
– Аажуухан идээрэй. Гахна шүү. Араас нь цай уугаад ид. Гороочихно, – хэмээн Хандмаа зангирсан хоолойгоор хэлэн суулаа. – Чамайг хэн гэдэг юм бэ? – асуухад бяцхан охин гэдсийг нь дүүргэсэн хүнд
талархсан болоод тэр үү асуултанд нь хариулж эхлэв. – Итгэл, – хэмээн сөөнгө бас бяцхан айдастай чичрэнгэ хоолойгоор өөрийгөө танилцуулав. – Итгэлээ, чи хэдтэй юм бэ? 8уу? 9үү? – Би зургаан
настай. Шинэ жил болохоор долоо хүрнэ. – Пөөх чиний төрсөн өдөр шинэ жилээр болдог юм уу? – хэмээн Хандмаа бага зэрэг тайвширсан янзтай инээмсэглэн асуув. – Үгүй л дээ. Би өөрийнхөө төрсөн өдрийг
хэзээ гэдгийг мэддэггүй юм өө. Юу ч гэсэн жил солигдохоор нэг нас нэмээд байгаагаа мэддэг. Тэгээд л их дэлгүүр гацуураа засахаар за би нэг нас нэмж байна гэж боддог. – Тийм үү… Чи их ухаантай юм аа… –
Заза эгчээ би явлаа. Аавыг олохгүй бол нэг газар тасраад уначихна. Би явлаа, – хэмээн юу юугүй зугтах гэж буй мэт гарах гэтэл Хандмаа болиулж, – Чи энэ харанхуйд хаана гэж хайх юм бэ? – Аавын очдог хэд

хэдэн газар байдаг. Би сайн мэднэ, – хэмээн зөрүүдэлсээр гараад явчихав. Бяцхан охины айдастай нүд, хурдан хөдөлгөөн нь 7н настай хүүхдэд ахадхаар барахгүй том хүн ч түүний үүрч буй зовлонг даахгүй гэж Хандмаа бодон зүгээр явуулах нь хэрцгий үйлдэл мэт санагдав. “Тэр хүн хүүхдэдээ жоохон ч гэсэн хайртай болов уу? Тэртээ тэргүй гэр оронгүй өсөх бяцхан хүүхдээ яаж гудманд загинаж, зодчихоод орхиж явж чаддаг байна аа, муу хогийн архичин”…. Хандмаа охиныг гараад тун удаагүй байтал зоогийн газраа бушуухан түгжчихээд араас нь хэсэг гэтэв. Бяцхан охин гутлаа чирэн”Ааваа, аав”, гэж хааяахан
орилонгоо гүйсхийн алхана. Тэр хавь бол Итгэлд байтугай, Хандмаад орой үдэш явахад дэндүү аюултай газар гэдгийг Хандмаа мэдэж байлаа. Гэнэт 3–4н согтсон залуус юм ярьж инээлдэж байснаа, бяцхан Итгэлийг хараад нэг нэгнээ чимээгүй болгон, охинруу сэмээрхэн дохилоо. Бүгдийг харсан Хандмаа шууд Итгэлдээр гүйж очин чанга дуугаар: – Өө миний охион, ээжийгээ битгий орхиод яв л даа. Аав нь бас ард хоцорчихоод ирж байна, – гэж хэлээд охины гарыг атгаад авав. Согтуу залуус юу бодож, хоорондоо юу тохирсон байснийг мэдэхгүй ч Хандмаа түүнийг нэг ч болов аюулаас аварсандаа баярлаж байлаа.
Тэгэхдээ энэ бол түүний өдөр тутмын амьдрал бөгөөд Итгэлийн өдөр болгон ямар хүмүүс, ямар аюул хүлээж байдгийг бодохоос ч бие арзайм. – Итгэлээ, миний дүү. Гадаа маш хүйтэн бас харанхуй байна. Хоёулаа манайд очоод хоночихьё, тэгэх үү? Эгчид нь багадаа өмсөөд багадсан хөөрхөн хувцаснууд бас байгаа, чамд өгмөөр байна. – Болохгүй шд ээ. Аав яах юм бэ? – Аав нь чамайг орхисон газраа хайж ирэхгүй л байна шүү дээ. Хоёулаа маргааш өглөө аавыг чинь хайя, тэгэх үү? Одоо угаасаа харагдаж байгаа юм гэж алга… – гэж Хандмаа Итгэлтэй ярих үедээ бага зэрэг нэрлэхэхээ больж, эгч шиг нь
харьцахыг оролдов. Охин юу гэхээ мэдэхгүй доошоо харан зогсоно. Хандмаа охиныг айлгахаас хамгийн ихээр айж байсан бөгөөд, муу хүн биш гэдгээ ойлгуулхыг хамгийн их хүсэв. – Эгч ээ,… тэгвэл танайд хүүхэлдэйн кино үзэж болох юм уу? – гэж асуухад нь Хандмаа баярлаж, – Болно шд ээ! Болно. Хоёулаа гоё барбитай хүүхэлдэйн кино үзнэ, бас гоё юм авч иднэ за юу? – гэх үед Хандмаа анх удаа охины бяцхан инээмсэглэлийг олж харлаа. Тэр бол төрсөн өдрийн бэлгэндээ ухаалаг утас авч буй хүүхдийн инээмсэглэл биш, хичээл дээрээ онц дүн авсан ч хүүхдийн инээмсэглэл биш… Харин инээхгүй хэдэн жил болсон хэдий ч бяцхан найдлага тээсээр ирсэн хүний тийм
инээмсэглэл… Охин бяцхан даарсан гараараа Хандмаагийн гарыг илүү чанга атгав. Зөөгч бүсгүй өөрийн амьдралдаа үүнтэй адил мэдрэмж авч байгаагүй ажээ. Айлд ороход хүүхдэд нь чихэр өгөх ч мэдрэмж огт биш, харин тэр хүүхдэд “амьдрал их сайхан шүү” гэдгийг мэдрүүлэх зүйл байлаа. Гэвч энэ нь юу ч биш юм шиг санагдах нь тэр. Учир нь Итгэл шиг хэдэн хүүхэд байгаа бол гэж бодохоос зүрх нь зүсэгдэж байлаа. “Мундаг сүрхий баячууд мөнгөө цацаад, чихэх газаргүй болдог юм байж ийм хүүхдүүдэд яагаад анхаарал тавьдаггүй юм болдоо? ” хэмээн хэзээ ч бодож байгаагүй зүйлээ хүртэл бодон Итгэлийг
дагуулан алхлаа. Нийтийн унаагаар зорчвол хүмүүс Итгэл рүү хараад санааг нь зовоочихвий гэж бодоод таксинд суугаад харьцгаав. Гэртээ ортол ашгүй байрных нь тог нь ирсэн байсанд Хандмаагийн замын турш санааг нь зовоож байсан зүйл алга болов. “Харанхуй байна гэж гэртээ авчирснаа гэр маань харанхуй байвал тэнэг байхдаа. Ядаж байхад хүүхэлдэйн кино үзүүлнэ гэчихсэн”… – Эгч нь ингээд жижигхээн байр түрээслээд амьдарчихдаг юм. – Та ганцаараа амьдардаг юм уу? – Тийм ээ. Ээж, аав бас дүү маань хөдөө байдаг юм. Би жилдээ хэд хэд очоод тэнд хоночихоод ирдэг. Хотод эгч нь хичээлдээ явдаг, цагийн ажил хийдэг… – хэмээн Хандмааг өөрийнхөө

ярьж буй зүйлд төвлөрчихсөн ярьж байтал Итгэл ширээндээр байсан ууттай найруулдаг кофег задлаад идчихэв. – Хүүе ээ, ингээд идчихэж болохгүй шд ээ, эгчийн дүү. Усанд найруулаад өгье, за юу? – Аав маань хааяа ингээд аваад идчихдэг. Бас надад өгдөг болохоор би ингэж идэх дуртай. Гоё амттай…