Нүүр Өгүүллэг “АНИРХҮҮ” тууж “8-р хэсэг”

“АНИРХҮҮ” тууж “8-р хэсэг”

8 секунд уншина
0
0
402

Оюутны цомхон өрөөндөө компьютерээ шагайгаад тухтай сууж байтал хаалга тогшиход даруй Катя очиж үүд нээлээ. -Сайн уу Катя, танайхаар сонин юутай вэ гэсээр залуус орж ирлээ. -Өө, энэ Ээнээг

хараач ээ, өрөөндөө шигдээд л байж байна, манай байрны манаач болжээ чи гэж нэг нь хөгжилтэйгээр хэлэхэд Сансармаа: -Гаръя л даа Ээнээ, хамт олноороо гарцгаая амралтын өдөр шдээ гэсээр оюутны

байрны хэдэн залуустай цуг өрөөнд нь чимээ шуугиан болсоор орж ирлээ. Компьютерийн дэлгэц рүү хамаг ухаанаа төвлөрүүлж суусан Энэрэл: -Заа, манайхан, олуулаа айлчилж явах чинь вэ, юу болов, яав

гэсээр инээмсэглэн чихэвчээ буулгаж хүзүүндээ тохлоо. -Өнөө орой гурван хүний төрсөн өдөр болно, мэдэж байгаа биз дээ? Бүгдээрээ нэг газар орох болсон шүү. Бас хүн бүрээс бэлэгний мөнгө хурааж явна.

Аан тийм, бас багш нарын баяраар багш нарт бэлэг авч өгөх мөнгө хурааж явна гээд Сансармаа нэрсийн жагсаалт бичсэн цаас ширээн дээр дэлгэж: –За, чи ганцаараа завгүй юм шиг битгий ингэж байгаач

гээд хэлж дуусаагүй байтал Эрдэнэ Энэрэлийн хажууд очиж суугаад мөрөн дээр нь гараа тавьж маасайтал инээснээ: –Юу хийгээд байна даа, сайхан бүсгүй минь? Чам шиг үргэлж хичээл хийж суудаг хүн гэж хаа байсан юм, юу хийж байгааг чинь харъя гээд нэг гараараа мөрөөр нь тэвэрч, нөгөө гараараа ширээ тохойлдоход Энэрэл түүний гарыг мөрөн дээрээсээ авангаа: – Хүүдээ хувцас авах гээд интернэт дэлгүүр ухаж сууна, аливээ наад гараа ав л даа гэхэд Эрдэнэ өөдөөс нь арзайтлаа инээж, бусад нь мөн дагаж инээлдэцгээлээ. Тийнхүү багахан хэмжээний тоглоом шоглоом эсвэл маргаан, ер юу болох эсэх нь мэдэгдэхгүй зууралдан өөд өөдөөсөө харж байх зуур Сансармаа гар утсаараа тэдний зургийг хэд хэдэн удаа татаж авсныг хэн ч

анзаарсангүй. Тэгтэл найзуудын дундаас нэг нь: -Эмгэн шиг дандаа ингээд юм юмнаас хоцорч байх юм аа чи! Одоо л гарч орж авахгүй тэгээд хэзээ наргиж цэнгэх гээд байгаа хүн бэ? Залуу насыг уйтгар гуниг дүүрэн өнгөрүүлэх юм даа гэвэл хариуд нь: -За хэд бол хэдийг өгөх ёстойгоо би өгнө өө. Харин очиж бол чадахгүй байх шүү гэвэл бусад нь тосон авч ам амандаа: -Харин тийм ээ, Энэрэл ер нь олон нийтийн арга хэмжээнээс болж л өгвөл хоцорчихдог шдээ. Өнөө орой бидэнтэй хамт заавал явна шүү гэлцэн зэмлэж байтал бас нэг нь: -За, дараагийн өрөө хэнийх билээ? Ажилдаа орцгооё та минь ээ. Татвараа хураая аа, явцгаая гэлцэн инээд шуугиан болсоор гарч одоцгоолоо. Хөгжмийн эгшиг хангинаж, гэрлэн чимэглэл энд тэндээс анивчсан чимээ шуугиантайн дээр тамхины эхүүн үнэр үс гэзгэнд шингэсэн

танхимын голд тайзан дээр байрлуулсан өндөр сандал дээр нэгэн залуу сандлын гишгүүр дээр хөлөө ачиж суугаад гараараа хурсан олныг даллан уриалж дуулна. Дуучныг микрофоноо хөдөлгөн гараараа дохих бүрт цугласан залуус орилолдон уухайлж, түрэн дуулцгаана. Халамцаж хөөрсөн олон залуус төрсөн өдрийн эздэд баяр хүргэн тэднийг нэг нэгээр нь бүжгэнд урьж, бүжгийн талбайг эзэлцгээнэ. Дуучны ар талд гитарчин зогсон, хажууханд нь бөмбөрчин, голд нь төгөлдөр хуурч суужээ. Залуус тэр их чимээтэй зэрэгцэн нэгнийхээ дууг давах гэж байдаг чадлаараа хашгичиж, инээлдэнэ. Тэднийг ажиглан суусан Энэрэл: – Би чинь энд юу хийж явна аа. Хурдан буцаж нөхөртөө хариснаа хэлэхгүй бол дарин дээр давс нэмж бөөн хэрэг мандана хэмээн хэдийгээр хардаж гомдоочихоод байхад нь Сонорыгоо бас л санан санасаар “түрүүчийнхээ маргааныг

дуусаагүй байхад дараагийн уурыг нь хүргэхээсээ өмнө ерөөсөө харих минь” гэж бодмогцоо шилэн аягатай шар айргаа ширээн дээр тавиад явахаар завдан гоёмсог загвартай гадуур хүрмээ өмсөж, энгэрийнхээ товчийг товчилж зогстол: – Аль вэ, яасан бэ, тийшээ очъё л доо гээд Сансармаа ангийнхаа нэг залуутай хамт түүний гараас хөтлөн дагуулсаар бүжгийн талбайд инээд хөөр болж гэрэл цацарсан танхим руу дагуулан зүглэв. Энэрэл зогтусан гараа татаад: – Сансармаа, би явах хэрэгтэй байна аа, найз нь ерөөсөө байр луугаа буцлаа гээд гараа татах гэтэл тэрээр гайхан нүдээ томруулж инээмсэглэнгээ хөгжмийн чимээг давахын тулд чихэнд нь дөхөж хэнгэрэг дэлсэм чангаар:- Найз минь үгэнд ор л доо. Нэг удаа ч гэсэн сэтгэлээ онгойлго. Чамд ингэх эрх чөлөө олддоггүй биз дээ? Чи энэ хөгжмийг сонс доо. Өөрийгөө хар

л даа, үеийнхээ залуусыг хар л даа. Гэрийн хөгшин авгай шиг дандаа л юмнаас хоцорч байх юм. Амьдралаасаа нэг удаа ч гэсэн чөлөө ав л даа. За, аль вээ гээд дөнгөж саяхан товчилсон хүрэмнийх нь энгэрийг задгайлж, тайлаад суудал дээр шидэж орхимогц гараас нь хөтлөөд бүжгийн талбайд ирэв. Чингээд хоёр гараа дээш өргөн нахилзан намилзан бүжиглэсээр олны дунд дагуулж орчихлоо. Энэрэл өөртөө зохисон үзэсгэлэнтэй, хэн ч гэсэн эргэж харам сайхан бүсгүй билээ. Гэвч олны хөлд дарагдаж, хөгжим хангинасан цэнгээний газар байтугай үдшийн бүрэнхийгээр ч гадуур гардаггүй эгэл даруухан нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл хайрт түүнийхээ дэргэдээс холдолгүй хамгийн сайн гэргий байсаар ирсэн цагаас хойш хүний

