
Маргаан дэгдсэн тэр нэгэн өдрөөс хойш Ханболд Соёлоо хоёр бараг бүтэн долоо хоногийн турш бараг л хоорондоо үг солилцсонгүй. Ханболд ихэвчлэн уур уцаартай царайлсаар оройтон ирж, Соёлоогийн
хийсэн хоолыг үг дуугүй идэж аваад зурагтын өмнө суваг солин суудаг болжээ. Заримдаа хоол ч идэхгүй бөгөөд Соёлоогийн дорой дуугаар хулчгардуухан асуусан хэдэн зүйлд нэг ч хариу өгөхгүй чихгүй толгой
гарган суусаар буруу харан унтдаг заншил гэрт тогтов. Харин Соёлоо гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр ажлаа таран эртлэн ирж гэрээ цэвэрлэн, Ханболдын идэх дуртай хэдэн хоолыг ээлжлэн хийгээд хаалга чагнан
Ханболдыг хэзээ ирэхийг хүлээсээр сүүл сүүлдээ дургүй нь хүрч юу хийсэн гэж ингэж ааш гаргана вэ хэмээн гэмшил нь уцаараар солигдон дургүйцэж эхэллээ. Ханболдыг орж ирэхэд нь би ямар
чамайг хуурч, бусдын адил араар чинь тавьсан биш хэмээн зад хэрэлдэхийг хүсэвч нөхрийн эзгүйд урдны дурлалт залуутай уулзан бааранд сууж, хүргүүлэн ирсэн буруугаа эрхгүй ухамсарлан хэлэх үгээ

цааш залгин цонх харуулдан суусаар ажээ.Ханболд оройхон үл ялиг халамцуу гэртээ харьж явлаа, сүүлийн хэдэн жилд анх удаагаа анд явахаас татгалзаад харьж яваа нь энэ юм. Анд явахаас татгалзах шалтгаан нь ойлгомжтой, Соёлоог дахин өнөөх залуутайгаа уулзчихвий хэмээсэн далд санаа зовсоор хамгийн дуртай цэнгэлээсээ сайн дураар татгалзан харьж яваа нь энэ. Тэрээр бас л Соёлоотой таг дуугүй хөндий хүйтэн харьцахаа больж хатуурхалгүй хуучин ая зандаа эргэн орохыг хүсэвч яг гэрийн хаалганд түлхүүр эргүүлэн орох
мөчид өөрийн эрхгүй гэдэн нь хөдлөх гэгч болж, Соёлоог дорой дуугарч доошоо харахаар улам ч цухал нь хөдөлсөөр байгаа билээ. Өнөөдөр ан гөрөөндөө яваагүй болохоор бүүр ч муухай царайлсан нөхөр хаалгаа онгойлгон Соёлоогийн хийсэн хоолыг голж хэрүүл өдөж зовоох санаа өвөртлөн ирлээ. Энэ хэдэн хоногт би тэр өдрийн анд явалгүй үлдээгүй бол тэр 2 яах байсан бол хэмээх адын бодол тархинаас нь гаралгүй өөрийг зовоосоор тэр уураа Соёлоод элдвээр нялзаан гаргасаар байгааг Соёлоо дотроо гадарлавч гаднаа ноомой байсаар, цаг хугацаа өнгөрсөөр байгаа ажээ. . .Баярлаж хөөрсөн Уянгаа
охиноо хөтлөсөөр Төгөлдөрийн ажил тарахаас арай эртлэн хүрч ирэв. Уянга ажил дээр нь ирэх нь туйлын ховор үзэгдэл учраас Төгөлдөр гайхан яав ийв хэмээсээр угтахад гэртээ очиж байж хэлнэ гээд Уянга түүнийг чирэх шахам ажлаас нь авч гарлаа. Бүгдээрээ гэртээ сайхан хоол хийж идье, би чамд ёстой гоё мэдээ дуулганаа гэж Уянга хэлээд гэртээ орсон даруйдаа хоол хийхээр шамдаж гарав. Тэрхүү таатай мэдээг олоод сонсчих санаатай Төгөлдөр хэд хэд асуусан боловч хоол идэж байхдаа хэлнэ гээд зүтгээд байх тул нэгэнт Уянгын занг мэдэх тул хоол хийлцэхэд нь яаравчлан тусаллаа. Гэр бүлээрээ чи энд би энд сууна гэж жаал сахилгагүйтэж байгаад арайхийн Уянга баярт мэдээгээ
дэлгэв. Би 7 хоног гадаадад сургалтанд явахаар болсон гэж нүдээ гялалзуулан баярлан өгүүлэх Уянгыг хараад Төгөлдөр өөрийн эрхгүй өөрөө явах гэж байгаа мэт баярлаж орхилоо. Хэзээ хаашаа явах, хэнтэй явах ямар сургалтанд суух гээд л баясал дүүрэн ар араас нь залган өгүүлэх түүнийг миний эхнэр, миний хань гэх дотнохон ч гэх үү дулаахан ч гэхүү тийм л мэдрэмж Төгөлдөрийг өөрийн эрхгүй бүрхэн

авч охиноо тэврээд одоо хоёулаа 7 хоног ээжгүй яанаа хэмээн уруулаа цорвойн өгүүлэхэд Уянга өөрийн эрхгүй тэсгэл алдан тас тас инээлээ. . . Хэзээ нэгэн цагт бие биенээ хайрлаж явсан залуусын гэр бүлийн амьдрал тус тусдаа өөр өөрөөр 5 жилийн дараа ийнхүү өрнөж эхэллээ.