
Доди багаасаа төгөлдөр хуур тоглож байсан бөгөөд эцэг нь амьд байхад найзууд нь гэртээ урьж тоглуулдаг байлаа. Багаасаа тоглосон төгөлдөр хуураа энд авчирсан ч жилийн хугацаанд нэг ч удаа
дуугаргасангүй. Харин энэ өдөр яагаад ч юм бэ тогломоор санагдаж өөрийнхөө хамгийн дуртай аяыг тоглов. Милли доод давхарт юм угааж байснаа нэгэн сайхан аялгуу сонсож хаанаас дуугараад байгааг
гайхан ийш тийш хархад Додигийн өрөөнөөс сонсогдож байгааг мэдээд – Энэ охиныг шал хэрэггүй юм авч ирээд тавьсан гэж бодсон чинь ингэж гоё тоглодог байсан юм уу. Ямар гоё эгшиглэнтэй юм бэ.
Даанч жоохон гунигтай юм гээд үргэлжлүүлэн юмаа угааж эхлэв. Дурлалд хорогдсон цаг хугацаа удаан боловч урсан өнгөрч Доди Кидийг харсан өдрөөс хойш хагас сар өнгөрчээ. Доди өдөр нь Лоренцо
дээр очиж элдвийг ярин үдэш нь төгөлдөр хуураа тоглон гунигаа арагдсаар Кидийг хүлээсэн уртаас урт 15 хоног өнгөрчээ. Энэ өглөө мөн л Лоренцо дээр очиход Лоренцо хийл хөгжмөө хажуудаа тавин
урт сандал дээр Додиг хүлээн сууж байв. Доди ирээд өглөөний мэнд Лоренцо гэж хэлээд хажууд нь суув. – Өглөөний мэнд Доди гэж харриу мэндлэхэд – Доди таны дурлалт залуугийн тухай нэг сураг дууллаа гэж Лоренцо намуухан хэлэхэд Доди яаран Лоренцо Ямар сураг . Ямар мэдээ вэ? гэж шавдууллаа – Тиймээ Доди би нэг юм мэдсэн гэж
Лоренцо хэлэхдээ нэг л хачин байсанд Доди эргэлзсэн байдалтайгаар – Лоренцо яаваа Кидэд ямар нэгэн муу юм тохиолдоо юу? Лоренцо чи намайг бүүр айлгаж орхилоо шүү дээ гэж хэлэхэд Лоренцо дуугүй байснаа үсээ хойшлуулан толгойгоо тонгойлгон хэрэг хийсэн хүүхэд шиг гэмшсэн хоолойгоор – Доди чи сэтгэлээ бариарай миний хэлэх гэж буй зүйл тийм ч таатай санагдахгүй байх шүү. Доди Кид өнөө орой нэгэн хадагтайд зориулж хүлээн авалт хийх гэж байна. Тэр хадагтай хоёр долоо хоногийн өмнө манай хотод ирсэн юм байна. Аав нь маш
баян эрх мэдэлтэй гэж дуулсан. Түүний охин нь хүмүүсийн ярьж байгаагаар их үзэсгэлэнтэй хадагтай юм гэнэ. Тэгээд өнөө орой тэр хадагтайд зориулж хүлээн авалт хийх юм байна гэж голдоо хэд хэд таслан хэлэхэд нь Додигийн зүрхийг ямар нэгэн хүчтэй гар чангаас чанга базах шиг болж юу ч дуугарч чадахгүй нэг тийшээ таг ширтэн дуугүй суулаа. Тэгэж нилээд сууснаа – Лоренцо ямар ч байсан таньд баярлалаа. Би хоосон зүйл мөрөөдөж байснаа мэдсэн ч дурласан зүрх минь намайг өчүүхэн төдий итгэл найдварыг хадгалахыг шаардаж байсан юм. Харин тэр итгэл найдвар минь алга боллоо гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэхэд Лоренцо Додиг өрөвдөн “би тэр итгэл найдварыг унтраадаг буруу юм боллоо” гэж бодон Додид хандан
– Доди минь дурлал заавал ямар нэгэн зүйлд итгэхийг шаарддаг . Хэрэв тэр нь үгүй болчихвол өөр нэгэн зүйлд итгэхийг шаарддаг. Та хүсэхгүй байгаа ч таны зүрхэнд өчүүхэн ч гэсэн горьдлог үлдсэн л байгаа. Магадгүй болох болохгүй юманд үнэн сэтгэлээсээ итгэж, хүсэж хүлээх нь дурлалын хамгийн нандин зүйл байхаа. Та нэгэнт дурласан болохоор итгэж бас хүлээхгүй байж чадахгүй гэснээ хийлээ барин босож – Би таньд итгэл найдварын аялгуу зориулан тоглоё гээд зоримог хурдан хэмнэлтэй аялгуу тоглоход Додигийн нүдийг нулимс бүрхсэн байснаа тэсэлгүй эхэр татан уйллаа. Лоренцо Додигийн уйлахийг сонсоод хөгжимдөхөө больж хажууд нь суулаа. – Ээ Доди минь чи Кидийг хэн нэгэнд дурласаных нь төлөө буруутгаж болохгүй биз дээ. Бас Кидэд дурласандаа ч харамсах хэрэггүй. Яагаад гэвэл бид чинь дурлахгүй байж чадахгүй тийм өчүүхэн амьтад шүү дээ гэж нүдээ даран уйлах Додигийн мөрөн дээр гараа тавин хэллээ Доди уйлсан чигээрээ – Тиймээ Лоренцо би Кидыг буруутгаж чадахгүй.

Өөрийгөө ч гэсэн. Надад түүнд дурлахгүй байх боломж байгаагүйтэй адил Кидэд ч бас тийм боломж байгаагүй нь мэдээж шүү дээ. Дурлал ямар асууж ирэх биш. Тийм болохоор гунигаа хадгалаад л хоцрохоос доо. Өөр яах юм бэ. Лоренцо чамд баярлалаа. Би одоо явахгүй бол болохгүй нь. Маргааш уулзая даа гээд нулимсаа арчин бослоо. Лоренцо даган босоод – Юунд баярлахав дээ. Харин намайг уучлаарай гэж хэлээд Додигийн хөлийн чимээ тасартал зогссоноо аяархан – Би чамайг насан туршдаа хүлээх болно гэж амандаа хэлсэн ээ сандал дээрээ лаг хийн суулаа. Доди Лоренцогоос салаад Миллигийнх рүү явлаа. Түүнийг Лоренцогийн дуулгасан мэдээ бүүр зовоож орхив. Хэнд гомдож байгаагаа мэдэхгүй ч гэсэн ямар нэгэн хүнд гомдож байгаа юм шиг санагдаж нулимсаа арчсаар Миллигийнд ирэв. Миллид уйлснаа мэдэгдүүлэхгүйн тулд нулимсаа алгаараа арчин ороход Милли тосон гарч ирээд Додигийн чихэнд амаа ойртуулан – Кид ирсэн. Чамтай уулзах хэрэг байгаа гэнээ. Чи оч оч гээд хэлж амжаагүй байтал шатны хажуу талын өрөөнөөс Кид гараад ирэв. Доди сандран яахаа мэдэхгүй хэсэг будилснаа – Та …..Та сайн байна уу гэж ээрэн хэлэхэд – Кид Та
сайн байна уу? хадагтай Доди би таньтай уулзах гэсэн юм. Өнөө орой би хүлээн авалт хийх гэж байгаа юм. Тэгээд таныг төгөлдөр хуур сайн тоглодог гэж Милли эгч хэлсэн болохоор өнөөдрийн бяцхан үдэшлэг дээр минь хэдэн ая тоглож өгөхгүй юу гэж гуйх гэсэн юм л даа гэхэд Доди доош харан – Уучлаарай би тийм сайн тоглож чадахгүй л дээ. Тиймээс таны сайхан баяр баясгаланг гутаачих байх гэж айж байна гэж хэлээд дээш шатны зүг алхлаа Милли сандран – Доди өнөөдөр жаахан бие нь тааруу байгаа л даа гэхдээ чи санаа зоволтгүй. Би аваад очьё гэж хэлэхэд Кид жаахан эвгүй байдалд орсон тул – Милли эгчээ уучлаарай. Би түүний дургүйг нь хүргэчих шиг боллоо. Гэхдээ та аваад очихыг бодоорой. Манай хотод төгөлдөр хуур тоглодог хүн бараг байхгүй болохоор аваад л очихыг бодоорой. Би хүлээн авалтаа хөгжимгүйгээр хиймээргүй байна. Би долоон цагт сүйх тэрэг явуулчихья гэж хэлээд гараад явчихлаа. Кидийг явсны дараа Милли дээш гаран Додигийн өрөөнд ортол Доди орон дээрээ доош харан уйлж байв. Милли орон дээр сууж Додигийн зөөлөн шаргал үсийг илээд –
Охин минь чи хүлээж хүлээж нэг ирэхэд нь ийм юм яриад явуулчихдаг гэснээ санаа алдан – Доди чи орой хэдэн сайхан ая тоглоод л өгчих. Бас Кидэд сэтгэлээ илчлэх боломж гарах ч юм билүү гэж Додигоос гуйсан янзтай асуув. Доди Лоренцогийн ярьсныг сонсоод ирж явахдаа энэ хотоос явахаар шийджээ. Милли эгч нь ингэж гуйгаад байхаар нь нээрээ Кидтэй сүүлийн удаа уулзаж салах ёс хийе гэж бодон өндийлөө – Милли эгчээ очвол очьё доо гэж зөвшөөрлөө. Оройн 7 цаг дөхөж гоёмсог даашинз өмсөн шаргал үсээ самнаад зөвхөн хоёр удаа зүүсэн үсний даруулгаа үсэндээ зүүв. Тэрээр толинд тусах муухай царайгаа үзэн ядах шиг болов. Энэ муухай багийг хаяад хэзээ ч зүүмээргүй санагдаж байв. Доди хувцаслаж дуусаад цонхондоо ойртон Кидийн сүйх тэрэг ирэхийг харан зогслоо. Энэ хооронд Доди Ааваа би таны захиасыг биелүүлж чадахгүй нь уучлаарай. Хүмүүсийн хүйтэн хөндий харц миний тэвчээрийг бараагүй ч охин чинь хэн нэгэн хүн надад дурлахаас өмнө хүнд дурлачихлаа. Харин тэр хүн маань өөр хүнд хайртай. Тиймээ өөр хүнд хайртай. Аав минь таны хэлсэнчлэн сайхан сэтгэлд минь дурлах хүн байхгүй юм шиг байна. Яагаад гэвэл би ч гэсэн түүний гоо үзэсгэлэнд нь дурласан шүү дээ. Аав минь та энэ үед яахыг минь хэлээд өгөхгүй яав даа. Охин чинь ганцаардаж байна гэж өөрөө өөртэйгөө ярьж суутал сүйх тэрэг ирж зогсох сонсогдлоо. Доди яаран босоход зүрх нь яагаад ч юм хүчтэй цохиллоо. Додиг шатаар бууж ирэхэд Милли тосож – Охин минь чамайг авахаар ирлээ. Чи бэлэн үү? гэж асуулаа. Доди толгой дохих үүд рүү алхахад нь Милли араас нь даган алхав. Доди сүйх тэргэнд орж суунгуут хөтөч яаран морио хөдөлгөхөд Милли “араас нь хөөрхий охиныг бурхан ивээг” гэж хэлсээр хоцров.Додигийн зүрх хүчтэй
цохилон тайвшрах гэж оролдовч чадсангүй. Чухам юунд ингэж догдолж байгаа болохоо өөрөө ч мэдэхгүй байлаа. Сүйх тэрэг бага зэрэг донслон явсаар зогсоход Додигийн зүрх улам хүчтэй цохилон бараг амаар нь гарах гэж байгаа юм шиг болоход Доди амандаа “ааваа надад туслаарай” гэж үглэнэ. Тэрэгний хаалга онгойж хадагтай та буугаарай гэхэд нь Доди толгойгоо өндийлгөн хартал Кид зогсож байлаа. Доди аль болох тайван байхыг хичээн сүйх тэрэгнээс буугаад хартал хоёр талаар нь цэвэрхэн жигд зассан ногоон модтой цэцэрлэг, цаана нь сүрлэг сайхан байшин харагдлаа. Доди амандаа энэ хотод ийм сайхан байшин байдаг юм байхдаа гэж шивнэснээ урагш Кидийг даган алхав. Кид – Хадагтай таныг ирсэнд би маш их баярлаж байна. Та тавтай морил гэж хэлэхэд Доди байшин руу харсан чигээрээ – Зүгээрээ эрхмээ гээд алхаагаа хурдасган том хаалганы дэргэд ирж зогсов. Кид Додид хаалгыг онгойлгож өглөө. Доди дотогш ортол өргөн саруул том дугуй танхим харагдах бөгөөд ханыг нь уран зураг, гоёмсог хээгээр чимэглэсэн гоёмсог саруул танхим харагдав. Кид Додигийн гараас барьж “хадагтай ийшээ” гээд баруун талд буй хаалга руу ортол гоёмсог ганган хувцсаараа уралдаж байдгаараа гоёсон язгууртан хадагтай, нар хар хүрэм цагаан цамц эрвээхэй зангиа зүүсэн ноёдууд хэсэг хэсгээрээ энд тэнд элдвийг ярилцан гартаа хундага дарс барин зогсоцгоосон байлаа. Кид Доди хоёр орж ирэхэд бүгд тэр хоёр луу харан шивэр авир хийн Додиг харсан хэн ч гэсэн ярвайж, зарим эмэгтэйчүүд нь инээж байгаа харагдав. Кид Додид хандан – Та энд түр хүлээж байхгүй юу гэж хэлээд гараад явлаа. Доди цонхны хажууд ганцаардан зогсож эгдүүцэн харах хүмүүсийн харцнаас нүүр буруулан хананд өлгөөтэй зургийг ажиглан зогсож байв. Тэр зурганууд дунд морь унасан гоо бүсгүйн өмнө баатар эр өвдөг сөгдөн сууж буйг дүрсэлсэн нэгэн гайхалтай зураг байв. Доди тэр зургийг хэдий удаан ширтсэнийг бүү мэд нэг л мэдэхэд Кид хажууд нь ирээд – Хадагтай танд энэ зураг таалагдаа юу? гэж асуухад Доди цочис хийснээ – Аан тиймээ сайхан зураг байна гэхэд Кид толгой дохин – Тиймээ энэ маш сайхан зураг зураач нь дурлалын хүч гэж нэрлэсэн юм. Нэгэн домгоос сэдэвлэн зурсан юм гэнэ лээ. За за хадагтай би таныг зочдодоо танилцуулъя гэхэд нь Доди ихэмсэг зочдоос нь цэрвэж байсан тул аль болох цаг хожих гэсэндээ – Та тэр домгийг мэддэг бол яриад өгөхгүй надад маш сонирхолтой санагдаж
байна гэхэд Кид инээмсэглэн – Хадагтай та их сониуч хүн юм аа. Миний аав энэ домгийг надад ярьж өгсөн юм. Би танд нэг их урт биш болохоор ярьж өгье л дөө гээд – Эрт дээр үед нэгэн бүсгүй байж. Тэр маш ядуу муухай царайтай болохоор хүмүүс түүнд дургүй байж. Гэвч тэр бүсгүй маш сайхан сэтгэлтэй ухаалаг юмсанжээ . Нэгэн өдөр тэр бүсгүйн гэрт ядуу эр ирж хоол гуйж гэнэ. Охин өөрийн идэх хоолноос илүүчилж өгтөл тэр эр дахин гуйжээ. Охин дахин жоохон хоолноосоо илүүчлэв. Тэр эр ингэж гуйсаар охины идэх юмыг нь бүгдийг идээд дуусчихжээ. Тэгээд охиноос би хол газар явах тул морь хэрэгтэй байна гээд охины ганц морийг нь гуйжээ. Охин өрөвдөн морио өгч. Тэгтэл тэр ядуу эр хамгийн сайхан сэтгэлтэй бүсгүйг хайсан хун тайж байжээ. Хун тайж тэр бүсгүйд дурлан эхнэрээ болооч гэж гуйхад нь охин гоо үзэсгэлэн төгс бүсгүй болон хувирчээ. Яг энэ хэсгийг дүрсэлсэн зураг юм гэнэ лээ. За таны сэтгэл амар вуу хадагтай. Та одоо манай зочидтой танилцахыг зөвшөөрнө үү гээд Додигийн гараас хөтлөн алхав. Додид Кидийн ярьсан домог маш их таалагдаж айж эмээж байсан зүрхэнд нь зориг нэмэх шиг болж тэр зурагнаас нүд салгалгүй харсаар Кидийг даган алхав. Кид цугларсан олны дэргэд Додиг дагуулан ирж зогсоод өөр хоорондоо ярилцаж буй зочдодоо
хандан – Эрхэм ноёд хадагтай нараа. Та бүхэн анхаарлаа түр зуур нааш нь хандуулахыг хүсье. гэж чангаар хэлэхэд бүгд Кид Доди хоёрын зүг харлаа. Кид үргэлжлүүлэн – Та бүхэнд энэ хадагтайг танилцуулах гэсэн юм. Манай хотод ирээд удаагүй байгаа энэ хадагтайн нэрийг Доди гэдэг. Би хадагтай Додиг төгөлдөр хуур маш сайхан тоглодог болохоор нь энэ цэнгүүдээ цэнгэл нэмэхээр урьж та бүхнийг жинхэнэ төгөлдөр хуурын уянгалаг хөгжмөөр баярлуулъя гэж бодсон юм . Одоо тоглох аяыг хамгийн сайхан бүсгүй Келлид зориулъя гэхэд хүмүүс гоёмсог тод цэнхэр өнгийн даашинз өмссөн, хар хүрэн үстэй, өндөр гуалиг биетэй, хүрэн бор нүднийхээ харцаар язгууртан байдлаа илтгэсэн үзэсгэлэнт бүсгүй рүү харан алга ташив. Гэтэл хаанаас ч юм бүү мэд – Энэ сайхан хадагтайд зориулж хөгжим тоглоход наад бүсгүй чинь дэндүү гологдож байгаа юм биш үү Кидээ гэх дуулдлаа. Доди тэр зүг харвал нөгөө гудамжинд Додиг харааж зүхэж байсан ногоон нүдтэй бүдүүлэг эр зогсож байв. Доди “би энэ хүнд ингэж зэвүүцүүлмээр юу хийсэн юм бол” гэж бодож байтал Кид – Ноён Диегро би энэ хадагтайг урьж авчирсан. Тийм болохоор миний зочин. Та миний зочинг хүндлэх ёстой шүү гэж шийдмэг хэлэхэд нөгөө эр дуугүй болон хажууд зогсож байгаа хоёр бүсгүйтэй инээж ханиаж ихэд наалинхай хэдэн үг солиод Додигийн зүг харахдаа инээсэн харц нь алга болж хүйтэн харцаар ширэв татав. Кид Додид хандан – Уучлаарай хатагтай таныг эвгүй байдалд оруулчих вуу даа. Дахин ийм зүйл давтагдахгүй. Би амлая гэхэд Доди толгой дохин юу ч хэлж чадсангүй. Кид дахин Додид
хандан хадагтай харанхуй биднийг төгөлдөр хуурынхаа аялгуугаар ухааруулаач гэж гуйя гэхэд Доди архан талд байгаа төгөлдөр хуурын ард сууж хар цагаан хосолсон даруулан дээр урт нарийхан хуруугаа тааруулан тоглож эхэллээ. Энэ тэнд хоорондоо ярих шуугиан үгүй болж төгөлдөр хуурын уянгалаг ая ноёрхож, Доди тэр сайхан аялгуундаа уусах гэж буй мэт цээжээрээ намуухан хөдөлнө. Бүгд л дор бүрдээ нэгийг бодон бараг амьсгалах завгүй анхаарлаа хандуулан зогсоцгоож байлаа. Энэ ая бүгдийнх нь амьдралын хамгийн гунигтай үеийг санагдуулж, зарим нэг настай хадагтай нар хаяа нэг нулимсаа арчиж байгаа харагдана. Доди уянгалаг аялгуугаа эхэлсэн шигээ намуухнаар дуусгахад хүмүүс чив чимээгүй нам гүм хэсэг хором өнгрөөсний дараа алга нижигнүүлэн ташицгаав. Кид Додигийн өмнө ирээд – Баярлалаа Доди хадагтай та үнэхээр авьяаслаг юм аа гэж хэлээд алга ташлаа. Хүлээн авалт ид дундаа орж хүмүүс Додигийн тоглох аянд бүжиглэж байлаа. Энэ үед нэг өндөр туранхай уруулынхаа дээр нарийхан сахалтай залуу – Ноёдоо би нэг зүйл санал болгох гэсэн юм. Энэ хүлээн авалтан дээр манай хотын сайхан бүсгүйчүүд бүгд ирсэн тул сайхнуудын дундаас сайхныг тодруулъя. Энэ үдшийн хатан хааныг тодруулъя гэж хашгирахад бүх эрчүүд дэмжин шуугилдав. Кид хажуудаа зогсох Келлигийн гарыг атган – Ноёдоо би хувьдаа хадагтай Келлиг санал болгож байна. Та бүхэн дэмжиж байна уу? гэхэд бүгд зөвшөөрч толгой дохин хашгирч байх зуур хэн ч юм бүү мэд тэгвэл би тэр төгөлдөр хуурын ард сууж буй хадагтай Додиг санал болгож байна гэхэд бүгд зэрэг байшин нураах шахан инээлдэв. Доди ичсэндээ шалан доор орчихмоор санагдсан ч яаж чадсангүй. Яагаад ч юм бүрхэн гарсан нулимстай нүдээрээ өөрийг нь аргадах хүн хайж өрөвдөлтэй харцаар өөрийг нь шоолон хайр найргүй инээх хүмүүсийг гүйлгэн харснаа арга нь тасран босоод гүйх гэтэл бас нэгэн эр: – Хэн нэг нь яг одоо хайраа илчлэн энэ хадагтайн өмнө сөхрөх юм бол энэ үдшийн хатан хаан болгож болох юм гээд инээдээ барьж ядан хэлэхэд бүгд дахин инээлдэн нээрээ болох юм гэж дэмжицгээв. Доди шүдээ гайхуулан инээх хүмүүсийг дахин нэг гүйлгэн харснаа Кид дээр тогтов. Энэ харцаар Додигийн зүрхний гүнд нуугдсан өчүүхэн горьдлого нь ил гарч зовхинд нь тогтоод гарахгүй байгаа нулимсныхаа цаанаас аврал эрэн ширтэхэд Кид олныг даган инээж
чадахгүй бас хориглож чадахгүй Келлигийн гараас атгасан чигээрээ дэмий л Доди руу харлаа. Кидийн харцнаас Додид аврал бэлэглэх хайр сэтгэлийг олж хараагүй тул харцаа буруулан “намайг ааваас минь өөр хайрлах хүн алга гэж үү” гэж бодон цээжиндээ хурсан бухимдлаа бүгдийг нь уйлаад гаргачихмаар боллоо. Тэгснээ “Үгүй би нулимсаа эд нарт үзүүлж бахыг нь хангахгүй шүү” гэж өөртөө шивнэж нэг л амьсгалахад бүх нулимс нь гарчихмаар санагдсан тул амьсгаагаа түгжин өөрийг нь шоолж инээгээгүй ганц зүйл болох энэ танхимын гантиг шалыг ширтэн доош харан зогслоо. Гэтэл олны хорсолтой инээдийг сарЬнИАХ гэсэн юм шиг танхимын хаалга хүчтэй онгойход инээлдэж байсан нүргээн тэр доороо намжиж бүгд хаалганы зүг харлаа. Нээлттэй хаалганы дунд тэгшхэн өндөр нуруутай, цэвэрхэн бараан хүрэм өмссөн, урт хар үсээ толийтол нь хойш нь самнасан, баруун талдаа таяг барьсан дугуй хүрээтэй хар шил зүүсэн залуу зогсож байлаа. Доди хаалга онгойсныг анзаарсангүй доош харан зогсоход гантиг шал тогших таягийн чимээ ойртсоор Додигийн хажууд ирэхэд Доди толгойгоо өргөж Лоренцо гэж уулга алдав. – Лоренцо юу ч дуугарсангүй гантиг шалан дээр өвдгөө үл хайрлан чанга гэгч нь сөхөрч суугаад толгойгоо өргөн – Хадагтай Доди би танд хайртай. Энэ л үгийг хэлэх гэж би ирлээ. Тиймээ хадагтай. Би танд хайртай энэ гурван үгнээс өөр хүчтэй үг байдаг бол би тэр үгийг танд огтхон ч эргэлзэлгүй хэлмээр байна. Сохор намайг ингэж сэтгэлээ
илчилж байгааг өршөөгөөрэй. Таныг басамжлан доромжлох олны инээдийг би тэвчиж чадсангүй. Зүрх сэтгэл минь зөвшөөрөхгүй байсан болохоор би гэж амьтан өөрийгөө гололгүй зүрх сэтгэлдээ захирагдан танд сэтгэлээ илчилж буй нь энэ. Хадагтай та намайг хайрлахгүй байж болно. Би үүнд бэлэн байна. Би зүгээр л таныг шоолон инээлдэж буй энэ өчүүхэн хүмүүст таныг хайрладаг хүн байдаг юм шүү гэж мэдүүлэхийг хүссэн юм. Сохор ч гэсэн би хүн юм болохоор хэн нэгнийг хайрлаж чаддаг юм. Хадагтай Доди та миний хувьд зөвхөн энэ үдшийн хатан хаан биш насан туршийн минь хатан хаан минь байх болно. Энэ хүмүүсийн харж мэдэрдэг тэр гоо үзэсгэлэнг чөтгөр аваг. – Сохор миний мэдэрсэн бүх зүйл маань танд сэтгэл зүрхээ өгөхөд хангалттай байсан юм шүү. гэж хэлээд толгойгоо Додигийн зүг өргөлөө. Додигийн хацрыг даган урсах нулимс даашинзных нь хормойг чийглэн дусалж зүрх нь уярсандаа цохилохоо болчих шиг болоход өөрийн эрхгүй өвдгөө нугалан Лоренцогын өмнө сөхөрч суугаад хацрыг нь илснээ. – Баярлалаа Лоренцо… – баярлалаа хун тайж минь гэж чичирхийлсэн хоолойгоор хэлээд тонгойж …. багаа аажмаар нүүрнээсээ хуулан өндийлөө. Хүнд байж болох хамгийн сайхан бүхнийг шингээсэн үзэсгэлэнт төрхөө ил гарган зогсох Додиг эр эмгүй гөлрөн харж урьд хэзээ ч харж байгаагүй бас үүнээс хойш хэзээ ч харахгүй бурхны бүтээсэн туйлын гоо сайхны өмнө гайхах бишрэх зэрэгцэн нүд цавчихгүй зогсоцгоох хүмүүс нь өрөвдөлтэй ч юм шиг. Кидийн харцан дахь өөртөө итгэлтэй байдал нь алга болон зөвхөн харамсал бишрэл тодорч чухам ямар их зүйл алдсандаа ухааравч одоо яах ч аргагүй гэдгээ мэдсэн юм шиг хүлцэнгүй нь аргагүй зогсож байгаа нь Додигийн нүдэнд тусав. Доди өөр лүү нь ухаангүй ширтэх хүмүүст хандан: – Та бүхэнд баярлалаа. Би
өөрийнхөө насан туршдаа хайрлаж чадах хүнийг оллоо. Энэ хүнийг олоход тусалсан та бүхэнд баярлалаа. Та нар надад маш их зүйл ойлгууллаа. Ямар ч байсан би энэ багийг зүүснээрээ хүмүүст шоолуулж элэг доог болох хичнээн хэцүү байдгийг мэдэрлээ. Би энэ хотод унагасан нулимсныхаа дусал бүрээр насан туршийнхаа амьдралд хэнийг ч өөрөөсөө доор үзэж доромжлон тохуурхахгүй гэдгээ амлаж байна. Хүн өөрийнхөө биеэр мэдрээгүй зовлонгоо бусдад мэдрүүлэхээс айдаггүй юм байна. – Аав маань надад хэлэхдээ “хүн өөрийнхөө адгийн муухай чанарыг хуурамч төрхөөрөө халхалж бие биенээ хуурч амьдардаг юм. Хэрэв чи энэ багийг зүүчихвэл хуурамч зангаас нь өмнө адгийн муухай чанарыг нь олж харах болно. Иймээс чамайг ямар ч хуурамч зангүй хамгийн сайхан сэтгэлтэй залуу хайрлах болно” гэж хэлсэн юм.

Аавынхаа хэлсэн бүхнийг үнэн гэдэгт итгэхэд та бүхэн маш их тус боллоо. Та бүхэн үүнээс хойш хэн нэгэн хөөрхий эмэгтэйг муухай царайтай гэж шоолохоосоо өмнө та нарийн хэзээ ч мэдэрч чадахгүй тийм гоо үзэсгэлэн ямар ч эмэгтэй хүнд байдаг юм шүү гэдгийг санаарай. – Тиймээ ямар ч эмэгтэй хүнд та бүхнийг хэзээ ч мэдэрч чадахгүй тийм агуу гоо үзэсгэлэн байдаг юм. – Та нарийн биширч буй гоо үзэсгэлэн надад хэрэггүй… -Яагаад гэвэл миний дүр төрхийг хэзээ ч харж чадахгүй тийм хүн намайг үнэн сэтгэлээсээ хайрлаж, надад байдаг өөр нэг өчүүхэн нандин чанарыг минь сохорч гэсэн олж хараад түүнийгээ хайр болгож чадсан болохоор Та нарийн харж буй энэ гоо үзэсгэлэнг Лоренцогийн хэлснээр чөтгөр аваг гэж хэлээд Лоренцог түшин босгох гэхэд тэрээр
өөрийнхөө таягийг хайн тэмтэрлээ. Доди түүний гарыг зөөлөн атгаад – Чамд одоо энэ таяг хэрэггүй. Би чамайг насан туршдаа түшиж явах болно гэж хэлээд Лоренцог босгож тэр хэдий уужим саруул ч гэсэн бүгчим танхимаас гарч одлоо. Төгсөв.