтэй хүн хэвээрээ байна шүү дээ хэмээн бодсоор сэтгэл хангалуун суудал руугаа буцан зүглэлээ.