
Хэзээ нэгэн цагт миний амьдралд онцгой зүйл болно гэж би үргэлж итгэсээр ирсэн. Бүр хар багаасаа л тийм мөрөөдөлтэй хүүхэд байсан. Энэ нь магадгүй миний жоохон байхаасаа л үзэж өссөн ямар нэгэн
мөрөөдөлтэй холбоотой, тэр мөрөөдөлөө биелүүлж амжилтанд хүрсэн нэгэн болж байгаа тухай холливүүдийн кинонуудаас болсон байх. Энэ бол тэнэг мөрөөдөл. Энэ үнэхээр тэнэг мөрөөдөл. Гэхдээ л энэ тэнэг
мөрөөдөл миний амьдрал болчихсон юм. Тиймээс би заавал мөрөөдөлдөө хүрэх болно. Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй сууж, хамгийн алдартай нэгэн болж, хамгийн шилдэг бүтээлийг туурвих.
Үхэхээсээ өмнө. Би үхэх тухай зөндөө бодож үзсэн. Миний бүх амьдрал зүгээр л ямар моторын зүтгүүр шиг, женни гэгч тэр үзэсгэлэнт хатагтайн хэлсэнээр баячуудад зориулагдсан нэг хараал идсэн том
машины нэг хэсэг бож амьдарсанаас үхсэн нь дээр гэж боддог байлаа. Гэвч яг үхэл миний хоолойнд тулж ирэх мөчид би айсан. Тийм ч их бишээ. Би үхлээс тийм ч их айгаагүй. Зүгээр л ямар нэг зүйл намайг

амьдруулах гээд байсан. Тэгээд би чадахгүй гэдгээ мэдсэн. Зүгээр л амьдарсан нь дээр гэж бодсон. Амьд байх гэдэг хэзээд үхсэнээс дээр. Бараг л бүх тохиолдолд шүү. Муу амьд явахаар сайн үх гэж байдаг л даа. Тийм учраас л би бараг гэж хэлсэн. Сайн үхэж байсан түүхүүд ч мэр сэр байдаг. Гэвч бодит амьдрал дээр… муу амьд явахыг нь хүмүүс сонгосон. Үргэлж сонгодог. Сонгосоор л байх болно. Хүмүүст таалагдахгүй байх. Дэлхий ертөнцөд таалагдахгүй байх. Надад өөрт минь таалагдахгүй… энэ бүхэн үнэндээ ямар ч хамаагүй. Хамгийн нэгдүгээр сонголт үргэлж амьд үлдэх байх болно. Хангалттай цөхрөөгүй л бол шүү дээ. Ядаж байхад энэ амьдрал хэтэрхий богинохон… тэгтэл надад хийж үзмээр байгаа зүйлс дэндүү олон байна. Тиймээс би амьд үлдэх гэдэг сонголт хэзээд нэгдүгээрт байх
болно. Хэзээ нэгэн цагт миний амьдралд онцгой зүйл болно гэж би үргэлж итгэсээр ирсэн. Гэхдээ яг ийм онцгой зүйл болно гэж би хэзээ ч бодож байсангүй. Би Халиунаагийн цусанд хутгалдсан, сэг болтолоо эрэмдэглэгдсэн цогцосыг хараад ийн бодлоо. Би уг нь зүгээр л нойл орох гэж явсан юм. Тэгээд нэг юманд тээгэлдэж унасан. Ийм юм амьдралдаа харна чинээ бодсонгүй. Бүр яг ийм хараал идсэн нөхцөлд шүү. Хамгийн зэвүүн нь юу гээч. Намайг сэрээх шалтгаан давсаг чинэрэлт биш харин утас минь байсан. -Байна уу? Ахиад л та юу… -Амаа тат… намайг сонс. Одоо намайг сонс. -Гүэ та яах гээд… -Чшшш… Хариу хэлэх гэж оролдсоны хэрэггүй. Тэд бүгд хүнтэй л адил мэдрэхүйтэй учраас галзуу сонсгол, галзуу хараатай биш ч гэсэн. Ийм