газар гүний нутагт ханиа, хүүгээ санан бэтгэрсээр билээ. Зүрхнийх нь гүнд хуралдсан гомдол дотроос нь огшиж, юу юугүй нулимс болон асгарчих гээд Сансармаа, Катя нарын адил, эсвэл энэ олон найзууд шигээ эрх чөлөө баяр хөөрийг яавч мэдэрч чадахгүй байлаа. Тасралтгүй нижигнэх хөгжим, үс гэзгээ хаялан бүжиглэх олны дээрээс өнгө өнгийн гэрэл анивчин байхад Энэрэлийн тархинд зөвхөн Сонорын тухай бодол л эргэлдэнэ. Сонор түүний эд эс бүхэнд гүн шингэсэн гэлтэй. Он жилүүдийн дундаас гэрэлтэх тэр л дурсамжит өдөр хайрт хань Сонортойгоо учирч билээ. Анхны учрал бүхэн бүтэн амьдрал болдоггүй гэж ихэнх хүмүүс ярьдаг ч гэлээ Энэрэлийнх бол гайхалтай сайхан бүтэн амьдрал болсон юм. Гэвч сүүлийн үед Сонорын хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч, Энэрэл сэтгэл санаа тавгүйгээс энэ баяр хөөр болсон шуугиант орчиндоо нэг л зохицож

өгөхгүй буй нь энэ. Цээжин дээр нь хүнд зүйл дарчихаад сэргэхийн эгшин өгөхгүй улам хөндүүрлүүлж, хэрхэн гомдоосон нь өөрийн эрхгүй шаналгахад сая үнэхээр ч энэ ухаанаа алдсан гэмээр олны дунд орж бүжиглэх нь дээр юм байна гэсэн бодол харван орж ирэв. Чингээд ширээнд очиж, шилтэй шар айрагнаас том балгалаа. Төрсөн өдрийн эздэд баяр хүргэж тулгаад дахин хэд балгав. Төдөлгүй тойрог үүсгэсэн олны дунд орчихсон бүжиглэж, хүн бүр уухайлан алга ташиж хашгиралдан дэмжиж гарлаа. Залуус хамтдаа зургаа авахуулж, Сансармаа тэр дундаас Энэрэлийн аль эвгүй гэх хором бүрийг олж зургийг нь авч байлаа. Үүлээ сөхсөн үзэсгэлэнт тэнгэрээс нарны шижир цацраг гэрэлтсээр сургуулийн танхим бүрийн цонхоор саруулхан туяа татуулан айлчиллаа. Анх удаа гадаад оюутнуудад хичээл зааж байсан залуухан багш самбарын өмнө сандарч буйгаа нууж ядан бүлтэгнэж зогссон бол одоо хэзээний туршлагатай багш

болж, түүнтэй ярилцахад хичнээн сайхан байдаг гэх вэ. Катя, Энэрэл хоёр адилхан мэргэжлээр сурдаг бөгөөд хүний газар ирээд гурван жил болоход бие биесээ бараг л харцаараа ойлгодог найзууд болжээ. Тэд багштайгаа үеийн найз нөхөд шиг ярилцсаар байгаад хамтдаа гадаад хэлийг харьцангуй сайн суралцав. Залуухан багш бүсгүй эелдэг, хөгжилтэй зантай нэгэн бөгөөд хятад дуу, хятадын сонин содон үйл явдлууд гээд ойлгомжтойгоор зааж болохуйц бүхнийг эрж хайж, оюутнууддаа хэл сургахын тулд бүхий л талаар хичээнэ. Багш самбарын өмнө бүтэн цагийн туршид ам хуурайгүй ярьж байхад харин зарим оюутнууд зүүд нойрны ертөнцөөр хээв нэг аялж явахыг нь яана. Ангид үүрэглэж нозоорсон оюутнуудын зарим нь багшийн нүд хариулан гар утсаараа оролдоно. Хөгжлийн өндөрлөгт эрин зуунд гар утас гэдэг алс холын газраас ч дэргэдээ байгаа юм шиг дүрст дуудлагаар бие биесээ харж, ярилцаж, бичих болсон цаг. Илч

төөнөсөн бага үдийн наранд Энэрэл ч гэсэн нозоорон дуниартаж, ханз үсэг гэдэг чухам дэвтэр номон дээгүүр арвайсан аалзнууд арзайн байх шиг санагдана. Хүүгээ, ханиа санаж зүүрмэглэхүйд багшийн яриа нэг ойртож, нэг холдон бүдгэрнэ. Тийнхүү дуниартаж суутал гар утсанд нь дуут шуудан ирлээ. Ашгүй нэг нойрны шувуухайнууд үргээсэн дуут шуудангийн хонхонд талархан гаргаж ирээд үзвэл ханиас нь ирсэн байна. Баярлан байж нээж үзтэл нүдэндээ ч итгэж чадсангүй, бүсгүй балмагдсандаа золтой л хашгирчихсангүй. Тархин дундуур нь татуулаад авах шиг л болж, толгой нь манаран нүд нь харанхуйлаад ирэв. Сонорын “вичат”-аар Энэрэлийн өөрийнх нь таних танихгүй хүмүүстэй гараа барилцаж тэврэлдсэн зураг, халамцуудаа инээж баясан бүжиглэж, тэр ч байтугай хэд хоногийн өмнө дотуур байрны Эрдэнэ өрөөнд нь орж ирээд марзганаж тоглоом шоглоом хийж,

ноцолдож байсан агшин хормуудын зургийг хэдий завандаа хэн нь аваад нөхөрт нь илгээж орхисныг бодоод ч олсонгүй. Нүд дүүрэн нулимс өөрийн эрхгүй бүрхэж ирээд багшийн яриа сонсогдохгүй, царай нь ч бүдгэрэн зэрэглээтээд тэсэхийн эцэсгүй тул арга буюу багш руугаа толгой дохисон болоод ангиас гармагцаа салгалж чичирсэн гараараа тайлбарлан бичиж гарлаа. Юу ч гэж тайлбарлаад нэмэр болсонгүй. Сонороос уурлаж дайрсан увайгүй үгс бүхий дуут шуудан тасралтгүй ирсээр байлаа. Хардах шалтаг олдохгүй ядаж байсан нөхөрт нь ямар нь ийм боломж олгосныг эс мэдэх ч яаж ч аргадаад тусыг эс олж, үнэхээр гарцгүйдэн мухардав. Энэрэл юу гэхээ ч олохгүй дэмий л сургуулийн ариун цэврийн өрөөний хана налан ямар ч тэнхээгүй сулбайж, задгай асгарах нулимсаа хянаж дийлэхгүй урсгаж

байтал хичээл завсарлах хонх дуугаран оюутнууд бужигналдах чимээ гарч, хэн нэг нь хаалга тогшлоо. Энэрэл арай гэж өөрийгөө зоригжуулан цүнх номоо хам хум аваад, улайж бүлцийсэн нүдээ нарны хар шилээр халхалж, шаргал эмжээртэй юүдэнгээрээ нүүрээ аль болох далдлаад ангиас гарч сургуулийнхаа цэцэрлэгээр удаан гэгч нь алхлаа. Тэгэхээс тэгэх гэсэн шиг өмнөөс зөрөлдөх үеийн олон залуус хос хосоороо хөтлөлцөж, жихүүн салхины жиндүүг ч үл анзааран бие биедээ эрхлэн жаргалтай нь аргагүй зөрөлдөх нь хайрт ханьдаа ор үндэсгүй хардуулж яваа бүсгүйд дэндүү шударга бус санагдана. – Гүйцээ Ээнээ, үүнээс илүү ямар баримт нотолгоо хэрэгтэй гэж. Бидний амьдрал ингээд дууслаа. Би салах өргөдлөө бичиж байна. Чам шиг ийм эмэгтэйтэй учирсандаа харамсаж байна, ийм хүнд би

хүүгээ ч бас өгөхгүй. Амьдралаас минь ор мөргүй зайлаарай!!!Гар утасны дэлгэц дээр дурайтал бичээстэй байх түүний богино захидлууд бүсгүйн амьдрал орвонгоороо эргэж буйг харуулна. Хайрт ханийхаа өмнө огт буруугүй хэрнээ буруутан болж, хамгийн гашуун нь тэр яагаад ч юм итгэхгүй байгаа нь даанч шударга бус. Энэрэл удаан бодсоны эцэст сая нулимсаа арчаад оюутны дотуур байр луугаа шийдэмгий гэгч нь алхлаа. Хятад оюутнууд замын хажуугаар хүзүүний ороолт, нүүр гарын алчуур, ил захидал, үзэг, бал сэлтийн элдэв янзын жижиг бараа газраар дэлгэн худалдаалж, хайлж амжаагүй цастай хаврын зэвэргэн салхинд бээвийж зогсоно. Төдөлгүй хүүхдийн тоглоом шиг жижигхэн, цагдаагийн бүхээгт тэрэг наашлан харагдах бараанаар яаравчлан газраар тарааж өрсөн бараагаа хурааж эхлэхэд Энэрэл тэдний хажуугаар нүдний шилнийхээ цаана уйлсаар

алхаж явна. Түүнийг уруу царайлж, гундуухан алхсаар ирж явааг өрөөнийхөө цонхоор харсан Сансармаа хаалгаар орон ортол нь дагуулж хараад: – Хм, их мундаг гадаад хэлтэй, нөхөртөө үнэнч ч гэх шиг, бас юу юу гэлээ, тэргүүний энэ тэр гэдэг билүү, яасан их дээгүүр нисдэг юм. Чамайг үүнээс дээгүүр нисэхийг чинь харна аа гайгүй гэж хөмхийгөө зуугаад Тэргэл рүү дуут шуудан бичлээ. – Hi, Яг төлөвлөснөөр болсон, одоо наадах чинь чи бид хоёрын замаас зайлахгүй гээд хаачих вэ, Ок гэж бичээд араас нь амаа дараад инээж буй дүрс илгээхээ бас мартсангүй. Үнэндээ Сансармаа үргэлж Энэрэлд атаархаж явдаг бөгөөд түүний бүдэрч унахыг харахсан гэхээс тэсэж яддаг нэгэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл Тэргэлтэй үгсэн хуйвалдсаар хань ижлээсээ хагацахад хүргээд буй. Сансармаа хувийн амьдрал, хичээл сурлага, царай зүс гээд юу бүхэн дээр ямагт Энэрэлээс хуруу дутуу явдаг. Ойр зуурын эд бараа ар өвөртөө нууж зөөж, түүнийгээ

найз нөхөддөө үнэгүй шахуу зарахын хажуугаар хэн бүхнийг нэгээс нөгөөд ар хударгаар нь элдэв бусаар хэлж байж, бусдад нэр олж явдаг түүний энэ занг таньсан найзууд нь түрүүчээсээ зайгаа авч эхэлсэн билээ. Хэн нэг нь өөрөөс нь илүү гарах вий гэхээс байж ядталаа эмээдэг Сансармаа Энэрэлийн ямар байгааг хармаар санагдаж ёрын юм шиг адгаад болохгүй тул түүний өрөө рүү зорьлоо. Хаалгыг нь удаан гэгч тогшсонд сая Энэрэл сулхан дуугарах шиг болов. – Сансармаа байна аа, Ээнээ хаалгаа гэж олон удаа дуудсан боловч хариу алга. Харин Энэрэл яаж ч хичээгээд хянаж үл дийлэх сэтгэлээ, садран асгарах нулимсаа барьж чадалгүй чемодандаа хамаг хувцас, ойр зуурын зүйлээ эмх замбараагүй чихэж гарлаа. Чингээд бухимдаж хямарсандаа ширээн дээрх дэвтэр номоо бүгдийг нь хамаа

замбараагүй цацалж хаяв. Амьдрах итгэлээ алдаж, бүхий л зүйл ингээд дуусч буй мэт санагдахад ямар ч тэнхээгүй болсон тэрээр өвдөг сөхрөн суугаад асгартал уйллаа. Хүүгээ учиргүй их санаж шимширнэ. – Сонороо, хань минь дээ, чи минь намайг ойлгохгүй юм гэхэд ядаж хүүг минь үлдээж болохгүй юм гэж үү дээ хэмээн амандаа шивнэнэ. Тэгээд нулимсаа арчих зуур нүдний буланд нэгэн зүйл торохуйд сая харвал хурц иртэй цаасны ху.тга. – Амьдралд минь та хоёроос өөр

үнэтэй зүйл байхгүй. Би гэдэг хүн нэгэнт ингээд хэнд ч хэрэггүй юм бол…, тэгвэл би хэлснээр чинь ор мөргүй зайлаад өгье л дөө. Би зайлаад өгье! гэж гомдол бухим.длын мананд төөрөлдөхийн эрхэнд урт цаасны хут.гыг зоригтой гэгч нь шүүрч авлаа. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *