Нүүр Өгүүллэг “АНИРХҮҮ” тууж “9-р хэсэг”

“АНИРХҮҮ” тууж “9-р хэсэг”

2 секунд уншина
0
0
272

Урд уулын оройгоор будан манан суунаглаж, улирч буй цагийн гандуу салхи хацар нүүрийг илбэсэн тэр нэгэн намар ээжийгээ үдэж хоцорсон цагаас хойш даруй гурав дахь өвлийн цасан илтэс хаялсаар

цав цагаан өнгөөр орчлонг нөмөрчээ. Анирхүүгийн орчлонгоор нэг ээжийгээ хайж тормолзох алаг нүдэнд нь гудамжаар алхах цагаан хувцастай хүн бүр ээж нь юм шиг л санагдаж, зоогийн газрын

цонхоор бүлтийтэл харж байснаа: – Аав аа, би тантай хамт явъя л даа. Би айлд очихгүй, хаашаа ч явахгүй гэлээ. Сонор хүүгээ аргадан: – Миний ухаантай хүү чинь одоо том хүн болсон шүү дээ. Аав нь тун

удахгүй эргэж ирээд л хүүгээ авна за юу гэхэд Тэргэл тосч аваад: – Манай Анир ийм том болсон мундаг хүү юм чинь үгэнд орно тэ гээд инээхэд хиймэл сормуус нь хэтэрхий дэрвийж, хиймэл инээмсэглэл нь

ярвайж буй мэт харагдана. Анирхүү духаараа хараад түүнд дургүйгээ хэр чадлаараа илэрхийлж: – Би “танихгүй эгч”-ийн үгэнд орохгүй, тэр айлд чинь би очихгүй, мэдэв үү гээд халбагаараа ширээ тоншиж

гарлаа. Сонор: – Хүүе, яаж байна миний хүү чинь гээд хөмсөг зангируулснаа хэзээд аашилж загнаж сураагүй учир түүнийг аргадаж, дэргэд нь очиж суугаад: – Миний хүү чинь эгчтэйгээ ийм муухай харилцаж болдоггүй юм шүү дээ. Тэргэл эгч нь чамд ээж шиг нь л сайн байдаг, тийм биз дээ миний хүү гэвэл хүү духаараа харж, хариу эс дуугарна. Сонор хүүгээ тэврээд машиныхаа урд талын суудалд аргадан суулгав. Чингээд хотоос холгүй хүний өөрийн нялх хүүхдүүд харж, цөөн хэдэн мал тэжээн өвөлжиж суудаг Очир баавайн зүг хүлгийн жолоо заллаа. Анирхүү замын туршид тааралдсан юу бүхнийг хэзээ ч мартамгүйгээр харцаараа тамгалан ажиглаж явна. Машины толиноос өлгөөтэй бяцхан чихмэл тоглоом хоёр тийшээ найган ганхана. Өвөл цагийн өвсний толгой цасан дундаас цухуйгаад өдөржин байшинд өнждөг жаалхүүд бол замд тааралдах энд тэнд

бэлчээрлэн буй үхэр мал, гэр хорооллын хашаа хороо, зөрж өнгөрөх янз бүрийн машинууд сонирхолтой санагдана. Сонор хүүгээ хөгжилтэй байлгах гэж хэрдээ л хичээн сурсан дууг нь хамт дуулж, элдэв янзын сонин сайхан зүйлс ярьж явсаар хаяа нийлэн буусан хэдэн саахалт айлын өвөлжөөнд ирж зогслоо. Очир гуайн ач нар гэж хир даг болсон хөвөнтэй дээлтэй божин бор жаалууд машины өөдөөс гүйлдэн ирж тосов. Уулзаагүй удсан томчууд энэ тэрийг хөөрөлдөнө. Цэнд авгай цай цүү аягалан шинэхэн өрөм, цагаан идээ, гамбир ширээн дээр өрж тавив. Анирхүү энэ айлд цагаан сараар л зочилж ирж байснаас биш дугуй ханатай гэрт бол ганц ч удаа хонож үзээгүй жинхэнэ “хотын” хүүхэд билээ. Төдөлгүй аав нь хүүгээ духан дээр нь үнэрлээд: – Миний хүү зургийн дэвтрүүдээ дүүртэл нь зураарай. Хамгийн гоё зургаа зурж дуусахаар нь ирж хүүгээ авна за юу гээд Цэнд

эмээгийнхээ үгэнд сайн орж байхыг захилаа. Чингээд “Танихгүй эгч”-ийг урд талын суудалдаа хүндэтгэн суулгаад нэг их том ажил бүтээсэн хүний сэтгэл хангалуун царайгаар инээмсэглэж гараа даллаад цас дагтаршсан засмал замаар алсран алсарсаар баруунтаах уулыг даваад явж одлоо. Хөдөөний амьдрал эхэндээ сонирхолтой санагдсан боловч тэр оройдоо л Анирхүү гэрээ санаж уйтгарлан бэтгэрч эхлэв. Чингээд хурдхан шиг зургаа зурах их ажилдаа орлоо.Сарын дараа. Даарч бээрэхээс тэгтлээ айх хотын турьхан жаалхүү хүүхдүүдтэй хамт тоглох нь байтугай, дуу ч гарахаа болив. Сав л хийвэл цаас харандаа нийлүүлж, гоёмсог бичгийн хэрэгслүүдээ гаргаад гэрийн буланд шигдэн суучихна. Элгээ эгштэл ээжийгээ санаж, өнгө өнгийн харандаа, балаараа аав, ээж, хүү гурвыг хамт байгаагаар мөрөөдөн зурна. Анирхүүгийн хамгийн хийх дуртай зүйл нь зураг зурах. Тэр

дундаа аав, ээж, хүү, морийг маш чадварлаг зурна. Хичнээн олон цаас дэвтэр дүүрэн ийм сэдэвтэй зураг дүүргэж орхисныг бүү мэд. Түүний хамгийн хайртай зураг бол Анирхүү аавдаа тэврүүлсэн ба баримлын шавраар урласан морьтой хүнээ ээждээ үзүүлэхэд ээж нь түүнийг үнсэж, тэр гурвын дээр томоос том нар тусаж буй зураг. Хүү үүнийгээ хамгийн ихээр нандигнана. Цэнд авгай ач зээ нараараа аргал түлээ зөөлгөх, хонь хурга татуулах зэргээр ойр зуураа гар хөлийн үзүүрт зарж, харин Анирхүүг идэхээс өөр ид шидгүй гээд л үглэж дуулах нь тэсэхийн аргагүй. Жаалууд түүний сонин содон гоёмсог үзэг харандаа, тоглоомууд, баримлын шавраар хийх янз бүрийн дүрсийг сонирхон, заримдаа булаацалдаж бөөн чимээ шуугиан болно. Нэг удаа үеийнхээ Улаанаа гэх жаалтай хамт түлээ оруулахаар гараад хуруундаа том өргөс оруулчихав. Цэвэр цэмцгэр байрны булбарай хүүд үхэр малаас

айж эмээх, жихүүн хүйтэнд зутрах, хир буртгаас эгдүүцэх, ээж ааваа, гэр орноо санахаас авахуулаад улам л бэрх санагдана. Цэнд авгай аанай л үглэсээр борцтой будаатай цай аягалж, хүүхдүүдээ ширээ тойруулан суулгаад шар тостой арвайн гурил багсарч цайлж байв. Анирхүү сүүтэй цай, цагаан идээнд төдийлэн сайн биш. Харин өөрт нь зориулан үргэлж хөргөгчинд хадгалж байдаг мөхөөлдөс, амтат жигнэмэг, жимсний шүүсээ туйлын ихээр үгүйлнэ. Цэнд авгай: – Олигтой хоол унд ч идэж өгөхгүй, үгүй мөн хэцүү хүүхэд юм аа. Аав чинь ирээд хүүг минь тураачихаж гэх вий дээ. За, май. Энэ сайхан арвайн гурилыг гараараа барьж байгаад идчих миний хүү. Наана чинь боорцог, чихэртэй ааруул байна, хичнээн амттай гэж санана. Өөр юу идмээр байна, эмээгийн хүү? гээд хошуу цорвойлгон аргадав. Анирхүү дотроо: – Би ямар эмээгийн хүү юм уу, би чинь ээжийн хүү, аавын хүү. Тэгээд ч энд миний идмээр байгаа юм байхгүй байхад чинь

гэж бодонгоо арвайн гурилаас дуртай дургүй нэг юм идсэн болоод босоход хүүхдүүд тэр дороо босож, хэлүүлэлгүйгээр аяга тавгаа угаагаад хэн түлээнд, хэн усанд явах уу болцгоов. Харин Анирхүү шууд л гэрээс гараад тэр өдөр аавынхаа ажил руу хэрхэн очсон, тэндээсээ ямар замаар яаж яваад энд ирснээ кино үзэх мэт сэргэлэн сийрэг ой тоондоо нэгд нэгэнгүй эргэж санах ажилдаа орлоо. Бүх дэвтэр, бүх цаасаа дуустал нь зурчихаад байхад аав яагаад ирэхгүй байна аа гэж гайхаш барагдана. Тэр ч байтугай гараа гаргаж урласан морьтой хүнээ хэд дахин базаж, өнөөх баримлын шавраа дахиад хичнээн удаа морьтой хүн болгосон билээ дээ. Сүүлийн хэд хоногийн туршид Анирхүү сав л хийвэл гараад аавынхаа явсан зүг рүү ширтэж, зөвхөн хэрхэн ирсэн замаа л бодох болов. Чингээд хэнд ч мэдэгдэлгүй өөрийнхөө зурсан хамгийн хайртай зургаа, өнгийн харандаа, бал,

хувцас хунараа аль багтах чинээгээр жижиг үүргэвчиндээ хийж, эмээгийн нүдийг хариулж байгаад өнөөх арвайн гурил, гэрийн боорцогноос нь цүнхэллээ. Хамгийн сүүлд хийсэн морьтой хүнээ эвдэж боломгүй сайн болсон гэж өөрөө бодно. Чингээд гялгар уутанд нямбайлан боогоод үүргэвчнийхээ ёроолд далдын далд нуулаа. Хэлбэрийг нь эвдэхгүйн тулд тийнхүү нандигнан боосон аж. Цайны хуванцар савандаа ус хийж авахаа ч мөн мартсангүй. Анирхүү аль болох дулаан хувцаслав. Өвөл цагийн туниа муутайхан наран баруунтаа хэвийх цагаар үхэр малаа хашиж, хонь хурга гэлцэн бужигналдах хүмүүсийн хэн нь ч чухам байгаа байхгүй нь мэдэгдэхгүй буланд шигдэж суудаг Анирхүүг үл анзаарна. Хүү тэднээс нуугдан өвөлжөөг тойрон гэтэж, хэн нэгний нүдэнд өртөхөөс болгоомжлохын эрхэнд эргэж харан харан явсаар нэг мэдэхнээ хэдийнээ хот айлаас алсарч одсон байв. Тийнхүү яарч явсаар

халууцаж хөлөрсөн хүү сая уулын оройд хүрч, цасан дээр хөлөө жийн суугаад явсан замаа эргэж харвал өвөлжөө тээр доор алсран, нааш цааш алхах хүмүүс, үхэр мал гэдэг ердөө бяцхан цэг шиг л өчүүхэн харагдана. Одоо түүнийг хэн ч олохгүй, араас нь нэхэж хөөхгүй гэдэгт итгэлтэй болсон Анирхүү хязгааргүй баярлаж, үүргэвчнийхээ хажуу талын халааснаас хуванцар савтай усаа гаргаад, гэрийн боорцогноос амтархан идэв. Ийм хол явсандаа хөөрөн баясч, өөртөө улам ч итгэлтэй болсон түүний тунгалаг нүдэнд ер бусын баярын мишээл тодроод, юу юугүй гэртээ харчих юм шиг санагдахуйд оройн наран хэвийж, тэнгэрийн хаяа тийш шүргэж байлаа. Анирхүү цааш алхаж уулын орой даваад машины зам тэртээ хол зурайн харагдахад гагцхүү энэ л замыг дагаж яваад байхад гэртээ харина гэдэгт улам ч бат итгэж, урамтайхан алхав. Оройн жавар чангараад хацар нүүрийг жиндүүлэн хайрна. Үдшийн бүрэнхий нөмөрч, хаанаас ч юм бэ ноход хуцах нь сонсогдоно. Хааяа нэг машин явж өнгөрөх нь хань бараа болох шиг.

Амьдралдаа анх удаа гарч буй энэ аян замд Анирхүү чадах чинээгээрээ сайн бэлдсэн. Гэрээс гарахдаа хичнээн баяр хөөртэй байсан гэх вэ. Өвөлжөөнөөс холдох тусам зориг орж, гэртээ харина гэхээс догдолж ядан байсан бол аажим аажмаар ганцаар яваадаа итгэж ядан айдас хүйдэс түүнийг үдшийн бүрийтэй хамт нөмөрч эхэлвэй – Миний хүү ямар хурдан гүйдэг юм бэ, хүү минь хамгийн мундаг нь шүү гээд л ээж нь Анирхүүтэй хөөцөлдөн, хүүгээ өхөөрдөж байрныхаа урд талын цэцэрлэгт хамтдаа тоглоно. Цэцэрлэгт үргэлж салхилдаг охин эмээгээ гараас нь түшээд хөгжилтэй инээмсэглэж, алаг бөмбөг тэвэрсэн өнөөх жаалхүү аав ээжтэйгээ хөтлөлцөн, бүр хог ухдаг сахалтай өвөө хүртэл шуудайгаа үүрчихсэн бүгд л тэр цэцэрлэгт байж байх юм. Навчсаа дааж ядан саглайсан том модны сүүдэр дэх сандал дээр аав нь налайн суугаад хүүгээ харж хөөрч баярлан инээмсэглэнэ.

Нэг харахнээ “Танихгүй эгч” ирчихсэн аавынх нь хажууд сууж байх юм. – Ээж ээ, ээж ээ гээд Анирхүү аав руугаа гараараа заахад хоёул хамтдаа тэднийг зорин очлоо. Тэгтэл юу болоод байгаа нь мэдэгдэхээ байж, учир замбараагүй хашгиралдан бөөн дуу чимээ хадаж ахуйд Анирхүү айсандаа уйлж гарав. Гэнэт Тэргэл хүрч ирээд өнөөх ааш муутай зангаараа зандран: -Анир аа, өөдгүй жаал. Чи ээж аав хоёрынхоо хэнтэй нь хамт баймаар байгаа юм! гэх нь тэр. Болжмор шувуухай хөөрөн нисэхдээ бяцхан далавчныхаа аль нь чухал болохыг мэддэггүйн адил Анирхүү аав ээжийнхээ чухам хэнийг нь сонгохоо үл мэдэн духаараа ширтэж гомдолтойгоор харж байснаа: – Би хоёулантай нь хамт баймаар байна. Би аав ээжтэйгээ цуг баймаар байна за юу гээд цурхиртал уйлав. Тэгтэл нэг мэдэхнээ аав нь Тэргэлтэй хөтлөлцөөд яваад өглөө. Эргээд хартал ээж нь бас байсангүй, мөнөөх цэцэрлэг гэнэт харанхуйгаар солигдож Анирхүү голдоо ортол даарч, ганцаардаж буйгаа мэдэрсээр зүүднээсээ сая сэрлээ. Эргэн тойронд тас

харанхуй. Дулаалж дулаалсан хөл нь, хөөрхөн жижигхэн хуруунууд нь жихүүн жаварт тэсэхийн эрхгүй янгинана. Хаа нэгтээ машин гэрлээ гялтайлган тусгаж өнгөрөх нь ч харагдахаа больжээ. Бээрсэн гараараа тэмтрэн байж үүргэвчнээсээ савтай усаа гаргаж ирвэл уухын аргагүй тэсгим хүйтнээр хайрлаа. Анирхүү байн байн нүдээ хамгийн томоороо бүлтийлгээд хичээн байж харахуйд сая нүд нь аажмаар орчиндоо дасан, чухам хаа байгаагаа үл мэдэх хэдий ч цас бүрхсэн орчин тойрон нь үл ялиг мэдэгдэх төдий тодорч харагдлаа. Анирхүү: – Би том болсон хүн. Би чинь том болсон хүн шдээ гэж өөрийгөө зоригжуулаад бээрсэн гараа хооронд нь үрж амьсгалаараа дулаацуулна. Ядарч туйлдан даарч бээрч, басхүү зүрхээ чичиртэл айсан Анирхүү хэр чадлаараа өөрийгөө зоригжуулсаар. – Ээж ээ, та хаана байна аа. Аав аа, аав аа намайг сонсооч, та хоёр яагаад намайг

орхиж байгаа юм бэ ээ, эйн гээд л амаа том ангайлган сөөнгөтсөн хоолойгоор дуудаж хэнгэнэтэл уйлж байтал хаа нэгтээгээс ноход хуцах дуунаар сая уруулаа жимийж, нүдээ эргэлдүүлэн чимээ чагнав. Айдас хүйдэст бүрэн автсан хүү үүргэвчээ тас тэврээд ийш тийшээ бүлтэгнэн харж байснаа цасан дунд шигдээд унан туслаа. – Өглөө гэхэд л гэртээ оччихно. Удахгүй гэртээ очлоо. Би аав ээжийнхээ мундаг хүү. Намайг зургаа гоё зурахаар ирж авна гэсэн юм чинь. Зурж дууссаныг минь мэдэхгүй болохоороо л ирэхгүй байгаа юм. Би гоё зурчихсан. Одоохон аваачиж үзүүлнэ гэж өөртөө ахин дахин хэлсээр нэг мэдэхнээ дахиад зүүрмэглэж эхэллээ. Хамар хацар нь хайрагдаж тэсэхийн аргагүй даарна. Өвлийн шөнийн жавар тачигнаж, эзгүй хээр өөртэйгөө тэмцэлдэн буй жаалхүүг ингэж яваа гэж хэн төсөөлөх билээ. Тэгж байтал хөл, гар нь гэнэт халуу оргиж, нэг л таатай болоод ирэв.

Анирхүү баримлын шавраар хийсэн морьтой хүнээ ээж аавдаа үзүүлэхийн тулд үүргэвчнийхээ ёроолд нандигнан хадгалсан билээ. Хүүхдийн гэнэн цайлган ухаандаа гялгар уутанд боочихвол хэлбэр нь эвдрэхгүй гэж бат итгэсэн тэрээр хамаг л жингээрээ үүргэвч дээрээ дарж хэвтэнэ. Хамгийн гол нь энэ удаад аав ээжтэйгээ хамт байгаагаар зурсан тэр зураг давтагдашгүй гоё нь гэж бодохоор түүнийгээ л аав ээждээ үзүүлбэл бид гурав цугтаа байна гэж бяцхан зүрх сэтгэлдээ эргэлзэлгүй итгэсээр. Байсхийгээд л түүнийгээ гараараа тэмтэрч тэнд байгаа эсэхийг нь шалгана. – Алив миний сайхан хүү, ээждээ ир дээ гээд гараа алдлан тосох ээжийгээ хараад Анирхүү учиргүй их баярлана. Гүйгээд л байлаа, гүйгээд л байлаа. Ээж нь энүүхэн ойрхон харагдах ч гэлээ хөл гар нь хөдөлж өгөхгүй зовооно. Гараа сарвайж ээж рүүгээ алдлах гэхэд хоёр гар нь даагдаж өгөхгүй нь хяслантай. Тэгэхээр нь зогсоод үүргэвчээ уудлан нандигнаж нандигнасан

морьтой хүнээ гаргаж ирээд алган дээрээ тавьж ээж рүүгээ сарвайлаа. Ээж, аав нь үнэхээр гоё болсныг нь гайхан магтаж Анирхүүгээр бахархана. Хүү дахиад цүнхээ уудалж, зурсан зургуудаа нэг нэгээр нь гаргаж байгаад өнөөх хамгийн хайртай зургаа дэлгэж аавдаа өглөө. Чингээд: – Одоо та хоёр намайг хэзээ ч битгий орхиорой. Би үүнээс ч гоё зурна аав аа, ээж ээ гэхэд аав нь дулаан энгэртээ эрхлүүлэн тэвэрч түүнийг энхрийлэн үнсэнэ. Ээж нь хүүгийнхээ өхөөрдөм хөөрхөн гараас хөтлөөд хайр дүүрэн мишээнэ. Анирхүү тийнхүү амтат зүүдэндээ умбаж, нойрон дундаа үнэгчлэн инээмсэглэсээр. Нэвсийсэн цагаан цас бүрхэж, жавар тачигнасан урт шөнө барагдахад үүрийн гэгээ дорноос манхайн үзэсгэлэнт наран уулын оройд мишээх адил туяарлаа. Үүргэвчээ тэврээд түрүүлгээ харж хэвтэх бяцхан хүүгийн ороолт малгай тэр чигээрээ цантаж, цагаан сахал болоод барьцалдан

хөлджээ. Гэгээн үүрийн цацрагтай уралдан шинэ өдрийн амьдрал эхлэхүйд тийнхүү замын ойролцоо хэвтэх хүү алсаас чухам юу болох нь үл мэдэгдэхүйц нэг л бараан юм болж харагдана. Тэр хавиар шиншилж явсан үнэрч соргог нохой Анирхүү рүү дөхөн дөхсөөр ойртож ирлээ. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *