
Өлөн бүргэд ч давамгүй өндөр байцын оройгоор шил толь лугаа гэрэлтэх тунгалаг тэнгэрийн хаа нэгтээд дүүгүүрийн чулуу шиг ганц хар юм тодрон харагдах нь лав тас шувуу байх.Эсвэл ёл ч байж
мэднэ…гэхдээ ёл шувуу тэнгэрийн мандалд цайвалзан харагддагсан.Энэ хоёроос өөр ямар ч жигүүртэн тийм өндөрт халин дүүлж чадаа гэжүү.Тэнгэрийн эрхэсээс өөр юм давамгүй сүрдэм их
оргилуудыг хараад агуу түүхт дээдэс маань нэг ийм ч байсан боловуу хэмээн эрхгүй бодогдоход эр бие эрүүл чийрэг ч энэ мэтийн дэргэд ямархан дорой болхоо мэдэрнэм.Өчүүхэн гэснээс ёстой л хавцал
хөндий,жалга судгийн ам,хөвөө хонхорыг дагаж ургасан ухаа ягаан цэцэгс,таана хөмүлийн хөх цэнхэр толгойг харахад баян айлын эрх танхил охин шиг цаанаа л нэг үзэгслэнтэй.Хааяахан шурдхийн одох
хуй салхины хөлд газар мөргөчих шахан найгалзах урьхан турьхан тэд жигтэйхэн хайр хүрмээр.Салхи савир тэгтлээ ороод байхгүй энэ хөндийн ёроолын чулууд нь хүртэл амьдрал үзээгүй жаахан хүү шиг…

Санасан газраа хөл тавимгүй үсрүү чулуу,энхэл донхол ховилтой энэ хөндий бага үдийн нар шарж байхад одоо хэр энд тэндгүй сүүдэр татсан ёнцон цохионууд хүйт даан сүүхийнэ.Малын сархинаг шиг давхар давхар хуудастай элгэн хүрэн уулсын нар халитрам энгэрээр ямаа голдуу цөөвтөр мал нэг ил гарч нэг далд орон явсаар их хавцлын аль нэгтээрүү бараа тасрав.Зорисон айлын маань зах сэжүүр мөн л байгаасай гэх битүүхэн горьдлого тээсээр мориндоо ташуур өгөвч төдий л газар хороох нь бага.Газрын бэрхэд уулын сүр цохисон морьд маань халтар манан хөөрөг шиг битүү хөлөрчээ.Огцом уруу ганга зуухруу орохдоо сүүлээрээ газар шүүрдэн цөмцөгнөх нь сүр турь муутай ч газрын өгсүүрт бүүрэгнээсээ л сайн барихгүй бол
эмээлтэйгээ ховх үсэрч мэдхээр байгаа нь морьд хэдий сульдаж яваа ч уулын адуу ясны тамир сайтайг гэрчилнэ…Унаар морьд гэнэтхэн сортосхийн хажуугийн энгэр өөд харахад бид ч бас харлаа.Тээр дээд элгэн цохионы наахна хуучин дээлийн уранхай хормой шиг халтар энгэрт хоёр жаал тоглон суугаа харагдахад..хүмүүс дуу шуу ороод ирлээ.Энэ буйд зэлүүд хөндийд яг л эрдэнийн шигтгээ шиг харагдсаныг хэлээд юүхэв.. –Хүүе хүүхдүүдээ нааш ирээ..алив миний дүү наашаа яваарай..юм асууяаа..гээд л бид зэрэг зэрэг л хашхирав.Мөнөөх жаалууд гайхаж бишүүрхэн өөд өөдөөсөө харан хэсэг байснаа бид дуудаад байх тул аргагүй нааш эргэлээ.Бидний хашхираан уул хад дамжин цуурайтаж нүсэр хаддыг зүү шиг цоолон
одно.Эндээс тэнд,тэгээд цаашаа аварга том цохионоос бөөрөн чинээ хайрга чулууд хүртэл амилан байна уу гэлтэй.Магад энэ насанд ахиад сонсохгүй ч байж болох хоор найрал дууг хоолой салган өөр өөрийн өнгөөрөө дуулалдах бөгөөд эцэстээ ширмэн тогооны жингэнээн шиг сонсгол мэдрэхүйн гүнрүү уусан нуугдах шиг далдын далдруу уянгалан алдрах бөлгөө.Удалгүй хоёр жаал хөх асган дээгүүр үсчин урссаар дэргэд ирлээ.Хад чулууны ая данг олох гэж ядахын оронд энэ хоёр жаал шиг ингээд явчих нь хамаагүй амар хялбар байдаг бололтой.Бид мориноосоо буун биеин чилээ гаргангаа богцноосоо чихэр боов зэхэн тэднийг угтлаа.Нар салхины хөлд түлэгдэн холцруутсан нүүртэй годгор бор охин тав арван алхмын өмнө ирж духаараа харж бишүүрхэнгүй байдлаар гар хуруугаараа оролдон,инээмсэглэнэ.Түүнээс хоёр гурав дүү байхаар аяны тогоо шиг
дэлдэн чихтэй таадгар хар хүү гал бутартал инээсээр гүйцэж ирлээ. –За..сайнуу..та хоёрыг хэн гэдэг юм..гэхэд–Намайг Бадмаа гэдэг..энийг гэснээ–Чи нэрээ хэлээч гээд охин дүүгээ нудран инээв. –Аа..намайг…Улаанаа ингэдэг –Тиймүү та хоёр тэнд юу хийж байгаа юм..гээд дээш хадруу заан намайг асуухад ..нөгөө хүү — Бид хоёр гэр барьж байгаа –Аа..тэгвэл танайд цай байгаа юу –Байгаа..Бадмаа охин арай эгч юм гэсэндээ..–үгүй байхгүй..зүгээр тоглож байгаа..бид хоёр хонио хариулж байгаа..гэснээ амаа даран хөгжилтэй нь аргагүй инээлээ. –Та нар манай аавын найз юмуу –Тиймээ Манай ээж –удахгүй та хоёр ахтай болно гэсэн..би энэ үгийг сонсоод юу гэхээ мэдэхгүй ч ..сайхан санагдаж суулаа.Яг л уулын эзэд шиг магадгүй энэ хэвлүүхэн хоёр амьтан өөр газар нэг зохиж өгөхгүй ч юм шигээ…Энэ хооронд ямаа тургилдсаар том том үхэр чулуудын дундуур тэдний хариулж яваа сүрэг гарч ирэн гайхан харцгаана.Бид Бадмаа,Улаанаа нараар зам
заалгаж аваад цааш явлаа.Бид гэдэг нь нарны хар шил толгойдоо зүүж,үсээ мөрөн дээгүүрээ сул асгасан энэ харанхуй хөндийдөө л гоёдохоор Буямаа хүүхэн,түүний нөхөр бааз борогдуухан Галаа гэгч эр,мөн намайгаа даган баясч хотоос гарсан Гүнбаяр найз маань замчлангаа унаа хөсгөөр тусалж яваа хоёр багацар залуу.Аа бас бодол санаа нь хөвсөлзөн яарч байгаа боловч энэ байдлаа даран эгэл дарууран үг яриагаар ааг цоог гэж яваа залуухан хүү.Энэ нь туужийн гол дүр би гэгч би юм.Харин зорьж яваа айл маань Даш-Ёндон гэх миний үл таних эрийх.Гэхдээ би тэр ахын талаар аав ээжээсээ сонсож,бас миний аавтай хамт авхуулсан үнгэлэгдэн хуучирсан гэрэл зургаас ойлгосон хар битүүхэн таамтай яваа нэгэн.Учир нь би гол ус нийлсээр мөрөн далай болдог шиг энэ л нутгийн харгуй зөргөөр улсын нийслэлийг зориод аль хэдийнэ арван хоёронтоо зуны бороонд норж бас тийм дайны цас нас хоёрын хайлахыг харж элээсэн байх
юм.Ээжийн минь аминчлан байж тэр ахад өгч явуулсан хатуу идээ анхных шигээ гоё ганган байдлаа алдаж,зам замын олон унаа тэрэгний донсолгоонд нухлагдсаар миний хувьд лав хүнд өгөхөд их царай муутай болчихсон.Мөн эхнэр хүүхдэд нь өгч явуулсан чихэрнүүд цаастай нь хүлхчихсэн мэт…болжээ.Энэ бол миний хар багаасаа цүнх сав чирч сураагүйн балаг байх өө.Харин миний аав тэнгэр болоод хоёр сүүдрийг орхижээ.Миний багын нутаг боловч надад одоогоор хамгийн тод томруун санаж байгаа юм гэвэл эгчтэйгээ хамт хонь хариулж яваад айлын малтай хольж томчуулд ажил уддагсан.Яагаад би тэгэхэд хонийг муу хариулдаг байсан юм бол.Тэгээд..маргааш нь хонины ээлжээр торгуулна..Бас аавын алж ирсэн тарваганы махыг голдуу ээж өвчөөд чанана.Дээрээ ах нартай надад цээж давч голдуу оногдоно..хааяа нэг хаа гуя оногдоход
жигтэйхэн том болчихсон шиг ..санагддагсан.Тэгээд араас нь булгийн сэнгэнэсэн хүйтэн ус залгилчихаад ишиг хургаа ялган саахалтын айлтай зөрүүлнэ..Зуслан голуудын хооронд яг л эмээлийн бүүрэг шиг эгцхэн онь хөтлүүд байдаг.Тэр хөтөлийн зөрөг замаар ус нутгийн минь ах нар хойно урдаа орон дуулалдан мориныхоо хоёр талруу найган давхилдаж ,хэн нэгнийх нь тоорцог юмуу бүрх малгай өнхрөн унахад морин дээрээсээ тонгойн шүүрч өмсөөд л..Орой болоход олуулаа хамт гадаа унтацгаана.Саахалтын гоё гоё эгч нараар аймаг сум,сургууль соёлын тухай өчнөөн юм яриулж заримдаа хар гар гэгч аймшигийн үлгэр ярихад нь үхтэлээ айж хар дардагсан…Тэртээд од харвахад зэрэг зэрэг л –түй..түй миний од биш..хүний од..гэж нулимхад.. –Хүнийх байхдаа яахав.. тэнгэрийн од гээч..гэж хэн нэг нь мэдэмхийрч нэгнийгээ гижигдэн элгээ хөштөл инээлдэж байхад аль нэг гэрээс томчууд гарч ирэн –Хөөе хүүхээс чимээгүй унтацгаа гэж
зандарна.Тэгээд л үлгэрийн гоёмсог зүүдэн дундуур аялж нэг л мэдэхэд өглөөний нар төөнөж байна.Ах нар аль хэдийнэ унагаа барьж,эгч нар үнээгээ саагаад тугалаа ялгаж байхад мань мэтийн багачууд сэрдэгсэн.Турьхан охид шиг,миний таньдаг нутгийн эгч нар шиг тунамал шар өнгөт сэржмядаг цэцэг,хүдэр хадар ах нар шиг улбар шунхан зүстэй жамъянмядаг цэцэгс найган дохилзож,тараагаад орхисон тоглоом шиг эсвэл хайр сэтгэл шиг хөх нүдэн,хөх шар яргуй,багваахай цэцэгс орчлон хорвоогор нэг нэвчих шүүдрийн униартай холилдон байхад л би босч хөл нүгэн чигээрээ малын захаар гүйж хааяахан чулуу өшиглөчихөөд уйлж суудагсан..Тэр болгон газар тийм ч олон хүн ингэж өсөөгүй.. хүн атаархмаар байсан миний бага нас энэ л их уулсын аль нэгтээд дэгэж дэрвэж явлаа…Цаг хугацааг ухрааж болдог бол энэ л Улаанаа,Бадмаа хоёртой өвдөг тавхайгаа
сайрттал хээр гадаа тоглож,шилбэлзэн буй үй олон оддын дор сайхан эгч нарын хүсэл мөрөөдлийг нь сонсоод зүүдлэн унтахсан.. Гэрэлт бодлыг минь тас татан ноход хуцлаа..Морьтой малтай,юутай хүүтэй нь дарж унаган барьж идэхнүү гэлтэй..сарлагийн шүдлэн дайны биетэй том халтар ноход хонгорцог сангарцагаа савсуулан,сарвуу тавхайгаа балбагануулсаар шуугиж ирлээ.бүр хоёрын хоёр шүү.Тал хөндийг нураачих шахан тан тан хуцалдаж,тасам шар соёогоороо тавьж нэг хазаж нэг байх шиг..нүд бүлтэрч чих дэлдийгээд ч байх шиг..Ашгүй нэг мөөгөн чинээ хоёр бор гэрийн тэндээс нөмгөн дээлтэй шар авгай хайрга чулуу шидэлсээр хоёр лут амьтныг биднээс салгаж өгөв..Гэхдээ л цог шиг улаан нүдээр гөлөн дөлөн гэсээр дуртай дургүй холдлоо.Гэрт ороод суусны дараа өвдөг чичирч,нүүр чинэрсээр..Гэрийн эзэн гэж тээр уулын сүүдэртэй ар дээр харагдах хэдэн сарлаг шиг нүүр дүүрэн хар батгатай голийж олийсон хөх
эр..сууж л байдаг бололтой шүү..Мөнөөх харсан зурагтайгаа орж ирмэгц л харицуулан бодсон боловч адил..юм олж хардаггүйээ…Золгож танилцан..цайлж суухдаа яриа өдсөн боловч амар хялбар ч ам нээх шинж алга..харин эхнэр нь гап шупхийсэн сүрхий эгч.Отрын авсаархан гэрийн баруун хаяаг шууж аарц шүүсэн нь үл таних айлд амьдрахаар ирсэн над мэтэд харж цаг нөхцөөх нэг аятай боломж.Гэрийн эзэгтэйн аашны сайхан,зууханд бадамлах галын илч хоёрт хар зөнгөөрөө тайвшран эвшээлгэж суунгаа..энэ ууланд төрсөн хүн ийм ч байлгүй яахав..ийм хүний тэжээсэн ноход тийм ч байхаас яахав гэсэн шүү дэмий балай зүйл бодон суутал хоёр хүүхэд нь ч хониноосоо дуу шуу болон орж ирлээ. …Энэ орой биднийг янгирын махаар бууз хийж дайллаа.Уулын зэрлэг сонгиноор амталж,хонины
сүүлээр зөөлрүүлээд дээр нь гэрийн эзэгтэй болох Алтаннавч эгчийн сайхан сэтгэл орсон болхоор амт шимт гэж жигтэйхэн..Даш-Ёндон ах миний авчирч өгсөнийг уугаад нэг үеэ бодвол дуу шуу орчихсон суугаа нь бидэнд л их таатай.ОДОО үүнээс хойш энэ гэрийн хоёр хүнийг нэрээр нь дуудхаа болиод уншигч түмэн та нартаа ах,эгч л гэж өгүүлэх болсноо айлтган сонсгоёо.. Холын биднээс сонин сонсохоор гол усны хүмүүс уван цуван ирж ахых маань нэлээн ч хөлд дарагдлаа.Навчаа эгч ч алив дээшээ ид уу..гэсээр сүйд.Буямаа ч ихэд сэргэлэн хүүхэн тул ирсэн олныг хөгжөөн яриа хөөрөө болсоор тас тас хөхөрнө.Сүүлдээ цагаан мод(цүү) хаяхуу,галын наадам хийхүү л боллоо.Надад бол аль нь ч л анхны юм болхоор сонирхолтой л байна. Ингээд олонхын саналаар галын наадам хийхээр болж их бага хөгшин хөвөөгүй нэг нэг хормой аргал түүн эгч,Буямаа хоёрын санаачлагаар цааш үргэлжиллээ.Галын наадам үнэхээр
сайхан..дуулалдаж,бүжиглэж,эрчүүд архи ууцгаан халамцах боловч галын наадмаа хүндэтгэх үүднээс согтуурч болохгүй гэсэн Навчаа эгчийн үг үнэхээр үнэ цэнэтэй байлаа.Бас хаанаас ч гаргаад ирэв сонгино хөшиглөсөн дүрлэгтэй тарваганы мах хүртэл олны дунд аялж харагдана.Галын наадам шөнө дунд хүртэл үргэлжлэв.Эцэст нв ах маань –За гал эвшээлээ одоо унтаж амарцгаа даа ..ах нь галаа маная..гээд хүүхдээр эмээл авчруулан гөлмөө дэвсээд хэвтээд өглөө.Надад эндээс явах хүсэл байгаагүй болхоор Навчаа эгчээс гудас хөнжил аван ахын хажуугаар хэвтлээ.Саяхан л балар эртний аварга амьтад ноцолдох мэт тэнгэрийн зүг цоролзон цамнаж байсан гал маань одоо жаргалаа.Өвөг дээдсийн минь сүнс боловуу гэмээр
омголон хөх дөл энд тэндгүй урвалзан байснаа төдөлгүй нурамныхаа гүнрүү шигдэн үгүй болно.Дөл байсан хэсэгтээ махчин амьтны нүд шиг ч юмуу өдрийн хоёр нохойн нүд шиг ув улаан цог хэсэг үзэгдээд мөн л үгүй болно. Дүмбэгэр хөх уул холдон ойртон байна.Тэр уул яг л төрөх гэж буй эх шиг дуншина.Түүний аль нэгтээгээс тодорсоор аавын минь дүр босно.Тэгээд аав минь морио эмээллэн,аргамжааг нь эвхэн зогсохдоо надад ямар нэгэн зүйл аминчлан захилаа.Харамсалтай нь би тэр үгийг нь сонсож ухаарч чадсангүйеэ.. учир нь би хөлөө жийгээд суучихсан тоглож байх юм.Цааш эргэн морио хөтлөөд алхаж яваа аавын минь хөлөөс үл мэдэгхэн шаргал тоос өндөлзөнө.Би тоглоомоо орхин араас ньгүйвч нэгэнт холдон оджээ.Гэтэл араас ээж минь
-Миний хүү цайгаа уу гэх нь хад ,модны цуурайнд уусан яг л зэрэглээ мэт эрвэлзэн алдарна.Би бас л хөлөө жийгээд тоглоод суучихав..ээж дуудсаар..л гэнэтхэн мөрнөөс хэн нэгэн өргөн босголоо…тэр хүн аав байна..-ааваа та мөн саяхан тийшээ явсан шүүдээ гэтэл одоо энд.. гэж хэлэхтэй минь хамт ор мөргүй алга болчихов…Нээрээ аав минь энд байхгүй би зүүдэлжээ…ухасхийн өндийв.Нээрээ л зүүдэлж..дэргэд Даш-Ёндон ах тамхи татаад сууж байна.Хоёр шанаа даган урсах нулимсаа алгаараа шудрангаа ичиж ,гайхах давхацсан байдлаар -Гүйээ..харин аавыгаа зүүдлээд гэсээр суулаа.Ах-Одоо босдоо хүү минь..аавыгаа зүүдлэх чинь..гэж..түгдрэн байснаа -болж дээ хүү минь
гэснээ хүнд гэгч нь санаа алдан босоод явчихлаа.Би үргэлжлүүлэн уйлмаар байвч яахан тэгж болох билээ…Баруун өндрийн оройд өтгөн цагаан манан суужээ. Гудас хөнжлөө хумиж сугавчлаад хөл нүцгэн алхсаар гэрт орлоо.Миний зүүдний биелэл шиг Алтаннавч эгчийн чанах цайны үнэр өөдөөс даргилан,дөнгөж сая өрмийг нь хуулсан цэгээн сүүний дээгүүр ганц зөгий дүнгэнэн байснаа надаас бишүүрхсэн юм шиг цайны ууртай холилдон тооноор шурдхийн гараад явчихлаа…Би зүүдэндээ уйлаад ах сэрээлээ гэсээр оролтой ч

биш…ямартай ч…-Та нар минь сайхан амарч хоновуу өнөөдөр ч сайхан өдөр байна шүү..гэсээр гэрийн үүд тушаа шон зоож байрлуулсан ундааны хорзгор саван гоожуур тийш гар нүүрээ угаахаар эргэлээ…….