Нүүр Өгүүллэг “АНИРХҮҮ” тууж төгсгөлийн “10-р хэсэг”

“АНИРХҮҮ” тууж төгсгөлийн “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
302

Амрагч олны дунд ганган дэгжин усны хувцастай, баяр хөөртэй нь аргагүй инээлдэн наадаж, бие бие рүүгээ усаар цацалцаад л тунгалаг усанд сэлэн шумбаж, тэврэлдэн эрхлэх хос залуусыг хэн ч, хаанаас нь

ч харсан цагаан атаархал төрөхүйц аз жаргалтай сайхан харагдана. Тэднийг ажжээ суусан хоёр налайсан хүний нэг болох Төмөр гэгч насны мөнгөн шүүдэр ганц нэгээрээ тунарч эхэлсэн буурал санчигаа

илбэнгээ: – Залуу нас ч сайхан даа гээд усны малгайгаа авангаа инээмсэглэхэд зэрэгцэн суусан хижээл насны намбайсан намбалаг Мэргэн дарга: – Хэлээд яах вэ. Ингэж л явдагсан даа гээд малийтал

мишээж цааш үргэлжлүүлэн яриа дэлгэх гэтэл гар утас нь дуугарав. Хоолой засангаа дуудлагыг хүлээж автал утасны цаанаас сандарч тэвдсэн Очир өвгөн байн байн бүгшүүлэн ханиалгаад үг яриа нь

эвлэж өгөхгүй сандчина. Мэргэн чухам юу яриад байгааг нь сонсохыг хичээж, усан бассейны цуурайтаж шаагисан их чимээнээс холдохоор Төмөр лүү гараараа дохичихоод үүд рүү чиглэлээ. Цаанаа л буурьтай

тэрээр хөмсгөө зангидаад баргил хоолойгоор тайван гэгч нь: – Очир гуай, за одоо яриарай. Яаралгүй тайван ярь. Яасан…, юу болов? гээд царайгаа төв болгон анхааралтай чагнав. – За, Мэргэн минь. Чамаас өөр хэлж хандах хүн алга. Дарга минь, таны үхэр мал ч сайн л байна л даа. Харин түмний нялзрай хүүхдийг харж хамгаалж чадаагүй зөнөг намайг юу гэх вэ. Эмгэн бид хоёр балраад байна аа цаана чинь гээд л нэг их оршил урсгаж гарлаа. – Очир гуай минь, үгүй энэ чинь. Эхлээд тайвшир л даа, жаахан удаан ярь. Тэгээд яг юу болсон юм бэ. Хүүхдүүд нь зүгээр биз дээ, та сандраад байлгүй гол юмаа ярь даа гэж аргадах

зоригжуулахын аль алиныг хослуулан байж хэлэв. – За хүүхээд, юу л даа, ингэсэн юм аа. Үгүй ээ, энэ хэдэн дэлдгэр минь ч зүгээр л байна л даа. Манай холын хамаатан Сонор гэж нэг хүү байдаг юм. Сарын өмнө ирээд ээ. Тэгээд хэсэг хугацаагаар хойшлуулшгүй их л чухал ажил гарсан юм байх. Хүүхэд харах хүнгүй гэж хөгшин бид хоёрт найдаж үлдээсэн юм байхгүй юу. Тэгсэн өнөө дэлдийсэн моньд чинь байдаггүй ээ. Алга болчихож. Хар өвлийн хүйтэнд хаана осгож яваа юм бүү мэд. Ах нь хот орж талх тариа базаагаад ирсэн чинь энэ хэд маань

сандарчихсан сууж байх юм. Амьтны нялх үр алдчихаад муу ах чинь үгээ хэлж сууна. За, Мэргэн минь чи л нэг тус болж үз. – Ээ золиг гэж. За байз, хэзээ алга болсон бэ, хэдэн настай хүүхэд вэ, эцэг эхтэй нь холбогдов уу та? За би нэг арга бодоё гэвэл: – Энд нэг утасны дугаар байгаа юм. Хичнээн залгаад ер болдоггүй. Яах билээ хүү минь, нэг арга чарга бодооч гэм гээд л сандарч тэвдэнэ. Мэргэн утасны дугаарыг нь аваад залгаж үзлээ. Усан санд Тэргэлтэй хамт эрхлэн жаргах Сонор утасныхаа дууг хаачихсан тул хичнээн залгаад ч ямар ч тусыг эс олно. Чингээд Мэргэн бассейнаас гарахаар зэхэхэд мөнөөх хоёр залуу хос

усанд сэлэн чухам л сэтгэл зовнихын зовлонгүй хичнээн сайхан юм бэ дээ гэлтэй эрхлэн зугаацсаар үлдлээ. Очир гуай морио унаад ойр хавьд өвөлжиж буй айлуудаас сураглахаар гарав. Тэгж явсаар хоёр гүвээний цаанатаах айлд хүрч очлоо. – Манай хүн үүрээр ирж яваад осгож үхэх шахсан хүүг олсон байна гэсээр айлын эхнэр асарч тойлоод сууж байхтай таарч магнай хагартлаа баярлах нь тэр. Чингээд Мэргэн даргадаа ч хэлж, тэд хамтдаа хүүг эмнэлэгт хүргэлээ. Ханатлаа тааваараа байж, амралт нь алжаал болох шахсан Сонор, Тэргэл хоёр тор дүүрэн амттан аваад гэртээ ирэв. Утсаа дөнгөж асаамагц сая

өчнөөн дуудлага, дуут шуудангийн хонх ар араасаа жингэнэж, хүмүүс орчлонгоор нэг Сонорыг хайсан байх юм. Хүү нь ор сураггүй алга болж, хүний газарт байгаа эхнэр нь үхлүүт байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй Сансармаагаас бөөн уучлалт хүссэн, гэмшсэн дуут шуудангууд. Сонор гар утасныхаа дэлгэц рүү юу юугүй орох гэж буй мэт утсаараа оролдож сууна. Тэргэл торгон халаадны хормой намируулан ганхаж, дуу аялсаар жаргалтай нь аргагүй зочны өрөөнд орж ирээд энэ тэрийг ярина. Тийнхүү ам хуурайгүй ярих нь Сонорын

чихний хажуугаар зүгээр л шуугиад өнгөрөх шиг болж байлаа. Тэргэл ганцаараа ярьж ярьж байснаа буйдан дээр тухлан суугаад ширээ дүүрэн амттанаас тамшаалангаа түрүүнээс хойш дуугаа хурааж, утаснаас өөр юуг ч үл анзаарах Сонорыг шүүрс алдан ширтэж, аргаа барсан янзтай алим хазалж сууна. Тэгснээ хяламхийж: – Хм, утсаа нээгээд л хорвоог мартчихна шүү. Хөөе, залуу минь. Би чамтай юм яриад байна шдээ гэвэл хариу байдаггүй ээ. Тэргэл уураа барьж ядан тэсгэл алдаж: – Бас яачихав даа, Энэрэлээс л ирсэн биз дээ? Тэр чинь чамайг хуурсан шүү дээ. Чи бид хоёр түүнийг илчилсэн. Одоо тэр ч

жаргалтай байгаа байх даа. Чамайг ингэж ухаанаа алдаж, утаснаас нүдээ салгахгүй зүүгдэж суугааг мэдэх ч үгүй. Хөөрхий миний Сонор. Хуурамч эхнэрийнхээ дарамтнаас хэзээ нэг гарна даа гэхчилэн урсгаж байтал: – Амаа татаад өгөөч!!! гэж сэрдхийтэл хашгирахад нь таазнаас өлгөөтэй гэрлийн бүрхүүл бараг л ганхах шиг болов. Гайхаж балмагдсан Тэргэл яахаа мэдэхгүй хэсэг байж байснаа гомдоллож: – Чи чинь яаж байна аа, нөгөө хайртай дуртай гээд байсан хүн чинь?

Эхнэрээ дийлэхээ болиод байтлаа одоо над уруу өндөр дуугарах нь шив дээ. Ингэж байгаа бол би яваад өгье л дөө гээд л уйлан хэлж, гомдоллож гартал хямарч гүйцсэн Сонор: – Тэг ээ тэг. Дуртай зүгтээ арилаад өг. Тэгээд дахиж надад битгий харагдаарай. Муу өөдгүй амьтан. Одоо яв гэж учиргүй уурсан босоод яаравчлан гадуур хувцсаа өмсөж эхлэв. Бүр гайхаж орхисон Тэргэл хэрэг бишдэж, ямар нэг ноцтой асуудал гарсныг таамагламагц түүнийг тайвшруулахаар: – Чи минь яагаа вэ, юу тохиолдоод байгаагаа наддаа хэл л дээ гээд гүйн очиж тэврэх гэтэл Сонор мөрөн дээгүүрээ сүрдмээр ширүүн хараад: –

Надаас холд! Холд гэж хэллээ шүү гэж яахаас ч буцахгүй аймшигтайгаар хэлээд үргэлжлүүлэн хувцсаа өмслөө. Чингээд гарахдаа: – Намайг ирэхэд явсан байгаарай. Дахиад чамайг харахыг ч хүсэхгүй байна гээд хаалгаа тасхийтэл саваад гарч одлоо. Чухамхүү юу болсныг мэдэж амжилгүй үлдсэн Тэргэл ганц ч үг хэлж чадалгүй сэвхийтэл хаагдах үүдний цаана өөрт нь загнуулаад торойж үлддэг Анирхүүгийн адил нулимс цийлэгнүүлсээр хоцорлоо. Тэгээд утсаа асааж үзвэл бөөн дуут шуудан. Сансармаагаас: – Тэргэл ээ, Энэрэл амиа хорлосон. Чамтай найз болж, чамд тусалж явсандаа би харамсаад ч барахгүй байна. Чиний хийсэн бүгдийг чинь би үнэнээр нь Сонор луу

биччихсэн. Энэ хэрэгт чинь би лав хамаагүй шүү гэжээ. Сонор нулимсаа барьж ядан зүрхээ чангалж, замаар чухам яажшуухан жолоо барьж яваагаа ч анзаарах сөхөөгүй хамаг хурдаараа зүтгэсээр эмнэлэгт ирлээ. Сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа хүүдээ амь тавин яарсаар дэн дун ахлаж явахуйд газар дэлхий дайвалзаж байх шиг санагдав. Чингээд эмнэлэг рүү явж ортол Очир гуай царай нь барайчихсан: – Ээ гялай гэж, хүрээд ирлээ. Хүү минь, зөнөг надаас л боллоо. Зөнөсөн толгой би балчир амьтныг анхаарч чадсангүй гэсээр нударгаа далбагануулан, хөвөнтэй дээлийнхээ хормойг навсагануулсаар сандран угтах нь өрөвдмөөр. Хажууд нь зогсож

байсан Мэргэн дарга мөнөөх усан бассейнд жарган цэнгэн байсан дэгжин залууг хараад шууд л танилаа. Хаа сайгүй ханз үсгэн чимэглэл бүхий сургуулийнхаа орчноор алхан харих замдаа Катя өдөр бүрийн дадал ёсоор замд байдаг хүнсний жижиг дэлгүүрээс тараг, жимс сэлт, басхүү Энэрэлд зориулан жижиг савтай ундаа авахаа ч мартсангүй. Тэд зүгээр л бие биедээ жижигхэн ч гэсэн бэлэг өгөөд сурчихсан тийм л гэгээн найзууд билээ. Ямагт л инээмсэглэж байдаг найрсаг зантай худалдагч эгч энэ тэрхэн асууж, оюутнуудад хятад хэлний амьд дадлага болж өгдөг нь тун ч сонирхолтой. Хичээл тараад Оросоос

ирсэн хэдэн найзуудтайгаа өрөөнийхөө монгол оюутныг танилцуулна гэж амласан учир Энэрэлийг авахаар баяр хөөр дүүрэн орж иртэл хаалга нь дэлгээтэй байлаа. Дотуур байранд бөөн хөл хөдөлгөөн, үймээн шуугиан. Катя гайхаж балмагдсаар өрөөндөө явж ороход сая санаанд оромгүй дүр зураг угтаж авах нь тэр. Шалаар дүүрэн эмх замбараагүй тараасан бичиг цаас, Энэрэлийн хичээл ном, бас энд тэндгүй дусалсан хэрдхиймээр улаан дуслууд. Гагцхүү Сансармаа л чухам хэнээс, юунаас болж энэ аймшигт байдалд хүрснийг нэгд нэгэнгүй мэдэх билээ. Хичнээн тогшивч хаалгаа нээхгүйн дээр басхүү

Катя хичээлийн цагаар утсаа салгасан учир түүнийг дуудах боломж байсангүй. Ингээд арга буюу жижүүр багшийг гуйж гувшин байж, илүү түлхүүрийг нь аваад өрөөний үүдийг нээв. Сансармаа ой тоонд багтамгүй тэрхүү байдлыг хараад цочирдсондоо байраар нэг орилж хашгичин: – Туслаарай, авраарай гэж дуулиан тарьж орхисон нь энэ. Энэхүү явдлаас үүдэж бүх оюутнууд дор дороо болгоомжлох болж, сав л хийвэл гэрчээр дуудагдах, сургуулиас хөөгдөх, магадгүй түүнээс ч аюултай нөхцөл үүсч болохоор байлаа. Сансармаа өнөөдрийг хүртэл ямар гээчийн аюултай “гал” асааж орхисноо бүхий л зүрх сэтгэлээрээ

ухааран гэмшиж Энэрэлд үргэлж туслах болов. Чингээд сургуулиас чамгүй хол зайд орших Өвөр Монголын олон улсын эмнэлэг рүү Катятай ээлжлэн өдөр бүр хоол унд зөөхөөр барахгүй Энэрэлийг сургуулиас хасуулахгүй байх талаас нь чадах чинээгээрээ хөөцөлдсөн юм. Тэр ч байтугай Сонорт ч, Тэргэлд ч бүх үнэнийг хэлж орхив. Аажимдаа Энэрэлийн бие тэнхэрч, илааршаад ирэхүйд Сансармаа үнэн голоосоо гэмшсэн хүний хүлцэнгүй царайгаар шал ширтэн дорой дуугарч, Тэргэлтэй үгсэн нийлээд, түүний эсрэг хийж байсан бүхий л ичгүүр сонжуургүй үл бүтэх үйлдлээ учирлан өчсөн билээ.

Ийм л үед нутаг нэгт оюутнууд нь ч гэсэн хэр чинээгээрээ хоол унд, эрүүл мэндэд тустай эм бэлдмэл зөөж, хүний газар зовлонд учраад буй нэгнээ сэтгэл зүрхээрээ дэмжиж туслах тэр их хайранд уяраад гэгээн баялаг амьдралд итгэл төрөхгүй байхын аргагүй. Зовохын цагт Өвөр монгол ахан дүүс минь халуун дулаан, өөриймсөг, дотно сэтгэлээ зориулж хичнээн хүнлэг сайхныг нь үгээр магтахад багадмаар. Тэр ч байтугай халуун сэтгэлээр нэгдэж Энэрэлийн эмчилгээнд зориулан хандивын тоглолт зохион байгуулаад оюутан хүний төлж давшгүй

эмчилгээний зардлыг хүртэл цуглуулж өгснийг нь, олныхоо оломгүй хүчээр хөл дээрээ боссоноо бодохоор сайхан сэтгэлт тэдэнд талархахгүй байхын учиргүй. Аз жаргалаар цалгисан хөгжөөнт он жилүүдийн тэртээд хөөрөн догдлох цолгиун инээд цалгиасаар гараа алдлан өөдөөс гүйх хүүгийнх нь цовоо сэргэлэн нүд дурсамж дундах шилэн цонхны цаанаас тодорно. Анир чимээгүйг эвдэн байж “Ээж ээ” гээд дуу хадуулах Анирхүүгээ л бодон бодсоор, амьдрах итгэл нь гагцхүү Анирхүү учир Энэрэл бүсээ чанга бүслэн давж барамгүй хүнд бэрх өдрүүдийг туулж сургуулиа нэгэнтээ төгслөө. Төгсөгчид баяр хөөр дүүрэн, аз жаргалант инээмсэглэл цацруулан хос хосоороо дурсгалын

зургаа татуулж ахуйд гагцхүү Энэрэл нууранд чуулсан шувууд дунд ганцаараа торойн бөхийх өнчин хун адил хүүгээ санан бэтгэрч, сэтгэл төвдөлгүй нулимсаа нууж сэмхэн арчина. Хөөрч баярлан шуугилдах олон найзууд нь бие биедээ баяр хүргэхэд Катя, Сансармаа хоёр цэцгийн баглаа тэврэн хамгаас түрүүлж ирээд хамтдаа гэрэл зургаа татуулсан билээ. Сансармаа монголдоо буцсан ч үргэлж Энэрэлд санаа тавьсан хэвээр. Харин Энэрэл сургуулиа төгсөөд монгол руугаа харьсангүй. Хэнээс ч илүү нандигнан хайрлаж явсан хайрт ханьдаа,

хамгаас дотно итгэж явсан Тэргэл найздаа голдоо ортол гомдсон ялагдал бүхэн түүнийг улам ч хатуужуулан зоригжуулжээ. Чин сэтгэлт найз Катягийнхаа ачаар ажилд орж спорт, аялал жуулчлалын орчуулагч боллоо. Тэд хамтдаа Хятад, Орос улс, Өвөр Монголын бараг бүх л үзэсгэлэнт газруудаар аялав. Олон ч сайхан үйл явдлуудыг орчуулж, гадаад хэл гэдэг ус цас болсон билээ. Цаг хугацааны дараа. Энэрэл дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн арга хэмжээний орчуулагчаар уригдаж, амжилттай ажиллаад Алтан медалийн эзэдтэй хамт нэр хүндтэйгээр эх орондоо газардлаа. Нисэх онгоцны буудал дээр өнгө өнгийн цэцгийн баглаа тэвэрч, эх орноороо бахархан омогшихын эрхэнд баярын нулимсаа барьж ядан буй олон

элэг нэгтнүүд нь тэднийг угтаж тосно. Микрофоноо дээш өргөөд нэг нэгэнтэйгээ уралдах адил өрсөн тэмүүлэх сурвалжлагчид, зургийн аппарат, камер барин урд хойно сандран гүйлдэх хэвлэлийнхэн, хамгаалагчид гээд л сүр дуулиан болсон баярт хүлээн авалт дунд Энэрэл орж явчихав. Тэр одоо нэгэнтээ монголын бахархал болсон нэр хүндтэй орчуулагч билээ. Үймсэн олон дундаас хайртай гэхэд дэндүү хайртай, амьдралынх нь цорын ганц утга учир болсон Анирхүү аль болох ээждээ харагдахын тулд зурсан зургаа дээр гэгч нь өргөсөөр

байлаа. Сонор дэнхийсэн том хүүгээ мөрөн дээр суулгажээ. Олимпийн аваргууд, түүнчлэн гайхалтай чадварлаг орчуулагч бүсгүйг эх орондоо буух сургаар Сансармаа, Тэргэл нар ч цэцгийн баглаа барьсаар Чингис хаан олон улсын нисэх буудлыг зорин ирсэн байв. Улс орон даяараа баяр хөөрөөр бялхсан ийм их аз жаргалант учрал дунд улиран одсон

бараан бүхнийг уучлал өршөөлийн тунгалаг сэвүүн салхи нэгэнтээ хийсгэн ариусгасаар. Анирхүүгийн бяцхан зүрхээ өмрүүлэн байж, элгээ эмтэртэл шаналан мөрөөдөж урласан тэр л зураг ийнхүү бодит биеллээ олоод цугларсан түмний дундаас гэрэл цацрах шиг гарч ирсэн ээжийнх нь харцанд тодоос тод тусав. Өчнөөн бэрхийг туулан байж сая нэг учирсан аав, ээж, хүү гурав багтаж ядсан догдлолын нулимсаа

барьж ядан уулзахуйд Анирхүүгийн зурган дээрээс ургасан том алтан наран тэдний дээрээс дулаан илчээр ивээгээд шижиртэн цацарч байлаа. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *