Нүүр Өгүүллэг “ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “6-р хэсэг”

“ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “6-р хэсэг”

20 секунд уншина
0
0
154

Бид гурав өрөөнөөс гаран хаашаа ч юм мөлхөнө. Тун удаанаар… Хав харанхуйд нүд минь дасч хаяа хаяахан эргэж харвал, дөнгөж саяхан болсон тэр бүх гэнэтийн зүйлс нөгөө хоёрыг маань хангалттай их, бүр

ухаан самуурахын дайтай болох хүртэл нь цочирдуулсан байх бөгөөд тэд энэ цочролоосоо гарч чадахгүй, тайвширч чадахгүй нүд нь бүлтрэх шахам амьтад салганатал чичирч, ийш тийш гөлөлзөн

ширтэцгээнгээ миний араас салахгүй дагах ажээ. Гэрлээ бүр нус нулимсандаа хутгалдаж гүйцсэн бөгөөд нүд нь бөлцийтөлөө хавдаж, үс нь сэгсийж, хувцас нь урагдсан байсан ч энэ бүхэн нь өөрт нь ямар

ч хамаагүй болжээ. Юун ийм юм анзаарах… амь голтой л явж байвал болох байх. Эсвэл одоо магадгүй ямар сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон байх. Угаасаа тэгж л харагдаж байна. Арга ч үгүй биз дээ.

Хэзээ ч тохионо гэж бодож байгаагүй ер бусын аймшигтай нүүр тулсан. Бүр ер бусын шүү. Хоёрын хоёр охин нь тэр нэг юмны нэг хэсэг болчихсон. Нөхөр нь сая нүдэн дээр нь тэр аймшигтай бугнуудад

хөөгдөөд алга болсон. Бараг энэ зэрэгтэй яваа нь л их юм. Харин Оргилын тухайд… надаас том биетэй, юм юмаараа илүү, бүсгүйн тэнгэртэй, өөртөө итгэлтэй энэ хийморлог залуу, одоо бол тийм ч хийморлог харагдахгүй байна. Зүгээр л үхтэлээ айчихсан том биетэй бяцхан жаал. Ийш тийш гөлөлзөх тэр бүлтрэх шахсан нүднээс нь л ойлгомжтой харагдаж байна. Магадгүй өмдөндөө сарьчихсан ч гэмээр… Түүнийг доромжилсон юм биш. Тэр бүр хэн ч харсан тэгж л харагдана. Харин… харин миний тухайд… өөрийнхөө дотор мэдрэгдээд байгаа энэ мэдрэмжийг би юу гэдгийг нь ерөөсөө ч ойлгохгүй байна. Яг л ямар нэг догдлол шиг, ямар нэг аугаа зүйлийг

нээчихсэн мэт, эсхүл өөрөө тэр аугаа зүйл нь болчихсон мэт хачин их догдолсон мэдрэмж. Мэдээж би үхтэлээ айж байгаа нь үнэн. Намайг хэзээ ч хаанаас ч юм нэг ороолон гарч ирээд Халиунааг яасан шиг миний хүзүүг ч гэсэн тас хэмлэх болно гэдгийг би мэдэхийн дээдээр мэдэж байна. Үүнээс би үхтэлээ айж байгаа минь үнэн. Болсон бүгд бас хоолойгоо тас хэмлүүлсэн Халиунаа миний нүдэнд харагдсаар л байна. Гэхдээ би тэр хоёр шиг болоогүй. Би чичрээгүй. Оюун ухаан минь саруулхан. Бас эрүүл ухаанаараа өөрийгөө удирдаж чадахуйц хэмжээнд өөрийгөө мөн өөрийн айдасаа барьж чадаж байна. Ухааны тухайд бол бүр ч илүү. Бүр шатаж байгаа юм шиг, эсхүл цэцэг шиг

дэлбээлээд ч байгаа юм шиг. Хоёулаа ч байж болно. Ямар нэг чухал зүйл нээгдэж тэрүүгээр нь ямар нэгэн сайхан зүйл урсан орж ирж, тэр сайхан зүйл нь намайг хурдан зөв сэтгэж, ямар ч хамаагүй илүү тайван байлгах боломжыг өгч байна. Үүнийг би таашааж байна. Яг одоо жаахан хачин инээмсэглэл миний нүүрэнд тодорч байгааг би мэдэрч байна. Дотор байгаа мэдрэмж намайг хэзээ хэзээнээс илүү амьд байлгаж байх шиг… Үхлийн ирмэг дээр байгаа хэрнээ шүү… яагаад юм бол… магадгүй үхлийн аюултай зүйл хийдэг хүмүүс энэ мэдрэмжинд донтдог учраас л хийдэг байх. Мэдээж үхэх магадлал өндөр. Зөндөө олон хүн үхэж байсан. Гэсэн ч хийдэг. Энэ мэдрэмжийг тун цөөн үгээр тайлбарлавал… маш хүчтэй аймшигтай дарамт

шахалтанд орох, жишээлбэл үхлийн ирмэг дээр ирэх ч юмуу? ямар ч гарцгүй байдалд орох яг тэр үед амь мултрахын тулд хүний дотроос гарч ирэх хүч. Надад мэдрэгдэж байгаа зүйл энэ л байх. Тэгээд миний дотор нуугдаж байсан ямар нэг зүйлийг гаргаж ирсэн. -Одоо яахав… гэж Оргил надаас асуун миний бодлыг тасалдууллаа. Би зогсов. Тэгээд эргэж харлаа. Үнэндээ яах тухай надад олигтой санаа байхгүй байсан юм. Гэхдээ жаахан л эргэцүүлсэний дараа би яахаа ойлгов. -Одоо юу?… эхлээд тэр түүхийг чамд яг өөрийгөө Женни гэж танилцуулсан тэр үзэсгэлэнтэй эмэгтэй ярьж өгсөн эсэхийг л мэдэх хэрэгтэй байна. Чи өөрөө зохиосон уу? эсхүл тэр эмэгтэй чамд тэр түүхийг ярьж өгсөн

үү?… гэхэд тэр бүр гайхаж орхин тэнэгтэж гүйцсэн харцаар над руу ширтэв. -Хурдан хариул бид нарт одоо үсрээд л таван минут байгаа… энэ бол тэд Сүхээг барьчихаад эсхүл хот руу алдчихаад эргээд бид нар руу ирэх хугацаа… гэхэд л тэр нэг юм сэхээ орж: -Ойлголоо, ойлголоо… тэр хэлсэн нь үнээн… надад тэр түүхийг тэр эмэгтэй ярьж өгсөн… гэлээ. -Яг зөв үү? Чи түүний хэлсэнийг нэгд нэгэнгүй бид нарт хэлсэн бээз? -Тиймээ тэр эмэгтэй… нэг ч түүхийг гажуудуулалгүй ярьж өгөөрэй гэсэн. Энэ бүхэн шоу гэдгийг надад хэлсэн. Гэхдээ ийм аймшигтай биш. Зүгээр л бяцхан хүн айлгах шоу. Энэ тийм ч таатай санаа биш ч гэсэн мөнгө хэрэгтэй байсан юм. Би… -Одоо болно оо…

Миний нүүрэнд инээмсэглэл тодров. -Тэгэхээр тэр эмэгтэй… бид нарт анхнаасаа л сэжүүр өгсөн байж, амьд үлдэх боломжуудын сэжүүрүүд… -Тэгээд чи юу гэх гээд байгаа юм бэ?… хэмээн Гэрлээ яриаг минь бүдүүлгээр, бас айж гүйцсэн, цөхөрч гүйцсэн хөөрхийлөлтэ хоолойгоор таслав. Түүний урссан нүдний будаг, хавдсан нүд үнэхээр олигтой харагдахгүй байна. Өдрийн намайг хэлэх үггүй болтол загнаж үгээр идсэн эмэгтэй одоо лав л тэгж харагдахгүй байна. Хөөрхий амьтан. Миний дургүй хүрч: -Та нарт олигтой санаа байхгүй бол битгий яриа таслаад бай. Ер нь ямар ч амьд үлдэх олигтой санаа байхгүй бол миний үгийг л дага. Бүр хэлбэртгүй шүү. Хэлснийг минь нэгд нэгэнгүй ойлгож, нэг бүрчлэн хийх хэрэгтэй. Одоо харин миний араас дагаад явцгаа… гэж хэлээд үргэлжлүүлэн өөрийн зөв гэж

таамаглаж байгаа зүг рүүгээ явлаа. Тэр хоёр миний араас яг л нохой шиг, эсхүл хүүхэд шиг даган явав. # # # Үүнийг сонссон Женни инээмсэглэн яг л эрх муур шиг янагын архирч: -Рааар… миний бар… гэлээ. # # # Гэхдээ би тэдний тулсан цагт юу ч хийхэд бэлэн болсон цөхөрч гүйцсэн айдсыг нуруугаараа дамжуулан мэдрэх шиг болж, эвгүйтвэл намайг тэдгээр бугнууд руу түлхчихээд зугтахад бэлэн болчихсоныг ойлгон, жаахан тайвшируулахаар шийдэн бодсоноо ярьж эхлэв. -Тэгэхээр байна штээ тэр түүхэнд зоорины талаар өгүүлсэн. Хэн ч зугтаж гарахын аргагүй, мөн олж орохын аргагүй зоорь… хэрвээ тэр түүх үнэн, Оргил ч тэр, тэр эмэгтэй ч тэр дээр нь нэмж зохиогоогүй бол… энд хаа нэгтэй тэр зоорь байгаа… олчихвол

дотор нь өглөө хүртэл нуугдаж болно. Амьд үлдэх боломжын тухай нэг сэжүүр. -Гэхдээ чи тэр зоорийг орой хүртэл хайгаад олоогүй биз дээ. Одоо олдоно гэж үү? Яаж олох гээд юм… бүтэхгүй юм ярьж байгаа юм биш үү?… гэж Гэрлээ мөн л чичирхийлсэн хоолойгоор асуув. Харин би мөн л ууртай хоолойгоор: -Одоо хүртэл надад эргэлзсээр л байна уу? Өглөө хүртэл зай ч байна лай ч бас байна. Бүр хэдэн арван лай байна. Биднийг өөр өрөөнд нуугдаж, эсхүл ой руу гарч зугтах гэж оролдлоо гэхэд тийм зэргийн хурд биднийг ядах юмгүй бариад авна. Бас сая анзаарсан биз? Биднийг тэр өрөөнд байхад тэнд бүх… бүх бугнууд байгаагүй. Доор Сүхээг отож байсан. Тэгэхээр тэд биднийг угаасаа хаа сайгүй отож байгаа гэсэн үг. Одоо ч биднийг хайгаад аягүй бол энэ байшин дотор ч гэсэн үлдээд биднийг хайж байх магадлалтай… хаана

ч отоо байж мэднэ. Тэгэхээр гарч зугтана гэж санах ч хэрэггүй. Анхаарлыг нь өөрсөд рүүгээ татахаас хэтрэхгүй. Бид тэр дороо баригдана. Тэр зоорийг л олохгүй бол, одоо энд Сүхээ шиг зоригтой хүн байхгүй болохоор тэд биднийг олоод, хаалга цөм өшиглөж орж ирээд биднийг хэдэн хэсэг тасчин хаях нь цаг хугацааны л асуудал… тиймээс одоо зоорийг олох нь л чухал… -Ойлголоо хөгшөөн ойлголоо… тэгээд зоорийг яг яаж олох гээд байгаа юм бэ? байшингаар нэг хайх ёстой юмуу? Тэд одоохон хүрээд ирлээ шүү дээ. Тэгээд чиний хэлсэнээр биднийг нэг өрөөнөөс олоод л… -Хмм… энэ тухайд надад нэг их сүртэй санаа алгаа… Гэхдээ байшинг бүхэлд нь нэгжих шаардлагагүй ер нь хайлтын хүрээг багасгах талаар л… юу гэхээр… бид байшингын хоёр давхарт баруун талын гурван зэрэгцээ өрөөнд амарч байсан. Халиунаа

хоёр давхарын зүүн хэсэгт байх нойлын өмнө нүцгэн шахуу байж байхдаа алуулсан. Яг энэ үед надад мессеж ирсэн. Биднийг бүгдийг нь харж байгаа гэж хэлсэн тэр эмэгтэй. Тэгэхээр тэд дөнгөж гарч ирж байсан гэсэн үг. Дөнгөж гарч ирж байгаад хамгийн эхэнд байшингын зүүн хэсэгт байсан Халиунаа алуулсан гэхээр тэд зүүн хэсгээс наашаа гарч ирсэн гэсэн үг. Яг гарч ирэх цагтаа гарч ирсэн. Яг тэр үед л охид бүрэн тэдний нэг болсон. Тэгэхээр тэр Сэнд гэгчээс бусад нь тодорхой цаг хүртэл унтанги байдалтай, байшингын зүүн хэсэг байж байгаад цаг нь болонгуут гарч ирсэн. -Тэр үед яг шөнийн арван хоёр цаг болж байсан байх. Халиунааг усанд орохоор явахад цаг шөнийн арван хоёр яг өнгөрч байсан… гэж Оргил миний хэлсэн дээр нэмж хэллээ. -Тэгэхээр тэд бөөнөөрөө нэг газар унтанги байдалтай байж байгаад

12:00 цаг гэхэд гарч ирсэн байна. Хамгийн түрүүд зүүн хэсэгт байсан Халиунаа алуулсан. Тэгэхээр тэдгээр мангасууд бүтэн өдрийн турш биднээс хэдхэн алхамын зайтай байшингын зүүн хэсэгт унтаж байсан гэсэн үг. -Юу?… гэх гайхширал дүүрэн Гэрлээгийн дуу надад сонсогдов. -Гэхдээ Сүхээ бид хоёр байшингаар нэг хэрэн тэнэхдээ ямар ч тийм шинж тэмдэг олж чадаагүй шүү дээ. Бас чи ч гэсэн. -Тиймээ… наадах чинь л байхгүй юу?… яг наадах чинь… тэгэхээр тэд байшин дотор биш байшингын зооринд байсан гэсэн үг. Байшингын хамгийн зүүн талд байх нууцлаг зооринд… -Яагаад тийм итгэлтэй байгаа юм?… тэд… тэд гаднаас ороод ирсэн байж болно шүү дээ. Энэ чинь хотын ойролцоо ч гэсэн яг ойр хавьдаа бол ямар ч айл хунар байхгүй байшин шүү дээ. Тэд хаана ч нуугдаж байсан байж болно. Газар дор булагдчихсан ч юмуу? -Үгүй ээ… тийм биш… тийм байсан бол нэгдүгээрт тэд нараас

шороо үнэртэх ёстой. Гэтэл юу ч үнэртээгүй. Хоёрдугаарт ямар ч илүү дутуу чимээ дуулдаагүй. Тэднийг шөнө бидний ойролцоо аваачиж тавьсан байлаа гэхэд тэдний машин эсхүл нисдэг тэрэгний дуу хаа нэгтэйгээс сонсогдох ёстой. Чиний хэлдэгээр анхнаасаа булагдсан байсан бол тэднээс энэ олон жилийн дараа яс ч үлдэхгүй байх байсан юм. За яахав анхнаасаа булагдсан байсан ч илжирхээргүй саванд авслагдсан байгаад чимээгүйгээр байшинд орж ирсэн гэж бодож болох ч, үнэндээ тэд чимээгүйгээр орж ирж чадахгү. Ядаж хаалга цонх нээгдэх, энүүгээр тэрүүгээр явах нь дуулдах л ёстой. Би л лав тийм юм дуулаагүй уусан юмнаасаа болж жаахан зүүрмэглэх аядаж байсан ч… нэг л жаахан чимээ жишээ нь утасны бяцхан чичиргээ намайг дор нь сэргээж орхих байсан. Та хоёр ч тийм юм дуулаагүй л биз дээ.? Тэд юм

дуугарсангүй. -Тэд үнэндээ их эв хавгүй болохоор гаргаж байгаа чимээг нь бидний хэн нэгэн нь сонсохгүй байна гэж байхгүй. Тэгэхээр тэд байшин дотроос л гарч ирсэн гэсэн үг. Чичиргээ гэснээс… гурав дахь шалтгаан нь нисдэг тэрэг ч тэр машин ч тэр ойр хавиас дуулдаагүй, өөр ч ямар ч чимээгүй гараагүй байхад, байшин доторхыг бүгдийг нь харж байсан тэр эмэгтэй тэдний сэрсэнийг мэдээд надад зурвас илгээсэн нь зоорин доторх тэдгээр амьтас, сэрсэн эсхүл хэн нэгийг сэрээсэн гэдгийг хараад л зурвас илгээсэн гэсэн үг юм байна… гээд би чимээгүй болов. Тэд ч чимээгүй байв. Миний зөв гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Энэ зуур бид нэг ба хоёрдугаар давхар нь таазны оронд шатны бариулаар тусгаарлагдсан, тансаг зэрэглэлийнх гэсэн хэрнээ дээд давхартаа яг л буудал шиг арав орчим өрөөтэй, байшингын хоёрдугаар давхарт хойд талын ханыг нь налан тун

чимээгүй, миний өчүүхэн шивнэх төдий ярианаас өөр ямар ч чимээгүй гаргалгүй, сөөм сөөмөөр сөөм сөөмхөнөр ахисаар нэг л мэдэхэд Халиунаагын цусанд будагдсан нүцгэн цогцосны дэргэд иржээ. Баахан зүйл чалчисаар найзуудаа ямар ч аюулгүйгээр, айдасгүйгээр ашгүй нэг юм зоорины ойролцоо ирцгээсэн нь, тэдний анхаарлыг айдас руу нь биш өөр рүүгээ татах жаахан ч болтугай хугацааг айдсын тамд бүү өнгөрүүлээсэй гэсэн санаа бүтжээ. Одоо хэдхэн алхмын дараа давхарын хамгийн зүүн талын өрөөнд хүрэх нь. Хаалга ердөө л урд харагдаж байна. Тэнд л зоорь байх ёстой. Гэтэл… тэд таг гацчихав. Оргил бүр өндийж ирээд Халиунаагийн нүцгэн нуруун дээр гараа тавин уйж эхэллээ. Бид нарт одоо хэдхэн секунд ч

гэсэн илүү хэрэгтэй байхад ингэх нь үнэхээр хэрэггүй зүйл. -За алив ээ Оргилоо… бид зүүн талын шатанд бараг тулчихсан байна -Түүний хэлсэнээр энд зоорь байгаа гэсэн үг. Бид харин тэр зоорийг олж дотор нь нуугчихвал биднийг олсон ч байгаа газарт минь нэвтэрч чадахгүй. Тэгээд л бид бүгд ялагч болох болно…. гэж хэллээ. -Ялагч гэнээ… гэж Гэрлээ гайхаж гүйцсэн хоолойгоор надаас асуув. Мөлхөх чимээг нь сонсохгүй болохоор эргээд харсан чинь Гэрлээ тэр дороо гацаж орхижээ. -Ялагч гэсэн үү?… ялагч гэнээ… чи юу яриад байгаа юм. Одоо би нөхөр ч үгүй, хүүхэд ч үгүй болчихоод байхад ялах тухай бодно гэнэ ээ… чи яаж ингэж… -Амаа хамхи Гэрлээ… чамаас болж бид үхэх нь байна… Түүний нүд хорсолоор дүүрчээ. Одоохон намайг алах гэж байгаа юм шиг харагдаж байна. Яг одооноос би өөрийнхөө нурууг анзаарч явахгүй болохгүй бололтой. Энэ үед яг харанхуйд биднээс

хэдхэн алхамын цаана шатны доороос, гэнэт ямар нэгэн дөрвөн хөллөн явах амьтаны чимээ сонсогдох нь тэр… Гэрлээ болон Оргил хоёр миний дохиогоор доошоо боллоо. Тэгээд сайтар гэгч нь анзаарч харвал бүр хоёр гурван ч буг шатаар дөнгөж бидний байгаа хоёрдугаар давхар руу гарч ирээд, биднийг хайн энд шиншилж эхлэв. Нэг нь ханан дээр… нөгөөдөх нь таазан дээр… аз болж шалан дээр хэн ч алга. Арагшаа харвал нөгөө хоёр маань бүр хөшиж орхижээ. Харин би над руу харах нь үед дохионы хэлээр “ доошоо тонгойгоод аажуухан миний араас урагшаа хөдөл” гэсэн дохио өглөө. Тэд ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Юун хөдлөх манатай. Энэ маягаар тэд хашгирч босч гүйгээд, эсхүл тэндээ байсаар байгаад баригдаж алуулах нь… одоохон ямар нэгэн санаа бодож олох хэрэгтэй… Надад өөр нэгэн санаа орж ирэв. “Одоо бидний урд харагдаж байгаа өрөөн дотор доош зоорь руу орох хаалга байгаа. Би эхлээд энэ хоёрын доогуур гарна.

Гарчихаад шат руу ямар нэг юм шидээд тэд цогцосын араас даган нэг давхар руу буух хооронд та хоёр наашаа хар хурдаараа гүйж ирээрэй. Би хаалга онгойлгож өгөх болно,.”… гэж дохионы хэлээр гараараа дохин үзүүлэв. Миний аймшигт төлөвлөгөө сонсон тэр хоёр амаа даран мэлэрч орхин, хөдлөх шинжгүй хэвээр байсанд “өөрсдөө мэд” гэж дохичихоод эргэж хараад өнөөх хоёр этгээд рүү мөлхөж эхэллээ. Тэд хоёрдугаар давхарын зүүн хэсгээс бүх зүйлсийг шалган наашаа аажуухан явах ажээ. Би тэд нар руу дөхсөөр хоёр гуравхан алхамын зайтай ойртолоо. Тэдний сартайсан хамар намайг үнэрлэх гэж оролдож, тэдний цэхийж хатсан нүд намайг харанхуйгаас ялгах гэж хичээж, ялзарсан нүүр нь хэзээ мөдгүй шувтарч унах гэж буй мэт, бас хана болон таазан дээр ямар ч саадгүй татах хүчинд үл автан мөлхөх бие нь яг л аалз шиг харагдаж байлаа. Би ахиад урагшиллаа. Тэгтэл нэгнийх нь нүүр яг миний нүүрний ойролцоо ирлээ. Бид хоёр өөд өөдөөсөө ширтэлцэв. Үнэндээ түүний нүд, харах чадвар нь хүний

нүднээс ч долоон дор юм байна. Түүний нүүр хорчийжээ. Нүүрнээс нь ердөө л цог шиг гэрэлтэх нүд, арьсаны үлдэгдэл болон бараг л өгөрших шахсан яс л үлдэж. “Тэр новшийн гарт тамлуулахаасаа өмнө үзэсгэлэнтэй охин байсан байхдаа” гэж би бодож амжив. Тиймээ би тайван байна. Айж байгаа ч бас тайван байна. Одоо нэг л буруу хөдөлгөөн хийдэг юм бол… # # # Бүгд Орших руу догдлон харж байна. Тэр амьтантай хэдхэн ямхын зайтай тэгж ширтэлцэж байгаа нь Оргил, Гэрлээ хоёрын хувьд амаа ангайх, Дарк веебээс үзэж байгаа үзэгчидийн хувьд амандаа орсон попкроноо ч зажилж чадахааргүй байдалд оруулах, харин Женнигийн хувьд инээх шалтгаан нь болж байв. Учир нь энэ их торгон мөч юм. Тэр юу хийх бол… # # # Одоо л амжих мөч, хаалганд хүрэхэд гуравхан алхамын зайтай байна. Яг одоо… Халаасаа ухаж байгаа өөрийн гар утасаа олов. Үгүй ээ… энэ утас

бол одоо амьд гарах боломж. Ахиад ухав. Тамхи олдлоо. Хайран юм. Гэхдээ ахиад хайсан ч өөр юу ч олдоогүй учир… би хайрцагтай тамхиа эвтэйхэн гэгч нь доош нэгдүгээр давхар руу шидэж орхиод эргэж харан, “явцгаая” хэмээн дохилоо. Доор нэгдүгээр давхарт хайрцагтай тамхи маань пидхийн ойчиход хоёр араатаны анхаарал надаас холдож шууд нэгдүгээр давхар руу буулаа. Тэд үнэхээр асар хурдан юм. Тэгээд би шууд босоод гүйв. Арагшаа харав. Тэр хоёр ч миний араас ухасхийж байлаа. Ашгүй дээ. Тэд таг гацаад үлдэж болох л байсан. Би хаалга онгойлгов. Аз болж онгорхой байна. Тиймээ… миний зөв байж… энэ өрөөнд үнэхээр зоорь байсан бөгөөд, дээгүүр нь шал хийчихсэн байсан учир би өдөр анзаарсангүй. Харин тэд гарч ирэхдээ зоорины хаалгыг чимээгүйхэн нээгээд нээлттэй чигээр нь орхижээ. Тэр хоёр миний хажуугаар шурдхийн өнгөрөв. Бидний гүйлдэх чимээг сонсоод хууртсан гэдгээ ойлгосон амьтад бид нар руу ухасхийсэн ч би хаалгаа хаагаад түгжиж амжилаа. Яг түгжих үед тэр хоёр над руу

давхиж ирээд тун хүчтэйгээр хаалга мөргөсөн ч, оросын төмөр хаалга тэдний өөдөөс салаавч үзүүлэх шиг л огтхон ч хөдөлсөнгүй. Ашгүй ингээд бид аврагдалаа… гэж бодтол… -Ээжээ… ах нараа… та хэд ирчихэв үү?… гэх жаахан хүүхдийн дуу ард гарах нь тэр… Би цочин эргэж харвал… тэр хоёр маань цаашаа харсан чигтээ гацчихсан байх бөгөөд… новш гэж… тэнд өнөөх хоёр охин байлаа. Тэд зэрэгцэж зогсоод бид нар руу харан инээмсэглэх бөгөөд тэр нь үнэхээр хачин харагдаж байна. Тэгтэл бүр гуравдагч этгээд хүртэл тэнд байжээ. Нэгэн хүмүүн бусын өндөр биетэй, урт чөрийсөн мөчнүүдтэй амьтан байх агаад хоёр муухай гараа хачин инээмсэглэх охидын мөрөн дээр тавьжээ. Тэр амьтаныг хараад л би хэн болохыг нь шууд л мэдэв.

Түүний толгой хүмүүн бусын муухайгаар хачин гилжийж, яг л хүзүү нь хугарч мушгирч байгаа юм шиг дуулдан, тэгээд ийн хэллээ. -Хөөх… та нар ч үнэхээр ухаантай юмаа. Хүүхдүүд маань та гурваас бусдыг нь барьчихсан. Одоо та гурав л үлдэлээ. Цагийг үнэхээр зугаатай өнгөрөөлөө. Одоо салах ёсоо хийе даа… Энэ үед охидын инээмсэглэл улам жигтэй болж ирэв. Хоёр завьжнууд нь чих хүртэлээ сунаж, аманд нь шүднийх нь оронд хачин хар нүх л үлджээ. Тэд ан руугаа дайрах араатан мэт доош дөрвөн хөллөн биеэ хурааж муухай архирлаа. Бид гурвын хэн нь ч хөдөлж чадахгүй байна. Ингээд үхэх юм гэж үү?… тэр Сэнд гэгч урт биетэй этгээд над руу хачин

инээмсэглээр л… би өөрийн эрхгүй ховсонд нь орж байгаагаа мэдэрч байна. Тэр намайг өөр рүүгээ дөх гэж байна. Би урагшаа алхалаа. Өөрийгөө удирдаж чадахгүй байна. Анхнаасаа л надад түүний өөдөөс тэмцэх боломж байхгүй байж… Ингээд үхэдгийн байжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *