
Алаг эрээнтэй хорвоод хөлөө олох гэж тэмцэж алдаж онож яваа Энх охин хатуу хөтүү муу сайнтай бишгүй л таарч, өдөр ирэх тусам ухаан сууж хэдийнээ 20 настай том охин болсон байлаа. Энэ хугацаанд олон
сайхан ах эгч, танил, найз нөхөдтэй болж олондоо дэмтэй, юманд их гярхай хэрсүү ханддаг нь хүмүүсийн хайрыг ихэд татсан эелдэг сайхан бүсгүй болжээ. Нилээн чинээлэг гэмээр айлын Одноо гээд
охинтой ихээ дотно найзлаж, зовлон жаргалаа хуваалцан үргэлж хамт нэгнийхээрээ орж, эрдэм мэдлэг идэх уух зүйлээ илүүчлэн багагүй хугацаанд нөхөрлөжээ. Нэгэн өдөр Одноогийн ээж охиноосоо
“танай наад найзын чинь эцэг эх юу хийдэг юм. Хаанахын хүмүүс вэ? Гэр орон хаана байдаг юм” гээд охиноо тандаж асуухад. Охин нь “манай найз эх эцэг, ах дүү, хамаатан садан гэх зүйлгүй, багаасаа
өнчин өссөн, асрамжийн газраасаа гаран хэсэг найзуудтайгаа байрны доор подвольд амьдардаг. Үнэхээр сайн охин байгаа” гэхэд. Ээж нь “чи ер нь ямар хүүхдүүдтэй нийлээд юу л хийгээд явна даа охин минь. Янз

бүрийн золбин тэнэмэл юмнуудтай нийлээд хэрэг төвөгт орж буруу замаар яваад байгаа юм биш биз. Битгий дахиж гэр оронд оруулж ирээд байгаарай охин минь яршиг шүү. Ийм хүүхдүүд гэр орноос чинь идэж уух юм зөөгөөд, хулгай зэлгий хийвэл гай болно шүү. Эцэг эхийнхээ нэр хүндийг бод! Нийлэх нийлэхгүй хүн байна. Дахиад чамайг нийлж харагдвал чамтай хатуу ярина шүү” гэсээр хатуухан үг хэлж хориг тавив. Хэсэг хугацаанд Энх охин дээр Одноо найз нь ер ирсэнгүй. Ар гэр нь дургүйг анзаарсан Энх охин ч мөн хүний
амьдралд гай болохыг бодсонгүй араас нь очсонгүй удав. Санаандгүй Одноо найзынхаа байрны ойролцоо өнгөрч яваад хэсэг хүүхдүүд шатан дээр сууж байхыг хартал тэр дунд нь Одноо байх нь тэр. Энх охин өөрийн өмссөн зүүсэн, царай зүснээсээ санаа зовоод хараагүй мэт чимээгүй өнгөрөөд явтал араас нь найз нь дуудах чихэнд нь сонсогдов. Найз нөхөдгүй ганцаардахын зовлон байхад, найзтай байвч сэтгэл өвдөхийг зовлон бас байдаг. Найз гэдэг нэгэн үед гарч ирээд цаг нь болохоор замхраад явчихдаг. Үүрдийнх гэж үнэхээр ховор гэх мэт элдвийн бодолд хөтлөгдөн цаанаа л нэг гунигтай шарлан унаж
буй навчин дунд, намрын үнэр үнэртсэн шигээ гудамжаар алхаж явтал нээх танил царай үзэгдээд өнгөрөв. Алдчихгүй юмсан гэж байдаг хурдаараа араас нь гүйнгээ “Төгөлдөр ахаа, Төгөлдөр ахаа” гээд хашгирав. Эргэж харалгүй нөгөө хүн яваад өгөхөөр нь гүйцэж очин бариад автал өөр хүн байх нь тэр. Яагаад ч юм тэр үед Төгөлдөрийн тусалсан ачийг гэнэт ихээр санагалзав. “Хэзээ нэгэн өдөр таарвал заавал хариу баринаа” гэж өөртөө хэлэн цааш явав. Сүүлийн үед бие нь нэг л өөр хүн шиг мэдрэгдээд байдаг байлаа. Өөрийн төрсөн ах эгч
юмуу энэ хорвоод орь ганцаар биш гэж бодогдон оюун бодол нь нэг л чилээрхээд… Хамаг эдлэл хэрэглэлээ бэлдээд, хээрлэх хэдэн хоногийнхоо хүнсийг базаагаад хотоос холгүй нэг сайхан хайрханыхаа зүг хөдөллөө. Яагаад тавгүйрхээд байгаа учиг, үнэхээр ах дүү хамаатан садан үлдсэн эсэх, мөн хамгийн чухал зүйл Төгөлдөр ахыгаа хамгаалж явдаг үйлээ нэг хийхээр явлаа. Оюун бодлоороо тэр их эрчим татан мэдээлэл авахад үнэхээр их ядардаг учраас ариун дагшин байгальд уусан өөрийгөө цэнэглэдэг нь түүний арга барил байв. Айхаас илүүтэй байгальтай уусан нэгдэж түүндээ талархан хүндлэл үзүүлнэ. Бүхий л төвлөрөлийг өөртөө цогцлоон мэлмийдлээ.
Яах аргагүй ганцаар биш аж. Яахын аргагүй өөр зүрх цохилон байгааг тодоос тод мэдэрлээ. Хамаатан садан ч биш бүр ойрын хүн байх нь тэр… “Юу болох нь энэ вэ? Би орь ганцаар биш юм байна. Би одоо юу хийх билээ. Хаанаас эхлэн хайх вэ?” гэх олон асуултынхаа хариуг олтолоо тамираа тасартал хуурдаж, зан үйл үйлдэж, арга ухааныг эрэлхийлэв. Тэр яах учраа олжээ. Нүдэнд нь нулимс хурж, сэтгэлд нь гал асаж эхлэв. Эвгүйрхээд байсан бие тавирч, элдэвлээд байсан
бодлууд цэгцэрлээ. Төгөлдөр ахыгаа ч бас нэг үзээд амжлаа. Давгүй сайн яваа удахгүй сэтгэл нь нутгаа зорих нь. Олон жил холбоо барилгүй явсан. Өгсөн дугаарыг нь нандигнан хадгалдаг юмсан одоо ярих цаг нь нэгэнт болжээ гээд бодож суухад гал дээрэх чанаж буй цай нь буцлаж тэнгэрийн хаяа туяарч үдшийн бүрий ч болж, сайхан хангайгаа бүхний дээжээр баясгаад тархи толгойгоо амраахаар хэвтлээ. Зүүдлэсэн бодолуудаа сэрээд эхнээс нь дэс дараатай бодоод

өөрийгөө хэн бэ? Хаанаас ирсэн яах гэж? …цаашдаа яаж явах ямар нэгэн учир шалтгаан байна гэдгийг олон жил өөрийгөө ажиглаж хянасаны эцэст өөрийгөө амин холбоо хэлхээ байна гэдгийг өдөр ирэх тусам мэдэрсээр. Дотоод сэтгэлээ сонсон зөн совиндоо итгэн ямар нэгэн учиг тайлах эрэлд гарахаар шийдлээ. ( үргэлжлэл бий…)