чимээгүй нөхцөлд дуу чимээ их амархан тардаг юм шүү. Яг одооноос тун чимээгүй байх хэрэгтэй. Чам дээр нэлээд өндөр бооцоо тавигдсан гэж хэлсэн байхаа. Надад ашигтай өндөр бооцоо. Чи хамгийн сүүлчийн амьд үлдэгч болвол би маш их мөнгөний эзэн болох болно. Гэхдээ зөвхөн чи л ганцаараа сүүлчийн амьд үлдэгч хүн болвол шүү дээ. Тиймээс чиний амь үлдэх нь надад ашигтай учираас яг одооноос би чамд амьд гарахад чинь туслах болно. Чамайг тэд арчаагүй амьтан гэж харсан. Тиймээс ихэнх нь чамайг амьд үлдэж чадахгүй гэж үзэж бооцоо тавьсан. Нэгэнт л тэгж бодсон дээр нь би тэд нарт чамайг бүр л доожоогүй амьтан болгож харуулсан. Гэхдээ тийм биш гэдгийг хоёулаа нотлох болно. Тэд нарт, бас чамд өөрт чинь… Надад хэсэгхэн зуур хэлэх үг олдсонгүй. -Чи өөрөө амаа хамхи… чамайг ахиж ийм
тэнэг балай юм яриад байвал маргааш өглөө гэхэд эндээс найзуудаа яваад өгч чадна шүү. Чиний яах… -Чадвал тэгээрэй… үгүй ээ чадах хэрэгтэй. Гэхдээ чи ганцаараа. Учир нь чамайг ганцаараа амьд үлдэж чадна гэдэгт чинь зөвхөн би л мөрий тавьсан. Хүмүүс чамайг угаасаа л үхнэ. Эсхүл хэн нэгнээр хамгаалуулж байж л амьд үлдэнэ гэж бодсон. Тиймээс найзуудтайгаа амьд үлдвэл чи бид хоёр юу ч үгүй хоцроно шүү. Чи угаасаа л ганцаараа байсан шүү дээ. Хамгийн эхнээсээ…. чамд туслах хэн ч байгаагүй. Хойшид ч байхгүй. Тиймээс энэ удаад ч гэсэн ганцаараа амьд үлд. Хэрвээ хэн нэгэнтээ хамт амьд үлдэх гэвэл чинь би тусалж чадахгүй. Харин ч хариуг нь барина гэж мэд… -Цссс зайлж үз тэнэг хүүхэн минь… гэж би ууртай хэлээд утсаа
тасалж орхив. Тэгээд хажуу тийш нь шидчихээд гараа алдлан хэвтэлээ. Тэгээд бодлогширов. Тэр үзэсгэлэнтэй атлаа галзуу ч байж болох эмэгтэйн тухай. Юу яриад байсан тухай нь. Гэхдээ тэр бүх солиотой зүйлс болж өнгөрч, бас дээр нь Оргилын хэлсэн тэр бүх хачин зүйлийн дараа түүний ярьсан үнэний ортой байх. Гэхдээ юу ярив. Үнэндээ би юу ч ойлгоогүй… ингэхэд тэр юу ярилаа… ямартай ч ямар нэгэн аймшигтай зүйл энэ байшинд байгаа… биднийг бүгдийг нь нэг шөнийн дотор дуусгаж чадахаар… хичнээн хичээсэн ч нэг л шөнө тэсч чадахаар тийм аюул… түүний хэлсэнийг бодоод үзэхээр… гүэ байз… түүний хэлсэн гэхээр… тэр бүхэн… тэр бүгдийг мэдэж байсан. -Байз… арай тэр намайг харж байгаа юм биш биз… гэж би
өөрийн эрхгүй годхийн өндийгөөд ийн дуу алдлаа. Бас бооцоо тавих тухай яриад байсан… арай… ганцхан тэр эмэгтэй ч биш. Өөр маш олон хүн биднийг харж байгаа юм биш биз дээ… тэгээд бооцоо тавиад, таашаал авч байгаа… хэрвээ энэ үнэн бол… бид нэг хараал идсэн шоун дотор байгаа гэсэн үг үү.? хэн нэгэн, эсхүл хэсэг бүлэг хүмүүс биднийг… амьд үлдэхийн төлөө өрсөлдүүлж, бооцоо тавин зугаацаж байгаа гэсэн үг үү? Яг энэ үед миний утсанд зурвас ирлээ. Би авахгүй байж чадсангүй. Яагаад ч юм одоо энэ дуудлага энэ зурвас л надад бурханы үг, эсхүл чөтгөрийн хорлол мэт санагдаж байна. Тэгтэл яагаад ч юм энэ үед өрөөний гадна тээр цаанаас нэгэн бүгтхэн түчигнэсэн чимээ хальтхан сонсогдоод өнгөрөв. Би утсаа авав. Надад ийм зурвас иржээ. “Чимээгүй бай гэж хэлсэн байхаа. Тэд хэдийн
сэрчихсэн. Одоо чиний дуу тэдний анхааралыг чам руу татаад байна. Тиймээс амаа хамхиад өг. Утасныхаа дууг ч хаа. Одооноос би чам руу зөвхөн зурвас л илгээх болно. Тэд хаанаас ирж байгаа тухай, хаана нуугдаж болох тухай, хаана занга байгаа тухай, яаж амьд үлдэх тухай гэх мэтчилэн бяцхан зөвлөгөө. Одоо чамд хамгийн эхний зөвлөгөөг өгье. 1. Яадаг ч байсан чимээ бүү гарга. Тэдний бүх мэдрэмж нь хүмүүсийнхтэй ижил гэж би хэлсэн. Тиймээс харанхуй байгаа нь чиний аз. Харанхуйд чи яаж харж байна тэдэнд ч гэсэн адилхан байгаа. 2. Хэрвээ одоо ч гэсэн надад итгэмээргүй байгаа бол чи яагаад шалгаж үзэж болохгүй гэж… чиний айж байгаагаар хоёр охин ч гэсэн аль хэдийн тэдний нэг болсон. Бас яг одоо нэг нь ангаа барьчихлаа.” Би нөгөө түчигнэсэн чимээний талаар бодлоо. Тэр түчигнэсэн чимээ. Түүний хэлсэн үгс. Үнэн эсхүл худал хэлсэнийг нь батлах болно. Би
орноосоо бослоо. Ингээд л Халиунаагын сэглүүлсэн цогцосыг харж зогсож байхдаа үнэн худлаа гэдгийг нь мэдэж авав. Тэр ямар нэгэн араатанд, ямар нэгэн бяцхан араатанд бариулж, хоолойг нь тас хазжээ. Яг энэ үед ахин зурвас ирэв. “Одоо итгэсэн биз дээ. Тэр ангаа ганцаараа даахгүй учраас нөгөөдөхөө дуудахаар явсан. Харин нөгөө хэд нь байшинд эхнээсээ орж ирж байна. Чимээгүйгээр. Тиймээс хурдхан гэгч нь утасныхаа бүх чимээг хаагаад, мессеж ирүүт дэлгэц чинь нээгдэхээр тааруулаад гэрлээ хамгийн бага дээр нь тавь. Тэгээд хаашаа ч юм нуугд. Ганцаараа шүү. Хэрвээ нөгөө хэдтэйгээ амьд үлдэх гэж оролдвол найзууд чинь тэдний анхаарлыг татах болно. Нэг л баригдвал тэд та нарыг нэг бүрчлэн сэглэж орхиход хэдхэн секунд л хангалттай. Чи тэндээс мултрах нь юу л бол. Сонголтоо зөв хийгээрэй
дээ” Би хурдхан шиг хэлсэнээр нь хийлээ. Хав харанхуй болов. Чив чимээгүй болов. Яг одоо намайг амьсгалахын аргагүй их айдас эзэмдэж, хоолойг минь боомилон биеийг минь гацааж, судсаар хүв хүйтэн цус урсгаж эхэллээ. Энэ бол биеийг минь эрүүл ухаан биш зөвхөн айдас л эзэмшихээр хангалттай хүчирхэг мэдрэмж байв. Тиймээс энэ байдлаа хадгалахын тулд би ямар ч үйлдэл гаргалгүй тэр чигтээ нам зогсчихов. Эргэн тойрноо харах гэж оролдов. Тас харанхуй. Хаана ч юу ч алга… бишээ… үнэндээ хаана ч юу ч байж болно. Миний нэг л тэнэг үйлдэл намайг тэд нар руу чиглүүлж болно. Тиймээс хөдлөхгүй байсан нь дээр… Үгүй ээ… эндээ ингээд зогсоод байж болохгүй Оршихоо… чи хөдлөх хэрэгтэй. Энд байсан нь аюулгүй юу? эсхүл хаа нэгтэй хэнд ч олдохооргүй нуугдсан нь илүү аюулгүй юу?… мэдээж сүүлийнх нь сонгосон нь дээр… Би эргэж харлаа… тэгээд яг
урагш гишгэх гэтэл… гэнэт хүчирхэг жижигхэн гар миний хөлнөөс баричихав. Би үхтэлээ цочсон ч хашгиралгүйгээр тэр чигтээ зугтан хоёр гурав гишгэтэл: -Авраарай… авраарай… гэх хачин хяхтанаан сонсогдов. Хүний цээл хоол биш, боомилуулсон, боолгуулсан хүний хяхтанаан… “Энэ найзуудын маань нэг байна” гэдгийг би ухаарангуутаа л… цааш алхах гэсэн хүн чанар маань зулгаан хөлийг минь хорилоо. Яг одоо би явчихвал… үгүй ээ би энэ талаар бодохгүй. Би эргэж хараад, чичрэн байж утасныхаа бүдэгхэн гэрэлтэй дэлгэцийг нээгээд харвал… яалтчгүй Халиунаа байх бөгөөд улаанаараа эргэлдсэн нүд нь надаас дэндүү өрөвдөлтэйгөөр аврал эрэн харж, “авраарай авраарай” хэмээн үргэлжлүүлж хяхтнасаар байлаа. Би ойртон очив. Түүнийг аврахаасаа өнгөрчээ. Мэдээж би хүн амьд үлдэх, амьд гарах эсэхийг шийддэг эмч мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ энэ… дэндүү
ойлгомжтой байсан юм. Түүний хүзүү нь бараг л тасарчихсан байх ба урт тасарсан мөгөөрс болон хоолойн зарим хэсэг нь доош унжин, цус нь доош юүлэгдэж байлаа. Яаж нэг л мэдэхэд миний хөлнөөс зуурч амжсаныг нь… Яаж толгойгоо өндийлгөөд байгааг, яаж дуугараад байгааг… үгүй ээ ер нь яаж хөдлөөд байгааг, яаж амьд байгааг нь ёстой мэдэх юм алга. Би золтой л бөөлжчихсөнгүй. Амаа дарлаа. Одоо миний толгойд хоёр зүйлийн бодол тэмцэлдэн, уралцаж байв. “Түүнийг аваад яв. Амьд үлдэх ч юм бил үү? Өөртөө ямар үйлийн үр хураахаа мэдэж байна уу? Хэн болохоо мэдэж байна уу? Чи хүн биш болно” “Хэрвээ авч явж байгаад баригдчихвал, чи хүн байтагуай юу ч биш болно. Тэглэ ч түүнд ямар ч найдлага байхгүй” -Тиймээ чамд ямар ч найдлага байхгүй… намайг уучлаарай… Ингэж хэлээд би түүний царайн дахь найдварын эцсийн ганц утас тасрахыг үзлээ. Тэр
хяхтнасаар л байна. -Үгүй ээ… Орших оо… үгүй ээ… битгий л дээ… Харин би шууд өндийгөөд эргэж хараад яваад өглөө. Дотроос минь ямар нэгэн юм өмрөөд уначих шиг болж, тэр нь ахиад хэзээ ч эргэн нөхөгдөхгүй гэдгийг би ойлгож байв. Тэр хяхтнасаар л… # # # Үхэх гэж буй найзыгаа хэнэг ч үгүй орхиод явсан Оршихыг хараад Женни нүүрэнд инээмсэглэл тодрууллаа. -Зүйтэй… жаал минь… эр хүн… одоо л сурч эхэлж байх чинь… хэмээн амандаа үглэв. Тэгтэл гэнэт царай нь өөрчилөгдөж, ямар нэгэн өөрт нь таалагдахгүй зүйлийг харсан бололтой. -Гүэ муу тэнэг яаж байна аа… хэмээн муухай хашгирлаа. # # # Намайг эргээд явж байтал ард гэнэтхэн түчигнэх, ямар нэгэн амьтаны хурдтай давхих чимээ сонсогдсоноо… нэгхэн агшин чимээгүй болоод араас нь гэнэт нэгэн аймшигтай архирах чимээ дуулдав. -Новш гэж тэр намайг харчихлаа… гэж би амандаа үглээд
шууд гүйлээ. Түүний яг дараахан нь өнөөх асар хурдтай мөлхөх давхих чимээ дуулдаж эхлэв. Намйаг хөөж байна. Хэдхэн агшины дараа энэ чимээнүүдийг гаргаж буй амьтан ганцаараа биш гэдэг нь шууд мэдэгдэв. Би хар хурдаараа гүйж эхэллээ. Тэгтэл урд нэлээн хэдэн алхамын зайтай Оргил хаалга онгойлгон гарч ирлээ. -Хүүе чи чинь… Түүнийг ингэж хэлэхийн завдалгүй би түүн дээр шурдхийн хүрч ирээд, гарнаас нь хөтлөн гүйж эхэллээ. Тэр асар хурдтай хөлийн мөр бүр яг миний ард хэдхэн алхамын зайтай сонсогдож эхлэв. Тун

удалгүй миний дээрээс нэг жижигхэн биетэй дөрвөн хөлтэй этгээд дараад авлаа. # # # Женни уурандаа бүр хашгирч урд байсан ширээгээ цохиж аваад: -Муу тэнэг… хэмээн бархирлаа. # # # Энэ зуур бүр ч олон бүр хэдэн арван хөлийн мөр газар чичигнүүлэн нүргэлэн айсуйг би ухаан алдахынхаа өмнө сонсож амжилаа.