
Сумын төвийн гэрэл харагдана. Орой болсон хэдий ч Төгөлдөр хүмүүсээс сураглан засаг даргынх нь гэрийг олж очин учир байдлыг хэлж бүртгэлийн газраас эмээгийнх нь төрөл байхгүйг тодруулаад
авлаа. Сумын засаг дарга нь чадлаараа туслахаар болоод Төгөлдөрөөс гуйх нь тэр “Ахын дүү хот руугаа буцахдаа Энх охиныг аваад яваач. Тэнд асардаг халамжилдаг газар нь байлгавал хичээл сургуульд ороод
энэ хүүхдийн ирээдүйд нэмэртэй. Энд ийм жаахан охин ганцаараа яах билээ. Бид эргэж тойрч дэм болж болох ч үргэлж хамт байж чадахгүй. Тэгэж л ахдаа нэг тус болооч” гэлээ. Шөнө болжээ. Эмээгийн гэрт
очихоор охин хямраад байх болохоор тэр хоёр машиндаа жаахан дуг хийж үүр цайлгалаа. Үүрийн цолмон од гялайж, шинэхэн ногооны үнэр ханхийж, үүр цайн улам гэгээ тодорч байлаа. Жаахан юм
болохоор охин уйлаад ядарсандаа нам унтаж байв. Гэрэл гялсхийгээд байхаар нь хартал нэг машин зүглэн ирж байх юм. Сумын засаг дарга бууж ирэн ” За та хоёр минь яажшуухан байна ах нь шөнө

бүрэлдэхүүнээрээ ажиллаад гэр хашаа, мал хуй, юм хумыг нь нэг тийш болгоод сангаасаа овоо хэдэн төгрөг босгож охинд хэрэгтэй юмнуудыг нь авчирлаа” гэлээ. Төгөлдөр ч бас эндээ удаад дэмий бололтойг ойлгоод хотын зүг хөдлөлөө. Хөөрхий охины ээж гэж хашгирсаныг нь сонссон болохоор ямар ч байсан гэнэтийн цочрол болж тархинд нь өөрчлөлт орон ярих бололтой гэж дотроо баярлаж явлаа. Хотод ирээд болсон бүх явдалаа гэрийхэндээ утсаар ярьтал ээж нь “миний хүү наад охиноо одоо яая гэж бодож байгаан чи” гэхэд. – Төгөлдөр ” ямар ч байсан энэ охиныг авах аятайхан сайн асрамжийн
газар хайна даа” гэлээ. “Чи одоо удахгүй буцах болохоор яаравчлах хэрэгтэй. Ах дүү хамаатан биш, таниж мэдэхгүй айлын хүүхэд ямарч удам судартай юм билээ. Ямар учиртай болоод хэн нь ч үлдэлгүй бүгд ингээд өнгөрчихөөд хэлгүй ухаан нь эрүүл саруул нь мэдэгдэхгүй ийм хүүхэд үлдчихдэг байнаа. Асрамжийн газарч юмуу цагдаа сэргийлэх хүүхдийн төлөө төв байдаг биз дээ… тэнд түргэн аваачиж өгсөн дээр байхаа хүү минь” гэхэд. – Төгөлдөр “Харин хэцүү юмаа ээж минь. Би эргээд яринаа” гэсээр утсаа тавив. Төгөлдөрийнх гэр бүлээрээ Канадад амьдраад олон жил болж байгаа эх орондоо ирээгүй их удаж байгаад
амралтаар ирэхдээ тохиолдсон маш их адармаатай зүйлүүд ар араасаа өрнөж байлаа. Төгөлдөр нэгэнт л буцах нь тодорхой учраас эртхэн охиныг асрамжийн газар хандуулахаар хуулийн зөвлөгөө авч, хүүхдийн байгууллагуудын хүмүүстэй уулзаж судлаж эхлэв. Охин юу болоод буйг ерөнхийдөө зөн сонингоороо анзаарч байлаа. Хоол унд ч идэхгүй, юу ч дугарахгүй, босохгүй хэдэн өдөр хэвтээд л байв. Ирээдүй нь хаашаа яаж эргэх нь бүү мэд ёстой хөөрхий охины хувь заяа Төгөлдөрийн гарт байв. Төгөлдөр охиныг дагуулаад хүүхдийн
асрамжийн газар аваачиж өгөхөөр аваад гарлаа. Орж уулзаад хүлээлгэж өгөхийн өмнө охины гарнаас атган нүдрүү нь хараад “Чамайг Энх гэдэг тээ? Ахыг нь Төгөлдөр гэдэг. Чи ярихгүй байгаа болохоор ах нь юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан битгий мартаарай. Нэг сайхан нартай өдөр хоёулаа таарах ч юм билүү” гэж хэлэхэд доошоо харан зогсох буй охин мөн л юу ч дугарсангүй… Охиныг асрамжийн газрын багш гараас нь хөтлөөд цааш алхав. Гэнэт эргэж харсанаа “ахаа миний төлөө хийсэн бүхэнд тань маш их баярласан шүү” гэх нь тэр. Төгөлдөр бөөн бодолд автан, үе үе сэтгэлээр унан явсаар гэртээ ирэв. Энх охин асрамжийн газар хэнтэй ч юу ч ярихгүй дотроо бөглүү ганцаараа байнга бодолд дараастай, өөрийнхөө
дотоод сэтгэлийг байнга сонсож өөрөө өөртэйгөө байнга ярьдаг байлаа. Сонин хүүхэд гээд багш хүүхдүүд нээх ойр биш хөндий хүйтэн байсаар нэг жилийн нүүр үзэв. Энэ хугацаанд Энх охин маш их сэтгэлийн хатуужилтай болохоос гадна өөрийн дотоод мөн чанараа танин далдын зүйлтэй холбогдон ер бусын байгаа нь илт өөрт нь мэдрэгдсээр улам ихээр бясалгаж өөрийгөө хөгжүүлэх нь тэр. Үүнийг ойлгохгүй хүүхдүүд сэтгэцийн өвчтэй, мэдрэл муутай хэмээн үргэлж шоолон гадуурхана. Хааяахан тэсвэр тэвчээр нь алдрах охины уур уцаар, үзэн ядалт, ааш авир нь улам харгис хатуу болон өөрчлөгдсөөр. Өнчин хүний сэтгэл нь бул чулуу мэт боловч хувь заяа нь ариун тэнгэрийн эрхшээлд байгааг тэр өөрөө мэдэж байлаа. Хувхайрч
хоосорсон модны мөчир дээр суугаа өнчин болжмор шиг. Бусдын боддог шиг тийм айхтар хүчтэй биш ч гэсэн зарим хүмүүсийн хардаг шиг хэт сул дорой биш. Өдөр бүр дотроо өөрийгөө хурцлан тэмцдэг ч шантарч бухамдан бачуурах үе байна. Гэнэт чанга гэгч хашгирч уйлмаар болж хааяа үхчихмээр ч юм шиг санагддаг байж. Доторх сэтгэлээ хоослон уудлаад хаячихмаар, хоосрох тэр мөчид нь хатуу энэ ертөнцөөс хормын төдийд хорогдох зүйлгүй ангижирмаар санагдана. Амиа хорлох гэж үе үе янз бүрийн эрсдэлтэй үйлдэл хийж байсныг ажигласан асрагч багш нар ярилцаад сэтгэц мэдрэлийн эмнэлэгт

шилжүүлэхээр боллоо. Уур бухамдалаа барьж ядан зовж буй Энх охиныг улам л хатуу тавилан руу түлхсээр байлаа. Хүний эрхэнд байгаа хүн өөрийн эрхээр хэзээ ч байж чадахгүйгээс хойш хэн хаашаа охин тийшээ явах болж. ( үргэлжлэл бий…)