
Хажуугийн хадан дугуйн сахлаг боргонд морьд маань эмээлтэйгээ идээшилж харагдана.Би гэрт орж гар нүүрээ арчих зуур–Морьд овоо амарч хоноо байлгүй..гэхдээ яагаад эмээлтэйгээ байдаг билээ..гэж
намайг гайхан асуувал…ах надруу нэг их сүрхий харчихаад юм хэлсэнгүй..цайгаа оочилно.Тэндээс Навчаа эгч инээд алдангаа –Ах чинь л ..эмээллэхгүй юу даа..энэ ямар унтах биш..үнэгний нүд
залгичихсан юм шиг..хар үүрээр л хахитнаж байдаг амьтан гэж хэлэхдээ эр нөхрийхөө эртэч,ажилсаг байдлыг нь бахдан урамшуулах шиг санагдлаа.Үнэндээ би ч бас биширч байлаа..бараг арваад морь
шүү дээ.Ядаж л эмээл хазааруудыг нь будилж эндүүрмээр юм.Манайхан ч уван цуван босч цай цүүгээ ууцгаалаа.Өнөөдөр бид ах эгч хоёртой ууланд явж ховор нандин эмийн ургамал түүх юм.Ах,эгч
хоёр маань сартай хээр морьд ижилсүүлж,харин Бадмаа,Улаанаа нар хээр, хүрэн зүсний хоёр цэрдгэр дааганд тохом татан сууцгаалаа.Мөн дэлийг нь тууш хяргасан үргэлжийн унтаа юм шиг толгойгоо

унжуулсан ,оломны цагаан олойртой хээр моринд дааж ядтал ачаа ачлаа.Олон хүний хоол хүнс,аргамж оосор,борооны цув гээд элдвийн л юм байна.–Ахаа ийм их ачааны хэрэг байгаа юмуу..гэж би амьхандаа хээр морийг өрөвдөн асуувал-Зүгээр…оройтвол хээр хонож ч мэднэ зам бэрх,тэгээд ч унаа моринд ганзагалаа авахгүй..гэснээр миний амыг таглав.Аяны цуваа бүл чадал нэмэн цааш хөдөллөө.Нутгийн мэр сэр хүмүүс ч нэмэгдэв.Ах калибр буугаа үүрч цувааны толгойд явлаа.Араас нь би,Навчаа эгч,,Гүнбаяр,Буямаа гээд дараалсаар хамгийн ард Бямбаа гэх нутгийн залуу ачаатай хээр морийг хөтлөн явна.Тэр залуу байсгээд л уртын дуу хадаана.Тэгснээ цувааны араас хашхиран хэрэгтэй хэрэггүй зүйл ярин чангаар
хөхөрнө.Тэр залуу байгаагүй бол,бас уртын дуу дуулахгүй л бол энэ орон дэлхий амьгүй мэт санагдана.Ер нь олны дунд нэг ийм хүн байх нь хөгжөөнтэй,цаг хугацааг зугаатай өнгөрөөнө шүү дээ.Зэрэгцэн явах аргагүй бартаа ихтэй тул бид ийнхүү нэг л цуваагаар урагшилна.Нар дээр хөөрч байхын хэрд бид хөндийгөө орхиж хажуугийн элгэн хадтай энгэрийн мушгиралдсан зам даган авирлаа.Гэхдээ бүгд моридоо хөтөлж явахгүй бол нэг л хөл алдах юм бол хэцүү..хааяа хөл дороос чулуу өнхрөн доош дүнгэнэн одох нь үнэхээр сүртэй.Хавцалын оройд гармагц өөр ертөнцөд ирэх мэт толийсон цагаан зоон дээр гараад явчихлаа.Хөндийд нартай дулаан байсан бол яг одоо тэнгэр бүрхэн бороо шивэрч байна. –Ахаа бороо орох нь дээ.. гэж намайг тавгүйрхэн
хэлэхэд–Зүгээр дээ..удахгүй нар гарна.энэ зоон дээр дөрвөн улиралыг нэг доор үзэж болно доо гэлээ .Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн л ийм байдаг боловуу….бүгд моридоо чөдөрлөн тавиад ахын заавраар ургамал түүх ажилдаа шамдан орцгоолоо.Хээр морины ачааг задлан хүн бүрийн тоогоор нэг нэг ямааны эвэр тарааж өгөв.Хатуу дагжуур газрыг эврээр л ухахгүй бол өөр аргагүй ажээ.Энд игушин(алтан гагнуур)бэрээмэг,бамбай,таван салаа,айргана,үүргэнээс гадна тошлой,улаалзгана гэх мэт арааны шүлс асгарам зэрлэг жимсэн төгөлүүд өөр өөрийн гэсэн өнгө үзэмжээр ялгаран ургажээ.Навчөа эгч гурван чулуу тулан хээрийн цай чанаж,ах эргэн тойрон дурандана.Цайны идээний оронд нохой хошуу,борголзойн шар цэцэг
орлуулан хийжээ.Ил гал дээр даргилах улаан цайны уур,эргэн тойрон усан болор хөшиг татуулах нэвсэрсэн цагаан манан хоёр мөнхийн рашаан найралдах лугаа бие сэтгэлийн алжаал тайлна.Ах эгч хоёрыг хараад байхнээ өөдрөг өрнүүн үзэл бодол,яриа хөөрөөтэй эрлэгийн элчийг ч аргадан тайтгаруулах аядуу сайхан улс.Ийм хүмүүс сайн явалгүй яахав ..Өдөр тийшээ нар гарч чийг даасан дээл хувцаснаас зөөлөн дулаан мэдрэмж гаран нойр хүргэн бие нозооруулна.Ах биднийг дуудлаа. –Тэр харж байна уу..гээд дурангаа өглөө.Би ахын шар амтай орос дуранг аван заасан зүгт нь харав. –Янгирын сүрэг..сэрийлдэн харагдана.Зааны хавирга шиг буурал оргилын оройд алтайн сайхан энэ амьтан ийм олноор байхыг хараад бахдан хөөрөхгүй хэн байх билээ. –лав хоёр зуун тоо толгой байна шүү хэмээн
Буямаагийн нөхөр дуу алдах нь их догдолсных биз.Галаа гэгч энэ эр надтай зам нийлснээс хойш дутуу хагасхан мэнд усыг нь эс тооцвол өөрөөр нэг ч үг дуугараагүй гэхэд болно.Харин эхнэртэйгээ бол яриад байх шиг л байдаг..Хаа нэгтээ хойлог исгэчнэ..энэ зоон дээр хойлог,янгир ,манан…нэг нь үгүй бол сэтгэлд үл багтах үзэгслэнт алтай.Тэр оройдоо хүүхэд эмэгтэйчүүдээ хавцалруу оруулан буцааж энд эрчүүд хээр хонолоо. …Ингээд удалгүй манайх нүүх болж би ахыг даган ачлаганы тэмээнд явлаа.Хамт ирсэн хүмүүсээ багийн төврүү ах бид хоёр хүргэж өгөөд..тэд цаашаа гэр гэрийн зүг явсан билээ. Халуун дулаан цагийн тарган цатгалан тэмээ тууна гэдэг тийм ч аятай таатай ажил биш ажээ.Орчлонгийн хамаг л халуун нялуун бүхнийг давс хужраар шорвоглон арьсан хөхүүрт хийчихээд өөдөөс халуун хөөрөг шахан үлээж байгаа мэт..бас шал палхийтэл чацга саван түүнийгээ
сүүлээрээ цохин хамаг байдгаа халтартуулна.Таана,хөмүл,заг, бударгана гээд дандаа халуун чанарын ургамал иддэг энэ мал байнга амаа ангайн салхи сөрнө.энэ нь дотоод халуунаа гадагшлуулах нэг арга. Бүх тэмээгээ хоёр өдөр шөнө хоосон уясны дараа гэдэс гүзээ нь багасч их үнэр танар нь дарагдаад ирлээ.ингэх нь уяа сойлго таарч өвлийн эдэлгээ даах тэсвэр суулгаж байгаа хэрэг ажээ.Нүүхийн өглөө би Бадмаа,Улаанаа хоёртой тэмээ хэвтүүлэх газрын чулууг цэвэрлэж мөн тэмээ тус бүрт хэрэглэх дээс оосор бэлдлээ.Бямбаа найз минь ирж нүүлгэж өгөв..тэгэхгүй бол би гэдэг хүн чинь хөдөөний ажилд таг амьтан.Яахын зуургүй таван тэмээг дүнхийтэл ачаалан босгов.Хоёр дүү айлын залуутай хонио тууж,Навчаа эгч алаг морь унан ачаагаа хөтлөв.Намрын тэмээ омголон тул ах,Бямбаа бид гурав ачааны өмнө хойно хуваагдан явав.Ах байсгээд л –хөө..өөөг..хааа.ааг хэмээн
уянгалуулан дуугарна.Энэ нь намар цагийн омголон тэмээдийг аль болох л аядуу номхон ааштай байлгах гэсэн нарийн ухаан байлаа. Гэтэл..хажуугиийн хавчиг сайрын амнаас гэнэт цөөн тооны гөрөөс гарч харайхад нөгөө талд явсан ноход чөрхлөөтэй тэмээний яг араар гаран ухасхийв.Хамгийн ард шинээр ачаанд орж байгаа хүрэн тайлаг нохдоос үргэн өмнөх тэмээний хомноос уясан бурантгаа шувт татан туйлж өглөө.Бусад нь бүдүүн атнууд байсан тул дороо хэсэг овгоноод тогтлоо.Мөнөөх тайлаг дээрх ачаагаа орчлонгоор нэг цацан хамаг л дээс оосор хөл хүзүүгээр нь ороолдон тэнгэр газрын хоорондуур л нэг юм боллоо.амьд амьтан ч ойртхын арга алгаа.Даш-Ёндон ах байгаа байдлаасаа илүү овжин шалмаг эр ажээ.Тэр туйлж яваа тэмээний хажуугаар морьтойгоо нүүлгэж орсноо ганцхан үсэрч буугаад л
хамарнаас нь зүүгдлээ.Эгч намайг-яваарай хүү минь..ахдаа тусал..цаадах чинь баларлаа гэж орилход л би гэнэт ухаан орсон мэт наанаас нь хар хурдаараа очлоо.Чухам яах гэж яваагаа бодох сөхөөгүй очтол ах маань нөгөө тэмээний дээд уруулаас зууран чаргууцалдаж цаадах нь ахыг цагаан хөөсөөр тургилан дороо эргэцэн тавчиж байна.Ах намайг хармагц –Энэ хутга аваад орхи түргэл..түргэл гэхэд би ахаас айсануу,тэмээнээс айсануу нэг л мэдхэд бүсэндэх хутгыг нь барьчихсан тэр хоёрыг тойрон харайлгаж явлаа..миний аарч сандарсаныг хараад ах маань.. –Хөөе хөөе чи яах гэж байна наашаа хүрээд ир..энийг барь сайн барина шүү..алдаж болохгүй шүү..Би бодох санах ,айх ичихээ тэрхэн зуур умартсан бололтой ..төө илүү сунасан
тэмээний уруулаас шууд л атгалаа.Ах миний гараас хутга аван ороолдсон дээс оосор бүхнийг тас тас огтлон салгалаа..амнаас нь цагаан хөөс оволзон ,цээжнийх нь гүнээс хүнгэнэсэн их дуу гаран эргэлдэх нь даанч их сүртэй..миний тэр байдлыг хөндлөнгөөс хөрахад хэзээ мөдгүй дэлбэрэх галт уулын аман дээрх сохор номин шиг л байсан даа..Энэ үймээний дараа ах хүрэн тайлагны хүзүү,дал мөрийг илж маажиж,..хөөс хөөс хөөс…тоор.тоор…тоор хэмээн уянгалуулан дуудах нь түүнийг аргадан тайтгаруулах арга аж.Туйлж яваа тэмээний дээд уруулыг олж атгаж чадвал жаахан ч гэсэн хөдөлгөөн нь хоригдон номхордог ажээ.энэ аргыг туулайдах гэдэг юм байж.агсарч байгаа хүний гарыг өчихтэй л адил нэг төрлийн дархан мэх..тэр мэхийг ах гаргууд эзэмшсэн хүн юм.Одоо бол хөөрхий тэр мал
бөмбөгнөтөл чичрэн,нүднээсээ бөөн бөөн нулимс урсган байх нь даанч өрөвдмөөр.Хүнээр бол алдаагаа ойлгож гэмшин харуусах залуу хүү аятай..удалгүй тэр тайвширч байгаа бололтой сүүлээ зоосруулан шээгээд,ам хамрыхаа цагаан хөөсийг будартал тургичихаад газар үнэрлэн хэнгэнэтэл санаа алдлаа.Тэрний буруу гэж ч юу байхав…нээрээ.Харин ах маань одоо бол өөрийгөө зүхэн –Муу цус нүүдэл хийж чадхаа байлаа..үхэх цаг минь болж үгүй ер.. тэмээ туйлуулаад байхдаа яахав хөөрхий бага залуу амьтны сүнсийг нь авчихлаа байна…гээд л үглэж гарлаа.Уг нь миний бодход гэнэтхэн гарч гүйсэн янгирт,эсвэл хоёр нохойндоо,ер нь бараг тэр болгоныг мэдсээр байж үргэж туйлах тэр тэмээнд л хамаг бурууг тохмоор.. манай нүүдэл жигдрэн уулнаас бууж бэл уруудан явсаар ..эргэж харахад холдох тусам цэнхэртэх их уулс хар мянган майхан сав шиг эрвийж дэрвийнэ.Удаж төдөлгүй бид
өөдөөсөө соруулж байгаа юм шиг нилхийсэн бүгчим халуун заг сухайн төгөлтэй баян бүрдрүү орлоо.Ханын эрс дайны өндөрт чар чар дуугарах царцаа,хаашаа ч юм яаран давхилдах гүрвэл,эвэртэй эвэргүй голио(бодвол эр нь сүүлтэй бас эвэртэй байдаг байх) мөлхөлдөх этгээд хачин орчинд үг сүггүй дайран довтлох шумуултай нүдэлдсээр намаржаан дээр ирэн ачаа хөсгөө буулгалаа.Ийм газар яаж даасна даа гэж битүүхэн шаналж байснаа нуух ч юу билээ.Маргааш орой нар шингэх үеэр хоёр дүү минь унасан морио ташуурдан хөл хөөрцөг болсоор хойно урдаа орон давхилдсаар ирлээ.Ямаанууд хүртэл эзнээсээ хоцрохгүй гэх шиг уртын урт цуваагаар гүйлдэн ирэх нь адтай.Эгч ах хоёр хүүхдүүдээ өхөөрдөн –Хармагны зулзага..гэж дуудна
.нээрээ ч хармаг идсээр байгаад ам хамаргүй л хүрэнтэж ягаарчээ..түүгээр үл барам моридоо,бас аарцны шар ус уусаар байгаад том гүзээтэй болчихсон хөгшин цагаан ямаагаа хүртэл хармагаар будан танихын эцэсгүй болгосон нь өхөөрдмөөр болжээ. Удалгүй хоёр дүү маань сургуульдаа явж ах,эгч бид гурав үлдлээ.Дээлэнд наалдчихсан мэт явж өгдгүй шаргал өдрүүд..хэсэгтээ л миний арга тэвчээрийг барна.Өдөр өдрөөр наашлах хүйтний ам өглөө мандах нар,үдэш татах өрхний зайгаар урилгагүй зочин мэт бодох нэр ,угтах нүүргүй хээв нэг шургасаар нэг л мэдхэд моридоо залж тэмээний уналганд орж хааяагүй л цаг харьжээ.Ийм л цагаар эгч маань аймаг явж ах бид хоёр хорвоогийн хоногийг дамжилдан хэд хонолоо.Хонио ээлжээр хариулаад, үхэр адуугаа,бас тэмээгээ залчихсан үе.Би нөгөө туйлдаг хүрэн тайлгаа унаад бод малыхаа барааг нэг харж бүртгэхээр бөг бөг шогших өглөөгүүр.. ер нь би тэмээ унаж сураагүй тул
шогшихоос илүү хурдан явж чадахгүй.Тээр зүүн далангаар ганц тэмээтэй хүн ёстой нэг шуугиж яваа харагдав .Тэгснээ намайг үзэв бололтой огцом эргэн хурдаараа ирлээ.би яахав хүний бараа хараад олзуурхан шогшиж л байлаа.дөхөх тусам түүний унасан тэмээ цав цагаан хүзүү толгойтой харагдаад болдоггүй..ямар содон сонин зүстэй мал унаад хар хурдаараа явдаг..хаанахын хэн гэгч юм болдоо..гэж бодлоо.Яахын зуургүй дэргэд ирлээ.Гэтэл өглөөн жавраар ширүүн явснаас болж хамар ам хүзүү толгой нь өндөр амьсгаандаа цантан мөсөрч,дээр нь омголон сагсуу эзний сүр хүч ч гэж хачин ..дөнгөж сая мөсөн хана цөмлөн гарч ирсэн юм шиг жихүүн бөгөөд сүрлэг гэдэг нь …хурган дотортой хөх торгон дээл,булгааран тоногтой бор эсгий
гутлын түрий эргүүлэн жийсэн тэр хүний тогтож ядсан цовоо хар нүд улаан залаатай үнэгэн лоовуузны дороос намайг ихэмсэг нь аргагүй намжирдан харах шиг ..энэ үед би өөрийн мэдэлгүй л байгаа байдлаасаа ичих шиг болж билээ..тэмээнийхээ бөхөнд өлгөсөн хөлс дайранд ч түлэгдээгүй шар суран бугуйл,улаан цацагт цагаан мяндсан ногт,шар торгон эмжээртэй цэнхэр хивсэн тохош…ер нь эзэн тэмээ хоёр хараажийн сайн эрийн шинжтэй…надад гайхуулах гэсэн биш заавал миний муу хүрэн тайлаг бид хоёрыг хэд нугалсан энэ мэт ганган амьтадтай таарсандаа ..сэтгэл минь их эвгүй оргих шиг боллоо…яахав би хот газрын дэгжин хүмүүс дунд байсных ..энэ бүхнийг сонжин харсан байж магадгүй л дээ…Тэр хүн намайг

тоомжиргүй янзтай хараад,амаа ангайн дүнгэнэтэл аахилах атан тэмээнийхээ хамраас гэдийтэл татангаа–Сайн байна уу..гэх нь бүсгүй хүний шингэн дуу цангинаад явчихлаа. Би хариу мэндлэхдээ аль хэдийнэ тэр цээлхэн дуу хоолойнд татагдчихсан…за бас аарч гайхсандаа ч юмуу…мэдэхгүй юу гэж мэндэлснээ..санадаггүй юм.